Өрөмдөх ёстой толгойнууд – 2
2003 онд АНУ тэргүүтэй холбоотнууд сар хагас хүрэхгүй хугацаанд Иракыг бүрэн эзэлж авсан. 1.1 сая цэрэгтэй арми, орчин үеийн танк, сөнөөгч онгоц гээд бүхий л зэвсэгтэй томоохон хүчний эсрэг холбоотнууд ердөө 265 мянган хүний бүрэлдэхүүнтэй “цомхон” хүчээр тулжээ.
2003 онд АНУ тэргүүтэй холбоотнууд сар хагас хүрэхгүй хугацаанд Иракыг бүрэн эзэлж авсан. 1.1 сая цэрэгтэй арми, орчин үеийн танк, сөнөөгч онгоц гээд бүхий л зэвсэгтэй томоохон хүчний эсрэг холбоотнууд ердөө 265 мянган хүний бүрэлдэхүүнтэй “цомхон” хүчээр тулжээ. Харин хохиролын хувьд Иракын талаас 20 – 40 мянган цэрэг, оффицер амь үрэгдсэн гэж үздэг бол холбоотны хүчнээс нэр бүхий 172 цэрэг оффицер алагдсан. Цэргийн ажиллагаа дууссаны дараахь партизаны дайн, терроризмд л АНУ –ын цэргүүд тэгж олноороо хохирсон юм. Дөрөв дахин бага хүчээр тулаад 140 – 200 дахин их хохирол учруулна гэдэг “зэвсэгийн” биш технологийн асар том зөрөө. “Бид хаашаа ч буудахаа мэдээгүй. Гэнэт л манай танкнууд бөөнөөрөө дэлбэрч эхэлсэн” хэмээн нэгэн Ирак цэрэг дурссан байдаг. Уг нь Зөвлөлтөд үйлдвэрлэгдсэн Иракын танкнууд хуягны зузаан, сумны хүчээр Америкийн Авраамуудаас илүү гарна уу гэхээс дутахгүй. Сансрын холбоо, лазер онилгоо, орчин үеийн электрон төхөөрөмжүүд л нэгийг нь “харь гаригийн” зэвсэг, нөгөөг нь “хоцрогдсон төмөр” болгочихож байгаа юм. Хэдхэн чип л ийм том зөрөөг үүсгэнэ.
Цахилгаан эрчим хүчийг 20 –р зууны эхэн үе хүртэл зөвхөн гэрэл асаах, халаагуур төдийхөнд л хэрэглэдэг байв. 1948 онд АНУ –ын Bell –ийн лабороторид анхны транзисторыг бүтээснээр өнөөгийн “ухаалаг” хэрэглээ шиг хувьсгал болсон. Intel, AMD, IBM корпорациуд тухайн үед сууриа тавьжээ. Зарим материал цахилгаан дамжуулдаг, зарим нь дамжуулдаггүй. Харин орчны температур, цахилгаан орны нөлөөнөөс шалтгаалж заримдаа цахилгаан дамжуулдаг, заримдаа дамжуулдаггүй материалыг “хагас дамжуулагч” гэнэ, хамгийн түгээмэл нь цахиур. Цахилгаан дамжих эсэхийг нь хүн өөрөө хянана гэсэн үг л дээ. Энэ шинж чанар дээр л 1 ба 0 –оор ажилладаг электрон төхөөрөмжүүд үндэслэгдэнэ.
Өндөр түвшиний шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхийн тулд маш өндөр риск шаарддаг. Олон зуун шинэ санаа, туршилтуудаас ганц нэгхэн нь л Apple, Google шиг тэрбум тэрбум ногооны ашиг өгч бусад нь дампуурна. Огцом ашиг олох магадлалтай шинэлэг төслийг санхүүжүүлэхийн тулд “Venture capital” “Venture investment” фирмүүд АНУ –д үүссэн. “Venture” гэдэг нь “Зоримог, шийдэмгий” гэсэн утгатай үг. Бүдүүлэгээр хэлэхэд чи 5 төсөлд тус бүр 100 долларын хөрөнгө оруулна, 4 нь дампуурч харин азтай нэг төсөл нь чиний оруулсан 100 долларыг 1000 доллар болтол өсгөх юм. Ингээд чи 1000 – 500 = 500 долларын ашигтай ажиллана. Магадгүй бүгд дампуурч 500 –ын алдагдалд ч орж мэдэх ч газарт таван өрөм зоож, ганцаас нь л алт зэс олохоос хамаагүй цэвэрхэн л дээ. 2012 онд АНУ –д 41 орчим тэрбум долларыг “Venture Capital” –д зарлагадсаны 40 орчим хувь нь Silicon Valley буюу Цахиур хөндийд шингэсэн аж. Цахиур хөндий бол Adobe systems, Apple Inc, eBay, Google, Hewlett-Packard, Intel, Nvidia, Symantec, Yahoo зэрэг аваргуудын төв байрладаг, өндөр технологийн мянга мянган “start up” компаниудын өлгий “нутаг”. Сонирхуулахад хагас дамжуулагч хийдэг цахиурыг “silicon”, харин хиймэл хөх хийдэг силиконыг “silicone” гэдэг юм шүү, ганц үсэгний зөрөөг андууруузай.
