Өнөөдрийн шинэ зоч­ныг маань Санжмята­вын Отгонбаатар гэдэг. Тэр­бээр одоо “Дорнод нутаг клуб”-ын тэргүү­нээр ажиллаж байгаа юм.  

-Өнөөдөр их ховор зо­чинтой уулзаж байна. Учир нь манай “Ярилцъя” буланд  биз­несийнхэн  ба­­раг уригд­даг­гүй. Тун цөөн зочин орж байжээ?


-Бизнесийнхэн ерөн­хий­дөө ярьдаггүй улсууд л даа.

-Хийдэг хүмүүс гэж араас нь хэлэх гэсэн үү?

-Тийм. (инээв) Одоо харин ярих, байр сууриа илэрхийлэх, бо­лохгүй бол тэмцэх цаг нь ирсэн бололтой. 

-Нийгмийн том баялгийг бү­тээг­чид атлаа дуу хоо­лой­гоо гаргадаггүй гэ­дэг­­тэй са­нал нийлнэ. Та­ныг биз­не­сийн  ертөн­цийн­­хөн маш сайн мэд­дэг. Одоо харин яг ямар үйл ажил­ла­гаа явуулж бай­­­на вэ. Бизнес тань ямар­хуу явж байна даа?
-Бизнесийнхэн маань өм­нөө тавьсан ажлаа хийсээр яваад нийгмийн  өмнө гарч хү­мүүс­­тэй ярилцах, санал оно­лоо солилцох бололцоогоор хомс­хон байдаг. Үндсэндээ зав­гүй байдаг улсууд шүү дээ. Өнөөдөр бол ярих шаардлага хаа сайгүй тулгарч байна. Татвар төлөгчийнхөө хувьд бид дуу хоолойгоо гаргах, өөрс­дийн байр суурийг илэрхийлэх эрхтэй. Тэр эрхээ эдэлмээр бай­на. Татвар төлөгчдийн мөнгийг хуваарилж байгаа бу­руу аргуудын талаар, за тэгээд энэ өдрөөс өдөрт тэлж байгаа нийгмийн бухимдлын талаар, дараагийн зүйл энэ газрын баялгийн эзэд нь хэн бэ гэдэг талаар яримаар байна.

-Тийм ээ, үнэхээр хэн хүн­­гүй л яримаар байна?

-Миний түүх бол Монголын бу­сад бизнесменүүдийнхтэй л адил­хан түүх байгаа. Хоёр Гер­ман нийлж байх тэр үед азаар би Германд байсан. Оюутан бай­сан. Тэнд рублийн наймаа­наас анх бизнесийн гараагаа эх­лээд өнөөдрийг хүртэл зогсолтгүй ажиллаж байгаа хүн л дээ. Рублийн наймааг тэр үед бүгд л хийж байсан. Яахав дун­дуур нь машин жаахан зөөсөн байх. Ерөөсөө бидний гараа бол нэг шүү дээ. Тэгж яваад анх 1996 онд пивоны үйлдвэр байгуулсан. Пивоны үйлдвэр маань хөгжиж явсаар өнөөд­рийн энэ төвшинд хүрсэн. Тэр үед нийгэм маань ямар бай­лаа. Архидалт нэлээн газар авчих­сан, архины эсрэг бид тодор­хой хэмжээгээр хоорон­доо ярьдаг болчихсон байсан үе л дээ.  Пиво гэдэг маань ний нуугүй хэлэхэд одоо Европын хэллэгээр бол цай шүү дээ. Шингэн талх гэдэг.

-Харин ч нийгмийн хям­ра­лаа дагаад архины үйлд­вэр­лэл нэлээн сэр­гэж бай­сан үе байх. Бүр сүүл рүүгээ, 2000 оны эхээс л зөөлөн сархад гэ­дэг юм ярьж эхэлсэн. Гэ­тэл та нэлээн эрт зөөлөн сар­хадын үйлдвэр бай­гуулж байсан юм билээ?


-Тэр үед чинь ямар сайн­даа Далай лам маань ирээд “Архиа бага ууж, айргаа их уу” гэж хүртэл хэлсэн шүү дээ. Тэрэн дээр нь бид рекламаа хийж байлаа. Тухайн үед би­дэнд зөөлөн сархадын хэрэг­лээ төдийлөн байгаагүй. Пиво­ны соёл гэдэг маань ер нь бол Европын соёл л доо. Тэр үед бид бүгдээрээ л спирт най­руулж уудаг, спиртийн наймаа гэж юм бүр цэцэглэчихсэн бай­лаа шүү дээ. Анх биднийг шар айраг оруулж ирж байхад хэн ч анзаардаггүй байсан. Торхтой пивоо үүрээд гүйж байхад огт мэд­дэггүй байсан. Тэр үеэс л эх­лээд энэ Европын шар айраг­ны соёлийг Монголд авчирсан гэж хэлж болно л доо. Тэгээд тэрнээс хойш бид нар мэдээж Европын үйлчилгээний соёл, баар ресторан, pub гэж юу байдаг юм тэр бүгдийн эх­лэлийг тавихаар ажилласан. Цааш­лаад бас Монголыг га­даа­дад сурталчлахын тулд аялал жуулчлалын ямар бүтээгдэ­хүүн хэрэгтэй юм, бид мах ид­дэг мөртлөө махаа яагаад боловсруулж чаддаггүй юм гэх гэх мэтчилэн олон зүйлд санаа бодлоо чилээж, бизнесийн бодлогоо үйлдвэрлэлийн сал­бар руу оруулаад явсан л даа. Ба­рилга дээр хүртэл анх бид энэ салбар уначихсан үед  Гер­ма­ны стандартыг Монголд бий болгоё гэж зориод герма­нуудтай нийлээд гэж  “БАУ” гэж ком­пани  байгуулж байсан. Ту­хайн үед үйл ажиллагаа  явуулж байсан ихэнх барилгын ком­паниуд мэднэ дээ. “Брау Хаус”-г барьж байсан. “Монгол шилт­гээн”-ийг барьсан. “Кока кола”-гийн барилга гээд ингээд ажилласан даа.

