Бурхан багшийн цахиур буюу “шүд”-нээс унах ашиг
Халхын Автай сайн ханы залж авчирсан Будда бурхны шүд хэмээх олдвор аялагчид жуулчдын нүд хужирлах үзмэрийн тоог нэгээр нэмж байна.
Халхын Автай сайн ханы залж авчирсан Будда бурхны шүд хэмээх олдвор аялагчид жуулчдын нүд хужирлах үзмэрийн тоог нэгээр нэмж байна. Монголчууд мөргөл залбирлаар Балба, Төвдийн Утай, Гүмбэн, Буриадын Улаан-Үүд рүү хүртэл Итгэл хамбын Ивалгын дацанд очихоор явж, мөнгө хөрөнгө, итгэл сүлдээ ч хилийн чинад руу урсгасаар байгаа билээ. Хуульч мэргэжилтэй, эрдэм цолтой нэгэн танил маань саяхан Балба руу баахан хүнтэй хамт явж, багагүй мөнгө зарчихаад ирсэн байна. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа Түвд рүү явах шаардлагагүй, сүсэгт олон хамаг байдгаа барж газрын уртыг туулахын оронд нутагтаа тэнд байдаг зүйлд мөргөж сүсэлж болно гэж үзэн, элсэн далайд одоогийнхоор бол бүтээн байгуулалт өрнүүлж асан нь эх оронч, үндэсний сэхээтний холч харааны илрэл юм. Эрдэнэ зуу хийдэд 400 гаруй жил нууцлан тахисан Буддагийн шүд” ломботой эсэх, чухам араа, соёоны алин болох, протез уу, ориг уу? гэдэг нь сүсэг бишрэл муутай хүмүүст чухал биш. Далай лам Монголд ирэхдээ мөргөсөн паакт, Бурхан багшийн намтар, “Өндөр гэгээний судар”-т тэмдэглэсэн баримт сэлт, Эрдэнэ хамбын хийд цахиурыг нууснаар мянган лам хөгнүүлэн Хөгнө хааны хийд болсон үүх түүх нийлээд шүтлэггүйд нь сонин үзмэр, ховор олдвор, шүтлэгтэйд нь шүтээн болно. Чингис хааны зурагтай монгол төгрөгөө рубль болгож Улаан-Үүдэд үлдээж байснаас хэдэн буриадын мөнгийг Монголд шингээнэ гэсэн үг. Автобус дүүрэн буриад нар Дарханы зам дахь “Урьхан”-д хоол иднэ, “Говь”-ийн дэлгүүрээс ноолууран цамц авна, УИД-ээс бэлэг цуглуулна, “Петровис”-оос бензин дүүргэнэ. Тэр мөнгө татварт дусал нэмэр болно. Монголд үзүүлж чадвал харах гайхах юм их. Малайзад маш том сайхан музейн байшинтай, дотор нь хүн хачирхахаар зүйл үгүй, өөрсдийг нь дарлаж асан япон цэргийн фото, нутагшсан хятатдуудын ваар савнаас өөр юм байхгүй. Монголд сайхан том музейн байшин алга, үзүүлэх харуулах юм мундахгүй их. Япон жуулчин Хархорин руу УАЗ-469-өөр сэгсчүүлж очсон хойноо “Иймхэн юм үзэхийн тулд ингэж ядрах гэж” хэмээн уйлж байснаас таашаал биш сургамж авбал ашигтай. Италийн найруулагч өнгөрсөн жилийн наадмыг 3D-гээр анх удаа бичиж аваад, Америкийн телевизэд заржээ. Манай телевизүүд бүгд нэг дууриамал Гүрбазартай болчихсон хаа холоос мөр, толгой холбоод уянгалуулж өгнө. Тэр итали нөхөр унаач хүүхдийн бүс, малгай, нуруунд камеруудаа байрлуулж, хурдан морины жинхэнэ тоос шороо, ширүүн тэмцлийг өнгөтөөр, өргөн дэлгэцээр бичиж авч чадаж байна. “Танайд үзүүлэх харуулах, дэлхийд гайхуулах юм их байна. Харин түүнийгээ харуулдаг, үзүүлдэг менежмент, шинэ сэтгэлгээ, продюссерүүд л дутаж байна даа” гэж монгол наадмаар мөнгө хийсэн полдгор итали хэлсэн билээ. Буддагийн шүд буюу цахиурыг сүүлд хадгалж байснаар нь Богдын ордон музейд өгч үзмэр болгон дэлгэвэл өртөггүй ашиг унац юм. Дэлхийд 7, бүр худал хулхи тавь гаруй шүд байдаг гэсэн мэдээлэл байна. Монголд байгаа нь жинхэнэ үнэн, яагаад гэвэл Далай лам мөргөсөн, Автай сайн хаан залж авчрисан баримт нь энэ байна гэж зарлахад ядаж далим, чадвал анхаарал татах, аявла жуулчлал нэмэгдүүлэх нэг хэрэгсэл, нэг боломж. Бурхны чандар гэх зүйлийг гаднаас залж авчран, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж мөргөж байснаас эндээ байгаа зүйлийг эдийн засаг, соёл, мэдээллийн эргэлтэнд орууна гэсэн үг юм.
