ТЭГВЭЛ Ц.НЯМДОРЖИЙН АСУУДЛЫГ ОРУУЛЪЯ Л ДАА
Огцруулах шаардлагын талаар одоохондоо мэдсэн юм алга. УИХ-ын шийдвэр Засгийн газрын хувьд заавал биелүүлэх шинжтэй
-Засгийн газрыг яагаад огцруулахаар болчихсон бэ? Оюутолгойн
асуудлаар асуулга тавьж гарын үсэг зурсан 20 гишүүний нэг нь та байх аа...?
-Огцруулах шаардлагын талаар одоохондоо мэдсэн юм алга. УИХ-ын шийдвэр Засгийн
газрын хувьд заавал биелүүлэх шинжтэй. УИХ-аас гаргасан хууль тогтоомжийн
хэрэгжилтийг УИХ-ын өмнө Ерөнхий сайд толгойгоороо хариуцдаг. Энэ агуулгаараа
УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилт ямар байна, зарим зүйл дээр ойлголтын
зөрүү байна уу, эсвэл үнэхээр хэрэгжүүлэхгүй гэдэг бодол санаа Засгийн газарт
байна уу, УИХ-аас гаргасан тогтоол нь өөрөө ойлгомжгүй байсан уу гэдгийг
тодорхой болгох зорилгоор би тэр шаардлагад гарын үсэг зурсан. Оюутолгой дээр
хийгдсэн гэрээг илүү сайжруулах зорилгоор Засгийн газарт асуудал тавьсан.
Түүнээс биш тэр гэрээг бүр алга болгоод, Монгол Улсын эдийн засгийг
дампууруулаад, 2004-2008 оных шиг улстөрчдийн шоу, аман тоглоомоор Монголын уул
уурхай дампуурах байдал руу оруулахыг би хувьдаа хүсэхгүй байгаа.
-57
дугаар тогтоолоор тэгвэл яг юуг шаардсан гэж, 50 хувьд хүргэх заалт нь Хөрөнгө
оруулалтын гэрээнд тусгагдсан биз дээ?
-Гэрээнд хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувьд хүргэнэ гэж байгаа. 57
дугаар тогтоолын бүх заалт биелэгдсэн үү, үгүй юу гэдэг тодорхойгүй, Засгийн
газар УИХ-д хангалттай тайлбар хийж чадахгүй байгаа. Тийм учраас парламентын
хяналт гэдэг үүднээсээ тогтоолын үр дүнг илүү тодорхой шаардаж гарын үсэг
зурсан. Энэ нь харин Оюутолгой дээр дөрөөлөөд Засгийн газрыг унагах, Засгийн
газар унахаар Оюутолгой уналаа гэх улс төрийн тоглолт болно гэвэл би эргэлзэж
байна.
-Одоо
харин тийм болоод л явчих шиг боллоо?
-Тэгж харагдах гээд л байна. Дараагийн Ерөнхий сайд хэн юм, түүнд ямар бодлого
байгаа юм. Хэл амтай ч өнөөдрийг хүртэл явсан уул уурхайн том төслүүдийг яг яах
гэж байгаа юм. Энэ асуудлуудыг тодорхой болгох хэрэгтэй. Яг үнэндээ Монголын
улс төрд зуршил болсон нэг алдаатай зүйлийг засах цаг болсон байна. Засгийн
газрыг унагаж, хариуцлага тооцож болно. Тэгвэл дараагийнх нь тодорхой байх
ёстой. Зүгээр л сонгууль хүртэл ингээд дампуурчихъя, жонхууръя гэж байгаа бол
харин хэн нь Монгол Улсын хувь заяагаар тоглох гээд байна гэдэг өөр асуудал
яригдана. Энэ бол Засгийн газрын, Сү.Батболдын хувь заяатай холбоотой асуудал
ерөөсөө биш, Монгол Улсын хувь заяатай холбоотой асуудал. Ирэх 20 жилд энэ улс
орон Африкийн араас ороод, хэдэн генералууд /Монголд бол улс төр, бизнессийн
бүлэглэл/ нь засгийн эрхээ ээлжилж булаагаад, хөрөнгө оруулагчдаа үргээгээд,
гаднаас орж ирсэн мөнгө нь дийлэнхдээ хууль бус, мөнгө угаасан шинжтэй, эрх
баригчид нь ашгийг нь хувааж авсан байдалтай авлигын систем рүү явах гэж байгаа
бол би дэмжихгүй.
Засгийн газарт хариуцлага тооцож болно. Юуны төлөө гээч. Би бол Ц.Нямдоржийг,
Хууль зүйн сайдыг нь харж байна. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан, Монгол Улсын
нийт иргэдийн эрх ашгийг тодорхойлж байгаа хууль эрх зүйн шинэтгэлийг улдаж
эсэргүүцэж байгаа бол энэ хүнийг зайлуул. Энэ бодлогын эсрэг зогсч байгаа бол
Засгийн газрыг өөрчил. Сонирхлын зөрчлийг зохицуулах, авлигын эсрэг тэмцэх,
төрийн албыг шинэтгэх тэр бүх бодлого дээр тэс өөр зүйл бодоод сууж байгаа бол
энэ Засгийн газартай хариуцлага тооцно. Сонгуулийн хуулийг шинэчлэхээс
авахуулаад хамтарсан Засгийн газрыг байгуулах үед хийсэн хоёр намын гэрээ
бий. Энэ бодлогуудад Засгийн газар яагаад дэмжлэг үзүүлэхгүй байгаа юм.
Сонгуулийн хууль яагаад Монгол Улсад хэрэгтэй тэр хувилбараараа гарахгүй,
заавал намаараа талцаад, хувь гишүүдийн амбицаар хараад байгаа юм. Намуудын
хооронд тохирсон гэрээ, хамтарсан Засгийн газрын мөн чанар алга болчихоод байна
шүү дээ. Үүнийгээ хийхгүй гэж байгаа бол наад Засгийн газраа тараа. Үүн дээр
бол би хэнээр ч хэлүүлэлтгүй гарын үсэг зурна.
-Огцруулах
тухай бичиг нь тан дээр орж ирээгүй гэсэн үг үү?
