Үдийн цай, хоолны тухайд
Өмнөх нийгмийн тогтолцооны үед “Их барилга-бүх нийтийн үйлс”, Мал аж ахуй-бүх нийтийн үйлс”, “Хүүхдийн хүмүүжил-бүх нийтийн үйлс” гэхчилэн нийтийн үйлс болоогүй зүйл байхгүй шахам байлаа. Харин өнөөдөр зах зээлийн жамаар дээрх уриатай уриагүй барилга байшин, орд харш сүндэрлэн босож, малын тоо, толгой өсөж ашиг шим нь арвижсаар байна.
Энэ үйлсийн нэг нь хүүхдийг нялх балчраас нь эхлэн зөв зохистой хооллох явдал мөн. Өөрөөр хэлбэл физиологийн хэрэгцээг хангасан найрлага, илчлэг сайтай олон нэр төрлийн хоол, хооллолтын зохистой дэглэм нь хүүхдийн биеийн болон оюуны хэвийн хөгжлийг хангаж, эрүүл чийрэг, ухаан төгс, гоо үзэсгэлэнтэй болгох үндэс болж өгдөг.
Бага ангийн сурагчдыг сургууль дээр нь хооллох талаар өмнөх тогтолцооны үед ч багагүй анхаарч шинээр ашиглалтанд оруулах болон өргөтгөл хийх сургуулийн барилгын төлөвлөлтөнд хоолны газрыг заавал тусгаж, бүх нийтийг хамран сургах сан, эцэг эхчүүдийн хөрөнгөөр бага ангийн хүүхдийг өдөрт нэг удаа хөнгөн зуушаар үйлчилж 1980-аад оны сүүлч гэхэд энэ үйлчилгээнд Улаанбаатар хотын сургуулиудын бага ангийн хүүхдийн 75% нь хамрагдаж байсан баримт бий. Хэдийгээр тэр үеийн хүүхдийн хоолны цэс нь ширхэг гөөхий юмуу талх боовны зүйл, хатаасан жимсний компот, зууш төдийхнөөр хязгаарлагдаж байсан ч хоолны энэ үйлчилгээ хүүхдийн өсөлт торнилт, сурлага хүмүүжилд тус дэм болж байсныг үгүйсгэх аргагүй.
Улс орон зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн 1990-ээд оны эхнээс энэ ажил бүрэн зогсож ихэнх сургуулийн хоолны газрын байрыг бусдад түрээслүүлж зохион байгуулалтыг нь өөрчлөн бизнесийн зорилгоор ашиглах болсон юм. Энэ үед сурагчдын гуравны хоёр нь сургууль дээрээ хооллодоггүй, мөн нийт сурагчдын бараг 90 хувь нь гэрээсээ идэх юм авчирдаггүй байсныг судалгааны дүн харуулсан байдаг.
Харин Монгол улсын тухайн үеийн Ерөнхийлөгчийн санаачилгаар Засгийн газраас “Үдийн цай” хөтөлбөрийг 2006 оноос эхлэн хэрэгжүүлэх болсон нь маш зөв эхлэл байсантай эцэг эхчүүд хэн ч болов маргахгүй. Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадвал хүүхдийн нас, бие, оюуны хөгжилтийн онцлогт тохирсон, тэдэнд шаардагдах шим тэжээлийн тодорхой хэсгийг хангах, дэмжих үндэсний тогтолцоо бий болж хүүхдэд бага наснаас нь эхлэн зөв хооллох зуршлыг бүрдүүлж, зохистой хооллолт, шим тэжээлийн тодорхой мэдлэг эзэмшүүлэх ач холбогдолтой байсан нь тодорхой.
