Би сэтгүүлчийнхээ хувьд 2012 оны сонгуу­лийн “туг” нь Оюутолгойн гэрээ гэж бичиж байлаа. Зургаан жил дуншсан Оюутолгой төсөл эхлэх нь монголчууд 34, эсвэл 51 хувь эзэмшихээс дутуугүй ач холбогдолтой учраас тэр. Энэ аварга том “хөлөг онгоц” боомтоос хөдөлснөөр Оюутол­гойн баялаг эдийн засгийн агуулга, ашгаараа Мон­голдоо улам илүү ойртоно гэж олон хүн найд­сан, итгэсэн. Тиймээс л Оюутолгойнхон компа­нийнхаа уриаг “Бидэнд ойрхон ирээдүй” гэсэн хэрэг.Оюутолгой төслийг өдий зэрэгт хүргэх, үйлдвэрээ ашиглалтад оруулах хүртэл зургаан тэрбум доллараа элсэнд “цацсан” хөрөнгө оруулагчдын хөлс хүч, эрсдэлийг хүндэтгэж байна. Гэхдээ тэдний зүгээс  гэрээний заалтаа зальдах, монголчуудыг Африкийн боловсролгүй харуудын төвшинд адилтган дорд үзэх хандлага ихэслээ. Хөрөнгө оруулагчдын санаатай гэмээр зарим үйлдэл, усны нөөц зэрэг урьдчилан тооцоолоогүй эрсдэл нь гэрээний зарим заалт ч зөрчигдөж мэдэх нөхцөл байдал үүсгэлээ.

1.

Оюутолгой төсөлд 10 мянган хүн ажиллана. Үүний 90 хувь нь монголчууд байна. Энэ бол гэ­рээ­гээр тохирсон хатуу заалт. Гэтэл гэрээг бат­алсны дараахан энэхүү 90 хувийн эхний хэсэг болгож 3000 хүнээр Улаанбаатарын гу­дамж­ны хог шүүрдүүлэх ажлын санал Оюутол­гойн хөрөнгө оруулагчдын зүгээс гарав. Санхүү­гийн зардалд нь 12 тэрбум төгрөг төсөвлөн хотын захиргаанд шилжүүлэхээр болсон байв. Энэ нь сарын 180 мянган төгрөгөөр бодсон 3000 хүний цалин юм. Энэ бол Оюутолгойн хөрөнгө оруу­лагчдын эхний заль. Монголчуудыг дэндүү ба­сам­жилсан дорд үзэл байлаа. Монголчууд тө­сөлд нь ажиллана гэснээс бус, хотын гудамж шүүр­дэх гэж гэрээ байгуулаагүй. Оюутолгой төсөлд ажилладаг монголчуудын тоо одоо ч эргэлзээтэй. Яг төсөлд нь хятад иргэд голдуу гаднынхан, төслийн гадуур монголчууд олноор ажилладаг. Хөрөнгө оруулагчид 10 хүн тутмын 9 нь монголчууд гэж байгаа ч энэ нь төслийг дагасан ханган нийлүүлэлт, ажил үйлчилгээ, ер нь Оюутолгойтой холбоотой бүх компанийн монгол ажилчдын нийлбэр бололтой.Иргэний нийгмийн зарим байгууллага “Оюутолгойн яг төсөлд нь 2000 гаруй, төслийн хүрээнд 6000 орчим монгол хүн ажилладаг” гэсэн тооцоо гаргасан нь бий. Ийм утга бүхий сануулгыг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж парламентын төвшинд тавьж байсан. Тэрээр, төсөлд ажиллах, төслийн гадуур ажиллах хоёр огт өөр гэдгийг Засгийн газарт сануулсан удаатай. Оюутолгойн яг төсөлд хэдэн монгол хүн ажилладаг вэ.

2.

