Н.Энхбаяр, шүүх, шүүгч гурав
Монголд өмнөх сенсаац нь хуучраагүй байхад дараагийнх нь залгадаг.Сенсаацаас сенсаац төрдгөөрөө бас сонирхолтой.Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэргийг шийдсэн Дээд шүүхийн шийдвэр бол хуучраагүй тийм сенсаацуудын нэг.Шүүх хуралдаан эхлэхийн өмнө Н.Энхбаярын өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан нь сенсаацаас сенсаац төрүүлсэн жинхэнэ сонирхолтой үйл явдал байлаа.
Дээд шүүх уртаашаа 17 шүүгчтэй.Тэдэн дундаа эрүүгийн хэргээр дагнан мэргэшсэн нь тавхан.Бусад нь иргэний болон захиргааны хэргийнхэн.Н.Энхбаяр нарт холбогдох үйлдэл өөрөө эрүүгийн гэмт хэрэг.Иймд Дээд шүүх энэ чиглэлд мэргэшсэн, байгаа таван шүүгчээ бүгдийг нь шүүх бүрэлдэхүүнд багтаажээ.Гэтэл өмгөөлөгчид татгалзав.Эрүүгийн хэргээр мэргэшсэн бүрэлдэхүүнээр шийдүүлэхгүй гэж хурал хаяж үзэв.Энэ нь хүнд мэс засалд орох өвчтөнд мэргэшсэн мэс заслын эмчээр хагалгаа хийлгэхгүй, дотрын юмуу өрхийн эмчээр хагалгаа хийлгүүлье гэж байгаатай яг адил юм.
Давж заалдахад аливаа гомдол, хэргийг тухайн чиглэлээр дагнан мэргэшсэн шүүгч шийднэ.Шүүх бүрэлдэхүүнд эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүгчдийг хольж оруулахгүй.Энэ бол УИХ-аас хуульчлан баталсан шүүхийн шинэтгэлийн гол зарчмуудын нэг юм.Дээд шүүх энэ зарчимдаа үнэнч байж Н.Энхбаярын хэрэгт анх илгээсэн шүүх бүрэлдэхүүнээ сольсонгүй.Солиулж чадсангүй гээд Н.Энхбаяр нар ч алдсангүй. Харин онов. Түүний өмгөөлөгчид үйлчлүүлэгчээ цагаатгах эцсийн санаандаа хүрч чадаагүй ч, өмнөх ялыг 2.6 жил болгон багасгаж бүх мөнгөн торгуулийг тэглэлээ.Эндээс Н.Энхбаярын хэрэгт өмнөх хоёр ч шатны шүүхийн олж хараагүйг Дээд шүүхийн мэргэшсэн шүүгчдийн бүрэлдэхүүн л онож дэнсэлжээ гэмээр.Басхүү одоогийн Ерөнхийлөгчийн санаачилж эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн эерэг үр дүнг түрүүлж хүртэгчдийн нэг нь экс Ерөнхийлөгч боллоо ч гэж болохоор.Яагаад гэвэл хэрвээ өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх бүрэлдэхүүнийг сольсон бол, шүүх бүрэлдэхүүнд эрүү, иргэнийхэн холилдсон бол өмнөх шийдвэр хэвээр батлагдаж, Н.Энхбаяр нарын ял хуучнаараа үлдэх байсан байж ч болох юм.
УИХ нэгэнт хуульчилсан учраас шүүхийн шинэтгэл аль эрт эхэлсэн нь тодорхой.Харин Н.Энхбаярын хэргээр дамжиж олонд илүү мэдрэгдлээ.Үүнээс өөр чухам юу юу шинэчлэгдэж байгааг хууль болон бусад эх сурвалжаас шүүрдэж үзэв.Юуны өмнө шүүх гэж юу болох, шүүгч гэж хэнийг хэлэхээс шинэчлэл эхэлнэ.
Шүүгчид зөвхөн гаднаас бус, дотооддоо ч хараат бус байх учиртай. Тийм учраас ерөнхий шүүгчээр дамжиж ирдэг нөлөөллийг байхгүй болгохын тулд бүхшатны ерөнхий шүүгчийн хэрэг хуваарилах, шүүх бүрэлдэхүүн томилох эрхийг хязгаарлав. Мөн Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа зургаан жилээр томилох боллоо.Ингэснээр шинээр сонгогдсон Ерөнхийлөгч бүр өөрийн хүнээ Дээд шүүхийн ерөнхий шүүгч болгох гэдэг, өргөдлийг нь өгүүлдэг, цаадахь нь дахиж улирахын тулд шүүх дотор өөрийн багаа бүрдүүлдэг муу жишээнүүд жишиг болон цааш үргэлжлэх боломжгүй боллоо.Шүүгчийн туслах, захиргааны ажилтан шүүгч болдог урьдын жишиг ул болон үлдэж байна. Үүнээс гадна:
-Шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр шүүхэд шилжүүлэхийг хориглов,
-Дээд шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч нь гадаадад байх, зорчих хугацаанд дипломат эрх ямба эдэлнэ,
-Шүүгч ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт, төрсөн нутагтаа амрах бол ирж очих замын зардлыг шүүхийн төсвөөс авто замын зорчигч тээврийн зардлаар тооцож олгоно,
-Шүүгч нь бие хамгаалах хэрэгслийг эзэмших, биедээ авч явах эрхтэй.
-Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцахаар болж байна.