Гагцхүү уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил анхнаасаа “Мордохын хазгай” болсон гэж би боддог. Уг нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг Монгол улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолоор яаравчлан баталж энэ үндсэн дээр тухайн үеийн БСШУ, Эрүүл мэндийн сайдын тушаал гарч ерөнхий боловсролын сургуульд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам, үдийн цайгаар авбал зохих хүнсний бүтээгдэхүүн, үндсэн шимт бодис ба илчлэгийн хэмжээг баталсан ч ердөө 300 төгрөгт багтаан үдийн цай өгч байхаар тооцож үүнийгээ төрөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн нь тавьсан зорилго, зорилтоо гацаасан хэрэг болсон. Өөрөөр хэлбэл үдийн цайгаар авбал зохих үндсэн шимт бодис ба илчлэгийн хэмжээг хангахаар дэвшүүлсэн зорилтоо зүгээр л “рекламны самбар” болгосон хэрэг. Жишээ татъя. Дээрх хоёр яамны сайдын тушаалаар баталсан нормоор бага ангийн (6-9 нас) хүүхэд сургууль дээрээ үдийн цай хэрэглэснээр хоногт шаардагдах хоолны илчлэгийнхээ 15,8%-ийг хангах тооцоо гарсан. Үнэндээ үүнийгээ ч хүрэлцээтэй хангаж чадаагүй. Харин энэ норм хөгжилтэй орнуудад 25% байдаг. Дараа нь 400 төгрөг болгож нэг үзсэн. Гэтэл өнгөрсөн 6 жилд мах, сүү, гурил, ногооны үнэ яаж өсөв? Үдийн цайнд зориулан бүтээгдэхүүн нийлүүлдэг үйлдвэрүүд 400 төгрөгт (Ийм мөнгөөр одоо ганц ширхэг бууз авна) багтаахын тулд гурилан боовныхоо хэмжээг багасгаж сүү тарагныхаа савлалтыг жижигрүүлж эхлэв. Тухайлбал өмнө нь 250 мг-ийн уутанд савласан тараг иддэг байсан бол одоо 150 мл-ийн савлалттайг иднэ гэсэн үг. Харин гаднаас нь харахад адилхан нэг л уут. Ёстой л “Нүглийн нүдийг гурилаар хуурав” гэгч болж байна. Хөдөөгийн сумын сургууль багш нараа ээлжээр “тогооч” болгож боов боорцог хайруулан үдийн цайндаа өгч байна. Гэтэл бага насны хүүхдийн хувьд их тосонд чанасан, шарсан зүйл төдийлөн тохиромжтой бус. Тэгсэн атлаа 2009 оноос эхлэн үдийн цайг “Үдийн хоол” болгон өргөтгөх “зоримог” шийдвэр гаргав. Цай хоол хоёрын хооронд их ялгаа бий.
Миний бие хүнс, хоолны мэргэжилтний хувьд “Үдийн цай” хөтөлбөрийг анх хэрэгжүүлж эхлэх үеэс л энэ талаар бичиж, илтгэж, оюутан, магистрантуудаар судалгаа хийлгэж, ажлын хэсэг, судлаачийн багт хамрагдан санал бодлоо мөн ч олон удаа илэрхийлсэн билээ. Бас тухайн үеийн улсын ерөнхийлөгчдөө хүртэл хандаж байлаа. Харамсалтай нь миний болон энэ талаар сургуулийн захирал, үйлдвэрийн дарга, эцэг эхчүүдийн тавьсан санал, хүсэлт яаманд очоод л таг болдог юм. Харин ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “Монголын шилдэг нийтлэлчдийн клуб”-т саяхан зочлох үеэр уг асуудлыг товч танилцуулахад намайг мэргэжлийн хүний хувьд энэ талаар судалж бас өргөн олонд таниулж бичихийг зөвлөсөн юм. Бас өнгөрсөн 9-р сард нийслэлийн нэгэн сургуулийн 200 гаруй хүүхэд үдийн цайнаас болж хордлого авсан нь лабораторийн шинжилгээгээр нотлогдсон тухай сэтгэл хирдхийлсэн мэдээг өчигдөр уншаад багагүй цочирдож энэ асуудлаар ам нээхэд хүргэв.
Ингээд сурагчдын хоолны менежменттэй холбогдсон зарим асуудлаар санал бодлоо хуваалцая.
