УУГАН ном хэвлэгдэн гарлаа. Таны амралтанд зориулсан, уншиж өдрийнхөө алжаалыг тайлахад тун ч тохирох нэгэн сайхан ном хэвлэгдэн гарсан нь энэ. Танд номд орсон дурсамжуудаас хэсэгчлэн сонирхуулж байна.

НОМЫН ХЭСГЭЭС

...Ууганы амьдрал амар жимэр байгаагүй. Байнга инээж явдаг хүний амьдрал гэхээр л байнга инээд баяслаар бялхаж байгаагүй нь ойлгомжтой. Гэхдээ тэр хэзээ ч гомдоллож, урвайж явсангүй. Бусдад өширхөж, өгөр царайлж байсангүй. Тэр дарга ч болсон, цэрэг ч явсан. Яаж ч өгсөж, яаж ч уруудсан тэр нэг хэвэндээ байж чадсан эр хурга. Үг, үерхэл хоёртоо үнэнч байж чадсан эр хүн.

Нэг удаа түүнтэй Төв шуудангийн тэнд таарлаа. Бид хоер уулзалгүй бас ч гэж удаж. Царай нь тиймэрхүү байна. “Юу байна, Уугаан” гэж түүнтэй мэндлэв.  Өөдөөс муухан мушилзаад “Амьд хүний жаргал байна, нэг. Хүсэх хүний зовлон байна, хоёр. Үүнийг хэлэх найз минь байна, гурав. Найздаа гаргах шил юм байна, дөрөв. Харин манайд хүргэх унаа, надтай маазрах зав хоёр чинь байна уу, Баяр гүнтээн?” гэж билээ.        

Бид хоёр 10-р хороололд байх тэдний гэрт очлоо....

Санжаагийн Баяр

....Хавар эрт эхэлсэн ажил намар орой дууслаа. Номынхоо баатрын мөр зэрэгцэн явсан андуудтай нь уулзаж түүний тухай яриулах бүрийд дараагийн найзтай нь уулзахаар яарч байсан. Учир нь энэ хүний тухай улам ихийг сонсмоор санагдаж, түүний тухай өөр ямар дурсамж хэнд байгааг мэдэхсэн гэж хорхой хүрч байсан юм. Номын ерөнхий өнгө аяс, гэрэл зураг дээрх хүмүүсийг таних гэх мэт чимхлүүр ажилд хөгжмийн зохиолч Б.Долгион ах зөвлөгчөөр ажиллав.

Энд дурсамжаа өгсөн хүмүүсийн зарим нь өөрөө бичиж, зарим нь яриагаа өгч бичүүлэв. Харин бүгдээрээ л нэр алдартай хүмүүс атлаа ер бусын энгийн, найрсаг байж, сэтгэлээсээ хандсан. Найзаар минь намайг таньдаг гэж учиртай үг юм санж...

Номыг эмхэтгэн бүтээлцсэн Д.Түмэн-өлзий

...Хүмүүс Уугантай уулзах, Уугантай уух, Уугантай хамт байх дуртай. Өөрөө ч хүнийг ялгадаггүй. Могжойчихоод дандаа л марзаганаж, хүнийг түсхийтэл нь инээлгэж явдаг сан. Хүнийг байнга явуулна, юмыг үргэлж хошин шог, юмортой өнцгөөс харна. Их ухаалаг, гайхалтай мэдрэмжтэй хүн байсан. Амьдралын агуу их цэнэгтэй, бүхнийг өөдрөгөөр хардаг. Их сайхан инээмсэглэнэ ээ. Тэр бол Ууганд л байх инээмсэглэл. Хараад л сэтгэл сайхан болчихдогсон.

Яг байгаагаар нь хэлье гэвэл ийм л хүн байсан даа....

