Кофе уух уу, цай уух уу?
Энэ хоёр гайхамшигт ундааг нэг нь нөгөөгөөсөө сайн юм уу, муу гэж хэлэхэд хэцүү. Энэ цай, кофены тухай ойлголт хэдэн зуун жилийн турш, ялангуяа сүүлийн 50 жилийн хугацаанд ч гэсэн маш их өөрчлөгдөж байгаа. Кофе зүрхэнд сайн, муу л гэнэ. Тэгснээ бүр хэмжээг нь тааруулбал хамгийн сайн л гэнэ. Гэхдээ ихэнх орон цай уудаг, кофе уудаг гэж хүмүүсээ ангилдаг.
Энэ хоёр гайхамшигт ундааг нэг нь нөгөөгөөсөө сайн юм уу, муу гэж хэлэхэд хэцүү. Энэ цай, кофены тухай ойлголт хэдэн зуун жилийн турш, ялангуяа сүүлийн 50 жилийн хугацаанд ч гэсэн маш их өөрчлөгдөж байгаа. Кофе зүрхэнд сайн, муу л гэнэ. Тэгснээ бүр хэмжээг нь тааруулбал хамгийн сайн л гэнэ. Гэхдээ ихэнх орон цай уудаг, кофе уудаг гэж хүмүүсээ ангилдаг. Монголчууд цай, кофе хоёуланг нь уудаг сонинорноор шалгараад байгаа. Бидний хамгийн сайн мэдэх цайны ургамал нь нэг л ургамал байдаг. Дэлхийн олон бүсэд сүүлийн үед ургуулсан, анх өмнөд Хятадын нутагт байдаг цайны ургамлыг нээж олоод, цай хийх аргыг тохиолдлоор нээсэн гэсэн домог байдаг. Хамгийн сайн цай гэх юм бол 1500 метрээс өндөрт, нар, хур яг тэгширсэн тийм газар ургасан цай гэдэг юм байна лээ.
Ургамал нь нэг мөртлөө яаж боловсруулсан гэдгээс хамаараад хар цай, ногоон цай, цагаан цай, өөлин цай, шар цай ч байдаг юм гэсэн. Ер нь бол цайг тасалж аваад, нар шууд тусаагүй газарт тавихаар исэлдээд, харлаж эхэлдэг. Тэрэн дээр нь хуурах үнэр оруулах гэх мэт олон боловсруулалт хийдэг юм байна лээ. Тэр боловсруулалтынхаа аль шатанд явж байна гэдгээс шалтгаалаад хар цай, ногоон цай гэж ангилдаг. Хар цай гэдэг нь хуураад, өнгө амт оруулагч хийж, нэлээд исэлдүүлээд, исэлдсэнээсээ болоод, төмөр зэврээд хар болдог шиг хар өнгө ордог. Ногоон цайг сүүлийн үед дэлхий дээр хамгийн их эрүүл мэндэд тустай, хавдар, зүрх судасны өвчин, урт наслахад ч хамгийн тустай гээд байгаа.
Ногоон цай бол дээр хэлснээр ферментжүүлэх процесс нь дөнгөж эхлээд явж байхад нь дунд нь зогсоодог. Исэлдэлт нь дутуу явагдаад, хууралгүйгээр хамгийн зөв хадгалсан цайг хэлдэг. Цайнд байгаа хамгийн гол үйлчилдэг бодисууд нь кофейн байдаг. Энэ нь хүний төв мэдрэлийн системийг, дараа нь уртавтар тархинд байдаг зүрх судасны хамгийн дээд төвүүдийг цочроох, сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Танин бас бий. Танин бас адилхан хүний тархины судсуудыг бага зэрэг тэлэх, сүүлд нь боловсроод гарсан, эндорфин гэдэг бодис үүсэх, бий болоход оролцдог гэж үздэг. Ер нь 20-оод төрлийн бодис, эмийн бодисууд байдаг. Флавинойдууд гэж нэрлэдэг. Тэр болгоныг одоо хүртэл судлаад яг тогтоож чадаагүй байгаа.
Гэхдээ монголчууд голдуу гүрж ногоон цайг илүү мэддэг, тэр нь илүү сайн гэсэн ойлголттой байдаг?
Гүрж ногоон цай бол дэлхийн II дайны өмнөөс Монголд орж ирсэн цай. Тэрний өмнө шар, хунц цай гээд л цайг олон зуун жил ууж байсан юм байна лээ. Тэр нь маш сайн цай байсан гэдэг. Юнанийн өмнөд нутагт, Түвдийн уулын урд хэсэгт тарьдаг. Тэгээд монголчуудад хамгийн сайн чанартай, хамгийн өндөр үнэтэй сортын цайг нь хол тээвэрлэхэд зориулаад бүгдийг нь пресслээд, хатуу туйпуу шиг болгочихсон. Пресслэчихнэ гэдэг бол одоогийн нэг консерваци хийх арга байсан юм болов уу. Ийм хөнгөхөн юмыг тэмээн дээр тээгээд явахаар ачаа болохгүй. Ашиг нь бага байсан юм шиг байгаа юм. Тэгэхээр тэр цайг олон зуун жил ууж байгаад, Хятадтай наймаа хийхээ больсноос хойш, тэрийг орлуулж, гүржээс оруулж ирсэн. Гүржээс оруулж ирснээсээ хойш их төлөв цайны навчнаас гадна, иш зэргийг нүдэж, дээр нь хандалж байж цай болдог түүхтэй юм.
