Төмөр замын асуудлаар ОХУ-аас ирсэн захидал зохих эзэндээ очихоос өмнө  хэвлэлд  нийтлэгдчихэв. Энэ  нь  “Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якуниний Ерөнхий сайд Н.Алтанхуягт хаягласан захидал байв.   Ардчилсан нам бүлгийн хурлаараа энэ талаар авч хэлэлцжээ. Ингэхдээ захиагаа алдсаныг биш, захиаг олж олон нийтэд хүргэсэн “Өнөөдөр” сониныг шалгахыг  тагнуул, цагдаагийнханд үүрэгджээ. Хэвлэл мэдээлэл гэдэг  олон нийтэд мэдээллийг түргэн, шуурхай, бодитой  хүргэхийг зорьдог.  Мэдээллийн энэ их давалгаан дунд олж авсан мэдээ, материалаа нууцлаад хадгалж байдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж байхгүй. 

Нуугаад байгаа юмыг ил болгох нь сэтгүүлч бидний таатай ажил. Тэр хэрээрээ ард иргэд үнэнийг олж мэддэг. “Өнөөдөр” сонин уг захидлыг Ерөнхий сайдад очиж амжаагүй байхад нь олж аваад уншигчдадаа шуурхай хүргэснээрээ буруудах янзтай. Уг нь бол тэд мэдээлэл түгээх үүргээ л сайн биелүүлж. Хэвлэлийн эрх чөлөөтэй  улс оронд бол ийм мэдээллийг олон нийтэд хүргэсэн сэтгүүлч, тухайн хэвлэлийн байгууллага шууд л “од” болж байгаа хэрэг. Харин манайд  эсрэгээрээ. Мэдээлэл   олж,  олон нийтэд хүргэснийг нь гавьяатан биш,  ялтан болгох гэдэг.   Нэг албан хаагч орж ирээд л “Эх сурвалжаа хэл” гэж сэтгүүлчийг чичилнэ.  “Эх сурвалжаа нууцлах нь бидний үүрэг” гэж хэлээд нэмэргүй.  Эх сурвалжаа хамгаалж,   үүргээ биелүүлэх  юм бол сэтгүүлч өөрөө буруутан болдог.   Иймэрхүү шахалтан дунд л хэвлэл мэдээллийнхэн ажиллаж байна. Энэ байдал Монголд чөлөөт хэвлэл үүссэн цагаас хойш байж л байгаа дүр зураг.   

Далаад оны үед шуугиан тарьж байсан Уотергейтийн хэргийг жишээ татъя. Улсынхаа ерөнхийлөгчийг сонгуулийн үеэр өрсөлдөгчөө тагнаж чагнасныг ил болгосон цуврал эрэн сурвалжлах материал бэлтгэсэн сэтгүүлч Бог Вудвордын баримал  Вашингтон дахь лааны тосон музейд АНУ-ын үе, үеийн  ерөнхийлөгч нартай хамт байдаг. Бүх цаг үеийн хамгийн шилдэг эрэн сурвалжлах материалыг  бэлтгэсэн  Бог Вудворд шоронд ороогүй бөгөөд  алдар нэр нь одоо ч дуурсагдсаар байдаг.  Харин АНУ-ын түүхэнд бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй огцорсон ерөнхийлөгч нь Ричард Никсон болсон билээ. Сэтгүүлч тухайн үед эх сурвалжаа маш сайн хамгаалсан бөгөөд бүх хэрэг явдал өнгөрсөн хойно буюу 33 жилийн дараа тухайн үед Холбооны мөрдөх товчооны орлогч  дарга байсан Марк Фейлт хэмээх хүн эх сурвалж нь байсныг хэлсэн билээ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэж нэг иймэрхүү л байдаг юм байна.   Манайд бол алдаагаа ухамсарладаг дарга гэж нэг ч байхгүй. Бурууг шууд л ажлаа хийж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, эздэд нь тохдог.  

Сүүлийн үед   хэвлэл мэдээллийн байгууллага руу боорлох нь хэрээс хэтэрсэн л дээ. Хэвлэл мэдээллийг цензурдэж, ард түмний тархийг яаж угаахыг нь заадаг байсан үе өнөөдөр ардчилсан нийгэмд баймгүй. Бид мэдээллийг хүргэх үүргээ биелүүлж,  ард түмэн тэр мэдээллийг өөрийнхөөрөө хүлээж авдаг.

