“Төрийн шийдвэрийг өөрийн талд худалдан авдаг биз­­нес бүлэглэл”, “улс төр, бизне­сийн бүлэглэл”, “нам дамнасан бизнесийн бүлэглэл” гэдэг ойлголт, хэллэгүүд өнөөдөр нийгэмд хэдийнээ хүлээн зөвшөөрөгджээ. Тийм зохион байгуулалттай бүлэглэлүүдийн үйлчлэл, зохицуулалтыг хам­гийн түрүүнд мэдрэх нь гар­цаагүй улстөрчдийн амнаас эхлээд гардаг байсан дээрх нэр томьёо­нууд одоо бизнесийнхний бухимдлаар илэрдэг боллоо. Яагаад тэд бухимдах болов? Учир нь улс төр, бизнес хэмээх хоёр өөр салбарын хоршил нэлээдгүй хугацаанд ганзага нийлж явсан бол өдгөө нэг нэгнээ барьж идэх хэмжээнд хүртлээ “мангас” болцгоожээ. Харин хэн нь хэнийгээ идэх бол гэдэг л асуулт байна.



Хүний мөнгөөр юу ч хий­сэн харамсах сэтгэл гээчийг мэдэх­гүй улстөрчид ханаж цадах­­гүй яваад л байсан, харин тэр мөнгийг хөлс, хүчээ урсгаж олдог юм болохоороо бизнесийнхэн удаан тэвчихгүй нь бололтой. Өөрсдийнх нь тэ­жээсэн улс төр гэдэгт “бизнесийн хариуцлага, ёс зүй” даанч байхгүйг сүүлийн үед цухалзах болсон хандлагууд тэдэнд ойлгуулж эхэлсэн биз ээ. Нөгөө талаас угаасаа ч хариуцлага, ёс зүйг шаардах боломжгүй, яагаад гэвэл нэг үгээр “авлига” гэж хэлдэг хуулиар хориотой зүйлээр тоглож ирснийг нь мөн л сүүлийн үед өрнөсөн үйл явдлууд тэдэнд сануулсан. 

Монополь бизнес гэгддэг шатахуун импортлогчдоос л гэхэд төр татвараар болон “улс төрийн хандив”-аар багагүй хэмжээгээр “сааж” ирсэн ч нэг л өдөр тусгай зөвшөөрлийг нь хурааж ч мэдэх аймшигтай “бэрд” болохоо харуулсан нь саях­ны жишээ. Олон жилийн хөлс, цусаа шингээсэн бизне­сийг нь саагаад ч цадахгүй сүүлдээ хурааж авч мэдэх “Алтан загасны эмгэн” гэдгийг нь бизнесийнхэн маань чухам хэдийнээс ойлгосон юм бүү мэд, ямар ч байсан саяхнаас л бухимдлаа илэрхийлж эхэллээ. Улстөрч, улс төрийн бүлэглэлийг тэжээгээд байхад л өөрсөдтэй нь ходоод нэгтэй болчихоод хожим нь хоолыг нь бэлтгээд өгдөг юм гэж  хорин жил амтшиж явсан шүү дээ. Гэтэл сүү, шимийг  нь хураагаад ч цадахгүй саалийн ганц үнээг нь ч булаачихаж мэдэх дээрэнгүй хандлага, үүнийгээ хүч түрээд хэрэгжүүлчихэж чадах эрх мэдэл улстөрд байгааг хожимдсон ч гэсэн ухаарлаа. Үнээгээ дээрэмдүүлэхгүй юм гэхэд авлигын хэргээр мөнөөх тэжээсэн “бэрд”-тэйгээ хамт хүзүү, сээрээрээ холбогдоод хуулийн байгууллагын хаалга татах ч ойрхон болсныг цагийн салхи мэдрүүллээ.

Саяхан Ерөнхий сай­даас эхлээд хэд хэдэн өн­дөр албан тушаалтан бо­лон томоохон бизнесийн ком­па­нийг хоорондоо эрх аш­гийн холбоотой эсэхийг шалгуу­лахаар УИХ-ын гишүүн Х.Баттулга АТГ-т хандсан. Үүний дагуу гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, нэр заагдсан компанийн санхүүд шалгалт хийсэн нь бас ч цочроо өгсөн биз. Мөн үүний дараахан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг цагдан хорьж, албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэргээр мөрдөн байцаах ажиллагааг эрчимжүүлсэн нь бас л дохио юм. Түүнийг өндөр албан тушаалд байхад нь ил, далдаас санхүүжүүлж байсан, үүнийхээ хариуд давуу байдал олж авсан улс төр, бизнесийнхэн сандрах ч ёстой. Учир нь Монгол Улсад үйлчилж буй хуулиар авлига өгсөн, авсан тал адилхан буруутдаг.

