Энэ бол өнөөдөр нийгэмд тул­гамдсан асуудал болоод байна. Биенд импортоор орж ирсэн амтат бууз биет ба биет бус гэсэн давхар төлбөртэй  байдаг. Бусдаас бууз идсэн бол хариуд нь бууз жигнэж өгч таараа. Энэ тал дээр учраа олчихож болж байна. Өөр нэг төлбөр бол ходоодонд орсон хоол болгон дотроос сэтгэхүйд хандан “ажлын байр” нэхдэг. Их үнэтэй, илчлэг ихтэй тусмаа илүү сайн хөдлөх ажил нэхээд  доошоо явалгүй үлдчихдэг. Нэхэл хатуу ихэнх хоол манайд биш минийд суурин амьдрах нь түгээмэл бол­лоо. Үүнийг гаднаас нь хараад таргалжээ гэцгээдэг.

“Нөөцийн мах”-аа татаж мян­ган бууз чимхээд  битүүний орой уур савсуулан сайхан идэж ууц­гаалаа. Идээ будаа элбэг дэлбэг тарган цатгалан сар шинээ тэм­дэглэлээ. Баярын дараахь энэ өдрүү­дэд энэ сэдэв л бүх оочерийг дайрч орж ирж байна. Хэдхэн хоногийн дотор улс даяараа иргэ­дийн жин бан багагүй чамбайрсан даг аа. Эргэн тойрноо харжээ бай­хад туранхай эцэнхий хүн нүдний гэм болоо юу даа. “Жаран хилтэй” хүүхэн өөрийгөө жавхалзаж байна гээд баярлах юм. Энийг сонсоод  48, 52, 56 кг-ын жинд барилддаг хүдэр бадир бөхчүүд, хүчит бокс­чид сэтгэл санаагаар унах гээд байна. Эр хүний байвал зохих хэвийн жингээс эхнэр хүүхдүүд нь аль хэдийнэ даваад пэндийжээ. Лухайчихаад араас харахаар бөг­төр ч юм шиг, урдуур нь тойроод  үзэхээр гэдгэр ч юм шиг эдгээр тэнтгэр хүмүүсийг яваандаа дэлхий даадаг л байгаа даа. Таргалалтыг зүйрлэвээс дор хаяж арвын хоёр бидонд дүүрэн ус хийгээд  өдөржин шөнөжин гартаа бариад явж бай­гаа мэт илүү тээштэй. Үргэлжийн ийм илүү ачаа зүрхийг цөхрөөж, тархийг зовооно. Махбодийг улс орон гэж үзвэл бараг гучин хувь нь гадны цагаачдаар дүүрчээ. Эрээ­ний хямд хүнс энд ирээд гацчихаж.

Өнөөдөр баян ядуу, хүүхэд үүхэд ялгаагүй  бүдүүрсээр байна. Идэхийн төлөө амьдарцгаасан юм шиг. Идсэн хоолоо шингээж дийлэ­хээ болилоо. Хүн ба амьтны бие хоолоо шингээхийн тулд хөдөлгөөн хийх зохилдлоготой. Мөн үүний эсрэг хоолоо олохын тулд байнгын хөдөлгөөнтэй байх зарчим үйлчил­дэг. Гэтэл хөдлөх шаардлага хотод ч, хөдөөд ч байхгүй болчихсон. Эхлээд хөрөнгөлөг хэсгийнхэн унаа машинд тухлан бусдыг зарж  биеийн хүчнээс өөрийгөө чөлөөл­сөн. Бусад нь төд удалгүй хөрөө хүрзнээсээ салж мотор, кноп ажил­луулах боллоо. Нийгмийн  доод давхарга өвгөнтийнхөн  бээцийгээд гүйх нь байтугай алхаж ч чадахаа больсон харагдана. 0,1 грамм жинтэй ундааны хоосон сав хэдийг цуглуулаад архиндаа хүрчихэж байна. Яанам бэ?

