Одоо "ном бол ертөнцийг харах цонх" биш болсон. Жинхэнэ "вин­доус" бол харин интернэт байх шүү. Энэ хоёрын аль нэг рүү ан­хаарлаа хандуулж цаг зав гаргахаа  орчин үед эрс багассанд улс үн­дэст­нүүд санаа зовох болжээ. Мэдвэл зохих мэдээллүүд идэх юмаар дүүргэсэн хөргөгч лугаа компьютерт чихээстэй юм чинь гэж боддог байх. Би маанаг ч гарт яваа утас минь ухаантай юм чинь. Тэгэ­хээр бодох, танин мэдэх шаардла­га алга. Шаардлага гарвал ганц товч дараад л энэ ямар учир утгатай эд гэдгийг хэдэн мянган хувил­бараар нь илэрхийлсэн "персен­тейшн" гаргаж авч болно. Цаашид ядарсан ч гар утас, компьютер­тэйгээ мөн янжууртайгаа яваад байх шинжтэй. Тийм нөхцөл бай­дал дунд "ном унш" гэж загнах нь угтаа их л хоцрогдсон арга барил юм даа.  Тэгэхээр гар утас, интер­нэт, компьютерийн тоглоом, заа­ланд бөмбөг шидэх зэргээ танан байж маань унших лам лугаа ном баринтаглан үүрэглэх нь дараа ямар ач тус өгдөг юм. Ихэнх ном түүнийг зохиогч нар машид ам­бицтай агаад "Би ийм мундаг" гэсэн санааг боломж бүр дээр эрээ цээргүй шигтгэдэг. Сүүлдээ хүн болгон амьдралдаа мод,ном, нэг нь юутай болох билээ тийм юм бү­тээвэл буян гэх хэлц тархаж хэн дуртай нь юу ч хамаагүй сараачих болсон. Ялангуяа их дээд сургуу­лийн багш нар жилд таваас доош­гүй боршуур цаасан дээр үдэн оюутнууддаа шахдаг гэсэн. Тэгчи­хээд дараагаар нь "Одооны хүүхэд хэрэг алгаа. Ном уншихаа байчих­лаа..." гээд байгаагийн цаад санаа арай өөрөөр ойлгогдоно.  

Ном ба зохиолч хоёр ХХ зууны төгсгөл хавьд бараг сөнөдгийн даваан дээр ирээд одоо сэргэчих­лээ. Энэ үзэгдэл зөвхөн Монголд болоогүй юм шүү. Электронжсон, цахимжсан, мэдээллээр хахсан нийгэм дотроос энэ хэдэн навсар­хай цаас яагаад босоод ирэв гэдэгт одоо болтол гайхаад л байдаг юм. Телевизээр хамгийн сайн багш маш гоё хичээл заагаад байхад тэрнийг ойлгоогүй хүүхэд анги дээрээ очоод муу багш, ном хоёр­тойгоо зууралдахаар болоод яв­чих­даг. Энэ ямар учиртай юм бол. Түүнээс гадна мэдээ нийтлэлийг компьютероос биш сонины цаас шажигнуулж байгаад уншихаар шал өөр байдаг гэж олон хүний амнаас сонссон. Энэ тухай бурх­наас биш шинжлэх ухаанаас асуух цаг болсон. Бурхан бол яахав аль эрт хэлдгээ хэлчихсэн.

Ямар ч байсан ном унших дэмий биш гэдгийг хүлээн зөвшөө­рөх ч харин ямар номыг унших тухайд асуудал босч ирдэг. Уншиж байгаа нь энэ гээд Чейзийн адал явдалт романууд, шар сонины янаг шуламны явдалд шимтээд ажлаа алдвал хэцүү л дээ. Бестселлэр борлуулалт бүхий ном гэж их рекламдаж байна. Ном уншилт сэргээд эхэлмэгц бас номын ченж, бизнес дагаад салахаа байсан. Маш олон хүн хошууруулсан ямар ном бэ гээд очоод үзэхээр сэдэв нь англи хэл сурах тухай, эсвэл хэрхэн хурдан баяжсан тухай бичвэрүүд зонхилно. Хүн өөртөө хэрэгтэй юмаа л авна. Дээрх хоёр сэдэв олон хүнд хэрэгтэй учраас л тэр биз. Харин хэрэг болгож чадсан нь хэд байдаг бол.

