Миний цуглуулгын нэг хэсэг учраас уншигчиддаа дэлгэе гэсэндээ хүрч архиваа дахин ухлаа. Ахмад хижээл нь хуучнаа дурсан санаг, идэр залуу, багачууд нь ийм түүх байж шүү гэдгийг мэдэг, энэ зураг дээрхи эрхмүүдийн үр ач нар харж баясаг гэсэн үүднээс тэр л дээ. Иймэрхүү төрлийн цуглуулга надад нэлээдгүй байгаа тул хааяа нэг ингэж үзүүлж байгаа!

Дашийн Дамба хэмээх түүхт хүн МАХН-ын Төв Хорооны нэдүгээр нарийн бичгийн даргаар 1950-иад онд ажиллаж байсан баримтыг орчин үеийн монголчууд төдийлөн мэддэггүй. Тэрээр хоёр хөрш орон: Монгол-Хятадын харилцаа, МАХН-ХКН-ын харилцаанд ийм түүхэн хувь нэмэр оруулж байсныг ч бас мэдэхгүй.



Түүнийг дагалдаж Хятадад айлчилсан төлөөлөгчдийн дэд тэргүүн нь хожмоо хэлмэгдэж цөлөгддөг Л.Цэнд гэдэг хүн байсныг бас анх удаа хэвлэлээр (сайтаар) ил болгож байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь М.Хашгамбай  гэдэг хасаг хүн байж, мөн энэ үйлсэд оролцож явсныг сайтад анх удаа тавьж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орон нутгийн намын шилдэг дарга нарын нэг, хил залгаа Дорноговь аймгийн намын хорооны нэдүгээр нарийн бичгийн дарга Ш.Цэрэвсамба, мөн БНХАУ-д  суугаа Элчин сайд Б.Очирбат нар оржээ.


                        
ХКН-ын VIII их хурал 1956 оны 9 дүгээр сарын 15-27-нд Бээжинд хуралджээ. Хуралд ХКН-ын тэр үеийн 10.7 сая гишүүдийг төлөөлж 1026 төлөөлөгч, 107 дэд төлөөлөгч хуран чуулжээ. Хурлыг Мао Зэдун нээж, улс төрийн илтгэлийг Лю Шаоци тавьж, хоёрдугаар 5 жилийн төлөвлөгөөний талаархи саналаа Жоу Эньлай илтгэж, намын Дүрэмд оруулах өөрчлөлтийг Дэн Сяопин танилцуулжээ.
 


Нэр бүхий хятад эрхмүүдтэй Монголын намын төлөөлөгчид уулзалдаж нөхөрсгөөр ярилцаж байгаа зураг нэгээр тогтохгүй олон байна. Гадаадын төлөөлөгчдийн хүлээн авна, зочилно, дайлна, улс оронтойгоо танилцуулна гэдгийг ч ёстой нэг үзүүлж өгсөн бололтой.



Намын их хурал дуусаад БНХАУ байгуулагдсан ой 10 дугаар сарын 1-нд тохиож, Тяньаньмэнийн талбайд цэргийн сүрт парад, хөдөлмөрчдийн жагсаал болсон зураг бас байна.



ХКН-ын VIII их хурал Хятадыг аж үйлдвэржүүлэх түүхэн шийдвэр гаргасан. ЗХУКН-ын ХХ их хурлын түүхэн шийдвэрийн гэрэл гэгээ Хятадад туссаныг энэ их хурал илтгэн харуулсан. Гэвч Маогийн бүлэг 1958 оноос буруу замаар орж VIII их хурлынхаа шийдвэрийг сөрж нугалаа завхрал гаргасан. Тариачны энэ нүсэр улс СССР ба АНУ-ыг 7-10 жилийн дотор гүйцэж түрүүлэн дэлхийн гүрэн болох гэсэн “Их үсрэлт” БНХАУ-д ямар их гай тарьсныг түүх өгүүлдэг.



Сонирхуулахад ХКН-ын VIII их хурал БНАСАУ-ын түүхэнд холбогдсон баримт буй. Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сенийг тойрсон нэгэн будлиан 1956 онд тохиосон байдаг. Хятадад цагаачлан аж төрж асан солонгос гаралтай эх орончдоо тэрээр цээрлүүлж, нам доторхи “Зөвлөлтийн”, “Яньаний” гэх фракцууд руу илээр довтолжээ. Улсын төлөвлөгөөний хороог толгойлж байсан зөвлөлтийн солонгос Пак Чхан Окийг авч хаян, “Яньаний” фракцын Юн Го Хым (Худалдааны сайд) тэргүүтэй хэсэг нөхдийг алахын  даваан дээр Хятад руу зугтаалгав.



Ийнхүү Пхеньянд үл ойлгогдох, тогтворгүй байдалд хүргэж мэдэх тэмцэл өрнөж байх үест Бээжинд ХКН-ын VIII их хурал хуралдаж таарсан бөгөөд ЗХУКН, ХКН-ын хамтарсан төлөөлөгчдийг А.И.Микоян, Пэн Дэхуй нараар ахлуулан Бээжингээс Пхеньян руу илгээхэд арга буюу хүрсэн байдаг. Ким Ир Сен нь хоёр ахынхаа тулгалт, шаардлагыг хүлээн авч Хятад руу зугтагсад эргэж очин хуучин албан тушаалдаа тавигдсан боловч тэмцэл далд хэлбэрээр дахин үргэлжлэв.  1956 оны сүүлчээс тус орон даяар “Үзэл суртлын шалгалт” гэх кампани өрнөж, яньаньчууд  хамгийн түрүүн өртсөн түүх буй.