Дөрвөн жилд нэг удаа “Фиелдсийн медаль” –аар 2-4 математикчийг шагнадаг. Сая доллар дагалддаг, Нобелийн шагналтай дүйхүүц эд. 1994 – 2010 он хүртэл нийт 18 математикч Фиелдсийн медаль авсаны 6 нь Орос, 6 нь Франц. Европын сэргэн мандалтын үед ардчиллын хөгжил төдийгүй математикаар ч Францууд дэлхийд тэргүүлдэг байж. Коши, Лагранж, Декарт, Пуассон, Ферма хэмээх Франц нэрүүдийг математикийн хичээл үзэж байсан бүх хүмүүс сонсож, зарим нь залхаж үзэн ядсан биз. Харин Зөвлөлт гүрнээс хойш Оросууд математикаар толгой цохих болсон. Гэхдээ орчин үед Орос, Франц математикчдын хувьд нэг л том ялгаа бий. “Фиелдсийн медаль” авсан Франц математикчид бүгдээрээ “Institutes des Hautes Etudes Scientifiques” г.м. хэл хугалмаар нэртэй эх орныхоо институт, их сургуульд харъяалагддаг. Харин Оросын зургаан “гавал” –ын гурав нь АНУ –д (Калифорнийн их сургууль, Принстоны их сургууль), нэг нь Швейцарт (Женевийн их сургууль), нэг нь өмнө дурдсан “Institutes des Hautes Etudes Scientifiques” буюу Францад ажилладаг. Баруунд “урваагүй” үлдсэн ганц Григорий Перельман нь ээжийнхээ хамтаар Санкт-Петербургийн угсармал байранд амьдардаг. Учир нь тэрбээр “Фиелдсийн медаль” –аас шууд татгалзсан, сая долларыг “хоосон чанар” гэж үздэг, математикаар Буддын бясалгагч лугаа гэгээрсэн нэгэн. Товчхондоо Оросууд маш онцгой “гавал” хэдий ч баруунд толгойгоо “зарчихдаг”. 1990 оноос хойш Оросууд авлига, мафийнхаа асуудлыг шийдэх гэсээр байтал өндөр технологиор хоцрогдсон. Пуужингийнхаа чипийг Израйл, АНУ –д хийлгэх дээрээ тулаад байгаа. Гэхдээ муудлаа гээд биднээсээ бол хэдэн жилээр тасархай байлгүй яахав.
Хэдий нүүрс, алт, зэс төмөр замтай бүүр төгс хуягт танк онгоцтой байлаа ч өндөр технологийн хөгжлөөс чадлаараа хоцрохгүй байх хэрэгтэй юм даа, тусгаар улс мөн л юм бол. Нэгэнт бүтэхгүй гээд хаяж хэрхэвч болохгүй. “Өндөр технологи” –ын онцлог нь “өндөр хурдтай” хөгжиж болдог. Хөгжлөөр хол хоцорсон байсан Тайван, Солонгос, Сингапур ердөө арваадхан жилийн дотор Японтой зэрэгцээд ирсэн. Манайд ч зөв менежмент явуулбал хэдэн жилийн дотор Тайвань, Солонгос биш юмаа гэхэд Малайз, Энэтхэгтэй зэрэгцэх боломжтой. Дунд боловсролын систем нурчихсан өнөө цагт хүртэл манай хүүхдүүд олон улсын математикийн олимпиадад багаараа үргэлж дундаас дээгүүр байр эзэлдэг. 2004 онд 19 –д орсон нь Британи, Франц, Германаас илүү гарсан үзүүлэлт байв. Математикийн олимпиад нь шинжлэх ухаан гэхээсээ спорттой арай ойр, залуусын потенциалыг нээн илрүүлдэг талбар. Олимпиадад сайн оролцсон залуус шинжлэх ухаанд амжилт гаргах магадлал маш өндөр. Харамсалтай нь манайд математикийн салбарууд шинжлэх ухааны үүднээс амьдралд нэвтэрсэн нь ховор. Физикчидийн хувьд “эгэл бөөмс буюу квантын онолууд” –аас эхлээд өндөр энергийн туршилтын физик, хатуу биеийн технологи г.м. нэлээд чамбай судалгаа хийсэн нь бий гэнэ. Гэхдээ ихэвчлэн гадаадад хийгдсэн судалгаанууд, социализмаас үлдсэн хэдхэн эрдэмтэд. Физик математикийн олон ч залуу докторууд барууны томоохон сургуульд төгсөж ирээд айлын эрхийн тэнэг бацаануудад хичээл заахаас өөр хийх олигтой ажилгүй. Уг нь тархи толгой хаана ч гологдохгүй юм л даа.