-Над дээр хараахан орж ирээгүй байна. Зөвхөн Оюутолгой руу хараад, уул уурхайн
томоохон төслүүдийг улс төржүүлээд, ирэх сонгуулийн Пи-Араараа монголын эдийн
засгийг сүйрүүлчихгүй байгаасай гэж болгоомжилж байна. 2008 оны сонгуулийн
намуудын амлалт эдийн засгийг алж байна шүү дээ. Ний нүүгүй хэлэхэд гарын үсэг
зурсан 20 гишүүн өнгөрсөн 7 хоногт Ерөнхий сайдтай уулзана л гэсэн. Надад бол
хэлээгүй. Гарын үсэг зуруулчихаад гарын үсгийг маань ашиглаад улс төрийн шоу
хийж байгаа бол уучлаарай. Нэг үеийн хэдэн нөхөд хоёр талд хуваагдчихаад ”Та
нар чадахгүй бид чадна, та нар шийдэхгүй бид шийднэ” гээд зодолдож байгаа бол
тэр зодоонд нь бид оролцохгүй шүү л гэдгээ хэлнэ. Монгол Улсын хувь заяагаар
2004-2008 онд ч ингэж л тоглосон. Нэг ч уул уурхайн төслүүд яваагүй, эдийн
засагт үр ашигтай нэг ч ажил хийгдээгүй. Тэр тоглоомоо өнөөдөр дахин
санагалзаад, хуучнаараа тоглох гэж байгаа бол уучлаарай. Тийм юм байхгүй.
Харин та нарын шаардаж байгаа Засгийн газрыг огцруулах шаардлага миний ярьж
байгаа авлигатай тэмцэх, сонирхлын зөрчлийг зохицуулах, төрийн алба, шүүх
хуулийн байгууллагыг шинэчлэх, сайн засаглалтай болж байж тэр уул уурхайн
мөнгийг сайн боловсрол, сайн эрүүл мэнд, сайн дэд бүтэц, аюулгүй байдлын
бодлогууд руу оруулж ирнэ гэж байгаа бол түүнийг чинь харин би дэмжинэ гэдгийг
л хэлье. Тэгэхдээ сайн засаглалыг хийх гэж байгаа дараагийн хүн чинь хэн юм,
эхлээд тэрийгээ тодорхойл. Оюутолгойн гэрээг сайжруулна гэж байгаа бол нэг өөр.
Засгийн газрыг унагана гэж байгаа бол оронд нь ямар Засгийн газар гарч ирэх юм,
хэн Ерөнхий сайд нь юм, түүнийгээ хэлэг л дээ.
-Аль
наймдугаар сараас хойш явсан “мессеж”-ээр бол У.Хүрэлсүх л юм биш үү?
-Огцруулах гэж байгаа цаасыг нь эхлээд харья. У.Хүрэлсүх уул уурхайг шийдээд
явна гэвэл би лав итгэхгүй. Зүгээр Ардын намынхан өөрсдөө “Сангийн сайдаа
Ардчилсан намд өгсөн нь буруу болжээ, хөөж гаргая” гэж байгаа бол өөрсдөө гарын
үсгээ зураад л шийдээд яваач дээ. Би хувьдаа хамтарсан Засгийн газар түрүүчийн
миний хэлсэн уул уурхайгаас бусад салбарынхаа шинэчлэлийг хийж чадахгүй бол
огцор л гэж хэлнэ. Ний нуугүй хэлэхэд Сү.Батболдын Засгийн газар уул уурхайн
Засгийн газар л болчихоод байна. Боловсрол нь, эрүүл мэнд нь хаана байгаа,
хууль шүүхийн байгууллагуудаа яаж шинэчлэх гээд, төрийн албаа яах гээд байгаа
юм. Харагдахгүй л байгаа биз дээ.
-Өнгөрөгч наймдугаар сард Засгийн газрын тогтоол гарч, Хилийн
цэргийн дээд сургууль, Цагдаагийн академи, Тагнуулын сургуулиудыг нэгтгэж
Дотоод хэргийн сургууль болгоод ХЗДХ-ийн яамны харьяанд аваачсан тухай
Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх асуудал босгоод удаж байна. Хууль зөрчсөн
энэ шийдвэрийн талаар УИХ яагаад дуугарахгүй, ганц эмэгтэй хүн яриад яваа юм
бэ?
-УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбогдуулж
гаргасан санал дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо энэ долоо хоногт УИХ-ын
тогтоол хэлбэрээр нь хэлэлцэх байх. Уг нь тогтоолын төсөл жилийн өмнө гарах
ёстой байсан. Долдугаар сарын 1 манай улстөрчдийн хувьд ч сургамж, хуулийн
байгууллагуудын хувьд ч том сорилт болсон. Тэр зөвлөмжид ингэж Дотоод хэргийн
сургууль байгуулаад цагдаа, тагнуул, хийлийн цэргийн сургуулиудыг нэгтгэх тухай
биш, харин эсрэгээрээ цагдааг бүтцийн хувьд задлахаас өөр аргагүй болсон байна
гэдгийг хэлсэн байгаа шүү дээ.
-
ХЗДХ-ийн сайдын энэ шийдвэр дараагийн долдугаар сарын 1-энд бэлтгээд эхэлчихсэн
хэрэг биш үү?
-Хэрвээ дараагийн долдугаар сарын 1-нд ийм арга замаар бэлтгэж байгаа бол
дахиад тав биш 50 хүн буудах, цагдаа болон хууль шүүхийн байгууллагаас явуулсан
хууль бус үйлдлүүд хэзээ ч илрэхгүй, хариуцлага тооцогдохгүй байх, дээр нь төр
хүссэнээ хийж болох тийм систем рүү л явна гэсэн үг. Харин бид эсрэгээрээ
“Цагдаа яагаад 5 хүн буудчихаад бид буудаагүй гэж худлаа ярьж болдог, гэм
буруугүй юм шиг толгойгоор илүүлээд байж байдаг, иргэд болохоор яагаад гэмт
хэргийг нуун дарагдуулсан гээд хүндрүүлсэн ял авдаг юм” гэж асуух ёстой биз
дээ. Долдугаар сарын 1-ний дараа иргэд ч гэм буруутай нь ойлгомжтой байсан,
цагдаагийн байгууллагууд ч гэмт хэргийн хэмжээний зүйлүүд хийчихсэн байна гэдэг
асуудал хөндөгдсөн шүү дээ. Гэтэл иргэдийн гэм бурууг хууль шүүхийн бүх байгууллагаар
нотлоод шийдчихдэг, хуулийхны өөрсдийнх нь хийсэн хэрэг огт шийдэгддэггүй тийм
систем рүү орчихлоо. Энэ юутай холбоотой вэ гэвэл манай мөрдөн байцаах
байгууллага үнэхээр болохоо больчихсон юм байна. Эрүүдэн шүүдэг, зоддог юм
байна, хүн алахаас наагуур юм хийж байна шүү дээ. Таван хүн буудаад алчихсан
хэргийг яриагүй шүү. Цагдаагийн байранд АКА-ны бүсээр хүн зодож, толгойд нь буу
тулган сүрдүүлж, хууран мэхлэх замаар мэдүүлэг авсан, хэрэг хүлээлгэсэн тухайд
нь ярьж байна.
Зөвлөлт маягийн ийм мөрдөн байцаах ажиллагаа ардчилсан нийгмийн үед таарахгүй.