25-р суваг телевизийн захирал З.Алтай

...Ууган: Хүмүүс ер нь хүнийг уулзаж, танилцаж байж дүгнээсэй гэж боддог. Хүн бүрийн дотор янз бүрийн зүйлс багтдаг. Эзэн Чингисийн цээжинд бүх дэлхий ч багтаж байсан. Тэгэхээр тэрүүгээр нь л хүнийг үнэлж дүгнээсэй. Одоо танайхаар аялаад, Баабарын цээжинд юу багтаж байдгийг, энэ гэр дотор нь юу багтаж байдгийг сонирхоё.

Баабар: Манайхаар аялаад ч яахав дээ. Гурван өрөө байр. Учиргүй дэлхий тойрох гэж байгаа Марко Поло биш (инээлдэв). Би чамд өөрийнхөө үзүүлэн, ажлын өрөөг үзүүлж болох юм....

Ууган Баабарынд зочилсон нь

 ...Ингэж миний хүү “тэнэг балчир ээжийнхээ ачаар” дөнгөж нэг сартайдаа өвлийн тэсгим хүйтэнд, тэр урт замыг ачааны машинаар, өлмөн зэлмүүн хоолтой туулж билээ. Мөрөнд хүлээж байсан өвөө, эмээ, ах дүү нар бүгд л хараад дуу алдана.

– Ийм туранхай, жижигхэн амьтан яаж ирдэг байнаа гэнэ. Хөдөө байдаг өвөө, эмээ нь “миний авчирсан хүүхдийг” таван цагаан ямааны сүүгээр тэжээж зусав. Тэр намар нь буюу 1952 оны 11 дүгээр сард аав нь Намын Төв Хорооны шийдвэрээр Улсын радио хороонд ажиллах болж бид 10 сартай бумбагар цагаан хүүтэй хотод орж ирсэн юм. Хүү маань 11 сартайдаа “Энэ юу вэ? гэж хэлд орж билээ. Харсан юм бүхнээ “Энэ юу вэ?” л гээд бүр залхаадагсан. Харин хөлд орчихсон байсан юм даг....

Бадрууганы ээж Х.Бадарч

Хоёр дахь өдрийнх нь орой мань эр манай хажуугаар өнгөрч яваад онгорхой хаалгаар намайг олж харснаа, “Хүүе яасан бэ?” гээд ороод ирлээ. Тэр зүү халааж байгаад хурууны бүх өндөг рүү хатгаад орхисон. Гучин минутын дараа л би эв эрүүл болсон доо. Ууган хүүхдийн толгойг бол маш сайн барьдаг. Маань мэгзэм уншаад Сан тавьчихдаг байсан. Гэхдээ жирийн уйтгартайгаар биш сонирхолтой, юмортой хийдэг байлаа. Тэгсэн ч итгэл үнэмшил төрүүлдэг,  итгүүлдэг.

Тэр золгүй өдөр манай UBS-н уран сайхны удирдагч Ж.Баяр бид хоёр хамгийн түрүүнд очсон санагдаж байна. Хоёр эрэгтэй хүн хоёулаа үнэнч найзыгаа алдчихаад явж байх шиг хэцүү зүйл үгүй. Хоорондоо дуугарья гэсэн ч болдоггүй юм билээ. Итгэж ч чадахгүй, яваад очиход ч гэсэн зүгээр унтаж байгаа юм шиг л санагдаад байсан. Би боддог юм, түүний найз нөхөд нь, монголчууд азгүй ч юмуу даа гэж.  Хэрэв тэр хүн амьд сэрүүн байсан бол монголын урлагт өшөө өндөр уулс, өндөр оргилуудыг босгож чадах байсан. Гэхдээ бас азтай ч гэж бас хэлнэ.

