“Ярилцъя” уншигчдын уулзахыг хүсч байгаа нэгэн сонирхолтой зочныг урьлаа. Тэр бол Аилгатай Тэмцэх Газрын шинээр томилогдсон дарга Н.Ганболд. 

-Та бид хоёр хамгийн сүүлд таныг Нийслэлийн Цагдаагийн газрын дарга байхад  ярилцаж байжээ. Олон жил өнгөрсөн байна шүү. Юун түрүүн шинэ ажилд тань амжилт хүсье?

-Баярлалаа. Уулзаагүй удсан байнаа. Цаг хугацаа ч хурдан юм аа.  

-Одоо миний өмнө АТГ-ын шинээр томилогдсон дарга сууж байна. Энэ газрыг хүчний гэсэн тодотголтой байгууллагуудын л нэг гэж хүмүүс хардаг. Үндсэн галбираа олж, нийгэмд ойлгогдож амжаагүй байгаа газар. Тийм хугацаа ч байсангүй. Орж ирээд ажиллахад шал өөр юм руу яваад орчих шиг мэдрэмж төрж байна уу, эсвэл хуучин мэдэх юм руугаа орж ирж байна гэж харж байна уу ?

-Ерөнхийдөө мэдэх юм руугаа орж ирж байна гэж би ойлгож байгаа. Яагаад гэвэл 2006 оноос өмнө энэ бүтэц өөрөө  Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсүүдийн  бүрэлдэхүүнд хавсрагдан явж ирсэн. Миний амьдрал ч залуу халуун үеэс цагдаагийн байгууллагатай холбогдон өнөөг хүртэл явж ирсэн.  Энэ утгаараа би ерөнхий утгаараа бол цоо шинэ юм руу орж ирлээ гэж  хэлэхгүй. 

-Монгол улс авлигын индексээрээ  ухарсан дүн гарч шуугиан тариад байна. Хамгийн сүүлд гарсан энэ үзүүлэлт танд хүндхэн л дохио өгч байгаа байх даа?

-Энэ бол хоёр жил тутамд авлигалын индексийг тогтоодог “Транспаренси интернэшнл” гэж байгууллага байдаг юм. Жил болгон 200 гаруй улс орон авлигын индексээ тогтоолгодог. Манайх  2009 оноосоо ухарчихсан үзүүлэлттэй гарлаа. Монгол улсад эрдэс баялгийн нөөцтэй ордууд бий болсон. Стратегийн гэх ангиллын ордуудаа эргэлтэд оруулах бодлого боловсруулаад түрүүчээсээ хөдөлгөөд эхэлчихлээ.  Энийг дагаад гадаад , дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол хүчтэй чиглэж эхэлж байна л даа. Дотооддоо бол энэ асуудлаа тойроод нэлээд нээлтэй ярилцаж байна. Ард иргэдийн төвшинд төдийлөн сайн ойлголтгүй, зөвхөн баялгийн тэгш хуваарилалтыг шаардаж байгаа уур амьсгал түлхүү байна.  Амьдралын төвшин одоохондоо тааруу байгаа учраас өөрсдийн амьдралын ядуу зүдүү, гачигдалтай байдлаа  дээд төвшиндөө аваачиж ярих, би яагаад ийм эрдэс баялагтай баян оронд төрчихөөд ийм дорой амьдарч байгаа юм. Би яагаад өдий хүртэл ядуу гуцуу аж төрж, цаашаа өсч хөгжихгүй байгаа юм гэсэн янз янзын бодол санаа төрж түүнийгээ бухимдал болгон гаргах байдал ажиглагдаж байна. Энэ бол баялгаа дөнгөж эргэлтэд оруулах гэж байгаа улс орны ард иргэдийн санаа сэтгэлд байдаг л өнгө аяс. Дээрх судалгааны дүн энэ суурин дээр нэлээн тулгуурласан болов уу. Түүнээс биш манайх  2006 онд байгууллага байгуулагдахаас өмнө авлигатай тэмцэхээр УИХ-ын дэргэд комисс байгуулаад ажиллаж л байсан. 2005 онд авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэн орж байсан байна. Мөн 2010-2020 онд  авлигын үндэсний хөтөлбөр боловсруулж байсан. Тэгээд энэ авлигын эсрэг байгууллагаа хуулийн дагуу байгуулаад, төр засгаас тодорхой хэмжээнд анхаараад, эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалт гээд шинэ тутам байгууллага дээр яригддаг бүх зүйл дээр нь ажиллаад явж байгаа юм байна. Гэхдээ цаг хугацааны асуудал байгаа юм шиг санагдаж байна. Хүмүүсийн сэтгэл бол ямагт түргэн ажил амьдралаа өөдтэй явуулъя гэдэг дээр зовж тэмүүлж байдаг байна л даа. Тэгээд өөрсдийнх нь сэтгэлд хүрсэн утгаараа түргэн хугацаанд мөрөөдөл нь биелэхгүй байгаа учраас харддаг, шүүмжилдэг, бухимддаг. Аль ч нийгэмд хардах, хянах эрх нь байдаг. Тийм учраас энэ байгууллагыг тойрон том хүлээлтүүд үүсч байна. Нөгөө талдаа бол ашиг сонирхлын зөрчлийн хууль байх ёстой юм байна л даа. Энийг сая УИХ-ын эрхэм гишүүн Х.Тэмүүжин санаачлаад нийтийн эрх ашгийн ашиг сонирхлын хууль гээд төсөл өргөн бариад явж байна.

