Сүүлийн үед дэгдсэн хамгийн том дуулиан УИХ-ын тамгын газрын Гадаад харилцааны зөвлөх Ц.Жаргалсайханд холбогдуулсан „Эх орноосоо урвасан” гэх хэрэг, түүний эргэн тойрон дахь үйл явдлууд болоод байна.  Ц.Жаргалсайханыг хоёр сар цагдан хорьж байцаасны эцэст шүүхээс түүнд 17 жил хүнд дэглэмтэй шоронд хорих ял оноосон нь дээрх шуугианыг дээд цэгт нь хүргэлээ. Үнэхээр гайхаж цочирдмоор шийдвэрийг Монгол улсын шүүх гаргажээ.  

Ц.Жаргалсайхан гэж ингэхэд хэн бэ

Өнөөдөр түүнийг мэддэг нь шагширцгааж, мэддэггүй нь гайхацгааж байна. Өмнө нь нэг ч удаа дуулиан шуугианд нэр хавчуулагдаж, энд тэнд чих дэлдийлгэж явсан удаа үгүй болохоор арга ч үгүй биз ээ.
Жаргалсайхан бол манай улсын нэртэй дипломатч Цахиалгаан гуайн ганц хүү юм. Бага насандаа орос цэцэрлэг, орос сургуулиар хүмүүжиж, сэхээтний гэр бүлд бусдын жишгээр өссөн. Дээд боловсролыг ч Орост эзэмшсэн. Унаган орос, англи хэлтэй. Мэдлэг боловсрол, хүмүүжил төлөвшил бүх юмаараа бусдад үнэлэгддэг ийм л нэг аавын хүү.  Түүнтэй тухайн үеийн төрийн төв хэвлэл Ардын эрх сонины байранд анх танилцаж байснаас хойш эдүгээ арван хэдэн жил сум шиг дүүлэн оджээ. Манай Ш.Батмөнх даргын найз Жаргалсайхан гэх энэ өндөр шар залуутай манай сониныхон бүгд танил. Учир нь намайг тэнд хөл тавихаас өмнө Ц.Балдорж агсны удирдлаганд нэгэн үе хамтдаа пижигнэж явсан залуус учраас.  Найзууд уулзалдаад хөл хөөр болно. Хааяа нэг сонины байранд байх Сакура бааранд савна. Яриа нь дандаа л сэтгүүл зүй. Яаж Бал эрхлэгчид авахуулж явснаа л ихэвчлэн ярьцгаана. Зарим нь материалаа уруулснаа, зарим нь ширээ тойруулж элдүүлснээ, зарим нь шанаа авснаа... Мань мэтийн пацаанууд тэр үед тэдний тамхинд гүйдэг л хүүхэд явлаа. Тэр нь бараг нэр төрийн хэрэг гэсэн хөмсөгтэй. Одоо тэд маань хагас нь Өдрийн сонинд, хагас нь Өнөөдөр сонинд хариуцлагатай албуудыг хашч яваа. Харин Ш.Батмөнх ах маань тэнгэрийн орноо заларсан байх юм. Амьд сэрүүн, эднийхээ дунд явсан бол өнөөдөр нүдээ бүлтгэнүүлчихсэн, амьсгаа нь давхацчихсан найзыгаа өмөөрөөд сүйд болж байх байсан. Төдөлгүй хэдэн жилийн дараа Жаргалсайхан УИХ-ын тамгын газрын гадаад харилцааны хэлтэст алба хаших болсон. Парламентын сэтгүүлчийн хувьд түүнтэй байнга л тааралдана. Тэр харин толгой дохиод л ичингүйрсэн мэт хажуугаар өнгөрнө. Би хувьдаа түүнийг хүүе, хаая наашаа цаашаа болон хүмүүстэй сүжрэлдэж, гишүүдтэй сугадалцаж байхыг ордонд хараагүй. Ажиглаад байхад эрхэмсэг, ихэмсэг, бас өөрийнхөө зиндааг мэддэг хүний далддуу биеэ тоосон зан харцан дээгүүрээ гүйлгэсэн, дуу шуу багатай, өөрийнхөө дургүй хүнтэй дуугардаг ч үгүй хүн юм шиг харагддаг. Угаасаа нэртэй хүний зүстэй хүүхэд болохоор хэн нэгэнд тал засан дохилзох занд багаас суралцаагүй өссөн биз. Энэ байдал нь түүнийг ихэвчлэн ганцаараа харагдуулдаг ч байсан юм шиг. Түүнд найз нөхөд гэж бага залуугаас ижилссэн хэдэн хүмүүс л байдаг байх. Бусдаар бол тэр хүнтэй тийм амар ойртохгүй санагддаг.  Миний мэдэх Жаргалсайхан бол энэ. Гэтэл тэр маань улсаасаа урвасан дайсан болж таарч байгаа юм байх аа.
Сэтгүүлч хүний маань хувьд надад олон талын, олон зэрэглэлийн мэдээллүүд ирдэг. Өнөөдөр олж авсан баримт маань харин уншигчдын анхаарлыг ихэд татах, бидний хэллэгээр бол жинхэнэ хадаас юм. Ганц худагаас түүний бичсэн тэмдэглэл намайг зорин явсаар сая нэг гарт минь иржээ. Янз бүрийн цаасан дээр цэвэрхэнээр таталган бичсэн тэрхүү олон хуудас бичмэл одоо миний ширээн дээр байна. Үүнийг хав дараад суухын оронд олон нийттэй хуваалцаж, тэдний сонорт  хүргэх ёстой гэж үзэж байна.  Учир нь түүнд тохсон хэргийн бүрдэлт тун дутуу дулимаг, шууд яллах бодлого баримталж явагдсан нь тодорхой байна. Иймээс мэргэн олны саруул ухаанд толилуулах нь зүйд нийцэх биз ээ.  