Энэ арга замаасаа салах ёстой, салахын тулд арай өөр арга замаар боловсон
хүчнээ бэлтгэх ёстой. Гэтэл Дотоод хэргийн их сургууль байгуулаад сургалтын
албаны захирлаар нь долдугаар сарын 1-ний хэрэг гарах үед Мөрдөн байцаах албаны
дарга хийж байсан нөхрийг аваачаад тавьчихаж байгаа байхгүй юу. Уул нь бол
“Таны удирдах арга барил Монголын хуулийн байгууллагын бүтцэд байж болохгүй нь
ээ” гэж хэлээд холдуулах ёстой байтал ирээдүйн боловсон хүчнээ бэлтгүүлэх гээд
тавьж байгаа нь Ц.Нямдорж гэдэг хүн ямар ч сургамж аваагүйн шинж. Харин ч “Та
нар ингэж байгаа бол би ингэж чадна” гэж үзүүлж байгаа юм шиг ажил хийж байна.
Тийм учраас энэ хууль зүйн сайдын хийж байгаа бодлого ерөөсөө Молнгол Улсын эрх
ашиг юм уу, ардчилал, хууль ёст улс орны сонголт биш байна. Ердөө л өөрийнхөө
таньдаг хүмүүсийг байрлуулдаг, өөртөө хэрэгтэй бүтцийг хийж явдаг хүн байна.
Энэ нөхөр социалист нийгэмд Дотоод хэргийн сайдыг маш сайн хийж чадах байсан
байна, ардчилсан нийгмийн үед бол хуульзүйн салбарыг дампууруулж байгаа нөхөр
байна гэж үнэлэхээс өөр аргагүй. Тиймээс энэ долоо хоногт шуурхайлаад энэ
Засгийн газарт, Хуульзүйн сайдад нь долдугаар сарын 1-энтэй холбогдуулаад ямар
сургамж өгөх ёстой юм, тэр сургамжаа УИХ өсгөн шиг өгөхгүй бол болохоо
байчихсан байна л гэж харж байна.
-Сонгуулийн
хуулиар Ардчилсан намынхан хоёр дахь удаагаа завсарлага авсан ч үр дүн гарахгүй
л байна. Харин ч өөрчлөлт хийхгүй гэж цахлаж байгаа нөхдийг дэмжсэн зүйл болж
харагдаад байна. Ядахдаа “МАН-ын бүлэг ингээд асуудлыг гацаагаад байна” гэдэг
талаар нь мэдэгдэл хийгээд, маргаанаа гадагш гаргаад хагалж болдоггүй юм
уу?
-Өмнө авсан завсарлага байгаа. Тодорхой асуудлаар ажлын хэсгүүд дээр ойлголцол
бүрдтэл гэж байгаа юм. Гэхдээ Төрийн байгуулалтын байнгын хороон дээр
Сонгуулийн хуулийг нөгөө маргаантай байгаа асуудлаас бусдаар бол хэлэлцээд явж
байгаа. Хэрвээ ойлголцол явахгүй бол УИХ-ын бусад үйл ажиллагаанд ч нөлөөлж
магадгүй. Намын бүлэг дээр нэг зүйл ярьсан, ерөөсөө хугацаагаа тохирьё гэж.
Сонгуулийн хуулийг хэдий хугацаанд хэлэлцэх юм, 14 хоног уу, 20 хоног уу.
Түүнийгээ тохирохгүй бол энэ байдал үргэлжилсээр арванхоёрдугаар сар гарчихвал
яах юм. Энэ нь өөрөө Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй, хуучнаараа орьё гэж байгаа
нөхдүүдийн бодлогыг ухамсаргүйгээр дэмжсэн үйлдэл болоод байгаа юм биш үү гэж.
-Одоо бол Ардчилсан намынхан ч бас өөрчлөх хүсэлгүй юм байна гэж
харагдахаар байна шүү дээ?
-Харин тийм. Тийм учраас жаахан шуурхайлья, хугацаатай болгоё гэсэн. Тиймээс ч
ажлын хэсгүүд ойлголцолд хүрээд, Сонгуулийн хууль гарах байх гэж найдаж байна.
Ер нь бол сонгууль мөнгөний байх тусам сонгуулийн үр дүнгээр гарсан засаг төр
мөнгөний болж хувираад байна. Засаг төр мөнгөний байх тусам тэнд авлига
сонирхлын зөрчил эх захгүй байна. Авлига, сонирхлын зөрчил эх захгүй байх тусам
хариуцлага байхгүй, хариуцлага байхгүй бол энэ улсад чинь хууль дүрэм үйлчлэх
юм уу, ер нь ардчилал өөрөө байгаа юм уу гэдэг л асуудал руу явж байна шүү дээ.
Тийм учраас бидний амин чухал асуудал “Мөнгөний нөлөө бүхий энэ сонгуулийг
өөрчлөх арга зам юу юм бэ” л гэж ярьж байна. Хоёрдугаарт, жаахан том харья,
алсын хараатай ярья гэвэл энэ парламент чинь өөрөө Монгол Улсын нийтлэг эрх
ашгийн төлөө дуугардаг парламент мөн үү үгүй юу. Энд тэндээс ирсэн Засаг дарга
нар суугаад төсөв ярихаар тойрог тойрог руугаа татаад, том бодлого ярихаар
жижиг асуудлаар цохиж унагаад, өөр хоорондоо хор найруулсгээд явж байдаг 76
хүний бөөгнөрөл юм биш үү. Энэ чинь өөрөө төлөөллийн ардчиллын институт байж
чадах уу гэдэг асуудал хөндөгдөөд байна. Тийм учраас л бид пропорционалийг
түлхүү авья гээд байгаа юм. Энэ бол том бодлого.
Нэгдүгээрт үндэсний
аюулгүй байдалтай холбоотой, нөгөө талаас төлөөллийн ардчилал, гуравдугаарт
шударга ёстой холбоотой. Уул уурхайгаас болоод манай хоёр том хөршөөс гадна
үндэстэн дамнасан уул уурхайн том корпарациуд биднийг харж, биднээр тоглох гэж
оролдож байна. Энэ тоглолтон дээр Монгол Улсын нэгдмэл эрх ашгийн төлөө
тоглодог парламент бидэнд өнөөдөр хэрэгтэй байна. Гэтэл манай парламент ядаж
байхад жижигхэн байхгүй юу. Дээр нь өөрсдийгөө бүр жижиглээд 76 тойрогт
хуваачихсан. Нэгдмэл эрх ашгаа харахаасаа илүү, хамгийн түрүүнд “миний сонгогч,
миний тойрог” гэж боддог толгойтой. Үүгээрээ бид их эрсдэлтэй байдалд байна,
энэ нь бүрэн эрхтэй бүтэн улс байхуу үгүй гэдэг асуудалтай ч холбогдоод байна.
