Яг  одоо  Монголын улс  төр мөнгөн ус  шиг  төсөөлөгдөж байна. Хаашаа ч  урсан холбирч бөмбөрч мэдэхээр. Ямар нэг  сав суулганд л  биш  бол  мөнгөн  ус  тун тогтворгүй. Тэгээд  задгайрах  аваас чухам юунд  чиглэн бөмбөрөв гэдгээсээ  хамаарч  маш  хортой  үр  дагавар дагуулдаг  бодис. Менделеевийн үелэх  системийн  80-д эрэмблэгддэг энэхүү элемент  хүн, амьтны  мэдрэлийн системийг  гэмтээж, элий  балай  болгон  үхэлд хүргэдэг  химийн маш  хүчтэй хор л доо.  Улс төрийн одоо үүсээд  байгаа нөхцөл байдлыг  ажиглахуйд  ийн мөнгөн устай адилтган зүйрлэж  хэлж болохоор  байна. Тэр тусмаа Монголын  улс төрийн намуудын жагсаалтад  нэгд   эрэмблэгддэг МАН-ын хувьд. Тэд  нэг нам болж, нэг бодлого дор зангидагдаж, нэг  дүрмээр тоглож  чадахгүй болоод байгаа нь  улс төрийн  олон  үйл явдлуудын өрнөлөөс   харагддаг боллоо. Энэ байдлаараа  хагас жилийн  дараа  болох  ээлжит  сонгуульд  орвол  МАН  магадгүй  мөд  сэхэхээргүй  хүнд нокаутад  орж   нэг  хэсэг   байтугай  нэлээдгүй  хугацаанд  муужирч   манараатай  явна  гэдгийг  нь урьдчилаад   хэлэхэд   нэг  их  зөн  билэг, зургаа  дахь  мэдэрхүй  шаардлагагүй  тов  тодорхой  юм.  Тэгэхээр задгайрсан  “ мөнгөн  ус”-аа  одоо  л  амжиж  ямар нэг саванд  хайрцаглаж, журамлахгүй  бол  бүгдээрээ хордоно  гэсэн  үг.  Одоо  тэгээд  хэн  хайрцаглаж  савлаж  чадах  бол?  Мэдээж  намын  дарга нь  л  чадах ёстой  болно.

1

2016 оны УИХ-ын сонгуульд  үнэмлэхүй ялалт байгуулсан  яг  тэр  цаг  мөчөөсөө  л  МАН-ынхан эрх мэдлийн хуваарлилтаас  болж   хагаралдан  булаацалдаж  “мөнгөн  ус” нь  задгайрсан. С.Эрдэнэбатынхаа  Засгийн газрыг  унагааж,  УИХ  дахь  намын  бүлгийн  хурлаа ч  хийж  чадахгүй болтлоо дотроо  хуваагдан  талцсан. Улмаар   УИХ-ын  даргын  суудлаас М. Энхболдыг  ховхолж, хөлөө жийлцсээр  олгой нь   тогоон  дотроо хагарч,  60 тэрбумын  хэрэг  мандааж,  УИХ- дахь гишүүд  нь  хуйгаараа  ЖДҮ  болон  бусад  олон  сангаас албан  тушаал, эрх  мэдлээ  ашиглан  тэрбум,  тэрбумаар  зээл  нэртэй  хулгай  хийж,  ард  түмнийг  хохироон, иргэдийн амьжиргааны боломжуудыг  нь  булаан  дээрэмдсэн   хэрэг,  өмд  гутлын  гэх  мэт   асуудалд хутгалдан  ёс   суртахууны  хувьд  бүрэн  доройтож,  парламентад  олонхи  болсон  МАН-ын ялалт  ямарч  үнэ цэнэгүйд   хувирч, ингэснээрээ монголчуудын  сонголтын  хариуд  МАН зүгээс “ том салаавч”-аас  өөрийг өгсөнгүйтэй  адил  болсон. Ард  түмэнд  шууд  утгаараа  биш  ч  МАН-аас  болон  гишүүдээс   үзүүлсэн “салаавч”-уудыг  олон  фактаар  дурдаж  болно. Тиймээс  энэ  намын  нэр хүнд  сонгуулийн  ялалт байгуулснаа  бахдан  тулгасан   баярын  жүнзнийхээ  амсраас  ч  хальж  чадалгүй  хөөс  нь  хагарч  шилбэ ёроол  руу нь   шуугин  унаж  явна. Тус  намын  дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  асар  хилэнтэй, ууртай  байх  болсны  шалтгаан ч  эндээс  харагддаг.   Тэрбээр  УИХ-ыг  хулгайч, луйварчин, ЖДҮ-чин, хүчиндэгч,  хүчирхийлэгч  нараар  дүүрсэн  байна  гэж  нэг  биш  удаа  шууд  мэдэгдэж  байгаа  нь  энэ  бохир заваан  намаг  дундаас  гарах  гарц  хайж  буйн  илэрхийлэл  гэж  ойлгогддог.  Түүнээс   сүүлийн  үед  гарах болсон  цочмог,  магадгүй  хэт  экстремист  гэмээр шийдвэрүүд  масс   буюу   олон  нийтэд   таашаалтай хүрдэг  болсон.  Үр  дүн  байхгүй,  хоосон  хэдий   ч, нийгэмд  ингэж  бахтай  хүрдэг   улстөрчийн  үг,  үйл  явцыг популизм  гэдэг.  Популизм  буюу  олны  сэтгэл   хөдлөлд  зориулсан  энэ  үйл  явц   ерөөсөө  ямар  ч  хэрэггүй, байх  ёсгүй   зүйл  биш  юм.  Гагцхүү   хэрээс   хэтэрснээр   бодит  үнэн   танигдахгүй  болж,  нийгэм  сааралтаж будантан  зүг  чиг  баримжаа  алдагддаг  юм  шиг  байна.  Энэ  байдлаас   харах  юм  бол  Ерөнхий сайдын хийж  байгаа   популизм  хэтэрч  байгаа  нь  мэдэгддэг.  Ингэхээс  ч аргагүйд   хүрчихлээ л  дээ.  Түүний  энэ эрсдэлтэй  алхам  яг  одоо  маш  хүнд  байдалд  орчихоод  байгаа  намаа  аврах  ганц   аврал   болж   байгааг харин  багийн  гишүүд,  УИХ  дахь  МАН –ын  бүлэг   хэр  ойлгож  байгааг  мэдэхгүй.

