Хөгшин залуугүй уугаад л
Хөдөө гадаагүй суугаад л
Зон олон минь нэг л
Зовсон шинжтэй байх юм...
/ Р.ЧОЙНОМ /


Оршилд өгүүлэх нь

Өнөөдөр Mонгол Улсад өрнөж байгаа шударга ёсны төлөөх МоАХ-ны тэмцэл, баялгийн шударга бус хуваарилалт, бүх ард түмний өмчийг цөөн хэдхэн хүн элдэв арга залиар гартаа оруулсныг илчлэх явцыг бүдгэрүүлэхийн төлөө олигархиудын хийж байгаа үндсэн мэх нь уг тэмцлийг ердөө л хоёр хүн, хоёр компанийн хоорондох өрсөлдөөн, атаа жөтөөрхөл болгон харуулахыг хичээх боллоо.
   
Энэ бол хоёр хүн, хоёр компанийн сөргөлдөөн огтхон ч бус олонхийн язгуур эрх ашиг, олигархи цөөнхийн ашиг сонирхолтой зөрчилдөж байгаа хэрэг юм. “Яагаад Ухаа худгийн ордтой холбоотой гол шийдвэрүүдийг гаргадаг албан тушаалтнууд уг ордыг эзэмшигчдийн барьсан тансаг сууцанд амьдарч байна вэ?” гэдэг бол монгол хүн бүр учрыг нь олж, тунгаах ёстой асуулт. Эсвэл Ухаа худгийг эзэмшигчдийн нэг Л.Энх-Амгалангийн тайлбарлаад байгаачлан “Яагаад Ухаа худгийг эзэмшигчийн барьсан орон сууцны оршин суугчид уг ордтой холбоотой чухал шийдвэр гаргах албан тушаалд очоод байна вэ?”

Сарын өмнөхөн Германы Ерөнхийлөгч огцорсныг бүгд санаж байгаа байх. Bild сэтгүүл илчилснээр Вульф Геркенс Ерөнхийлөгч болохоосоо өмнө 2008 онд нэн тааламжтай нөхцлөөр 500 мянган еврогийн орон сууцны зээл авсан, 2009 онд эхнэртэйгээ америк руу нисэх тийзнийхээ ангиллыг саятан Э.Геркенсийн дэмжлэгээр «эконом» зэрэглэлээс «бизнес» болгож дэвшүүлсэн хэрэгт буруутгагджээ. Саятан тийзний ангиллын зөрүүнд 3 мянган еврогийн дэмжлэг үзүүлсэн юм байна. Үүн дээр Ерөнхийлөгч Вульф эхнэр Эдитийнхээ нэр дээр авсан орон сууцны зээлээ парламентаас нуусан, найз Д.Грёневольдын Зюльт арал дээрх тансаг сууцанд байнга зочилдог, Volkswagen компаниас сарын 100 еврогоор Škoda Yeti машин түрээслэдэг гэх хэргүүд нэмэгдсэн гэнэ. Монголын сайд нарын үйлдэлтэй харьцуулахад энэ хүн огт гэмгүй гэгдэж болохоор юм. Германы олон нийт энэ хэргийг “тийм ч аймаар хэрэг биш” гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч төрийн өндөр албан тушаалтан «жирийн иргэдээс илүү хөнгөлөлт эдэлсэн, баячуудаас хамааралтай байсан, парламентаас зээлээ нуусан гэсэн гурван үйлдэл нь ардчиллын хэм хэмжээг зөрчсөн» гэж үзээд огцрохыг шаарджээ. Вульф шаардлагыг хүлээн авч “Ерөнхийлөгч ард түмнийхээ итгэлийг хүлээсэн байх ёстой. Харин би тэр итгэлийг нь алдсан. Тиймээс би өнөөдөр энэ албан тушаалаас бууж байна” гэжээ.



Монголын Засгийн газрын гишүүд Ухаа худгийн ордыг эзэмшигчдийн өмчлөлд байгаа байшинд тус бүр сая доллараар үнэлэгдэх тансаг орон сууцанд амьдарч байгааг германы Ерөнхийлөгчийн хэрэгтэй харьцуулбал огцрох байтугай юм болохоор байгаа биз?