Ингэхэд түүнд ямар гээчийн хэрэг тохоод байна вэ

Улсын нууцтай холбоотой гэх асуудлаар анх Тагнуулын ерөнхий газар түүнд хэрэг үүсгэсэн. Барвчлагдах үедээ тэрбээр ОХУ-ын элчин сайдын яамны ажилтан Василий Лавреневтой нэгэн жижиг пивоны газар сууж байж. Багаас орос школоор явчихсан, ОХУ-д дээд боловсрол эзэмшсэн, ажил үүргийн хувьд гадаад орны олон улсуудтай уулзаж учирдаг хүний хувьд нэг орос залуутай шар айраг ууж суух нь гаднаасаа байтугай дотроосоо ч байж болох л асуудал. Гэвч тагнуулынхан дайран орж, сандал дээр нүүрээр нь дарж унагаан, oo-ын өрөө рүү явчихсан байсан Василийгийн цүнхийг сандал дээрээс аван ухаж төнхөхийн сацуу түүний цүнхэнд явсан материалыг Жаргалсайханы цүнх хүү чихэж улайн цайм гэхэд дэндсэн бохир ажиллагаа явуулсан тухай тэрбээр тэмдэглэлдээ дэлгэрэнгүй өгүүлжээ. Мөрдөн байцаагч Жаргалсайханы цүнх рүү бусдын цүнхнээс материал авч хийснээ хүлээдэг ч хавтаст хэрэгт энэ тухайгаа аваагүй. Мөн тэр оройдоо гэрт нь дайран орж ирж нэгжлэг хийсэн, нэгжлэг хийж байхдаа дээд удирдлагууд руугаа „Өө жирийн л гурван өрөө байранд амьдардаг юм байна ш дээ” гэж чамлангуй өнгөөр ярьж байсан гэнэ. Том акул барьчихлаа л гэж бодсон бололтой.  
Сонирхолтой нь хэрэгт дурьдагдсан, ноцтой гэж үзээд буй мэдээллүүд нь бүгд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан, гардаг мэдээллүүд байх юм. Энэ талаар тэрбээр тэмдэглэлдээ ийнхүү бичжээ.
....Ц.Жаргалсайхан: Намайг ОХУ-ын тусгай албаны хүнд нууц мэдээлэл дамжуулсан хэмээн ял тулгаж, „Эх орноосоо урвасан” гэсэн хар дарсан зүүд шиг аймшигтай хэрэгт буруутгасанд би одоо хүртэл итгэхгүй байна. Ийм хэрэгт гүтгэгдэн шалгагдаж байгаагаа би байцаалт өгч эхлэхдээ л ойлгосон.  ОХУ-ын элчин сайдын яамны ажилтан гэсэн нэрийн хуудас өгч, ЭСЯ-ны арга хэмээн дээр анх уулзсан Василий Лавреневтой танилцаад би гурван жи болж байна. Түүний аав Лавренев нь Монголд олон жил ажилласан, хуучин ДСНК-ийн дарга байсан, өөрөө ч Улаанбаатар хотын оросын 9 дүгээр дунд сургуульд багадаа суралцаж байсан гэж Василий надад ярьж байсан. Бидний хувь хүний хооронд ижил төстэй зүйлүүд их байдаг. Улмаар найз нөхөд болцгоон уулзалдаж ярилцдаг болсон. ОХУ-ын элчин сайдын яам олон хүнтэй бөгөөд дотроо их өрсөлдөөнтэй тул Василий түүнтэй илүү харьцахыг надаас хүсдэг байв. Тэрбээр УИХ-ын гишүүдийн гэргий, хүүхэд, дүү нарын ОХУ-д зорчих визийг хүндрэл чирэгдэлгүйгээр олон удаа гаргаж өгч тусалдаг байсан. Би ОХУ-ын ЭСЯ-ны Басанов, Будажанов, Доржиев, Мещаников, Ракшаев гээд маш олон хүнтэй харилцдаг байсан одоо ч заримтай нь сайн нөхдийн холбоотой бөгөөд тэдэнтэй ажлын болон ажлын бус цагаар уулздаг. Тэднээс мэдээлэл авдаг, хоёр улсын харилцааны асуудлаар санал солилцдог юм. Манай хэлтсийн ажилтнууд ч өөр өөрийн хариуцсан орны ЭСЯ, олон улсын байгууллагын хүмүүстэй байнга уулзаж, мэдээлэл санал бодлоо харилцан солилцдог. Ер нь тэдний хэнийг нь ч минийхтэй ижил төстэй хэргээр сэжиглэж захидал харилцаа, шуудан холбоог тагнаж, утас чагнаж, уулзалтыг нь нууцаар бичвэл нэлээд төстэй зүйлүүд их гарах байх гэж би боддог. Би УИХ-ын парламентын гадаад харилцааны гол хоёр түнш ОХУ, БНХАУ-ыг голчлон хариуцаж, энэ чиглэлд багагүй хугацаанд ажилласан тул аль алины ЭСЯ-тай нягт харилцаатай байдаг.
