ЕР НЬ ХҮНИЙ ОРЧЛОН ҮЕ ҮЕЭРЭЭ, ЯГ Л АР АРААСАА ЦУВРААД, ТОГОРУУН ЦУВАА ШИГ ЯВДАГ ЮМ БАЙНА
“Ярилцъя” шинэ зочинтой хамт таны ширээн дээр очиж байна
“Ярилцъя” шинэ зочинтой хамт таны ширээн дээр очиж байна. Энэ хүн бол МАН-ын нарийн бичгийн дарга Я.СОДБААТАР. Улс төр, хувийн амьдрал, залуу хүний гэрэл гэгээтэй зам мөрийн тухай сонирхолтой яриа бидний дунд өрнөлөө. Дараагийн зочноо би бизнесийн хүрээнээс сонгосон. Тэр зочны ертөнц ч надад бүхэлдээ халуун дулаан мэдрэмж өгсөн билээ. Дахин уулзатлаа хүлээж байгаарай, уншигчид аа...
-Миний хөтөлдөг “Ярилцъя” буланд та анх удаагаа уригдаж байна. Өөрийг тань улс төрд амжилттай ажиллаж байгаа залуучуудын нэг гэж хардаг. Их залуугаараа сайд хийж байлаа. Бас томоохон агентлаг толгойлж байсан. Одоо намын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Тэгж харах бүрэн үндэслэлтэй биз дээ?
-Баярлалаа.
-Харин таны хийсэн хамгийн сүүлийн сонголт жаахан гайхашруулсан?
-Юу билээ.
-Та чинь төрийн ажлыг хойш нь тавьж, улс төрийн амьдралыг сонгосон биз дээ. Би хувьдаа залуучуудын тухайд намын ажлыг жаахан хойш тавиасай гэж боддог юм. Яагаад төрийн сайд байсан хүн ийм сонголт хийсэн бэ?
-Ер нь бол МАН гэдэг энэ намд би хэт залуугаараа орсон л доо.
-Хэт залуу гэдэг чинь хэдтэйдээ гэсэн үг вэ?
-20 настай байсан. 1995 онд шүү дээ. Тэр үед П.Жасрай гуай Ерөнхий сайд байлаа. Оны шилдэг оюутан гэж шалгаруулдаг байсан юм. Нэг их олон газар ч шилдэг оюутан шалгаруулдаггүй. Засгийн газрын төвшинд, Боловсролын яаман дээр дөрөв тавхан хүн шалгаруулна. Анх л шалгарсан оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөлдөг, тэтгэлэг өгдөг ийм үе эхэлж байсан нь тэр. Тэр жил таван оюутан шалгарахад би шилдэг оюутнаар шалгарсан юм. Шилдэг оюутан боллоо. Шагналыг маань Ерөнхий сайд П.Жасрай гуайтай хамт тэр үед Ерөнхий сайдын зөвлөх байсан Д.Содном гуай гардуулж өгдөг юм. Гардуулж өгөхдөө “Миний хүү ахтайгаа эргэж нэг уулзаарай. Чи бид хоёр адилхан мэнгэтэй юм байнаа” гэж хэлээд намайг үнссэн. Тэгээд удаагүй байтал МАН-ын дэргэд анхны оюутны байгууллага байгуулагдсан. “Тэмүүлэл хөдөлгөөн” гэж. Тэр үед залуучуудын холбооны даргаар нь У.Хүрэлсүх, Залуучууд, эмэгтэйчүүд хөгжил төв гэж байгуулаад Үржин эгч, би оюутны холбооны даргаар нь сонгогддог юм. 90 оноос хойш нам анх оюутан, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагатай болж байсан нь энэ. Тэр үед намд чинь жилдээ орж байгаа хүн нь гарч байгаа хүнээсээ бараг цөөн байдаг байсан тийм үе шүү дээ. Залуучууд их багатай. Б.Даш-Ёндон дарга намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан үе. Нам ингээд оюутны байгууллагатай болохоор шийдсэн. Зааланд хоёр гурван нөхөдтэйгөө нэр дэвшиж өрсөлдөөд би намын оюутны байгууллагын анхны дарга болсон. Ингээд л энэ намтай миний амьдрал холбогдсон. Үнэхээр тэр үед бол нам боловсон хүчнээ нэлээн олон талаас нь судалж үздэг. Намын боловсон хүчин судалдаг тэр систем нураагүй байсан үе л гэж би үздэг. Яагаад гэхээр миний аав бас энэ намд зүтгэж байсан. Суманд сумын намын хорооны дарга, дэд дарга, орлогч дарга байсан. Нийгмийн ухааны чиглэлээр төгссөн, Намын дээд төгссөн ийм хүн л дээ. Насаараа энэ намд зүтгэсэн. Аавын нөлөөнөөс гадна нөгөө талаасаа надад өөрт ч сэтгэлд илүү ойр байсан учраас энэ намд орсон. Ороод ажилласан. 1997 онд залуучуудын байгууллага байгуулагдсан. Дараа нь 1998 онд оюутны байгууллага нэрээ өөрчилж Ардчилсан социалист оюутны холбоо (АСОХ) болсон. Ахмадын дэргэдэх холбоо байгуулагдсан. Ингээд л намын дэргэдэх дөрвөн байгууллага байгуулагдах түүхэн дундуур явсан даа. Тэгээд ажиллаж байгаад 2000 онд нам сонгуульд ялсны дараа төрд очих уу гэсэн яриа, саналууд бас гарч байсан л даа. Тэр үед миний хувьд сургууль соёлд явъя, өөрийгөө хөгжүүлье гэсэн бодол түлхүү байгаад байсан. Тэгээд залуучуудын холбооныхоо Ерөнхий нарийн бичгийн даргыг хийж байгаад 2004 оноос төр рүү очсон. Үйлдвэр худалдааны яамны дэд сайд, зөвлөхөөр ажиллаад, дараа нь МХЕГ-т ажилласан. Товчхондоо түүх маань энэ. Төрөөс яагаад нам дээр эргээд ирчихсэн юм бэ гэж та асууж байна. Миний амьдралдаа барьдаг нэг гол зарчим бол хүн энэ сайхан хүний нийгэмд амьдрахдаа их сайхан олон найз нөхөдтэй явах ёстой гэж боддог. Хамт олонтой байгаасай, аливаа юманд багийн зарчимтай байгаасай. Энэ амьдрал бол хамтын амьдрал гэж би бодож явдаг юм л даа.
