Монгол маань өнөөгийн дэлхий дахинд гайхуулах нэг л үнэт  зүйлтэй. Тэр үнэт зүйл маань Оюутолгой ч биш, Тавантолгой ч биш, Чингэс хаан ч биш, морь мал бүүр биш. Тэр үнэт зүйл маань 1990 оны ардчилсан хувьсгалын ололтоор талын монголчууд коммунист Оросын колони байхаа больж өөрсдөө өөрсдийгөө удирдаж, тэжээж тусгаар тогтнолоо жинхэнэ ёсоор олсон явдал гэдэгтэй санал нийлэхгүй хүмүүс олон л байх. Тэр дундаа Ардчилсан хувьсгалыг 20 жилийн өмнө дайн дажнаар биш ямар ч цус урсгалгүй, цонх хагалалгүй хийсэн. Ийм үнэт зүйлийг 2008 оны сонгууль ёстой нэг балласан даа. Гал түймэр, зэр зэвсэг болж цусан драм тоглосон. Одоо хүртэл хэн буруутай нь олдоогүй байна. Улс төрийн намууд, улстөрчид сонгууль явуулах хуулиа ярьж, дахиад сонгуульд орно гэж ид бэлтгээд завгүй. Гэтэл хамгийн муу муухай бүхнийг хийж гаршсан хүнд гарууд хүртэл төрөл арилжчихсан юм шиг болж жигтэйхэн шударга царайлан улс төрийн тайзан дээр эерэг дүрийн баатар болж тоглолт хийгээд эхэллээ. Алдагдсан эрх мэдлийнхээ төлөө яахаас ч буцахаа байсан улстөрч жүжигчдийг хараад эд л бүхнийг хийдэг, бүгдийг зохион байгуулдаг гэж бодохоос 2008 оны долдугаар сарын 1 бодогдож айдас хүйдэс төрнө.

Гишүүнээ болно гэж улайрахгүй, албан тушаал авна гэж горьдохгүй жирийн иргэд мань мэтэд бол тайван амгалан, амар жимэр л хэрэгтэй. Тэрнээс биш дайн самуун, цус нулимс хязгааргүй их өшөө хорсол хэрэггүй юмсан. Улс төр хийнэ хийнэ гэхэд эдийн засгаа сүйрүүлж, банкаа дампууруулж гайгүй яваа Монгол бизнесменүүдээ өртөн, өштөн болгож нэг нэгийгээ үзэн ядуулж болохгүй юмсан. Сонгууль яах вэ болдгоороо л болно. Харин сонгуулийн дараа юу л болох болдоо. Улс  төр нэг  л эвгүй болоод ирлээ. Улс төрийн парламентын жүжигчид  гудамжинд гарч төв талбайд эерэг дүр, сайн талын баатар болоод ирэхээрээ хамгийн эвгүй байдаг. Ажиглаж судлаж явдаггүй жирийн иргэд сонгогчид бол мэдэхгүй л дээ. Өнгөрсөн долоо хоногт улс төрийн эсрэг дүрийн баатар хууль зүйн сайд Ц.Нямдорж нэг хуулийн төсөл парламентад оруулаад тэр нь уналаа. Уг нь тэр хуулийг баталчих хэрэгтэй байсан юм. Дахиад “Долдугаар сарын 1 шиг юм болбол цагдаа, цэрэг зэрэг хүчний байгууллага яаж ажиллах тухай зохицуулалт байсан юм. Хэдийгээр Ц.Нямдорж улс төрийн хатуу хахир эсрэг дүр ч гэсэн магадгүй олон жилийн туршлага совингоороо сонгуулийн дараа самуун болбол түүнийг яаж зохицуулна даа гэж тооцсон байж магадгүй юм. Гэтэл түүний дараа эерэг дүрийн баатар гуравдагч Ерөнхийлөгч маань царай нь цонхийчихсон хэвлэлийн хурал хийж,  Ц.Нямдоржийг гурван сая ам.долларын байшин хаанаас авснаа хэл гэж уриалав. “Хоточ нохой Ц.Нямдоржийн авлигын хэргийг шалгуулна, Ц.