Тийм учраас бид эсвэл парламентаа томруулах, үгүй бол одоо байгаагаа 76-гынхаа
ядаж талыг нэг тойрогт багцалсан пропорциональ систем рүү явах тухай л ярина.
Ийм л хоёр гарц байгаа юм. Гэвч парламентыг томруулах тухай ярихаар олон нийт
хүлээж авахгүй, Ерөнхийлөгч хүртэл таагүй хүлээж авч байна шүү дээ.
-Харин
та парламент 99 гишүүнтэй байхыг дэмжиж байгаа юу?
-Би бол дэмжиж байгаа, яагаад байж болохгүй гэж. Харин ч ардчиллыг бататгахад,
үндэсний аюулгүй байдал, геополитикийн хувьд маш чухал алхам. Гэхдээ өнөөдрийн
парламент нэр хүнд нь ийм их уначихсан байгаа үед парламентыг томруулах хэцүү.
Тийм учраас Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад “2016 оны парламентаас хойш УИХ
99 гишүүнтэй болно” гээд заачихаж болно шүү дээ. Одоо бол цаг хугацааны хувьд
эрт байгаа учраас 2012 оны сонгуульд 76 гишүүнтэйгээ л орно. Харин 2016 оны
парламентын бүтцийг 2012 оны парламент шийдэж болохгүй учраас энэ удаагийн
парламент нь шийдчихье л дээ, “2016 оноос хойш УИХ 99 гишүүнтэй байна” гээд.
Энэ бол нэг хувилбар, маш сайн хувилбар байх гэж бодож байна. Харин одоогийн
цаг үе дээр бид өөр зүйлийг ярих ёстой. 76 жижиг хуваагдчихсан парламенттай
байх уу, эсвэл “миний сонгогч, миний тойрог Монгол Улсын нутаг дэвсгэр дээр
бүтнээрээ байгаа, би нэг тойрогтой Монгол Улсаас сонгогдсон” гэж хэлж чаддаг
тийм гишүүдтэй байх уу гэдгээ шийдчих хэрэгтэй.
Хүмүүс янз бүрээр л тархи угааж л байна л даа. Пропорциональ болчихвол иргэдийн
шууд сонгох эрх байхгүй болно, нам сонгодог болно энэ тэр гээд. Гэхдээ үүний
цаана юу нуугдаж байгааг үнэнээр нь хэлэх цаг болсон байна. Уучлаарай, Засаг
даргад чинь, ИТХ-д чинь эрх мэдэл өгөхгүй гэдэг бодлого л нуугдаж байгаа шүү
гэдгийг. Орон нутагтаа нөлөөтэй УИХ-ын гишүүн байна гэдэг орон нутгийн эрх
мэдлийг УИХ-даа авч үлдэнэ л гэсэн үг. Тойрогтоо очоод “Би тэрбумаараа ийм юм
хийсэн” гэж хэлнэ, түүнийгээ зөвтгөнө гэсэн үг. Пропорциональ болчих юм бол
гишүүдийн тэрбум төгрөг байхгүй болно, орон нутагт, Засаг даргад нь эрх мэдэл
өгье, ИТХ-д нь санхүүг нь өгье гэж бодитойгоор ярьдаг болно. Үнэхээр орон
нутагтаа үнэ цэнэтэй байя гэвэл УИХ-ын гишүүд хэзээ ч Засаг даргад эрх мэдэл
өгөхгүй. УИХ дээрээ, яаман дээрээ эрх мэдэл авч үлдэхээ л бодно. Төсөв
хэлэлцэхээр “Үгүй мөн ч их алалцаж байж орон нутагтаа жаахан юм авчирлаа шүү”
гэж ярьдаг тэр улс төртэйгээ үлдэх гээд л үзээд байна. Үүний үр днд Монгол улс
хамгийн үрэлгэн үр ашиггүй төсөтэй байсаар л байх болно.
-Харамсалтай
нь танай намын удирдлагууд, гишүүдийн зүгээс энэ талаар ярьж хэлж, маргаж
мэтгэж байгаа нь тун бага сонсогдож байна. МАН-ын зүгээс харин өөрсдийн саналыг
янз бүрийн хувилбараар зүтгүүлж чадаад байгаа юм биш үү?
-Манайхан ярьж байгаа. Жаахан зохион байгуулалтгүй, энэ тэнд оочин цоочин л
байгаа байх. Пропорциональ давамгайлахгүй бол дахиад нэг асуудал гарч ирнэ,
“шударга биш байна” гэдэг. МАН-ын сая 48:28 буюу 48 нь мажоритари тойргоос, 28
нь пропорционалиар гарах тухай бас нэг хувилбар оруулж ирсэн. Тэгэхээр би
“Тэгвэл Улаанбаатарт хэдэн мандат өгөх юм бэ” гэж асууж байгаа юм. Хотын
зургаан тойргийг голоор нь хоёр хуваагаад 12 тойрог, хөдөөд 36 гаргана гэж
байна. Яагаад Улаанбаатарын гурван иргэн орон нутгийн нэг иргэнтэй тэнцэх ёстой
юм. Улаанбаатарт сая 240 мянган иргэн, хүн амын 45 хувь амьдарч байхад яагаад
12 мандат өгч байгаа юм бэ. 48-аас мандатаас дор хаяж 21-ийг, 22-ыг өгч яагаад
болдоггүй юм. Би УИХ-ын гишүүний хувьд “Улаанбаатарын тойрог” гэж хэрүүл
хиймээргүй байна шүү дээ, уг нь бол. Пропорционалиа давуу болгочих юм бол хот,
хөдөөгөөрөө талцахгүй амар. 76 гишүүний чинь ядаж тал нь, талаас илүү хувь нь
нэг тойрогтой Монгол Улсаас сонгогдож байгаа учраас “би хөдөөгийнх, би хотынх”
гэж талцах нь утгагүй болчихно. Хэрвээ мажоритари давамгайлна гэвэл талцахаас
өөр аргагүй. Орон нутгийн 36 депутаттай хотын12 депутат тэмцээд нэмэргүй.
Улаанбаатарын сонгогчдыг төлөөлж байгаагынхаа хувьд Улаанбаатарын гурван иргэн
хотын нэг иргэнтэй тэнцэх нь шударга биш байна л гэж хэлнэ.
-Хотын 20 гишүүн тэгвэл яагаад ядаж үүн дээр нэгдэж дуугарахгүй
байгаа юм бэ?
