Браво, браво... ЭЛБЭГДОРЖ
Манай шинэчлэлийн Засгийн газар анх удаа улс орон даяар нээлттэй хуралдав. Мэдээж олон нийт үзэгдлийнх нь хувьд нэн таатай хүлээж авч байна. Ийнхүү гэнэт хаалга цонхоо дэлгээтэй сууж байгаад хуралдсан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаанд оролцсонтой шууд холбоотой нь ойлгомжтой.
Манай хуйхалдаг Ерөнхийлөгч хойморт нь орж ирээд суучихсан нь хөөрхий сайд нарын өвдгийг чичрүүлж буй нь харахаас илт. Цөөнхийн байр сууриас юу ч шалтгаалахаа байчихсан, Засгийн газар дангаар даналзаж байх болсон энэхүү ойворгон үед Ерөнхийлөгч нөмөр ч болно, нүдүүр ч байна гэдгээ харуулав. Энэ бол яах аргагүй үнэ цэнэтэй акц. Цөөнхөө үл ойшоох, үл сонсох, үл хүндэтгэхээс өөр аяг үзүүлэхээ больсон тэд тэвчин тонгойхоос өөр толгой нь шоволзсон “амьтан” алга байсан нь улсын маань ажил төрөл хий баахан төсөл, хүү нь хоногоор жирэлзэж байгаа бондоос өөр гавьтай юмгүй суугааг нь тод томруунаар харуулав. Элдэв ТЭЗҮ, ТӨСӨЛ, МӨРӨӨДӨЛ + ПИАР бол өнөөдрийн шинэ монголчуудад сонин биш зүйл. Тийм цаг явсан ганган яриа хөөрөөнд нэг их чихээ дэлдийлгэхээ больсон. Учир нь бид дэндүү олон жил төсөвлөж, төлөвлөж, тойрч хэрэлдэж цагаа үрсэн. Тэрийгээ биеэрээ жирэлзэх бүх урсгалаар мэдэрч байгаа учраас одоо эрх барьж буй нөхдөөс үр дүн л шаардана. Тэгэх тэгэхдээ нүдэнд харагдах, гарт баригдах бодит хэмжүүрээр л нэхнэ шүү дээ.
Засгийн газрын гишүүд ажлаа танилцуулж, цаашид ямар арга хэмжээ авах талаараа энэ хуралдаанаар ярих гэсэн. Ярих гэсэн хэмээсэн нь ярьсан гэж үзэх сайд бараг байхгүй байсан учраас өгч буй дүгнэлт юм. Тийнхүү бэмбэлзэж, ээрч муурч суухыг нь Ерөнхийлөгч тэвчсэнгүй. Түүний нэг тал ерөөсөө хурд гэж тодорхойлж болохуйц хүн. Тиймээс Ерөнхийлөгч асууж, нэхэж, шаардаж эхлэх нь угаасаа эхнээсээ тодорхой болоод явчихсан. Ингээд сайд нарын танилцуулгатай холбогдуулан Ерөнхийлөгч шууд шууд асуун, асуулт шигээ яралзсан үр дүн, хариултыг нэхсэн хуралдаан болж, эцэст нь Засгийн газрын хацрыг нь ягаартал зэмлэж, хатуу сануулга өгснөөр өндөрлөв.
Сүүлийн үед солгой хүрдтэй машины асуудал тойрсон бухимдал иргэдийн дунд үүсч, Хотын даргыг чиглэсэн ширүүн шүүмжлэл өрнөж байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Энэ асуудлаас болж Ерөнхийлөгч хотын даргыг хатуу үгээр бөмбөгдлөө.
Тэрээр “Бат-Үүл ээ, солгой хүрдтэй машины асуудлаар санал асуулга явуулсан биз дээ. Иргэдийн 75 хувь нь татгалзаж байна гэсэн санал өгсөн. Гэтэл юун дахин санал асуулга явуулах вэ. Юун буруу талдаа хүрдтэй машин бэ. Энэ хотод хийх өөр ажил байхгүй байна уу. Хилийн цаана байгаа машины асуудлыг бод. Хилийн наана ороод ирчихсэн машинтай битгий ноцолд. Агаар, хөрсний бохирдлоос эхлээд асуудал олон байхад ийм асуудлыг яриад сууж байх хэрэггүй” гэж өөрийн байр сууриа тов тодорхой илэрхийлэв.
Хилийн чинадаас зовж зүдрэн байж оруулж ирсэн хуучин муу машинуудыг нь явуулахгүй гэж хавчиж шахсан бодлого явуулж буйд иргэд Баатар Бат-Үүлд тун их гомдолтой байгаа юм.
Хуруу хумсаа хуйхлан, гадныхнаас гуйж түйн хөрөнгө босгож, дотоодын төрийн албаныхаа элдэв түвэгтэй даваа гүвээ даван, арай ядан барьж босгосныг нь нураана, буулгана, хураана, авна гэж дайрч давшилж байгаад нь мээр Бат-Үүлд манай иргэд дургүйцэж байгаа юм. Ийм хэцүү байдлаас болж үймэрч хямарсан иргэд “Ардчилсан засаг ард түмнээсээ эрх чөлөөг нь хураан авч байна” гэлцэх болсон. Харин ч нөгөө арай гэж түлхэн унагасан коммунизмаасаа дор харгис бодлого явуулж эхэллээ гэж түгших болсон. Ийм санаа сэтгэлийн үймрээн үүссэн үед Ерөнхийлөгч иргэддээ нөмөр болон зогсов. Аливаа дээрээс ирж буй бодлого доороо хатуураад л, хавчиж хяхаад эхэлбэл улс орны уур амьсгал ээдээд эхэлдэг.