Мэдээж шүтлэг бишрэлийн тухайд бол ямар нэг эд зүйлд мөргөх биш өөрсдийнхөө дотоод сэтгэлийг ариусган бясалгаж, цагаан сарын шинийн нэгэнд ламын зааснаар чүдэнз зурж, цаас урж зам мөрөө гаргах бус өдөр бүр зөв зам мөрөө хөөж байх нь чухал билээ. Моринд хөшөө босгоод түүндээ мөргөж байгаа ч тохиолдол байна. Оюун ухаант хүн морийг дээдэлнэ эрхэмлэнэ гэхэд нүүрэндээ үстэй дагууст мөргөтлөө доош орно гэдэг мөхлийн шинж тэмдэг биш өөр юуных байх вэ. Бурхны шашин дотоод сэтгэлээ ариусгах, сайныг бодож бясалгах, юмс үзэгдлийн мөн чанарыг танин мэдэх оюун ухааны нэг төрлийн гимнастик гэх боловч өнөөдөр мухар сүсгийн бүдүүлэг хэлбэр ноёрхож, хүний зовлон дээр хүүдэгнэн мөнгө олох арга хэрэгсэл болсон. Лам нар дээр бөө, удган гэх сүлжээний бизнесийнхэн нэмэгдэж, хамгийн хариуцлагагүй, хулхи даатгалын “бүтээгдэхүүн” нийлүүлж байна. Бөөгийн спортын мастер цолгүй, соёлын тэргүүний ажилтан цол тэмдэггүй нэг нөхөр “Гарз гарна” гэсэн үгэнд нь итгэхгүй болохоор үйлчлүүлэгчийнхээ машиныг шатаасан хэрэг Сэлэнгэ аймагт гарлаа. Бурхнаа хулгайлсан гэцэл, номоо унших зуураа “Honey, call me pls” гэж мессеж бичсэн гэлэнгийн онигоо мухар сүсгийн мөн чанарын тод нотолгоо болно. Шар даатгалын компани цагаан сараар хөгшид настнгыг урт дараалалд зогсоон байж, тарифтай номоо уншина. Бүх компани хямдрал, бэлэгтэй худалдаа зарлаж байхад буяны байгууллага гэх, татвар төлдөггүй энэ даатгалын корпорац ядаж хоёр ном уншуулахад урамшуулалд нь нэгийг үнэгүй хурж өгөхгүй. Яг ийм молхи менежментийг нь Христийнхэн цохиж, ядуу, ажилгүй хэсгийг боломжит хэрэглэгчид болгон мөлхөө сурталчилгаа хийнэ. Монголд элдэв шашин, сүмийн тоо нэмэгдсээр сүсэг бишрэлийн үнэ цэнэ унасаар л байна. Үр дүн нь урвуу хамааралтай.
Дайн дажингүй, амар тайван амьдрах гэсэн ард түмний хүсэл эрмэлзэл, эрэлт хэрэгцээ болон шашнаар дамжуулан монгол туургатныг нэгтгэх ноёдын бодлогын дагуу ламаизм Монголд хүчтэй нэвтэрсэн. Монголд шашин хүчтэй нэвтэрч байсан цаг үед бичигдсэн хятад сурвалжид “Монгол хүний зан болбоос догшин ширүүн, соёгдохгүй явсаар уджээ. Бурхан шашныг шүтэх болоод монголчууд гэртээ гүнгэрваатай тахилгатай болж, бурхны хөрөг тахидаг болов.” гэх зэргээр тэмдэглэсэн байна. Мин улс шарын шашныг санаачлан дэлгэрүүлээгүй боловч өөрсдөд нь нэн ашигтай гэж үзэн дэмжиж тэтгэн “...урнаар жолоодсоноор зах хязгаарт дайны гал тасарсан төдийгүй 200 оны энх түвшнийг нээгдүүлэв” гэж үзэж байжээ. Буддын шашин Монголд нэвтэрсний эерэг сайн нь ч , сөрөг муу нь ч бий. Тарж бутарсан монголчуудыг нэгтгэх, ном зохиол орчуулах, Энэтхэг, Түвдийн соёлын зарим ололт нэвтэрсэн сайн тал ч олон. Ард олныг соён гийгүүлэх ач холбогдол, тусгаар тогтнолын тэмцлийн үед зарим талаар нэмэр тус болсон тал бий. Өчигдрийн үүх түүхийн цаг үед санамсаргүйгээр нэвтрээгүй, өнөөдөр, бидний цаг үед санаатайгаар мухар сүсэг болж хувираагүй. Авах гээхийн ухаанаар хандан, хэт үгүйсгэх буюу дайсагнах, хэт сохроор дэмжин, төрийн зан үйл болгон хольж хутгахгүй, хүний эрхийг зөрчихгүй байхын дэнс ажиллах цаг болсон байна. Бурхан багшийн шүд бол шүтлэггүйд нь бизнес. Шүтлэгтэйд нь шүтээн.