Хэрэгт дурьдагдсан мэдээллүүд бүгд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох сонин хэвлэл, телевиз, интернетээр гарсан, гардаг мэдээлэл юм. Үүнийг хавтаст хэрэгт орсон Гадаад харилцааны хүмүүс ч хэлсэн байгаа. Ер нь УИХ-ын гадаад харилцаа гүйцэтгэх засаглал-Засгийн газрын гадаад харилцаанаас ялгагддаг онцлогтой. УИХ хууль баталдаг тул „хоёр талын хуулийн орчинг бүрдүүлэх”, „Засгийн газар, яамдын харилцааг идэвхжүүлэх” гэх мэт ерөнхий зүйлийг илүү голчлон ярьдаг. Эдийн засгийн нарийн тооцоо, гэрээний нөхцөл, зээл төлбөр гэх үнэхээр нууц мэдээллүүдийг Засгийн газар л айлчлалынхаа үеэр хэрэглэдэг. Тэгээд ч парламентын айлчлалын үеэр ямар ч гэрээ хэлэлцээр байгуулдаггүй. Иймд парламентын айлчлал нь илүү нээлттэй, нийтэд мэдээлэгддэг, ярилцах зүйлээ урьдчилан тохирдог, ардчилсан, „ардын дипломат” ёсны айлчлал юм. Иймээс ч айлчлалын өмнө, айлчлалын явцад, хоно нь эдгээр нь хэвлэл мэдээллээр чөлөөтэ яригддаг зүйл. Айлчлалд олон хүн оролцдог тул хэнээс нь ч мэдээлэл гарах боломжтой. Энэ нь ч их сөрөг нөлөө авчирдаггүй. Учир нь ярих зүйл нь аль аль талдаа ерөнхийдөө ойлгомжтой байдаг.  Харин Засгийн газар,  Ерөнхий сайд, сайдуудын айлчлал бол тэс ондоо. Нууцлах зүйл олон байдаг. Тэгээд ч би Василийд ямар ч нууц гэхээр ноцтой мэдээлэл өгөөгүй. Хавтаст хэрэгт Василийгийн надад өгсөн Flash- зөөврийн дискний талаар бараг дурьдагдаагүй байна. Тэрбээр надад үүнийг өгч зарим хувийн зураг, орчуулгуудыг авдаг байсан. Мэдээллийн технологи асар хурдтай хөгжиж байгаа энэ үед ийм жижигхэн, аюулгүй гэмээр хэрэгслээр ямар ч мэдээллийг, ямар ч хэлбэрээр авах боломжтойг мэргэжилтнүүд баттай хэлнэ. Энэхүү диск нь миний компьютерт хангалттай удаан байсан бөгөөд үүнээс болсон уу миний майл хаягнаас өөр хүмүүс рүү миний явуулаагүй захидал мэдээлэл явсныг би уг нь байцаагчид дэлгэрэнгүй ярьж өгөхийг оролдсон.
Василий бид хоёрын хэдхэн уулзалтын бичлэгийг хийсэн нь бид хоёрын нийт харилцааны дүр зургийг дутуу дульмаг харуулж, зөвхөн мэдээлэл дамжуулах зорилготой уулзалтууд мэт харагдаж байна. Бидний эхний үед ярьж байсан зүйлүүдийг тасалж зөвхөн сүүлийн уулзалт яриаг хатуу орчуулж буулгасан нь намайг „мэдээлэл цуглуулагч” мэт ойлгогдохоор болсон байна. Бидний ярианд Василий намайг „Начальник, ваше задание, распоряжение выполнено” гэх юм уу „ вот твоё задание” зэргээр хошигнож хэлдэг нь нийт харилцааны ерөнхий утгаас нь салгаж тасдаж хатуу буулгавал үнэхээр л „ даргаа, даалгавар биелэгдлээ”, „энэ бол чиний даалгавар биелэгдлээ”, „энэ бол чиний даалгавар” гэж буруу утгаараа бууна. Мөн „информация” гэхээр л шууд мэдээлэл болж, оросуудын дунд „моод” болсон „КГБ”, „ФСБ” зэрэг хошигносон нэр томъёо нь шууд „тагнуул”, „байгууллага” гэж ойлгогдож байна. Уг нь энэ бол аль нэг хэтэрхий сүржин, нуугдмал, аюултай юмыг л бид „До яам” гэж хэлдэгтэй адил хар ярианы сул хэллэгүүд билээ. Оросын телевиз, сонин хэвлэлүүд ч ийм үгсээр дүүрэн байдаг. Хэрвээ би үнэхээр тагнуул байсан гэж бодсон бол интернетээр явуулсан мэдээлэл, утасны мессеж, гар бичмэл, и- мейлийн хаяг, хайрцагнуудаа дор бүр нь устгаж байх байсан болов уу. Тэгэхэд би өөрийнхөө хаягийг ашиглаж өөрийн ажлын шуудан илгээдэг хаягнаасаа илэн далангүй, айж нуулгүй захидал бичиж, ядаж гар утасныхаа мессежүүдийг устгахгүй үлдээж, өрөөнийхөө хүний дэргэд утсаар нуулгүй ярьдаг байсан.