-Хэрэглэгчдийн таашаа­лыг зөөлөн сархад руу та­та­хын тулд та бүхэн үнэхээр анх­ны том алх­мыг хийсэн байх. Бид чинь тэрэнтэйгээ харь­цах соёлгүй байлаа шүү дээ. Ороод суух олигтой га­­­зар ч ховор. Ийм үед Ев­ро­пын стандартыг зо­риг­лон оруулж ирээд, өөрс­дийнхөө нэ­рийн брэн­дийг бий  бол­гож чадсан нь том амжилт. Үйлчил­гээний бизнес гэх энэ цоо шинэ юмыг бий бол­­гоход анх ямар ямар бэрх­­шээлүүд тулгарч байв?


-Яривал агуу урт түүх гар­на л даа. Мэдээж энэ бүгдийг хий­хийн тулд зөндөө юм үзсэн. Пи­воны үйлдвэр оруулж ирэ­хэд лицензээсээ эхлээд кино шиг л түүх байгаа. Тэр бүгдийг хоёу­лаа өнөөдөр суугаад яри­вал үнэхээр гоё гоё түүхүүд бай­гаа. Хамтарч байсан най­зууд­даа үнэхээр баярлаж яв­даг. Гер­манууддаа ч гэсэн баяр­ладаг. Жишээ нь, би нэг тоо  хэлье л дээ. Нийтдээ 13 тонн пиво бол зарагдаагүй зөв­хөн суртал­чилгаанд явсан бай­даг юм. Да­раа нь мэдээж бид чинь тайлан тооцоогоо хийж бай­гаа шүү дээ. 13 мянган литр пивог л үнэгүй ууж байна гэсэн үг шүү дээ. Тэр үед чинь 1996 он. АН ялчихсан. УИХ-ын ги­шүүд нь дандаа залуучууд. Нээл­тэй, их гоё үе байсан юмаа тэр үе чинь бас.

-Нийгэм ч гэсэн их гоё эрх чөлөөлөг болж ир­сэн шүү, нээрээ. Дурса­хад сай­хан байна?

-Тухайн үед чинь бас азаар Гер­маны Гадаад явдлын яа­мын сайд,  дэд канцлер ирж тэр нээлтэд оролцоод явж байсан. Анх бол үнэхээр өөрийн чинь хэлдгээр хэцүү байсан. Хүнд ойл­гуулах, тэр соёлыг нэвт­рүүлэх амар байгаагүй. Баа­ранд очоод ингэж задалдаг юмаа гэж үзүүлэхээс эхэлж бай­сан гэхэд хилсдэхгүй. Пош­катай пивоо задалж чадахгүй асгах, ууж чадахгүй байх, гай­хах, бас итгэж чадахгүй байх гээд зөндөө юм болж байсан. Энэ итгэлийг бий болгохын тулд бид өөрсдөө үнэхээр хөр­гөгчөө барьцаалж байж, унаж байгаа машинаа зарж байж тээврийн товчооны тэнд “Хаан торх” гэж pub байгуулаад тэр торх­ноосоо эхэлж яаж задлах, яаж харьцах гээд бүгдийг үзүүлж байсан юм даа. Тэр жил анх­ны “Пентатоник” наадам болж байсан. Эхлээд  урлаг спор­тынхонтой ажилласан. Ма­най Ганхүү ч нэр хүндтэй болж  ирсэн. Залуус архийг биш шар ай­ргийг чөлөөт цагаараа ууж эхэл­сэн. Сүүлдээ бид үйлд­вэрлэж дийлэхээ больсон шүү дээ. Тэгээд л хөгжлөө дагаад баар рестораны дотор засалд хүртэл өөрчлөгдөж ирсэн, хоол унд хүртэл өөрчлөгдсөн. Хамгийн наад зах нь  эрүүл ахуйн шинэ соёл бий болж байгаа юм. Биднийг анх нутаг­таа ирж байхад чинь ариун цэврийн өрөө гэхэд маш хүнд асуудал байсан шүү дээ. Бид баар рестораны “00” цэвэрхэн байх ёстой гэсэн анхны дүрмээс ажлаа эхэлж байсан. Дараа нь гал зуухны менеж­мент. Ингээд л явсан даа. Одоо энэ баар рестораны ариун цэврийн өрөөнүүд ямар болсон байна. Үйлчилгээ нь, соёл нь, хоол нь, дизайн нь яаж хөгжиж байна. Би хэдийгээр хүнд байсан ч хийсэн аж­луудаараа бахархдаг. Биднийг пивоны үйлдвэр байгуулж байхад Монгол нийт пивоны хэрэгцээнийхээ 0,4 хувийг л үйлдвэрлэдэг байсан байхгүй юу. Манайд “АПУ”, тэгээд “Хаан брой” л байлаа шүү дээ. Одоо энэ өндөрлөгөөс доошоо харахад бид  импортоор бараг пивоо уухаа больчихож. “АПУ” том болж, “Тайгер” ч бий болж, “Чингис”, “Хаан брой” гээд зөндөө пивоны үйлдвэрүүд бий болсон байна. Энэ бүх юм бол бидний эхлүүлсэн ажил гэж бодоход сайхан байдаг шүү. Олон хүний хөдөлмөр л дөө.

-Тэгэлгүй яахав. Ингэхэд та чинь “АПУ”-гийн хувьч­­­лалд нэлээн орой­лон орол­цож байсан. Энэ салбарт ажиллаж бай­сан, зовлон жарга­лыг нь мэд­дэг хүний хувьд оролц­сон байх. Эр­гээд бодо­ход хувьч­ла­лын түүхэнд том сур­гууль болохоор үйл яв­дал болж өнгөрсөн са­нагд­даг юм?


-Тэр үнээн. “АПУ”-гийн хувьч­лал ил тод болсон л доо. Яагаад ил тод болсон бэ гэхээр тен­дер болон бусад энэ төр­лийн бүх үйл ажиллагаа  дандаа далд явагддаг байсан шүү дээ, үнэн хэрэгтээ. Энэ хувьч­лал тийм биш үнэ хаял­цуулах жур­маар, нээлт­тэй, ил тод явагд­сан. Тухайн үед “АПУ”-гийн захирал байсан С.Жамъян­сүрэн, Г.Алтан нар орсон. Ма­най­­хаас бол  “Чингис хаан” банк, “Шунхлай” групп, “Хаан брой” гурав нийлээд “Туул ин­тер­нейшнл” гэдэг  компани бай­гуулж орсон л доо. Мон­гол­чуудын хийсэн хувьч­ла­луу­даас хамгийн анхны ил тод хувьч­лал болсон. Нээлт­тэй. Одоо энэ NTV-гийн захи­рал М.Уламбадрах бид хоёр л төлөөлж бүх “тулаан”-д орж байлаа шүү дээ. 