“Оюутолгойгоос хүртэх нийт ашиг монгол­чууд 71 хувь, хөрөнгө оруулагчид 29 хувь” гэх сурталчилгаа сүүлийн өдрүүдэд хэвлэлийн хуудас, гудамжны самбараас салахаа болив. УИХ-ын 23 гишүүн гэрээнд өөрчлөлт оруулж Монголын талын эзэмшлийн 34 хувийг 51-д хүргэх шаардлага тавьсны хариуд “Рио Тинто”-гийнхон ийм  PR-аар сөрөг довтлов. Үнэндээ 71 хувь бол Оюутолгойгоос хүртэх ашиг биш. Харин төслийг дагах мөнгөн урсгал. Өөрөөр хэлбэл, Оюутолгой төслийг дагах мөнгөн урсгалын 71 хүртэл хувийг монголчууд хүртэх боломжтой гэсэн Олон улсын валютын сангийн судалгаа байдаг. “71 хүртэл хувь” гэж байгаа болохоос яг 71 гээгүй. “Хүртэл” гэдэг нь дээд хязгаар нь 71, түүнээс доош  50 ч байж болно, бүр 30 ч байж болно гэсэн үг. PR бол эерэг сурталчилгаа болохоос иргэдийн тархи угаах заль биш билээ. Харин Оюутолгойнхон монголчуудыг ашиг, мөнгөн урсгал хоёрыг ялгахгүй гэж эндүүрэв. Оюутолгой төсөлд ажиллах монгол иргэдээр хог шүүрдүүлнэ гэж байсантайгаа адилхан талх, сүүгээр орлуулан монголчуудын ходоодоор нь дамжуулан тархи угаах гэж оролдов. Тэд монголчуудын ходоод нь тархиа захирдаг гэж андуурч байна. Гэтэл монголчууд бид төслөөс хүртэх ашиг, төслийг дагах мөнгөн урсгал хоёроо ялгах хэмжээний боловсролтой улс билээ. Ингэж үгээр тоглохоос гадна энэхүү 71 хувь гэдэгт Оюутолгой төсөлтэй ямар нэгэн байдлаар холбогддог бүх компанийн улсад төлдөг татвар, ажилчдынх нь нийгмийн даатгалд шимтгэлийг хүртэл оруулж тооцжээ. Хавийн юмыг хамаж, толгой компани нь Оюутолгойтой харилцдаг байлаа гэхэд охин компанийнх нь татварыг ингэж оруулж тооцсон нь Оюутолгой дагаж бидэнд ирж буй ашиг мөн үү.

3.

Анх гэрээ байгуулж гарын үсэг зурах үед Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалт 4.7 тэрбум ам.доллар байлаа. Үйлдвэр ашиглалт орж, баяжмалаа гаргаж авснаар анхны хөрөнгө оруу­лалт зогсоно. Анхны хөрөнгө оруулалтаа нөхсө­ний дараа Монголын талын хувь эзэмшлийг нэ­мэх бололцоо гарна, басхүү хоёр тал ногдол ашиг ху­ваах учиртай. Гэтэл 4.7 тэрбум доллараар төсөв­­лөсөн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ гэрээнд гарын үсэг зурснаас хойш 5.7 тэрбум доллар болж нэмэгдсэн. Ингэж нэмэгдүүлснээ нөгөө талын хувьцаа эзэмшигч болох Монголын Засгийн газартай хэзээ яаж зөвшилцсөн, ямар төвшинд баталгаажуулсан нь тийм ч тодорхойгүй байдаг. 5.7 тэрбум доллар дахиад л нэмэгджээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалт 6.1 тэрбум дол­ларт хү­рээд буй. Цаашид долоон тэрбум долларт хүрнэ гэдгийг Оюутолгой ХХК-ийн захирал Камерон МакРей сэтгүүлчдэд мэдэгдсэн.  Ингэж зардлаа нэмж буйн цаад учрыг хардаж харвал анхны хө­рөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонир­хол хөрөнгө оруулагчдад илт байна. Яагаад гэвэл анхны хөрөнгө оруулалт их байх тусмаа  түүнийг нөхөх хугацаа уртасна, хойшоо сунана. Анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа хойшлох тусам монголчуудын хувь оролцоо нэмэгдэх бололцоо хумигдаж, хамгийн гол нь монголчууд бид 34 ба 51 хувийн аль нь ч байсан өөрийн хувь эзэмшил­дээ ногдох ноогдол ашгаа авах хугацаа мөн л хойшоо сунана. Энэ бол хөрөнгө оруулагчдын бас л нэг башир арга гэмээр. Анхны хөрөнгө оруулалтаа хэзээ нөхөж дуусах, яг хэзээнээс хоёр талд ногдол ашиг хуваах талаар эцэслэн тохирсон, баталсан ТЭЗҮ байна уу.

