Т.Аюурсайхан: Манай нам лидергүй болчихлоо гэх яриа намын хамт олны дунд ч яригдаж байна
“Ярилцъя” та бүхэнтэй Чингэлтэй дүүргийн Засаг дарга Төмөрбаатарын Аюурсайханыг уулзуулахаар урилаа.
“Ярилцъя” та бүхэнтэй Чингэлтэй дүүргийн Засаг дарга Төмөрбаатарын Аюурсайханыг уулзуулахаар урилаа.
1975 онд төрсөн энэ залуу гурван хүүхдийн аав. 1993 онд нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгссөн. Улмаар 1999 онд Турк улсын Докуз Ейлүл их сургуулийг эдийн засагч мэргэжлээр, дараа нь Сөүлийн Үндэсний их сургуулийг Олон улсын хамтын ажиллагааны магистр, Японы Олон улсын их сургуулийг Олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй тус тус дүүргэсэн. Эдийн засгийн ухааны докторант. Англи, орос, турк, япон, солонгос хэлтэй.
1999-2000 онд Засгийн газрын хэвлэх үйлдвэрт ажилтан, 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах, 2009-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн ХЭГ-т эдийн засгийн зөвлөх, 2011-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажилласан. 2012 оны аравдугаар сараас Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. 2008 оноос Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2011 оноос тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байгаа юм байна. Эдгээр мэдээлэл уншигч танд түүний тухай тодорхой ойлголтуудыг өгч байгаа биз ээ.
-МАН улс төрийн хоёр шатны сонгуульд бүтэн ялагдал хүлээгээд байна. Гэхдээ Улаанбаатар хотын есөн дүүргийн дөрөвт нь сая ялалт байгуулжээ. Энэхүү дөрвөн ялалтын нэгийг танай Чингэлтэй дүүргийн намын хороо байгуулсан байна. Та бол тэр хорооны гишүүн. Тиймээс танд баяр хүргэх нь зүйтэй байх. Дүүргийнхээ ИТХ-ын гишүүдийн хэдэн хувийг танай нам бүрдүүлээд байна вэ?
-Юуны өмнө, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай дүүргийн ИТХ 35 төлөөлөгчтэй, үүний 22 нь МАН-ын төлөөлөгчид сонгогдлоо. 11 нь АН-ын төлөөлөгчид, МАХН-ын хоёр төлөөлөгч жагсаалтаар орж ирсэн.
-Тийм үү. Энэ бол бас л нэг үзүүлэлт юм. Хэдийгээр улс төрийн хоёр том нам монопольчилж байна гэж шүүмжилдэг ч жижиг намуудад сонсогчид төдийлөн итгэл хүлээлгэхгүй байна л гэсэн үг шүү дээ. Хоёулаа таны хувьд ялалтын мэдээтэй сайхан өдөр уулзаж байна. УИХ-ын сонгуулийн дараа танай намын удирдлагууд хариуцлага хүлээж огцорсон. Түүнээс хойш богино хугацаа өнгөрсөн ч тодорхой реформ хийгдсэн байх. Жишээлбэл, та энэ сонгуульд ямар багтай орж ялалт байгуулав аа?
-Ялалт байгуулахад их олон хүчин зүйл нөлөөлсөн л дөө. Нэр дэвшигчдийн хувьд бид залуучууд, ахмад үе, эмэгтэйчүүд гээд аль алинд нь ач холбогдол өгч нэрийг нь дэвшүүлсэн. Хамгийн гол нь бид дүүрэгтээ хийсэн тодорхой ажилтай. Цаашдаа тодорхой зүйлүүдийг хийе гэсэн хүсэл тэмүүлэл, боловсрол мэдлэг, туршлагатай хүмүүс дээрээ түшиглэж нэр дэвшүүлсэн. Жишээлбэл, эмэгтэйчүүдээ бид төрийн ажилд түлхүү оролцуулах нь зүйтэй гэж үзсэн. Нэр дэвшигчдийнхээ 30 гаруй хувийг эмэгтэйчүүдээс бүрдүүлсэн. Манай намын хувьд мэдээж уугуул нэрээ сэргээсэн, анх удаа сонгуулийн шинэ тогтолцоогоор сонгууль явагдаж байгаа зэрэг үйл явдлууд нөлөөлж байна. Намынхаа нэрийг солихдоо уугуул нэрээ төдийлэн сайн сурталчилж чадаагүй гэж боддог юм. Хоногшуулж чадаагүй. Тиймээс орон нутгийн сонгуульд намынхаа уугуул нэрийг аль болох хоногшуулах, бидний өвөг дээдсийн байгуулсан, улс оронд тусгаар тогтнолыг авчирсан нам бол МАН юм гэсэн ойлголтыг суулгахын төлөө бид хичээсэн.
-Нэр сольсон явдлыг сонгуульд ялагдахад хүргэсэн хамгийн том шалтгаан гэж дотооддоо танай гишүүд их ярьдаг. Та залуу хүний хувьд нэр сольсныг ер нь юу гэж үздэг вэ?
-Намын уугуул нэрийг сэргээх үед би яг намын аппаратад ажиллаж байсан.
-Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр?
-Тийм. Намын нэр сольсон явдлыг би хувьдаа цагаа олсон, маш зөв шийдвэр болсон гэж үздэг.
-Ер нь бол хорин жилийн өмнө л солино гэж ярьдаг байсан шүү дээ?