-Тэдэнд буюу хувьд  49 хувь нь байсан бил үү?


-Үгүй ээ, тэдэнд тухайн үед 33 хувь л байсан юм.  “АПУ”-гийн төрийн мэдэлд байсан 51 хувийг чинь гурав хувааж гурван багц болгож за­рах гэж байсан байхгүй юу. Тэр­нээс л болж тэр маргаан үүс­сэн юм шүү дээ.

-Гэсэн ч явцын дунд 49 хувь болгосон шүү дээ?


-Тийм. Явж байгаад явцын дунд.

-Энэ асуудалд сэтгүүл­чийн­хээ хувьд хамгийн их оролц­сон хүний нэг би байх л даа. Би энэ ту­хайд тайл­барлах юмсан гэж боддог юм. Тухайн үед миний харьяа­­лагдаж байсан редак­цын бод­ло­го бол төрд бай­гаа хувь­цааг биш, хувь хү­мүүст байгаа хувьцааг хам­гаа­ла­хын төлөө л байсан юм шүү дээ?

-Мэдээж та нарт өөрсдийн бод­лого байсан байх. Цаг хуга­цаа өнгөрсөн байна. Хүмүүс ингэж ярилцаж санаа сэтгэлээ нээлцэж байх ёстой гэж би бас бодож байна.  Гэхдээ би өнөө­дөр тантай ний нуугүй ярья. Би бусадтай адилхан сүүлийн үед  энэ дөрөв дэх засаглал гэж нэр­лэгддэг хэвлэл мэдээллийн ертөнцийнхний тухай яримаар санагдаад байдаг  болчихоод байгаа юм. Өнөөдрийн сэтгүүл зүй 10 жилийн өмнөхөөс зүйр­лэх юмгүй бохир болжээ. Өнөө­­дөр зөвхөн шантаажийн сэтгүүл зүй л цэцэглэж байна. Энийг хэвлэл болих юм сан. Жинхэнэ дөрөв дэх засагла­лын­хаа орон зайн дээр очоо­сой. Унших гэхээр сайхан юм, гэрэл гэгээтэй юм, том юм, зөв юм бараг байхгүй болчихсон.  Сэтгүүлчид маань ухамсартай болж байна. Сэтгүүлчид илүү боловсролтой болж байна. Энэ талаасаа одоо салбараа татаж аваа­сай гэж хөндлөнгөөс зов­ни­дог гэх үү дээ. Саяхан танай­хан бас маргаад л байсан. Тэ­рийг харсан. Тэгэхэд бол манай сэтгүүлчид  шал өөр юмыг хардаг, огт өөр юм руу явдаг болж дээ л гэж бодож байсан.  

-Та хувьчлалын дараа хамтрагчдаасаа яагаад сал­сан бэ. Би бол таныг аягүй олон юманд оролц­­сон, босголцсон хүн гэж хар­даг. Гэ­тэл та яагаад ч юм та ган­цаараа л сууж байна шүү дээ. Яах гэж  тэр том “ту­лаан”-д сайн муу хэ­лүүлэн байж нүүр тулж оролцсон юм. Ган­цаараа үлдэх гэж үү?

-“АПУ”-гийн хувьчлалд орол­цохдоо бол би зөвхөн пиво­ны үйлдвэр дээр нь л оролцсон юм шүү дээ. Ер нь пивоны үйлдвэрийн бүх төсөл юмыг би германуудтай хамтарч хийсэн л дээ. Өөрөө л анхнаас нь гүйж явж хийж байсан. Тэгээд цааш­даа бизнес л юм чинь өөрийн бодлого гэж байгаа. Надад архи руу орох сонирхол байгаагүй. Өөрийнхөө пивоны үйлдвэ­рийг хийчих­сэн, Монголын пивоны зах зээлийг судалчихсан хү­ний хувьд бол надад өөр бод­лого байсан. Пивоны зах зээл дээр өөрийн гэсэн гоё пивоны үйлд­вэртэй болохын тулд л бид тэр пивоны үйлдвэрийг хийсэн биз дээ. Юуг нь нуух вэ. Сүүлд нь бизнес л юм чинь хоорондоо то­хирч таарахгүй юм гарч ир­сэн. Тэгээд л хоорондоо ярьж шийдээд, өгч аваад л салсан. Энэ чинь миний хувьцаат ком­па­нид орсон анхны алхам байх­гүй юу. Тэгэхэд чинь хувьцаат компани  гэж мэддэггүй байлаа. Хувьцаат компани ямар­шуу­хан зарчимтай, дүрэмтэй явд­гийг мэддэггүй байлаа. Тэндээс үнэхээр  их юм сурсан. Тэр­нээс хойш би 2005 онд анх хувийн­хаа компанийг хувь­цаат компани болгож байлаа. Яриад байвал түүх их байнаа.

-Архи хийхгүй гэж хатуу бо­дож байсан гэж та ярьсан. Ямар ч олз ашиг тэндээс гэрэл­тэн хараг­даж байсан  гол дээр тээг­лэн зогсоож байдаг нэг зүйл бол хүний ху­вийн итгэл үнэмшил, үзэл, зарчим байдаг. Та яа­гаад архины бизнесээс татгалз­сан юм бэ?

-Тийм ээ. Яг тэр чинь. Ту­хайн үед ээж маань амьд сэ­рүүн байсан л даа. Ээж маань надад захидаг байлаа. Архи дэмий, архи бол ер нь л хүнийг дандаа хар болгодог зүйл шүү. Ямар ч сайхан хүнийг хар­луу­лаад л дуусгадаг эд. Үнэхээр архины хор уршиг айлын амьдралд ямаршуухан байд­лаар тусч байна. Чи хар, тэгээд бод гэж ээж минь хэлдэг бай­сан. Ийм болохоор л би пивоо даг­наж  гарсан л даа.

-Та бол ер нь архийг  ууж байсан биз дээ ?