.....Тэмдэглэл ийн хөвөрч байна

Илүү нарийн зүйлсийг энд цөмийг нь багтаах аргагүй.  Хүний амьдралыг нэг л өдөр орвонгоор нь эргүүлнэ гэж энийг л хэлдэг байх. Нарийн ажиглавал энэ асуудлыг хэн нэгний матаас, хорлон сүйтгэж зайлуулах гэсэн санаатай ажиллагаагаар үүссэн ч юм шиг. Гэвч энэ талаас нь мөрдөн байцаагч огт авч үзээгүй байна. Асуудлыг зориуд хар шуурга шиг босгож байгаагийн ард тодорхой хүн баймаар. Үүнийг мэдээж авч үзээгүй нь тодорхой. Мөн улсын нууцыг алдсан юм бол хаана, яагаад гэдэг нөхцөл байдлыг авч үзэх шаардлагатай баймаар. Шүүгээ сав, компьютероос хэн ч ямар ч материалыг авч, алдаж болно. Хэн нэгэн хорон санаатан ийм юм хийсэн байхыг үгүйсгэх аргагүй. Яагаад заавал Жаргалсайхан гэж. Бүр цаашлаад Жаргалсайхан нууц алджээ гэж үзвэл улс нийгэмд ямар хор хохирол учруулав гэдэг асуулт гарч ирнэ. Тэр хариуцлага алджээ гэж үзэхэд санаатайгаар үйлдсэн гэж үзэх нотолгоо нь хаана байна гэх зэрэг олон адармаатай асуулт гарч ирж байна. Энэ хэрэг дээр Жаргалсайханы ажил хэргийн орчныг мэддэг, мэдэрдэг, байнга харилцаж байсан гишүүд, ажилтнууд хүний ёсоор хандаж, чин сэтгэлээсээ үнэн зөв мэдүүлэг өгөөгүй ч юм шиг. Түүний хэлний мэдлэг, ажил үүргийн дагуух үүргээр нь хэлээ, хөлөө хийж явсан гишүүдийн зарим нь хүртэл мэдэн будилсан, илтэд мэгдсэн хүний үнэргүй тайлбар өгсөн сураг чиг дэлсэж байгаа учраас дээрх үгийг би хэлж байгаа юм.  
Мэдээж тэд эх орноосоо урвасан гэх хүнд хэрэгт шалгуулж байгаа хүнтэй холбогдохоос айж байгаа байх. Гэхдээ хүн бүхэн нэг л замаар буцаж, ирсэн шигээ нүцгэнээр энэ хорвоог орхидог гашуун үнэний өмнө нүүрнийхээ аль талыг харуулж очихоо бодох хэрэгтэй.
Өнөөдөр монгол эх орноо худалдсан, эх орноосоо урвасан гэж үзвэл хоёр толгойгоо худалдчихаад хоорондоо тэврэлдээд хэвтэж байгаа эрх баригчдыг л хэлэх байх. Газар шороо, эд баялгаа гадныханд өгчихөөд малилзаж, нүдний шилнүүдээ гялбалзуулан давхилдаж байгаа хэдэн нөхөд л цаг эргэвэл хожим ийм ялд унах байх. Түүнээс биш Жаргалсайхан шиг энгийн номхон төрийн албан хаагч эх орноо худалддаггүй юм. Мэдээлсэн, алдсан, асгасан гэх бүх баримт нь бидний мэдэх, нэгэнт хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн үед ханатал цацагдсан зүйлс. Уулзсан, тагнуул туршуул гээд байгаа нөхөр нь 1978 онд төрсөн, бага насандаа монголд өсч өндийж явсан байдаг л нэг орос залуу. Тэр нь цаанаа ямар давхар албатайг бидний хэн ч нотлохгүй. Учир нь Лавреневаас нэг ч удаа мөрдөн байцаалт аваагүй. Тэр хүн одоо миний шалгаж тогтоосноор лав монголд байхгүй. Ийм хэрэг гэж байдаг юм уу.  
 
Хуульд юу гэж зааж вэ


Ц.Жаргалсайханд огоогоод буй 79.1 гэх зүйл ангид юу гэж зааж вэ.  
79.1 Эх орноосоо урвах
МУ-ын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохиро учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол 16-25 жил хорих ял шийтгэнэ. Энэ бол Монгол улсын цагаан дээр хараар бичиж тогтоосон хуулийн заалт.  Монгол улсын эсрэг дайсагнасан үйл айжиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан...уншигч та анхааралтай харж байгаа байх. ОХУ тэгэхээр манай дайсагнагч орон болж таарах нь ээ дээ. ОХУ-ын ЭСЯ-ны ажилтан залуу дайсны тагнуулын байгууллагын гишүүн байх нь. Тийм байлаа гэхэд тэрийг нь шалгалгүйгээр энд иргэнээ ингэж тамлаж болдог юм уу.  Мөн энэ хэргийн талаарх мэдээлэл энэ зэрэгт хүртэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр элдэв гуйвуулга дайвуулгатайгаар цацагдсан нь анхнаасаа тагнуулын байгууллага санаатайгаар явуулсан мэт сэтгэгдэл төрүүлж байна. Аливаа улс орны тагнуулын байгууллага ийм салан задгай бодлого явуулдаггүй. Хэлмэгдүүлэлт, хэнээрхэл, хэсэг хүмүүсийн эрх тушаал ахих, зэрэг дэв горилох цаламгүй шуналын золиосонд Жаргалсайхан гэдэг жирийн хүний мөрийн  амьдрал үрэгдэж, нэгэн сайхан гэр бүл нулимсанд живж байгаа юм шиг сэрүү татсан жихүүн мэдрэмж төрүүлнэ.
Түүний эцэг манай нэртэй дипломатч Цахилгаан гуай гэдгийг хүмүүс дуулсан байх. Цахилгаан гуай бол энэ төрд насаараа зүтгэсэн нийгмийн зүтгэлтэн хүн. Үеийнхнээсээ ялгарах нэг онцлог нь энэ хүн сүүлийн 20 жил хоёр том намын алиных нь ч дээвэр туурганд оролгүй дунд нь зогсчихсон нь болов уу. Ардаа намтай, ханатай хүн бол насны эцэст ганц хүүгээрээ ингэтэл наадуулахгүй байсан байх. Өөрийнх нь хэвлэлд өгсөн ярилцлагаас үзвэл энэ хэргийн цаад үзүүр хүү рүү нь биш өөр лүү нь орох санаатай ч байж мэднэ гэмээр аяс цухалзсан байна билээ. БНХАУ-д долоон жил элчин сайдаар суугаад нэр цэвэр албаа дуусгаад ирсэн түүнд дайсан гэж баймгүй санагдах.