МоАХ эрх баригчдад болон луйварчдад “ард түмний өмч, баялгийг хууль номын дагуу хамтарч эзэмш” гэсэн зүй ёсны шаардлага л тавьж байгаа. Ухвар мөчид нэгэн бидний шудрага ёсны төлөөх тэмцлийн талаар “санхүүгийн том бүлэглэлүүдийн энэ зодоон сонгуулийн дуулианаар улам өдөөгдөж, эцэстээ гадныханд олз, өгөөш болох вий” гэх дүгнэлт хийжээ.

Сануулахад МоАХ дөнгөж одоо л ухаан ороод, сонгууль дөхөхөөр л баялгийн хуваарилалтын шудрага бус байдлыг сөхөж байгаа хэрэг биш. Бид 2007 оноос хойш л энэ талаар дуугарч, боломж чадлаараа нийгмээ сэрэмжлүүлж яваа гэдгээ хаана ч бардам хэлнэ. Үл итгэгчид сонины шарлаж амжаагүй хуудсыг сөхөж, интернет сайтуудын архивыг ухваас худал хэлээгүйг минь ойлгоно. Би өмнө нь олон удаа хэлж байсан надад Тавантолгой ч юм уу өөр ямар нэг орд газрыг авах гэсэн атаа хорсол, жөтөөрхөл байсан бол аль хэдийнээ олигархиудын саналыг хүлээж аваад, хувь эзэмшилтэй болчих байсан.  Одоо ч хэлж чадна.
Заа, одоо ингээд    

ТТолгойд өгсөн эхний нокдаун (knockdown) тухай

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, монгол хүн бүр үр шимийг нь хүртэх мөрөөдөл талаар болон алсарч байна. УИХ 40-р тогтоолоо гаргаж Засгийн газарт Оюу толгой, Тавантолгойн ордыг нэгэн зэрэг ашиглалтанд оруулах үүрэг өгсөн боловч өдий болтол хэрэгжсэнгүй. Хэрэгжүүлэхийг хүсээгүй юм. Олигархиудад өөрсдийн гарт оруулсан ордыг эхэлж ашиглах, хурдхан шиг мөнгөтэй болох сонирхол давамгай байв. Тэгээд өөрсдийн ил, далд оролцоотой Ухаа худгийн ордыг түрүүлж бирж дээр гаргаад, түүнд “шавар хаах” магадлал бүхий гол өрсөлдөгч том Тавантолгойн асуудлыг сунжруулж, сульдааж орхисон билээ. Энэ бол дэлхийд томд тооцогдох ордыг ашиглах ард түмний хүсэлд өгсөн эхний муужруулах цохилт - нокдаун байлаа.
 
Баялгийн шудрага хуваарилалтын асуудлыг сонирхож буй хүн бүхнийг УИХ-ын 27-р тогтоолыг сайтар уншихыг зөвлөе. Энэ тогтоолын 1-р хавсралтаар 14 стратегийн орд газруудын жагсаалтыг баталж, Ухаахудгийн ордыг бие даасан стратегийн орд болохыг нотолжээ. Ухаа худаг, Дайцику зэрэг орд нь анхнаасаа Тавантолгойтой нэгэн адил стратегийн ордод тооцогддог гэсэн үг. Гэтэл тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр “Тавантолгойн 96 хувийг төрд буцааж аваад, дөрөвхөн хувийг "Энержи ресурс" ХК-д үлдээх” нэрээр бие даасан стратегийн ордыг хэсэг хүмүүст “бэлэглэсэн” юм. Ухаа худгийн орд нь Тавантолгойн нүүрсний сав газарт байгаа нийт коксжих нүүрсний 30 гаруй хувийн нөөцийг агуулдаг, хамгийн өндөр илчлэгтэй, ашиглахад хамгийн бага зардал гаргах жинхэнэ “өрөм” болсон орд ажээ. Ямар ч байсан 4 хувиас хамаагүй их нөөцтэй. Үүнийг нотлох нэгэн арилжаа саяхан Хонгконгийн бирж дээр хийгдсэн. Энэ талаар сүүлд тогтож ярих тул түр орхиё. 

