Да & Энхбаяр юм биш үү
Монголын улс төрийн голлох хоёр хүчин Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор илэрхийллээ.
Сурталчилгааны хугацаа хэт давчуу хоногт явагдах учир намууд нэр нь тодроогүй „баатар”-ыг биш нийгмийн танил фигур сойх нь ач холбогдлын хувьд илүү. Энэхүү ач холбогдлыг намдаа авч ирсэн нэг суудлаар, намын нэрэнд шигтгээ төдий гялалзаад 2012 он гэхэд мартагдсан байх ялалтын даруухан нэр төрөөр биш юм гэхэд намаас зарлагадах мөнгөнд хэмнэлттэй гэдгээр ч тайлбарлаж болох юм. Учир нь эл жижиг сонгууль улс орон маань эдийн засгийн хямралд гүн шигдсэн хэцүүхэн үед болж байгаа шүү дээ. Гэвч манайхан мөнгөгүй, яанаа ийнээ хэмээн орлилдож байгаад л мөнгөний сонгууль явуулж заншсан улс. Энэ удаа ч тэр маягаараа л явах байх.
Өнөөдөртөө гаднаа ийнхүү амт шимтгүй үзэгдэж буй энэ удаагийн сонгууль бүх нийтийн сонирхлыг татаж болохуйцаар хөрвөөх ганцхан хувилбар л харагдана. Тэр нь энэ өдрүүдэд намын гишүүнчлэлээ сэргээж буй экс ерөнхийлөгч Намбарын Энхбаяр сонгуульд өрсөлдөх явдал юм. Хэрэв Н.Энхбаяр өрсөлдөх шийдвэр гарган энэ тойрог руу шийдэмгий алхан орж ирвэл улс төр бүхэлдээ хөдөлгөөнд орно. Түүний дэмжигчид хийгээд хүний өөрийн бүхий л дайснууд нь татагдан орж ирж, өмнөхөөс адармаатай урцалдаан үүсч таарна. Энэ бол хэт үнэнд хамрагдаж мэдэх гаргалгаа юм.
МАХН-ын эрх мэдэлтэй байгаа хэсгийнхэн энэ үйл явцыг нэг их таашаахгүй угтаж болох ч бага хурал нь өнөөхөндөө ялдамхан инээмсэглэсээр цог золбоотой алхан ирэх хуучин даргаа алга ташин угтахад бэлэн. Парламент доторх олонхийн бүлэгт ч түүний команд байгаа. Дээр нь тахимаа өгсөн хуучин ерөнхийлөгчөө энэрч хайрлах, шууд утгаараа өрөвдөн түших монгол хүний сэтгэл шингэсэн тодорхой хувийн дэмжлэг бий. Хэдийгээр Чингэлтэй дүүрэг шинэ Ерөнхийлөгчийг сонгосон цэнхэр тугтай тойрог ч гэлээ, зарим судалгаагаар Ардчилсан нам МАХН-аас илүү рейтингтэй байгаа ч гэлээ дээрх бодит хүчин зүйлс эл хөрсөнд шингээстэй байгаа нь нууц биш билээ.
Н.Энхбаярын ялагдлаас өндөр таашаал авч, өнөөг хүртэл халамцуу яваа улс төрийн зүтгэлтнүүд манай улс төрд бага биш хувьтай байгаа нь бас далд зүйл биш. Ний нуугүй хэлэхэд энэ хавар хүнийх нь ч, өөрийнхөн нь ч дарагдаж өгдөлгүй арван хэдэн жил магнайлсан Намбарын Энхбаярыг унагахад хүчин зүтгэсэн шүү дээ. Энэ агаар Н.Энхбаярыг эргэж улс төрд хөл тавихын эсрэг хамаг хүчээрээ шуурч таарна. Их улс төрд Н.Энхбаяр эргэн орж ирснээр өнөөгийн засаглалын хувиар, одоо оршин буй статус орвонгоороо өөрчлөгдөх магадлал бий. Энэ л түүний дайснуудын хувьд байж болох хамгийн бодитой айдас юм.
Өөр нэг хувилбар тархаж буй нь экс ерөнхийлөгч Н.Багабанди ажин түжин байдлаа орхин, одоо л нэг хөдөлж эхлэх шийдвэр гаргасан гэх мессеж юм. Түүний зүгээс Н.Энхбаярыг хаах, зөвхөн түүнийг л нэг мөсөн дарж авах бодлогоос өөр тохиолдолд ямар нэг дэл сул алхам хийхгүй болов уу. Хэдийгээр баттай бус эх сурвалжуудаас Н.Багабанди намын удирдлагуудтай тохироонд орсон, энэ удаа яг орж ирнэ гэсэн мэдээлэл түгэж байгаа ч үүнийг шууд үнэмшин хүлээж авахад бэрхтэй юм. Тэгэхээр Н.Багабанди гэсэн шошготой хувилбар арай л дэгс яриа болов уу. Хэрэв үнэн байвал МАХН дотор жинхэнэ гал ассан том „дайн” өрнөнө гэсэн үг. Эднийхээс нэр дэвших магадлалтай хэмээн цацагдаж байгаа бусад эрхмүүдийн хувьд ердөө таамаг төдий зүйлс. Ялангуяа хотын дарга Г.Мөнхбаяр, БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр нарын хувьд бүр ч ташаа мэдээлэл болов уу.
