“Black hawk” нисдэг тэрэг чамгүй чанга дуутай. Зорчигчид ар араасаа цувран дохиогоор орж сууна. Хав хар баг, сүртэй өмсгөлтэй хамгаалагч цэрэг үүнийг 2 хуруугаараа маш ойлгомжтой хийх. Баруун, эсвэл зүүн. Чи, эсвэл чи түрүүлж ор. Харин бид цэргийнхэн биш, зах махаар тэнээд баахан юм авчихсан бондгор ачаануудтай бойтог хүмүүс. Дээрээс нь 15 кг сум нэвтэрдэггүй хантааз, толгойдоо 6 кг дуулгатай. Угаасаа л цэргийн гутал, формондоо л түүртэж явдаг маниус “байлдааны маягаар” нисдэг тэрэг рүү харайж орох гэж элгий нь авна. Бид афганистаны хойд хэсгийн Бадахшан мужид байх Мазари Шариф хотын Мармал баазаас Файзабад хот руу нислэг үйлдэж байгаа нь энэ юм.

Нислэг үйлдэх гэдэг бол цэргийн хэллэг. Миний тэмдэглэлд цаашдаа энэ мэт хэллэгүүд бөөн бөөнөөрөө гарах болно. Хорь хоног цэрэг байж байгаад ирсэн гэсэндээ зах зухаас нь гадарлахтайгаа болж.

Чих бөглөдөг бохь шиг ирзээнээ хаана хийснээ санадаггүй ээ. Тасралтгүй дгдгдг гэсэн чих дөжрөм дуунд цохиулсаар цаг хагас нисэв. Нисдэг тэрэг ил харагдах 3 хэсэгтэй. Нисэгчийн бүхээг, залгаад хаалгагүй задгай хэсэг, тэгээд 6-8 хүн суух кабин. Мэдээж тэр нь хаалгатай. Харин өнөөх задгайд нь лут том пулемёттой хоёр цэрэг 2 тийш харан сууна. Хэрэв газраас буудаад эхэлвэл дор нь хариуг нь өгнө.
Тувт дэнсэлсээр байгаад л газардсан даа. Мэнд л буудаг юм бол хэзээ ч ахиж 100 татахгүй гэсэн бодол арай орж ирээгүй ээ гэхдээ. Харин, за ингээд дороос тас няс гээд л буудаад унахын биш байгаа гэсэн бодол байсгээд орж ирнэ. Өнөө 2 маань хоёр талаа байнга бэлэн харж яваа ч яг чанх доороос буудвал яах билээ ч гэж бодогдох шиг. Хэрэв тэгвэл тэд тийшээ хариу буудах гэж тонгойж байгаад ойчвол яанаа ч гэсэн дэмий юм бас орж ирэх. Хожим сонсох нээ би ганцаараа ч тэгж түгшиж яваагүй юм билээ. Буусны дараа ёохххх гэж нэг амьсгаа авсан. Тэгээд өдөржин чих шуугисан. Тэр ирзээнийг мартаж л байдаг, цъ!  

Харин очсон газрын цаг агаарын тааламжтайг гэж. Тойроод нэл ногоон уулс. Агаарын хэм нь Кабул, Мазари эд нарыгаа бодвол хамаагүй бага. Салхи нь сэрүүн. Бүр сэвэр сэвэр хийнэ. Гэхдээ тэр нь монголоор бол муухай бүлээн салхи л даа.

Урьдын л  адил бүрэн зэвсэг агссан манай цэргүүд тосч хамгаалалтад авав. Тэндээс хуягласан машинаар хөдөлж баазын дотогшоо нэвтэрсэн. Очих газар болгондоо бид хамгийн түрүүнд буугаад зураг хөргөө авдаг ажилтай. Генералыг бууж ирэхэд нь манай цэргийн бүрэлдэхүүн жагсаж рапорт өгдөг, тап тап алхаж, цуурайтуулан мэндэлж, ура хашгирах нь хараад хараад ханашгүй бахтай эд. Дотроос юм огшоод цэрэг болох юм сан гэж өөрийн эрхгүй бодогдох гэнэ. Дараа нь зочид ба монголын цэрэг дарга нарын өргөн танилцлага явагдана. Хоёр талдаа содонхон уулзалт байдаг юм. Тэд хүний мөрөөс, харин бид хүний мөрөөс болсон цэргийн мөрөөс. Гэвч энэ удаа илүү содон залуус угтаж авлаа.

Тэд бараг бүгдээрээ сахалтай байв. Хууз нь хууз, живэр нь живэр, эрүү нь эрүү... Ингэж болдог билүү гэсэн шүү юм бодсоор зурагаа авч дуусаад үүргээ үүрэн өрөө рүү гээ сажиллаа. Ингээд бид аяллынхаа 6 дахь өдөртөө орчихож байгаа нь энэ. Цаана нь ахиад хоёр долоо хоног байгаа.


"Зөвлөлтийн хаягдсан танкан дээр гараад суучихсан хүүхдүүд. Биднээс мөнгө, ус бас миний нүдний шилийг гуйсан. Бид алийг нь ч хялайлгаагүй"

Бид гэдэг бол Олон улсын эвслийн цэргийн хүчний явуулж буй “Афганистаны тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд оролцож байгаа монголын цэргийн багийн ээлж хүлээлцэх комисст багтаж явах аз тохиосон “хэвлэл мэдээллийнхэн”. Комисс гурван хүнтэй. Комиссын дарга ЗХЖШ-н ХШҮГ-н дарга бригадын генерал Г.Энхбаатар. Комиссын нарийн бичгийн дарга дэд хурандаа М.Батчулуун, комиссын гишүүн дэд хурандаа Ж.Баясгалан. Харин “бид” зургуулаа. БХЯ-ны гэрэл зурагчин ахмад Ц.Баярсайхан, Соёмбо сонины сурвалжлагч дэд ахлагч Алтанхуяг, дуулга студийн найруулагч Эрдэнэсүх, Өнөөдөр сонины сурвалжлагч Цолмон, Боловсрол ТВ-н зураглаач Мөнхзол тэгээд би гээд дуусаа. Бичвэрийн дээр хавьд бойтоглоод байгаа “цэргийн биш” улсууд нь эдгээр хэвлэлийнхэн. За миний хэвлэлийнх гэж юу байхав, кино бичьюү санаатай л амьдрал үзэх гээд явж байгаа царай нь. Амьдрал ч үзэх нь “үзсээн”.

Энэхүү хураангуй тэмдэглэлийн үргэлжлэлийг "Үндэстний тойм" сэтгүүлээс уншна уу. Сонгууль наадам бүх юм цэгцрэхээр дэлгэрэнгүй цуврал, зурган нийтлэл зэргээ энд гаргая. Сонирхол татна гэдэгт найдаж байгаа.

Ps: Яагаад цэргүүд сахалтай байгаа, мөн яагаад тэр танкан дээр суугаа хүүхдүүдэд юу ч хялайлгаагүй тухай, ер нь юм бүхний тухай дараа дараа өгүүлэх болно.