UBS телевизийн захирал Балхжав

......Хурдхан шиг л хувцас солих өрөөгөөрөө орон “нөгөө цаас”-аа аваад хөлсөө дуслуулж амьсгаадсан амьтан найруулагчийн өрөөнд оров. Одоо л нөгөө үзүүлбэрээ аятайхан тайлбарлана даа гэж бодож байтал найруулагч, “Чи хэдэн төгрөгийн цалинтай вэ?” гэж асуулаа. “550 төгрөг” гэж хариултал,  “чиний өмсөж байгаа тоглолтын гутал 650 төгрөг, тиймээс цалин дээрээ 100 төгрөг нэмж төлөөд наад гутлаа өөртөө аваарай. Одоо гар” гэв.  Ёстой  “алмайрна” гэдэг л тэр үед надад тохиолдсон байх. Гаръя гарч чаддагүй, үг яриа өрнүүлье ам ангайж чаддаггүй. Гэтэл найруулагч, “За яасан Батмөнх өө, тоглолтын гутлаар бөмбөг өшиглөж, урж ханзалсан тул арга хэмжээ авч өгөөч гэсэн өргөдөл бичээд ороод ирээ юу, алив би цохоод өгье” гээд нөгөө цаасыг минь надаас авав.....

Н.Батмөнх. Ахмад циркчин, циркийн найруулагч

....Нэг удаагийн арга хэмжээн дээр би Бадраа гуайн дэргэд хэтэрхий их орилж, хөөрлөө. Залуу хүн тэр болгон өөрийгөө мэдэхгүй шүү дээ. Харин маргааш нь эргэж бодоод, их л буруу зан авир гаргасан байна даа гэж Бадраа гуайгаас хулган хулган уучлал гуйсан юм: 
-Та намайг уучлаарай, би жаахан  ...биеэ зөв авч явж чадсангүй.

Гэтэл тэр хүн надад огт бодож байгаагүй хариулт хэлсэн нь:

- Ганболдоо, та нар залуу насандаа л онгироо, оргилуун байхгүй юм бол дараа нь хэзээ хэзээ тэгнэ гэх вэ?

Хүн тодорхой хэмжээгээр шартай, зөв амбицтай байх хэрэгтэй. Тэрийг л Бадраа гуай надад хэлсэн. Тэгтэл нь онгироож өөгшүүлээгүй, тэгсэн хэрнээ дарж дарамтлаагүй тийм л сонин үг. Ийм маягаар л хүүхдүүдээ  хүмүүжүүлсэн учраас Ууган тийм амжилтанд хүрсэн болов уу. ....

“Инээмсэглэл” хамтлагийн дуучин Ч.Ганболд
 
....Хоёулаа хамт нэг, хоёрдугаар хоолойгоор ч дуулна. Үнэхээр л сайхан цаг үе байж дээ. Харин бид барууны хамтлагуудын дуунаас тайзан дээр дуулахаар бол хэний ч дуу байсан хамаагүй оршилд нь, “Америкийн нэрт хувьсгалч Дин Ридийн дуу...” гэх, эсвэл хар цагаан арьстны зөрчлийн тухай байвал тэр талыг нь товойлгож “Энэ дуунд Америкийн нийгмийн бусармаг муухай бүхнийг шүүмжилж...” гэх мэтээр хэлж байгаад дуулдаг байлаа. Тэгэхээр биднийг хөрөнгөтний дуу дууллаа гэж ад үзэж, арга хэмжээ авах гэхгүй.....

“Инээмсэглэл” хамтлагийн дуучин Н.Ганхуяг

.....Аав эхлээд хүнээс мөнгө зээлээд дараа нь тэр танилаас нь “арын хаалгаар” аваад лагерийн хамгийн сүүлийн автобусаар ирэхэд нь би унтчихсан байжээ. Харин өглөө сэрэхэд аав “Миний хүү өчигдөр яасан, айлын хүүхэд яагаад байна?” гэж асуухад нь би ч хушуугаа унжуулж сүржигнээ биз. Гэтэл аав, “за аав нь илбэдээдхье, пүү пүү!” гээд л бүтээлэг сөхтөл цоо шинэ тийм дугуй байж байдаг байгаа! Би юу ч дуугарч чадахгүй, бүр салгалчихсан. Хагартлаа баярлана гээч л болсон байх. Тэрнээс хэдэн сарын дараа аав дотор нь суугаад жийж явдаг том машин бас “илбэдээд” гаргаж өгч байсныг нь бол “өөрөө” тодхон санадаг.....   

Бадрууганы хүү отгон Гийгүүлэн