4.

Энэ хэсэг бүр ноцтой. Оюутолгой төслийнхөн хоёр дахь санхүүжилтээ Дэлхийн банк тэргүүтэй дэлхийд томоохонд тооцогдох долоон банкнаас зээлээр авах гэж буй. Дэлхийнбанк л гэхэд Оюутолгой төсөлд санхүүгийн тусламж болгож 900 сая,  төслийн улс төрийн эрсдэлийн даатгалд нэг тэрбум долларын зээл олгохоо мэдэгдсэн. Эцсийн шийдийг ирэх арваннэгдүгээр сард гаргана. Үүнээс өмнө төслийн байгаль орчны үнэлгээ, нөлөөлөл, нөхөн сэргээлтийн төлөвлө­гөө, зардлаа монголчуудаар нээлттэй хэлэлцүү­лэх “гэрийн даалгавар”-ыг Дэлхийн банкнаас Оюутолгой төслийнхөнд өгчээ. Тэд өнгөрсөн наймдугаар сард дээрх санхүүжилтээ авахаар Дэлхийн банкинд хандсан ч байгаль орчны үнэлгээ, нөлөөлөл, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө зардлаа олон нийтийн хэлэлцүүлгээр баталгаа­жуулаагүй хэмээн хойшлуулж, 60 хоногийн хугацаа өгсөн юм. Тэд мөн байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллөө монголчуудаас, Дэлхийн­банк­­наас нууж байна гэж “Рио Тинто”-гийнхныг шүүм­­­жилсэн. Өнгөрсөн наймдугаар сарын 20-доор өгсөн 60 хоногийн хугацаа энэ сарын 20-доор дуусна. Залгуулаад арваннэгдүгээр сард Дэл­­хийн банк шийдвэрээ гаргана. Дэлхийн банк­ны энэ шаардлага бол “Рио Тинто”-гийнхонд хал­­гаа­­тай, монголчууд бидэнд хамгийн их хамаатай зөвлөмж. Оюутолгойн ордын алтыг “Рио Тинто”-гийнхон авч, авдар нь Монголд хоосноо­роо үлдэх, үгүйг шийдэх шаардлага. “Рио Тинто”-гийнхон Оюутолгойн алт, зэсийг ачиж дуусгаад Монголоос гарна, тэр цагт монголчууд Африкийн улс шиг ухсан нүх, хэдэн сэндвийчэн  амбаар, сөнөсөн байгаль орчинтой үлдэх үгүйг нь  мон­голчуудаар өөрсдөөр нь шийдүүл гэсэн сануулгыг Дэлхийн­банк өгчээ. Бид баялгаа булхайтай гэрээ­гээр алд­лаа гэхэд байгаль орчноо тэр чигээр нь сүйрүүлж болохгүй.  Бид баялгаасаа багахан ашиг хүртдэг юмаа гэхэд хожим нь ядаж ухсан нүх­гүй, хүн амьтандаа эрсдэл аюулгүй бай­галь орчинтой үлдэхийн тулд нөхөн сэргээлтийн зар­далд аль болох их хэмжээний хөрөнгө тусгуулах ёстой. Тэгж байж ухсан нүхгүй, нөхөн сэргээсэн бай­гальтайгаа хоцрох нь одоо тойрч хэрэлдээд бай­гаа 34 ба 51 хувиас ч илүү үнэ цэнэтэй. “Рио Тинто”-гийнхон ийм чухал ажлыг,  нээлт­тэй хийх ёстой хэлэлцүүлгийг зөвхөн интер­нэт зар тавих төдийгөөр хязгаарлажээ. Гэхдээ энд “Рио Тинто”-гийнхон гэхээсээ монголчууд бид өөрсдийгөө буруутгамаар байна. Энэ бол монголчууд бидний санаа тавих сэдэв болохоос хэзээ нэгэн цагт Монголоос гарах нь тодорхой “Рио Тинто”-гийнх­ны санаачилга гаргах ажил биш. Тэд аль болох бага зардлаар хуурч, зальдахыг л бодно. Гэтэл энд хамгийн түрүүнд дуугарч байх учиртай нөгөө олон иргэний хөдөлгөөнүүд хаачив аа. Улс төрийн сонгуульгүй учраас ичээндээ ор­чихов уу. Нөгөө иргэний нийгмийн олон тэмцэг­чид хаана явна аа. Төрийн ордонд орж, төрийн албанд томилогдохоо­роо зорилго нь ханачихдаг хэрэг үү. Оюутолгой төслийн албан ёсны сайтад орвол 10 хүрэхгүй хүн санал өгчээ. Мөн төрийн яам, мэргэжлийн агентлаг гээд арваад байгуул­лагад хандсан ч тэднээс ганц нь ч одоогоор ямар нэгэн санал ирүүлээгүй байна. Өмнөговийн нутгийг хэдэн жилийн дараа нүүрсний олон амтай өнөөдрийн  Налайх шиг болохгүйн тулд бид яах ёстой вэ.