Барууны нэг сайхан нь “төр” гэдэг авлигын машинаас хамаарахгүй дэмжээд хөрөнгө оруулчих компаниуд хар мянга. Өндөр технологийн үйлдвэрлэлийн ихэнхи зардал “R&D (Research and Develepment)” буюу судалгаа, хөгжүүлэлтэнд шингэнэ. Тухайн төсөл эдийн засгийн хувьд ашиггүй болсон байлаа ч шинжлэх ухааны институт, их сургуулиуд, эрдэмтэн судлаачид хөгжөөд үлддэг давуу талтай. Гэтэл уул уурхайд оруулсан хөрөнгө оруулалт хэдэн том нүх, алиалагч тэмцэгчдийг л үлдээнэ. Заавал өндөр технологи гэлтгүй биологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй г.м. бидэнд арай ойр шинжлэх ухаанууд ч зөндөө. Дархлаа сэргээх “Салимон” бэлдмэл гэхэд олон жилийн нөр их судалгааны үрээр бүтэж, үр дүнд нь 5-6 доктор (PhD) төрөн гарсан тухай зохиогч нь телевизээр ярьж байсан. “Салимон” нь цэвэр Монгол брэнд төдийгүй нэлээд мөнгөний эргэлт дагуулах тул “зохиогчийн эрх булаалдах”, “дууриамал гарах” г.м. шуугианууд хүртэл гараад амжсан. Олон төрлийн чацарганы бэлдмэл бий болж буй нь ч авууштай. Юу хийдэг нь мэдэгдэхгүй яам, төрийн албаны авгай нар iMac дээрээ Зума тоглож суухад МУИС –ын професорууд нь хоцрогдсон хужаа компютер дээр, гацаатай wi-fi –аа нүдэж, оюутнууд нь Зөвлөлтийн үеийн лабароторид “суралцаж” байхад шинжлэх ухаан, инноваци нэлээд алслагдмал. Гэтэл баруунд ДОХ –ын вирусээс жижигхэн транзистор бүтээчихээд байдаг. Уг нь оюутны далан мянгад тараадаг 140 тэрбум төгрөгөөр янзын сайхан лабароториуд байгуулчихвал юун гадуур тэнэх, юун архи уух, сургууль дээрээ завгүй сууцгаана шүү дээ багш оюутан бүгдээрээ. “70 мянга оюутанд их нэмэр болдог” гэж сайрхдаг юм, ер нь бүх хүнд л 70 мянган төгрөг асар их нэмэртэй биздээ. Үнэндээ хими, физик, математик, электроник хэчнээн сонирхолтой билээ, хэчнээн их мөнгө, хөгжил дэвшил эргэлддэг билээ. Асар их баялаг агуулсан таван толгойнуудыг сайн өрөмдөх хэрэгтэй, гэхдээ байгалийн таван толгой биш залуусын тархин дахь таван толгойг.
SARNAI
puje
puje
kkk
zochin
ЛХА
AUS
Зочин
undsen khuuli
undsen khuuli
enkhbat
khishigee
khishigee
khishigee
Анхаа
Advanced math
Зочин
Зочин
Зочин
Ганбат Дархан
Зочин
Зочин
hmm
zochin
bi
hen ch bish
Зочин
bid
Ganbat
Гилбэрхаруул
Зочин
Галаа
Би
Зочин
NB
Зочин
Зочин
сайн байна
kk
Zochindoi
Зочин
@Dellger
zochin
KOBA
баатар
Зочин
456789789
zochin
123
Зочин
Ganbold
Баяраа
0000
Зочин
чинээ
Зочин
delgermaa
Баяраа
zochin
үзэгчийн үгээр
ГАВАЛ.
Зочин
...
@zulkhuumongolia