Хуулиар бол 50 сая тонноос дээш нөөцтэй орд стратегийн гэх ангилалд багтах ёстой, ийм хэмжээний нөөцтэй ордод төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 51 хүртэлх хувь нь төрийн мэдэлд байх ёстой. Ухаа худгийн нөөц нь 460 сая тонн гэж албан ёсоор тогтоогдсон. Тийм болохоор ямар ч асуудалгүй 51 хувь нь төрийн буюу ард түмний өмчлөлд шилжих ёстой юм. Дээр нь хуулинд Ухаа худгийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ тогтоож, ашиглалтын лиценз олгохдоо сонгон шалгаруулалт хийх ёстойг тодорхой заасан. Гэтэл ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр бэлгийн журмаар олгожээ.

Тэр цагт Тавантолгойн лицензийг Сү.Батболд тэргүүтэй 11 хүн гартаа оруулсан байсан бөгөөд “гадаадынханд алдалгүй өдий хүртэл хадгалсан” гэдэг шалтгаанаар стратегийн орд Ухаа худгийг эзэмших болсон билээ. Гадаадынханд орд газраа алдаагүй хүмүүст стратегийн ордын 4 хувийг бэлэглэх ёстой юм бол хилийн цэрэгт алба хаасан, үгүй ядахдаа Ухаа худгийн харалдаа Өмнөговийн хилийн заставт алба хаасан хүмүүст ч бас Тавантолгойн талбайн 4 хувьтай тэнцэх орд өгөх нь зүйтэй байх. Монгол улсад шудрага ёс гэж байдаг бол нэг нь хүйтэн шөнөөр хилээ манаж, нутгаа хамгаалчихаад хоосон хоцрох ёсгүй. Нөгөө нь дулаан гэртээ дугжирангаа, гадныхан тоолгүй буцаасан лицензийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан аваад, дараа нь төртэй нийлэн завших ёсгүй. Үнэндээ бол тэр цагт Сү.Батболдоос лицензийг нь “булаах” байтугай зүгээр өгсөн ч авах гадныхан байгаагүй. Гадныхны тоогоогүй лицензийг Сү.Батболд самбаачлан гартаа оруулсан нь харин үнэн юм. Энэ талаар Сү.Батболд өөрөө хэвлэлээр өчнөөн ярьж, “хэн ч тоохгүй, сонирхохгүй байсан” гэдэг юм.

Анх 2008 оны хавар МоАХ “Тавантолгойг улсад бүрэн хэмжээгээр буцааж ав” гэсэн шаардлага тавьж Сүхбаатарын талбай дээр жагсаал хийж байлаа. Энэ жагсаалын дараагаас л Ухаа худгийн ордыг хууль, тогтоомж зөрчин тасдаж өгсөн нь нийтэд тодорхой болж ирсэн юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд өнгөрсөн 3 жилийн хугацаанд “Ухаа худгийн ордыг хууль, тогтоомж зөрчин тасдан авч, эдийн засгийн эргэлтэнд оруулсан” асуудлаар Ерөнхий сайдад 4 удаа асуулга тавьжээ. Харамсалтай нь, Ерөнхий сайд Сү.Батболд тухай бүрт нь элдэв аргаар займчуулан тодорхой хариулт өгөхгүйг хичээсээр өдий хүрсэн байдаг.

Энержи ресурс компани Ухаа худгийн лицензийн төлбөрт ердөө 851,8 сая төгрөг төлжээ. Гэтэл нөөц нь 460 сая тонн гэж байгаа. Нөөцийг нь өнөөдрийн зарж байгаа үнээр (113 доллар) тооцоход 51 тэрбум 980 сая долларын үнэтэй байхаар ордыг 1 сая хүрэхгүй доллараар авчихсан юм.

Дээр дурьдаад орхисон мэдээллээ одоо дэлгэрүүлье. Саяхан Петровис компани өөрийн эзэмшилд буй Ухаа худгийн хувьцаанаас 2 хувийг нь Хонгконгийн бирж дээр заржээ. 84 сая доллар олсон байна. Ганцхан хувь нь 42 сая доллар хүрсэн гэхээр Ухаа худгийн нийт хувьцаа биржийн яг одоогийн үнээр 4 тэрбум 200 сая доллар болох нь ээ.

Гэтэл Дэлхийн банкны шинжээчид Тавантолгойн нөөцөд үнэлгээ хийгээд 15 тэрбум доллар хүрнэ гэдгийг албан ёсоор мэдээлсэн. Үүгээр баримжаалбал Ухаа худгийн нөөц Тавантолгойн 4 хувьтай тэнцүү гэдэг нь худал болно. Харин нөөцийн 30 хувийг “4 хувь” нэрээр авчихсан нь ойлгогдохоор тооцоо гарч байгаа биз!