-Тийм. Тухайн үеийн хүмүүст улс төрийн зориг нь хүрээгүй. Нөхцөл байдал нь ч нөлөөлсөн байх . Сая бол яах аргагүй намын торгон жолоон дээр байсан Намын дарга болон Намын ерөнхий нарийн бичгийн дарга нар зоригтой шийдвэр гаргаж, намынхаа ирээдүйг бодож, намын залуу халааг бодож энэхүү зоригтой шийдвэрийг гаргасан.
-Том шийдвэр, том эрсдэл дагуулдаг юм байна л даа. Танай багийн ялалт байгуулсан 22 гишүүн дотор нийгэмд танил болсон ямар хүмүүс байна вэ?
-Нийгэмд танил болсон гэхээр хүн бараг байхгүй. Ер нь нэлээд шинэчилсэн.
-Насны хувьд?
-Насны хувьд 20 гаруй наснаас эхлээд 50 орчим насны хүмүүс байгаа. Намын нэртэй холбоотойгоор дахин хэлэхэд манай нам нэрээ сольсноос болж сонгуульд ялагдсан гэж би хувьдаа яг боддоггүй юм. Учир нь орон нутагт авна гэж бодож байсан суудлуудаа авсан байдаг. Нийслэл хотод амжилтгүй оролцсон нь сонгуулиас сонгуулийн хооронд бугшиж явж байсан олон шалтгаанууд нөлөөлсөн байх. Ер нь бол бодлогын шинэчлэл хэрэгтэй байна. Хүн арддаа, иргэддээ хандсан томоохон бодлого үгүйлэгдэж байна.
-Та бол 2008 оноос Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан юм байна. Хотын сонгуульд яагаад өрсөлддөггүй юм бэ?
-2008 оноос Чингэлтэй дүүрэгтээ нэр дэвшсэн. Үүнээс хойш дүүргийнхээ хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг хичээн ажиллаж байгаа. Дүүрэгт миний хийхийг зорьсон ажлууд байдаг. Дүүргийнхээ төвшинд аль болох тэдгээр зорьсон ажлаа хийхийг хүсдэг. Ард иргэддээ амласан амлалтууд байна. Амлалтаа тодорхой хэмжээнд хийж урагшлуулахгүйгээр өөр тийшээ явахыг хүсээгүй л дээ.
-Бас заавал том төвшинд ажиллаж байж, том хувь нэмэр оруулна гэсэн ойлголт байхгүй шүү дээ?
-Тийм.
-Та бол харьцангуй залуу хүн. Улс төрд явж байгаа залуучууд их олон янз байна. Нэлээд хэсэг нь нийгэмд танил болохыг нэгдүгээр зорилгоо болгон ажиллаж байхад зарим нь чимээгүй л яваад байдаг. Би таны тухай зарим нэг хүмүүсээс асууж сонирхсон. Надад баяр төрүүлсэн, сайхан санагдсан нэг баримт байна. Улаанбаатар хотод Анкарагийн нэрэмжит гудамж гэж байгуулсан. Тэр төслийн хөрөнгө оруулалтыг босгож ирсэн залуу гэж сонслоо. Ийм их хэмжээний хөрөнгийг яаж босгосон бэ, нэг хүн ийм ажлыг хийнэ гэдэг гайхалтай явдал биш гэж үү?
-Анкарагийн гудамж зөвхөн манай дүүргийн төдийгүй нийслэлийн өнгө төрхийг тодорхойлсон орчин үеийн гудамжуудын нэг болж байгаа гэдэгт итгэдэг. Анкарагийн гудамжийг Турк улсын буцалтгүй тусламжаар тохижуулсан. Энэ тусламжийг авчирхад их олон хүчин зүйлс нөлөөлсөн. Өмнөх Чингэлтэй дүүргийн удирдлагууд маань Турк улстай холбоо тогтоогоод, өмнөх хотын удирдлагууд маань энэхүү гудамжаа мэдээж Анкарагийн нэрэмжит болгоогүй байсан бол мэдээж Турк улсаас санаа тавьж тохижуулахгүй. Тэр гудамжинд байдаг тавдугаар дунд сургуулийг Ататуркийн нэрэмжит болгох санаачлагыг өмнөх удирдлагууд маань гаргаагүй байсан бол энэ төсөл амжилтад хүрэхгүй байсан байх. Их олон зүйл нөлөөлсөн. Миний хувьд Туркэд сурч, боловсрол эзэмшсэнээс хойш тогтмол Туркэд ажил хэргийн шугамаар очиж, нөлөө бүхий хүмүүстэй нь итгэл алдахгүй, найз нөхдийн сайхан холбоотой байдгийн хувьд энэхүү тусламжийн мөнгийг хөөцөлдсөн.Ингээд олон хүний дэмжлэгтэйгээр энэхүү тусламжийн мөнгийг бид эх орон руугаа татаж чадсан. Анх 700 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр шийдсэн. Хөрөнгө оруулалт нь тогтмол нэмэгдсээр байгаад одоогийн байдлаар 2 сая ам.долларын тусламж татаад гудамжаа тохижуулаад дуусч байна.
-Бас нэгэн сонирхолтой баримт бол та манай хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди гуайн бүрэн эрхийн хугацаа дууссанаас нь хойш шадар туслахаар нь ажилласан юм билээ. Н.Багабанди гуайтай ажиллах болсон түүхээ ярьж өгөхгүй юу?