-Ер нь “Үдийн хоол” хөтөлбөрийг төчнөөн төгрөгт багтаана гэсэн буруу ойлголтоос татгалзаж, харин шаардагдах илчлэгийн хангалтын хувийг хэрхэн нэмэгдүүлэх чиглэлийг баримталж үе шаттай хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд сурагчдын хоолны санхүүжилтийгн тодорхой хэсгийг төр, засаг хариуцаж үлдэх хэсгийг эцэг эх, ивээн тэтгэгчдийн санхүүжилтэнд тулгуурлах зарчмыг цаашид баримтлах нь зүйтэй байна. Харин нийгмийн эмзэг хэсгийн хувьд ялгавартай хандах хэрэгтэй.
-Сурагчдын үдийн хоолны хэрэгцээнд зориулан чанарын баталгаатай эрүүл хүнс, бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх, импортоор тогтвортой хангах, энэ үүргээ нэр төртэй биелүүлсэн газрыг төр, засгаас дэмжих механизмыг бий болгох нь зүйтэй байна. Энэ талаар гадаад орны туршлагыг ч судалж үзүүштэй. Иймд хүүхдийн үдийн хоолны иж бүрдэл, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн аргаар бэлтгэж түгээх хоолны төвлөрсөн гал тогоог нарийн тооцоо судалгааны үндсэн дээр шинээр байгуулах тендер зарлаж, шалгарсан аж ахуйн нэгж, газруудад банкны хөнгөлөлттэй зээл олгох, гадаад орнуудын хандив, тусламжийн хөрөнгө, эх орны хишгийн тодорхой хэсгийг энэ зорилгоор ашиглах асуудлыг холбогдох газрууд хамтран судалж шийдвэрлэх нь зүйтэй юм. Ингэснээр сурагчдын хоол хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулж, хоолны нэр төрөл, бүтцийг жигд болгох, хангамж, чанарын хяналтын найдвартай систем тогтохын дээр тогооч нарын мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх боломж бүрдэж эдийн засгийн хувьд ашигтай байх болно.
-Хүүхэд насны онцлог нь тэд байнгын хөдөлгөөнд байж илч их зарцуулдаг тул тэдний булчингийн үйл ажиллагааны илчлэгийн эх булаг болох нүүрс усны хэрэгцээг саахар, зөгийн бал, жимс жимсгэнэ, тэдгээрийн чанамал, түүнчлэн цардууллаг зүйлээр голлон хангах, тэдний өсөлт, ачаалалд чухал үүрэгтэй А аминдэм, ясны бэхжилтэнд гол үүрэг гүйцэтгэдэг кальц болон бусад эрдэс бодис, уураг, өөх тосоор баялаг бүтээгдэхүүнийг хүүхдийн хоолонд аль болох түлхүү оруулах чиглэлээр мэргэжлийн байгууллага, хүмүүсийг оролцуулан “Үдийн хоол”-ны үлгэрчилсэн цэс, жор, технологийг яаралтай боловсруулж гаргах шаардлагатай байна.
-Аливаа шинэ ажил, тэр тусмаа орон даяар хэрэгжүүлэх ажилд анхнаас нь алдаа гаргах, цалгардуулах явдал байж болохгүй. Хүүхэд бол хамгийн цайлган, бас гэнэн хэрэглэгч. Тэд одоохондоо хоол, хүнсний талаарх мэдлэгээр нимгэн байгаа. Өгснийг л иднэ. Томчууд шиг зарга зайлхай хийхгүй. Үүнийг далимдуулж ашиг олох гэсэн аливаа үйлдлийг таслан зогсооход бүх нийтээрээ анхаарал чиглүүлэх ёстой. Иймд сургууль, багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн зүгээс сурагчдын хоол, цайны чанарт хяналт тавих, эрүүл, шим тэжээлтэй хоол ундааны талаар хүүхдүүдэд боловсрол, мэдлэг эзэмшүүлэхэд одооноос онцгой анхаарах хэрэгтэй байна.
LrHLdNIvmV
HYMfUXFKLXLXbNyUT
ZYRbNxfdp
KXZIUzJRjNCQnr
fkpwmesUJA
gmDJyzxjqnmr
Нямжав
Зочин
School of Business
Zochin
та яасан муухай хүн
XABTXACAP
Hun
Zochin
bat
OOO
OOO
Uujgii
зочин
Shavi
Damdinsuren
Зочин
орон нутаг
Баяр
ХУУЛЬ САНААЧЛААЧЭЭ