-Таны хүсдэг тэр орчин төрд байхаасаа илүү намд байдаг байх нь тийм үү?
-Би танд ний нуугүй ярья. Намын 26 дугаар их хурал хуралдахын өмнө манай үеийн залуучууд суугаад ярилцсан юм. Шулуухан хэлэхэд 70-аад оныхон гэж явдаг, тэгээд энэ улс төрд явж байгаа залуучууд шүү дээ. Тэгээд ер нь бид нарын төлөөлөл болж намын албан ёсны удирдлагад нэг нь байвал яасан юм бэ гэдэг санал үеийнхний дотроос гарсан.
-Үе дотроо сууж ярьж байгаад ?
-Тийм ээ, үе дотроо ярьж байгаад. Одоо энэ УИХ-д байгаа 70-аад оны төлөөлөл болох залуучууд байна, Засгийн газарт байгаа залуучууд байна. Бүгд л ярьсан. Нөгөө талаасаа намын удирлагад ажиллаж байгаа удирдлагуудын зүгээс бас гар сэтгэл нийлээд өмнө нь ажиллаж байсан. Сонгууль дөхөж байна. Дахиад улс төрд ажиллаад үзвэл яасан юм бэ гэсэн санал бас ирсэн. Тэгээд энэ хоёр саналыг үндэслээд би сонголтоо хийсэн л дээ. Ер нь тэгээд би бас бодож л байсан юм. Яагаад залуу хүн гэхээр л нэг тийм албан тушаалын амбицтай, намыг дандаа албан тушаалд очдог гишгүүр гэж боддог улсууд юм шиг гадагшаа харагдаад байдаг болчихов оо гэж. Ийм нэг үнэлэмж яваад байна шүү дээ. Та өөрөө ч сайн мэдэж байгаа. Энэ сэдвээр олон ч бичиж байсан. Тэгвэл яагаад эргээд үнэхээр намд сэтгэлтэй хүн нь төрийн тэр өндөр албан тушаалыг орхиод намдаа зүтгэж болдоггүй юм бэ. Би ингэж л бодсон. Энийг л харуулъя гэж шийдсэн.
-Наадах чинь аятайхан тайлбар байна шүү. Та гоё зугтаж байна ?
-Миний хувьдаа бодсон юм ердөө л энэ. Цаад өөртөө шийдвэр гаргахад суурь болсон үзэл маань зөвхөн энэ байсан.
-70-аад оныхон гэдэг үе одоо Монголын улс төрд яг байна уу?
-Ер нь үе гэдэг юм хүссэн хүсээгүй байдаг зүйл юм шиг байгаа юм. Монголын улс төрд ч, дэлхийн улс төрд ч, ер нь хүний орчлонд ч үе үеэрээ, яг л ар араасаа цувраад л нөгөө тогоруун цуваа гэдэг шиг явдаг юм шиг байна. 40-өөд оныхон байсан. Энэ үнэн. 40-өөд оныхныг залгаад 50-иад оныхон орсон. Энэ бас үнэн. 50-иад оныхныг залгаад 60-аад оныхон гарч ирсэн. Гарцаагүй үнэн. 60-аад оныхны араас 70-аад оныхон орох нь бас үнэн.
-Жараад оныхон явж, далаад оныхон эзлэх нь туйлын үнээн гэж үү. Чангахан хэлээч дээ ?
-Бид нарын араас 80-аад оныхон ирж байгаа нь бас үнэн. Тэгэхгүй зарим нэг хүмүүсийн хэлээд байгаа шиг завсрын үе гээд гэнэт 80-аад оныхон байхгүй болоод дундаас нь өөр нэг үе гараад ирдэг тийм жам байдаггүй юм шиг байгаа юм.
-Жараад оны У.Хүрэлсүхийн л нөгөө тал шиг харагддаг шүү дээ, өөрөө бол. Далаад он гээд салгаад чангаах гэхээр бас л хэцүү байна шүү?
