МАХН МАН-тай нийлвэл их далайд уусах шалбааг адил
Манайх, танайхдаа тулж нэрээ булаацалдаж, хоёр тийш харсан МАН, МАХН хоёр нэгдэх, эвсэх тухай улс төр их явж байна. Энэ хоёр намын өнөөдрийн энэ найрсаг байдал аль аль талдаа алдаатай, богино зайны мулгуу улс төр шиг санагдах юм. Гэлээ гээд нам байтуйгай нь салж нийлдэг болсон хойно энэ яриа нэг их шинэ содон гайхаж мэгдэхээр зүйл байсангүй.
Н.Энхбаярын хүн гэгддэг Д.Загджав, Р.Рааш нарын хүмүүс МАН-даа үлдсэн. Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр тэр хоёрыг Ө.Энхтүвшин рүү Н.Энхбаяр илгээсэн гэдэг. Гэхдээ энэ нь байж болох хувилбар ч үнэн, худал нь батлагдаагүй. Аргаа барж байсан МАН-ын дарга үүнийг хүлээж авснаар эвсэх, нэгдэх тухай ярих эхлэл тавигдсан гэж нэг хэсэг нь ярьж байгаа бол нөгөө хэсэг нь Ө.Энхтүвшигийн өөрийнх нь санаачлага гэх.
Ямартай ч үзэж чадахгүй байсан Н.Энхбаярыгаа шоронд очиж эргээд л сүйд болов. Хувь хүнийхээ хувьд очсон гэдэг ч улс төрд бас өөр эрх ашиг байдаг шүү дээ.
Уг нь Шинэчлэлийн гэх Н.Алтанхуягийн Засгийн газартай МАХН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулиар ч хамтарна гэж гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Эвсэх, нэгдэхийн тухайд МАХН Бага чуулганыхаа хуралдаанаар болон удирдлагын түвшинд хэд хэдэн удаа ярьсан ч тодорхой шийдэлд хүрээгүй байгаа гэсэн. Гэхдээ л зарим нэг хүн дэмжиж, зарим нь эсэргүүцэж өнөөдрийг хүртэл эцсийн шийдээ албан ёсоор гаргаагүй л байна.
Нэгэнт гэрээгээ зөрчиж, өөр намтай хамтарч сонгуульд орох болвол Ардчилсан нам нүүр өгөх нь юу л бол. Гүйх нохойд гүйхгүй нохой саад болно гэгчээр МАН МАХН-тай сүжрэлдэх зуур М.Энхсайхан бас гараад ирлээ. МАХН-д ч, АН-д ч гомдолтой тэрээр МАН-ынхныг царайчлав уу гэлтэй намын баяраар нь илтгэл тавиад л дагаад намирлаа. Энэ бүхэн Ө.Энхтүвшингийн хувьд загатнасан газар маажих шиг таатай санагдалгүй яахав. Ингээд л цагтаа намдаа жигүүр ургуулж, сандаргаж явсан нөхөр чинь аль, алиныг нь аманд орсон шар тос гэж хүлээж авах нь тэр.
Хоёр намын энэ гэнэтийн дотнослыг МАН-ын хүн бүр хүлээн зөвшөөрөөд байгаа юм биш. Ц.Нямдорж “Их далай шалбаагтай нийлдэггүй” гэж хэлсэн байна лээ. Нээрээ ч их далай шалбаагтай нийллээ гээд хэзээ ч шалбааг болохгүй. Харин шалбааг бол их далайд юу ч үгүй замхардаг. Ингэхээр энэ яриад байгаа нэгдэл, сонгуульд хамтарч орох явдал нь МАХН-ын хувьд ямар ч ашиггүй. Бүр эсрэгээр МАН-ын хувьд намаа салгаж, бутаргаж орхиж яваад сонгуулиар саналыг нь хувааж гай болсон өрсөлдөгчөө үгүй хийн уусгаж авахад ашигтай байх биз. МАХН-ынхан харин үүнийгээ “Ерөнхийлөгчийн сонгуулиар л хамтарч байгаа болохоос нэгдэж нэг нам болно гэсэн үг биш” гэж тайлбарлаж байгаа. Нэгэнт МАХН-аас Ерөнхийлөгчид хэн нэгнийг нэр дэвшүүлэхгүйгээс хойш МАН-тай нийлэх хэрэг байна уу.