-Авилгатай тэмцэх газрын нийгэмд анхнаасаа харагдсан нэг өнгөцхөн имиж байдаг л даа. Нэг нэгнээ айлгадаг хадны мангаа шиг газар гэсэн. Юм л бол чамайг АТГ-т өгнө шүү л гэдэг болсон.  Агуулгынхаа хувьд энэ байгууллага огт өөр газар шүү дээ. Авлига бол дээд төвшинд, эрх мэдлийн хүрээнийхэн дотор л гүн оршиж байна. Нийгэм маань сүүлийн 20 жил тэднийг гаднаас нь л идсэн, уусан гэж хардаж, чичилж ирлээ. Нотолсон, илрүүлсэн юм байдаггүй.  Иргэд нь Төр засгаа амаараа л яллаж байдаг. Та тэр дээд төвшин рүү орж хэр ажиллаж хэр чадах вэ. Тэр бололцоо нь хэр харагдаж байх юм. Ийм итгэл үнэмшил, эр зориг танд байна уу?

-Энэ асуултад яг бэлэн хариулт бол алга байна. Нийгмийн хүлээлт гэж би түрүүнд хэлсэн. Тэр хүлээлт л энэ байгууллагыг шахаж байна. Зөв шударга ажилла, тэгээд энэ авлигачдыг илрүүл, шударга ёсыг тогтоо гэж. Гэхдээ бас яг энэ байгаа хүчин чадлаараа, яг ганцхан энэ байгууллага тэмцэхэд их учир дутагдалтай. Бид бүх нийтээрээ тэмцэх ёстой. Төр засгаасаа авахуулаад, нийт иргэд,  төрийн алба хашиж байгаа улсууд, бизнесменүүд бүгд хамтаараа тэмцэх ёстой. Ер нь авлигыг үл тэвчих уур амьсгалыг бүрдүүлж, янз янзын нөлөөнд автахгүй байх, янз янзын сонирхлын бүлгүүдтэй холбогдохгүй байх гэдэг юм уу энийг их олон талаас нь харж, далайцтай бодлогоор ажиллах ёстой. Сэлэм эргүүлж ороод л хэдэн улсуудыг барьж аваад шоронд хийчихсэнээрээ энэ асуудалд цэг тавьчихна гэж ойлгохгүй байна.Тодорхой түвшинд бүх нийтийн хараа хяналтан дор жинхэнэ утгаар нь хамтарч ажиллах юм бол амжилтад хүрэх болов уу гэж бодож байна.

-АТГ байгуулагдахад нийгэм  талархан хүлээж авсан. Одоо л энэ үзэгдэлтэй тэмцэх нь гэж. Сүүлдээ тэр итгэл нь саарсан. “Жараахай барьдаг байгууллага” гэдэг нэр хаяг ч зүүсэн. Нөгөө л нийгэмд “зодуулж” сурсан гаалийн байцаагч, цагдаа, мэргэжлийн хяналтынхан гэх мэт дунд төвшнийхэнтэй ноцолдоод байдаг. Дээшээ бол харж ч чаддаггүй. Нөгөө талаасаа захиалгаар авладаг газар болсон. Дургүй, замаасаа зайлуулах нэгнээ гүтгэж  АТГ-аар залхаалгадаг ?