-Тийм үү. Ер нь ахмад үе, дунд үе, залуу үе гэсэн алтан хэлхээн дээр энэ нам оршдог юм л даа. Энэ бол бусад намд байхгүй зүйл. Тэр алтан хэлхээн дээр тогтсон бичигдээгүй мөртлөө бичигдсэн юм шиг мөрдөгддөг алтан зарчим энэ нам дотор салшгүй явдаг. Нэг ёсны ах дүү гэхээсээ илүү нэгнийгээ хүндлэх, захирах захирагдах ёс гэдэг юмыг энэ нам их олон жил барьж явсан. Энэ алтан зарчим нь бас байх ёстой гэж би боддог . Захирах захирагдах зарчмыг, хүн хүнээ хүндлэх зарчмыг гажуудуулахгүй барьж явдаг. Зарим үед хатуу үг хэлэх, бухимдах, эргээд ойлголцох гээд бусад бүтэц дотор байдаг бүх юм манайд байдаг. Эцсийн дүнд энэ намд болж буй бүх юм эргээд л нөгөө алтан зарчим болсон гурван үеийн алтан хэлхээн дээрээ ирж зогсдог. Энийгээ их сайн мэдэрч, барьж явдаг учраас нийгэмд энэ нам нэгдмэл, цул хүчин гэж хүндлэгддэг. Тийм ч учраас нийгэм олонхиороо дэмждэг. Саналаа өгдөг. Энэ нийгэмд ямар ч айлын аавын хүү шударгаар өрсөлдөөд амжилт гаргадаг, хөдөөний тал нутгийн хаана ч төрсөн аавын охид хөвгүүд ямар ч талбарт чадлаа сорьж, ялж гарч ирдэг тэр хөрс нь эрүүл саруул байгаасай гэж би чин сэтгэлээсээ хүсдэг. Хүний хүсэл мөрөөдлийн өмнө элдэв босго тавьдаг, хаадаг, боодог сэтгэлгээнээсээ салах цаг болсон. Одоо зарим нам нэр дэвшигчдийнхээ өмнө босго тавиад эхэллээ шүү дээ.
-Наадах чинь юу гэсэн үг вэ?
-Одоо жишээ нь, Ардчилсан нам бол босго тавиад л нэр дэвшигч нараасаа мөнгө аваад л эхэлчихсэн шүү дээ.
-Танайх ч гэсэн авдаг шүү дээ?
-Манайх одоогоор авахгүй л дээ.
-Авна л даа. Далд л явагдахаараа өөр байх?
-Та ингэж бас мушгиад байж болохгүй л дээ. (инээв)
-Та түрүүн тэгш гарааны тухай хөндлөө. Өрсөлдөөд гарч ирэх тэр хөрс суурийг эрүүл саруул байлгах мөрөөдлийнхөө тухай. Наадах чинь их гоё мөрөөдөл л дөө. Харамсалтай нь улс төрд хэрэгждэггүй. Нууцгүй хэлэхэд У.Хүрэлсүх даргыг барааддаг хүүхдүүд, С.Батболд даргын багт харъяалагддаг залуус л шат ахиж байгаа нь үнэн. Бизнест ч гэсэн дарга нарын бараа сүр дагаж явж л тендер энэ тэрд орж байна. Залууст нээлттэй л гэнэ. Дандаа тэрбумтнуудын буу барьсан бардам жаалууд хөл тавьж байгаа биз дээ. Гэхдээ таны мөрөөдөл сайхан сонсогдож байна?
-Хоёр гурав л ялгаж хармаар байгаа юм. Ер нь МАН-д бол хүн илүү механизмаар дамжиж гарч ирдэг. Залуучуудын холбоогоор нь дамжаад ч юм уу. Оюутны байгууллагаар нь дамжаад ч юм уу. Мэдээж аль ч нам дотор далд фракциуд, лидер дагасан бүлэглэлүүд байдаг. Гэхдээ хэн нэгэн хүний дагаж явахаасаа илүү том эрх ашгаа барьж явсан хүмүүс нь илүү гарч ирдэг. Тухайн хүн дагасан нь тухайн мөчлөгтөө л явдаг болохоос урт хугацаанд явдаггүй.
-Ардчилсан намтай харьцуулахад танай нам бол залуучууддаа илүү боломж олгож байгаа л даа. Үүнийг зөвшөөрөхөөс аргагүй?
-Үнэн шүү дээ. Гурван үеийн алтан зарчим гэдэг түрүүний хэлсэн тэр тогтолцоон дээрээ л түшиглэсэн бодлого явдаг. Бас нөгөө талаас улс төрд зөндөө л түүх үлддэг. Ю.Цэдэнбал даргатай ажиллаж байсан хүмүүс Ю.Цэдэнбал даргатай л холбогддог. Н.Багабанди даргатай ажиллаж байсан нь Н.Багабанди даргатай, Эби даргатай ажиллаж байсан нь Эби даргатай л арга буюу түүхээрээ холбогддог. Энэн шиг одоогийн хүмүүс хүссэн хүсээгүй намын одооны хоёр даргатай л холбогдоно. Гэхдээ нэг юмыг хатуу ойлгох хэрэгтэй. МАН бол хэдэн даргын толгойн дээр тогтдог нам бас биш. Их сонин бүтэц ш дээ. Дарга нар нь явж л байдаг. Яг тухайн үедээ тэр дарга ар нь байхгүй бол тэр бүтэц байхгүй юм шиг харагдаж, санагдаж л байдаг. Тэр дарга явсны дараа тэр институц нь илүү л бэхжээд, илүү л чангараад байж байдаг ийм бүтэц. Өнөөдөр манайд даргаас хамааралтай намууд их байна шүү дээ. Лидерээс хамааралтай. МАН бол лидерээс хамаардаг үеэ өнгөрөөчихсөн. Ийм л улс төрийн хүчин.
-Танай намд угаасаа өнөөдөр лидер байхгүй биз дээ?