Токио хотын бүх булан гудам­жийг номноос уншиж цээжилснээс ухаалаг GPS байхад л болоо. Энэ мэтчилэнгээр унших цаг завнаасаа салж амар болоод байсан юм. Тэгсэн чинь хүн өөрөө шал балай амьтан юм. Эргэн тойрон дэмий хэрэгцээгүй зүйлс тойруулж байж сая нэг амьдарсан шиг болдог аж. Хүн гэлтгүй амьтан ч ялгаагүй дээ. Хөгшин бурхи шиг хашир амьтан үгүй гэцгээдэг. Гэвч тэр анчны даллуурт тэсгэлгүй өндийн босч хошгирно. Тэр тарвага ингэж  со­лио­рохын төлөө л бүх амьдралаа зориулсан ч юм шиг. Хүний амьд­ралд ажил, өндөр цалин за тэгээд гэр бүл зохиож орон байртай бо­лох гээд чухал хэрэгцээнүүд байна. Харахад хамаг амьдрал энэний төлөө явсаар байгаад таардаг мэт. Гэвч чөлөө л гарвал сайхан дуу сонсмоор, хайрлан дурламаар, аялан зугаалмаар, гоо үзэсгэлэнг хараад зогсохгүй бусдад илэр­хийл­мээр ч юм шиг. Энэ нь ямар ч утгагүй мөнгө цагийн гарз уу? Янаг дэмий юу?. Нүдээрээ  ном биш ч бусад үзэгдлийг өдрийн турш унш­даг. Ихэнх уншилтууд барааны танилцуулга, мөнгөний тоо гэх мэт ахуйн чанартай учир хүний ой тойнд эрхэмсэг байр суурь эзэл­дэггүй. Эргэн тойрон дахь үзэгд­лийг сэтгэлдээ гоёмсгоор ургуу­лах чадамжгүй цэвдэгшихээр хүн бай­тугай амьтан хүртэл удаан тэсч чаддаггүй. Тэрхүү бурхи шиг нэг л өдөр тэсэлгүй хошгироод буудуулж орхино.

Хүүхдүүдийг зөвхөн конкурсанд нь бэлтгээд дараа нь ямар нэгэн нарийн мэргэжил эзэмшүүлэх чиг­лэлээр уншуулаад л давтуулаад л байдаг. Үр дүн гарч ажил төрөлтэй амьдралтай боллоо. Хожим өндөр албан тушаалд ч хүрч болно. Өөр гоц гойд чимэг зүүлтгүй бол "Но­восельцивтой суудаг хөлдүү авгай" нэгийг нийгэмд бэлдэж өгчээ. Нийг­мийн дунд, дээд давхаргад иймэр­хүү ажлын малнууд улам олширч байна. Ажлаасаа өөр дэмий юм хийдэггүй. Тэр дэмий юмны тоонд "ном унших" явдал багтана. Үүнийг зөвтгөхийн тулд элдэв балай хов жив бүхий шар сонины хуудсуудыг заачихад л болоо.