-Янз бүрийн л үнэлэлт дүгнэлт байдаг байх. Та өөрөө түрүүн хэлсэн шүү дээ. Жинхэнэ агуулга, өнгө төрхөө гүйцэт олж чадаагүй байгаа газар гэж. 

-Анх байгуулахдаа нөгөө л цагдаагаасаа хэдэн байцаагчаа авчирсан.  Нөгөө л танил талаа оруулсан. Энэ байгууллагын дотоод төлөвшил танд ямар санагдаж байна. Та албаа хүлээж аваад хурал хийж, хамт олонтойгоо уулзав уу. Таныг ер нь энд яаж хүлээж авав. Бас нэг улс төрийн томилгоотой нөхөр ирлээ гэсэн байдлаар хүлээж авав уу. Одоо л нэг эзэнтэй боллоо, ажилласан шиг ажиллая гэсэн итгэл найдвараар хүлээж авав уу?

-Зарим албаны дарга, хэлтсийн дарга, ажилтнуудтай,тодорхой тооны улсуудтай бол уулзсаан. Ууулзаж л байна. Ирээд бас хэд хоночихлоо тодорхой дүр зураг харагдаж байнаа. Би ирж хэдхэн хоночихоод элдэв дүгнэлт хэлэмгүй байна. Өмнөх дарга нарыг болон байгууллага удирдаж явсан улсуудыг, энд зүтгэж ирсэн хамт олныг би  хүндэлж байгаа. Энэ байгууллагад хэвшиж тогтсон, хөлөө олсон юмнууд зөндөө байна. Тухайлбал, соён гэгээрүүлэх ажил. Энэ бол гадаад, дотоодын ялангуяа гадаадын НҮБ-ын, Америк, Азийн сангийн ч юм уу олон улсын туршлага дээр тулгуурлаад суурийг нь тавьсан байна. Хөрөнгө орлогыг мэдүүлэг гэж нэг зүйл байнаа даа. Энэ бол төрийн албан хаагчдын ард түмнийхээ өмнө ил тод ажиллаж амьдрах нэг хэлбэр. Энэ зүг рүү нэлээн анхаарал тавьж байж энэ жишгийг бий болгосон байж таарна. Анх  би өгөхгүй, ямар учиртай юм бэ, чи дуртай бол өөрөө бич гээд хавьтуулдаггүй байсан гэж байгаа юм. Хоёр гурван жилийн өмнө ийм асуудал ийм л төвшинд явж байсан. Гэтэл  одоо улсын хэмжээнд 50 гаруй мянган төрийн албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг болж. Сайн ч бай, муу ч бай өгөөд эхэлсэн байна. Хариуцлагатай ханддаг болсон байна. Гэх мэтчилэнгээр тогтоод, хэлбэр ороод цаашаа явах зам мөрөө олчихсон юмнууд бол байна.

-Н.Ганболд, Б.Хурц нар ажилтнуудаа хоморголон халж эхэллээ гэсэн мэдээ төвийн хэвлэлүүдээр цацагдаж эхэлжээ . АТГ-ын бүтцэд өөрчлөлт оруулахын тулд  УИХ-д 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой юм биш үү. Энэ хэр бодитой мэдээлэл вэ. Та энэ асуултад  хариулах уу?

