Долдугаар сарын 1-ний гэх хэргийн буруутан өнөөдрийг хүртэл тодорхойгүй. Нэр зааж ярьж байгаа ч батлах, нотлох гэдэг хэцүү бололтой. Эцэст нь төр ард түмнээсээ уучлалт гуйх болсон ч гишүүд зөв, буруу гэж хуваагдчихаад байна?

Төрийн хамгийн чухал үүрэг бол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах. Энэ үүргээ гүйцэтгэж чадаагүйгээс таван хүн амь насаа алдлаа. Зургаан хүн эрүүл мэндээрээ хохирлоо. Нийгэм айдас хүйдэст автлаа. Үүнийхээ төлөө төр яагаад ард түмнээсээ уучлалт гуйж болохгүй гэж. Э.Мөнх-Очир гишүүн "Цагдаа буудаагүй ээ. Зэвсэгтэй хүмүүс ирээд буудчихсан" гэж боддог юм билээ. Энэ бодол нь үнэн байлаа гэхэд онц байдал зарлачихсан цагдаа, цэргийнхэн хяналтаа тавьчихсан байхад дундуур нь чөлөөтэй гүйгээд хүн буудаад явсан тэр хүмүүсийг одоог хүртэл илрүүлж чадахгүй байгаагийнхаа төлөө хэн уучлалт гуйх ёстой юм. Төр л гуйх ёстой. Гэхдээ бодит байдал дээр цагдаа буудсан гэдгийг нотлох хангалттай олон баримт байна. Уул нь уучлалт гуйхын гол агуулга нь "дахиад ийм зүйл гаргуулахгүй ээ, илүү хариуцлагатай байна гэдгээ" төр иргэддээ амлаж байгаа явдал юм ш дээ.

Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолийн төсөл дан ганц уучлалт гуйх явдал биш. Уг тогтоолд цагдаагийн байгууллагын зохион байгуулалт, удирдлага, ажлын арга барилыг яаж шинэчлэх. Эрх зүйн орчныг нь яаж сайжруулах. Шүүх, хуулийн байгууллагын хэрхэн хариуцлагажуулах, хүний эрхийн баталгааг эдгээр байгууллагын үйл ажиллагаанд яаж хангах, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг уландаа гишгээд явдаг хуульчдад яаж хариуцлага тооцох, боловсон хүчин бэлддэг тогтолцоог нь хэрхэн өөрчлөх юм. Дээр нь цагдаагийн бие бүрэлдэхүүнээ хэрхэн чадавхжуулж, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр яаж хангах, төсөв мөнгийг нь хэрхэн шийдэх, хүний эрхийн хяналтыг яаж сайжруулах гэх зэрэг олон асуудлыг тусгасан зөвлөмж, Засгийн газарт өгөх үүрэг, даалгавар байсан юм. Гэтэл хүний эрх, шударга ёс, хууль шүүхийн өөрчлөлтийг зүгээр л нулимчихдаг улс төрчид УИХ-д байна  л даа.

2008 оны долдугаар сараас хойш гурван жил өнгөрлөө. Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулснаас өөрөөр дорвитой ажил хийсэнгүй. Гэтэл та гэнэт шинэ баримт нотолгоо гаргаж ирснийг ирэх сонгуулийн шоу гэж үзэгсэд байна л даа?


Хүний эрхийн дэд хорооноос 2010.06.22-нд Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг бэлтгээд УИХ-аар хэлэлцүүлэхийн тулд нэг жил зургаан сар хөөцөлдөж байж 2012.12.06-нд Хууль зүйн байнгын хороо, 2012.12.09-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулсан. Энэ удаан үргэлжилсэн эсэргүүцэл ихтэй процессыг анзаарч ойлгоогүй, эсхүл мэдсэн ч ойлгохыг хүсээгүй зарим хүмүүс яагаад өнөөдөр 7 сарын 1-ний асуудлыг яриад байгаа юм, урьд нь ярьж болоогүй юм уу, сонгууль дөхөхөөр ярьлаа гэх мэтээр муучлахыг оролдож байна. Энэ хоёр жилийн хугацаанд эсэргүүцэж, үйл явцыг гацааж байсан хүмүүс өнөөдөр анх сонсож байгаа юм шиг хуурмаг царай гаргаж, гэнэт юу ороод ирэв, юу болчихов гэхийг ч харж байна.