-Н.Багабанди даргатай ажилласан үе маань миний амьдралын маш чухал үе гэж би боддог. Яагаад гэвэл энэ үед би маш их зүйл сурсан. Ажлын арга барилыг өөртөө эзэмшүүлэх, дадлага чадвар эзэмших, өмнө нь сургууль соёлд сурсан мэдлэгээ цааш нь улам хөгжүүлэх алтан боломж олдсон ховор он жилүүд тохиосон гэж боддог юм. Н.Багабанди даргыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Ерөнхийлөгчийн Тамгын газар том аппарат ажилладаг байсан. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнх нь хугацаа дууссанаас хойш ч ажлууд нь мэдээж тодорхой хэмжээгээр үргэлжлээд явсан. Олон талын гадаад харилцаа, нийгэм эдийн засгийн бодлого, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, ёслол хүндэтгэл, протокол зэрэг үйл ажиллагаанууд байдаг. Энэ бүхнийг Шадар туслах гардан гүйцэтгэдэг. Өөрөөсөө их цаг зав зориулах, бүх хүч чадлаа дайчлах шаардлагатай болсон. Энэ бол маш үнэтэй он жилүүд болж үлдсэн. Намайг их ч зүйлд сургасан.
-Н.Багабанди гуайг гаднаас нь харахад хатуу хүн юм шиг санагддаг. Яг ойр ажиллахад ааш араншин нь ямархуу хүн бэ?
-Н.Багабанди даргыг гаднаас нь харахад их дуу цөөтэй, ихэмсэг харагддаг. Зарим хүн сүрдмээр ч гэж ярьдаг. Яг ойр ажиллахад их найрсаг, эелдэг, маш энгийн хүн шүү дээ. Амьдрал ахуйтай холбоотой, энгийн гэмээр зүйлс дээр ч хүмүүстэй гайхалтай яриа нийлж чаддаг. Хүмүүсийг дээд, доод гэж ялгадаггүй. Том хүний бүх л чанарууд том л байдаг юм билээ.
-Загнуулж, зэмлүүж байв уу?
-Багагүй хугацаанд ажиллахдаа цөөхөн удаа зэмлүүлж үзсэн. Дуугаа өндөрсгөж хүн загнадаггүй хүн шүү дээ. Хэлж байгаа үг, дуугаа хурааж байгаа байдал зэрэг нь дуугаа өндөрсгөснөөс илүүтэйгээр тусдаг л даа.
-Та Улаанбаатарын унаган хүүхэд үү, хаана сурч боловсорсон, аль нутгийн харьяат вэ?
-Би Улаанбаатар хотод төрсөн. Аав маань Дорнод аймгийн Халх гол сумынх. Ээж маань Говь-Алтай аймгийн Төгрөг сумынх. Аав, ээж хоёр маань ерөнхийдөө нам, төрийн ажил хийж байсан хүмүүс байдаг. Би нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгссөн. Дараа нь МУИС-ийн Эдийн засгийн сургуульд элсч ороод, хоёрдугаар курсээсээ Турк улсад сурахаар явсан.
-Эдийн засагч мэргэжлээр төгссөн юм байна. Туркэд хэдэн жил сурав?
-Хэлний бэлтгэлтэйгээ нийлээд таван жил сурсан.
-Дараа нь Сөүлийн их сургууль, Японы олон улсын их сургуульд хоёуланд нь хоёр мастер хийсэн юм байна. Хүмүүс мастерт сурахдаа баруун руу чиглэдэг бол та Азийн голлох хоёр оронд очиж хамгаалсан байна. Энэ нь багагүй утга учиртай сонголт байсан байх?
-Туркэд сургууль төгсч ирээд нэг хэсэг би хувийн хэвшилд ажилласан. Бизнес эрхлээд хувийн компани ажиллуулаад, дараа нь мэдлэг боловсролоо дээшлүүлье гэж бодоод гадаадад сурахыг зорьсон. Тухайн үед 2004 онд сургуулиудын шалгалтад орох тэр үед Манчестерийн их сургууль болон Японы Олон улсын их сургууль аль алинд нь тэнцсэн. Тухайн үед амаргүй сонголт байсан л даа. Нэг бол Англид очиж эдийн засгийн мастерт сурах, нэг бол Япон руу явах байсан. Би арван жилийн сургуульд байхдаа япон хэл үзэж байсан. Тухайн үед Токиод очиж хэлний сургуульд сурч, солилцооны хөтөлбөрөөр айлд очиж амьдарч үзэж байсан. Тэгээд л Япон хэлээ улам сайжруулья гэж зорьсон. Хоёрдугаарт Монгол, Япон хоёр бол нэг тивийн улс орнууд. Газар зүйн хувьд илүү ойрхон. Цаашдаа харилцаа, хамтын ажиллагаан дээр ажил төрөлд чухал байх юм болов уу гэж бодоод Япон улсыг сонгосон. Мэдээж Англи бол маш том орон. Манай улстай чухал харилцаа холбоотой. Англиас сурах зүйл манай улсад их байдаг. Гэхдээ л би тийм сонголт хийсэн.
-Та англи, орос, япон, солонгос, турк гэсэн таван хэл эзэмшжээ. Энэ бол нэг хүнд байгаа гэхэд өндөр хэмжээний хөрөнгө юм. Турк хэл их хэцүү хэл юм шиг санагддаг. Аль хэлийг нь сурахад амаргүй байв. Япон, солонгос хоёр хэл хоорондоо төстэй юү. Бас олон хэлийг өөртөө агуулж явахад амаргүй байдаг байх. Учир нь хэл хэрэглэхгүй байхаар мартагддаг шүү дээ?