Сүүлийн үед эмэгтэйчүүд сүүтэй цай түлхүү хэрэглэвэл хөгшрөлт явагддаг, байхуу цай уух нь дээр гэнэ гэж ярьдаг болсон. Эсвэл буцалсан ус уух болсон. Сүүтэй цай хөгшрөлтөд нөлөөлөх үү. Нөгөөтэйгүүр, настай хүмүүс сүүтэй цай шиг сайхан юм байхгүй, ядаргаа арилаад сайхан болдог гэдэг?
Хятадад цайны ёслол байдаг. Японд бүр айхтар бараг сүмийн дэг жаяг шиг болчихсон. Тэрийгээ хийж чадаагүй эмэгтэй хүн, эмэгтэй хүн биш гэдэг. Монгол ч гэсэн адилхан. Эмэгтэй хүнийг цайных нь сайхнаар мэднэ гэдэг их зөв. Яагаад гэвэл хүн сэтгэлээ зориулж, шингээж цай хийвэл сайхан болдог. Тийм цай чанаж чадна гэдэг уг хүн нь сайхан хүн байх нь. Монголчууд ч гэсэн сайхан цайтай байсан. Байсан гэлтгүй одоо ч байгаа. Хүний биеийн ная орчим хувь нь ус. Тийм учраас энэ усыг үргэлж сэлбэж байх ёстой. Өдөрт ойролцоогоор нэгээс хоёр литр ус ууж байх ёстой. Тэрийг цай хэлбэрээр уувал усаа ч авдаг, дээр нь эрүүл мэндэд ашигтай сэргээх үйлчилгээтэй. Ногоон цайны хувьд бол хүний цусанд байгаа өөх тосны хэмжээг багасгах, даралт ихдэх өвчнөөс сэргийлэх, хавдраас сэргийлэх нөлөөтэй. Хятадын ихэнх нутаг далайн түвшинд, харин Монгол, Түвд хоёр 2000-4000 м өндөрт байдаг тул адилхан цай уудаг.
Давстай ногоон цайг сүүтэй чанадаг. Давстай ууж байгаагийн учир нь Монголд цаг агаар нь хуурай, салхитай, эрс тэс байдаг. Ус амархан ууршдаг. Давс байгаа газар ус шингэдэг тул давстай цай уудаг. Өглөө 2, 3 аяга давстай цай уугаад гарвал тэр шингэн нь өдрийн турш хадгалагдах боломжтой. Харин давсгүй уусан бол өдөр гэхэд ууршаад, биеэс гарчихдаг. Ийм учраас давстай цай уудаг. Гэхдээ Монголын газар нутаг өөр өөр л дөө. Баруун тийш явах тусам илүү хүйтэн, өндөр болдог. Би Говь-Алтайн хүн. Тэнд сумын эмч хийж байсан л даа. Догшин гоо үзэсгэлэн гэмээр, харахад гоё мөртлөө амьдрахад амар биш газар. Хар Азаргын нуруугаар зун долдугаар сард давахад хөлдөж үхчих гээд, урагшаа буугаад Алаг нуурын говь орохоор шатаж үхчих гээд байдаг. Тийм эрс тэс газар бол хамгийн амттай, чанартай, өтгөн, давстай банштай, борцтой, будаатай цай сайн. Зүүн тийшээ Дорнод, Сүхбаатар руу дөхөөд ирэхэд цаг уур нь сайхан байдаг. Дорнод бол манайхаар алс дорнод шиг гоё цаг агаар, хуртай газар гэдэг. Тэнд цай нь давсгүй, будаатай, сайхан амттай, тэгсэн мөртлөө хоол нь бидэнд шорвог гэмээр их давстай.
Монголчууд олон зууны турш цай, хоол хоёрынхоо хүний биед яавал ашигтай байх зүй зохисыг зохиосон. Хөдөө байгаа малчид, нүүдэлчдийн хувьд ийм байх ёстой. Гэтэл аав, ээж маань тийм цай ууж байсан гээд, хотод орж ирчихээд, өтгөн давстай цай уугаад байвал, судас нь хатуураад, судсан дотор давс хураад, судас нарийсах, даралт ихсэх, инсульт, инфаркт болох үндэс болно. Хотод орж ирсэн, дулаан өрөөнд суудаг хүмүүст цэвэр ус уусан нь хамаагүй дээр. Эсвэл шүүс ууж байсан нь дээр. Тэгэх юм бол усаа илүү нөхнө. Тэгэхдээ мэдээж, аав, ээж нарын ийм сайхан амттай цай, хоолыг яаж мартаж болох вэ. Би бол хагас сайн өдөр болгон банштай цай уудаг. Тэр долоо хоногийн амьдрал хагас сайн өдрөөс эхэлдэг гэж боддог.