Хэн хэдэн хувь эзэмшиж байгааг нь сонирхвол: одоо MCS Mining group 45.3%, Петровис  9.8%, Шунхлай 5.1% , EBRD  3.2%, Kerry group 8.3%, Ancora Investment 6.2%, хятад хувьцаа эзэмшигчид 22% тус тус эзэмшиж байгаа ажээ. Үүнээс харахад Ухаа худгийн ордын 40.7 хувь нь аль хэдийнээ гадаадынхны гарт орсон байна. Тэгэхээр МСS компанийн дэд захирал Л.Энх-Амгалан гэгчийн бүх сувгаар цацсан төлбөрт ярилцлагад дурьдсанчлан “манай компанийн хувьцааг 100 хувь монгол хүмүүс” эзэмшдэг гэсэн нь бас л оргүй худал үг болж байна. Л.Энх-Амгалангийн өөрийнх нь манераар асууя. Хонгконгийг монгол гэж ойлгодог болоо юу, хятад хүнийг монгол хүн гэж тооцдог болоо юу? Хонгконг бол хольцоогүй хятад гэдгийг тийшээ 7 хоног бүр нисч тайлангаа тавьж, үүрэг даалгавраа авдаг Ухаахудгийг эзэмшигчид мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ.

ТТолгой дахь хоёр дахь knockdown

Ухаа худгийн ордыг эзэмшигч цөөн хэдэн хүний хийсэн хамгийн балагтай цохилт бол нийт ард түмний эзэмшилд үлдээсэн гэх Тавантолгойн ордын ашиглалт, эдийн засгийн эргэлтийг хойш татсан явдал мөн. Тэд орд газрыг ашиглаж эхэлсэн үеэсээ нүүрсээ урд хөршид дэлхийн зах зээлээс хямд үнээр борлуулж, олж байгаа мөнгөндөө амтшин, улайрч, улам ихийг зарахаар адгахдаа ард түмнийг гаргуунд нь гаргасан юм. Эрдэнэс Тавантолгой гэж компани байгуулагдан ухаангүй ноёны урагшгүй албатууд хөдөлгөж ядан суухад Засгийн газрын бүрэн дэмжлэгтэй Ухаа худгийн орд тэдний хажуугаар сүнгэнэн гарч, тасран оджээ.

Ухаа худгийн нүүрсийг харамсмаар хямдхан зардаг. Эрдэнэс Тавантолгой бүр хямдхан зарна. Энэ нь олон хүчин зүйлээс хамааралтай. Хилийн наана цаана хоёр янзын үнэ хэлж, татвараас зугтдаг гэсэн мэдээлэл ч байгаа, хятад хөрөнгө оруулагчид, худалдан авагчдынх нь дарамт ч байгаа байх. Гол нь ганцхан худалдан авагчтай.

Ухаа худгаас төсөвт оруулж буй татварын хэмжээ нь ижил төрлийн бараа худалдаалдаг, ижил хэмжээгээр экспортлодог бусад орны уурхайнуудтай харьцуулахад хэтэрхий бага байгаа нь хөдөлбөргүй үнэн билээ. Бид нэг талаараа тэдэнд туслах, цаад утгаараа ард түмэнд ногдох татварын орлогыг өсгөх зорилгоор монголын нүүрсийг хоёр, гурав дахь худалдан авагчтай болгох том бодлого - Төмөр замын талаар баримтлах бодлогыг санаачлан УИХ-аар батлуулсан. Гэтэл Ухаа худгийг эзэмшигчид цаад эзэд, худалдан авагчийнхаа шахалтаар өөрсдийнхөө Засгийн газарт байдаг гар хөл, төлөөллөөрөө дамжуулан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхгүй байх ажлыг далдуур явуулж эхэлсэн юм. Сүүлдээ ч ил цагаандаа гарч тэдний тансаг байранд “түр амьдрагч” ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоор өөрт нь ямар ч хамаагүй дэд бүтцийн ажилд хошуу дүрүүлж байлаа. Цаадах нь дүрдээ итгээд “Төмөр зам барихыг чинь харна аа” гэж хүртэл заналхийлсэн удаатай. Ингээд шинэ төмөр замыг барих ажил “мөнгө байхгүй” нэрээр зогсонги байдалд орсон. Одоо болохоор намайг “нууц” гэрээ хийснээс болоод зогсчихсон гэж тайлбарладаг. Асуудлын үнэн зөвийг тогтоох маш амархан. Хэрвээ би нууц гэрээ хийгээд хууль зөрчсөн нь үнэн юм бол намайг шүүхэд өгчих хэрэгтэй. Баттай баримт гарт нь байгаа бол Ардын намынхан аль хэдийнээ шүүх, цагдаа болчихсон явах ёстой. Олигтой барьцгүй болохоороо л шүүхэд бус хэвлэлд хандан шуугиулахаас хэтрэхгүй байгаа. “Шүүхэд ханд” гэсэн миний зөвлөмжид Засгийн газар хойрго хандаад байгаа нь хачирхалтай. Би өөрийгөө шүүхэд өгөлтэй биш.