-Нэг хэлийг сурсан байхад дараа, дараагийн хэлүүдийг сурахад дөхөмтэй болдог юм болов уу гэж ойлгогдсон. Арга барилаа олчихдог. Хүн бүр хэлийг сурах өөр өөрийн гэсэн арга барилтай байдаг юм шиг билээ. Зарим нь эхлээд дүрмээ цээжлээд явдаг бол зарим хүмүүс үг цээжлээд дараа нь дүрэмтэйгээ холбож үздэг. Нэг хэл сурчихаар хаанаас нь эхлэх вэ, дүрмийнх нь юун дээр нь анхаарах вэ, үг цээжлэхдээ амьдрал дээр хэрэглэхдээ яаж хэрэглэвэл илүү амархан цээжлэгдэх вэ гэдгээ ойлгочихдог л доо. Мэдээж хэл сурахад их цаг зав, сэтгэл гаргах хэрэгтэй. Байнга л машиндаа явж байхад FM-ээрээ тухайн хэлээ сонсох, зүгээр сууж байхдаа тухайн хэл дээр бичигдсэн ном, сэтгүүл унших зэргээр хичээллэж байх хэрэгтэй. Хэлийг хэрэглэхгүй бол мартагддаг. Энэ бол гарцаагүй үнэн. Тиймээс аль болох сурч байгаа хэлээ заавал хэрэглэж байх ёстой. Тэр хэрэглэх арга замаа өөрөө хайж олоод тогтмол тухайн хэлдээ цаг зав гаргаж, интернэтээр аялах, тухайн хэл дээр хүмүүстэй харьцах зэргээр байнга л сэргээж явах хэрэгтэй.
-Англи хэлийг та дунд сургуульд байхдаа эзэмшсэн үү?
-Тэгсэн. Дунд сургуульд байхдаа хичээлийн хөтөлбөрөөр сурсан.
-Англи, орос хэлтэй хүн турк хэл сурахад ямар байсан бэ, турк хэл ондоо хэл биз дээ?
-Турк хэл огт ондоо хэл.
-Хамгийн хэцүү нь байсан уу?
-Турк хэлийг анх сурахад хэцүү байсан. Орос, англи хэлнээс өөр. Ганцхан амар хялбар байж болох юм нь гэвэл монгол хэлтэй өгүүлбэр зүй, бүтэц, дүрэм нь төстэй учраас тэр нь хялбар байсан. Анх нэг жил турк хэлний бэлтгэлд орж сурчихаад хоёр дахь жилээсээ нэгдүгээр курст ороод ч амаргүй л байсан. Тэр үеийн миний сурах бичиг одоо хүртэл байдаг. Мэдэхгүй үгнүүдээ доогуур нь зурдаг. Дараа нь толь бичгээс хардаг. Ерөөсөө 70-80 хувь нь мэдэхгүй үг байгаа юм чинь. Турк оюутнуудтай өрсөлдөхөд, багш нараас хэн нь ч энэ гадаад оюутан юм гээд тусдаа анхаарал тавина гэж байхгүй. Яг л ижил төвшинд өрсөлддөг. Нэгэнт ийм амаргүй нөхцөл байдалтай нүүр тулсан хүнд гол арга зам өөрийгөө дайчлах л юм билээ.
-Турк хүмүүс ер нь ямархуу хүмүүс вэ, Станбул хотыг жишээ нь, их хулхи хот гэдэг. Бараа нь хулхи, такси нь хулхи, хүмүүс нь хулхи гээд л. Гэсэн ч турк хүмүүс их найрсаг, дайлж байгаа цай шигээ их тийм амтлаг, сонирхолтой хүмүүс юм шиг санагддаг юм. Яг дунд нь орж амьдраад хүний ёсоор шинжихэд тэд ер нь ямархуу хүмүүс вэ?
-Турк хүмүүс ерөнхийдөө сэтгэл их сайтай, тусч хүмүүс. Хүнд туслах нь амьдралынх нь зорилго болчихсон ч юм шиг. Ерөнхийдөө их бардам, ихэрхүү, тэр нь үүх түүхтэйгээ ч холбоотой байх. Бас их дайчин ард түмэн. Мэдээж ямар ч улсад санаа муутай хүмүүс байдаг. Туркэд хүн ам багатай хөдөөрхүү газруудад бол заль мэхтэй,” хулхи” гэж таны хэлсэн шиг /инээв/ тийм хүмүүс байхгүй л дээ. Станбул хот гэхээр өдөртөө 12 сая, шөнөдөө 16 сая хүн амтай болдог, тэр их хүн холхиж байдаг, тэгээд худалдаа үйлчилгээнийх нь төв газар болохоор алаг эрээн л байж таарна. Бас цагаачид ихтэй, олз ашиг хайсан хүмүүс цөөнгүй байдаг.
-Та Анкарагийн гудамжны хөрөнгийг босгоод ийм сайхан зүйл хийж чадсан юм чинь Турктэй холбогдсон ажлаа цааш нь үргэлжлүүлэх мөрөөдөлтэй л биз дээ?