-Өнөөдөр манай намд лидер байна. Намын дарга, намын ерөнхий нарийн бичгийн дарга хоёр хоёулаа лидер. Дээрээс нь манай С.Баяр дарга, М.Энхболд дарга гээд тодорхой лидерүүд байна. Эд бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүд.
-У.Хүрэлсүхийг орхичихов уу даа?
-Ерөнхий нарийн бичгийн дарга гээд би хэллээ ш дээ.
-Би лидерийн тухайд тоглож асуусан юм шүү?
-Эд бол яах аргагүй хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүд. Энэ 200 мянган гишүүнтэй намын удирдлагад гарч ирнэ гэдэг бол яах аргагүй амжилт, нөгөө талаас хувь заяа шүү дээ.
-200 мянга хүрчихсэн үү?
-Одоо 170 гаруй мянга болж байна. Түдгэлзсэн гишүүдээ оруулбал 200 мянга. 20 гаруй мянган хүн түдгэлзээд төрд ажиллаж байгаа шүү дээ.
-Нөгөө Н.Энхбаярын нам руу явсан хүмүүсийн тоо хэд хүрч байна. Бараг 50 мянга болсон гэж дуулсан?
-Н.Энхбаярын нам руу албан ёсоор батлахаа өгөөд сайн дураараа явсан хүний тоо 200 гаруй байгаа.
-50 мянган гишүүн гарч очсон гэдэг мэдээ ташаа зүйл үү?
-50 мянган хүн гарахгүй л дээ. Яагаад гэвэл энэ Н.Энхбаярын салсан шиг процесс манай намд урьд нь явагдсан л процесс шүү дээ. Ерэн оноос хойш Д.Бямбасүрэн гуай манай намаас гарсан. Дараа нь миний мэдэхийн манай Ц.Гомбосүрэн сайд тэргүүтэй хэсэг хүн гарсан. Манай намын түүхэнд хэд хэдэн удаа намын лидер болж байсан хүмүүс ингэж гарч байсан. Гарах гарахдаа нэлээн том нийгмийн зүтгэлтэн, лидер хүмүүсээ дагуулаад гарч байсан. Н.Энхбаярыг дагаад хэн гарсан юм бэ.
-Ц.Гомбосүрэн эргэж намаа самраагүй л дээ. Өөрийн мөрийг хөөн одсон. Энэ хүн чинь бол та нарыг “айлгаж” байна биш үү ?
-Өрсөлдөөн гэдэг хаа ч байдаг зүйл. Гэхдээ “айлгах” хэмжээнд байна гэж харах үндэслэл алга даа. Тэгж харагдсан юм алга л байна. Зарим сонин хэвлэлээр захиалгат судалгааны дүн их гараад байгаа. Би зүгээр баримт барьж нэг жишээ хэлье. Сүүлийн нэг жилийн хугацаанд явагдсан орон нутагт болсон нөхөн сонгуулиудийн дүн яаж гарч байгааг та жишээ нь мэдэж байгаа юу. Энэ бол ард иргэд яг очиж саналаа өгч байгаа бодит сонгууль байхгүй юу. Зүгээр нэг судалгаа биш шүү дээ. Тэр оршин сууж байгаа сум, аймаг, нийслэл дээрээ иргэд нь өөрсдөө саналаа өгч байна шүү дээ. Нийтдээ найман сонгууль өгсөн байна. Энэ нэг жилийн хугацаанд. Тэр сонгуулиудад одоогоор бүгдэд нь МАН ялаад байна.
-Орон нутагт бол арай гайгүй амьдралтай нь, ажил албатай нь МАН-ын л гишүүд байдаг шүү дээ. Ийм орчинд явж байгаа сонгуулиудад тэгтэл их ач холбогдол өгөх хэрэг байна уу?
-Би танд хэлсэн шүү дээ. Ямар нэг судалгаа түшиглэж биш бодит баримт түшиглэж хариулт өгье өө гэж. Хамгийн сүүлд Баян-Өлгий аймагт болсон сонгуульд МАХН-аас манай намд байсан хүн нэр дэвшсэн шүү дээ. Манай намд байсан ахмад гишүүүн нөгөө талд ороод МАХН-аас нэр дээр дэвшсэн. Бас л тэндээ боломжийн ажил алба хашиж байсан тийм хүн Н.Энхбаярын намд ороод. Тэгээд МАН-ын нэр дэвшигч 58,6 хувьтай, АН-аас нэр дэвшигч 40,7, МАХН-ын нэр дээр дэвшсэн тэр хүн бол 1,2 хувьтай санал авсан ийм л дүн гарлаа.
-Танай намын рейтинг түүхэндээ анх удаа АН-ын дор орсон гэсэн дүн л байгаа. Энэ бас бодитой баримт шүү?
-Янз бүрийн судалгааны байгууллагууд судалгаа хийгээд явдаг. Манай нам ч гэсэн сонгууль дөхөж байгаа учраас судалгаа авч байна. Хамгийн сүүлд авсан судалгаагаар бол манай хоёр нам ойрхон явж байна лээ. Хоорондоо нэг их тийм ялгаа байхгүй. Ер нь бол яг тэнцэж байна.
-МАХН-ын рейтинг гэж байна уу, тэр судалгаанууд дотор?
-Байна аа байна. Хоёроос гурван хувьтай рейтинг байна. Тэр рейтинг нь хүмүүсийг төөрөлдүүлэх, хольж хутгаж ойлгуулах явуургүй арга замаар түр цаасан дээр буулгасан нэг хоёр хувийн л луйврын асуудал байна.