-Наадах чинь бол  бодитой биш мэдээлэл байна. Би ажлаа аваад Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад товчхон боловч энд байгаа нөхцөл байдлыг  танилцуулсан. Тэгээд цаашид юу хийх талаараа санаа оноогоо хэлээд амжсан. Энд бүтэц зохион байгуулалт дээр зургаан үндсэн бүтэцтэй байх ёстой. Зургаан үндсэн бүтцээс одоо дөрвөн бүтцээр л ажил явж байна. УИХ-ын тогтоолоор батлуулсан дөрвөн бүтэцтэй л  газар байна шүү дээ. Тэгээд энэнийхээ гадна талд жижигхэн албадууд байгуулаад эхэлсэн. Ингэснээрээ Монгол улсын УИХ-ын тогтоолыг зөрчихсөн. УИХ-ын эрхэнд халдсан. Ийм байхад яахав дээ,  уучилчихъя гэдэг юм уу, хамгаалж хаацайлах боломж байхгүй юм л даа. Тэрийг засах зорилгоор бид үндсэн бүтэц дотроо гадна байсан албадаа оруулсан. Тэгээд явцын дундуур бид зургаан бүтцээ УИХ-аар батлуулна. Албан ёсоор 45 хоногийнх нь өмнө яг процедураар нь оруулна. Өөрөө түрүүн хэлсэн. Голдуу Цагдаагийн мөрдөн байцаагчид, цагдаагийн ажилтнуудаас татаж авчирч энэ байгууллагын боловсон хүчний багийг бүрдүүлсэн гэж. Би хувь хүн дээр асуудал ярихгүй. Хэдийгээр эд нар сайн ч бай муу ч бай албан үүргээ гүйцэтгэж байсан ч гэсэн энэ авлигын эсрэг хэрэг гэдэг бол өөрөө хүнээс их мэдлэг мэдрэмж боловсрол шаарддаг ажил. Ялангуяа эдийн засгийн мэдлэг боловсрол. Энэ уул уурхай түшиглэсэн гадны хөрөнгө оруулалтууд орж ирж байгаа нөхцөлд ийм томоохон хэмжээний баялаг тойрсон асуудлууд  дээр эдийн засгийн боловсрол мэдлэг  байхгүй мөрдөн байцаагчид яаж ажиллах юм. Тэгэхээр бид  яах аргагүй л бүтцээ хөдөлгөх шаардлагатай байна. Болохгүй улсуудаа өөр тийш нь шилжүүлэх, өөр хэлтэс алба руу оруулах гэдэг юм уу дотоод асуудлууд байна шүү дээ.

-Найман хүн халсан гэдэг  худлаа мэдээлэл үү?


-Найман хүн орон тооны цомхотголд орж байгаа. Төрийн албаны хууль, хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомжийн дагуу зургаан сарын цалинг нь өгөөд, өөрсдөө хаашаа шилжих юм тэр хүсэлт юмыг нь харгалзан үзээд шийдэгдэж байгаа . Энэ хүмүүсийн хувь заяаг  бид бодолцож байгаа . Өчигдөр гэхэд л би Д.Сандаг-Очир генералтай ярьсан. Цагдаагаас ирсэн учраас генералаа энэ улсуудыг төрийн албаны зөвлөлийн хуулийн дагуу эргээд танай руу шилжүүлэх боломж байна уу, хүлээж авах арга чарга байна уу гээд зөвшилцөж байх жишээтэй.

-Сонгон шалгаруулалтаар ажилд авах ёстой гэсэн нэг  журам байдаг.  Тэрийг энд хэрэгжихгүй байна гэсэн шүүмжлэл ирж байгаа. Шинээр ажилтан авч байгаа юм аа даа?


- Дотор байгаа сая ярьсан улсуудаа нааш цааш нь шилжүүлэх, бусад газраас захиргааны эрх зүйч ч гэдэг юм уу нэн шаардлагатай байгаа улсуудаа төрийн албанаас төрийн албанд шилжүүлэх журмаар авах зэрэг ажлууд хийгдэж байгаа. Түүнээс цоо шинэ огт хамаагүй улсуудыг олноор нь авч байгаа юм байхгүй. 

-АТГ-ын шинэ дарга нар томилогдсон чуулганы хоймроос  нэг таатай мессеж ирсэн. Тэр бол ямар ч байсан хүнийг хэлмэгдүүлэн зовоосон явдал гарахгүй юм байна гэсэн итгэл. Цагдаад мөрөөрөөр албаа хаагаад явж байсан мөрдөн байцаагчийг авчирч хэдэн жил зүтгүүлчихээд “Одоо та нар яв” гэж гудамжинд хаяхгүй юм байна. Хэрэв тэгвэл бас л хэлмэгдүүлэлт болно шүү дээ. Гэхдээ та хүнлэг шийдэл хайж байгаа юм байна?

-Цаашдын хувь заяанд нь анхаарал тавилгүй яахав дээ.

