НҮБ-ын шинэ мессеж ба Монголын байр суурь
Дэлхийн 197 орны төр, засгийн тэргүүнүүд жилд нэг удаад нэг дор цугларч, үзэл санаа, байр сууриа харилцан сонсч, солилцох хамгийн том механизм болдог НҮБ-ын Ерөнхий ассамблейн энэ удаагийн ээлжит чуулган дэлхий нийтийн анхаарлын төвд “Хямралыг даван туулах, зохицуулах нь” хэмээх асуудлыг оруулж ирлээ.
Дэлхийн 197 орны төр, засгийн тэргүүнүүд жилд нэг удаад нэг дор цугларч, үзэл санаа, байр сууриа харилцан сонсч, солилцох хамгийн том механизм болдог НҮБ-ын Ерөнхий ассамблейн энэ удаагийн ээлжит чуулган дэлхий нийтийн анхаарлын төвд “Хямралыг даван туулах, зохицуулах нь” хэмээх асуудлыг оруулж ирлээ. Энэ бол монголчууд бидний сүүлийн хэдэн жил дотооддоо хэлэлцсэн эдийн засгийн хямралын тухай яриа хараахан биш юм. Харин энэ бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит чуулганы индэр дээрээс илэрхийлсэн томьёоллоор бол “Хуулийн засаглалыг гажуудуулснаас үүсч буй хямрал” юм. Хямрал дагуулах тэрхүү гажуудлын нэг нь авлига, тэр тусмаа ардчилсан засаглалыг унагааж байгаа хамгийн хортой гажуудал нь авлига гэдгийг тэрбээр онцоллоо.
Хямралын уг шалтгааныг энэ удаад хуулийн гажуудалтай, гажуудлын илрэлийг авлигатай холбон тайлбарлаж буйгаараа НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит чуулган өмнө хөндөгдөж байгаагүй шинэ мессежийг ийнхүү дэлхийн удирдагчдын анхаарлын төвд шидсэн юм.
Нийгмийн тогтолцооны өөрчлөлтийг ардчилсан хувьсгалаар эхлүүлсэн монголчууд энэхүү шилжилтийн явцад олон хямралыг амсч туулж, ихэнхийг нь амжилттай шийдэж ирсэн. Харин яг өнөөдрийн хувьд Монголд авлига хамгийн гол бэрхшээл, тэр тусмаа ардчилсан Ерөнхийлөгчтэй болсноос хойш сүүлийн гурван жилийн хугацаанд хамгийн эрчтэй хурцдаж буй асуудал юм. Далд, нууц байдалд цэцэглэж ирсэн энэхүү гэмт хэргийг илчлэх, эздийг нь хуулиар шүүх итгэл үнэмшилд уриалан дуудсан сүүлийн гурван жил орчмын тэмцэлд үнэнийг хэлэхэд эерэг, сөрөг талын хоёр “баатар” төрсний нэг нь өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, нөгөө нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Тийм ч учраас НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит чуулганы хүрээнд болсон “Хуулийн засаглал дор амьдрах нь” өндөр хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг, тэр тусмаа авлигын талаар илэрхийлсэн байр суурь бусад орны удирдагчдын болон хэвлэл мэдээллийн анхаарлыг татахад нөлөөлсөн нэг хүчин зүйл нь Монголын экс Ерөнхийлөгч авлигын гэмт хэргээр ял сонссон явдал байлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Авлига бол харанхуйд өсөн үржих халдварт өвчний нян мэт олон нийтийн итгэлийг үгүй хийж, хөрөнгө оруулагчдыг үргээн айлгаж, иргэдийн боломж бололцоог дээрэмдэн тонож, улс үндэстний маань амин чухал дархлаад халдаж байна. Бид харанхуйг гэрэлтүүлж, энэ өвчний эсрэг эрчимтэй довтолж, таслан зогсоох ёстой” гэж хэлснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурлыг даргалах үедээ иш татан онцолсон бол CNN-ийн сэтгүүлч К.Аманпаур ноён Ц.Элбэгдоржтой хийсэн ярилцлагынхаа үеэр өмнөх Ерөнхийлөгч ял эдлэх болсон талаар тодруулан асууж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн авлигын талаар хэлсэн үг, түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойшхи хугацаанп өрнөсөн тэмцэл аль аль нь хурц байгааг мөн НҮБ-ын гишүүн орнуудын удирдагчид онцолж, эдгээр алхмуудыг сайшаасан сэтгэгдлээ албаны шугамаар илэрхийлцгээж байсан юм.
Дэлхий нийтийн хэмжээнд хямралын эх сурвалж болоод буй хуулийн гажуудлын эсрэг хийж байгаа алхмууд, төрийн эрхийг нэг хүчнээс нөгөөд тайван замаар шилжүүлсэн ээлжит сонгуулийн үр дүн, ардчиллыг тогтооход олсон амжилт зэргээрээ Монгол Улс олон улсын тавцанд ялгарч эхэлж байгааг НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит чуулганд оролцогчид энэ удаад хүлээн зөвшөөрсөн гэж хэлэхэд болно. Мөн нөгөө талаас ардчиллыг биднээс өмнө болон хойно сонгосон олон улс оронд дээрх сэдвүүд цаг үеийн асуудал, бэрхшээл болж байгааг, Монгол Улс тэдэнтэй нэг төвшинд сэтгэж, бодож буйг энэ удаагийн чуулганы хэлэлцүүлгүүд ойлгуулсан юм.
Монголын ардчилал чухам хэнд, хэзээ, хаанаас хамгийн тод харагддагийг ойлгохын тулд өргөн дэлхийг бүхэлд нь үзэхүйц өндөр цэгийг олох хэрэгтэй аж. Хорь гаруй жил монголчууд бидний эрэлхийлж хайж, зорьж тэмцэж яваа ардчиллын зарчим, үнэт зүйлсийн зарим нь үл олдож, эсвэл бага олдож байгаа мэт өөрсдөд маань санагдах үе байдаг. Гэвч үнэндээ өөр өндөр “цэг” дээрээс харвал Монголын ардчилал харьцангуй тод, тунгалаг үзэгддэг, энэ хэрээр бусдад амжилтын үлгэр жишээ болдгийг ойлгох бололцоог өгдөг тийм нэг цэг нь НҮБ-ын хэлэлцүүлгийн индэр юм байна.