Ажлын малнууд хорвоод хос­лон жаргах хувь заяагаа хүртэл   авгай нөхөр авах шаардлага гэж үзэн уг  асуудлыг зохих веб сайт, программ руу орж танилцсаны дараа шийдвэрээ гаргана. Тэгээд ТЭЗҮ гаргаж  хамт амьдрагч этгээд рүү санал тавина. Энд хайр дур­лал, гоо үзэсгэлэн, соёл урлаг, үндэс язгуур зэрэг нь түүний хувьд зүгээр л балайрал. Албан байгуул­лага, гэр оронд ч ялгаагүй тайлан тооцоо, мөрийн хөтөлбөр, ашиг орлого дээр амьдрал тулгуурлаад явчихаар орчлон хорвоо бүхэлдээ хиймэл зүлэг шиг нэн уйтгартай. Энэхүү нягт чамбай программ­чилсан аж байдлаа хэзээ нэгэн цагт мэдэрч түүндээ ихэд гутан зангиагаа авч чулуудан хэн нэгнийг адгийн муухайгаар харааж зүхэх зэрэг нь юу ч биш болж, орвон­гоороо эргэх тохиолдол элбэгшжээ. Уран зохиол, яруу найраг, нийтлэл зэрэг бүтээл нь хүний оюун сэтгэ­хүйд дуслын тариа залгасан мэт үг бичиглэлүүд нэг нэгээр шигдэн орж ёс суртахууны суурь тэжээл болж өгдөг. Үүнийг түргэвчлээд кино юм уу телевизээр орлуулчихаар дараа нь ой санамжид тун бага мэдээлэл үлдэж хоцордог ба харин ч бүр цагийн гарз. Тэгэхээр соёлт ертөн­цөд хэвийн амьдрахын тулд  унших үйл ажиллагаанд зайлшгүй тодор­хой цаг зориулахаас өөр гарц үгүй. Ном уншиж байгаагүй, оньсого таахыг оролдоогүй, зүйр сэцэн үгний учрыг ч чихний хажуугаар өнгөрөөж байсан хүн хожим тэр хэмжээгээрээ оюун санаа, танин мэдэхүйн эрх чөлөөгүй амьдардаг. Бусдад гайтай нь гэвэл ихэнх номгүй толгойнууд өөдгүй шаар­нууд, сэрүүн дотортнууд болцгоо­дог. Солонгосын нэгэн эмнэлэгт гал гарсан чинь бүгд зугтааж байхад хараар ажилладаг гурван Монгол залуу бусдыг аврахаар зөрөөд орж байсан. Тэдний багад энэхүү сайхан сэтгэлийг физик химийн хичээл дээр заагаагүй. Уранзо­хиолын хичээлийн дүн хожим өөр газар тавигддаг. Тийм болохоор  өнөө маргаашаас хэтэрдэггүй  Бо­ловсролын бодлого энэ хичээлд юу гэж  ач холбогдол өгөхөв.  Нүд, чих, хэл мэт мэдрэхүйн эрхтэн тархи руу нэвтрэх бөглөөг ном унших замаар  сүвлэж онгойлгодог. Хүүхэд нялх­даа зөвхөн гялгар юм хараад баясдаг байсан бол томроход, улмаар бичиг үсэгтэй болоод эхлэ­хээрээ бахархан шохоорхох зүйл тоглоомоор хязгаарлагддаггүй. Хэрэв хашир тарвага ном уншдаг байсан бол анчны даллуурт тэгтлээ шохоорхож гэнэдэхгүй л болов уу. Гоо үзэсгэлэн, уярал гутрал, энэрэл жигшлийг  эд эрхтэнээрээ мэдрээд байгаа мөртлөө түүнийг сэтгэлдээ хүлээж авах, буцааж гаргах ча­дамж­гүй байх нь нэн харамсалтай. Шаазгай хүнээс дутахгүй удаан "ярьж" чаддаг. Гэвч тэр шувууны шувуун тархинд хэдхэн аялгуу л бий. Тэгвэл номтой хүн чалчиж донгосдоггүй бусдад хэлж чаддаг, бусдаас ухаарал авдаг. Уран зо­хиолд ойртох тусам үгнүүд шинээр хуримтлагдсаар байдаг. Нэмэгдсэн үг бүр ардаа шинэ мэдлэг, өөр илэрхийлэл, бас нэг боломжуудыг давхар тээнэ. Нэг үгийг таван орны хэл дээр мэдэхээс илүүтэй нэг үгийг таван янзаар хэрхэн хэлдгийг эхлээд мэдэж авах нь жинхэнэ төгс боловсрол байхгүй юу. Чухам үүний төлөө монгол хэл, уран зохиолын хичээл гэж байсан юм. Үүнийг зохиолчид хангаж өгдөг байв. Одоо хүүхдүүдэд тийм хичээл орохоо больчихсон байна. Тэргүү­лэгч үндэстнүүд хэл уран зохиолын хичээл их заадаг болж. Тэгээд дараа нь тестээр биш эссэгээр конкурс өгүүлж юмс үзэгдлийг хэн хамгийн сайн илэрхийлэл үгээр үзүүлснийг нь сургуульд элсүүлдэг болж. Практикт суу авьяастан л биш бол үгнээс, бичвэрээсээ давж сэтгэх гэж бараг байдаггүй. Оюун ухаан сэтгэлгээ ямагт үгний гачаалд ордог. Нөгөө "Сэрэлт"-ийн Бумаа авгай Орос докторыг "Ишш хэл мэддэгсэн бол нэг сайн загнах юмсан " гэдэг шиг. Суу авьяастнууд ч өөрийгөө агуу нээлтээ бусдад илэрхийлж чадалгүй, үр дүнг нь амьддаа үзэлгүй өнгөөрсөн жишээ хорвоогоор дүүрэн. Дэмий л ба­чуурч намайг 100 жилийн дараа л та нар ойлгоно гэж цамнаад бай­даг.