Хятад, япончуудыг харж байхад цайгаа маш жижигхэн, бараг жүнз шиг аягаар уудаг. Манайхан том л байх тусмаа сайн гээд л нийлж суугаад ярьж хөөрвөл, том том аягаар нь ч хамаагүй их уудаг. Цай уухад аяганы хэмжээ нөлөөлдөг юм болов уу?
Япон, хятадууд ууж байгаа аяга нь бага, хундага шиг юмаар данх данхаар нь хорь, гучин удаа хийж уудаг. Монголчууд тэднээс том аягаар ууж байгаа ч гэсэн хоёр гурав ууна. Тэгэхээр адилхан. Ёслолынхоо хувьд нэг удаа л уудаг юм шиг байгаа юм. Кофены тухайд би хувьдаа 1995 онд Хайделбергийн их сургуульд хагас жил ажиллаж байхдаа анх танилцаад, бүр донтон болсон. Хагас сайн өдөр банштай цай уудаг мөртлөө, өглөө болгон ажилдаа кофе уугаад явдаг. Тэгэхээр хүнийг донтуулж болдог, айхтар ид шидтэй ургамал байх нь.
Түүх нь бол одоогийн Африкийн хойд талаас Иемен, Этиопоос гаралтай гэж ярьдаг. Цай бол жишээлбэл Монголын байлдан дагуулалттай хамт тарсан ундаа гэж ярьдаг. Кофег исламын шашны, ялангуяа Арабуудын Европыг хүртэл эзэлж явсан үеийг дагаад тарсан гэж үздэг. Түрүүнд цай ярьж байхдаа хэлсэн. Цай кофенд ч бай, кола-нд ч бай, хүнийг бүр уумаар санагдуулаад, дахин дахин бодогдуулаад байдаг бодис бий. Тэр нь кофеин. Тархины судсыг өргөсгөдөг, дээр нь хүний бор давхаргыг сэргээдэг. Ажиллах чадварыг нь нэмэгдүүлдэг. Уртавтар тархинд байгаа амьсгал, зүрхний доод төвүүдийг цочроодог ид шидтэй бодис.Оюутан болгон шалгалтын үеэр кофег шүдээ харлатал ууж байсан байх гэж бодож байна. Кофе, цайг хэмжээнээс нь хэтэртэл уувал хүний биед муугаар нөлөөлнө. Ер нь аспирин ч бай, архи ч бай адилхан эмийн тунгаар уувал сайн, эм хэтэрвэл хор.
Кофе их уухад нойргүйдэх, гар хөл чичрэх, зүрхний хэм алдагдах, зүрх олон цохилох, мэдрэлийн систем хэтэрхий цочромтгой болох гэх мэт ерөнхийдөө тийм тайвширч амрах биш, эсрэгээр нь ядарсан, неврозод орсон хүний шинж тэмдгүүд гарч ирдэг. Тийм учраас 1950-иад оны үед анх кофе сайн гэдэг байсан, 1960, 1970-аад оны үед кофе зүрхэнд муу гэж ярьдаг болсон. Харвардын их сургуулийн нэгэн эрүүл мэндийн институтээс 28 жилийн турш цай, кофены талаар маш том судалгаа хийгээд инээдтэй үр дүнд хүрсэн байдаг. Тэр нь бидний мэддэг эгэл үнэнд хүрсэн. Цай, кофе хоёрыг хэмжээг нь тааруулж ууж бай. Кофег өдөрт 2-3 аягаас илүүгүй өглөө, өдөр, үдээс хойш нэг уухад болно. Ийм байхад хамгийн ашигтай сайн нөлөө өгнө. Тэрнээс их уувал хортой бүх шинж тэмдэг гарч ирнэ гэж үр дүнгарсан. Цайг ч гэсэн өдөрт 5-6 аягаас илүүгүй, сайн чанарын цайг, зөв уух юм бол хүний эрүүл мэндэд хамгийн сайн. Тэрнээс их уувал хортой нөлөө гарч ирнэ. Монголчууд жишээлбэл, хөгшчүүд цай нь холдчихоор толгой нь өвдөөд, даралт нь ихдээд ирдэг. Энэ нь хэтэрхий өтгөн цайг хэтрүүлэн хэрэглэж байсан, бүр донтсон хүмүүсийн шинж тэмдэг.
Кофе байнга уудаггүй мөртлөө ганц аяга уухад зүрх дэлсээд байна гэдэг. Энэ нь ямар нэг өвчинтэй үү?
Бамбай булчирхайн үйл ажиллагаа ихэссэн, манайхны бамбайн хордлоготой ч гэж ярьдаг, тиймэрхүү юм уу, эсвэл ядарсан, их ядаргаанд орсон, стресстэй хүмүүс, зүрх судасны систем нь ямар нэгэн өөрчлөлттэй хүмүүст тэгдэг. Хэм алдалтын өөрчлөлттэй хүмүүс кофе хамаагүй уувал зүрх дэлсэх, хэм алдах, дотор нь эвгүй мэдрэгдээд байх шинж тэмдэг гарч ирдэг.