-(чангаар маш хөгжилтэй инээв) Ууж байсаан. Хүмүүс мэднэ дээ. Архи ч ууж байсан. Пиво ч ууж байсан. Тэрийг одоо маяглаж нуугаад яахав. Одоо бол больсон. Одоо аль боло­хоор архигүй орчин гэж ярих дур­тай болсон. Ууж үзлээ. Дэмий юм байна гэж ухаараад орхи­сон гэх үү дээ. Хамт амь­дарч, он цагийг хуваалцаж яв­сан олон найзууд минь ар­хи­наас болж цагаасаа эрт хор­воог орхилоо. Хүнд ийм зүйл их юм бодогдуулдаг юм байна. Ноднингийн шинэ жилээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч сүү­гээрээ тулгацгаахыг ард тү­мэн­дээ уриалахад надад бол сай­­хан л санагдаж байсан. Хамт байсан олон найзууд маань архинаас болж алга болц­гоолоо. Хажууд байсан олон нөхөд маань  байхгүй боло­хоор өөрийн эрхгүй энийг жаа­хан зөв хэрэглээ тийш нь болгоё гэж бодож эхэлдэг. Гэнэт хорих биш. Зөвөөр, бас ааж­маар хөндийрөх хэрэгтэй. Монголчуудын цусанд байдаг юм уу, хаашаа юм.  Уухаараа л хэтрүүлээд уучихдаг.(инээв)  Энийгээ л зөв хэрэглээ болгож, ядаж найзуудтайгаа уулзаад ганц шар айраг уучихаад тэ­гээд зогсч сурах хэрэгтэй бай­на. Архийг бол идээний дээж хэл­бэрээр нь  тулгаад л орхих. Энэ соёлыг л одоо би ярьдаг бол­сон доо. Болж өгвөл битгий уугаарай л гэж ярьдаг. Хүмүүс гайхах байх л даа. Энэ одоо ар­хи уухаа больчихсон гэж яри­хаар яана аа гэж. Нэг таньдаг дүүтэйгээ яг ингээд  ярьсан чинь таныг архинаас гарчихсан гэж яривал олон хүн “шок”-нд орох байх аа. Бөөн суртал­чил­гаа болох юм биш үү. Та бол бас л бужигнуулдаг  бай­сан шүү дээ гээд инээж бай­сан.

-Үнэхээр гоё байна шүү.  Та “Монгол шилтгээн”-ийг  бай­гуулсан байх аа. Юу­наас сэ­дэвлэж бай­гуул­сан юм бэ?

-“Монгол шилтгээн”-ийг  яри­вал их гоё л доо. Тухайн үед С.Лув­саншарав гуай, Д.Пүрэв­дорж гуай хоёр зохиолыг нь би­чээд 10 жил дарчихсан нэг дуурь байсан юм байна лээ. Манай аав ээж хоёр урлагийн хү­мүүс л дээ. Аав маань Дуу­рийн театрт удирдаач, морин хуурч байсан. Ээж маань ХБК-д багш, шанз тоглодог байсан.

-Та урлагтай их холбогд­дог. Аргагүй байж ээ?


-Намайг багад манайх таван буудлын дуурийн бай­ранд байдаг байсан. Жаахан байхдаа дуурийн байшингаар л  их очдог байсан. Хаашаа л хар­на урлагийн орчин. С.Лув­сан­шарав гуайн ач надтай Гер­манд хамт  сурч байсан Ариун­сайхан гэж залуу байдаг юм. Тэр бид хоёр ярьж байтал “Хар хо­рум” гэдэг нэг зохиолын ту­хай  ярьдаг байхгүй юу. Аавдаа бас нэг тийм урлагийн хөшөө бос­гож өгье гэсэн бодол хүү­гийн хувьд надад явдаг байсан. Тэг­ээд л алтан үеийн хоёр агуу хүнтэй хамтарч ажиллаад үзье гээд зориглоод л  орсон. Тэр үед “Чулуун” сангийн тэргүүн Ч.Чинбат ах маань маш их тусал­сан. Алдарт Чулуун агс­ны хүү Ч.Чинбат ах чинь  манай хамгийн том эгчийн нөхөр шүү дээ. Тэгээд Дэндэвийн Пүрэв­дорж гуайтай уулзахад их гоё хү­лээж авсан. С.Лувсаншарав гуай маш их баярласан. Д.Пү­рэв­дорж гуай миний түүхийн зөв­лөх байсан юм. “Хар хорум” дууриа 40 гаран сая төгрөгөөр хийлээ. Нээлтэн дээр нь Д.Пү­рэв­дорж гуай үг хэлэхдээ ингэж хэлсэн юм. Энэ Отгонбаатар гэж залуу лагерын амбаар ч байх­гүй мөртлөө ингээд урлаг соёлд ийм том хөрөнгө оруу­лалт хийлээ гэж хэлэхгүй юу. Ту­хайн үед би бодохгүй юу. Лаге­рын амбаар гэж юу билээ гээд.(инээв) Тэгээд л “Монгол шилт­гээн” гэдэг санаа орж ирсэн юм л даа. Намайг “Мон­гол шилтгээн”-ийг авч байхад ажил­луулж байсан хоёр залуу нь их сайхан ажиллуулж бай­сан. Тэгээд л зориглоод  өөрийн­­хөө лагерын амбаарыг ба­рих гэсэн чинь “Монгол шилт­­гээн”-тэй болчихсон.  “Мон­гол шилтгээн”-дээ дараа нь  Д.Пүрэвдож гуай, С.Лув­сан­шарав гуайгаа аваачиж түүхийн талаас нь нэрүүд хайр­лаач гэж хүссэн. Аялал жуулч­лалын салбар дээр төр засгаас авах арга хэмжээг  дутмаг ду­ли­маг, ер нь бодлого ч байхгүй байна гэж  би их шүүмжилдэг хүн л дээ. Өнөөдөр ч дэд бүт­цийн­хээ асуудлыг шийдээгүй бай­на. Аялал жуулчлалын бүтээг­дэхүүн алга. Гадаадын нэг хүн Монголд ороод ирье. Улаан­баатарт буулаа. Улаан­баатарт буухын тулд Берли­нээс ирье гэж бодъё. Бер­ли­нээс Улаанбаатартт ирэхэд 1400 евро гэж байгаа юм. Зөв­хөн ирж очих зардал. Гэтэл Бер­линээс Бээжин 600 евро байна. Ийм байхад хэн хаашаа явах вэ. Улаанбаатарт ирж юм үзэх үү, Бээжинд очиж юм үзэх үү. Дэд бүтцийнхээ асуудлыг бид ярьж болдоггүй юм уу. Улаанбаатарт ирлээ гэж бодъё. Гандангаа үзүүлээд, Зайсан дээр гаргалаа. Байгалийн музей... өөр бидэнд юу байна. “Монгол шилтгээн” чинь бас ийм зовнилоос үүдэлтэй ажил байхгүй юу. Харин сүүлийн үед бол Цонжин болдог дээр 49 метр хөшөө хийчихлээ, “Женко тур”. Ингээд харахаар энд дан­даа хувийн хэвшлийнхэн ороод байгаа байхгүй юу. Тэрту­рууд дандаа хувийнх байна. Тур өнөөдөр яаж гоё хөгжсөн бэ хувийн хүмүүс л гадаадад өөрсдөө очиж яармаг худал­даанд нь оролцож өөрсдөө ав­чирч байна шүү дээ. Төрөөс ямар ч дэмжлэг байхгүй. Энийг бас ярих л ёстой. Тэгээд Их Мон­гол Улс байгуулагдсаны 800 жилийн ой  гэхэд манай Д.Пү­рэвдорж гуай, Г.Гарам-Очир гуай гээд комисст нь ор­сон улсуудтай бид нэлээн юм ярьж гүйж байж,  “Хар хорум” дууриа Хар хоринд очиж тави­лаа шүү дээ. Өөр тавих юм байхгүй, үзүүлэх юм байхүй л байсан. Ингэхээр бид өнөөдөр энэ аялал жуулчлалын салбар дээр бодлогоо боловсруулах­гүй бол болохоо больчихжээ гэд­гийг хэлэх гээд байгаа юм. Бая­лаг л яриад байдаг. Баял­гийн эздийг ярьдаггүй. Эзэд нь хэн юм бэ та бид хоёр шүү дээ, уг нь. Гэтэл эздээс нь өөр хү­мүүс яриад л байдаг. Баялаг чинь энэ байхгүй юу гээд л бай­даг. Тавантолгой, Оюутол­гой л гээд байдаг. Нэг л олон тол­гой­той л болчихлоо шүү дээ. 536 хувьцаа өгч байгаа л гээд бай­на. Хаана байгаа юм бэ. Байх­гүй л байгаа байхгүй юу даа. Ийм болохоор өнөөдөр энэ ний­гэмд бодитой юм ярьж чаддаг улс нь яримаар байгаа юм. Тийм болохоор Ганаа зөв ярьж чаддаг, нам эвсэл байх­гүй, яг зөв үг хэлж чаддаг ул­суу­дыг л олж яриулах хэрэгтэй. Монголоо гэсэн сэтгэлтэй. Мон­голын дархлааг яаж бий бол­гох вэ гэж шатаж яваа хүмүүсийг зочноороо урь. Бит­гий цөхөр. Битгий атаа хорсол тээ­сэн улсуудын дайралтаас болж завсарла. Үндсэн ажил чинь энэ шүү дээ.