Дараагийн анхаарал татаж буй нэг асуудал бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Ч.Сайханбилэгийн санаачилгаар “Сайтуудын сэтгэгдлийг нэгдсэн серверт оруулах, хаягжуулах” төсөл юм. Ерөнхийлөгч үүнд ч нэн таагүй хандав. Тэрээр “Бүхэл бүтэн улсын өмнөөс ажил хийж байж ганц нэг хүн, хэсэг хүний шүүмжлэлтэй зууралдах хэрэггүй. Үгийг нь хүлээж авч байх хэрэгтэй. Элдэв хэл амыг тоохгүй байсан нь дээр шүү дээ. Сайтуудын холбоо хийх ажлыг Засгийн газрын сайд хийгээд хэрэггүй” гэж зэмлэлээ. Мэдээллийн сайтуудаар сэтгэгдэл бичих нэрээр бусдыг гутаан доромжлох, нэр хүндэд байж болшгүй бүдүүлгээр халдах явдал гаарч байгаа учраас нэгдсэн серверт оруулж, нэр, и-мэйл хаяг буюу “буцах хаягтай” сэтгэгдэл авдаг болъё гэсэн саналыг Засгийн газар дэвшүүлсэн юм. Гэвч энэ явдал мөн л эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Нийгмийнхээ нийт гоо зүйд л хөрөнгө оруулалт хийх замаар энэ гажиг үзэгдэлтэй тэмцэх байх. Түүнээс биш хүчээр боомилох бодлого бол жолоо цулбуургүй эрх чөлөөн дунд хорин хэдэн жил дураараа дургисан манайханд явахгүй л дээ. Хэдэн жилийн өмнө манай ардчиллын нэг лидер “Яая гэхэв дээ, намайг доромжлох энэ эрх чөлөөг нь би авчралцсан юм” гэж хэлж байж билээ. Одоо бол тэд маань өөр болцгоосон юм даг уу даа.
Ерөнхийлөгчийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга дээр ирээд хэрхэх бол гэж улс төрийн ажиглагчид анхаарал тавин харцгааж байв. Учир нь, Х.Баттулгыг хүссэн ч эс хүссэн ч Ерөнхийлөгчтөй хамаатуулдаг зуршил эртнээс тогтчихсон юм. М.Энхсайхантай дэгдээсэн “асуудал” нь намжаагүй байгаа энэ үед Ерөнхийлөгч түүнийг “Нэг л их санаа алдаж, хүн муулсан хүн байх юм. Өмнөх ажлаа хий. Та мал хариуцсан сайд биш хүн хариуцсан, үйлдвэрийн сайд. Мал руу биш хүн рүү чиглэсэн ажлаа хий” гэж загнав. Гэхдээ энэ бол зүгээр л дотроо нууж буй хайр юм. Энэ мэтээр сайд нарыг шүүмжлэл тойроогүй. Ерөнхийлөгч эрх баригчдад зориулж “Өмнөх юм ерөөсөө болохгүй байна, өмнөх Засгийн газрын ажлыг цэгцлэх гэж бид зовж байна гэж ярихаа зогсоо. Одоо бид юу хийх вэ, ямар гарц байна. Ажлаа ямар хугацаанд биелүүлэх вэ гэдгээ ярилц. Ажил бүрийн ард хариуцах эзэн байдаг. Тиймээс ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооц, ажлаа өг гэдэг зарчмаар явах хэрэгтэй. Дөрвөн жил гэдэг богино хугацаа, нэг жилээ ардаа орхиж байна. Тиймээс хариуцсан ажлаа хийцгээе” гэж тэрээр анхаарууллаа. Засгийн газарт өгсөн Ерөнхийлөгчийн энэхүү онцгой сануулга Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл нэгдүгээр сарын хагасын байдлаар 70.5 сая ам.долларын алдагдалтай гарсан дүн мэдээтэй давхцав. Арга ч үгүй биз энэ үзүүлэлт бол өмнөх жилээс 27.0 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэхдээ эдийн засагчид үүнийг нэг их сүртэй зүйл биш гэж үзэж байгаа байх. Харин тэдний айж буй зүйл хорин хэдэн жил энэ улс орныг үүрч явсан дотоодын хөрөнгө оруулагчид, үндэсний бизнесмэнүүдээ нэг нэгнийх нь захиалгаар унагах бохир бодлого явуулахвий гэсэн зовнил байна. Энэ тухай үнэхээр уулзсан учирсан болгон ярих болсныг бодууштай. Ардчилсан нам төрийн эрх аваад л дотоодын хөрөнгө оруулагчдынхаа элэг рүү тийрсэн бодлого явуулаад эхэлснийг тэд ийн шагшран онцолж байна. Нефть импортлогчид руу дайрч, байшин үйлдвэрлэгчид рүү давшилж, сүүлдээ манай хүнсний бүтээгдэхүүнүүд дотроос гадагшаа танигдсан цорын ганц брэнд болох архиныхаа нүүрнээс “Чингис” шошгыг нь хуулж авах юм ч болов. Сар шинээ тэгж хий, ингэж хий гэж зааж зураад л эхлэв. Уг нь ардаа алагчилдаг, алахаас наахнуур хавчдаг ийм бодлогыг бид хүсээгүй. Ард түмнээ амирлуулдаг л Төрийн бодлого горьдож бид саналаа өгсөн. Гэхдээ өнөөдөр сайхан байна. Манай Ерөнхийлөгч Ард түмнээ өмгөөллөө.