-Танай нам “Ард түмнээ сонсъё” гэдэг аяныг бүтэн жил хэрэгжүүлэв ээ дээ?
-Тийм хоёр жил явлаа.
-Та нар яагаад өөрсдөө идей гаргадаггүй юм бэ. Ц.Элбэгдорж намын дарга байхдаа “Ард түмнээ сонсъё” гэдэг аяныг анх эхлүүлсэн шүү дээ. Энэ уриан дээр чинь бас хэвлэлээр янз бүрийн шүүмжлэл яваад байгаа. Шинэ үг олж болдоггүй юм уу. Би өөрөө АН-ын тэр аяныг эхлэхэд анхны сурвалжлагуудыг нь хийж байсан хүн л дээ. Ард түмэн Ц.Элбэгоржид чихээ нааж байна, Ц.Элбэгдорж ард түмэнд чихээ нааж явна...гээд л бичиж байлаа. Шууд хүчиндээд л хүний юмыг авчихаж байгаа харагдах юм. Ийм шижигнэсэн залуучууд өөрсдөө юм бодож сэтгээд, өөрсдөө идей гаргаад ажиллаж чаддаггүй юм уу. Ичмээр явдал шүү дээ. Эсвэл танай намд тархитай нөхдүүд байхгүй болсон юм уу?
-Яг аль нь гаргасныг одоогоор сайн мэдэхгүй байна. Ер нь бол ард түмэн нь нэг. Ард түмнээ сонсч, хийсэн бүтээснээ сонсгож, бодлогоо тайлбарлаж таниулж байгаа зорилго нь бас нэг шүү дээ. Энд ард түмний эрх ашиг айхтар хохирох, эсвэл ард түмэн эмзэглэх юм юу байгаа юм бэ. Юу ч байхгүй шүү дээ. Ард түмнээ сонсъё гэдэг маань ард түмэндээ зориулаад л авч байгаа нэршил байгаа юм л даа. Нэршил гэхээсээ илүү агуулга нь чухал байгаа юм. Бид ард түмнээ сонсъё аяныг явуулаад 21 аймаг, 300 сум, 100 гаран хороод, есөн дүүргээр очиж уулзлаа. Уулзахад ард иргэд маань үнэн амьдралаа л ярьж байгаа юм. Тэрэн дотор юу харагдаж байна вэ гэхээр нэг үеэ бодвол хүмүүсийн ажил амьдрал гайгүй дээшилж байгаа дүр төрх бол харагдаж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлт харагдаж байна. Гэхдээ бид нар энэ өсөлтийг хөгжил болгож байна уу гэдэг асуудал их анхаарал татсан. Нэг ёсны хүндээ хэр наалдаж байнаа гэдэг асуудал. Бид бүгдээрээ л эдийн засгийн том өсөлт ярьж байна, бүтээн байгуулалт ярьж байна. Энэ мэдээж ярих ёстой зүйл байх. Гэхдээ тэр маань монгол хүний амьдралд, монгол өрхийн амьдралд хэр наалдацтай байна вэ. Энийг л судалж яваа юм. Хөгжил гэхээр сайхан зам, өндөр байшинг хэлдэггүй байх л даа. Тэрийг яаж хөгжил болгох вэ гэдэг нь төрд зүтгэж байгаа, улс төрд зүтгэж байгаа, намд зүтгэж байгаа багийнхны бодлогоор гарч ирэх байх. Тийм учраас 2012 оны сонгууль илүү хоорондоо үзэл санаагаараа өрсөлдөх, явуулах бодлогоороо уралдах ийм сонгууль болоосой л гэж бодож байгаа юм. МАН ирэх 20 жилийн хөгжлийн бодлогоо гаргаж тавьж байна. Олон улсын жишгээр бол бид ирэх 20 жилдээ улс орноо харъя. Тэгээд дунд хугацаандаа буюу 10 жилдээ харъя. Тэр нь 2021 он байх юм. Тэгээд ойрын дөрвөн жилдээ яах вэ гэдэг ойрын зорилтоо тавьсан ийм бодлогын баримт бичгийг гаргаж тавихаар ажиллаж байгаа юм. Манай нам бол илүү зүүн төвийн, нийгмийн ардчилсан үзэлтэй Социал демократ нам байхгүй юу. Тэгэхээр бид нар хүн төв рүүгээ, хүн төвтэй хөгжлийн төлөө нийгмийн зохицуулалттай ийм эдийн засгаа ярих ёстой юм. Гэтэл сүүлийн үед улс төрийн бусад хүчнүүд маань манай юмыг их яриад байна шүү дээ. Жишээ нь, “Монгол хүн” гэдэг асуудлыг ярьж байгаа юм. Бид нар “Монгол хүн” гэдэг асуудлыг 2005 онд анх гаргаж тавьж байсан. Манай намын тухайн үеийн Их хурлаар монгол хүний хөгжлийн бодлого гэж гаргаж тавьж байсан. Дараа нь 26 дугаар Их хурлаараа бид нар монгол хүн ирээдүйд ямар байх юм бэ гэдэг таван категор дээр гаргаж тавьсан. Сарын дараа бол өөр улс төрийн хүчин “Монгол хүн” гэж аваад яриад явчихаж байгаа юм. Тэгэхээр энэ байдлаасаа жаахан салмаар байгаа юм. Үзэл бодлоороо. Үнэхээр барууны нам либерал нам юм бол энэ нийгмийг, ялангуяа энэ эдийн засгийг либералчлахыг илүү яримаар байгаа юм. Бид нар чинь илүү төржсөн эдийн засаг байгуулах гээд байна шүү дээ. Энийг хязгаарлах нь бол уг нь барууны нам байхгүй юу. Одоо энэ нэг өглөө босоход л төржчихсөн, төрийн компаниуд байгуулагдаад байна шүү дээ. Эргээд бид нар чинь хувийн хэвшил дээр түшиглэсэн нийгмийн баримжаатай эдийн засгийг байгуулаад байна уу гэдгээ эргээд бодохгүй бол болохгүй байна шүү дээ. Би ингэж бодоод байгаа юм. Миний хувийн бодол ийм л байна.