Нямдорж ард түмнийхээ эсрэг цэрэг цагдаа буу шийдэм агслаа₮ гэж мэдэгдэв. Үүнээс яг зургаа хоногийн өмнө Монголбанкны гэгддэг О.Чулуунбат гишүүн тодорч эерэг дүр, эх оронч баатар  гараад ирэв ээ. Тэрээр 100 тэрбум төгрөг идсэн луйварчинг зааж өгөв. Тэр нь “Жаст” гэдэг аж ахуйн нэгж болж түүний эзнийг шорон моронд хийж дүүжлэх юм гэнэ. Хувийн “Жаст” компани Засгийн газраас 100 тэрбум төгрөг хулгай хийгээд явж байхад нь шударга гишүүн О.Чулуунбат гардаад бариад авчээ. Зурагт үзэж, сонин уншдаг төдий мэдээлэлтэй иргэд бол ингэж ойлгохоор юм болоод байна. Хамаг учир аюул нь наанаа биш цаанаа байгаа. Цаадах аюулыг нь улс төр 20 жил ажиглаж яваа судлаач Д.Ганхуяг, Баабар зэрэг том нийтлэлчдээс бусад нь олж харахгүй дээ. Хэвлэлийн хурал, Ц.Нямдоржийн хаус, “Жаст”-ын идсэн 100 тэрбум, Оюутолгой, энэ тэр бол зүгээр л улстөрчдийн олны анхаарлыг татахын тулд  хийсгэж байгаа үлээсэн шаар юм. Цаана нь Н.Энхбаяр, О.Чулуунбат, Ц.Нямдорж гурвын гурвалжин хонзогнол туйлдаа хүртэл улайсч байна. Уншигчид санаж байгаа бол Ц.Нямдорж хууль зассан хэргээр УИХ-ын даргаас огцорсон удаатай. Ц.Нямдоржийг УИХ-ын даргаас халсан тогтоол нь үг, үсэг зассан хэрэг болохоос биш цаад учир нь Н.Энхбаяр О.Чулуунбат хоёртой дайн зарлачихсан байсан юм. Ц.Нямдорж тэр үед залуу ч байсан эрч хүчтэй зоригтой ч байсан, ядуухан ч байсан. Эрүүгийнхэнтэй нийлсэн улс төрийн бүлэглэлүүдийг нэг удаадаа л айлгаад, чичрүүлээд дараад авсан цаг байв. Харин Н.Энхбаяр, О.Чулуунбат хоёр бол эрх мэдэл мөнгө хоёртоо галзуурсан үе. Н.Энхбаяр банкийг хувьчилдаг. О.Чулуунбат хувьчлуулдаг. О.Чулуунбат гадаадаас мөнгө олж ирдэг. Бас улсын банкинд байсан мөнгөө гадаад руу зөөдөг тэд мөнгийг дэвсгэртээр нь биш, банкаар нь хийдэг сайхан цаг шүү дээ. Тэр үед тэсгэлгүй шазруун Ц.Нямдорж мань хоёрыг мөрдөөд өөрөө баригдчихдаг байгаа. Одоо Ц.Нямдоржоос “Та УИХ-ын даргаас чухамдаа юунаас болоод огцорсон бэ” гэж  асуугаарай. “Би Монголбанк болохоо болиод байгааг мэдсэн юмаа. Түүний хариуд УИХ-ын даргаа өгсөн дөө гэж хариулна” гэдэгт би итгэлтэй байна. Ц.Нямдорж өдийд яахаас ч буцахгүй хүмүүс гудамжинд гараад улс төр руу дайрна гэж тооцож байгаа. Ц.Нямдорж МАХН-ын тэмээг олон жил хариулсан. Тэр үед МАХН-ын ганц  буур нь /бүх тэмээг хураадаг эцэг тэмээг буур гэдэг.Г.Д/  Энхбаяр байсан. Монголчуудын онц мэргэн үгэнд юу гэж өгүүлдэг билээ. Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэдэг биз дээ. Тийм учраас “Долдугаар сарын 1” давтагдана. Дараа нь Хууль зүйн сайдын хувьд шоронд явна гэж айж болгоомжилсондоо тэр хуулийг өргөн барьсан юм шигээ. МАХН бол дайсны тал, Ардчилсан нам бол манай тал гэж хоорондоо 20 жил буудалцсан. Гэхдээ жинхэнэ буугаар биш хэвлэл мэдээллийн буугаар шүү.  