-Миний хүсэл мөрөөдлүүдийн нэг бол Монгол Улс, Турк газар зүйн хувьд ч, гарал үүслийн хувьд ч их ойрхон ахан дүүс шиг улсууд. Сүүлийн жилүүдэд Туркийн Засгийн газраас манай улсад боловсролын салбарт, эрүүл мэнд, нийгмийн салбарт бүх талаар тусалж дэмжиж байгаа. Энэ хоёр улс цаашдаа дэлхийн тавцанд, олон улсын харилцааны тавцанд бие биенээ бүх талаар дэмжсэн, харилцсан туслалцсан, сайн түнш орон болоосой гэж хүсдэг юм. Миний дараагийн хүсч мөрөөдөж байгаа зүйл гэвэл Турк улс барилгын салбарт их хүчтэй. Маш чанартай, хямд төсөр аргаар барилга барьдаг. Хэдхэн жилийн өмнө Станбул хотод очиход агаар нь маш бохирдолттой, манайхтай ойролцоо гэр хороолол шиг бүтэцтэй хорооллууд их байсан. Гэтэл арваадхан жилийн дотор түүнийгээ өөрчлөөд, орчин үеийн хороолол болон, амины орон сууцуудыг босгочихсон. Энэ туршлагыг нь очих болгондоо судалдаг. Хүмүүстэй нь газар дээр нь очиж уулзаж, төслийнх нь багтай нь танилцаж байсан. Манай дүүргийн нэг тулгамдсан асуудал бол гэр хороолол тойрсон асуудлууд байдаг. Гэр хорооллыг барилгажуулах ажилд тэдний тус дэмийг авах юмсан гэж их хүсдэг. Энэ чиглэлээр саяхан Турк улсын Элчин сайд болон суурин төлөөлөгчидтэй уулзаад гэр хорооллыг барилгажуулах ажилд дэмжлэг болж оролцож өгөөч гэж санал тавьсан. Үүнийхээ зэрэгцээ бид дүүрэгтэй тохиромжтой газрыг сонгоод Турк улсын дэмжлэгтэйгээр “Анкара” хорооллыг барья гэсэн саналыг тавихад маш таатай хүлээж авч, ажил хэрэг болгоход бүх талаар дэмжихээ мэдэгдсэн.
-Берлин хороолол гэж яриад байгаа билүү. Бас Москва хороолол гэж байгуулагдсан. Наадах чинь бол гоё л төсөл байна?
-Тийм.
-Одоогоор нийслэл хотыг АН-ын лидер, улсын баатар Э.Бат-Үүл толгойлж байна. Улс төрийн гадуурхалт гэж хэлэх юм уу, улс төрийн утгатай хүйтэвтэр харилцаа ер нь үнэртэх юм уу. Эсвэл том лидерийн хувьд үнэхээр томоор асуудалд хандаж байна уу. Та хэдэн удаа уулзсан бэ?
-Мэдээж захирах, захирагдах ёс гэж байна. Манай дээд шатны удирдлагууд Нийслэлийн удирдлагууд байдаг. Тэдний бодлого чиглэлтэй манай дүүрэг, миний хийж байгаа ажил нийцэж байх ёстой. Э.Бат-Үүл даргатай уулзаж ажил хэргийн санал санаачлагаа хуваалцаж байхад өөрөө их нээлттэй, аливаа санал санаачлагыг сайхан хүлээж авдаг хүн шиг санагдсан. Уулзаж ярилцахаасаа өмнө ерөнхийдөө их хатуу, нэг л тогтсон байрь суурь байвал түүгээрээ л зүтгэчихдэг юм шиг санагддаг байсан. Яг уулзаад үзэхэд ажил хийе гэсэн санаачлагыг дэмжих хүн юм шиг санагдаж байна.
-Ер нь хот бол улс төржилт багатай газар байх шүү?
-Тийм. Аж, ахуйн ажил ихтэй.
-Та 2009-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан хийж байсан юм байна. Энэ бол бас сонин баримт байна. МАН-ын бүтцийг их залуужсан гэдэг. Залуужсан гэх энэ ойлголтод харин дунд, ахмад үеийнхэн таатай ханддаггүй. Өнгөн дээр нь гарч ирсэн залуучуудаас болоод байдаг юм шиг байна лээ. Нөгөө талаас тэр залуучуудыг дагуулж яваа фракцуудаас нь бас болоод байгаа юм. Таны эрхэлж байсан тэр ажил ямархуу алба байсан бэ, улс төрийн намын гал тогоонд ороод ажиллахад намын бүлэглэл, фракциуд хоорондоо ямар харилцаа, уур амьсалтай байх юм. Та жишээ нь, аль бүлэглэлд хамрагддаг хүн бэ?
-Миний хувьд Н.Багабанди дарга дээр шадар туслахаар ажиллах хугацаа дууссаны дараа ажил төрлийн их олон сонголт байсан . Хувийн хэвшил, банк, санхүүгийн салбар, олон улсын байгууллагуудаас саналууд ирж байсан. Тэр дотроос МАН-д ажиллах сонголтыг хийсэн.
Намынхаа төлөө хувь нэмрээ оруулъя гэж хүсээд бүр анхны улс төрийн ажилтнаас нь эхлээд ажилласан. Манай намд аугаа том түүх, улс орондоо хийсэн бүтээн байгуулалтаас нь гадна засч залруулах зүйлс ч олон байдаг. Ямар нэгэн бүлэглэл дамжиж явцуу хүрээнд буруу арга барилаар ажиллах үзэгдлүүд байдаг нь мэдрэгддэг. Намын Удирдах зөвлөлийн төвшинд ажиллаж байхад ийм зүйл мэдэгдэггүй байсан. Нам бол ерөнхий бодлоготой. Тэр ерөнхий бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө л хувь нэмрээ оруулж ажилласан. Миний өөрийн хувьд ямар нэгэн бүлэглэлд байдаггүй. Би угаасаа бүлэглэл дагасан үйл ажиллагаануудыг дотроо хүлээн зөвшөөрдөггүй. Яг дүүргийн төвшинд ч юм уу, нийслэлийн төвшинд анзаараад байхад их явцуу бүлэг болчихсон, ялангуяа түүнд нь зарим залуучууд оролцдог болсон нь их харамсалтай санагддаг. Намд бол ухаан бодлоо уралдуулаад, үнэхээр үзэл бодлоороо бусдыг манлайлаад, түүгээрээ дамжиж өөрийн хүрээллийг бий болгоод ингээд цаашлаад явах ёстой гэж би боддог. Ерөөсөө бусдыг шахаж, хавчиж тойрон хүрээллээ бий болгох замаар хөшигний цаана үгсэн тохирсон байдлаар намын ажлыг хийдэг болсон учраас манай нам нийслэлийн сонгуульд амжилтгүй оролцсон байх талтай гэж би хувьдаа хардаг.