Үнэн ч юм уу худлаа ч юм уу.  Хүн төрөлхтөнд зориулсан аливаа шинэ санаа, нээлтүүдийн хамгийн агуу нь энгийн байдаг. Өөрөөр хэлбэл тайлбарлаж болохуйц, ойлгоход улам хялбар байх жишээ­тэй. Шинэ загвар болгон авсаар­хан төвөг багатай болсноороо амжилтад хүрдэг. Шинжлэх ухаан бүрийг үгээр илэрхийлж, бичгээр тайлбарлах боломж бий. Улам амархан ухуулан ойлгуулж ч болно. Лав л манай монгол хэлэнд  хан­галттай олон үг бичигдэн тэм­дэглэгдсэн байдаг. Тэгэхээр бидэнд маш ухаалаг амьдрах боломж байгаа байхгүй юу. Гэвч эргэн тойрон шаазгайнууд бий болчих­вол бүх хөгжил царцаад эхэлдэг. Шаазгай олширсон нь ном уншаа­гүйн хар гай.

Олон тансаг гоё үгийг номноос түүж авсан төдийд зан суртахуунд дэвшил гарахгүй. Дараагийн алхам нь үгнүүдийг зөв байршуулах, оновчтой хэллэгт суралцах явдал болой. Үг, өгүүлбэр, өгүүллэг, тууж, роман гээд шат дараалан номын ертөнц рүү нэвтэрч түүнээс хэрэг­тэй юмаа оюун ухаандаа байр­шуулах нь амар биш. Ялангуяа Монголын уран зохиол, Монгол хэл бол өрнө дорныг хосолсон адар­маатай гүн сэтгэлгээнүүд ихтэй, ажиллагаа их ордог хэцүү хичээл. Гэвч энэ хичээлийг хүн бүр даван туулах шаардлага бий. Ард түм­нийг хэн ч шаардаагүй байхад бүгд л хүүхдээ лам болгох гэж зорьж байсныг эргээд санахад илүүдэх­гүй. Энэ нь нэт ухаантай хутагт хувилгаан болчихсонд нь  биш ядаж л ёс суртахуунтай, хүнлэг, хүн шүү юм болгох гэсэндээ хүүхдээ багаас нь номын дуу сонсгож бай­жээ.

Шинжлэх ухаануудыг "танил­цах аялал" маягаар үзээд хааж болох юм. Харин бид насан турш­даа зөвхөн монголоор ярьж, бичих, улмаар монголоор ойлголцох хувь тавилантай. Гадагшаа гараад өөр улсад ажил л олдох болохоос эрх чөлөө, эрх мэдэл аль ч орон өгөхгүй нь тодорхой. Мөн түүнчлэн бид өөрсдөө гадаад хүн байтугай зэр­гэлдээ нутгийн хүнийг ч  сумын  дарга тавьж тэвчдэггүй.

Монголын уран зохиолд төвөг­шөөж, улмаар унших бичих зайлшгүй шаардлагаас зайлсхийх тутам эргэн тойронд хүйтэн хөх өнгөөр инээсэн хүн роботууд үрждэг. Ном уншвал унш боливол боль гээд дуранд нь хаячихлаар тэрнийг сөхөх завтай хүн олдохгүй.  Ном утга зохиол огт сонирхдоггүй эрдэмтэн, инженер, улстөрч, биз­несмэнийг тэнэг гэж хэлж болдог­гүй. Тэгсэн мөртлөө номтой малч­наас дор ёс суртахуунтай, увайгүй зан чанартай байдаг. Тийм хүмүүс­тэй байснаас байгаагүй нь хамаа­гүй дээр. Тэд бол захиалгат ажил­тан болохоос улс орны эзэн биш.