Нэгэнт гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа Ардчилсан намаасаа нүүр буруулаад МАН-тай сонгуульд хамтарч орлоо гэхэд дараа нь хаашаа очих юм бол, хэнтэй нэгдэх юм бол. Ардчилсан нам орхиод явсан МАХН-ыг дахиад өвөртлөх үү. МАХН-тай, МАХН-гүй учраа олно байх. МАХН-ыг гараад явлаа гэхэд АН дараагийн нүүдлээ аль хэдийнэ бодчихсон байгаа. Тиймээс энэ тохиолдолд хоёр туулай хөөсөн МАХН л хоосон хоцорно. Данзанравжаагийн “Хэвлийдээ бадгана тээсэн ертөнц” гэдэгчлэн МАХН нь МАН-д амь бөхтэй үлдлээ гэхэд намыг нь хагалах том фракц л болж үлдэх магадалтай. Түүнээс биш хэзээ ч цааш хамт явахгүй. Энэ хоёр нэгдэн нийлээд хүчирхэг нам болж чадахгүй.
Харин МАН-ын даргын хувьд ашигтай тусч мэдэх учир нь С.Баяр шиг намаа ашиглаад намаараа тоглоод хаях санаа байх гэж улс төрийн ажиглагчид ярьж байна.
Ө.Энхтүвшин өөрөө Ерөнхийлөгч болно гэж үзээд ийм алхам хийх гэж байгаа бол цаашдаа энэ нь намынхаа байр суурийг ганхуулах, дээр нь МАХН гэдэг намыг үгүй хийхэд л хүрнэ. С.Баяр намын дарга болоод сонгуульд нам нь ялчихаад байхад намынхныхаа үгийг сонсолгүй ялагдсан намтай хамтарч засаг байгуулж байлаа. Оюу толгойн гэрээг байгуулж өөртөө ашиг унагасан гэдэг хардлага сэрдлэг дүүрэн яриа явдаг. Ямар ч байсан өөртөө ашигтай бүхнийг хийгээд л намаа орхисон. Энэ бүхний дараа зөвхөн өөртөө л намаа үйлчлүүлсэн мэт харагддаг. Яг энэн шиг Ө.Энхтүвшин өөрөө Ерөнхийлөгч болохын тулд л намаараа ингэж тоглож байна уу гэлтэй. Тэгээд Ө.Энхтүвшин Ерөнхийлөгч боллоо гэхэд хуулиараа тэртэй, тэргүй намын гишүүнээ байна шүү дээ. Ингэхээр МАХН МАН-тай нийлнэ гээд хөөрцөглөөд байгаа нь их далайд нийлсэн шалбааг шиг л болно. МАХН-аас хэнбугай нь ч МАН-д ирээд дээшээ гарч ирнэ гэж байхгүй. Бүр Н.Энхбаяр нь байлаа ч гарч ирэхгүй. МАХН-ын Мянгат, Түмтийн дарга нар гээд гайхуулаад байгаа нөхдүүд нь ч хорооны намын зааварлагч болвол их юм болоод л дуусна. Ямар ч тохиолдолд МАН ардчиллын зарчмаар олонхиороо асуудлыг шийднэ гээд л хүч түрнэ. МАН даргаа ч олонхиороо өөрсдөө гаргаж ирнэ. Удирдах албан тушаалуудад ч өөрсдийнхөө хүмүүсийг олонхиороо гар өргөөд л тавина. Энэ бүхнээс болоод хоёр намын гэнэтийн нөхөрлөл тийм хол явахгүй бөгөөд үүрдийнх биш зуурдынх байх болов уу. Ер нь сөнөж буй амьтад бие биенээ үздэггүй барьж иддэг гэсэн. Манайд ховордоод байгаа мазаалай бие биенээ барьж иддэг юм гэсэн. Хоёр биеэ үзэхгүй байсан энэ хоёр нам ч барьж иддэг дээрээ тулсан энэ үедээ үзэл санаан дээр нэгдэнэ гэдэг тэнэг хэрэг.
зочин
He he
neg bodol
Зочин
Зочин
Зочин
IRGEN
Зочин
Зочин
e
Парламентын ба Ерөнхийлөгчийн засаглалын ялгаа 1
Парламентын ба Ерөнхийлөгчийн засаглалын ялгаа 2
Мерфийн хууль
namiin gishuun
зочин
Зочин
Зочин
Мөнгөндалай миньдээ
RAVDAN