5.

Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулал­тыг хэдэн жилийн дотор нөхөх талаар зөрүүтэй тооцоонууд байдаг. Анхны ТЭЗҮ-гээр бол 4.6 жил гэж бий. Гэрээнд 30 жил ч гэж бий. Монголын талын судлаачид болохоор үйлдвэр ашиглалтад орсноос хойш 6-8 жилийн дараа нөхөх бололцоо­той гэдэг. Нэг үнэн бол ямар ч аж ахуйн нэгж ашигтай ажиллаж байж, илүү гарсан ашгаасаа ногдол ашиг хуваана. Оюутолгой төсөлд онцгой нөхцөл байлаа байлаа гэхэд бүх зардлаа биш юмаа гэхэд анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа л ногдол ашиг хуваарилна. Тэр цаг хэзээ вэ. Энэ талаар Оюутолгой төсөлд Монголын та­лыг төлөөлж байгаа Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Цагаан “ногдол ашиг хуваарилах хугацаа наад зах нь 2021-2022 он” гэж ярилцлага өгсөн. Тэгэхээр бид хамгийн нэгдүгээрт, 2021 он хүртэл өөрт ногдох 34 ба 51 хувийнхаа алинд ч ногдох ногдол ашиг авч чадахгүй нь. Хоёрт, ногдол ашиг авах хугацаа түүнээс ч цааш сунаж мэдэхээр байна. Учир нь, “Рио Тинто”-гийнхон Оюу­толгой төслийн хоёр дахь ээлжийн санхүү­жилтэд дэлхийд нэр хүндтэй долоон банкнаас зээл авах гэж буйг дээр өгүүлсэн. Судлаачид ойролцоогоор дөрвөн тэрбум долларын зээл авна гэж байгаа. Олон улсын гэрээ дүрмээр бол зээлтэй аж ахуйн нэгж энгийн хувьцаанд ногдол ашиг хуваарилдаггүй юм байна. Гэтэл одоогоор манай 34 хувьд ногдох хувьцаа бүгд энгийн хувьцаа. Харин хөрөнгө оруулагчид давуу эрхийн хувьцаатай. Тэгэхээр анхны хөрөнгө оруулалтыг нөхлөө ч, зээлээ төлж дуусахаас нааш энгийн хувьцаатай монголчууд бид ногдол ашиггүй, давуу эрхийн хувьцаатай хөрөнгө оруулагчид ногдол ашигтай явж магадгүй нөхцөл байдал үүсч  байна. Гуравт, монголчууд бид огт ногдол ашиг авч чадалгүй уурхай хаагдах юм биш биз гэх хардлага зарим хүнд байна. Учир нь, ус бол Оюутолгой төслийн хамгийн том проблем. Хөрөнгө оруулагчдын хувьд усны хүрэлцээгүй байдал нь Монголын Засгийн газар гэрээгээ өөрчилчих вий гэдгээс илүүтэй санааг нь зовоож байгаа. Үүнээс нь, усгүйгээс болж зарим шинжээ­чид “Оюутолгой төсөлд аврах операци хэрэгтэй боллоо” гэж бичиж байна. “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Том Албаниз “Оюутолгой төсөл бол усны нөөцөөр 10 жилийн настай төсөл” гэж ярилцлага өгчээ. Түүний энэ ярилцлагаас10 жилийн дотор бололцоотой бүхнийг нь зөөгөөд усгүй учраас уурхайгаа хаана гэсэн үг үү гэсэн асуулт гарна. Арай тийм юм болохгүй л байх. Гэх­дээ дэлхий даяар уул уурхай эрчимтэй хөгжи­хийн зэрэгцээ хүчит техник, шинэ шинэ технологи нэвтэрч буй нь Оюутолгойн ашиглалтын хугацааг богиносгох бололцоотой. Одоогоос хэдэн жилийн өмнө, уул уурхай дөнгөж “мода”-нд орж байх үед канадууд Бороогийн ордыг 10 жил ашиглана гэж байгаад  40 гаруй тонн алтыг нь тавхан жилийн дотор зөөгөөд гарчихсан түүх  Оюутолгойд давтагдахгүй гэх найдвартай баталгаа байхгүй л байгаа шүү дээ.

