Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д танилцуулав. Инфляцыг тогтвортой, нам түвшинд байлгаж, Засгийн газартай хамтран нийлүүлэлтийн гаралтай инфляцын нөлөөллийг хэрэглээний үнийн индексээр 2013 оны эцэст найман хувиас хэтрүүлэхгүй, цаашдаа бүр 5-7 хувь болгоно гэлээ. Монголбанкны мөнгөний шинэ бодлого мөрөөдөл үү?Энэ мөрөөдөл Монголын эдийн засгийн бодит өсөлтөд хэрхэн нөлөөлөх бол.

ИНФЛЯЦ

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2011 онд 17.3% өссөн бол, энэ онд дэлхийн эдийн засгийн сулралаас болж 15 хувь болох бололтой. Гэвч, инфляц өнгөрсөн жил 15 хувиар өсөж, 2012 онд энэ түвшингээ хадгалах нь дундаж орлоготой монгол хүний амьдралын зардалын өсөлтийн хэмжээг харуулж байна. Энэ хоёрын зөрөө нь дундаж орлоготой Монгол хүний худалдан авах чадвар нь бодитойгоор ноднин 2.3, энэ жил тэг хувиар л өссөнийг хэлж байна.Бодит орлого нь тун бага өөрчлөгдсөн тул эдийн засгийн өндөр өсөлтийг тэр хүн бараг анзаарахгүй.

Мөнгө, бусад бүх барааны адил, нийлүүлэлт нь нэмэгдээд, тэр хэрээр хэрэглээний барааны нийлүүлэлт өсөхгүй бол үнэ цэнэ нь буурдаг.Мөнгөний үнэ цэнэ буурах буюу барааны үнэ нэмэгдэхийг инфляц гэнэ.Инфляц бол зөвхөн мөнгөний үзэгдэл бөгөөд үнийн өсөлтийг мөнгөний нийлүүлэлтийн өсөлттэй холбож үзэх тухай Мөнгөний хэмжээний онолыг Юм, Рикардо, Милл, Фишер, Фридман нарын эдийн засагчид дэмждэг.

Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг Төвбанкны шинэ удирдлага мөнгөний нийлүүлэлтийг биш, зөвхөн түүний үнийн өсалтийг буюу “инфляцыг онилсон тогтвортой үнийн бодлого” баримтлах нь ирж буй эдийн засгийн хямралыг даван туулахад хангалттай биш ээ.

Дэлхийн бүх Төвбанк үндсэн хоёр үүрэгтэй. Эхнийх нь, инфляц болон ажилгүйдлийг аль болох бага түвшинд байлган эдийн засгаа өсгөхийг  дэмжих, дараах нь, үндэсний, эсвэл олон улсын эдийн засгийн хямралыг даван туулахад төлбөрийн чадварыг алдагдуулахгүй байх юм. Энэ үүргээ биелүүлэхийн тулд Төвбанк эсвэл мөнгөний үнэ (хүүг), эсвэл мөнгөний хэмжээг (нийлүүлэлтийг) холбогдох арга хэрэгслээр дамжуулан өөрчлөх замаар мөнгөний бодлогоо хэрэгжүүлдэг.

ТОГТВОРТОЙ ҮНИЙН БОДЛОГО

Мөнгөний бодлогыг зөвхөн инфляц руу чиглүүлэн барааны үнийг тогтвортой байлгаж чадвал эдийн засгийн хэвийн өсөлтийг хангаж болно гэж Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын адилаар зуугаад жилийн өмнө Иелийн их сургуулийн профессор Эрвин Фишер итгэж байж. Үнийн илэрхийллийг зохиож, өнөөгийн үйлдвэрлэгчийн үнийн болон хэрэглэгчийн үнийн индексийн суурийг тавьсан Э.Фишер 1929-1933 оны санхүүгийн сүйрлийг урьдчилан харж чадаагүй бөгөөд үнэт цаасанд оруулсан хувийнхаа бүх хөрөнгийг алдсан юм. 

Үнэ л өсөхгүй бол эдийн засаг хэвийн гэж үзэх нь зөвхөн мөнгөний зах зээлийн богино хугацааны өөрчлөлтийг онцгойлоход хүргэж, урт хугацааны нөлөө үзүүлдэг хөрөнгийн зах зээлийн өөрчлөлтийг тооцож чадахгүйд хүргэдэг аюултай.

Инфляц өссөөр байхад мөнгөний хатуу бодлого явуулахын оронд зөөлөн бодлого явуулж бодлогынхоо хүүг бууруулах нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ гэсэн үг.Энэ нь Төвбанк “оновчгүй халамжийн” бодлогоосоо ухарч чадахгүй байгаа Засгийн газартай хамтарч бага ч гэсэн саарах хандлагатай болсон мөнгөний нийлүүлэлтийг тэлж, эрэлтээс үүдэлтэй инфляцыг өсгөх юм.