Энэ хэргийн зүйлчлэл яагаад заавал дээшээ тэнгэрт тулчихав аа

Яллах ёстой гэж бодоход яагаад заавал эх орноосоо урвасан гэх ял өгч байгаа нь анхаарал татна. Дотор нь яригдаж байгаа асуудал нь болохоор улсын нууц задруулсан гэх гөрдлөгө. Тэр нь үнэн байлаа гэхэд зүйл анги нь  87.1 буюу Төрийн нууц задруулах
Уг зүйлд юу гэж заасныг харуулъя.
Төрийн нууцад хамаарах, баримт бичиг, эд зүйл, объект үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол 5 жил хүртлэх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Гэвч Жаргалсайханд 17 жилийн ял уншсан. Өөр нэг заалт эрхгүй анхаарал татна.  Тагнуул хийх нь гэсэн 80.1 гэх заалт байна. Түүндээ: Гадаадын  иргэн буюу харъяалалгүй хүн гэж заажээ. Тэгвэл энэ бүхэн нь Ц.Жаргалсайханд хамааралгүй болоод явчихаж байх жишээтэй.
Ийм нэгэн адармаатай хэрэгт нэгэн цагт бидэнтэй мөр зэрэгцэн төрийн төв хэвлэлд сэтгүүлчээр ажиллаж явсан манай салбарын нэг нөхрийг маань гүжирдэж байна. Бидэнд ч тулгагдаж мэдэх зэм. Хэн нэг маань и-мейлээ нээлттэй, компьютераа асаалттай хаяж гарч гүйж яваад юунд ч гүжирдүүлж, атгаг хорон санаатны явуурганд өртөж мэдэхийг үгүйсгэх аргагүй. Бид бол юм юмыг сонирхож явдаг, хүн хүнтэй харьцаж явдаг,  мэдээ мэдээлэл дунд эргэлдэж явдаг улс шүү дээ.
 
УИХ-ын Гадаад харил­цаа­ны хэлтсийн зөвлөх Ц.Жаргал­сайханд улсын нууц задруул­сан хэрэг үүсгэхдээ яг ямар үйлд­лүүдээр буруутгасныг ун­шигчид нарийн мэдэхгүй байх шиг байна. Учир нь, ай­маар том урвагчийг барьчих­сан гэх шоуг хэвлэл мэдээл­лийн хэрэгс­лээр зориуд сул асгаж өгч байгаад цацчихсан учраас.
Түүнийг дөрвөн асуудлаар гүжирдэж байгаа юм.

