АН Хамтарсан Засгаасаа гарах нь орсон өдрийнх шигээ л тодор­хой байсан. Харин тэр нь хэзээ вэ гэдэг цаг хугацааных байсан байх. Одоо гарна гарахгүй, цаг нь болсон болоогүй гэж яригд­саар энэ оны нэгдүгээр сард хоёр намын хамт­ран байгуул­сан гэх Засгийн газар туурга тусгаар болсон билээ.

Туурга тусгаар бол тусын дай­сан гэдэг шиг асуудалд ханддаг явдал эл шийдвэр дуулдав уу үгүй юу Монголын төрд яригдаж эхэлсэн юм. Уг нь төрийн эрхэм чанар, зал­гамж хэлхээ гэдэг аль нэг нам Засагт байсан байгаагүй, гарсан ялгалгүй байж байх ёстой юм шиг санагддаг. Хэ­дийгээр нам дагаж төрийн өндөр дээд албан тушаалд очсон ч асуудалд намын бус тө­рийн нэрийн өмнөөс хан­даж байх ёстой байх. Гэвч МАН, АН салмагц л угшлаар нь хөөгөөд хэн нэгнийг зай­луулах, холдуулах тухай яриа гарах болсон нь харамсал­тай. Төрийн албаны тухай хуулиар аль хэдийнэ намаа­саа татгалзаад төрийн ал­бан­даа үлдэж хэдэн жилийн нүүр үзсэн байсан ч гарвал угшил нь нөгөө намынх гэд­гээр нь цэвэрлэгээ хийх их ажил Монголын төрд гарах юм.

Ерөөсөө Засгийн газрын түш­мэ­дүүд Засгийн газраа дангаар байгуулж, сайд на­раа ч товлоогүй байж Засгийн газрын харьяа агент­лаг, газ­руудаас хэн хэнийг зайлуу­лах жагсаалтаа гаргачихсан бай­сан гэдэг. Нам дагахгүй ээ, төрөө дагана гээд шийдвэрээ гаргачих­сан төрийн албан хаагчид ч уг жагсаалтад багт­сан байв. Үзэл нь улаан биш цэнхэр гэдэг шалтгаа­наар. Тэр жагсаалтын эхэнд нь гэхэд Оюуны өмчийн дэд даргаар ажиллаж байсан урлагт элэгтэй, улс төрд зүт­гэлтэй С.Гантөмөр агсны нэр байсан гэж учир мэдэх хүмүүс ярьж байв. Учир нь тэр АН-ын ҮЗХ-д Булган аймгийг тө­лөөлж байсан гэдэг шалтгаа­наар. За тэгээд яам, нийслэл, дүүрэг гээд том жижиг гэлтгүй бүхий л шатнаас 70 гаруй хүний нэрийг жагсаасан бай­сан гэж байгаа. Нэг хэсэг Нийслэлийн орлогч дарга Да.Ган­болдоос ажлыг нь авах тухай яриг­даж эхэлсэн байв даа. Ажлаа муу хийсэн гэд­гээрээ бус харин ард­чилалд олон жил зүтгэж, Шадар сай­дын албыг хүртэл шаргуу ха­шиж, Ерөнхий сайдад хүртэл нэр нь хэдэнтээ дэвшиж яв­сан нөгөө намын эсэргүүн учраас шүү дээ. Уг нь Монго­лын хүн амын тэн хага­саас илүү нь сууж байгаа нийслэлд үзэл нь нөгөө талдаа ч гэсэн турш­лага нь, зангараг нь, нас нь чухал тэр халзан нөхөр байж л байх хэрэгтэй байхгүй юу даа.

Бас хэд хэдэн газрын дар­га нарт хариуцлага тооцох­доо орлогч нартай нь хамт хусаад хаячихсан гэж байгаа.

Уг нь ажлаа муу хийсэн МАН-ын угшилтай албан тушаалтныг шийтгэж байгаа хэрэг л дээ. Гэвч аз дутахад орлогч нь нөгөө намын гар­валтай учраас хамтдаа ху­суул­чихаж байгаа юм. Азгүй золиг, хэрэв АН-ынх биш МАН-ынх бай­сан бол жин­хэнэ дарга болохгүй юу.