Энэ хугацаанд олон ч удаа хойшилж, олон ч эсэргүүцэлтэй туллаа. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дээр ороод хуваариас нь хасагдчихдаг. Яагаад вэ гэхээр мэдэхгүй, хасчихлаа л гэдэг. Чухал хуулиуд хэлэлцэх гэж байгаа учраас хойшлуулаа гэдэг. Хууль зүйн байнгын хорооны хуралд орохоор бусад асуудал гэсэн хэсэгт оруулаад энэ удаа амжсангүй дараа болоё гэдэг. Дараа нь хэлэлцэх асуудалд оруулахаа мартчихлаа л гэдэг. Хамгийн гачлантай нь Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил, "хэрвээ цагдаа иргэд рүү буудсан бол би толгойгоороо хариуцъя" гэж хэлж байсан тэр үйл явдлын гол хариуцлага хүлээх сонирхлын зөрчилтэй хүн нь энэ тогтоолын төслийг олон сараар хойшлуулах санал хүртэл гаргаж байлаа. Ийм байдлаар явсаар арай гэж 2011 оны 10 сарын 19-нд Хууль зүйн байнгын хороо хэлэлцсэн. Хууль зүйн байнгын хороо бид гурван жил маргалдлаа, 2008 оны 7 сарын 1-ний үйл явдлаас төр, улс төрчид сургамж авах ёстой, зөвлөмжийг дэмжиж байна. Харин Тогтоолын төслийн гуравдугаар заалттай холбогдуулж уучлалтыг УИХ-ын дарга гуйх уу, Ерөнхий сайд гуйх уу, Ерөнхийлөгч гуйх уу гэдэг асуудал хөндөгдсөн. Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл, төрийн тэргүүний хувьд Ерөнхийлөгч төрийн нэрийн өмнөөс Ерөнхийлөгч уучлал гуйх нь зохимжтой, тиймээс Монгол улсын Ерөнхийлөгчтэй санал солилцох ёстой. УИХ Ерөнхийлөгчид шууд үүрэг өгч болохгүй. Ерөнхийлөгчийн байр сууриас шалтгаалж тогтоолын төслийн гуравдугаар заалт байх эсэх асуудлыг шийдвэрлье. Ерөнхийлөгчтэй уулз гэж үүрэг даалгавар өгсөн. Тэр дагуу Ерөнхийлөгчтэй ярилцсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Монгол Улс дэлхий нийтэд Үндсэн хуультай ардчилсан улс гэж хүлээн зөвшөөрөгддөг. Бид хууль, хүний эрхийг дээдэлдэг засаглалтай улс мөн юм бол алдаа гаргасан бол уучлалт гуйх эр зоригтэй, ийм хэмжээний эрх зүйн болон улс төрийн соёлтой байх ёстой. Тиймээс би хувь хүнийхээ, улстөрчийнхөө, Ерөнхийлөгчийнхөө хувьд уучлалт гуйхаас татгалзахгүй” гэж хэлсэн. Энэ бүгдийг үндэслээд  Хууль зүйн байнгын хороо санаачилан Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан.

Төрийн өндөрлөгүүдийн хэн нь ард түмнээсээ уучлалт гуйх вэ гэдэгт нэлээд маргалдсан дуулдсан. Энэ асуудал тэгтлээ маргаан үүсгээ юү?