1.УИХ-ын дарга Д.Дэмбэ­рэлийн БНХАУ-ын Ерөнхий сайд Вэнь Зябаотой хийх уулзалт ярианы сэдвийг Васи­лий Лавреневт дамжуулсан гэх зүйл юм байна. Уг уул­залтын сэдвийг зургадугаар сарын 3-нд Ц.Жаргалсайханыг баривч­лахдаа Василийгийн цүнхнээс олсон болгоод бай­гаа ч үнэн хэрэгтээ барив­чилгааны үеэр  ямар жүжиг болгосныг өмнөх өгүүлэлд тодорхой бичсэн.
Бодит байдал дээр Д.Дэм­бэ­рэлийн уулзалт 2010 оны зургадугаар сарын 1-нд болсон. Ц.Жаргалсайхан уулзалтын сэдвийг ГХЯ-ны Б.Байгалмаа­гаас тавдугаар сарын 28-нд авч, УИХ-ын даргын туслахад өгсөн юм байна. Баривчил­гаа­ны үеэр Василий Лавреневийн цүнхнээс гарсан гээд байгаа хав­таст хэрэгт оруулсан мате­риал нь Б.Байгалмаагаас авснаас өөр байсан тухай эх сурвалж мэдээлж байна. Ц.Жаргалсайхан мэдүүлэхдээ “миний компьютерт байгаа ярианы сэдэвт төмөр замын тухай юу ч байхгүй” гэж удаа дараа хэлсэн ч авч хэлэл­цээгүй. Хамгийн чухал юм нь энэ материал гэж сүржигнээд байгаа мэдээллүүд нь бараг бүх телевиз, сонин хэвлэлд тэр өдрөө буюу зургадугаар сарын 1-2 өдрүүдэд цацагдсан. Интернэтээр мөн адил.
Тулгаад байгаа асуудал бодит байдал хоёр нь ийм л инээдмийн гэмээр явдал байна. Дараагийн зүйл.
2. Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин нарын уулзалтын талаархи мэдээллийг дамжуулсан гэж буруутгажээ. Энэ уулзалтыг болоогүй гэж албан ёсны бүх эх сурвалж баталдаг. Болоогүй уулзалтын талаар мэдээлэл дамжуулсан гэж буруутгаж болох уу. Европт хийх айлчла­лын үеэр хамт явах гишүүд, сэтгүүлчид гээд бусад бүрэл­дэхүүний нэрс, онгоцны рей­сийн дугаар зэрэг бол явахаас нэг хоногийн өмнө ил болдог зүйл л дээ. Эдгээрийг ЭСЯ руу факсаар явуулсан гэж Ц.Жар­галсайханыг буруутгасан тухай мэдээлэл байгаа. Хэрэв үнэн бол үүн шиг элэг авмаар юм байж болохгүй. Энэ мэдээ­лэл ёслолын албаныханд нэлэнхүйдээ тардаг төдийгүй, Орос Монголын талууд холбог­дох шугамуудаараа нээлттэй дамжуулцгааж байдаг ил тод зүйл шүү дээ.
3.Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дор­жийн айлчлалын талаархи мэдээллийг дамжуулсан гэжээ. Энэ айлчлалд хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өргөн хүрээтэй оролцсоныг бүгд мэдэж байгаа. Бээжин, Шанхай, Хөх хотод хийсэн айлчлалуудыг тухай бүрт нь интернет, ТВ, сонин хэв­лэ­лээр мэдээлж байсан. Энэ айлч­лалын илтгэх хуудсыг Ц.Жар­гал­сайхан хэвлэлд аль хэ­дийнэ цацагдсанаас хойш Засгийн газрын нээлттэй хуралдааны дараа авсан гэж үнэнээ мэдүүлсэн ч мөн л энэ­хүү хэргийн шоу менежерүүд хэрэг­сээгүй бо­лолтой юм. Зургадугаар сарын 18-19-нд Өвөрмонголоос том зочин ирэх ёстой байсан тул үүнд сайн бэлтгэ, өмнөх айлчла­луудыг хар гэж УИХ-ын дэд дар­га Г.Батхүү Жаргалсай­ханд тухайн үед үүрэг болгож байжээ. Харин энэ бүхний талаар үнэн зөвийг мэдүүлэх гэрч болох, УИХ-ын дэд дар­гын туслах Очко айж ичсэн үү, элдэв дарамтад автсан уу, худ­рагагүй мэдүүлэг өгчихсөн юм болов уу гэсэн бор шувуу учир мэдэх улсын дунд тарх­сан байна. Очко, УИХ-ын ги­шүүн Д.Загджав нараас гэр­чийн мэдүүлэг авсныхаа да­раа тагнуулынхан “хөөрхий эд ч өөдгүй улс юм даа” гэлцэн инээж байсан мэдээлэл бай­на. Өөрсдөө тоглоомын хэрэг дэглэж тавьчихаад, арьсаа бодож яваа айж сандарсан улсаар ингэж л даажигнаж суудаг байх нь гэсэн зэвүүн бодол өөрийн эрхгүй төрнө.   
4. 2009 оны арваннэг­дү­гээр сард УИХ-ын дарга  Д.Дэм­бэрэлийн ОХУ-д хийх айлч­лалын талаархи хөтөлбө­рийг дамжуулсан гэж буруут­гаж байгаа юм байна. Айлч­лалын үндсэн чиглэлийг Ц.Жар­галсайхан өөрөө бо­ловс­руулсан аж. Бүх мате­риал дээр ГХЯ-ны ажилтан Б.Болортой хамт сууж байсан гэж ГХЯ-ныхан ярьж байх юм. Айлчлалд сэтгүүлчид мөн явцгаасан. Тухай бүртээ мэ­дээл­лээ дамжуулцгаасан. Д.Дэм­бэрэл дарга ОХУ-ын пар­ламентын дээд доод тан­химын хоёр даргатай уулзсан. Тэр үеэр ямар ч гэрээ хэлэл­цээр явагдаагүй гэдгийг манай сэтгүүлчид лав бүгд мэдэж бай­гаа шүү дээ. Энэний юуг нь дамжуулдаг юм бэ.
Манай шүүхийнхний болон тагнуулынхны үзэж зүйлчилж байгаагаар манай оронтой дайсагнагч орон болох ОХУ-ын ЭСЯ-ны ажилтан Лавренев ингэхэд яагаад мэдүүлэг өгсөнгүй вэ. Хэрэгт авсан ма­териалууд дотор Лавренев Ц.Жар­галсайхан нарын эн­гийн, хүний ёсны нөхөрлөл, ха­рилцааг илтгэх бүх зүйл байх­гүй байдаг гэнэ. Ту­хайл­бал, өнгөрсөн гуравдугаар сард уулзахдаа Василий түүнд өө­рийн хийж буй эрдэм шин­жилгээний ажил болох “Мон­гол Улсын өнөөгийн улс төр, гадаад бодлогын хөгжил дэв­шил” сэдэвт ажлынхаа явцын та­лаар ярьж, тусалж дэмжи­хийг гуйж байсан уулзалтыг чагнах төхөөрөмж алгасч бич­нэ гэж баймгүй юм. Эр улсын нө­хөрлөл хэчнээн өргөн хү­рээтэй билээ. Хамтдаа ууж, эр­чүүдийн халуун сэдвүү­дээр бие биедээ онгирцгоож юу эс бо­лох билээ. Энэ өргөн хү­рээнээс тоглоом шоглоом, тог­ло­чихож болох мушгичихаж болох үг хэллэг, чаатын яриа­нуудыг хэрэгт өлгөж аван ашиг­лаж буй нь энэ хэргийн мөн ча­нарт эргэлзээ төрүүлж байна.
Сайтар ажиглахад Ц.Жар­гал­сайхан эрх танхил өссөн, мэдлэг боловсрол, эзэмшсэн чадвартаа итгэдэг атлаа хувь хүн талаасаа гэнэн хүн юм шиг. Саарал ордныхон бол айх­тар гэх үнэлгээ жижигдэхээр улсууд байдаг. Заримыг нь ёс­той нөгөө “До яам”-ны шур­гуу­лууд ч гэж шивэр авир ярьдаг. Цал буурал болтлоо тусгай мэ­дээлэгчийн ажил хийчихсэн гад­наа намбалаг албан хааг­чийн дүрийг эсгэсэн, дотроо бууны нохой төрхөө нуу­чих­сан тэтгэврийн насны нөхдүүд л сэм­бэлзтэл алхаж явдаг шүү дээ. Ийм аймаар орчинд арван жил ажиллах­даа гэнэн ан­зааргагүй зангаа гээгээ­гүй л явж дээ, Ц.Жаргалсайхан. Нэг шинэ шургуулга өрөөнд нь оруулж ирээд тавихад л хаалга үүдийг нь онгойлгож сонирхож ч үздэггүй гэнэн алмай хүн юм даа гэж эрхгүй бодогдоно. Эдүгээ цаг бол хүн халгиа цалгиатай, алдаа оноотой, амьд халуун шинжээ тээгээд хүн шиг явахад хал­гаатай болсон үе шүү дээ.