-Одоо харин дуугарахаас өөр аргагүй л болж байна. Би жишээ нь МАН-ын даргаас
“Хотын гурван иргэн хөдөөгийн нэг иргэнтэй тэнцэх ёстой юу” гэдгийг асуух гээд
байна. МАН-аас Улаанбаатарт Сү.Батболд, Ц.Батбаяр, С.Баяр, Д.Тэрбишдагва,
Ц.Мөнх-Оргил гээд 5-6 гишүүн л байна. Цөөнх байгаа биз. Ардын намынхан хөдөө
орон нутгаас л ялалтаа авдгийн ганц жишээ энэ. Сонгууль болгоноор, Монголын ард
түмний олонхи нь дэмжихгүй байсан ч УИХ-д олонхи болдгийн шалтгаан ердөө энэ.
Үүнийхээ төлөө л үхэн хатан зүтгээд байгаа юм. Дээр нь бас нэг зовлон байна,
тойргийн тэрбум төгрөг. Тэрбум төгрөг тойрогтоо цацчихсан хүмүүс “би гараад
ирнэ” гэж бодоод, тойрогтоо илүү хайртай байна. Төсвөөс хулгайлж цацсан
тэрбумаас чинь илүү уул уурхайгаас хэдэн тэрбумыг хулгайлаад цацах тэрбумтнууд
хажууд чинь байгаа шүү гэдгийг ойлгохгүй байна. Ний нуугүй хэлэхэд Монголд
бодлогын улс төр алга. Парламентад уг нь бодлого ярьдаг улстөрчид байх ёстой
атал эрх ашиг хөөдөг нь олон байна. Тийм учраас өөрөө хэзээ ч бодлого ярьж
чадахгүй гэдгээ, сонгууль пропорциональ болоод, бодлого ярьдаг улстөрчид ороод
ирэх юм бол өөрөө үнэхээр жул болно, тэнэг харагдана гэдгээ мэдэж байгаа зарим
нь “Өөртэйгээ адилхан нөхдүүдийг суулгаж байгаад тэдэн дотор ухаантай харагдах
нь дээр” гэж бодож байна л даа. Тийм учраас тэд мажоритарийг дэмжээд байх шиг.
-Гишүүд
яг юу ярьж байна?
-Хоёр янз. Нэг хэсэг нь сайхан сэтгэлтэй, нөгөө хэсэг нь өөрийгөө л бодож
байна. Манай нам ялах ёстой, бид олонхи байх ёстой, тийм учраас хөдөө орон
нутаг олон тойрогтой байх ёстой. Пропорциональ руу олонх мандатаа өгчихвөл бид
алуулна, болохгүй гэж нэг хэсэг нь ярьж байна. Нөгөө хэсэг нь “Н.Энхбаярыг
даврааж болохгүй, пропорциональ болчихвол Н.Энхбаяр даврана, гараад ирнэ,
Монголд гай удна. Түүний хийсэн балаг дуусаагүй гэж байгаа бололтой юм уу даа.
Зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүний төлөө Монгол Улсын хувь заяаг шийтгэж болохгүй биз
дээ. Бас нэг хэсэг нь “Тойрог дээрээ гайгүй юм хийчихсэн юм чинь би гараад
ирнэ. Пропорциональ болчихвол би нам дотроо хэн ч биш шүү дээ” гэж ярьж байна.
Нам дотроо хэн ч биш байгаа нь хувь хүний асуудал болохоос биш Монгол Улсын
асуудал биш шүү дээ. Х.Тэмүүжин ч гэсэн нам дотро хэн ч биш, пропорциональ
болчихвол Х.Тэмүүжин жагсаалтад орохгүй ч байж болно. Гэхдээ би УИХ-ын гишүүн
байх эсэх биш, Монгол Улсын хувь заяа ирэх 20 жилд ямар байх нь чухал байхгүй
юу. Тийм учраас би хувьдаа тэр хүмүүсийг “Ямар ч өөдгүй, жижигхэн юм дээ” л гэж
харсан.
-Тэгвэл ядаж “сайхан сэтгэлтэй” хэсэг нь пропорционалийг дэмжиж
байгаа биз дээ?
-Сайхан сэтгэлтэй хүмүүс бас байна аа. Пропорциональ болчихоор одоо Засгийн
газарт байгаа олигархиуд намынхаа нэрээр ороод ирхчихнэ, тэднийг үгүй хийхийн
тулд мажоритари нь байх хэрэгтэй гэж байгаа юм. Тэдний хувьд олигархиудаас айж
байна, энэ нь улс орноо гэсэн сайхан сэтгэлийн илэрхийлэл мөн байх л даа.
Гэхдээ мажоритари ч байсан олиграхиуд орж ирнэ, өөрчлөгдөхгүй. Харин
пропорциональ дээр олигархиуд намын жагсаалтад орчихвол тэр нам сонгуулиар
унана. Олигархигүй гурав дахь хүчин гараад ирэг л дээ. Зөвхөн энэ хоёр намаар
улс төрийг хараад, энэ хоёр намд зориулж тоглоомын дүрэм зохиож бас болохгүй.
Тийм учраас уучлаарай. Энэ олигархиудаас чинь гадна гудамжинд, парламентын
гадаа эрүүл саруул бодолтой хүмүүс байгаа. Гудамжинд ганцхан Н.Энхбаяр байгаа
юм биш. Тэр хүмүүст боломж олгох ёстой юм бишүү гэж асуумаар байна.
Үнэхээр олигархиудаа намынхаа жагсаалтад биччихвэл МАН ч, Ардчилсан нам ч
адилхан унаад, оронд нь өөр хүмүүс гараад л ирнэ. Тэгээд намын “лист”-энд
луйварчдаа бичиж болдоггүй юм байна, илүү хариуцлагатай байж, сонгогчдын
саналыг нам руу татаж чадах, бас бодлогоо хэрэгжүүлж, олон нийтэд ойлгуулж
чадах хүмүүсээ бичих ёстой юм байна гээд сургамж авна. Нам өөрөө
хариуцлагажина. Тийм учраас пропорциональ бол илүү хариуцлагатай улс төрийг бий
болгодог юм. Мажоритари бол хариуцлагагүй улс төрийг л бий болгодог. Яагаад
гэвэл хувь хүмүүсийн тоглолт илүү явчихдаг учраас. Тойргоо солиод жүжиглээд
явчихна, дараагийн хүмүүс ирээд дахиад өмнөх хүмүүсийн замыг туулаад явна. Ийм хариуцлагагүй
улс төрөөс бид залхаж байна шүү дээ. Жаахан хариуцлагатай байж сурья гээд
байгаа нь Ардчилсан намын яриад байгаа пропорциональ давамгайлах, ядаж тэнцүү
байх хувилбар зөв.
-Одоо сэдвээ өөрчилье. Саяхан БНСУ-д, дараа нь Японд шүүхийн
шинэчлэлийн асуудлаар ажиллаад ирсэн. Явсан газрын сонин юу байна?