-Баярлалаа. Ийм шулуу­хан хэлж байгаа тань таалаг­даж байна ?

-Би хотын хүүхэд л дээ. Ээж маань Дорнодынх, аав маань Дундговийнх. Тэгээд мэ­дээж аав залуудаа нас барчихсан болохоор ээжийн­хээ нутаг руу их явдаг. Тийм бо­ло­хоор намайг хүмүүс Дор­но­дын Огоо гэдэг. Би ч тэ­рүү­гээрээ их бахархаж байгаа. Тэгээд “Дорнод нутаг” клубээ бай­гуулсан. Сүүлдээ би бөх ярьдаггүй хүн бөх ярилаа, морь ярьдаггүй хүн морь ярилаа. Сур харвадаггүй хүн харваа­чид ярьдаг боллоо.

-Яагаад?

-Яагаад тэгж байгаа юм бэ гэхээр”Монгол- 999"-ийг анх бай­гуулж байхад хамтарч байсан найз нөхөд маань уяачид, эсвэл бөх дэмждэг ул­сууд голцуу байсан. Би хотынх болохоор энэ бөхчүүд Мон­го­лыг  дэлхийд яаж сурталчилж бай­гаа юм бэ. Юу хийж байгаа юм бэ. Яагаад тэгээд дотроо ялзраад  начны найраа энэ тэр гэж юм хийгээд байдаг юм бэ. Яагаад хурдан морь ийм үнэ­тэй байдаг юм бэ гээд л шүүмж­­лэх талдаа хүн байлаа л даа. Сүүлийн үед би өөрөө ойл­гож эхэлж байна. Би гадаадад олон жил сурчихсан юм уу даа. Монголынхоо үн­дэс­ний дархлааг юун дээр тул­гуур­лан тээглэж явааг одоо л олж харж эхэлж байна. Үндэс­ний ёс заншил, жаяг дэгээ мэ­дэх­гүй явж ирсэн байна.Энгийн жишээ, тэр бөхөө дэээдэлдэг ёс гэж юу юм. Бөхийн өөрс­дийнх нь дэг жаяг, дээл, хөөрөг мэнд­чилгээ юуг тээгээд яваа юм.  Тэр зодог шуудгийг гэхэд дан­даа л монголчууд оёж байгаа байхгүй юу. Бидний хүнээс асуухгүй хийж чаддаг юм маань. Уяачдыгаа харан­гуут чинь тэр уяачдын хурдан морь уралдуулахын тулд яаж ухаан зарж, яаж хөдөлмөрлөж байгаа юм бэ гэдэг нь мэд­рэг­дэж байгаа юм. Тэр дэг жаяг нь бас агуу байгаа байхгүй юу. Су­раа харахаар мөн л мэргэн хар­ваачдын дэг жаяг гэж агуу соёл байна. Энэ маань л мон­гол үндэснийхээ бахархлыг бий болгож, монгол дархлааг дот­роос нь тулж өгч  босгох гээд байгаа хүчин зүйл байна шүү дээ. Тэр үндэсний хувцас, үндэсний гэх соёл.