Аавтайгаа л уулзий

Ц.Жаргалсайханы зөөлөн, ноомой зан, тулгасан хэргийн улмаас цочирдсон байдал зэрэг мөрдөн байцаагчийг дур зоргоороо авирлахад хүргэж байж ч болох.
Энэ тухай тэрбээр тэм­дэг­лэлдээ: Би эрүүлжүүлэх бай­ранд ч орж үзээгүй хүн. Ийнхүү хоригдож, маш аймаар ял тулгуулж сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд унасан үедээ сайн үндэс суурьтай, оновчтой хариулж, тайлбарлаж чадах­гүй байсан. Тэгээд ч байцаагч байцаалт эхлэнгүүт өөрийн асуултуудыг маш хурдан асууж, бодох завдалгүй да­раа­гийн асуултуудыг үргэлжлүүл­дэг бөгөөд хамгийн сүүлд л “нэмж хэлэх зүйл байна уу” гээд миний хэлсэн бүх зүйлийг 1-2 өгүүлбэрт багтаадаг байсан. Тэр нь ч зөв ч юм шиг. Гэхдээ л бүх санааны маань 30-40 хувь нь л буусан байдаг. Би тэгж хэлэх гэсэн юм гэхээр “Та одоо бодохоор л тэгж хэлдэг байсан юм байна гэж бодоод байна. Үнэндээ бол тэгж л хэлсэн шүү дээ” гэнэ. Байцаалтын цаг нь давчуу, асууж буй зүйлүүд нь олон тайлбар шаардсан асуудлууд байсан. Би Василийтэй уулзаж байсан газар, өдрүүдээ одоо ч сайн санахгүй байна. Учир нь найзууд болохоор тэр бүр ач холбогдол өгдөггүй байсан. Гэтэл байцаагч “Дараа нь та хоёр хаана уулзсан бэ. Танд ямар даалгавар өгсөн бэ, тэр өдрийн уулзалтаараа яг юуны тухай асуусан бэ” гэх зэргээр зай өгөхгүй асуухад би урьд нь байцаалт өгч үзээгүй хүн болохоор сандарч “санахгүй байна”, “тийм байх аа” зэрэг маш эргэлзсэн хариултууд олонтаа өгсөн харагдана.
Хоёр том хавтаст хэрэгтэй би гурав орчим цагийн дотор л танилцсан. Учир нь, байцаагч “та үүнийг үзсэн шүү дээ”, “аан, энэ бол нэг их ач холбог­долгүй зүйл”, “манай жолооч явах гээд байна”, “прокурорт явуулж амжихгүй нь” гэснээр би бүтэн нэг хавтас болон хоёр дахь хавтасны ихэнх хэсэг болон Василийтэй уулзсан 1-2 уулзалтыг л харж амжсан. Намайг баривчлах үедээ Василийгийн цүнх юмсыг шууд ухаж, түүнд байсан юмыг шууд миний юм, надаас гарсан гэж ойлгогдохоор “сэжигтний цүнхнээс гарсан” гэж хавтаст хэрэгт оруулжээ. Би энэ тухай байцаагчаас асуухад “Тийм ээ, тийм. Энэ бол таных биш түүний цүнх­нээс гаргасан. Авч явахдаа л цүнхэнд чинь хийсэн. Энэ тухай мэдэж байгаа. Санаа зоволтгүй” гэж хэлсэн боловч хавтаст хэргээс харахад энэ нь миний цүнхэнд байсан гэж ойлгогдохоор болжээ.
Миний сэтгэл санаа маш хүнд байна. Төрд зүтгэсэн олон жилийн минь хөдөл­мөрийг ийнхүү үгүй болгож, нэр хүндийг минь асар их унагалаа. Намайг хорьсноос хойш удалгүй эхнэрийг маань ажлаас нь түдгэлзүүлсэн тухай мэдсэн. Энэ бүхэн миний болон эхнэрийн маань сэт­гэлд том зовиур нэмсэн. Мөн би ээж, эхнэр хоёртойгоо уулзмааргүй байна. Сэтгэл санаа хүнд байна. Зөвхөн аавтайгаа л уулзъя гэхэд зориудаар хийж байгаа мэт зөвхөн ээж, эхнэр хоёрт л зөв­шөөрөл өгсөн байна. Бай­цааг­чаас энэ тухай асуухаар аав чинь ирээгүй гэсэн. Харин өм­гөөлөгч аавд чинь зөв­шөө­рөл өгөхгүй байна гэсэн. Миний үйлдсэн гэх хэрэг олон нийтэд нээлттэй болж эндхийн хоригдогсод хүртэл “тагнуул” хэмээн дууддаг болсон. Үүнээс болж миний талд үнэн зөв мэдүүлэг өгөх гэрчүүд миний эсрэг гэмээр мэдүүл­гүүд өгсөн байна. Би ч тэднийг ойлгож байна. Хэн ийм хэрэгт өөрийн нэрийг хутгах вэ дээ.
Тэмдэглэлийг түр зав­сар­лая.  