Энэ хорвоо дээр үнэгүй юм байдаггүйтэй яг адилхан хүнс ба хөдөлгөөн хоёр баланс барьдгийг ухамсарлаж ядаад байх юмгүй. Янз бүрийн тураах цай, эм, “Хээрбо лайф”, бясалгал тарни, мацаг хайх атлаа бүгд л хөдөлгөөнөөс той­роод байх юм. Уг нь турчих санаа байна зайлуул. Тэдгээрийг хэрэглээд турахгүй ээ. Жин хасагдахгүй. Хамгийн сүүлийн үеийн эм бэлдмэл хэрэглэх тусам хамгийн анхны туршилтын туулай болохоос цааш­гүй. Аливаа эм тариа шинэ нээлт гэдэг чинь дор хаяж 100 жил болж байж бодит үр дүн нь харагдаж эхэлдэг биз дээ. Хэрэглэж байсан тураах эм чинь хэдэн жилийн дараа буруудвал хохь чинь болно шүү. Тэд нар хэрэглэж л байг. Бид нар яахав моод Монголоор дуусдаг гээд ажиглаж л сууя.



Хүн төрөлхтний оюун ухаан ихэд хөгжсөн нь сайшаалтай атлаа бие хаа нь улам найгүй болсон нь олонтаа. “Биеэ бод” гэсэн хуучны үг орчин үед “өв тэгш хүмүүжил” хэмээн орчуулагддаг. “Өв тэгш хүмүүжлийн” тухай хаа нэгтээ биеийн тамирын зүтгэлтнүүд олон юман дотор бүдэгхэн хавчуулж байгаа сонсогддог. Өндөр боловс­рол эзэмшсэн орчин цагийн кадр хүн цаг үеэсээ түрүүлж яваа атлаа биеийн анатоми нь фермерийн тэжээвэр гахай шиг байна. Үүний эсрэгээр зөвхөн биеэ торддог тамирчин стилийнхэн  бий. Аль нь  ч өв тэгш хүмүүжил биш юм. Ер нь хүний бие “үйлдвэрээс” анх гара­хын хоцрогдсон технологи шүү дээ. Бурхан биднийг анх бүтээсэн араатнаас зугтах, хоолоо хөөж барих тэр л зориулалтад шинэчлэл агаар салхи оруулаагүй. Уг нь бол орчин үеийн хүн эхээс төрөхдөө зангиатай цоо шинэ костюмтай, гялалзсан шаахайтай мэндэлмээр. Гэтэл байдаг л нэг гөрөөс, сүүн тэжээлтний биеийг олж хорвоод ирээд тийм хэв загвараар хөдөлж үсрэхийг энэ бие надаас шаар­даад байх юм. Би одоо биеэндээ захирагдаад амьтан руу ноцож явалтай биш. Түүнээс гадна биедээ хандаж “Урьдынх шигээ хө­дөлж үсэрч явдаг цаг үе өнгөрсөн” гэж хэлээд ерөөс ойлгохгүй. Өөдөөс “Гөрөөс шиг хурдан, баав­гай шиг хүчтэй болмоор байна” гэж мугуйдлах ба эс биелүүлэхээр элдэв өвчин цуглуулан гэдсэн дотор “бараашиг” эсгэн бандайл­гаж өгөх юм.

Өнөөдөр олон хүн хамаг бачим ажлаа хойш нь тавьж биеийн саналын дагуу шал утгагүй хөдөл­гөөн хийхэд хүрлээ. Урагшаа ганц мерт ч ахихгүй цахилгаан гүйлтийн зам дээр хөлсөө асгартал гүйж буй нь эдийн засгийн хувьд бол солио­той явдал. Ингэж л байж идсэн буузаа гэдэснээсээ хөөж гаргадаг. Энэхүү балар эртний бие хаанд орж ирсэн хоол хүнсийг өөрөөр зайлуулах арга алга.