-Танаас “Монгол 999”-ийн тухай асууя гэж бодож бай­­лаа. Сүүлийн 20 жилд ма­найд ерөн­хийдөө задрал л нэлээн явагдсан. Хоорон­доо их дайсагнасан, хэрэлд­сэн, уралцсан. Нэгдсэн үйл явц их ховор. Ардчилын төлөөх таван нам нэгд­сэ­нээс хойш гээд  тоолох юм бол үнэхээр хамгийн том нэг­­дэл энэ “Монгол- 999” л дөө. Одоо тэгээд яагаад тэд­ний дуу хоо­лой суларсан бэ. Бас яа­гаад төртэйгөө ши­рээ­ний ард сууж ярилцаж ча­­дах­гүй, зөвхөн шүүмж­лэг­­чийн байр суурин дээр бай­гаад байна вэ. Эсвэл бас за­дар­чихсан уу?

-Дуу хоолой бол шингэрээ­гүй л дээ. Дуу хоолой бол улам чангарч байгаа. Энэ “Монгол-999” нэгдэлд  миний хувьд бол би эхлээд  татвар төлөгчдийн нэгдэл гэж л орсон. Тухайн үед би ерөөсөө уул уурхай мэддэг­гүй байлаа.

-Угаасаа л татвар төлөгч­дийн нэгдэл биз дээ?


-Тийм. Энэ дээр манай санаач­лагч “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ бүр  өөрийнхөө бизне­сийг дэлгэж байж, татвар тө­лөгч­дөд бүр учрыг нь хэлж байж, энэ Тавантолгой чинь ийм агуу орд шүү. Энэ ордыг ин­гэж ингэж ашиглаж чадвал Монгол тэр чигээрээ босчих юм аа гэж хэлж ойлгуулж байж нэгтгэсэн. Хувийнхаа бизне­сийг дэлгэсэн гэсэн үг шүү дээ. Тэр олон хүнд тайлбарлах, ойл­гуу­лах чинь тийм амар ажил биш. Тэрэнд нь бид үнэ­хээр баярлах ёстой. Тэгж байж бид ойлгосон. Бид нгэж нэгдээ­гүй байсан бол өдийд энэ Та­ван­толгойг чинь зургаа хуваа­гаад, зургаан хүнд өгөөд, үнийг нь байхгүй болгочих байсан байх­гүй юу. “Монгол-999” гэж 2000 компании нэгдсэнээрээ энийг нэг цул болгож, тэр алдартай 39 дүгээр тогтоолыг гаргасан байхгүй юу. 39 дүгээр тогтоол гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энийг хувааж болохгүй. Ард түмэнд 10 хувийг үнэгүй өг, үндэсний компаниуд 10 хувийг нэрлэсэн үнээр өг гэсэн саналыг гаргаж ирсэн. Сүүлдээ хүмүүсийг харахаар бид нар 536 ширхэг хувьцаагаа өгчих­сөн шүү дээ гэж яриад байгаа юм. Өгөөгүй байхгүй юу даа. Яаж өгсөн юм бэ. Нэрлэсэн үнэ тогтоогдоогүй байхад энэ бол өгөөгүй. Энэний төлөө “Монгол- 999” маш сайн дуугарч байгаа. Зарим нэг улс­төрч тэр үндэсний компа­ниудад өгөхгүй. Нэрлэсэн үнээр өгөх 10 хувийг шууд нэмээд ард түмэнд өгчихье гээд ярьж байна. Дандаа нөгөө татвар тө­лөгч­дийнхөө эсрэг  юм гаргаж тавьдаг. Ийм байхад улс орон яаж нэгдэх юм. Яаж хөг­жих юм. Бид тодорхой хэм­жээнд байр суу­риа илэр­хий­лэхээс өөр арга­гүй болж байна шүү дээ. Бид огт тараагүй, бутраагүй, улам нийлж, нягтарч бүр дуу хоо­лойгоо илүү чанга болгож бай­гаа. Мэдээж бид анх нийлж байхдаа 999 ТҮЦ-ний авгай нар ч гэж хэлүүлж бай­лаа.  999 хүрз барьсан гамин­гууд ч гэж хэлүүл­сэн. Зөндөө муу хэлүү­сэн. Гэсэн ч бид унт­рах­гүй.

-Юмыг ер нь яаж ч харж болно шүү дээ. Ерөн­хийдөө  ёс суртахууных нь хэлбэ­рийг харахад бол үнэндээ төрд хүс­сэ­нээ тулгаж хийл­гээд яваад байгаа, эдний халуун тэвэрт амьдраад байгаа монополь компа­ниуд байгаа л даа. Гудам­жинд нь дандаа баяр болж байдаг “MCS” ч юм уу, “АПУ” ч юм уу... ийм айлуудыг хү­мүүс ярьдаг. Энэ их хязгаар­гүй эрх дархаас болж, адил­хан ганзгаасаа эхэлж явсан, адилхан бизнесийн орч­ныг сайжруулах гэж зүтгэ­сэн, адилхан татва­раа төлж ирсэн нөхдүүд тэсвэр нь алдагдан нэгд­лээ гэж зарим нь тайл­бар­ладаг л даа?

-Наадахыг чинь сонсохоор нэг тийм гомдогсод нэгдсэн юм шиг харагдаад байгаа юм. Тийм биш.

-Нэг талаасаа бол тийм шүү дээ. Би таны эмзэг­лэ­лийг ойлгож байна. Гэхдээ?


-Гэхдээ....Гэхдээ би бол өөрс­дийгөө гомдогсод гэж бо­дохгүй байна. Зөвөөр нь харж байгаа юм. Жишээ нь, би өнөө­дөр өөрийнхөө хүүхдийн зов­лонгоор жаргамааргүй байгаа юм. Хөөе, Ганаа би жишээ нь өөрийнхөө хүүхдийнхээ ирээ­дүй­гээс хулгайлмааргүй бай­гаа юм.  Эд нар бол ерөөсөө со­нир­холын зөрчилтэй, төр да­гаж хатирсан давуу мэдээллээ ашиг­лаж шударга бусаар амьдарч байгаа улсууд гэж харагдах гээд байгаа байхгүй юу. Түрүүн бид хоёр ярьсан. Эхлэхдээ бизнесийн гараа маань ижилхэн байсан гэж. Гэхдээ харамсалтай нь мэ­дээл­лээр өөр байсан юм байна лээ. Цаад түшиг, нөмөр нөөл­гөө­рөө өөр явж ирсэн юм би­лээ. Тэглээ гээд гомдоод үхэх гээд байгаа юм бидэнд алга. Зүгээр л асууж байна шүү дээ. Баялгийн эзэд нь хэн юм юм бэ гэж. Баялгийг нь ярьсаар байгаад эздийг нь мартаг­нуу­лах гээд байна шүү дээ. Баял­гийн жинхэнэ эзэд нь эзэд шиг байж байж баялгийг жигд ху­ваа­рилуулна. Өнөөдөр Таван­толгойд байгаа Ханбогд ч бай­даг юм уу, Цогтцэций ч байдаг юм уу. Тэнд амьдарч байгаа ард түмэн, малаа сахиад гэр­тэйгээ сууж  байгаа тэр хүмүүс жин­хэнэ баялгийн эзэд байх­гүй юу. Тэд нарт хүртээмж нь очих ёстой. Зүгээр Улаан­баа­тарт сууж байгаа хүмүүс биш. Дор­нодын Дайчин Тамсаг бай­на. Матад сум өнөөдөр гэ­рэл­гүй, цахилгаангүй. Яа­гаад жил­дээ 80 тэрбумыг улсад бүтээг­дэхүүн хуваах гэрээгээр өгчи­хөөд өөрсдөө цахил­гаангүй, замгүй байж байгаа юм бэ. Энийг л жирийн бизнесмэнүүд хараад байна шүү дээ.  