-Маргалдаагүй, зөвхөн хэн нь уучлалт гуйх ёстой вэ гэдгийг л ярилцсан. Ард түмнээс шууд сонгогддог албан тушаалтан ганц л байгаа. Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Үндсэн хуульд ч ард түмний эв нэгдлийн илэрхийлэл, Монгол Улсын төрийн тэргүүн байна гэж заасан байдаг. Тийм учраас Ерөнхийлөгч уучлалт гуйх нь зохимжтой байна л гэж үзсэн. Харамсалтай нь Д.Зоригт, Э.Мөнх-Очир нарын гишүүд урайлж байгаад унагачихлаа. Төр уучлалт гуйх нь нэг тал. Хамгийн гол нь энэ тогтоолоор хууль, шүүхийн байгууллагын шинэтгэл эрчимжиж, хүний эрхийг хамгаалсан шинэтгэлийн алхмууд эхлэх ёстой байсан. Тэр зүйлийг унагачихсанд нь би бухимдаад байгаа юм. Төр, улстөрчид нь уучлалт гуйхгүй гээд муухай царайлаад явж болно. Хамгийн гол нь цагдаагийн бүтэц зохион байгуулалтыг яах юм. Прокурор шүүхийн байгууллагаа яаж эрүүлжүүлэх вэ. Увайгүй хуульчдаа яаж зайлуулах. Хууль эрх зүйн орчноо хэрхэн боловсронгуй болгох юм. Үүнийг шийдэх ёстой байтал энэ алхмыг эсэргүүцэж зогсоосонд би гайхаж байна. Бүр бухимдсандаа  гишүүн Э.Мөнх-Очир, Д.Зоригт нарт “Сайн дүү, сайн аавынхаа нэрээр хэр зэрэг хол явах юм бэ.Сайн хүмүүсийн нэрийн ард муу муухай зүйлийг нууж явж болохгүй шүү л” гэж хэлсэн.

Та прокурорт нотлох баримтуудыг сайн дураараа өгөв үү эсвэл тэд шаардсан юм уу. Таны энэ үйлдэл тэмдэглэлээ өгсөн цагдаад гэм хор учруулахгүй юу?

Цагдаагийн өгсөн тэмдэглэлд энэ удаад дэлгэснээс их юм байгаа. Би тэр хүнээ, гэрчээ хамгаалахын тулд бас бүгдийг дэлгэхгүй шүү дээ. Тодорхой хэсгийг нь дэлгэлээ. Тэмдэглэл хөтөлсөн цагдаа нь миний аюулгүй байдлыг хэр зэрэг хангах вэ гэсэн. Тэр хүнийг шууд илчилж болох зарим зүйлийг хассан. 2010 оны зургадугаар сард прокуророос надад албан тоот ирүүлээд баримтуудыг өгөөч гэсэн. Гэхдээ Тэмүүжинд биш шүү. Хүний эрхийн дэд хорооноос байгуулсан ажлын хэсэгт ирүүлсэн гэсэн үг. Хүний эрхийн дэд хороонд хангалттай баримт цугласан. Тэр бүгдийг хуулийн байгууллагад хүргүүлсэн. Харамсалтай нь, зарим улс төрчид өөрсдийнхөө зохиосон үлгэрт итгэчихэж. Цагдаа хүн буудаагүй, энэ төрд хамааралгүй мэтээр ярьж байна. Тиймээс бодит байдал ийм байна гэдгийг хэлэхээс өөр арга алга. Та нар маск зүүгээд байна, ард иргэдийг төөрөгдүүлээд байна. Энэ нь эцсийн дүндээ зарим нэг хүнийг хариуцлагаас мултлах гэсэн болхи оролдлого. Тухайн үед онц байдал зарласан. Үүнтэй холбоотойгоор хуулийнхаа дагуу онц байдлын штабыг байгуулсан. Энэ штабыг хэн толгойлж байна тэр хүн асуудлыг толгойгоороо хариуцна гэсэн. Тиймээс хариуцлагын асуудал хүссэн хүсээгүй Ц.Мөнх-Оргил руу явахаас аргагүй болох байх. Онц байдал зарласан Н.Энхбаяр гэдэг ерөнхийлөгч бас байна. Энэ хоёр хүний хувьд ямар нэгэн байдлаар холбоотой. Би уншсан л даа. Ерөнхий сайд асан С.Баяр намайг шахаж байж онц байдал зарлуулсан гэсэн байна лээ. Тэдэнд уул нь албан үүрэгтэй хайхрамжгүй хандсан алдаагаа хүлээн зөвшөөрөөд "уучлаарай" гэж хэлэх зүрх зориг, ёс суртахууны үүрэг байх ёстой. Тэгж чадахгүй байгаа болохоор л энэ асуудлыг УИХ-д тавиад байгаа юм. Нэг аймшигтай дүр зураг бий. Гудамжинд гарсан гэмт  хэргийг манай цагдаа нар илрүүлчихэж байна. Харин тэдний дотоодод гарсан гэмт хэргийг илрүүлэх боломжгүй байна. Үнэнийг хэлсэн хүнийг цагдаагаас урвасан гэж үздэг. Цагдаагийнхаа даргыг хамгаалж, хууль зөрчсөн хүмүүсийг нуун хаацайлсан хүнийг шагнаж, урамшуулдаг. Хууль ярьж, шударга байсан хүнийг шахаж хавьчдаг. Энэ нь шударга ёсонд хэр нийцэхийг бид ярихаас өөр аргагүй болж.