Тарган хүн шударга бус байд­лын бэлгэ тэмдэг болсоор ирсэн маш олон баримт тааралддаг. Шог зураг, сүг зургаас эхлээд л. Сүүлийн үед биеэ зөв авч яваа туранхайвтар улстөрч, бизнесмэ­нүүд сонгуульд их амжилт олж байна. ХХ зуунд таргачуул фео­дал, залхай ламын дүр байсан. Орчин цагт ядуурал газар авсан орны цөөхөн гэр бүлийн тансаг амьдралын загвар ухаантай тар­ган хүний бие шиг харагддаг боло­хыг улстөрчид анзаарчээ. Ойлгог­дож байна уу. Зөвхөн толгойгоо л ажиллуулахыг эрхэмлэсэн боло­хоос бие нь хөдөлгөөний хомсдолд орж тэжээвэр амьтан болчихсон. Биеэ бодоогүй лоолой болгосон улстөрч төрөө бодно гэж лөөлөө.

Архи тамхиныхан сурталчил­гаа­гаа яаж ийгээд хийдэг шиг таргалалтыг зөвтгөх ятгалга бас байна. Тэнтгэрүүд сумо бөх үзэх их дуртай. Одоо үндэсний бөх харж дотроо жаал уужруулдаг болтой юм билээ. Шалхайсан муухай бие хэрэгтэй газраа хэрэг болж байна хөөе. Тарган этгээдүүдийг  энэ хоёр тэмцээнээс  өөр босго давуулдаг газар гэвэл хиамны цех л байж магадгүй.

Хүний биеийн элдэв согог дот­роос зөвхөн таргалалтыг шоолж өөнтөглөж болно. Яагаад гэвэл энэ нь хувь заяны эрхээр биш хүнээсээ шалтгаалсан арчаагүй явдал юм. Ус саван байсаар атал нүүрээ угаадаггүй  жаал шиг л юм байхгүй юу. Жингээ хасч хоолоо шингээхийн тулд  ямар ч хамаагүй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Хөдөл­гөөн бол хүн төрөлхтний нөгөө унаган мэргэжил гэдэг шиг багшийн ч хэрэг байхгүй хялбархан шийдэх асуудал. Биеэ янз бүрээр хөдөлгөж үзээд байхаар үндэс угсаа ажил мэргэжилд чинь тохирсон байрлал аяндаа ороод ирнэ. Тэрнийгээ зөв олчихвол тогтмол уншлага хийдэг лам шиг тасралтгүй хөдлөөд хэвшчихдэг юм. Харин давраад тамирчин  болох уралдах  дон тусч ажлаа алдаж болохгүй. Орчин үеийн спортын төрлүүд, тэр бүү хэл үндэсний спорт монгол хүний онцлогт ихэнх нь тохирдоггүй. Маш их чармайлт гаргаж байж эдгээр спортыг өөриймшүүлдэг. Тэрний оронд хамар дор байгаа ахуйн чанартай ямар нэгэн ашигт үйл бүхий хөдөлгөөнүүд өөртөө нээсэн нь дээр дээ.

Нийгмийн хувьд хэт тарга­лал­тыг архичид, тамхичидтай адилтган тэмцэх шаардлагатай болоод бай­на. “Энд тарган хүн орохыг хориг­лоно” гэдэг ч юм уу. Өндөртэйгээ харьцуулахад хэвийн биш цол­дойсон нөхдийг нисэх онгоцоор зорчиход илүүдэл жинг нь ачаа гээд тооцчих хэрэгтэй.

Хүмүүс ялангуяа бүсгүйчүүд турахыг маш их хүсч байгаа. Гэтэл уруу татах зүйл энд тэндгүй. Иргэ­дийнхээ, ажилчдынхаа эрүүл мэн­дэд анхааръя гэвэл хөдөлгөөн хийлгэж тураах шаардлагатай бай­на. Гүзээ суугаад эхэлнээ гэдэг чинь бүх төрлийн өвчинг хүлээж авах өвөлжөөг нь бариад өгчихөж байгаа хэрэг. Эрх баригчид өөрсдө­дөө маш их зав гаргаж  гүйж харайж яваа атлаа бусдадаа хандаж энэ сэдвээр олигтой дуугардаггүй нь өөдгүй шүү. Цаадуул чинь цагаан сарынхаа буузыг шингээх гээд фитнесээр пиг дүүрэн харагдана лээ.