Шинэ төмөр зам төсөл УИХ-аас баталсан байдлаараа хэрэгжсэн бол хамгийн их хожих хүмүүс нь Тавантолгойн эзэмшигч бид төдийгүй мөн Ухаа худгийг эзэмшигчид ч  байх ёстой байсан юм. Тэд олон худалдан авагчтай болж, нүүрсээ зах зээлийн үнээр зарах боломжтой болох юм. Гэтэл сайд Ц.Нямдорж “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр” гэдэг уриа хангинуулж урагшаагаа аль болох хурдан зөөхийг шахаж, шаардаж эхлэсэн нь сонирхол татдаг. Бүр хаагдсан авто замыг захиргаадан нээлгэж, 2 хүний аминд хүрч байгаад өдөр шөнөгүй зөөхөөр яарч байлаа. Түүний 10 мянган хятад барилгачин оруулж ирэх санаачилга, төмөр замыг зөвхөн урагшаа татах хүсэл нь надад “энэ хүн хаанахын сайд юм бол?” гэсэн эвгүй бодол төрүүлдгийг нуух юун.

Саяхнаас л Хөгжлийн банк шинэ төмөр замыг чанх урагшаа татахад хөрөнгө гаргана гэж мэдэгдэх болсон нь өдий хүртэл төмөр замын ажлыг яах гэж гацааж байсны тод нотолгоо болох байх. Хятад руу хямд түүхий нүүрсийг их хэмжээгээр, хурдан хугацаанд зөөхийг л тэсч ядан, бүр адгаж хүлээж байжээ. Бид тэр бодлогонд нь шуналд нь саад болж байжээ.

Уг нь миний бодолд нууц юм ер байхгүй, маш энгийн юм. Ердөө л олон зах зээлтэй болох, эргэж нөхөгдөхгүй баялгийг илүү үнэд хүргэж зарах! Орлогыг нь би хамж авахгүй нь бүр ч тодорхой. Наймаа хийж үзсэн хүн бүр мэднэ. Ганцхан худалдан авагчид барааг их хэмжээгээр аваачиж өгвөл үнэ шалдаа бууна. Хүссэнээс нь их хэмжээгээр авчирсных нь дараа худалдан авагч аашаа үзүүлж, дэг журмаа тулгадаг нь жам. Үр дүнд нь олигархиуд бус ард түмэн л хохирно. Харин их хэмжээгээр зөөж, үнэгүйдүүлэх ажилд эрх зүйн туслалцаа үзүүлсэн, шийдвэр гаргаж тусласан цөөн хэдхэн хүн авдгаа авна, бүр хагартлаа баяжна.
  
Тавантолгойг эргэлтэнд оруулах олон түмний хүсэлд олигархиудын өгсөн хоёр дахь нокаут бол Эрдэнэс Тавантолгойг өрөнд оруулж, өтөнд идүүлж байгаа явдал. Засгийн газар “тонн нүүрсийг 70 доллараар өгнө” гээд хятадын Чалко компаниас Эрдэнэс Тавантолгойн нэр дээр 250 сая доллар зээлээд “хишиг” болгон тараачихсан. Өнөөдүүл нь бирж дээр гарах нь байтугай жолооч нарынхаа хөлсийг өгч чадахгүй янцаглаж байна.