-АТГ  жилд долоогоос найман тэрбум төгрөгний төсөв авдаг юм байна. Энэ бол том төсөв л дөө. Таны өмнөх дарга төсвийг зориулалтын бусаар захиран зарцуулсан гэсэн үндэслэлээр буруутгагдсан. Ч.Сангарагчаа  бол цагдаад насаараа ажилласан хүн. Та ч адил. Цагдаад зүтгэсэн хүмүүс бол хувийн гэх эдийн засгийн мундаг баталгаатай болж чаддаггүй. Таны цалин мөнгө ямар хэмжээнд төсөвлөгдсөн байна. Танд ямар нэгэн хүнд байдалд орохгүйгээр чөлөөтэй ажиллах эдийн засгийн хэр баталгаа байна вэ?

-Тэр үнэн л дээ. Цагдаад би олон жил ажиллаж дээ. Энэ хооронд Монгол улс нэг намын тогтолцооноос олон намын системд шилжлээ. Зах зээлийн гэх огт мэдэхгүй юм руу яваад орчихсон. Мэдээж хүн болгон ажил амьдралаа сайн сайхан болгоё, мөнгө төгрөгтэй болъё гэж боддог. Гэвч цагдаагийн хүнд мөрөөдөх ч бараг э байдаггүй. Алба нь өөрөө нэг тийм хатуу хүмүүжил суулгачихдаг. Авч байгаа цалингаараа л амьдраад сурчихдаг. Яг тэр багтаамжиндаа, өөр ямар ч бодолгүй амьдардаг. Амьдрал гэдэг нь гэтэл хамтынх байдаг. Нөгөө үр хүүхэд, ах дүү, аав ээж нь тэр хүний аясыг хараад л хэвтээд байж болдоггүй. Бусдын жишгээр жижиг сажиг бизнес юм хийхээс яахав. Ийм маягаар л тэднийхээ дэмээр амьдраад явж байна. Болж байна. 

-Одоо та хурандаа цолтой юу?


-Би одоо тэргүүн комиссар гэдэг цолтой.

-АТГ хоёр даргатай байсан. Одоо нэг нь хүний газар хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Шүүхээс ял хүртэл  авлаа. Та шашин шүтдэг үү. Хэдийгээр төрийн даалгавраар энэ албанд тохоогдсон ч дотоод ямар нэгэн түгшүүр байв уу. Тэр хоёр хүний тухай танд ямар бодол явдаг вэ?

-Тийм ээ, эмзэг асуулт байна.Нэг дарга нь байгууллагын хамаг юмыг байгуулж өгчихөөд харамсалтайгаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Нэг нь буруудсан. Энэ байгууллагыг байгуулж зөв гольдролд нь оруулахад хүчин зүтгэсэн улсууд учраас би хүндэтгэдэг. Хүндэтгэлгүй яахав.

-Дотоод ямар нэгэн эвгүйцэл бол төрөөгүй юу. Айдас ч юм уу?

-Айдас гэдэггүй юм аа гэхэд бас тодорхой хэмжээний эмзэглэл байсан. Би үнэнээ л хэлье. Нэгдүгээрт, нийгмийн энэ том хүлээлтийн өмнө бодсоноороо ажиллаж  чадах болов уу гэдэг  эргэлзээний асуудал. Дараа нь хоёр даргын асуудал мэдээж би хүн л юм чинь бодогдож байсан. Хэдийгээр нэг их айхтар шашин шүтдэггүй ч гэсэн дотроо бол бас нэг тийм эмзэг маягийн бодол бол төрж байсан шүү. Гэхдээ тийм ч их гүнзгий биш ээ.

-Таныг томилогдсоноос хойш шадар сайд М.Энхболдын хүн гэж нэлээд бичсэн. Хамгийн анх энэ саналыг танд хэн тавьсан юм бэ. Бас танд бодох хугацаа хэр олгосон бэ?

-Бодох хугацааны хувьд бол бага байсан. Яг хэн тавьсан бэ гэдэг дээр бол хэлж чадахгүй байна. Ерөнхийлөгчийн ширээн дээр бол нэлээн хэдэн хүний нэр байсан юм байна лээ. Тэгээд тэрэн дотроос Монгол улсын Ерөнхийлөгч өөрийнхөө сонголтыг хийсэн. Тэгээд нэгэнт асуудал тавигдахад бол би Монгол улсын Ерөнхийлөгчийн өмнө элдэв тайлбар тавих эрхгүй. Би төрийн албан хаагч, тэр  дундаа цэрэг цагдаагаар явчихсан, насан турш төрийн тушаал биелүүлж амьдарсан хүн учраас  татгалзах хувийн болон хувьсгалын шалтаг шалтгаан байгаагүй. Хэрэв та итгэл үзүүлж байгаа бол би зүтгэнээ л гэж хэлсэн дээ.