6.

Монголчууд бид  34 хувийг эзэмшдэг хэрнээ өнөөдөр босоод буй, ашиглалтад ороход бэлэн болоод байгаа үйлдвэрийн бүтээн байгуулалтад нэг ч төгрөг оруулаагүй. Амбаар босгож үзээгүй хүн байшин барьдаг хүний зовлонг ойлгодоггүй гэдэг. Үүн шиг Монголыг тэжээх том төслийнхөө үнэ цэнийг дутуу үнэлж, хүний мөнгөнд хүйтэн сэт­гэлээр хандаж, юу юугүй гэрээг өөрчилнө, хувиа нэмнэ гэдэг бол өнөөдөртөө аминд тулсан чухал асуудал биш санагдах юм. Хэрвээ ашигтай ажиллаж байж ногдол ашиг хуваарилдаг нь эдийн засгийн хууль, анхны хөрөнгө оруулалтаа нөхсө­ний дараа двидент хуваах нь шударга зарчим, П.Цагааны хэлснэээр 2021 оноос нааш монгол­чууд бид ногдол ашиг авахгүй нь үнэн л юм бол 34, эсвэл 51 хувь гэдэг монголчууд бидэнд өнөөдөртөө алаагүй баавгайн арьс. Бид хэзээ авах нь сайн мэдэгдэхгүй, авлаа гэхэд хэдэн жи­лийн дараа хүртэх ногдол ашгийн 34 ба 51 гэсэн хоёр тоон дээр улс төр, популизм хийж байх зуур “Рио Тинто”-гийнхон бидний суган доогуур баялгийн маань өрмийг зувчуулах, төслийн эдийн засгийн хүртээмжийг биднээс тойруулах бодитой  нөхцөл, эрсдэл байгааг дээрх таван жишээгээр өгүүллээ. 34 хувиа нэмэгдүүлэх нь зөв. Гэхдээ үүнээс өмнө шийдэх олон чухал асуу­дал байна. Алаагүйн баавгайн арьс булаацалдан улстөржиж, тоо тойрч талцан зодолдохоосоо өмнө санаж, сэрэх учиртай зарим санааг жагсаавал,

1. Ногдол ашиг хуваарилж эхлэх 2021 он хүртэл Оюутолгой төслийн хаялгаас яаж ахиухан хүртэх, Олон улсын валютын сангийн судалснаар төслийг дагасан мөнгөн урсгалын 71 хувийг яаж Монголдоо бодитой шингээх талаар ухаан бодлоо уралдуулмаар байна.