-Н.Багабанди гуай бол маш том лидер. Танай намыг харж байхад лидерийн хомсдолд орсон нь ажиглагдаж байгаа. Ерөнхийлөгчид хэн нэр дэвших вэ гээд шүүрдээд бодоход л эхнээсээ гацаж байна. Кондитат байхгүй шахам, тун цөөхөн харагдаж байгаа. Н.Багабанди гуайг эс тооцвол өөр ямар лидер танд таалагддаг вэ?
-Таны хэлсэн гарцаагүй ортой зүйл л дээ. Ерөнхийлөгчийн сонгууль бол манай намын хувьд маш чухал сонгууль. Миний хувьд одоогийн эрх баригч хүчний бодлого зарим талаар түрэмгийлсэн, хүч түрсэн санагддаг. Үүнийг зөв, зүйтэй гольдиролд нь оруулах, арай нэг шударга орчин үүсгэх, гэрэл, гэгээ тусгах,олон ургалч үзэл бий болгоход нөлөөлөх гол зүйл бол Ерөнхийлөгчийн сонгууль. Ойрын үеийн улс төрийн хамгийн том зорилго бол энэ сонгууль болоод байна. Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам маш зөв нэр дэвшигчээ сойх нь чухал. Манай нам лидергүй болчихлоо гэдэг яриа манай намын хамт олны дунд ч гэсэн яригдаж байна. Мэдээж ард түмний төлөө гэсэн зүрх сэтгэлтэй, хүлээн зөвшөөрөгдсөн үе, үеийн лидерүүд байгаа. Энэ дотроос та хэллээ. Мэдээж Н.Багабанди даргыг зөвхөн би биш Монголын ард түмэн хайрлаж, хүндэлж , үгүйлж байдаг юм билээ. Мөн С.Баяр даргыг би маш их хүндэлдэг. Хэдий ойрхон хамт ажиллах завшаан тохиогоогүй ч гэсэн тэр хүний арга барил, зарчим, лидерийнх нь шинж чанаруудаас нь аль болохоор суралцахыг хичээж явдаг юм.
-Ер нь бол Н.Багабандийг, С.Баярыг, дөнгөж саяхан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүртэл эргээд үгүйлээд эхэлж байна шүү дээ. Ялагдсан “айл” гундуу харагддаг нь үнэн. Энэ бол орчлонгийн жам. Гэхдээ л нэг тийм гялалзах лидер байхгүй. Амьсгаа дарсан, толгой гудайсан шинжтэй байгаа нь үнэн юм шиг ээ. Парламентад гэхэд Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин гээд цааш нь хуруу дарагдахгүй байна шүү дээ?
-Тийм. Үнэн. Хүндэлдэг улстөрчид дотроо мөн түүнчлэн таны хэлсэн У.Хүрэлсүх даргыг нэрлэхгүй байж болохгүй. У.Хүрэлсүх даргыг намын хамт олон ч мөн үгүйлж байгаа. Үүнийг залуучууд гэлтгүй, ахмад үеийнхэн ч хэлж байдаг. У.Хүрэлсүх даргаас маш олон зүйлийг энэ хүнтэй ойрхон ажиллахдаа сурсан. Маш шударга, зоригтой, санасан зүйлээ хэн нэгэн хүний дарамт шахалтаас, улс төрийн шантаажаас айхгүйгээр хэрэгжүүлдэг. Намынхаа эрх ашгийг хувийнхаа эрх ашгаас дээгүүрт тавьдаг. Намынхаа нэрийг солихгүйгээр, намын шинэчлэлийг явуулахгүйгээр урсгаж байгаад сонгуульд ороод нам ялалт байгуулах юм бол энэ хүний карьерт ямар том дэвшлийг авчирч болох вэ гэдэг нь тодорхой байсан ч энэ хүн хувийнхаа эрх ашгаас илүү намынхаа эрх ашгийг дээгүүрт тавьсан гэж боддог юм.
-Танай нам УИХ-д нэр дэвшигчид дээрээ алдсан уу?
-Нэр дэвшигчдийн хувьд төгс төгөлдөр болсон гэж хэлэх аргагүй. Хэд хэдэн газар дээр нэр дэвшигчдээ алдаж сонгосон гэж үздэг.
-Одоо танай дүүрэг дээр улс төрийн нөхцөл байдал ямархуу байна вэ. Таны Засаг даргын эрх үүрэгт хөндлөнгөөс оролцдог уу. Дөнгөж бүрэлдэж байхад нь ИТХ-тайгаа хэр харилцаатай байдаг вэ гэж асуух нь утгагүй байх?
