ЭНЭХҮҮ АТЛАСЫГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Чиний гар дээр очиж буй энэхүү атлас бол эх дэлхийгээ таньж мэдэх цонх юм. Энэ цонхоор чи ертөнцийг судлах болно. Газрын зургийн талаар мэдлэгтэй болохын тулд Газрын зураг уншиж сурцгаая хэсгийг уншаарай. Дэлхийн талаарх зарим үндсэн баримтыг Дэлхий гариг хэсгээс үзэж болно. Дэлхийн физик газарзүй хэсэгт хүрээлэн байгаа орчин, далай, байгалийн тухай газрын зургууд бий. Дэлхийн нийгэм-эдийн засгийн газарзүй хэсэгт дэлхийн аж ахуй, шашин, хэл соёл, нөөц баялгийн холбогдолтой зургууд багтав. Үүнээс цааш дэлхийн 7 тивийг бүлэглэн танилцуулав. Энэ бол чи бидний амьдардаг гариг. Эх дэлхийгээ тань, судла, хайрла.


ГАЗРЫН ЗУРАГ УНШИЖ СУРЦГААЯ!

Газрын зураг бүхэн ямар нэг зүйлийн талаар өгүүлдэг. Харин тэр зүйлийг нь ойлгохын тулд газрын зургийг уншиж сурах хэрэгтэй. Ямар нэг газрын байршлыг олоход газрын зураг тусална. Учир нь, Дэлхий дээрх ямар ч газар үнэмлэхүй байршил хэмээх нэг тусгай хаягтай байдаг. Уртраг, өргөргийн шугамуудыг ашиглан газрын зураг дээр аливаа газрын байршлыг хялбархан олж болно. Түүнээс гадна, Дэлхийг бүхэлд нь хамарсан байршил тодорхойлох систем (GPS) зэрэг тусгай хэрэгслүүдийн тусламжтайгаар хиймэл дагуултай холбогдон тухайн газрын үнэмлэхүй байршлыг тогтоож болдог.

Газрын зураг газрын хол, ойр, зүг, чигийг олоход тустай. Газрын зургийн масштаб нь газрын зурган дээрх зай, дэлхий дээрх бодит зай хоёрын харьцааг илэрхийлнэ. Газрын зурган дээрх луужин зүг чигийг заана. Ихэнх хүмүүс хойд зүгийг газрын зургийн дээд хэсэгт тэмдэглэсэн байдаг гэж боддог. Гэвч үргэлж тийм байдаггүй.

Газрын зурагт бусад мэдээллийг таних тэмдгээр илэрхийлдэг. Эдгээр таних тэмдгийн учрыг мэдсэнээр өргөн хүрээтэй мэдлэг олж авах боломж бүрдэнэ. Үүний тулд газрын зургийн түлхүүрийг ашиглах хэрэгтэй. Чи газрын зургийн түлхүүрээ ашиглан газрын зураг хэмээх сонирхолтой нууц бичээсийн учрыг тайлаарай.

НЭПКО хэвлэлийн газар