Бас шинэхэн сайдуудын өрөв­дөм томилгоо, халаа сэлгээнүүд нийт намынхаа нэр хүндийг доош татаж л дуулдах юм. Залуу байлаа гээд тэнэг баймааргүй л бай­гаа юм. Ж.Энхбаяр сайдын зөвлөхүү­дээ­сээ эхэлсэн то­милгоо нь сүүлдээ улс төрийн бус төрийн албан хаагчид руугаа орж, одоо өөрөө суу­далдаа үлдэх эсэх нь хэцүү­хэн болчихоод л байна. Одоо АН-ын гишүүн бол гэмт хэрэг­тэн гэж авто­матаар ойлгогд­дог болчихож дээ. Ер нь АН-ын гишүүн чинь гэмт хэрэгтэн юм уу?



Ийм нэгэн инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг үйл явдлууд Монголын төрд өрнөсөөр.

Уг нь ямар намынх нь хамаагүй, ажлаа сайн мэддэг хүнээр л төрийн албаа са­хиулмаар санагддаг юм. Нам тусдаа байж болно. Гэвч эх орон нэг гэдгээ энэ улстөрчид санаж баймаар. АН төрийн эрхэнд гардаг жилүүдэд тө­рийн компаниу­дын захир­луудыг халдаг "хар баа­сан" гариг тогтсон билээ. Тэгээд яав. Ардчилагчид сонгуульд ялагдаад, 2000 онд төрийн 15 мянган албан хаагч аж­лаасаа халагдаж байв. Үүнийг хуучин Ху намын дар­га Н.Энхбаяр гардан хийж байсныг хүмүүс мэднэ.

Энэ үеэр урьд нь халагд­сан хүмүүсийн тоо хэд дахин нуга­ларсан дуулддаг.

Их өс хонзон бүр ч их өшөө авалтыг дагуулж бай­даг. Тухайн үед АН-ынхны хийсний хариуг МАН ингэж барьж байжээ. Харин одоо МАН-ын хийж байгаа бүхний хариуг АН ялчихвал яаж ба­рих бол гэж бодохоор яс хавтайна.

Дээрээс нь хорин жилийн түү­хэнд АН рейтингээрээ өр­сөлдөгч намаасаа хувь илүү өндөр гарсан судалгаа аль ч намынх нь гаргасан ил хий­гээд нууц судалгаагаар то­дорхой болоод байгаа. Ард түм­ний дундах үзэл санаа салхинд найгах өвс шиг ган­хаад байдаггүй учраас МАН-ынхан ялахгүй бол яах вэ гэдгээ бодмоор байгаа юм.

Арслангийн сүрэгт шинэ удир­дагч тодроход хуучин удирдагчийн бүх нялх зулза­гын шилийг тас хаздаг юм гэсэн. Үүн шиг одоо­хондоо МАН нь АН-ын угшилтай тө­рийн албан хаагчдыг толгой дараалан халж, өөрсдөө засаглаж байна. Энэ нь эр­гээд өөрсдөө унах нүхээ ухаж байгаатай адил хэрэг. Суусан мөчрөө хөрөөднө гэгчээр ард түмнээ ялгаварлахаар яаж түмний итгэлийг олох юм бэ.

Тиймээс амьхандаа араа бо­доорой л гэж зөвлөх гээд байгаа хэрэг шүү дээ. "Буца­хаа мэдсэн эхнэрийн царай хүйтэн, буцалж бургилсан цайны үүр нойтон" гэдэг шиг хөрзийж зэвүүрхэж байгаад сонгуулийн дараа бүр их өс хон­зонгийн золионд явчих вий.

Рейтингээр доогуур бүү хэл өөрсдөө дангаараа ноёлж байгаад ялагдсан дэг­лэмүүд дэлхийгээр нэг. Хаа газрын ард түмэн адилхан. Арабууд дэглэмээсээ уйддаг, мон­голчууд уйддаггүй гэж хэн хэлээд байгаа юм. Ах намын дэглэм бараг зуугаад жил болчихлоо. Энэ сон­гуу­лиар солигдох нь бараг тодор­хой. 

Нам дагасан хүмүүс нам нь ялахаар нар нь мандаж, ялагда­хаар ичдэг тарвага шиг дархлаатай болчихсон байж болох юм  л даа. Тэр ч утгаа­раа энэ мэтэд цочир­доггүй байх. Харин "Төрийн сүлд өршөө" гэж дээдэлдэг ард түмэн бид чинь төр нь уламж­лалтай, залгамж­тай, өвлөгд­дөг бодлоготой байхыг хүсч байна. Төрийн нэрээр өс хонзон зангиддаг. Нэгэн цагт зан­гилагдсан хонзогнол нь дараагийн үед бүр хүчтэй өс болдог тийм жижигхэн юмыг хармааргүй байна. Монгол­чууд бид чинь жижиг юманд дургүй том ард түмэн шүү дээ.