-Хамтарсан засагтай ийм үед наад яриа чинь яаж тусах бол?
-Хамтарсан засаг гэдэг бол зөвхөн Монголд ч анх удаа байгуулчихсан юм биш шүү дээ.
-Тийм л дээ?
-Дэлхийн олон оронд хамтарсан засаг явж байгаа. Хамтарсан засаг явахдаа тэр хамтарсан засаг дотор явж байгаа барууны нам нь илүү барууныхаа бодлогын сайн юмыг хийдэг, зүүний нам нь зүүнийхээ бодлогын юмыг сайн хийдэг байгаасай гэж бодох юм. Өнөөдөр монголд барууны нам байхгүй болчихжээ л гэж би хэлэх гээд байгаа юм. Тэгэхгүй бол хоёулаа өнөөдөр зүүний нам болоод, барууны нам байхгүй болчихжээ.
-Наадах чинь үнэхээр эмзэг асуудал шүү. Та чинь ингэхэд яг Өвөрхангайн хүн бил үү?
-Миний аав тал бол хуучнаар Сайн ноён ханы одоогоор Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын цаад суварган цэнхэр хайрхны өврийн улсууд л даа. Ерөнхийдөө Архангай, Өвөрхангайн заагийн улсууд гэсэн үг. Миний ээж тал бол Өвөрхангай аймгийн Хархорин. Миний өвөө таван настайдаа Эрдэнэ зуу хийдэд шавилан суугаад, сүүлд нь 90 онд Эрдэнэ зуу хийд сэргэсний дараа ловон лам, хамба лам, дэд лам нь байсан. Миний аавын өвөө болох хүн бол Сайн ноён хааны 1911 онд цэрэг босгоход голлож байсан дэд жанжин байсан Цэвээнжав гэж хүн байсан. Цэвээнжав гэж гүн цолтой хүн байсан. Миний ургийн овог бол гүн гэсэн овогтой. Миний аав талын хүмүүс дандаа л төрд зүтгэж явсан байдаг. Ээж талынхан шашны талын хүмүүс байсан юм шиг байгаа юм. Би Өвөрхангай аймгийн Хархорин суманд 10 жилийн сургууль төгссөн. Хархорин суманд хүүхэд насаа өнгөрөөж, Орхон голын дэнжид тоглож өслөө. Нэг ёсны их хаадын нутаг шүү дээ. Дотроо бол бахархаж л явдаг.
-Их онц сурдаг хүүхэд байсан гэсэн?
-Би тэрийгээ нэг их ярьдаггүй ш дээ. (инээв) Өөрийгөө магтсан болчихно гэж бодоод. Хүний амьдрал хүүхэд наснаасаа л шийдвэрлэх мөчүүдтэй тулгарч байдаг юм шиг санагддаг юм. Яагаад вэ гэхээр би жаахан байхдаа л шийдвэрлэх мөчүүдтэй тулгарч, өөрөө тэрийгээ шийдэж явсан. Яагаад ч юм намайг хүүхэд байхад манай сургуулийн багш нар зориуд тусгайлан бэлтгэсэн. Учир нь тэр үед МУИС-д Б.Батцэнгэл гэдэг хүүхэд 16 настай орж шуугиан дэгдээж байлаа. Тэрнээс болоод багш нар маань ийм шийдвэр гаргаж санал тавьсан. Багаас минь үеийнхнээс маань илүү хичээл үзүүлдэг, анги алгасуулна гэж ярьдаг ийм байсан. Ганболд гээд эрхлэгч байлаа, манай сургуульд. Тэгээд ер нь бол үе дотроо яагаад ч юм сондгойроод явчихсан. Миний төрсөн ах надаас хоёр ах л даа. Ах маань бас математик, физикээр явдаг. Би дагаад математик физикээр явдаг ийм болсон. Намайг дөрөвдүгээр ангид байхад “Тимурчууд” гэж хөдөлгөөн байгуулаад, би тэр хөдөлгөөний дарга болсон. Манай ангийнхан сумынхаа настай хүмүүсийн модыг хөрөөдөж өгдөг. Аяга шаазанг нь угааж өгдөг байсан. Ийм нэг сонин анги болж бүгдээрээ төлөвшсөн л дөө. Одоо бид нар ангиараа сайн явдаг. Ангиараа шүү. Тэгээд бид хоорондоо ярьдаг юм. Тэр хөгшчүүлийн маань буян байхаа гэж. Тэгээд би “Тимурчуудын хөдөлгөөн”-ийг ахалдаг байж байгаад 1987 онд Монголын пионер сурагчдын “Залгамжлагч” зургадугаар чуулган гэж болсон.Тэр чуулганд ирж би Монголын төв зөвлөлийн тугийг барьж, Залгамжлагч зургадугаар чуулганы удирдлагад сонгогдож ажилласан. Долдугаар ангид ордог намар байсан. Тэр үеэс эхлээд л Монголын пионерын байгууллагын бүх шагналыг авсан. Алтан медалиас нь эхлээд бүгдийг нь. (инээв) Тэгээд улсын хэмжээнд болдог бүх хурал зөвлөгөөнд нь явдаг. Зургадугаар ангид байхдаа “Пионерын үнэн” сонинд тал нүүр ярилцлага өгч байлаа.