Ард түмний өмчид менежмент хийж, ашиг олж, хүртээх ёстой Засгийн газар нь Тавантолгойг биш, ойрын өрсөлдөгчийг нь л уухайлан дэмжинэ. Өөрийнхөө “бөх”-ийг болохоор огт дэмжихгүй, бүр өрөнд унагаж, үнэгүйдүүлэхээр идэвхийлээд байгаа ийм л дүр зураг өнгөрсөн жилүүдэд харагдлаа. Энэ байдлаараа үргэлжилбэл жил хүрэхгүй хугацааны дараа Эрдэнэс Тавантолгой ХК Чалкод тавьсан өрөндөө унаж (сонгуулийн өмнө тэднээс ахиж 200 сая доллар зээлэхээр хүсэлт гаргасан) барьцаанд орох, хятадын компаний өмчлөлд нь шилжих нь тодорхой.

Хачирхалтай нь Засгийн газар олон улсад бонд гаргах замаар жилийн 5,5 хувийн хүүтэй зээл авах алтан боломжийг ашиглахын оронд хятадын компанид найр тавьж, хамгийн хямд үнээр нүүрс нийлүүлэх барьцаанд орж байна. Худалдан авагчийнхаа эрхшээлд орохыг юундаа ингэж тэмүүлнэ вэ? Мөнгө босгох боломжит аргууд маш олон, монголд мөнгө өгөх хүсэлтнүүд дэлхийгээр нэг байхад шүү! Энэ бол Тавантолгойн ордыг үнэгүйдүүлэх, ашиглалтанд орох хугацааг удаашруулах чиглэлээр төлөвлөж, зохион байгуулж хийж байгаа ажил мөн.

Ухаа худгийн ордыг эхэлж ашигласан, Тавантолгойгоос түрүүлж бирж дээр гаргасан нь Ард түмний язгуур эрх ашгийг хөсөр хаясны илэрхийлэл юм. 2,7 сая хүний эрх ашгийг энэ Засгийн газар эрхэмлэдэг байсан бол дараалал өөр байх байсан. Одоо Эрдэнэс Тавантолгой компаний зах зээлийн үнэлгээ муудсан, иргэдэд очих хувьцаа тоос болон замхарсан. Ер нь бол Ухаахудгийн нөөц шавхагдтал (дор хаяж 20 жил) том Тавантолгойг эрчтэй хөдөлгөхгүй байх илэрхий сонирхол энэ Засгийн газарт бий. Учрыг нь Хонгконгийн биржийн цахим хуудаснаас хайвал олдно. Ухаа худгийн ордыг эзэмшигч компаниудын удирдлагад Засгийн газрын гишүүд, МАН-ын удирдлагуудын хамаатан, эхнэр, найз нөхөд орсныг тэндээс харж болно.  УИХ-ын гишүүн С.Мөнх-Оргилын эхнэр Г.Бадамцэцэг, Ерөнхийлөгч асан П.Очирбат нар ТУЗ-ийн гишүүд ажээ. Ерөнхий сайдын үеэл Б.Баттөр, БОАЖ-ын сайд, ЭБЭХ-ний сайд нарын нэр хувь эзэмшигч компанийн удирдлага дунд байгаа гэсэн мэдээлэл ч байна. Тэд “MCS Mining group”, “Ancora Investment”, “хятад хувьцаа эзэмшигчид” гэсэн нэрүүдийн ард нуугдаж байдаг юм.

Тавантолгойд өгсөн гурав дахь нокаут (knockout)


Хорт Боб монголын баялгаар наймаацаж ханаагүй л явна. Р.Фридланд 4 сарын 7-ны өдөр Нарийн сухайтын нүүрсний савд буй Овоот толгойн ордыг эзэмшдэг South Gobi Sands компанийхаа дийлэнх хувийг Чалко компанид зарсан нь Тавантолгойн ирээдүйд хүнд цохилт боллоо. Боксоор бол нокаут (knockout) нам цохилоо! Одоо Эрдэнэс Тавантолгой рингээс гадагшаа унасан. “Finаncial Times” сонины 2012 оны 4 сарын 2-ны дугаарт нийтлэгдсэнээс үзэхэд хорт Бобын бие төлөөлөгч Ерөнхий сайдад албан бусаар мэдэгдсэн, дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэжээ. Эх орныхоо эдийн засагт өгч буй үхлийн цохилтыг Ерөнхий сайд мэдсэн хирнээ бултсангүй, шанаагаа тавьж өгчээ.