Н.Энхбаярын нэг адилаар то­моо­хон улстөрч, албан тушаалт­нуудыг авлигын хэрэгт шалг­аж эхэлбэл араас нь чирэгдэх бизнесийн бүлэглэл, бизнес­мэнүүд цөөнгүй бий. Энэ утгаар нь бодсон ч улс төр болон улстөрчдийг авлигадан томорсон бизнесмэнүүдийн хувьд хүзүүнээсээ дүүжилсэн том хар чулуу. Далай руу хамтдаа шидүүллээ гэхэд мөнөөх хүнд чулуун дөнгө нь хөлгүй ёроол руу татахаас өөр аврал харагдахгүй байна. Гэвч одоо яая гэхэв. Энэ бол өөрсдийнх нь тэжээсэн “мангас”, өөрөө өөрсдөдөө дүүжилсэн хар чулуу. Улстөрчдийг зэвүүцэхээсээ өм­нө өөрийнхөө гараар тэжээн бий болгосон “мангас” гэдгийг хүссэн, хүсээгүй хүлээн зөв­шөө­рөх ёстой болж дээ...

Мэдээж, энэ үг өнгөрсөн хорин жилд ширхэг ширхгээр нь тоосго зөөж, өөрийнхөө барилгыг зөвхөн хөлс, хүчээ­­рээ босгосон шударга бизнес­мэнүүдэд хамаагүй. Тэд хэзээ ч улстөрчид рүү мөнгө барьж гүйдэггүй юм. Харин сүүлийн хорин жилд төрийн шийдвэр гаргагчдыг ил, далдаас санхүү­жүүлж, өөрсдөдөө давуу байдал олж авч, өрсөлдөөний талбар дээр шударга бусаар хөрөнгөжсөн бизнес бүлэг­лэлүүд өнөөдөр ч аль ч нам, хүч­нийг ялгахгүйгээр хоёр тал руу мөнгөө  барин гүйж байгаа. Хэн нь илүү боломж олгохоор байна, тэр талд төлдөг мөнгө нь нөгөө талд өгч байгаагаас тэгээр илүү. Заримдаа хэд хэдэн тэгээр илүү байдаг. Ийм байдлаар баруун, солгойгүй цацаж, хэдэн талдаа “мангас” тэжээсэн тэд өнөөдөр өөрсдөө залгиулахад ч бэлэн харагдаж байгаа нь өрөвдөлтэй. Сүүлдээ зөвхөн мөнгө, хөрөнгөөр ч биш үр хүүхдээрээ “тахил” өргөдөг болсон нь бүүр ч эмгэнэлтэй.

Уг нь Харвардад боловсрол эзэмшсэн өв залгамжлагч нь  компанийнхаа CEO болоход хөрөн­­гийн бирж дээрх хувь­цааных нь үнэ даруй 10-20 хувь өсдөг тийм л дэлхий ертөнц, цаг үед бид амьдарч байгаа. Гэтэл Монголд өв залгамжлагчид аль нэг улс төрийн намд ордог жишиг тогтсон нь бид ямар замаар явааг, улс төр бизнесийн ертөнц хоорондоо ямар бохир уялдаа холбоотой болсныг нь харуулж буй юм. Ийм зүйлийг бизнесийнхэн өөрсдөө л бий болгосон. Одоо нэг их улс төрийг харааж зүхсэн, гэмгүй ариун дүр эсгээд яахав. Хүн үнэмших ч үгүй. Үр хүүхдээрээ хүртэл “тахил” өргөх чинээнд тултлаа тэжээсэн “мангас”-аа одоо л хооллохоо больчих. Тэгж чадвал та бүхэн Монголын ирээдүйн төлөө их буян үйлдэх болно. Өнөөг хүртэл нойр хоолоо хасан хөлс, хүчээ урсган босгосон өмч хөрөнгө, бүтээн байгуулалтаа үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө л та бүхэн хийсэн биз дээ? Тэгвэл тэр бүхнийг чинь хүүхдүүдээс тань булаагаад залгиж чадах, далайн ёроол руу нэг л өдөр чирээд орчихож мэдэх улс төрийг тэжээхээ зогсоо. Үүнийг одоо ойлгож, мэдэрч эхэлсэн гэдэгт тань итгэлтэй байна л даа. Гэхдээ үүнийгээ хэрэгжүүлэх гээд байгаа арга чинь бас л буруу байна.

“Өнөөдөр улстөрчдийг тэжээ­хээ болиод өөрсдөө улс­төрч бол­чихвол болно” гэж бодож буй шуналт санаа чинь бас л биш ээ. Тэгэхээр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зэхэж буй томоохон бизнесмэнүүд, үндэсний томоо­хон компаниудын олон­доо танигд­сан  захирлууд, тухайл­бал, Дорж гуай, Дондог гуай, Дулмаа гуай /энд хэн хэнийг хэлж буйг уншигч та хялбар­хан ойлгож буй биз ээ/ та бүхэн энэ санаагаа одоо орхи оо гэж иргэн хүний хувьд зөвлөе.