-Ямар гоё дурсамж вэ?
-Гоё байгаа биз дээ. (инээв) Нээрээ хөөрхөн дурсамж санагддаг ш дээ. Тэгээд дараа нь наймдугаар ангидаа аймгийнхаа математикийн гүнзгийд очиж суралцлаа. Манай аав Есөнзүйл сумын намын даргаар яваад Хархориноос холдсон. Тэгээд аймаг орж математикийн гүнзгийд сурсан. Манай багш Баярцогт гэж багш байсан. Би дотуур байрандаа хоёр цагт хичээлээ тарж ирээд ундандаа орчихоод орой найман цаг хүртэл математик л үздэг байлаа. Нэг ёсондоо би наймдугаар ангидаа ес, аравдугаар ангийн бүх математик, физикээ үзээд дуусчихсан. Тэгээд ес, аравдугаар ангид орсон чинь үеийнхнээсээ түрүүлчихсэн. Тэгээд л улсын олимпиадад явдаг ийм л хүүхэд байсан. Би ес, аравдугаар ангид байхдаа улсын 26, 27 дугаар олимпиадад хоёуланд нь оролцсон. Ингээд аравдугаар анги төгсдөг жилээ улсын математикийн олимпиадад оролцож байхад тэр үед ШУ-ны академийн ерөнхийлөгч байсан Чадраа гуай очиж сургуулийн урилга өгөөд, тэгээд конкурстээгүй сургуульд орсон. ШУ-ны академийн дэргэд Технологийн дээд сургууль гэж байгуулагдаж тэр сургуульд орсон л доо. Тэгээд тэр сургуулийн анхны 30 хүүхдийн нэг болсон түүхтэй. Тухайн жилийн математик, хими, физикийн олимпиадын эхний арван хүүхэд байлаа. Тэр үед шинжлэх ухааны академийн дэргэд жаахан тийм лидер хүүхдүүдийн сургууль байгуулах гэж анхны оролдлого хийсэн нь тэр л дээ. Бид нарыг ч академийн хүүхдүүд гэж нэрлэдэг байлаа ш дээ. Одоо Монголоос найм есөн хүн “Майкрософт”-д ажиллаж байгаа юм уу даа. Тэрний анхны тав нь манай ангийн хүүхдүүд. “Майкрософт”-ын хэлтсийн дарга Бат-Өлзий гэж залуу ирж Монголд “Майкрософт”-г оруулж ирэх гээд яваад байгаа биз дээ. Тэр залуу гэхэд манай ангийн хүүхэд. Японд анхны долоон хүүхэд явсан. Бүгд манай анги. Японы алдартай брэнд компаниудад ажиллаж байгаа анхны монгол инженерүүд манай ангийн залуучууд. Бид нар гучуулаа гадагшаа гарч байсан. Одоо энэ Монголын “Скайтел” компани, “Очир төв”, “Алтай трейдинг” гээд толгой компаниудын гүйцэтгэх захирлууд дандаа манай ангийн залуучууд. Надаас бусад нь дандаа бизнесээр, зарим нь мэргэжлээрээ явсан.
-Сургуулиа төгсөөд яав?
-Би сургууль төгсөөд ШУ-ны академид дөрвөн жил гаруй ажилласан. Академийн хоол идсэн дээ. Жаахан эрдмийн ажил хийсэн.
-Уйтартай газар байх, тийм үү?
-Маш сонирхолтой газар. Тэндээс би хүн болох, аливаа юманд жаахан шинжлэх ухаанч хандах гэж оролддог, юмыг ул суурьтай, цаад мөн чанарыг нь ойлгох гэж оролддог арга барил олж авсан юм болов уу гэж боддог. Нөгөө талдаа Монголын алтан үеийнхэн гэж хэлж болох үеийнхэн намайг очиход шувтрах талдаа орж байсан байх л даа. Гэхдээ Ширэндэв гуай, Доржханд гуай, Батмөнх багш, Содном гуай, Цэрэн гуай, том Намсрай багш, Чадраа багш гээд манай томчууд ид байсан үе. Эд нарынхаа л гараар орсон хүүхэд шүү дээ. Дараа нь Сингапурт суралцаж хэл жаахан сурсан. Ирээд Удирдлагын академи төгссөн. Одоо докторантурт сураад хэдэн жил болж байна. Ийм шив дээ.
-Сонсч байгаагүй намтар түүх сонслоо. Сайхан байна. Тэс өөр замаар явж болох байсан залуу намын хүн болжээ. Өөр танаар сүүлийн үеийн сонин юм юу байна. Хэвлэл мэдээллээр хэр их бичигдэж байна. Улс төрийнхөн гүтгэгдчилээ л гээд сууж байх болсон байна шүү дээ?