-М.Энхболд гэсэн малгай өмсгөөд байгаа тухайд хариулмааргүй байна уу?


-Өөрөө сайн мэдэж байгаа байх. Би 1996-2006 он хүртэл яг 10  жил хотод ажилласан. Хотын цагдаагийн орлогч, найман жилд нь бол яах аргагүй даргыг  нь хийсэн. Нийслэлийн цагдаагийн газрын дарга бол ажлын харилцаагаар  хотын даргатай,  нийслэлтэй бол амь нэгтэй ажилладаг. Өөр арга ч байхгүй. Түүх бол ийм. Тэгэхээр л хотын фракц гээд бичдэг юм билээ.

-Зүгээр эр хүний хувьд нөхөрлөл байж болно шүү дээ. Тийм ч юм байхгүй юм уу?

-Би хэд хэдэн байгууллагад ажиллаж байсан.  Одоо хүртэл тэр хуучин ажиллаж байсан хүмүүстэйгээ, хуучин дарга нартайгаа хүний ёсны харилцаатай явдаг. Сүүлийн жилүүдэд нэгээс хоёр удаа утсаар ярилцаж, уулзсаж байсан байх жишээтэй. Хүний л амьдралд байдаг болгон надад байдаг. Түүнээс биш гэ орноороо орж гардаг, илүү дотно хэмжээний харилцаа цаг заваас өсүүлээд боломж байсангүй.

-Та УВТЗ-ын энгийн ажилтнаас эхлээд Төмөр замын цагдаад төлөөлөгч, дарга, хотын цагдаагийн дарга, ТЕГ-ын дарга гээд тууштай хүчний байгууллагад ажилласан.  Сүүлийн жилүүдэд Москвад ажиллалаа.  Дарга нар сайн муу олон янзынл  нэр хүндтэй үлддэг. Тэдний дотор үргэлж сайнаар дурсагддаг фигур ховор. Танд харин  ажиллаж байсан газрууд тань ч, нөхөрлөж байсан эрчүүд тань ч “Үнэхээр сайхан хүн шүү” гэх сайхан үгийг зориулах юм аа. Энэ нэр хүнд мэдээж таны удам сурвалж, төрж өссөн гэр,эцэг эхийн олгосон хүмүүжил, өссөн нийгэм, олсон боловсрол гээд олон юмтай  холбоотой байх ?

-Ээж маань 80 гарсан сайхан буурал бий. Манай дүү нартай хамт амьдарч байна. Манай ах дүү хоёр бол хувиараа бизнес хийгээд амьдарч явна. Гэхдээ том биш амьдралаа болгох хэмжээний л юм хийдэг. Би эцэг эхээс гурвуулаа. Гэр бүлийн хүн маань хувиараа бизнес эрхэлж байгаа. Ашиг орлогоороо аж амьдралаа зохицуулж үр хүүхдээ тэжээгээд явж байна.

-Та бол зохиолч хүний хүү. Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуай надад нэг удаа хэлж байсан юм. Манай зохиолчдийн хүүхдүүдээс ямар ч байсан хулгайч дээрэмчин төрөхгүй . Б.Дэлгэрмаа, Э.Бат-Үүл хоёр жишээ нь хэзээ ч төрөөс юм хумсалж, түмний сэтгэлийг сэвээхгүй гэж. Яагаад ч юм санаанаас гардаггүй юм?

-Тэр ойлгомжтой л доо. Нэг ярилцлагандаа тэгж хэлсэн байсныг нээрээ санаж байна. 

-Таны ах НАХЯ-ы сургууль төгссөн, НАХЯ-нд ажиллаж байсан хүн. Аав тань зохиолч. Та хоёр яагаад хүчний байгууллагаар явчихсан юм бэ. Аав тань танд өөр мэргэжил санал болгож байгаагүй юу?