-Баялгаараа даллаж гад­на ертөнцөөс баахан со­нир­хол цуглуулж байна. Гэвч дотроо үйл ойлгол­цол дүү­рэн?

-Баялгийн эздийг нь ман­гар болгож байна. Эздийг нь ар­хи­чин болгож байна. Эздийг нь ядуу болгож байна. Эздийг нь хооронд нь хэрэлдүүлж байна. Эздийг нь хооронд нь бүр ухаан жолоог нь алдтал муудал­цуулж байж тэр баялгийг авах гээд бай­на. Энэ бол ерөөсөө гаднын л бодлого. Өнөөдөр Африкийг хар. Арабыг хар. Америкийг л харъя л даа. Америкийн жин­хэнэ эзэд хэн бэ. Индианууд биз дээ. 200 жилийн өмнө ин­диа­нууд л байсан биз дээ. Өнөө­дөр индианууд хаана бай­гаа юм бэ. Гэхдээ тэр бодлогод нь бас яагаад Монгол ийм амар уус­чихгүй байна вэ гэхээр бид нүүдэлчнээрээ тэднээс шал өөр байгаа байхгүй юу. Түрүүн хэлээд байгаа тэр атаарх­лаа­раа. Ааш аягаараа. Тэд нарын тоглоомонд нь орж өгөхгүй байна шүү дээ. Юу биднийг авч үлдээд байна вэ. Миний түрүү­ний хэлэх гээд байгаа Монгол бахархал маань, бидний үндэсний гэх үнэт зүйлс маань, тэр ёс заншил маань, тэр Монголын тэр дархлаа маань хамгаалаад байгаа байхгүй юу.

-Ер нь бол одоо үүсч бо­лох хамгийн том нэгдэл тат­вар төлөгчдийн нэг­дэл шүү дээ. Төр ёстой хоёр чихээ дэл­дийлгэнэ дээ. Юун үйлд­вэрчний эв­лэл л болно. Ин­гэ­хэд татвар төлөгчид яг жин­хэнэ утгаараа нэгдэж чаддаг юм уу?

-Татвар төлөгчдийн холбоо энэ тэртэй уулзаж байсан л даа. Сүртэй байгууллага биш юм билээ. Жил болгон төсөв хэлэл­цээд л батлах юм. Яг энэн дээр тат­вар төлөгчдийн хяналт бай­гаа юм уу. Татвар төлөгчид энэ дээр хяналт тавьж чаддаг юм уу. Татвар төлөгчдийн мөнгийг хаа­на р ч хяналтгүй үрээд гээд байгаа юм вэ. Яг жинхэнээрээ төсөвт хяналт тавьдаг болох хэрэгтэй. Нийгмийн асууд­луу­даа ярья л даа, бүгдээрээ. Өнөө­дөр мундаг том намын байр барьж чадаж байна. Өнөө­дөр хүүхдийн эмнэлэг байна уу. Эрүүл мэндийн салбар маань ямар байна. Өнөөдөр зургаан их наяд гэж мөнгө ярьж байна.

Гэтэл 2003 онд 300-гаад тэрбум төгрөгийн төсөвтэй л улс байсан. 10 жилийн дараа бараг хоёр дахин өсчихсөн. Авч байгаа цалин нь ямар­шуу­хан байгаа билээ. Гэтэл төрд яагаад хүмүүс орох сонир­холтой байна. Энэ бүхнийг бодлогоороо яагаад зохицуулж болдоггүй юм бэ. Яагаад газар доорхи баялгийн жигд хуваа­рилалтыг бий болгож болдоггүй юм бэ. Үүний төлөө л бид үндэс­ний компниудын нэгдэл 999-ийг босгоод явж байгаа байхгүй юу. Энэ бол цэвэр эх орны­хоо төлөө л нэгдэл. Нэг­дэл ямар хэцүүг бид мэдэрсэн. Олон ч удаа хуралд­сан, олон ч удаа ярилцсан. Тэгж байж нэгдлийн бодлого болов­с­рогд­сон байхгүй юу.

-Та хөдөө гадаа их явдаг хүн. Манай энэ 76-гийн нэр хүнд ямар байна вэ. Хоёр том хүчин байна. Гурав дахь хүчин одоо болтол биежээ­гүй бай­на?

-Ер нь сүүлийн үед МАН, АН хоёрыг л яриад байна л даа. Ер нь хүмүүсийн итгэл их ал­дарч байна. Би хүртэл итгэхээ больж байна шүү дээ. Би ер нь улс төрд оролцох сонирхолгүй байдаг хүн ш дээ. Сүүлдээ ин­гээд хараад байхаар тэсвэр ал­даг­даж байна. Эд нараас бид зөн­дөө юм хүлээлээ. 20 жил хү­лээлээ. Одоо энэ хоёр нам шинэчлэгдээсэй гэж бодож байна. Алдаагаа битгий дав­таа­сай. Тэр чигээр нь пар­ламен­тыг  солих биш тодорхой хэм­жээ­ний туршлагатай хүмүүс нь үлдээд шинэ хүмүүс ороод шал өөрөөр хараасай. Тэгэх­гүй бол эд нар чинь иддэг уудаг, төрийн мөнгө хусдаг тэгээд л сайд дарга нар болоод л шуд­раад  шудраад явчих гээд байна шүү дээ. Хүний цүнх барьж, бөгс долоодог улсууд нь ичих­гүй сайн явж байна. Хүн чанар, ноён нуруутай, хэлэх үгээ хэл­чихдэг хүмүүс нь тоглоомоос гад­на үлдээд байгаа байхгүй юу. Эдэнд үнэхээр жаахан ч гэсэн сэтгэл байвал энэ улс орон өндийчих гээд байна шүү дээ, уг нь.