Хэвлэлд дэлгээгүй зарим нэгэн баримтыг энд хэлж болох уу?


Галт сумаар буудаж хүний амь нас, эрүүл мэндийг хохироочихоод цагдаагийн удирдлагууд бие бүрэлдэхүүндээ тушаал өгч сумны хонгиогоо түүлгээд оронд нь сургуулийн сум цацуулсан байгаа юм. Энэ бүхнийг тэмдэглэлийн дэвтэрт өдөр, цаг минуттай нь бичсэн байгаа. Бүр сонирхолтой нь, долдугаар сарын 1-ний тэр орой дөрвөн хүн буудуулан нас барлаа гэдэг мэдээ аваад тухайн үед албан үүрэг гүйцэтгэж байсан Эрүүгийн цагдаагийн газрын жижүүрийн бүлэг хэргийн газарт үзлэг хийсэн байдаг. Тэд галт сумны хонгионуудыг цуглуулж, амиа алдсан иргэдийг буудсан газар зүйн байрлалыг тогтоогоод эргүүлийн автомашинтай бүрэлдэхүүн хаагуур явсан маршрутыг нь тодорхойлсноор цагдаагийнхан галт зэвсэг хэрэглэж, иргэд амиа алджээ гээд дүгнэчихсэн байдаг юм. Маргааш нь цагдаагийн дарга нь наадахаа зогсоо, нааш нь өг гэхэд дотор нь ажилласан цагдаа энэ асуудлыг дарах нь гэж ойлгоод галт сумны хонгио энэ тэрийг авч үлдэж хадгалсан байдаг. Тэнд ажилласан цагдаа над руу мессеж бичиж байна. Та зоригтой байгаарай, битгий шантраарай. Үнэн юм үнэнээрээ байх ёстой шүү дээ гэж. Цагдаа хууль сахиулах байгууллага болохоос бус хэдэн хурандаагийн гар хөл болдог байгууллага биш. Алдаа гаргасан хэдэн цагдаагийн дарга өөрсдийнхөө арьсыг хамгаалахын тулд бүхэл бүтэн цагдаагийн бие бүрэлдэхүүнийг золионд гаргаж байна. Тийм байж болохгүй. Хариуцлагагүй байдлыг тэд гаргаж, хариуцлагыг нь жирийн эргүүлийн цагдаа нар үүрч болохгүй. Нэг иргэн хэлж байна лээ. Би цагдаа гэж ойлгосон. "Энэ бол Монголын бүх цагдаагийн буруу биш. Цагдаагийн цөөн дарга нар хэдэн улс төрчдийн л буруу. Тэдний арчаагүй, үнэнээ хэлэх эр зориггүй байгаагийн ялыг жирийн эргүүлийн хэдэн цагдаа үүрч болохгүй. Тэмүүжин гишүүнээ та жирийн шударга цагдаа нарын төлөө их юм хийгээрэй. Тэмдэглэл хөтөлсөн цагдаагийн амь насыг хамгаалаарай. Тэр цагдааг ийм эр зориг гаргасных нь төлөө шагнах ёстой" гэж. Тийм ээ, шударга цагдаа, хууль сахиулагчдыг дэмжиж ажиллах гэдэг бол маш чухал. Цагдаагүйгээр Mонгол Улс аюулгүй, иргэд эрх чөлөөтэй байж чадахгүй. Тиймээс бид цагдааг дэмжих ёстой. Тэмүүжин ганцаараа шударга, мундагтаа энэ асуудлыг гаргаж тавиад байгаа юм биш. Шударга, хууль сахидаг цагдаа нар байгаа учраас энэ өдрийн тэмдэглэл бичигдэж, ажилдаа хариуцлагатай ханддаг цагдаа нар байгаа учраас бодит баримт устгагдалгүй хуулийн байгууллагад очиж байгаа юм.