-Аав маань бидний асуудалд нэг их оролцож байгаагүй. Үр хүүхэддээ хайртай байгаарай, шударга ажиллаж амьдраарай, битгий зодоон цохион хийж бай, цэвэрхэн бай гэдэг үгийг л хэлдэг байсан.  Би уг нь төмөр замын инженер болоод төмөр замаараа л дуусъя гэж боддог  байсан юм.  Гэвч хувь тавилан намайг цагдаагийн хүн болгосон. Ах маань НАХЯ-ны хүн болчихсон. Тэгээд гоё харагдаад байхгүй юу. (инээв)

-Та аавтайгаа илүү адилхан уу, ээжтэйгээ илүү адилхан уу?


-Ер нь царайгаараа хоёулантай нь адилхан ш дээ. Сэтгэл зүйн хувьд бол ээжийгээ дуурайсан юм шиг байгаа юм. Манай ээж их зөөлхөн хүн байдаг.

-Та өглөө хэдэн цагт ажилдаа ирж байна?


-Есөн цагтай л уралдаж ирж байна.

-Одоохондоо үүдний харуул нь ч танихгүй жаахан тийм байгаа юм аа даа. Үүдний хауулынхаа мөрдөсийг  ураад чулуудчихаж гэнээ гэсэн нэг  мэдээлэл чих дэлссэн ?

-Энэ бол төрийн тусгай хамгаалалтын обьект. Яг манай үндсэн алба хаагч нар биш. Бид бол цэргийн дэг жаягаар амьдарч хэвшсэн улс. Энэ хоорондын зөрөө юм харилцаан дээр гарч болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ наадах чинь жаахан дэгс мэдээлэл байна.  

-Н.Ганболд, Б. Хурц хоёр таарамжгүй байгаа гэнээ. Бүх шйидвэрийг Б.Хурц гаргаж байгаа гэнэ.  Хоорондоо огт эвсэлдэхгүй байна гэнэ гэсэн энэ бор шувуу бас л дэгс үү ?

-Дэгс.  Зан чанарын хувьд бол бид хоёр жаахан ондоо хүмүүс. Би зөөлөн талдаа. Хурц бол арай өөр. Гэхдээ зан зангаа мэднэ. ТЕГ-т  бид хамт ажиллаж байсан.

-Нэргүй матаас бичдэг. Утсаар нэр хаягаа хэлэхгүй бусдыг гүтгэж хорлодог бохир явдлууд сэргэсэн гэнэ. Хуучин технологи их эргэж ирсэн гэсэн үг биз дээ. Ийм үзэгдэлтэй та нар шинэ технологиор ажиллаж чадах уу?

-Наадах чинь бидний анхааралд байгаа асуудал. Одоо 16-96 гэдэг утас ажиллаж байгаа. Судалгаа хийж үзсэн. Манай харъяаллын биш,  ихэвчлэн төрийн үйлчилгээний хүнд сурталтай холбоотой гомдол их ирэх юм. Одоо юу гэдэг юм. Ажил үйлсээ бүтээхдээ бид нарыг ашиглах юм бас яваад байна. Энэ миний ажлыг бүтээж өгөхгүй байна. Чамайг авлигад хэллээ гээд л. Матаас бас сэргэсэн язтай юм. Гэх мэтчилэн янз янзын юм байна. Үүний  учрыг нь олох гэж, энийг цэгцтэй болгох гэж бид томилогдсон. Тиймээс ажиллана. Элдэв саад бэршээлийг давна. Иргэдээ ч гомдоогоод байхгүй, дундуур нь зүтгэнэ, гольдролд нь оруулна.

-Сүүлийн асуулт. Танай газарт манай экс Ерөнхийлөгчийн холбогдсон гэх эрүүгийн хэрэг шалгагдахаар ирсэн гэж үнэн үү. Үнэн бол та бүхэн зоригтой шалгах уу, энэ хүнийг?

-Ирчихсэн байгаа юм билээ. Биднийг томилогдохоос өмнө ирсэн байсан.   Тойруулаад шалгах шаардлагатай улсуудыг шалгаад явж байна. Би  нарийн юм ярихгүй. Иргэний өргөдөл гомдлын асуудлаар эрүүгийн хэрэг үүссэн учир шалгаж тодруулах шаардлага зайлшгүй гарна.