Чалко Фридландын санал болгосон үнээс 29 хувь илүү үнээр худалдаж авах болжээ. Үр дүнд нь 928 сая доллараар “Айвенхоу”-гийн эзэмшилд буй Овоот толгойн ордын 60 хувь нь “Чалко”-д очив. Чалко “Тавантолгойн нүүрсийг чанар муутай байна гэж голсон”, зээл гуйсан хүсэлтэнд нь “сонгуулийн дараа болъё” гэж хойшлуулсан, “зээлээ буцаадаг ч юм уу” гэж новширсон гэнэ зэрэг явган ярианы цаад шалтгаан тодорч эхлэсэн нь энэ.

Овоот толгойн орд нь Өмнөговь аймгийн Гурвантэс суман дахь Нарийн сухайтын сав газарт  Шинхуа-МАК-ын ордтой зэрэгцэж оршдог. Нүүрсний нөөц нь 302.3 сая тонн, батлагдсан нөөц нь 175.7 сая тонн. Бас л төрийн хөрөнгөөр хайгуул судлагаа нь хийгдсэн стратегийн орд. Фридланд Нарийн сухайтын ордоос тастаж лицензийг авсан байна. Нарийн сухайтын нүүрсний савд Овоот толгойг оролцуулан 1951-1952 онд хайгуулын ажил анх хийгдсэн. 1971 онд Д.Дашцэрэн ахлагчтай геологчдын баг 34 цооног өрөмдөж, нүүрсний нөөцийг тогтоож байжээ. 2004 оны 10 сараас Айвенхоу майнз хайгуулыг нарийвчилж хийсэн гэх ба 2008 оны 5 сарын 30-нд харахад сульдаа ч хазахдаа чанга Ерөнхий сайд маань Моннис компанитай хамсран 24,8 сая доллараар энэ ордын 2 сая ширхэг хувьцааг худалдаж авсан байх юм.  Одоо тэдний төлөөлөл болж Д.Бат-Эрдэнэ гэж хүн ТУЗ-д нь багтсан. 2010 оны 1 сарын 15-наас South Gobi Sands компани Хонгконгийн бирж дээр хувьцаагаа арилжиж эхэлжээ.

Тавантолгойд өгсөн хамгийн хүчтэй цохилт бол энэ. Яагаад гэвэл одоо Чалкод 70 доллараар “хэл амтай” нүүрс авах шаардлага байхгүй. “Өөрийнхөө” эзэмшлийн ордоос үнэгүй л зөөчихнө. Хилд ч ойр юм. Яах гэж 240 км илүү зам туулж нүүрс зөөх ёстой гэж. Ухаа худгийнхан төмөр замаа урагш хурдан татах тусмаа тэдэнд сайн. Нүүрсийг нь бүр л хямдхан авах боломж бүрднэ. Өгөхгүй гэвэл өөрийн найдвартай нөөц байгаа тэр нь Овоот толгой.

Зах зээлийн үл үзэгдэгч гар-шуналын ид шид энэ! Ард түмнээ бус амин хувиа хичээгч олигархиудын балаг энэ. Шунал хэзээ ч үндэстний язгуур эрх ашиг, аюулгүй байдал, алс хэтийн хөгжлийг тооцдоггүй юм. Тэд Нямдорж маягаар “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг” гээд л уухайлан дайрдаг. Эцэст нь гурав алхалгүй худалдан авагчдаа мад тавиулж байна.

Хэрвээ том Тавантолгойг эхэлж ашиглалтад оруулсан бол, төмөр замаа олон худалдан авагчийн зүг, дэлхийн зах зээлийн үнэ рүү, далайн боомт руу амжаад татчихсан бол стратегийн ордуудын тогтвортой байдлын гэрээ гэгчийг Засгийн газар хийгээгүй бол бид энэ цохилтод ажрахгүй тэсээд гарах байлаа.

...Ажлын бүтээл багадаад л
Арын хаалгууд ихдээд л
Улс орон маань нэг л
Унасан шинжтэй байх юм
/Р.ЧОЙНОМ.1966 он/