Тагнуулчаа ч хат даа


Ц.Жаргалсайхан най­зын­хаа ажилд туслах үүднээс за­римдаа өөрийн мэдэхгүй сэд­вийг тухайлбал Далай ламын тухай ч юм уу материал хэрэг болбол зарим нэгэнд бичлэ­гийн шагналыг нь өгөөд би­чүүл­дэг байж. Тэгсэн зарим нь огт шагнал аваагүй гээд л зал­сан байх юм гэнэ. Хүн бол ийм л арчаагүй амьтан.
Энэхүү хэргийн хүрээнд өөрийн баттай эх сурвалж, баримтуудаас авсан мэдээл­лээс үзэхүйд XXI зуунтай өөр­тэй нь харьцуулшгүй инээд­тэй юмаар бүхэл бүтэн хүнийг хэл­мэгдүүлж болдог цаг үед амьдарч байгаагаа мэдэрнэ.
Нууц...нууц....мэдээж нууц юм гэж байлгүй яахав. Ц.Жар­галсайхан ажил үүргийнхээ ёсоор өргөн мэдээллийн дунд байсан хүн. Үүний ард улс хоорондын харилцаа гэж том ойлголт бий. Энэ ойлгомжтой. Парламентын харилцааг нийт улс төрийн харилцаанаас сал­гаж үзвэл хэт өрөөсгөл болно. Иймд Ерөн­хийлөгч, Ерөнхий сайдын ОХУ эсвэл БНХАУ-д хий­сэн айлчлалууд нь парла­ментын харилцаанд ч хамаа­рал­тай билээ. Учир нь Ерөн­хийлөгч, Ерөнхий сайдын хүр­сэн тохиролцоог парламент баталгаажуулдаг. Тэгэ­хээр энэ хэлтэст падлийгүй асуу­дал энэ хавьд байхгүй гэсэн үг.  Төрийн нууцын хуульд га­даад айлчлалтай холбоотой материа­луудыг ерөнхийд нь нууц гэжээ. Харин бодит бай­дал дээр төрийн институ­циудын гадаад харилцааны албад ч, ГХЯ-нд ч байдал нэлээд замбараагүй талдаа байдаг. Хэдийд нууц байдаг, хэдийд нууц бус болдог, юу нь нууц, юу нь биш болох нь нэлээд тодорхойгүйг энэ орчинд ажилладаг хүмүүс бүгд мэднэ. Тухайлбал, сүү­лийн үед бүх гадаад айлч­лалуудыг ГХЯ-наас нууц гэдэг хөмсөг тавьдаг болсон. Энэ утгаа­раа цаг хугацаа ач хол­бог­дол нь аль хэдийнэ алдагд­сан 2000 оны ч юм уу айлч­лалууд ч нууц болох юм. Гэтэл энэ бүхэн нь хэвлэл мэдээл­лээр тэр даруйдаа л нийтлэгд­дэг, өргөн хүрээтэй цацагд­чих­сан зүйлүүд. Тэр битгий хэл айлчлалаар явж байхдаа аль гишүүн нь аль гишүүн рүүгээ агсамнав, хоорондоо юунаас болж зодолдов, хаана хэнтэй уулзав гээд бүгд л цацагд­чихдаг. Ийм л орчинд ажиллаж байгаа улсууд шүү дээ, өнөөд­рийн гадаад харил­цааны ажилтнууд. Үүнийгээ ухаарч, гүт­гэгдэж гүжирдүүлж, гэр бүлээрээ шаналж, яахаа мэдэхгүй үймэрч байгаа нэгэн гэр бүлд хүн шиг хандах ёстой санагдана. Бултаж булзаж, хэн нэгнийг нь маргааш сугалж аваачаад хэлмэгдүүлж мэдэ­хийг бодохгүй өнөөдрийн улаан нүүрээ бодон увайгүй аашилж болно гэж үү.
Иймэрхүү институциуд ажилт­нуудаа он удаан жилийн шалгуураар, сайтар судалж, мэдлэг боловсрол, гарал угсаа, гэр бүлийн байдал зэргийг нь хянуур авч үзэж баймаар. Тэгэхгүй бол хэн нэгэн даргын ша­хаасаар хаа яаж явсан нь мэдэг­дэхгүй нэг нөхрийг шууд дунд нь оруу­лаад ирж болохгүй. Өмнө нь тө­рийн алба явдаг ёсоороо л явж байсан. Хөндлөнгийн хөл гиш­гэснээс болж л иймдээ тул­сан байхыг үгүйсгэх аргагүй.

Төгсгөлд нь...


 Өнөөдөр бидний хэн маань ч хэн явж болно. Эрх ту­шаалтан, өндөр цалинтан, хө­рөнгө мөнгөтөн...гэвч үй­лийн хорвоог туулж бараад нэг л газар очно. Энийгээ бодохгүй зарим дарга даамлууд сүрхий өндөрт хямсайж суугаа үзэг­дэх юм. Хүмүүсийн хувь заяаг шийдээд л, халаад л солиод л, хуучин цагийн төрх нь орвонгоороо эргэчихсэн. Мэн­дэлдэг байсан нь больчихсон ч байх шиг. Найз явсан нь танихаа  байчихсан явах шиг.  Хүн нь ийм хэврэгшсэн байхад төр нь ямар болж бай­гаа нь ойлгомжтой.  Байгуул­ла­гууд зүгээр л бие биенээ тагнаж чагнаж суудаг болсон. Хуучин нийгмийн үеийн мэдээлэгчдийн сүнс эргэж сэрсэн.  Бие биенээ матаж, дээш нь бичиж, хор­лож, бахаа хангаж суугсдын хойд дүр эргэж ирсэн. Төрийн албанд зүтгэж байгаа хүмүүс бүгд энэхүү өөрчлөгдсөн бараан орчинг зүрхшээн ярьж байна.    
Өнөөгийн дарга нар зөвхөн мөнгөөр л бүгдийг хэмждэг бол­сон. Зөвхөн мөнгөөр ху­дал­даад авчихсан хүмүү­сээ­рээ л хүрээлүүлнэ. Тэдэн­дээ илүү юм хаяна. Тэднээрээ эл­дэв төрлийн ажлууд хийлгэнэ. Гар хөлөө болгох энэ тэр бүр утгаа алдсан. Гэдгэр ааштай, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, чадалтай, айх юмгүй, алдах юмгүй хүмүүсээс тэд шууд л дөлдөг. Төрийн алба руу за­луучууд ихээхэн хошуурдаг болсон учраас бибээр элдэв хараал зүхлээс үл айн өнөө цагийн төрийн албыг хэрсэн ёс суртахууны энэхүү бохир мананг  сөрөн байж хэдэн үг хэлж байгаа юм. Залуус ийшээ ханарах хэрэггүй. Төрийн албаны шалгалт энэ тэр гэсэн  хахууль нүүрлэсэн газар ду­гаарлан байж, дарга нарын харцыг эргүүлдэн байж ийшээ зүтгэх хэрэггүй залуус аа. Шударгаар хөдөлмөрлөөд амжилтад хүрэх, хөдөл­мөрийг тань хэлмэгдүүл­дэг­гүй, тунгалаг орчинтой газар ажиллацгаа.
Ц.Жаргалсайхан хэрвээ чаддаг нь оройд нь оршдог сэтгүүл зүйдээ явж байсан бол ийм бохир машины эргүүл­гэнд хавчуулагдахгүй л байсан шүү дээ.