-Ерөнхийлөгч шүүхийн шинэчлэлтэй холбогдуулаад хэд хэдэн хуулийн төслийг
багцаар нь УИХ-д өргөн барьчихаад байгаа. Энэ намрын чуулганаар хэлэлцэгдэж
эхлэх ёстой. Тэр хуулийн төслүүдийн үзэл санаа, өөрчлөлтийн бодлоготой
холбогдуулаад энэ улсуудын туршлагыг судлах зорилготой явсан юм. Бид энэ
чиглэлээр АНУ болон Европын орнуудын туршлагыг нэлээд сайн судалдаг, мэддэг.
Тэгсэн хэрнээ Азид энэ чиглэлийн шинэтгэлүүд яаж явж байгаа вэ гэдгийг тэр
болгон анзаардаггүй. Тийм учраас Солонгос болон Японы хууль эрх зүйн шинэтгэл,
тогтсон бодлого ямар байгаа вэ гэдгийг харах зорилготой явсан. Ерөнхийлөгчийн
тамгын газраас зохион байгуулж, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр,
С.Эрдэнэ гишүүн бид гурав явсан. Сонирхолтой нь яг Ерөнхийлөгчийн УИХ-д өргөн
бариад байгаатай төстэй хуулийн шинэтгэлийн бодлогыг БНСУ 2009 онд хийсэн
байна.
-Япон, Солонгосчууд яагаад хууль, шүүхийн байгууллагуудаа
шинэчлэхээр болсон юм?
-Ерэн оноос өмнө бол БНСУ-д ерөнхийдөө цэргийн диктатур оршин тогтнож байсан.
Ерэн оноос хойш ардчилалд илүү хурдацтай бөгөөд ул суурьтайгаар шилжиж эхэлсэн.
Энэ шилжилтийн явцад хамгийн удаан бодсон, хамгийн хойрго эхэлсэн шинэчлэл нь
шүүх, хуулийн байгууллагын шинэчлэл байсан юм билээ, бараг 15 жил судалсан юм
байна. Олон нийтийн зүгээс ч, хаа хаанаасаа нэлээн их шахалт байсан, судалгаа
их удаан хийсэн, хуулийн янз бүрийн төслүүд, шинэтгэлийн бодлогууд гарч, таван
жилийн өмнөөс бодит ажил хэрэг болоод, 2009 онд парламент нь хуулиа баталсан юм
байна. Бидний зорьж байгаа олон бодлогыг тэнд амьдрал дээр хэрэгжүүлээд явж
байна. Хэдийгээр бид хуулиа батлуулаагүй боловч шинэтгэлүүдийн утга санаа нь
байна, зарим тохиолдолд бид түрүүлээд алхчихсан байна. Гэхдээ тэдний хувьд
хуулиудаа аль хэдийн баталчихсан, амьдрал дээр хэрэгжүүлээд, туршаад
эхэлчихсэнээраа хамаагүй давуу байна л даа.
-Гэхдээ л бидний хувьд их хол хоцроогүй гэдэг нь сайн мэдээ байна,
тийм үү?
-Тийм л болж байна. Японд бас яг энэ шинэтгэлүүдийг хийж байна, гэхдээ
Солонгосоос арай жаахан удаан хөдөлж байна. Илүү ардчилсан уламжлалтай улс
учраас, шинэтгэлд өртөж байгаа тогтолцоонууд нь одоо ч гэсэн үр ашигтай ажиллаж
байгаа учраас шинэтгэлийг илүү хурдтай, далайцтайгаар хийх сонирхол бага байх
шиг байна. Гэхдээ шинэтгэлийг хийж байна. Хэдийгээр бид шүүхийн шинэчлэл гэж
яриад байгаа боловч ганц шүүхийг биш, хуулийн байгууллагуудыг цогцоор нь, дээр
нь Хууль зүйн яамыг нь хүртэл өөрчлөх цаг болчихсон юм байна гэдгийг л энэ хоёр
улсаас харлаа.
-Шүүх, хуулийн байгууллага болохгүй байна, шинэчилье гэж яриад
байгаа боловч яаж шинэчлэх гээд байгаа талаар олон нийт төдий л мэдээлэлгүй
байгаа. Хуулийн бодлого барьж байгаа Хууль зүйн яам, Засгийн газар нь хөдлөхгүй
байхад Ерөнхийлөгч, УИХ-ын цөөн гишүүний түвшинд энэ тухай яриад шийдэж чадах
уу?
-Шударга шүүх үгүйлэгдэж байна, хууль шүүхийн байгууллагууд авлигад өртөмтгий,
танил тал, улс төр, эрх мэдлийн нөлөөн дор захиалга гүйцэтгэж байна гэдэг
шүүмжлэл байгаа. Энэ шүүмжлэлийг харахаар яах аргагүй шинэчлэх ёстой юм байна.
Харин яаж вэ гэдэг дээр бодлого үнэхээр үгүйлэгдэж байгаа. Яаж гэдгийг нь
судлаад, ул суурьтай, цэгцтэй бодлого гаргаад шахаж байх ёстой газар нь Хууль
зүйн яам. Гэхдээ тэнд ийм дуу хоолой сонсогдохгүй, бодлого гарахгүй байгаа
учраас энэ сул орон зай дээр Ерөнхийлөгч шүүхийн шинэтгэлийн асуудлыг гаргаж
ирж байна. Хууль зүйн яам бол харьцангуй бодлогын яам шүү дээ. Улс орны
хэмжээний нэгдсэн бодлого тодорхойлоод, хууль зүйн салбараа чирээд, араас нь
дагах биш өмнө нь гараад “Ингэж өөрчлөгдөх ёстой, ийм зам байна” гэдгийг
тодорхойлж байх ёстой бүтэц нь уг нь тэр яаманд байгаа. Хараахан тэр бодлого нь
бүрхэг байна. Байгаа гэж хэлж болох ганц бодлого нь байгаа тогтолцоогоо
өөрчлөхгүй байх л бодлого байна шүү дээ.
Шүүхийн шинэчлэл гэдэг зөвхөн шүүгч нарыг солих, шүүх байгууллагыг өөрчлөх
тухай биш юм байна. Хэн шүүгч болоод байна аа гээд харахаар хуульзүйн
боловсролын асуудлыг ч ярих ёстой болж байна. Хуульчийн шалгаруулалт, шүүгч
сонгон шалгаруулдаг журмыг ч өөрчлөх ёстой юм байна. Дээр нь яг хажууд нь
ажиллаж байгаа өмгөөлөгч, прокурорыг шинэчлэхгүй, цогцоор нь асуудлыг шийдэхгүй
бол явахгүй юм байна гэж хараад шийдэх гэж оролдож байна. Шинэтгэлийн хүрээнд
5-6 асуудлыг харах ёстой юм байна.