2. Монголчууд бид 34 хувийг эзэмшдэг л гэдэг. Гэтэл Оюутолгой ХХК-ийн 34 хувийг эзэмшээд бай­гаа юм уу, 45 сая тонн зэс, 1800-гаад тонн алт бүхий баялгийнхаа 34 хувийг эзэмшээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. Бүр УИХ-ын гишүү­дийн төвшинд ч нэгдсэн ойлголт алга.Манай баялгийг барьцаалан олон улсын хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгоод л байдаг, түүнд нь монголчууд яаж оролцдог, тэндээс хувь хүртдэг эсэх нь бас л бүрхэг. Энэ тоглоомонд 34 хувийг эзэмшдэг монголчууд оролцмоор байна.

3. Хүртэх ногдол ашиг маань 34 ба 50 хувийн аль нь ч байж болно. Үүнээс өмнө анхны хөрөнгө оруулалтаа нөхөх, ногдол ашиг хуваарилах цаг хугацааг наашлуулмаар байна. Анхны хөрөнгө оруулалтын нэмэгдэлтэй хамт түүнийг нөхөх болон ногдол ашиг хуваарилах хугацаа  бас хой­шоо сунана. Зардалтай хамт бидний 34 хувьд ног­дох зээлийн хэмжээ ч нэмэгдэж байгаа. Үү­нээс гадна хэрвээ 34 хувиа нэмлээ гэхэд “Монголын талын хувь нэмэгдлээ ч, эрх мэдэл нь нэмэгдэхгүй” гэсэн гэрээний заалтыг ч давхар харах ёстой. Тэгж байж бид тоглоомыг хөнд­лөнгөөс харж суудаг байр сууринаас тоглогчийн байр суурьт шилжинэ.

4. Хэрвээ зээлтэй компани энгийн хувьцаанд ногдол ашиг хуваарилдаггүй гэвэл бид яах ёстой, цаашид хэдэн жил 34 хувиа голж, түүнийг 50 хувьд хүргэнэ гэж талцаж явах вэ. Ер нь энгийн ухамсрын төвшинд харвал төслийг хэрэгжүүлж байгаа Оюутолгой ХХК бол “Рио Тинто”-гийн охин компани бололтой юм. Амьдрал дээр охин компаниуд толгой компанийхаа шахааны газар болдог төдийгүй, ашгаа толгой компанидаа шилжүүлж, алдагдлыг өөртөө үүрдэгийг олон хүн мэднэ. Зах зээлийн ийм заль Оюутолгой ХХК болон түүний толгой компани Рио Тинто хоёрын дунд явахгүй гэдэгт баталгаа өгч, хяналт тавих бүтэц Монголын талд байх ёстой л санагдана.

5. Монголчууд бид 34 хувийг эзэмшдэг, дээр нь баялгийн эзэн. Тэгэхээр төслийг тойрч бус, төс­лийн гал тогоон доторхи тоглоомонд бодитой оролц­моор байна. Хэрвээ бид хувь эзэмшигч нь үнэн л юм бол Оюутолгой төслийн удирдлагын бү­рэлдэхүүнд орлогч, гүйцэтгэх захирлын төв­шинд монгол захирал яагаад ажиллаж болдоггүй юм. Мөнгө гаргаагүй гэдгээр шалтаглан хэдэн жил “хүүхэлдэй” явах юм. Жишээ нь, санхүү хариуц­сан нэг орлогч захирлыг нь Монголын тал авч, 34 хувийнхаа хяналтыг давхар тавьж яагаад болдоггүй юм.