2

2016  оны  сонгуульд   ялалт  байгуулахад  Үндсэн  хуульд  өөрчлөлт  оруулна  гэсэн МАН-ын  амлалт иргэдээс нэлээдгүй  дэмжлэг  авсан нь  үнэн.  Гэтэл  парламентын 76  суудлын  64 –ийг  нь  авсан  олонхи  атлаа цаашдаа  Монгол  Улс, монголчуудын  хувь заяанд  нөлөөлөх  хамгийн  чухал  энэ  амлалт, асуудал  дээрээ ирээд   шийдвэрлэж   чадахгүй  гацлаа  шүү дээ.   Анх  Үндсэн  хуульд  нэмэлт  өөрчлөлт   оруулах  төслийг санаачлан  боловсруулж,  гарын  үсгээ зураад  УИХ-д  өргөн  барьсан  62  гишүүн  хуулийн  төслийн хэлэлцүүлгийн  явцад  өөрсдийнхөө   үзэл  бодол , итгэл  үнэмшлээсээ  няцаж  ухарсан.  МАН  энд  дахиад ичгэвтэр байдалд  орж  орон  даяар  шившиглэгдсэн.  Цаашдаа  явахааргүй  гацсан  учраас  ард  нийтийн дунд санал  асуулга  явуулж   шийдэхээр  болж   73  дугаар тогтоолоо гаргаад  түр  амсхийхийг  хүссэн ч  нөхцөл байдал  улам  ээдрээтэй  болчихлоо.

Нэгдүгээрт, өөх  ч биш,  булчирхай ч  биш  болж   цэлцэгнэх  болсон  улс  төрийн  энэ  нөхцөл  байдалд  Монгол Улсын  Ерөнхийлөгчийн  зүгээс  түрүүлж  хийсэн  алхам.  Тэрбээр  МАН-ын  гансарсан  байдлыг   ашиглан Үндсэн  хуульд   нэмэлт  өөрчлөлт  оруулах  хуулийн  төслийг  зөвшөөрөх  эсэхийг шийдэх   Ард нийтийн  санал асуулгатай  хамт  Засаглалын сонголтын  ямар  хэлбэртэй  байхыг   давхар  асууя  гэж зүтгүүлээд  эхэлсэн. Монгол Улсыг  Ерөнхийлөгчийн  засаглалтай  болгох  гэсэн  маш  том  лобби   босоод ирсэнтэй зэрэгцээд  ирэх зун  болох  ээлжит  сонгуульд  МАН  бүх  санаачлагаа  алдах  аюул  бүр  бодитой болж  ирлээ. Энэ  тохиолдолд одоо  яах  вэ?