-Тухайлбал?
-Нэгдүгээрт, шүүхийг ганц шүүгч ажиллуулдаггүй. Шүүгч нарын хэвийн үйл
ажиллуулж, шударга, хууль ёсны дагуу ажиллахад нь тусалж байдаг нэг бүтэц бол
Шүүхийн захиргаа. Гэтэл Монгол Улсад шүүхийн захиргаа ерөөсөө хөгжөөгүй.
Шүүхийн ерөнхий зөвлөл гэж орон тооны бус байгууллагын сайн дураараа хийгээд
байгаа энэ ажлыг яаж мэргэжлийн, байнгын болгох вэ. Үүнийг хийхгүй бол шүүх
хуралдаануудаасаа авахуулаад шүүхийн бүтэц, тамгын газар, зохион байгуулалт
бүгд тодорхойгүй, бүгдийг шүүгч гэдэг нэг хүний нуруун дээр үүрүүлчихсэн яваад
ирж. Энэ ачааг хуваалцаад, аль нь шүүгчийн ажил юм, аль нь биш юм, тэр ажлыг нь
хэн хийх ёстойг зааглаж өгөх ёстой. Солонгос ч, Япон ч хоёулаа маш сайн шүүхийн
захиргаатай улс. Шүүхийн захиргаа нь бас хараат бус байх тухай ярьж эхэлж
байна. Шүүхийн захиргааг хараат бус, бие даасан байдлаар ажиллуулна гэхээр
дахиад нэг “уут” руу орж ирж байгаа юм, Төрийн албаны зөвлөлийг яах вэ гэдэг.
Шүүхийн захиргааг тогтвортой, байнгын мэргэшсэн байлгана гэхээр “Тэгвэл даргыг
нь бид томилно оо” гээд л босоод ирнэ. Гэтэл эрх мэдлээ хуваарилчилсан бусад
оронд Шүүхийн захиргаа, парламентын захиргаа, Засгийн газрын захиргаа, орон
нутгийн захиргаа тус тусдаа байна. Төрийн албаны /ТАЗ/ зөвлөл гэж нэг
байгууллагын дор байж болдоггүй юм байна. Гэх мэтчилэн нэг асуудлыг цэгцлэх
гэхээр системийн хувьд ийм олон асуудал хамт босоод ирж байгаа юм.
-Нийтдээ хэдэн хуульд өөрчлөлт оруулж байгаа вэ?
-Шүүхийн зохион байгуулалттай холбоотой нэг хууль, Шүүхийн захиргааны тухай
хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхэд иргэдийн төлөөлөгчдийг
оруулах тухай хууль, Эвлэрүүлэн зуучлах болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай
хууль гээд зургаан хуулийн төслийг боловсруулаад байна. Араас нь процессийн
хуулиуд, Прокурорын тухай хууль мэдээж орно. Үүнтэй уялдаад Цагдаагийн тухай
болон Тагнуулын тухай хуулийг бас шинэчлэх шаардлагатай. Энэ өөрчлөлтүүдтэй
холбоотойгоор Хууль зүйн яаманд ямар чиг үүргүүд байх юм, ямар чиг үүрэг, эрх
мэдлүүдээ Хуульчдын танхим буюу хуульчдийн мэргэжлийн өөрөө удирдах
байгууллагуудтай хуваалцаж эдлэх юм, Боловсролын яам бас ямар чиг үүргээ
мэргэжлийн холбоодтой хуваалцах юм гээд засгийн газрын бусад байгууллагуудын
чиг үүргүүдэд хүртэл өөрчлөлт ороход хүрч байна. Энэ цогц өөрчлөлтүүдийг
хийхийн тулд бид гол гол концепцийн асуудлууд дээрээ ойлголцох хэрэгтэй.
Шүүгчийн томилгоо гэхэд л маш том өөрчлөлтийг шаардаж эхэлж байна. Үүнтэй адил
шүүх олон нийтэд ойлгомжгүй байна, олон нийт шүүхэд итгэлгүй байна, шүүхэд олон
нийтийн итгэлийн нэмэгдүүлэхийн тулд иргэдийн төлөөлөгч гэдэг зүйлийг ямар
байлгах вэ гэдгийг дахиад ярилцах хэрэгтэй.
Жишээ нь, түрүүнд дурьдсан шинэтгэлийн хүрээнд хийх ёстой бас нэг том
шинэтгэл нь Засгийн газар өөрт байгаа толорхой эрх мэдлийг иргэний нийгмийн
байгууллагууд буюу хуульчийн мэргэжлийн холбоодод шилжүүлэх замаар төр бас
ачааллаа хуваалцаж болж байна. Улстөрчид мэргэжлийн том салбаруудыг мэдэхээс
гадна мэргэжитнүүд өөрсдөө мэддэг болох нь ардчилал чанаржихад их чухал юм
байна гэж харж байна. Тийм учраас саяны Солонгос, Японы аялал маш их үр дүнтэй
болсон. Энэ намрын чуулганаар шүүхийн шинэтгэлтэй холбоотой нэлээн олон
хуулиудыг хэлэлцэнэ. Энэ хэлэлцүүлэгт ганц Америкийн, Германы, Европын орнуудын
туршлагыг ярихаасаа илүүтэйгээр хажууханд байгаа Азийн туршлагыг аваад “ийм
байдлаар өөрчилж болно шүү дээ” гэж ярих боломжтой болж байна.
-Хуулийн
байгууллагынхан энэ шинэчлэлийг хэр дэмжлэг үзүүлж байна. Эхний үед бол эх
эсэргүүцэх хандлагатай байсан шүү дээ?
-Анх бол “Биднийг ад үзлээ, шоовдорлолоо. Буруутай нь бид юм уу” гэх
байдлаар өөрсдийгөө хамгаалдаг байсан бол сүүлийн үед “Бид хэрвээ өөрсдийгөө
хамгаалаад байвал системээрээ дампуураад, хууль гэдэг ямар ч үнэ цэнэгүй болох
юм байна, хууль бусаар амьдрах хэв маяг руу нийгмээр нь түлхэх нь байна,
тиймээс биднийг шүүмжиллээ гэж дургуйцэх, эсэргүүцэхээсээ илүү үүн дээрээс
сургамж аваад нэр хүндээ дээшлүүлэх, өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх, өөрсдөө
үүнийг цэвэрлэх ёстой юм байна” гэж харж эхэлж байгаа. Энэ үүднээсээ шүүгчид,
өмгөөлөгчид, хуульчид өөрсдөө шинэчлэлийг дэмжиж дуугарч эхэлж байна. Хуулийн
чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэд, докторууд хүртэл “Бид өөрсдөө энэ
өөрчлөлтийг манлайлахгүй бол өөрчлөлт нэрийн дор улс төрийн гар хөлүүд
мэргэжлийн салбарыг самраад байх бололцоотой юм байна” гэдгийг харж эхэллээ.