-Би өөрөө Иргэдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчэээр ажилладаг учраас Иргэдийн хурлынхаа үйл ажиллагааг ойлгож дэмжиж ажилладаг. Угаасаа ч Засаг даргын үйл ажиллагаа Иргэдийн хуралтайгаа нягт уялдаатай ажиллахгүй байхын аргагүй. Шинэ Иргэдийн хурал бүрэлдсэн. Удахгүй анхдугаар чуулганаа хийгээд Засаг даргын асуудлаа авч хэлэлцэнэ. Тэгэхээр Иргэдийн хурлын дарга болон Засаг даргад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь манай намын бодлого болон, Иргэдийн хурлын гишүүдийн маань бүрэн эрхийн асуудал.
-Хуучин гишүүд хэр олон байгаа вэ, улиран сонгогдсон гишүүд гэвэл?
-Улиран сонгогдсон гишүүд цөөхөн байгаа. Улиран сонгогдсон гишүүдээс өмнөх хуралд байсан нэг л хүн байгаа. Түүний бүр өмнө Иргэдийн хуралд байсан бас нэг хүн бий.
-Үнэхээр шинэчлэгдсэн юм байна. Мэдээж дүүрэг бол иргэдийн халуун амьдралтай холбоотой шийдвэрүүдийг өдөр тутам гаргаж байдаг газар. Ажлын ачаалал өндөр байдаг байх. Гэхдээ Улаанбаатар хотыг дэлхийн бусад хотуудтай харьцуулахад үзэж харах, залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх газар дутуу дулимаг. Та зав чөлөөгөө юунд зориулдаг вэ, Манай залуучууд дээд үеэ дагаад ан ав, морь мал гэж их хуйлардаг шүү дээ. Том том булган малгай, газар шүргэсэн урт урт дээл гээд л. Таныг харахад тэднээс өөр төрлийн залуу учраас сонирхмоор санагдаад?
-Сүүлийн үед чөлөөт цаг гэх хугацаа гарахгүй болчихсон. Өглөө 08 цагаас эхлээд орой 22 цаг хүртэл ажиллаж байгаа. Дүүргийн ажил гэдэг яг иргэд рүү чиглэсэн ажил учраас иргэдийн амьдралд тулгамдсан асуудал том, жижиг гэлтгүй Засаг даргад л хамаарах ёстой . Тиймээс л иргэдийг бухимдуулсан асуудал, төрийн албан хааагчдын хүнд суртлын асуудал зэргийг аль болохоор богино хугацаанд шийдэхийг бодож ажиллаж байгаа.
-Театруудаар орох зав гарахгүй байна уу?
-Театруудаар хааяа нэг ордог. Уг нь театрт дуурь, балет үзэх дуртай. Саяхан оросын балетчдын тоглосон тоглолтыг үзсэн. Бага зэрэг цаг хугацаа гарвал аль болох гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэхийг л хичээдэг.
-Та чинь залуу хүн байж олон хүүхэдтэй юм байна лээ ?
-Хүүхдүүд маань одоо бага л даа. 5 настай, 4 настай, нэг нь дөнгөж ой гарантай.
-Та өөрөө эцэг эхээс олуулаа юу, олон хүүхэдтэй байх дуртай юм аа даа?
-Би дээрээ нэг л эгчтэй.
-Цөөхүүлээ юм байна. Тэгэхээр л олуулаа байхыг мөрөөддөг байж дээ?
-Тийм.
-Танай гэр бүлийн хүн юу хийдэг вэ?
-Манай гэр бүлийн хүн гэртээ хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа. Анхны хүү маань таван жилийн өмнө төрөхөд олон улсын билетийн кассд ажилллаж байсан. Түүнээс хойш хүүхдүүдээ хүмүүжүүлээд, ар гэрээ авч явж байна даа.
-Долоо хоногийн хэд дэх өдөр та иргэдтэй уулздаг юм бэ, иргэдийг хүлээж авах өдөр ойролцоогоор хэдэн хүн ирэх вэ?
-Миний хувьд иргэдийг хүлээж авна гэсэн тодорхой өдөр байдаггүй. Би өдөр бүр иргэдийг хүлээж авдаг. Иргэдийн тоо янз бүр. Заримдаа арваад хүн, заримдаа түүнээс их хүн ирнэ. Ирсэн хүн болгоныг хүлээж авч байгаа, ер нь буцааж байсан хүн байхгүй байх. Аль болохоор хүнийг хүлээлгэхгүй, чирэгдүүлэхгүй гол асуудлыг нь түргэн шуурхай сонсоод асуудлыг шийдэх юмсан гэж л хичээж ажиллаж байна.
-Чингэлтэй дүүрэгт хамгийн ихээр тулгамдсан асуудал юу байдаг юм бэ?
-Чингэлтэй дүүргийн хувьд гэр хороолол, орон сууцны хороолол, дээр нь зуслангийн ногоон бүстэй. Эдгээр бүсүүд маань өөр өөрийн онцлогтой. Орон сууцны хороололдоо харьцангуй тохижилт сайн ч гэсэн иргэдийг бухимдуулдаг гол асуудал нь газар олголтын асуудал байдаг. Үүн дээр анхаарч ажиллахыг хичээж Засаг даргаар томилогдсноос хойш байшин барилга тойрсон, буруу газар олголтуудаас үүдсэн асуудлуудтай л ноцолдож байна.
-Бухимдалтай, хэцүү ажил байна шүү дээ. Хүний авчихсан өмчийг булааж, ер нь бол буцааж нурааж байна л гэсэн үг шүү дээ.