Тогтоолыг нэгдсэн хуралдаанд оруулсан ч гишүүдийн дийлэнх нь дэмжсэнгүй. Тэгэхээр цаашид яах вэ?

Цаг хугацааны шалгуураар үнэнд гүйцэгдэнэ л дээ. Гэхдээ бас ингээд дуусчихаагүй байна. Хууль зүйн байнгын хорооны даргатай би өнөөдөр ярьсан. Тогтоолоо үйлдээд дахин оруулна гэж байна. УИХ-ын дарга С.Дэмбэрэлийг ирэхээр чуулганаар оруулах асуудлаа ярилцана гэж байна. Энд бас ирцийн асуудал байгаа. Жишээ нь, тухайн өдөр МАН-аас дөрвөн хүн дэмжиж санал өгсөн. Би энэ хүмүүст баярлаж байгаа. Д.Одбаяр, Н.Энхболд, Д.Балдан-Очир, Ч.Улаан. Тогтоолын төслийг санаачилсан гишүүн Ж.Энхбаяр байна. Тэрээр өөрөө байгаагүй ч карт нь уншигдаад эсрэг санал өгснөөр гарсан. Дараа нь яахаараа би өөрийнхөө санаачилсан тогтоолын төслийн эсрэг санал өгөх юм гэж байна лээ. УИХ үнэхээр хариуцлагагүй байна. Хэн нэгнийг албан тушаалд томилох байсан бол ирц өнөдртэй л байх байсан. Ямар нэгэн  тендер, эдийн засгийн төсөл байвал заал дүүрэн байх байсан. Хүний эрх, шударга  ёс, шүүх хуулийн байгууллагын шинэтгэл гэхээр ийм хайхрамжгүй байна гэдэг үнэхээр хариуцлагагүй.

НҮБ-ын Хүний эрхийн комиссынхон сая манай улсад ирсэн. Тэд энэ үеэрээ хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудлаа шийдэхгүй бол бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газарт ёс зүйн хариуцлага тооцно гэдгээ хэлчихлээ?


Ардчилсан Монгол Улсыг муухай харагдуулж байгаа нь долдугаар сарын 1-ний хэрэг, авлига сонирхлын зөрчлийн асуудлууд болоод байна. Тиймээс энэ тогтоолыг УИХ-аас заавал гаргах ёстой. Хууль зүйн байнгын хороо байр суурин дээрээ хэвээр гэдгээ баталж тогтоолын төслөө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дахин оруулах ёстой. Энэ тогтоол гарснаар Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам ажлаа хийж чадахгүй бол хийдэг хүнийг нь тавих тухай асуудлыг ярина. Тогтоолыг баталснаар хүний эрхийг хамгийн ихээр зөрчдөг газруудад өөрчлөлт, шинэчлэл хийх бололцоотой. Ядаж л цагдаагийн байгууллагын дотоод хяналтыг сайжруулж, хүний эрхийн зөрчил их гардаг газруудыг камерын хяналтад оруулна. Камерын бичлэгийг дуртай цагдаа нь устгадаггүй байх болно. Хүний эрхийг зөрчсөн бол Хүний эрхийн комисс шалгалт хийдэг эрх мэдэлтэй болно. Шүүх, прокурорын байгууллагад том шинэтгэл эхэлнэ гэж бодож байгаа. Мөн улс төрийн захиалгаар хүний эрхийн эсрэг зогсдог хуульчдыг албан тушаалаас нь зайлуулах үндэслэл бий болно. Тийм учраас тогтоолын төслийг батлаасай гэж хүсч байна.

У.Мичид
Үндэсний шуудан сонин
2011.12.16.№ 296 (1320)