3

МАН-ын  үнэлэмж  ард  түмний  дунд  унасан  бол  эсрэгээрээ  У.Хүрэлсүхийн  рейтинг  огцом  өсөж, Монголын улстөрчдийг  тасархай  тэргүүлж   гараад  ирлээ. Тэр  үүнийгээ  л  ашиглахыг  хүсэхгүй  юм  бол  МАН-ын  дарга байгаад  яах ч  юм  билээ.  Энэ  бол  улс төр  дахь  тоглоомын  дүрэм. Улс  төрийн аль  ч  намын даргын зайлшгүй  тоглох  ёстой  тоглоом  бас  үүрэг  нь  юм. Тэр энэ  дүрмийнхээ  дагуу   тоглох  ёстой.  Иймээс  ард олны  дунд  ямар  ч  нэр  хүндгүй  болсон  УИХ-ыг  золиослон  хугацаанаас  нь    өмнө  тараах  шаардлага У.Хүрэлсүхэд одоо  амин  чухал  болж  байгаа  хэрэг.  Ганц  түүнд  биш  муужирсан  МАН-ыг  сэргээх  амь тариа байх  болно  гэдэг ч  тодорхой.  Гэхдээ тулсан  цаг  хугацаатай  амь  тариа. Цаг  хугацаа  алдвал үхлийн тариа болж  хувирна.  Хэрэв  энэ  байдлаараа  ирэх  зунтай  золгон  сонгуульд  оролцвол  МАН-тайгаа У.Хүрэлсүх гудамжинд  гарч  лааз   өшиглөх  болно  гэдгээ  дэндүү  сайн  ухаарч  байгаа. Тиймээс   даруй   УИХ-ыг  тарааж ээлжит  бус   сонгуулийг  ирэх  арваннэгдүгээр  сард   амжиж  хийхийг  тэр  хүсэж  байна.  Тэр хүссэндээ  хүрч УИХ-ыг  тарааж  чадвал,  хуулийн  дагуу  ээлжит  бус  сонгуулийг  45  хоногийн  дотор  багтаан явуулах  болно. Ингэсэн  тохиолдолд  түүнд  өөрийнхөө   рейтингээрээ  намаа  сонгуульд  чирээд гаргаад  ирэх боломж   хангалттай   байгаа  нь  ч  үнэн.  Яг  өдийд  УИХ-ыг  тараах  тухай  яриа  нь  цуу  биш  тэр тусмаа АНСА-ыг унагаах  гэсэн  Ерөнхийлөгчийн  институцын зүгээс  хийж   буй  тоглолтод  хаалт  хийх  гэсэн  хуурмаг оролдлого  бүр ч  биш,  харин  МАН-ын  удирдлагын  бодлого  гэдэг  нь  тодорхой  байгааг  магадгүй   буруутгах  арга  алга.  Намын  дарга  нь  намаа  аврахыг  хүсэхгүй  бол  өөр  хэн  байх   билээ.  Харин  эрхэм дарга  нарынхаа энэ  хүсэл  бодлогыг  УИХ  дахь  гишүүд  нь  хэрхэн  хүлээж  авах  бол   гэдэг л  ээдрээ үүсгэсээр.  Тэдний  дүр  байдлаас  намаа  гэхээсээ  хар  амиа  хичээх  нь  илүү  харагдаж  байгаа.  УИХ-ыг тараахын  тулд  48  гишүүний гарын  үсэг  түүнд  хэрэгтэй.  Хэрэв  64  гишүүнээ  зангидаж  чадвал  туйлын амархан  бүтэж  болох  үйл  хэдий  ч  нэг  л болж  өгөхгүй  байгааг  бид  харж  байна.  Үнэхээр  ёс  суртахууны ялзралын  туйлд  орсон  энэ парламентыг  тараахыг  ард  түмэн  ч  хүсэж  байгаа ч  УИХ-ын танхимд   бараг амьдаараа  занданших  шахаад  байгаа  ахмад  гишүүд,  дахин  энэ  танхимд   орж  ирэх  шаанс  гарцаагүй дутах  нялх  гишүүд  голцуу  бүлэглэл  зургаан  сар  ч    болтугай   эрх  мэдэл, халдашгүй  дархан  байдлаа хадгалан   үлдэхийг  эсрэгээрээ  шимтэн  хүсэж   байгаа. У.Хүрэлсүх, Д. Амарбаясгалан  нар  УИХ-ыг хугацаанаас  нь  өмнө  тарааж,  цаг  хожин  намаа цэвэрлэж, нэр  хүндийг  нь  ялимгүй  ч гэсэн  сэргээн сонгуульд  орно  гэсэн  бодлогыг  МАН-ын  гишүүд  нь сөрөхгүй  гэх  баталгаа  алга. Тэгэхээр  тэдний  хэр улстөрийн  бодлоготон  болох  нь  эндээс  харагдах  бол  МАН-ын харьяат УИХ-ын  гишүүдэд  намынх  нь бодлого хувь  хүнийх  нь  амбийцаас  амин чухал  байж  чаддаг  уу  гэдэг  нь  ч  бас   харагдана  гэсэн  үг.

Одоохондоо  УИХ-ын  тарах  эсэх  асуудал тодорхойгүй  мөнгөн  ус  шиг  холбилзон бэлбэлзээд  л  байна. Удахгүй  нэг  тийшээ  урсах  нь  тодорхой.  Хор  хөнөөл  нь  харин  хаана  хэнд  илүү  тусах  вэ?  гэдэг  дараа хөндөх  тусдаа  асуудал. Харин  МАН-ын  дарга  нь  шаварт  унасан  шарын  эзний   хувьд  бодлогоо  нэгтгэн хайрцаглах  гэж   байдгаараа  оролдож  байгааг  бол  харж  байна. Тэр  үүнийг  ганц  далайлтаар  хийж чадлаа гэхэд   мөн  ч олон  дайсантай   болж  үлдэнэ  дээ. Хоржоонтой  байгаа  биз!