Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганд есдүгээр сарын 19-30-ны өдрүүдэд оролцсон юм. Энэ талаарх сурвалжлагын хоёрдугаархийг уншигч танд хүргэж байна. Өмнөх сурвалжлага “НҮБ-ын шинэ мессеж ба Монголын байр суурь” гарчгийн дор өчигдөр нийтэлсэн болно.

Асар том хоёр гүрний дунд оршдог, агуу түүхтэй ч түүнээ өөрсдөөсөө хүртэл нуудаг жижиг, буурай Монгол орон НҮБ-ын гишүүнийхээ хувьд 1967 онд тус байгууллагын Ерөнхий ассамблейн ээлжит чуулганд анх удаа оролцсон юм. Тэгэхэд Монгол нь социалист дээвэрт багтдаг, эдийн засаг, улс төрийн хувьд бусдаас хараат, хөгжсөн гэхээс илүү үзэл сурталжсан коммунист орон байлаа. Харин үүнээс ердөө гуч гаруйхан жилийн дараа Монгол Улс НҮБ-ын Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалан, хуралдааныг нь удирдаж, бодлого, шийдвэрийг нь тодорхойлох хэмжээний оролцогч болсноо хүлээн зөвшөөрүүлэв.
 
НҮБ доторх яриа, хэлэлцээний механизм болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Монгол Улс хоёр дахь жилдээ даргалж, энэ хугацаанд үйл ажиллагааг нь зарчмын хувьд урагш ахиулж, амжилт үзүүлснийг АНУ-ын тал хүлээн зөвшөөрч буйгаа ердөө долоо хоногийн өмнө илэрхийлсэн юм. Есдүгээр сарын сүүлийн долоо хоногт Нью-Йорк хотноо хуралдсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн өндөр хэмжээний уулзалтуудын үеэр АНУ-ын тал Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг олон улсын байгууллагын статустай болгох санал гаргаж буйгаа манай талд танилцуулсан нь учиртай. НҮБ-ын гишүүн 150 орны хэмжээнд хамтын нийгэмлэг хэлбэрээр ажиллаж буй дээрх байгууллагыг Монгол Улс сүүлийн хоёр жил даргалах хугацаандаа Удирдах зөвлөлтэй, өөрийн дүрэмтэй, байнгын үйл ажиллагааг нь хангах ерөнхий нарийн бичгийн даргын орон тоотой болгосон юм. Хувьсгалын замаар ардчиллыг олж авсан Монгол Улс ардчиллыг байгуулах амар хялбаргүй болохыг сурах бичгээс биш амьдралаасаа суралцаж яваагийн хувьд дээрх байгууллагыг удирдахдаа итгэл үнэмшлээрээ хандаж, хичээл, зүтгэл гаргасныг өнөөдөр олон улсын хэмжээнд сайшааж буй хэрэг. Ардчилал, хүний эрхийг хангах зорилготой энэхүү хамтын нийгэмлэг НҮБ-аас гаргах бодлого, шийдвэрийн баримт бичигт өөрийн зорилго, үзэл санаагаа тусгах, лоббидох механизмын үүргийг гүйцэтгэдэг юм байна. Энэ жилийн хувьд Монгол Улс санаачлан Ардчиллын боловсролын асуудлаар тогтоолын төсөл боловсруулснаа хамтын нийгэмлэгийн гишүүн орнууд болон нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хүрээнд хэлэлцүүлэн саналыг нь сонссон юм. “Боловсролтой иргэн хүний эрхийг дээдэлдэг. Энэ нь эргээд ардчилсан засаглал оршин тогтноход нөлөөлдөг” гэсэн үзэл санааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илэрхийлсэн бөгөөд Ардчиллын боловсролын талаарх тогтоолын агуулга үүнд зангидагдаж буй. Ер нь сүүлийн хоёр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргалахдаа Монголын талаас баримталсан бодлого ардчиллын боловсрол, иргэний нийгмийн оролцоог хөгжүүлэх, авлигатай тэмцэх, хууль дээдлэх гэсэн үндсэн дөрвөн чиглэлд төвлөрч ирсэн хэмээн Монгол Улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Гэрэлмаа тайлбарласан. Дэлхийн хувь заяаг шийдэх бодлого, баримт бичгийг батлан гаргадаг НҮБ-ын үйл ажиллагаанд монголчуудын санал, санаачлага ч бас тусгалаа олсоор  ирсний нэг жишээ нь энэ юм.

“Монголчууд бид ардчиллыг өөрсдийнхөө амь бие, хүсэл зориг, хүч оюунаар байгуулж яваа. Бидэнд хэн ч бэлэн зүйл өгөөгүй. Энэ ч утгаараа өнөөдөр бид ардчиллын талаар бусдад туршлагаа хуваалцах, сургаалиа айлдах хэмжээнд хүрснийг олон улсад хүлээн зөвшөөрч, сайшаан дэмжиж байгаа нь бахархалтай байна” гэж Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит чуулганы дараа сэтгүүлчдэд ярьсан юм. Түүний хэлсэн энэ үг заримд маань сэтгэлийн хөөрөл мэт даруу бус санагдаж магадгүй ээ. Гэхдээ хорь гаруй жилийн өмнө манайхтай яг ижил сонголт хийсэн Бирмийн ардчилсан хувьсгалын удирдагч сүүлийн 15 жил гэрийн хорионд байсан бол Монголын ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг нь өнөөдөр улсынхаа Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгааг анзаарах тохиолдолд бахархал л давамгайлах болов уу. Энэ бол олон зүйлийг хэмжиж болох бодит жишээ юм. Саяхныг болтол гэрийн хорионд байсан Мьянмарын /Бирм/ ардчилсан хувьсгалын удирдагч, өдгөө парламентын гишүүн Аун Сан Сү НҮБ-ын ээлжит чуулганы содон төлөөлөгчдийн нэг байлаа. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохоос өмнө Харвардын Их сургуульд уригдаж, Жон Кеннедийн форумд илтгэл уншсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч түүний өмнөхөн мөн тэнд лекц уншсан юм. Хүний эрхийн төлөө тэмцэгч Аун Сан Сүг хорионоос суллуулахын төлөө ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилга гаргаж, дэлхийн 60 гаруй орны төрийн тэргүүний хамтаар шаардлага тавьж байлаа. Мөн Мьянмарын ардчилсан өөрчлөлт хийхэд тус дэм үзүүлэх зорилгоор Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Ажлын түр хэсэг байгуулах санаачилгыг Монгол Улс тус нийгэмлэгийн даргын хувьд өнгөрсөн долдугаар сард гаргасан юм. Энэ санаачилгыг нийгэмлэгийн гишүүн орнууд дэмжиж, улмаар Ажлын түр хэсгийн анхны хуралдааныг өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотноо зохион байгуулсан бөгөөд Ажлын түр хэсгийн даргаар Монголын талыг санал нэгтэй сонгосон. Энэчлэн гадаад харилцаанд гарч буй амжилт бүр ялалт байдгийг Гадаад харилцааны сайд Л.Болд онцлоод “Олон улс, бүс нутгийн хэмжээнд Монгол Улс нэг оролцогч болон гарч ирж байна” гэдэг тодорхойлолтыг хийсэн юм. Монгол Улс хоёр том гүрний дунд оршдог жижиг орон биш. Харин далайд гарцгүй л орон...