6. Яг төсөлд нь монголчуудаа гэрээнд заасны дагуу 90 хувиар ажиллаж байгаа эсэхэд Засгийн газар, түүнийг төлөөлсөн төрийн өмчит компани хяналт тавих учиртай. Ханган нийлүүлэлт, тээ­вэрлэлтэд Монголын компаниуд бодитой оролцож “олон улсын гэх” нэрээр тендерийн ихэнхийг Оюу­толгой ХХК-ийн Бээжин дэх оффист зарла­дагийг хязгаарламаар л санагдах юм. Ханган ний­лүүлэлтэд Монголын компаниуд оролцдог л гэдэг. Үнэн хэрэгтээ “Моннис”, “Петровис” зэрэг 20 гаруй монгол компани, зарим нөлөө бүхий улс­төрчдийн лобби л гэрээний дагуу Монголоо төлөөлдөг давуу эрхтэй бололтой. Харин бусад нь Монголын гэх тодотголтой голдуу гадныхны хамтарсан компаниуд байх.  

7. Оюутолгой бол үнэхээр том төсөл. Монго­лын эдийн засагт одоо эргэлдэж байгаа мөнгөний тодорхой хувь нь Оюутолгой төслийнх гэдэг нь мар­гашгүй. Гэхдээ төсөлтэй нь, ханган нийлүү­лэлт, хөрөнгө оруулалттай нь харьцуулбал манай эдийн засагт эргэлдэж байгаа Оюутолгойн мөнгө бол зүгээр л задгай мөнгө. Иймд төслийн хаялгийг ахиухан хүртэхийн тулд Оюутолгойн ханган ний­лүүлэлтийн тендерийг нээлттэй зарлаж,  ялагчийг ч  олон нийтэд нээлттэй зарладаг болмоор байна. Энэ бол дэлхий дахинд нэвтэрч байгаа хариуц­лагатай уурхайн хэлбэр бөгөөд хаа хаанаа хар сэр үүсгэхгүй шударга зарчим. Гэрээний биелэл­тийг монголчууд нийтээрээ хянах бололцоотой болно.

8. Ер нь бид гэрээндээ өөрчлөлт оруулна гэхээсээ өмнө гэрээгээ хянах, гэрээнийхээ шаард­лагыг хангуулах тал дээр Засгийн газар, УИХ хүч нэммээр байгаа юм. Биднийг ТУЗ-д төлөөлж суугаа гурван монголд маань үнэхээр хүч ч, санал өгөх гар ч дутдаг бололтой. Гэрээнд өөрчлөлт оруулж ашгаа нэмж болдоггүй, ашиг хүртэх хугацаагаа наашлуулж болдоггүй юм бол роялти, экспортын татвараа нэмэх замаар төслийн хаялгаас ахиухан хүртье л дээ.

9. Оюутолгой том төсөл ч, ХХК нь хуулийн өмнө Монголын 50 мянган аж ахуйн нэгжийн л нэг. Гэтэл тэд манай Ерөнхийлөгч, Засгийн газар­тай шууд харилцах бие төлөөлөгч бүхий давуу эрхтэй. Ерөнхийлөгч, Засгийн газартай ингэж бие төлөөлөгчөөр дамжиж харилцдаг хэрнээ төслөөрөө наана Ханбогдын Засаг даргын харцанд баригдаж, цаанаас Хятадын Баяннуур сумын намын даргын аманд унаж явдаг нь бас л шог хуваарилалт.

10. “Рио Тинто”-гийнхон Оюутолгой ордыг олсон нээсэн, хөрөнгө гаргасан гэдгээрээ бүх юманд давуу эрх эдэлж биднийг үл тоодог. Тэгвэл монголчууд бид төслийн амин чухал “хөдөлгүүр” болох усаараа давуу эрх эдэлье л дээ. Оюутолгой төслийг усаар хангах Гүний хоолой гэдэг газар нь энэ төслийн лицензит талбайн гадна байрладаг юм билээ. Тэгээд ч аль ч улс оронд ус бол төрийн монополь өмч байдаг. Тэгэхээр төслийн хаялгаас ахиухан хүртэхийн тулд Монголын Засгийн газар усан дээрээ хүссэнээрээ танц эргэе л дээ.