МОНЕТАРИСТ ДҮРЭМ

Үндэсний эдийн засгийн бодит байдлыг үнийн өөрчлөлтөөр (хүү) мөнгөний нийлүүлэлтийн өөрчлөлтөөр тодорхойлж мөнгөний бодлогоо хэрэгжүүлэхийг монетаристууд гэгдэх Милтон Фридман болон бусад эдийн засагчид зөвлөдөг.Тэдний зөвлөгөөг бас Монетарист дүрэм гэх бөгөөд мөнгөний нийлүүлэлтийн (М2) өсөлт нь урт хугацааны эдийн засгийн дундаж өсөлттэй ойролцоо байлгахыг хэлдэг.Жишээ нь, хэрэв Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт нь (ДНБ-ий өсөлтөөс инфляцыг хассан) хоёр хувь байгаа бол тухайн жилийн мөнгөний нийлүүлэлтийг ойролцоогоор хоёр хувиар нэмж болно гэсэн санаа.

Энэ дүрэм нь Засгийн газрыг төсвийн сахилга батаа чанд сахиж, мөнгөний нийлүүлэлтээ өсгөхдөө бодит барааны нийлүүлэлттэй холбож өгөхийг шаарддаг.Яг энэ уялдааг 1946 онд Америкийн Конгресс Ажилд авах тухай хууль (Employment Act 1946) гарган холбож өгчээ.Энэ хуулиндаа төсвийн болон мөнгөний бодлогын гол зорилго бол хүн бүрийг ажилтай болгож, үнийг тогтвортой байлгах явдал гэж заасан юм.Засгийн газар болон Төвбанкны хамтын ажиллагааны агуулгын зорилгыг хуульчлан тодорхойлсон нь эдийн засгийн тогтвортой өсөлтөд онцгой хувь нэмэр оруулжээ.

САНХҮҮГИЙН БОДЛОГО

Монголбанк нэгэнт инфляцыг онилж мөнгөний зөөлөн бодлого барих гэж байгаа бол мөнгөний нийлүүлэлт өсөх учир, түүнийг дагаад барааны нийлүүлэлтийг өсгөх, ажлын байрны тоо, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулан гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Ингэж уялдуулахдаа тодорхой гурван зорилго тавьж болох юм.Үүнд, аль болох олон хүнийг ажилтай болгох, үнийг тогтвортой байлгах, урт хугацаанд мөнгөний хүүг бага түвшинд байлгах зэрэг орно.

Урт хугацаанд мөнгөний хүүг тогтвортой болгоход гол нөлөө үзүүлдэг орон сууцны зээлийн хүүг багасгах арга хэрэгсэл Монголбанкинд байхгүй учир хөрөнгийн зах зээлийг зохицуулдаг холбогдох байгууллагуудыг оролцуулах шаардлагатай.

Мөнгө болон хөрөнгийн зах зээлийг хоёулыг нь хамарсан санхүүгийн бодлогыг дээрхи шиг тодорхой зорилго дэвшүүлэн хэрэгжүүлбэл хувийн хэвшил нь шинэ ажлын байр бий болгох эрмэлзлэлтэй, өрсөлдөх чадвараа нэмэхийн тулд боловсон хүчнээ тогтвортой ажиллуулах, бизнесээ урт хугацаагаар төлөвлөж, өргөтгөх боломжтой болно.

Засгийн газар болон Монголбанкны үүрэг бол хувийн хэвшлийн хэвийн үйл ажиллагааг хангах, тэдний үйл ажиллагааны санхүүжилтийн өртгийг багасгах, шударга өрсөлдөөнийг бүрдүүлэхэд чиглэх ёстой.

Хувийн хэвшил хөгжин бэхжсэн тохиолдолд  тогтмол ажил, орлоготой, орлогоосоо амьдралын зардлаа хасаад тодорхой хуримтлал бий болгож чаддаг дундаж давхраа үүсэж томрон, улмаар арван жилийн хугацаатай, бага хүүтэй моргейжийн зээл авах нөхцөл бүрдэж, яваандаа эдийн засаг тогтвортой, бодитой өсөх болно.

Монгол Улс өнөөдөр мөнгөний бодлогоо хөрөнгийн зах зээлтэйгээ уялдуулан төсөв, санхүүгийн цогц бодлого гаргаж, хэрэгжүүлэх хөгжлийн цэгтээ ирээд зогсож байна даа.