Тегераны монгол айл
Тегераны монгол айл
Би энэ эмэгтэйг үхлийг сөрсөн чин зоригт монгол бүсгүй хэмээн нэрлэнэ. Тегеран хотын оршин суугч Батмөнхийн Мөнгөнчимэгийг би яагаад алдаршуулах болов? Тэрээр 5 дугаар давхрын цонхноос цементэн зам дээр унаж хүнд бэртсэн, гэвч үхлийг сөрж амьд гарсан, Ираны сонин, ТВ-ээр энэ монгол бүсгүйн тухай ихээхэн сенсаац дэгдээж, 5-р давхраас ойчоод амьд үлдсэнийг нь эр зоригийн гайхамшиг хэмээн тэд нэрлэж байх үед нь би 2010 онд эднийд очиж байсан юм.
Энэ айлын өрхийн тэргүүн, Батмөнх гуайн хүргэн, усны үйлдвэрлэл-бизнесийн “Sunir” компанийн маркетингийн захирал Ахмед Садегхи албан тасалгаандаа биднийг урьж ажлаа танилцуулж үдийн зоог барих үед энэ зургийг татуулсан юм. Нэг секундэд 1000 литр гүний усыг цэвэршүүлэн шахах технологио танилцуулж монголын гэр хороолол, аймаг сумдын төвд ашиглах боломжтой хэмээн монголын хүргэн маань ярьж байна лээ.
Иранд оршин суугаа цорын ганц монгол айлд зочлох завшаан тохиож, өрхийн тэргүүн Ахмед Садегхи, гэргий Мөнгөнчимэг, хүү Арсияа (монгол нэр нь Хаансэнтий) нартай дотно танилцаж, буузаар дайлуулж эх орондоо, гэртээ байгаа юм шиг л нэг үдшийг үдлээ. Тэр айлд лалын шашны албадлага, мухар сүсэг алга. Монгол бүсгүй жаргалтай аж төрж байна. Шашны элдэв дарамтад орж үзээгүй, гадагш гарвал алчуур л зүүдэг, өөрөөр яадаг ч үгүй гэж байна.
Арсияа хүү (Хаансэнтий), хөрш айлынх нь перс хүү, миний хүү гурав бүтэн оройжин комьютер тоглолоо. Арсияа хүү гурван хэлээр чөлөөтэй ярьж байна. Монгол хэлийг эхээсээ ус цас шиг сурч (Тегеранд шүү), эцэг эхийн дундаас англи хэлийг, эцгээсээ перс хэлийг өвлөжээ.
Төрсөн ахан дүүсээ үдэж байгаа юм шиг л биднийг гэрээсээ гаргаж өглөө. Эднийх Тегераны хойд дүүрэгт уулын энгэр газарт шинэ байранд ороод удаагүй гэнэ.
Иран орны нэрийн хуудас болдог Азади цамхаг. Эрх чөлөөний цамхаг – Азади тауэр бол 4 тийшээ алцайлгаж босгосон тэгш оройтой, шаргал өнгөтэй, том арктай хөшөөрхүү барилга юм. Орой наран жаргах үед би гэрэл сүүдрийг хосуулан камертаа буулгасан маань энэ.
Ираны ард түмэн Лалын хувьсгалынхаа 33 жилийн ойг (1979 оны 2 дугаар сарын 10) тэмдэглэхээр бэлтгэж байхад нь бид тэнд байж таарав. Биднийг очих үед Тегеран хот баярын гоёл чимэг зүүлтээ зүүчихээд байлаа.
Томоос том төрийн далбаагаа хаа л бол хаа сайгүй мандуулжээ. Ер нь далбаа маш их харагдана лээ. Энэ бол Азади цамхагийг тойрсон гаднахи тойрог зам дагуухи далбаа.
Өвлийн хүйтнээр усан оргилуур нь ус цацруулж, салхинд шиврээ бороо аятай нүүрийг минь зөөлхөн булхаж байлаа. Усны дуслуудын цаана нөгөө чимэг зүүлт бүхий төрийн сүлдний хөшөө байна. Энэ бол Тегераны төв дэх Хомейнийн талбайн голд буй хөшөө юм.
Харин баярын гоёл чимэг зүүлттэй зэрэгцээд иймэрхүү плакат нэлээд харагдаж байв. Энэ бол ГХЯ-ны төв байрны гаднахи эх оронч агуулгатай зурагт самбар байна. АНУ-ын далбаан дээр гишгэсэн иран дайчид, тэр цаана тэнгэрээс Хувьсгалын эцэг аятолла Хомейни гар даллан баяр хүргэж байгаа зохиомж бололтой.
Уран барилгаараа Иран орон алдартай юм. Барилгын хана туурган дээрхи хээ нь алаглаад, барилга барихаасаа илүүтэй чимэглэх гэж их л цаг зарцуулдаг байх даа. Энэ бол Ираны ГХЯ-ны төв байр.
Энэ бол ГХЯ-ных нь зэргэлдээ орших бидний буусан зочид буудлын гол хаалга. Хаалганы орой дээр бүр хөшөө босгож, бүх ханыг пялтаадсан байна.
Тегеран хотын өвлийн орой, нар жаргаж байна. Уулс, үүлс, цэлмэг хөх тэнгэрийн хослол, төрийн олон далбаа миний дуранд ингэж буулаа.
Энэ 2 зургийг Монгол байна гэж бүү эндүүрээрэй. Тегераны өвлийн өглөө нар мандаж байгаа нь эхнийх нь доорхи зураг нойтон цастай үдэд ингэж харагдлаа.