“Чөлөөт хэвлэл гэж чөлөөт ард иргэдийг хэлдэг”. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөний Харти юм.  Хэвлэл мэдээлэл нь чөлөөт байвал, ард түмэн нь өөрийнхөө оюун тархиар  мэдээллийг шүүж,   үнэлэлт дүгнэлтээ өгдөг. Харамсалтай нь Ардчилсан нам эрх барьснаас хойш энэ байдал улам даамжирлаа. Ардчилсан нам засгийн эрхийг барих болсноосоо хойш чөлөөт хэвлэлийг боож, хаах үндсэн зорилготой мэт аашилж,  байсхийгээд л хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү элдэв довтолгоо явуулах болсон.  

Ерөнхий сайд өөрт ирэх ёстой захидлыг  хэвлэсний төлөө тухайн хэвлэлийг биш,   нууц гэх тэр захиаг  алдсан ажилтан албан хаагч, албан тушаалтнаа шалгаж, тэдэнтэй хариуцлага тооцох ёстой   баймаар.  Гэтэл  хэвлэн нийтэлсэн мэдээллийн хэрэгслийг  шалгах болсон нь гайхал төрүүлж байгаа юм. Мэдээж тагнуул, цагдаа шалгалаа гээд “Өнөөдөр” сонин эх сурвалжаа хэлэхгүй. Гол нь Ерөнхий сайдын үүрэгдсэн шалгалт нь байгаа оносонгүй.

Улсын нууцын зэрэглэлтэй,  Ерөнхий сайдад очих ёстой байсан захидал яаж яваад хэвлэл дээр гарчихав.  Нууцыг задруулсан эзэд нь хэн бэ. Хэвлэл мэдээлэл лав биш. В.Якунин сонины газарт захидлаа хаяглаад  илгээгээгүй нь лавтай.

Тэгэхээр Ерөнхий сайд таны удирдлагад байдаг нэг нөхөр л  захидлыг алдсан байж таараа. Харин зориуд уу, санамсаргүй юу. Магадгүй МАН гаралтай ч байж болно, бүр Ардчилсан намын нөхдөөс чинь ч байж болно. Эсвэл хамтарч Засгийн эрх барьж буй “Шударга ёс” эвслээс ч байж болох юм. Мэдээлэл алдсан дайсан чинь хажууханд чинь  байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг  дайснаа гэж бүү бод. Мэдээллээ алдаж байгаа төр хөөрхийлөлтэй болохоос хэвлэл мэдээллийн хэрэгсэл   мэдээлэл олж авах, түүнийгээ олон нийтэд хүргэх үүргээ л биелүүлж.  Төр нь мэдээллээ хамгаалж чадахгүй бол хэвлэл нь түүнийг мэдээлэх үүрэгтэй.   Ер нь улсын нууцын зэрэглэлтэй захидлыг алдаж байна гэдэг чинь Монгол Улс  нууцаа ямар хэмжээнд хадгалж байгааг  л харуулж байгаа хэрэг.  Өөрсдөө мэдээллээ алдчихаад хэвлэн нийтэлсэн мэдээллийн хэрэгслийг шууд буруутгаж байгаа нь энэ хэргийг далимдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслийг нухчин дарах гэсэн ээлжит оролдлого мэт харагдаж байгаа юм. 

Ингэж хэвлэлийн эрх чөлөөнд халдах нь ардчиллыг уландаа гишгэсэн, тэр дундаа Ардчилсан нам эрх барьж байгаа үед байж боломгүй зүйл санагдах юм.

Ардчилсан засаг тогтсон биш ардчилалдаа харш юм хийгээд байх болов. Мэдээлэл олж авах эрх чөлөөний хууль гарчихаад байхад ч мэдээллээ өгдөггүй улам хүнд сурталтай болж байгааг юу гэхэв. Өмнө нь мэдээлэл олж авч болоод байсан атал одоо заавал даргын гарын үсэг, зөвшөөрлөөр мэдээлэл өгнө  гээд халгаахгүй. Тэр зөвшөөрлийг нь хөөцөлдөж гүйх юм бол бид мэдээ мэдээллийг уншигчдадаа хүргэж чадахгүйд хүрэх юм байна. Иймэрхүү л байдалтай Шинэчлэлийн хэмээх Засгийн газар хэвлэлд хандаж байгаа юм.

Ерөнхий сайд байхдаа ОХУ руу захидал бичсэн хэргээр Ж.Наранцацралтыг огцруулж байсан. Харин  Ерөнхий сайд Н.Алтанхуяг алдагдсан захидлынхаа хэргээс болж хэвлэлийг огцруулах гээд байгаа бол их том эндүүрэл шүү.