Тэр үед улс орон ядуу байв. Нураачихаар эдийн засаг, гэр орон байсан биш. Одоо Монгол орон хамгаалж хайрлах ардчилсан төр засагтай, Ардчилсан Ерөнхийлөгчтэй, дөнгөж өндийж байгаа эдийн засагтай. Хөрөнгө мөнгөтэй дотоодын бизнесменүүдтэй /баячууд/-тай болжээ. Улстөрчид хоорондоо байлдахдаа жирийн иргэдийг өөрсдийнхөө гар хөл болгож галд татан оролцууламгүй байна. Улс төрчид хоорондоо байлдахдаа ялангуяа банк, санхүүгийн байгууллагуудыг нураамааргүй байна. Энэ удаагийн улс төрийн эвгүй байдал цаашид аюул түгшүүр дагуулсан урхаг ихтэй эхэлж байна. Нэг банкийг хэд хэдэн бизнесменүүдийг  хөлдөө чирч, уул уурхайн гүн рүү түймэр шиг орж байна. Жишээ нь, Жаст групп буюу Хадгаламж банкийг /Жаст/ групп Хадгаламж банкийг 100 хувь бас бөөн өрийг авсан гэж дуулсан юм, андуурсан бол уучлаарай. Г.Д/ О.Чулуунбат хөлдөө чирэх гээд байх юм. Монгол Улс арилжааны банкуудаа бараг 90 хувийг нь гадаадынханд алдчихсан нь нууц биш. Тийм банкийг тэрний энэний үед тэгж ингэж хувьчилсан, хэн хэн нар 1-15 сая ам.доллар ингэж унагасан гэж үглээд одоо хэрэггүй биз.

“Жаст” гээд байгаа чинь “Хадгаламж банк” юм. Монгол эзэнтэй монгол банк. Засгийн газраас буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлсан гээд байгаа 100 тэрбумын бонд гэдэг зүгээр  цаас. Зээлээ л аваа биз.  Эзэн нь Монгол хүн болохоор эргэж  төлөхгүй хаа далдрах юм бэ. Банк гэр бүл хоёрыг ганцхан итгэл дээр тогтдог гэдгийг О.Чулуунбат сайн мэдэж байгаа. “Жаст” группийг зүгээр байхад нь зүүгээр хатгаад гэмт хэрэгт хутгачихсан болохоор нөгөөдөх нь бас өрвөлзөөд О.Чулуунбатынхаа “банк дээрэмдсэн, мөнгө угаасан баялаг намтар”аас дэлгээд гарна даа. Харин ч  хэдэн боть баримтат тууж бичиж болно. Улстөрчдийн түймэр уул уурхайн гүн рүү ороод ирлээ. Одоо эерэг дүр бүтээгээд байгаа  улс төрч жүжигчдийг мэдэхгүй биш дээ. Телевиз нээж, сонин унших бүрт л нэг л их жигтэйхэн шударга хүмүүс хумсалсан биш шанагдсаныг нь мэдэхгүй юм шиг жигтэйхэн шударга хүмүүс эерэг дүрийн баатарт тоглоно. Өсч дэвжиж байгаа эдийн засгаа, ардчилал гэдэг үнэт зүйлээ баллахгүй юмсан. Сонор соргог байж үзээрэй. Сонгууль сонгуулийн дүн аюул дагуулах магадлалтай. Монголчуудыг хооронд нь мөргөлдүүлж хагаралдуулж дундаас нь албан тушаалын болон газрын баялгийн хожоо харж яваа гадныхан ч дотныхон ч байна биш үү. Улайрсан улс төрийн жүжигчид сонгуулийг биш аюул болгох дээрээ тулсан юм шиг сэтгэл зовиноод байх юм. Ардчилсан төрд бас дархлаа хэрэгтэй юм шигээ. Ийм зовнилоо хэнээс асуудаг билээ. Э.Бат-Үүлээс нэг асуугаад үзвэл юу гэх бол...