Ардчилсан намын хувьд намын дарга Н.Алтанхуяг нөхөн сонгуульд өрсөлдөх боломжтой дөрвөн хүнийхээ нэрийг ил тод зарлалаа. Тэдгээр гишүүдээ ҮЗХ-н дээрээ өрсөлдүүлээд нэр дэвшигчээ тодруулж таарна. Ийнхүү эдүгээ нийслэлийн засаг даргын орлогчоор ажиллаж буй Да.Ганболд, өмнө нь УИХ-ын сонгуульд өрсөлдөөд ялагдсан Р.Бурмаа, УИХ-ын экс гишүүн Б.Батбаатар, генсек Д.Эрдэнэбат нарын дөрвөн хүний нэр олонд ил болоод байна. Эдний дотор Да.Ганболдоос өөр „том гар” алга. Монголын ардчиллын символуудын нэг Да.Ганболд үнэн хэрэгтэй байх ёстой орон зай дээрээ нэг л ирж өгөхгүй яваад байгаа хүний нэг яах аргагүй мөн. Чин үнэндээ Баабар, Да, Ганболд нарын эрхмүүд бол шууд утгаараа төрд хэрэгтэй зайрангууд юм. Тэд бол идей гаргагчид. Тэд бол бодлоготонгууд. Тэдний байх ёстой газар парламент. Байраа олохгүй яваа Да.Ганболд өнө эртний гунигт тогтолцоо, хүнд суртлын ужиг аппарат,хуучин цагийн сүүлчийн голомт хэмээгддэг хотын захиргаанд юу хийх юм бэ. Тэр бол тоосго чулуу, тоос шороотой холилдож явах аж ахуйн ажилтан биш. Энэ үүднээсээ онолын зөв хараа гаргаж бодлоготноо сойх нь эдний намд ашигтай хувилбар болно. Хэрэв МАХН-аас Н.Энхбаяр үзвэл, АН-аас түүнтэй өрсөлдөх кадр Да-гаас өөр хэн ч биш. Энэ хувилбарын төлөө өнөөгийн генсек нэрээ хавчуулж яваа биз. Учир нь Генсек Д.Эрдэнэбат бол АН дотор МҮДН фракцын хүн. Нэг ёсондоо нөхөд гэсэн үг. Р.Бурмаагийн хувьд тэр улс төрийн намын туган дор жагсаж, захирагдаж үзээгүй зоргоороо авхай. Зоргоороо ааш авир нь ч өнгөрсөн сонгуулийн дараа түүнийг улс төрийн хүрээнийхэн дунд тун хачин байдлаар харагдуулсан. Сонгуульд ялагдангуутаа хамт өрсөлдсөн, нэг намын журмын нөхөр Гарьдхүүгийн Баярсайханыг шүүхэд өгсөн алхмаар нь л тийнхүү дүгнэх хүмүүс олон байгаа юм. Улс төрд хатуу амьдрах, хатуу унах, хатуу шийр заан тэсэх тавилан л үйлчилдэг. Уйлаан майлаан, элдэв гонгиноон олж авсан жаахан нэр хүндийг сэвтээхээс өөр нэмэргүй л зүйл. Б.Батбаатарын хувьд өөрийн дур хүслээ энэ зүг рүү хамгийн эрт нисгэсэн хүн гэж үзэж болно. „Би энд байна” гэсэн түүний мессеж харьцангуй эрт цангинаж сонсогдсон. Гэвч энэ удаа улс төрд жагсдаг эрэмбэ гэж нэг айхтар зүйл л түүний амбицын өмнүүр гишгэж магадгүй шинжтэй. Тэр бол Да... Олны нэрлэдгээр Халзан...Тийм болохоор энэ айлын дотор нэг их сүйдтэй хэрүүл маргаан дэгдэхгүй байх. Удахгүй болох нөхөн сонгууль тойрсон ажиг сэжиг, таамаглал, ирж буй мэдээллүүдээс харахад иймэрхүү дүр зураг бууж байна. Явж явж Да & Н.Энхбаяр болж таарвал энэ сонгууль хамгийн сонирхолтой үзвэрийг тавина. Учир нь хэн хэн нь улс төрийн бэрх амьдралд хатаагдсан болдууд, унах эсвэл сэхэх сүүлийн ч гэж хэлж болох найдвараараа дэнчин тавьж чадаж байгаа эрчүүд гэдгээрээ үнэ цэнийн хувьд энэ сонгуулийг тэнгэрт гаргах юм. Бусдаар бол хүлээх юм юу ч байхгүй гээд хэлчихэд буруудахгүй дээ.
нано