Түүнчилэн шүүгчийн амь бие, ажлын байр, хувийн болон албаны орон сууц, унаа, ачаа тээвэр, эд хөрөнгө хүртэл халдашгүй эрхтэй боллоо.Гэхдээ халдашгүй байдал гэдгийг манай УИХ-ын гишүүд шиг буруугаар давруулан ойлгохгүй, ашиглахгүй байхыг эрхэм шүүгчдээс хүсье.Гишүүдийг гэмт хэрэгт холбогдсон байж магадгүй шалгая гэхээр “миний халдашгүй эрхэнд халдах гэлээ” гэж зөрүүдлэн хуулийнхны ажлыг яаж хүндрүүлдэгийг шүүгчид сайн мэднэ дээ.Тэрэн шигби шүүгч, халдашгүй эрхтэй гээд л хүн зодоод, эсвэл эр улс шиг гар зөрүүлж зодуулчихаад “миний халдашгүй байдалд халдлаа”гэж сүржигнээд байхгүй гэдэгт найдъя.Шүүгчийн ажил, албан тушаалтай нь холбоотой харилцаахалдашгүй болохоос иргэн хүн бүрт байдаг эрх, эрх чөлөө шүүгчдэд илүү байх ойлголт энд байхгүй.Өөрөөр хэлбэл, иргэнийхээ хувьд хүн бүр ижил эрхтэй, тэдэн дотроос гахай илүү эрхтэй гэсэн “Амьтаны ферм”-ийг шүүхэд байгуулаагүй билээ.Жишээ нь, шүүгч машинаараа хүний машин шүргэлээ гэхэд тэрээр жолоо барьж явсан бол хариуцлагаа хүлээнэ.Харин шүүгчийн эзэмшлийн машин халдашгүй учраас түүний машинд цагдаа үзлэг хийх юм уу, учир зүггүй журмын хашаа руу чирээд явах боломжгүй.Энэ бол шүүгчдэд хуулиар олгосон халдашгүй эрх.Шүүгч санаатай болон санаандгүй байдлаар зодон хийлээ гэхэд тэрээр иргэний хувьд шийтгэлээ хүлээнэ. Харин шүүгчийг баривчилбал 48 цагийн дотор ШЕЗ-д мэдэгдэхийг чухамхүү “шүүгчийн халдашгүй байдал” гэдэг дархан эрх нь цагдаад үүрэг болгож байх жишээтэй. Үүнээс гадна цалин хангамжийн талаар ч урьд өмнө байгаагүй нэлээд өөрчлөлт оржээ.
Шүүгчид бол хар цагааныг дэнсэлж, хэрэг маргааныг шүүн тасалж, хүний хувь заяа, эрх эрх чөлөөтэй явах үгүйг Монгол Улсын нэрийн өмнөөс шийддэг.Үүгээрээ шүүгчид бол зүрхний мэс заслын эмч нар зүрхэнд мэс хүргэх онцгой эрхтэйн адил хувь хүний ч, хууль зөрчсөн нэгний ч эрх, эрх чөлөөг дэнслэх онцгой эрхтэй хүмүүс.Цэрэг эрсийг улсаа хамгаалж энхийг манаан зогсдог гэдэг бол, шүүгчдийг ард түмнээ өмгөөлөх эрхийн манаанд зогсдог гэж үзэж болох юм.Ийм хүмүүсийн хариуцлага, хангамж өндөр, хараат бус байдал баталгаатай байх нь гарцаагүй.Харин энэ бүхний хариуд шүүгчид ганцхан хууль, ялангуяа Үндсэн хуулиас л хараат ажиллах учиртай.Ийм боломж, ийм шинэчлэл, тангарагтаа үнэнч ажиллах орчныг шүүхийн шинэчтгэлийн багц хууль олгосон гэдэгт найдаж байна.
Онолчдын дүгнэснээр “иргэн хүн хамгаалагдаж, эрх мэдэлтэн хязгаарлагдаж байхын тулд хууль оршдог” байна.Тэгвэл иргэнийг шийтгэхээсээилүү түүнийг хамгаалах гэж шүүх орших учиртай гэж би хувьдаа боддог.Одоо бол шүүх гэхээр дандаа л ялладаг, нэрийг нь сонсоход сүрдэж жихүүдэс төрүүлэм хар нөмрөг төсөөлөгддөг.Харин шүүхийн шинэчлэлийн багц хууль бүгдээрээ хэрэгжиж эхлэх 2013 оноос эхлээд шүүх бол иргэд үнэнээ тогтоолгох гэжайдасгүйгээр очдог үйлчилгээний газар болон өөрчлөгдөнө гэдэгт олон хүн найдаж байна.
Судлаачдын хэлснээр улсын хөгжил, шүүх эрх мэдэл хоёр шууд хамааралтай ажээ.“Шүүх баялаг бүтээхгүй байж эдийн засгийн хөгжилд ямар хувь нэмэр оруулах юм, улстөрд оролцохгүй байж ардчиллыг яаж бэхжүүлэх юм” гэсэн асуулт зарим хүнээс гарч болох л юм.Тэгвэл эерэг бүхэн гагцхүү шударга ёсонд суурилж байж удаан тогтдог, урт насалдаг, урагшаа хөгждөг нь ертөнцийн хууль билээ. Ийм учраас л алагчилдаггүй,шударга шүүхтэй болох нь ардчилсан засаглалтай байхын адил нийгмийн захиалга, ард түмний хүлээлт билээ.
зочин
hm
ts
Зочин
Зочин
unshigch
Зочин
Ганбаяр
Зочин
d temuujin
d temuujin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин