Тавдугаар сарын 26, 27-нд Булган аймгийн Тэшиг сум орж ойн түймэр хэрхэн асч байгааг газар дээр нь очиж сурвалжил­лаа. БОАЖ-ын сайд Д.Цогт­­баа­тар, дэд сайд Ч.Жар­гал­сайхан, Ойн газ­рын дарга М.Тунгалаг болон албаны хүмүүс нисдэг тэрэгнээс галын аюулд өртсөн ой хөвчийг харц­гааж "Одоо яах вэ" хэмээн арга тасарцгааж байна.

Тасралтгүй үргэлжлэх ойд ганцхан чүдэнзнээс очтон ассан түймрийг унтраах арга бараг байх­гүй юм байна. Монгол орны ой бүгдээрээ ша­таад хувхай хоосон хад асга болчихвол сая нэг шатах юмгүй болж санаа амрах аж. Гал унтраа­хаар очсон хүмүүс асч байгаа ойг нэмж шатаал­цаж өгөх замаар л түй­мэр­тэй тэмцэцгээнэ. Үүнийг цурманд оруулах гэнэ. Түймэр  уул даваад ирэхээс нь өрсөж өөдөөс нь гал тавьж  хуйхлан дараагийн уул руу дам­жих замыг нь хаах арга.

Өөр нэг хийж байгаа ажиллагаа бол Ус цаг уурынхан үүл буудаж бо­роо, цас унагаж байна. Энэ хаваржин үе үе ог­цом хүйтэрч, зарлаагүй байхад цас ороод бай­гаа нь "Хурын шим"-ийнхэн л тэн­гэр хангайг зохицуулж байсан аж. Сая л гэхэд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум руу буудчихлаа. Одоо цас орж байна гэж мэдээлэв.



Цогтбаатар сайд "Нэмээд да­хиад бууд­чихаж болохгүй юм уу. Бул­ганы ой унтраагүй байна ш дээ" гэхэд Ус цаг уурын ажилтан "Одоо зуны цаг ирж байна. Байгалийн жамаараа бороо орох нь дамжиг­гүй. Тэрэн дээр нь нэмж буудаад үер усны аюул гарвал хэн хариуцах юм." гэж айлгаад болиулчихав. Ингээд өдөр шөнөгүй шатсаар байгаа Хантайн нурууны баруун салбар, Тарвага­тайн гол орчим дахь түнэр ойг хэзээ нэгэн цагт ирэх бороонд найдаад тэр чигт нь хаяж орхилоо. Зөвхөн модыг нь дүнз биш түлээ гээд тооцоход энүүхэн хэсэгт 27 тэрбум төгрөг болж байна гэсэн. Улс эх орон баян байх ч сайхан юм. Бидэнд бол тэр хохирол энэ тэр ер мэдрэгдэхгүй тэр бай­тугай хавар­жин түймэр асаад байгаа нь ч анзаарагдаагүй.

Хөвдөн доогуур шургасан цог баргийн бороонд норж унтартлаа өдий. Жаахан нар гармагц дахиж сэргээд цог нь дөл болж өөдөө цоролзоно. Дээр үед модны түймэр бишгүй л гарч байсан. Тэр үед олон хоногийн зүсэр бороо, хаврын шар усны үер гээд байгаль өөрөө түйм­рээ дийлэхтэйгээ байлаа. Одоо Хөвсгөл, Булган аймгийн ойн бүсэд гарсан түймрийн хохирлыг тооцох баримжаа байхгүй. Шарга морьт, Хандгайтын ам шиг тийм үзэсгэ­лэн­тэй гоё газрууд энд хэдэн зуу мян­гаа­раа түймрийн галд залгиулжээ. Мөн дараагийн хөв­чийн хангай ч сөнөх ээлжээ хүлээн хуурайшсан мод нь хаврын сал­хинд хавирал­дана. Аймгийн онцгой байдлын албаны гал сөнөөгчийн хэлэх нь "Уулын оройд асч байгаа түймэр рүү очих арга байдаггүй. Явган юм уу эсвэл хаврын эцэнхий морь унаад хоёр хонож байж дөнгөж дөхөж очиход аль хэдийнэ дараа­гийн уул дамнаад шатаж байх жишээтэй" гэв. Түүнээс гадна манай орны ой хөвчийн гүндээ хорхой шавьжиндаа идүүлснээс болсон юм уу угаасаа хуурайшил гэгч нь ирж байгаа ч юм уу маш их талбай тэр аяараа ханараад хат­чихсан байх юм. Хатсан моднууд нь нисдэг тэрэгнээс харахад тээр доор хайрцагтай чүдэнзийг зад­лаад асгачихсан мэт ярайна. Нас­ных нь хэмжээ нь гүйцээд ойчоо юу гэхээр тийм ч том биш шургааг голдуу хар мод зонхилно. Ой ерөнхийдөө их сийрэгжсэн, ногоон мод хуурайгаасаа цөөн харагдаж байна. Нэг нойтон модыг тойрсон бусад хуурай моднууд нь галд авалцахаар бүгд шатан дараа нь үргэлжлээд үндэс нь хүртэл нурам болно. Ингээд уулын ам бүхэлдээ шатсаны эцэст тэнд байсан чийг хатаж гол горхи тасарч биологийн төрөл зүйл ядуурна. Яахав малын бэлчээр тэлэх юм даа. Гэхдээ одоо Булган аймгийн хойд нутгаар хүн ам маш сийрэг, мал хуй ч цөөн. Хуучин Ойн яам гэж байсан. Тэр харин одоо үгүйлэгдэж байна. Ядаж түймэр гарлаа гэхэд ажилчид нь трактор техниктэйгээ гараад унтраачихдаг байж. Байгаль хам­гаалах зорилготой яам байгуу­лагдсан нь сайшаалтай ч бодлого нь байндаа тусаагүйг бүгд одоо ойлгоцгоож байна. Сэлэнгэ мөрний хөвөөн дээр Хялганатын мод бэлт­гэх том аж ахуй байсныг мод устгуу­лахгүй гээд татан буулгасан.

Хял­ганатынхан үнэхээр ч модыг хяргаж өгдөг байлаа. Аварга том хөрөө рамнуудыг байгуулж  хөвчийг нураах шиг болсон. Тэгээд улсын аж ахуйг яамтай нь хамт татан буулгахад оронд нь хулгайн мод­чингууд уулын эзгүй аманд зөрөн ирж бүр хяналтгүй дураар авирлах болсон нь нэг алдаа. Мод ашиг­лахыг бүрмөсөн хориглож уул усыг дархан цаазтай газар болго­чихоор хуулиа дагаад уугуул иргэд нь нүүж хөвч улам эзгүйрлээ. Дар­хан цааз­тай газар гэхээр Монголын нөх­цөлд ямар юмных нь харуул хам­гаа­лалт байх вэ дээ. Сумын төв дээр ойн цагдаа гээд гэрээс гардаг­гүй сул цалинтай өвгөн л сууж байдаг юм чинь. Өнгөрсөн жил гэхэд л Хантай, Зэд, Бүтээлийн нурууг дамжсан үлэмж том нутаг дэвсгэрийг "Дархан цаазат газар" болгон зарласан байна. Газрын даргаа томилсон атлаа ойн манаа­чийн 20-иод орон тоог нь төсөв хэмнээд Сангийн яам хасчихсан. Харамласан юм хар нохойн хоол болно гэгчээр ганц хаврын түймэр гарахад л хэмнэсэн төсвөөс нь хэдэн мянга дахин их хохирол гараад байдаг. Мэдээж хойтон ер нь жил болгон л түймэр гарах нь тодорхой. Ой хэт эзгүй болох тусам өөр эзэд ирж самар түүх, гөрөөс­ний цус уух, гахай намнах хулгайн ажиллагаанууд улам нэмэгддэг. Хүнгүй Хантайн нуруу битгий хэл хүмүүсийн нүдэн дээр байгаа Богд уулын онгон бүсэд байнга л гал алдаж байдаг. Тэгэхэд Гүнт, Чин­гэл­­тэйн арын ой дээгүүр нисэж өнгөрөхөд нэг ч хуурай мод байх­гүй хүмүүс түүгээд авчихсан, тэнд гал алдлаа гэхэд ногоон мод нь шаталгүй үлдэхээр харагдаж бай­на. Тэгээд ч түймэр Богд уулнаас цөөн асч бараг тэнд гал асахгүй байгаа нь нэгийг хэлээд байгаа хэрэг. Дархан газрын статус оновч­гүй нь хоёр дахь алдаа юм байна. Сая бас Чингэлтэйг дархан газар болголоо гэлүү. Уг нь модон дотор хэдэн хаус баригдчихвал байшин­гаа бодоод ч болов түймэртэй тэмцэж л таараа.

Монгол орны хамгийн үзэсгэ­лэнтэй, үржил шимтэй нутаг гэвэл агуу их Сэлэнгэ мөрний хөндий юм. Хэрэв Монголоос өөр оронд ийм нутаг заяасан бол  хот тосгод ярайж зөвхөн ойгоороо л барж идэхгүй баян амьдрах боломжтой. Хөвс­гөлөөс эхлэн гурван аймгийн нутаг дамнан Сүхбаатар хот хүртэл үргэлжлэх Сэлэнгэ мөрний хөн­дийг хэр олон хүн очиж үзсэн бол. Энэ мөрний хөвөөг дагасан хагас мян­ган километр уудам хөндийд Бул­ганы Хутаг-Өндөр, Сэлэнгийн Зүүн­бүрэн, Эрдэнэтийн уурхайн амрал­тын газар зэрэг хэдхэн суурин газар л тааралддаг. Ялан­гуяа Сэлэнгийн хойд эрэгнээс цаашхи уул ус ой хөвч, тал хөндий­нүүд бүр хэзээний эль хуль нутаг. Өвөл чоно нь мал барьдаг, зун шумуултай гэсэн шалтгаанаар малчид очоогүй үлдсэн нутаг. Одоо бол энд юу ч хийсэн зөвхөн зага­саар дагнасан ч амьдрал баян газар. Наанаас биш цаанаас хүмүүс их орж ирдэг, одоо түймэр Тэшигийн цаадтайх буриадуудаас хил давж ирэх бол­сон байна. Энд монголчууд очиж сайхан амьдрал зохиомоор байгаа юм. Санаагаар болдогсон бол хоёр дахь Улаан­баатар хотыг байгуулбал нэн тохи­ромжтой. Сэлэнгэ мөрөнг тэр их усыг өчүүхэн ч ашиглахгүй гадагш нь урсгасаар буй нь харамсмаар. Тэгээд дээр нь тэр их ой. Мон­голчууд малтай л гэнэ. Нэг хүнд оногдох малын тоогоор дэлхийд эхний аравт орж чаддаггүй. Нийт малын тоогоороо 200 гаран орноос эхний 100-д ч байхгүй. Тэгвэл ойн хэмжээгээрээ 32-р байранд, нэг хүнд оногдох модны талбайгаараа Канадын дараа буюу хоёрт бичигддэг гэж Ойн газрын дарга М.Тунгалаг хэлж байна. Хаана байгаа юм тэр их ой чинь гайхаж магадгүй. Бидний явдаг зам дандаа говь хээр, очдог газар модгүй малын бэлчээр таараад байдаг. Хөвсгөл, Хэнтий, Булганы хойд нутгийн гүн их хөв­чийг хүмүүс мэддэггүй. Ямар сайн­даа л энэ хаваржин ой шатаад байхад мэргэжлийн хэдэн хүнээс бусад нь анзаараагүй байхав дээ.

Ой нь огт нөхөгдөшгүй, эргэн нөхөгддөг хоёрын дундын баялаг юм уу даа. Ямааны ноолуур шиг жил болгон ургуулж ашиглаад байхгүй ч алт зэсийг бодвол дөч тавин жилийн дараа дүнз банз авах хэмжээний ургачихна. Тэгэ­хээр их хэмжээний ойн хувьд тооцоо­той хандвал  түймэрт өргөөд байгаа модоо эдийн засгийн эргэл­тэнд оруулж болно. Одоо дэлхий дээр модон эдлэл маш үнэд хүрч байна. Бид малынхаа толгой шийрийг ч хаялгүй ашигладаг шиг модноос навч ч хаядаггүй  орчин цагийн технологи бий болчихож. Заавал бүдүүн дүнз гэж шилэлгүй зүйгээд наачихдаг модон эдлэл, Канад барилга байна. Олон улсын хэмжээнд сүүлийн үед дэлгэрээд байгаа хандлага бол байгаль орчинг хамгаалах ашиглахыг хос­луулсан нь зүгээр юм байна гэдэг болсон. Манай нөхцөлд ашиглах гэмэгц л "За хэн нь далимдуулж идэж уугаад унах бол" гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирдэг. Үнэхээр ч их хашраасан болохоор ашиглах гэдэгт хэн ч итгэдэггүй. Энэ сэтгэлгээнээс салахын тулд нэлээд цаг хугацаа итгэлцүүр орох байх.

Түүнийг хүлээж байгаль орчны хууль өөрчлөгдөх хүртэл давын өмнө шийдэх асуудал бол ойн салбарт томоохон төсөв суулгах хэрэгтэй болжээ. Ялангуяа модоо эргэж тойрдог, дөнгөж шатаж эхлэ­хэд нь амжиж очоод унтраах хэм­жээ­ний зориулалтын нисдэг тэрэг­тэй болохгүй бол болохгүй нь. Сансраас түймэр хараад дор нь хэлээд өгч байна. Галын хортой нисдэг тэрэг л газар дээр нь очиж чадна. Өөр ямар ч арга байхгүй. Дэлхийд малаасаа их ойгоо хар­саар байгаад шатаагаад баралтай биш. Хойшид хичнээн ухуулаад, хяналт тавиад, арга хэмжээ авч шоронд хийгээд ч түймэр алдсаар л байх болно. Нэг хүн нэг л удаа чүдэнзнээсээ гэнэ алдахад аюул бэлэн байдаг орчин.