Энэ дэмжиж байгаа ойлголцлын үр дүн дээр хуулийн төслүүд дахиж шинээр
боловсруулагдаж байна. Өмнө яригдаж байсан төслүүдийн ололттой талуудыг илүү их
тод болгоод уламжлаад аваад явж байна, тухайн үед шүүмжлэгдэж байсан олон
зүйлүүдийг засч байна. Нэг хоёрхон хуульчид энэ төслүүдийг бичээгүй, маш олон
хуульчдын туршлага, мэдлэг хуулийн төслүүдэд шингэж эхэлж байна. Үүгээрээ
Ерөнхийлөгч бас их давуу байна л даа. Нэг хуулийн төсөл оруулж ирээд “Би үүнийг
дэмжиж байна” гээгүй, үнэхээр учир дутагдалтай байгаа бол та нар өөрсдөө санаа
оноогоо оруулаач ээ, засаач ээ гэж байгаа. Ерөнхийлөгчийн хүсч байгаа томоохон
өөрчлөлтүүд дээр мэргэжлийн хүмүүсийн санаа бодол цуг ороод ирэхээр яах аргагүй
үүнийг эсэргүүцэж дуугарна гэдэг өөрчлөлт шинэчлэлт, ирээдүй цагаас ухарна
гэсэнтэй л адилхан болох гэж байна л даа. Гэхдээ мэдээж төгс биш, цаашдаа илүү
чанаржина, сайжирна. Чанаржуулна, сайжруулна гэдэг нь харин энэ төслүүдийг
унагах, улдаж эсэргүүцэх шалтгаан болох ёсгүй.
-Гэвч
энэ том төслүүдийг намрын чуулганаар хэлэлцэж чадах болов уу? Улс төрийн нөхцөл
байдал бас ойлгомжгүй болоод явчихлаа шүү дээ?
-Би бол батлагдах байх гэж найдаж байна. Улс төрийн нөхцөл байдал хүндрээд
явчихвал бас зовлонтой. Уул уурхайн том мөнгө, том төслүүд, түүнтэй холбоотой
“эрх мэдлийг хэн барих вэ” гэдэг хэрүүл явахаар л шүүх, сонирхлын зөрчил,
засаглалыг сайжруулах тухай, бидний хувьд маш чухал тэр шинэтгэлүүд хоёр дахь,
гурав дахь эгнээ рүү шилжих гээд байна. Миний маш болгоомжилж байгаа зүйл бол
улс төржилт ихсэх тусам Монгол Улсад хэрэгтэй бодлого, шийдвэрүүд дандаа
арагшаа унаж байна. Энэ чуулган бас л хийрхээд, улстөржөөд эхлэх юм бол дахиад
л нөгөө шүүхийн шинэтгэлийн бодлогууд хэлэлцэгдэж чадахгүй хойшоо ухарна,
сонгуулийн шинэчлэл хойшоо ухарна. Нөгөө сонирхлын зөрчил, авилгатай тэмцэх,
засаглал, төрийг сайжруулах бодлогууд бүгд хойшоо ухарна.
Яг үнэндээ улс төр тогтворгүй болж хувьсгал хийгдсэний дараа хэн илүү хохирдог вэ
гэвэл ухаантай, бодлоготой хэсэг нь хохирдог. Хэт их улс төржөөд ирэхээр хэн
илүү хор найруулдаг, хэн илүү олон хүнийг багцалж чадсан, хэн илүү мөнгө, эрх
мэдлийн хүчээр асуудлыг шийдэж байгаа нь ноёлдог. Энэ ноёрхол дор хаяж 2-10
жилийг иддэг байхгүй юу. Үүний дараа л ухаантай хүмүүсийн яриа, урт хугацааны
хөгжил дэвшил авчрах бодлогуудыг сонсох боломж нээгддэг. Үүнээс л болгоомжлоод
улс төр жаахан тогтвортой байгаасай гээд байгаа юм. Улс төр тогтвортой
байгаасай гэдэг нь муу муухайгаа хаацайлна гэсэн үг биш шүү дээ. хуулийн дагуу
тооцдог хариуцлагаа тооцоод явах ёстой. Энэ хийрхэл юунд зориулсан хийрхэл вэ
гэдэг угаасаа ойлгомжтой шүү дээ. 2012 оны сонгуульд л зориулсан хийрхэл
болохоос биш үнэхээр улс орныг хөгжүүлчихье, сайн сайхан болгочихьё гэсэн бодол
угаасаа биш.
www.news.mn Б.СЭМҮҮН
temujind bas busdad ganaa
abo
Зочин
Зочин
hun
Зочин
Зочин
tselmeg
Зочин
Зүчи
Зараа
Зочин
Зочин
hi
huyag
Зочин
Зочин
Зочин
Zorig
Zorig
зочин
зочин
Зочин
Зочин
çî÷èí
Зочин
Zorig
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
demjij baina
Зочин
Зочин
Зочин
zochin
delgermaa
Зочин
Зочин
neeree l iim bolchihho baigaa shuu
Зочин
bor huu
As
Зочин
as
Тэмүүжинд
wow
Zorig
huuli
Зочин
Зочин
er
4тэрбумтанд
wow
эрхэм гишүүн Тэмүүжинд
Зочин
Зочин
Зочин
би
kkk saihan helj
mongol guys
БААБАРЫГ ШҮҮХЭД ӨГЬЕ
ХҮМҮҮС ОЙЛГОНО ОО ХАРИН ТЭР ЦАГТ
Зочин
Зочин
suren
Degdee
Boldhuu
Mend
zochin
semyyn
Зочин
Зочин
Зочин
Anha
Zorig
Od
Od
Зочин
saaral
bat
Зочин
zochin
zochin
zochin
eeerSAin
Зочин
Зочин
Zorig
zochin
Зочин
dghj
zochin
nyamdorjoos shuuhiig salgamaar bna
зочин
zochin
luya
Zorig
chavgants
ббб
Jagaa
Зочин
Irgen
Od
Huulich bn
Huulich bn
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
хохо
хохо
Зочин
Сонин тайлбар байна
тайлбар 10
zora
тайлбар 9
тайлбар 8
тайлбар 7
тайлбар 6
тайлбар 6
тайлбар 5
Zorig
тайлбар 4
тайлбар 4
тайлбар 3
тайлбар хоёр
тайлбар 1
хувиа бодогч
Zorig
Зочин
Çî÷èí
Çî÷èí
Зочин
dub
abo
abo
Зочин
hhh
hhh
Lke
Зочин
Зочин
Зочин
Зочин