-Хүн бол өөрөө л хувь заяаныхаа сонголтуудыг хийж байгаа юм л даа. Улс төрд явах уу, төрд явах уу, эсвэл нийгмийн төлөө ТББ-уудаар явах уу, хэвлэл мэдээллийн салбарт ажиллах уу, бизнесийн салбарт ажиллах уу гэдэг хувь хүний өөрийн л сонголт шүү дээ. Яахав, зарим үед мань мэт шиг хүмүүс сонголт гэхээсээ илүү хамт олон, найз нөхөд, багийн зарчмаа бариад явдаг тохиолдлууд ч бас бий. Тэгээд яахав дээ, улс төрд явж байгаа, төрд явж байгаа хүн бол ялангуяа ардчилсан нийгэмд нэг эд эс нь болоод явж байгаа хүн бол шүүмжлэлийг сонсч байх ёстой. Би нэг л зүйлийг боддог юм. Ар гэр, аав ээж рүү минь битгий их ороосой гэж.
-Хүмүүс ийм сэдэв дээр үнэхээр эмзэг байдаг бололтой. Таны аав ээж рүү бас ордог хэрэг үү?
-Яагаад тэгж хэлдэг вэ гэхээр манай аавыг Янгуг гэдэг юм л даа.
-Ямар утгатай нэр юм бэ?
-Буян арвижих, даллага авахуулах гэсэн утгатай Төвд нэр. Энийг мэдэхгүй хүмүүс нь хятад гээд байгаа юм. Миний хоёр тал гэхэд нэг нь үнэхээр Монголын төв халхын шашны төв Эрдэнэ зуу хийдийн удмын л хүн. Нөгөө талаасаа би Сайн ноён хан, их сайн яривал тэр үед гүн цол авна гэдэг бол алтан ургийн л улсын хэлхээ гэж ярих байх. Улайн цайм удам угсааг минь хөндөж гүжирдэхээр хүн удмаа хамгаалж хэлэхээс өөр аргагүй болдог юм байна. Түүнээс биш би ийм зүйлээ олон нийтэд ярьж байгаагүй.
-Таныг бас эрлийз гэж гүжирддэг хэрэг үү?
-Тийм.
-Та яасан эмзэг юм бэ. Монголд эрлийз гэж гүжирдүүлээгүй хүн байхгүй шүү дээ?
-Тийм л дээ. Гэхдээ намайг сонгуульд нэр дэвшиж байхад хүртэл ийм юм гаргаж цацсан. Тэр үед манай Гандантэгчинлэн хийдийн хамба багш чинь миний их ойрын хүн л дээ. Багш минь очиж Ян гэдэг нь буян, Гуг гэдэг үг нь дэлгэрэх гэсэн үг. Монголоор бол буян дэлгэрэх гэсэн үг гэж тайлбарлаж өгч байсан юм. Би юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр аав ээж рүү минь орохоор их хэцүү байдаг. Миний хоёр хөгшин хоёулаа амьд сэрүүн байна. Тэд нар минь сэтгэл санааны хувьд их өөр байдаг. Түүнээс биш өөртэйгөө холбоотой юман дээр алдаа оноо байвал би сонсоно. Өнгөрөөнө. Гэвч зарим юманд 80 хувь нь бараг гүтгэлэг гарах юм даа.
-Өвөрхангай аймагт ч ширүүн өрсөлдөөн болдог байх шүү?
-Яах вэ, Өвөрхангай бол өөрөө төв халхын төв нутгуудын нэг.
-АН-ын супер баячуудад ялагдчихсан уу?
-Үгүй, яахав ээ ард түмэн бол надад өндөр санал өгсөн л гэж би боддог. Намайг жаахаан залуу яваад очиход л манай нутаг 46,7 хувийн санал өгсөн юм шүү дээ.
-Өндөр санал өгчээ?
-Өндөр санал өгсөн. Гэхдээ ард түмэн энэ удаа тэд нарыг сонгосон. Одоогийн байгаа дөрвөн гишүүнийг сонгосон. Сайн ажиллах хэрэгтэй. Ард түмний итгэлийг авсан юм чинь. Би дөнгөж гучин хэдхэн настай очиж өрсөлдсөн юм шүү дээ. Бусад нь дандаа 40, 50 хүрчихсэн хүмүүс. Бас л бүгд нийгэмдээ хүндлэгдчихсэн, бизнесийн салбарт амжилт олчихсон ийм улсууд байсан.
-Одоо өрсөлдөх үү?
-Ер нь сонгуульд өрсөлдөнө гэдгийг хувь хүний асуудал гэхээсээ илүү, нам гэхээсээ илүү сонгуульд яах гэж өрсөлддөг вэ гэдэг асуудал байгаа юм. Юу хэлэх гээд байна гэхээр нэгдүгээрт, сонгуульд өрсөлдөнө гэдэг бол төрд зүтгэнэ гэсэн үг. Юм хийнэ гэсэн үг. Хоёрдугаарт, улс төрийн намд хүн харъяалагдаж байгаа бол улс төрийн намын дүрмэнд нь захирагдах ёстой. Тэр намыг бас өөрөө чөлөөтэй сонгож байгаа шүү дээ. Гэсэн ч хүн улс төрийн намд орсноороо зарим эрхээ хасуулдаг юм. Тэр утгаараа юу хэлэх гээд байна гэхээр нам ялах ёстой. Аливаа улс төрийн хүчний үндсэн юм бол сонгуульд ялж, бодлогоо хэрэгжүүлэх шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын уулзвар дээр тэр хүн, тэр хувь хүнд дэвших боломж байна уу үгүй юү. Энэ уулзвар дээр л сонголтоо хийх ёстой гэж боддог. Тийм болохоор бодож л байна.