-Байшин барилга баригдсан байвал хэцүү. Нэг талаар хүний ахуй амьдрал, бизнес байдаг учраас. Харин газар олгосон, сууриа ухах гэж байгаа газруудыг хууль журмынх нь дагуу шийдэх ёстой гэж үзэж байгаа.
-Гэр хороололд дулаан холбоно гэсэн асуудал яригдаж байгаа. Надад бол бүтэшгүй санагддаг. Уулан дээр байгаа айл бүрт дулаан очно гэдэг үлгэрийн яриа юм шиг санагддаг. Яахав ойрхон “32-ын тойрог” , Ганданд ч юм уу хэдэн айлд шугам аваачиж холбоод ингээд эхлүүллээ шүү. Одоо цаашаа явуулна гээд л дараагийн сонгуульд орно. Уг нь үүнээс өөр олон гарц байгаа. Энэ төслийг та хувьдаа юу гэж боддог вэ?
-Гэр хорооллыг цэгцлэх бол Улаанбаатар хотын агаарын бохирдлоос салгах цорын ганц гарц юм. Гэр хорооллыг ойрын жилүүдэд гарцаагүй барилгажуулна. Сүлжээ гэр хороолол руу яваад эхэлсэн байгаа. Тиймээс ажлыг зоригтой эхлүүлж төсөв мөнгөө зөв хувиарлаж ажиллах ёстой. Жишээ нь шахмал түлш гээд бид багагүй хөрөнгө цацсан. Түүнийхээ оронд 2-3 орон сууц барьсан бол хэчнээн сайн билээ. Тэгээд тийшээгээ иргэдийг суурьшуулж, чөлөөлөгдсөн газар дээр нь дахин зохион байгуулалтыг хийгээд явсан бол ажил гольдирлоо олчихсон байх байсан. Гэхдээ энэ ажлуудыг хийнэ.
-50 айлын газрыг чөлөөлж нэг байшин босгоход 50-иас илүү айл орно шүү дээ. Тийм маягаар явахгүйгээр айл бүр рүү шугам явна гэдэг бол дэндүү адармаатай харагддаг юм л даа?
-Тэгэлгүй яахав. Гэр хорооллын маань оршин суугчдын амжиргааны төвшин их сул шүү дээ. Тэд маань гялгар уутанд боочихсон 100-хан грамм махыг өдөртөө худалдаж авдаг. Нэг уут нүүрсээ өдөрт нь л авдаг хүмүүс. Тиймээс яах аргагүй хямд өртөгтэй орон сууцны төслийг эхлүүлэх хэрэгтэй. Цаашдаа амины орон сууцны ажлыг хослуулан явах байх.
-Цаг зав гаргаж надтай ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Манай дүүргийн 20 жилийн ой тохиож байгаа юм. Өнөөдөр ёслолынхоо арга хэмжээг хийж байгаа өдөр та бид уулзаж таарлаа.Сонгууль давхцаад ёслолын арга хэмжээгээ хийж чадахгүй байгаад байсан юм. Тэгээд өнөөдөр бид хүндэтгэлийн хурал, хүндэтгэлийн концертоо хийлээ. Үе үеийн удирлагуудтайгаа хамт баярынхаа хурлыг хийлээ. Яг энэ өдөр мөн бүх л үеийн төрийн албан хаагчид болон улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан дүүргийнхээ бүхий л байгууллагууд, аж ахуй нэгжүүддээ талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Шагналыг гэхэд би өөрөөр харж шийдсэн гэж бодож байна. Аль болох энгийн ажиллагсдад хүртээхийг хүслээ. Эгэл жирийн сахиул манаач, хорооны галч, үйлчлэгч нар, гудамжинд ажилладаг талбайн цэвэрлэгч нар, цагдаагийн байгууллагаас гэхээр дэслэгчээс доош цолтой энгийн алба хаагч хүмүүсийг, тэгээд аль болох олон жил ажилласан хүмүүсийг баярлуулья гэж бодсон. Тэр зарчмаараа ч хийж чадлаа. Тэд маань ямар их баярлаж байна вэ. Би Засаг даргаар томилогдсоноос хойш ганц нэг хүнийг сургалт аялалаар гадагш нь явуулсан юм. Жишээ нь, дүүргийн Засаг даргын Тамгын газарт 17 жил ажилласан нэг хүнийг сургалт аялалд явуулья гэж шийдвэрлэсэн. Манай үйлчлэгч. Тэр хүн маань ганц ч удаа гадаад явж үзээгүй. Гадаад паспортоо сая анх удаагаа аваад явж байх жишээтэй. Бүх ажил нуруун дээр нь явж байдаг эгэл жирийн ажилтнуудаа төр мартах ёсгүй. Шийдвэр маань зөв байсан гэдгийг тэдний баярласан харц, сэтгэлийнх нь догдлолоос харагдаж байна.
-Үнэхээр сайхан шийдвэр болжээ. 17 жил үйлчлэгч хийхэд нь хэн ч түүний хөдөлмөрийг ингэж үнэлээгүй байжээ гээд бодоход уйлмаар болж байна. Танд амжилт хүсье?
-Тийм ээ. Эгэл жирийн, дуугүй л урдах ажлаа хариуцлагатай хийж ирсэн хүмүүст хэн ч хүндэтгэл үзүүлдэггүй юм байна. Дандаа дээшээ харсан, дарга даамлууд руу чиглэсэн урамшууллын бодлого явах нь буруу шүү дээ. Хүнд урам, хүүхдэд бурам гэж нэг сайхан үг байдаг биз дээ.