-Тэгвэл та нар өөрсдөө улс төрд ор л доо. Яагаад хөнд­лөнгөөс шүүмжилж байх ёстой гэж?


- Бид нар өнөөдөр XXI зуунд амьдарч байна шүү дээ. Тэгэ­хэд бид хөдөө очихоороо яаж бие засч байна аа. Усанд орж байна уу. Яаж тийм орчинд хү­ний нөхөн үржихүй явагдах юм бэ. Яаж бид эрүүл байх юм бэ. Дорнодод явж байхад Баян-Уулд хүн хүүхдээ төрүүлэх гээд 200 километр явж байна шүү дээ. Тэнд дээр үед хүн төр­дөг, олгой авдаг байсан гэж байгаа юм. Ингээд бодохоор баялгийн эзэд маань ямар үнэгүй болчихсон юм бэ. Манай “Ажнай”-н Д.Бат-Эрдэ­нийн хэлсэн үг байгаа. Уяачид дунд морь яагаад ийм үнэтэй бай­гаа юм бэ гэсэн чинь газрын дор байгаа амьгүй нүүрс ийм их үнэд орчихоод байхад газар дээрх морь үнэд орж яагаад болдоггүй юм бэ гэсэн гэж. Тэрэнтэй адил баялаг ньүнэтэй болчихоод байхад баялгийн эзэд яагаад үнэтэй болж болдоггүй юм бэ. 

-Хүний амьдралд бухим­дал ч байдаг, өвчин зов­лон ч байна, хүсэл мө­рөө­дөл ч бай­на. Амьд­ралын баяр баяс­галан ч байна. Энэ х урс­гал эд­гээр байгаа бүхэн­тэй­гээ л урсаж байна шүү дээ. Хам­гийн сүүлд таныг баяр­­луул­сан мэдээ юу байв аа, ингэхэд?

-Ёстой бодох ёстой юм бай­на. Шууд хэлэхэд аягүй хэцүү юм байна. Бодох л ёстой юм байна. Бид баяр баяс­га­лан­гаар дулимаг л амьдарч байгаа юм ­байна.  Ямар ч их бөөтэй бол­ов. Хүмүүсийн зовлон юу юуны бай болоод явчихав аа. Нөгөө юу яахаар лам яана би­лээ нэг үг бий байх аа. Сэтгэл эмзэглэлээр л дүүрэн байна даа. Зарим нь дугуй шатаагаад амьдарч байхад зарим нь одоо яагаад байгаа юм бэ. Доромж­лоод байгаа юм шиг, 70 мянган долларын цаг ч зүүж байх шиг.

-Манай саарал байшинд үнэхээр гоё хүмүүс байх­гүй гэж үү?

-Байгаа шүү дээ. Би бол Э.Бат-Үүлийг хүндэлж явдаг. Р.Амар­жаргал, С.Оюуныг хүндэлж явдаг. З.Алтайгаа ч гэсэн. Лу.Гантөмөрийг сонсдог юм. Х.Тэмүүжин ч гэсэн гоё. 

-Санал нэг байна. Хөөе хөөе, ингэхэд МАН-аас нэр­лэх хүн огт алга уу?


-Аягүй хэцүү ш дээ. Нямаа­гийн Энхболдыг ноён нуруутай хүн гэж боддог юм.
  
-Манай эмэгтэйчүүдийн асуу­дал их хүнд байгаа. Төрд гайгүй хэд нь хөл та­виасай гэж бодох юм?

-Би бол эмэгтэйчүүдийг хүн­дэлж явдаг. Бурхан шашин ч шүтдэггүй. Ээжийгээ л шүтдэг. Ээжгүй байсан бол би гэдэг хүн байх ч байсан юм уу, мэдэхгүй юм. Тийм учраас эмэг­тэйчүүдийг хүлээн зөв­шөөр­нө. Гэхдээ манай эмэг­тэйчүүд эрэгтэй эмэгтэй гэж хүйс ярьж ялгалгүй, ижилхэн уралдах хэрэгтэй шүү дээ. Эмэгтэй хүмүүс бас үгээ хэлж сурах хэрэгтэй, ярьж сурах хэрэгтэй. Чадварлагаар гарч ирэх хэрэгтэй. Чадвартай эмэг­тэйчүүд зөндөө байна шүү дээ. Тийм учраас заавал квот гээд байх­гүй цэвэр өрсөлдөөнөөрөө гараад ирж болдоггүй юм уу. Эмэг­тэйчүүдийг нөгөө талаас нь харахаар илүү нарийн ухаан­­т­ай харагддаг. Эрчүүдийг бодв­ол илүү хашир. Би бол гүй­цэтгэх захиралуудаараа дан­даа эмэгтэйчүүдийг  ажил­луул­­­даг. Эмэгтэйчүүдэд итгэ­дэг.

-За, ингээд бидний яриа өн­­дөрлөж байна. Танд ам­­жилт хүсч, сайн сайх­ныг ерөөе?


-Баярлалаа. Түрүүн хам­гийн сүлд хүлээж авсан сайхан мэдээ юу байв гэж та асуусан. Нэг юм байгаа шүү. Урлагаас л сайхан мэдээ ирлээ дээ. Болд төрийн соёрхол авлаа. За­луу хүний хөдөлмөрийг үнэлье гэж үнэлсэн болов уу гэж бодоод байгаа юм. Хүний хө­дөлмөр гэдэг чинь өөрөө агуу шүү дээ. Яагаад энэ залуу руу дайрч давшаад байгаа хү­мүүс тэгвэл өөрсдөө Болд шиг ажиллаж чадахгүй байгаа юм бэ. Би бол Болдыг мэддэгийн хувьд 1998 оноос хойш та­нил­цаад явахад өнөөдрийг хүртэл хар­сан хүний хувьд энэ хүүхэд хө­дөлмөр­лөсөн юм шүү л гэж хэлнэ.