Бар бол шээгээд л газар нутгаа тэмдэглэчихдэг. Чоно ч гэсэн. Тэр нэг том яртай модноос энэ хэдэн бургас хүрэх хооронд хэд хэдэн газар жижкэн жижкэн шээчүүл бусад нь тэрнийг үнэртээд давж цаашаа нь явахгүй. Явуул алуулна.

-Хөөе энэ миний газар, би энд ан хийдэг юм, энэ туулайны үүрнүүд минийх, дотор нь байгаа хэдэн эргүүнүүд бүгдээрээ минийх! гэж архирна.

 Нутгийнхаа дээсээр дахин дахин эргэж хаяглана. Шээс нь хүрэхээрээ л тэрүүгээрээ явдаг гэх үү дээ. Ажил дээрээ байж байхад гэнэт ховор зочин орж ирээ л санд мэнд сонин сайхан ярихын зуургүй л нойл руу гүйгээд орчихдоггүй юу. Тэгээ л нэг их тайван амьтан сонин юу байна гэхийн зуургүй таахаг таахаг алхаа л гараад явчихдаг. Нэг талаар тэрэн шиг юм даа. Нөгөө талаар бас тэрэн шиг биш л дээ. Тэгээд тэр эзэн араатан хөгшрөх юмуу, эсвэл газар нутаг хайж байгаа илүү хүчирхэг араатандаа бариултал тэр нутаг тэр л овгорынх байна гэсэн үг.

Газар нутаг эзэмших хүсэл, дээр нь буюу доор нь байх элдэв сайхан юмнуудыг өөрөө л хэрэглэж байх шунал бол амьд байгалийн заяагдмал зүйл. Хүмүүсийн дунд ч түгээмэл дээ. Намайг багад “манай байрныхан ба нөгөө байрныхан” гэдэг зүйл байсан юм. Нөгөө байранд явж байгаад харагдвал шуугиж ирээд л “барина” шүү дээ. Хармаагаа гөвүүлнэ, жавтий хүртэнэ. Гэхдээ хүчирхэг болсон хэсэг бүлэг нөхөд хүний өөрийн байр харгалзахгүй дуртай газраараа хармаандаа гараа хийн муухай харж явдаг сан.

Энэ явдал устаж үгүй болсон ч байх газраа байж л байгаа. Жишээ нь Нарантуул захын гутал зардаг хэсэг бол Төмрөө ба түүний нөхдийнх. Харин Хүнсний зах нь Батаа ба түүний найзуудынх гэх мэт. Харманы хулгайчийг л яриад байна. Батаа“гутал руу орвол” тун ч муухай явдал болох ба бүлгүүдийн хооронд хөөрхөн дажин дэгдэнэ. Нэгнээ шургана, шургуулсан нь цагдаа цэргээр явж чамгүй олон хоногоор “ажлаа алдана”.

Манай нэр хүндтэй авилгачид ч бас өөрийн  газар нутагтай. Сайд Гомбынхон махны бизнесийг атгадаг бол гишүүн Лутаагийнхан иргэний бүртгэл дээр ажиллана. Бүлгийн дарга Должмаагийн фракц төмөр замаас цус гаргадаг бол Байнгын хорооны Ножрмаагийн залуус агаарын тээврээс хөөрхөн юм олоод байх. Энд бас л нэгнийхээ нутаг руу өнгөлзөх нь хүний ёсноос гадуур хэрэг болно. Хэрэв өнгөлзвөл юу болдгийг бид бэлхнээ мэднэ. “Энэ бол улстөр хийх гэсэн явуургүй арга”, “Энэ бол гүтгэлэг”, “Эсрэг намаас явуулж байгаа сонгууль угтсан бүдүүлэг дайралт”... гэх мэт үгүүдийг хэдхэн хоногоос эхлээд хагас жил хүртэл зурагт, сонингоос уйдталаа хардаг. Золоор тэр хэд маань тэгсгээд замхарч, бид хэдэн зохиолын дуучдынхаа тоглолтын рекламнаас өөр үзэх юмгүй болдог билээ.


Асуудал илүү том ч байх нь бий. Улсууд хөрш зэргэлдээ орнууддаа нөлөөгөө тогтоох, хармааг нь хоослох гэж бас хөөрхөн юм болно. Дэлхийн дайн ч гарна шүү дээ. Цагтаа Гитлер, Сталин хоёр европыг найрсгаар хуваасан ч хүчээ мэдэрсэн “бар” Гитлер шуналаа дарж чадахгүй Сталины шээсэн газрыг давж байж хамаг юмаа алдаж сүйрээгүй юу.

Биднийг ч тойрохгүй дээ. Хоёрхон хөрштэй атал хорин толгойтой могой шиг юмнууд л алалцахаас наагуур юм болдог. Оросууд бензинээрээ манай дээгүүр шээж хяналтаа тогтоох гэж мөн ч их юм болно. Нударга зангидна. Тэгснээ далан дээр алгадна. Байчихаад бүр шилдээд сэгсэрнэ. Байсгээд л Таван толгой чинь юу билээ гээд л урьдчилж утасдах ч гүй шаагаад ороод ирнэ.

Харин хятадууд хилээ хаана. Хөөрхий хэдэн монголчууд хий хаалга тогшиж, хонхдоод л зогсоно. Удахгүй уртаараа дэлхийд нэгт орох агуу Хятад гүрнийхээ төмөр замын сүлжээг хөөрхий ядруу Монголын дээгүүр тэгнэж татья хэмээнэ. Салхит луу ийн төмөр хуйвтай уурга даллаж хүрхрэн мушгирна. Цагаан хэрэм цагтаа хилийн дээс байсан сан. Цааш нь ахиулж төмөр хэрэм татья гэнэ.  Нарийн царигаар нь нарийсгаж тэврэе хэмээн алгаа үрнэ, нүд нь ч тийн гялалзна. Цэрэг нь ч хэзээ билээ, тэр юуны хамаа. Цэгээ уух тагшаа л түрээслэж барих хэрэг гарчих болуу ай хө.

Газар нутаг эзэмших хүсэл... бол амьд байгалийн л заяагдмал зүйл. Хүчирхэг болсон хэсэг бүлэг нөхөд ...дуртай газраараа хармаандаа гараа хийн муухай харж явдаг сан.