20 тэрбум
Утаагүй зуух гэгчээ шахаад байдаг. Гэтэл утаагүй түлш нь алга. Зуух түлш хоёр нийлж байж утаа багасах учиртай. Юм хийхдээ дутуу бодно. Үр дүнгээр нь тооцохгүй. “Би хохирохгүй улс хохирох юм чинь яадгийм” гэх цэвдэг зандаа хөтлөгдөнө.
Утаагүй зуух гэгчээ шахаад байдаг. Гэтэл утаагүй түлш нь алга. Зуух түлш хоёр нийлж байж утаа багасах учиртай. Юм хийхдээ дутуу бодно. Үр дүнгээр нь тооцохгүй. “Би хохирохгүй улс хохирох юм чинь яадгийм” гэх цэвдэг зандаа хөтлөгдөнө. Утаагүй зуухандаа түүхий нүүрс, тэр ч бүү хэл, машины дугуй түлэхээр ямар элэнцгийн үр дүн гарах вэ. Хэдэн жилийн тэртээ утаагүй түлш хэмээх хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэхээр “Аморе интернэшнл” компанид 20 тэрбумыг өгсөн. Өдгөөг хүртэл хагас коксжсон түлш ч сураггүй, 20 тэрбум төгрөг ч сураггүй. Энэ талаар УИХ Засгийн газрын ам үдээстэй. Тэнгэрээс заяат чингисүүдийн ажил мөн байгаа биз. Хөх толбот босоо монголчууд 20 тэрбумыг нулимчихав уу.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс 3,6 тэрбумыг завшсан байж магад гээд тэднийг оргож зайлахаас сэргийлж гурван сар чандлан хорьж буйг харахад АТГ, шүүх, прокурор 20 тэрбумаа тавиад туучих газрууд биш шиг. Гэвч 20 тэрбумыг өчнөөн жил хулхидаж буй “Аморе интернэшнл” компанийг яагаад энхрийлээд байна? Нохойн амаар ороод өчнөөн жил өнгөрөхөд 20 тэрбумын нэхэмжлэгч-Засаг яагаад өдий хүртэл хохирно вэ. Коксжсон түлш хүлээж, түүхий нүүрс шатааж, хотын иргэдээ хордуулах, хайртай компанийн нь дэргэд юу ч биш гэж үү.
Урьд жилүүдэд хэвлэлээр цацагдаад сураг тасарсан мэдээг тоймолъё: Утаа бага ялгаруулдаг хагас коксжих түлшний үйлдвэр барих 20 тэрбум төслийн сургаар өмнөх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан, мөнгөөр сонгуульдсан паянгаар од болсон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Аморе интернэшнл” гэх амь нэг алтан нутаг компанидаа утаагүй түлшний үйлдвэр барих тендер буруу гараар авч өглөө гэж шуугисан. Үүнээс хойш дөрвөн жил өнгөрөв. Өдгөө утаагүй түлш байтугай 20 тэрбум сураггүй. 3,6 тэрбумаа Л.Гансүхээс нэхэж буй нь шударга нийгмийн зүй ёсны шаардлага мөн. Тэгэхээр шударгажиж буй нийгэм 20 тэрбумаа хаяхгүй биз. 20 тэрбумын нэхэл сох унтраагүйд дургүй хүмүүс дээгүүрээ бий.
АНУ мянганы сорилын сан олон зуун сая доллар манайд олгохдоо өгөөжөө өгөх чухал салбартаа үр ашигтай зарцуулж, хөгжлийнхөө гараанд нэмэрлээрэй гэж захьсан. Энэ сангийн хөрөнгөөр ямар ямар овойж оцойсон юм бүтээгээд, тэр нь эдүгээ хэдий чинээ ашиг өгч буйг дурсдаггүй. Хүний өгсөн юмаар юм хийгээд баяждаг айл байхад үрж хаячихаад заяаны гуйлгачин чигээрээ явдаг айл ч байдаг. ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт АНУ-аас өгсөн мянганы сорилын сангаас 50 сая ам. доллар II ДЦС-ыг түшиглэн барих үйлдвэрт зарцуулахаар зориг гаргасан нь түүний бөгснөөс ерөнхий сайд асан С.Баяр мотоордсон гэдэг. Учир нь Путинд Оюу толгой, Таван толгойнхоо ашиглалтын лицензийг ав гээд ам алдчихсан С.Баяр тэр том амлалт нь бүтэхээ болихоор хагас коксжих түлшний энэ тендерт ОХУ-ын “Сибтермо” компанитай хамтарснаар гэмээ бага ч атугай цайруулах ядарсан арга зохиосон гэдэг.
Оросын “Сибтермо” компани утаа бага ялгаруулдаг түлш үйлдвэрлэж огт үзээгүй, өөрөөр хэлбэл, ямар ч туршлагагүй, аглаг бөглүү Сибирийн, монголчуудад таарсан тааран шуудай байв. “Сибтермо” компани орон нутгаасаа утаагүй түлш үйлдвэрлэдэг туршлага заалгах багш хайгаад олсонгүй. Оросын нэг тосгоны ч юм уу түлш үйлдвэрлэдэг бяцхан үйлдвэрийн тоног төхөөрөмжөөс “будаа идээд” өөрсдөө Монголд үйлдвэрлэх утаагүй түлшнийхээ техник технологийг зохиож гарчээ. Зохиосон тоног төхөөрөмжөө хийлгэхээр (мэдээж манай валютаар) зөвхөн ОХУ-ын танил тал үйлдвэрлэгч нартаа шахсан нь хоорондоо угсарч таардаггүй баахан төмөр II ДЦС-ын хашаанд “монгол новш” болон овоорчээ. Нэг зальтай орос ах манай телевизээр орос техник технологи баараагүй, харин монгол нүүрс муудаад саатаж байна гэж маанаг маньдаа томорч харагдсан. Орос монгол хоёр хамтрахаараа ингэж л коммунизм байгуулдаг юм чинь гайхаад яах вэ.
Орос ахтайгаа хамтарсан “Аморе интернэшнл” компаний удирдлага 2012 оны 6-р сард “Ирэх 8-р сар гэхэд утаагүй түлшний үйлдвэр бүрэн ашиглалтад орно. 9-р сараас хотыг утаагүй түлшээр хангана” гэж хэвлэл мэдээллээр ам өгч байв. Мөн тэр үед тус компани хотын шинэ дарга Э.Бат-Үүлд “14 хоногийн дараа ашиглалтад өгнө” гэж ам бардам залж байсан мэдээ бас гарсан. Дараа нь шинэхэн ерөнхий сайд Н.Алтанхуягт “Сарын хугацаанд ашиглалтад оруулна” гэж шүлс залгиад бүр бултсан. Энэ үйлдвэр 20 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд үүнээсээ 2012 оны байдлаар 17 тэрбумыг зарсан гэх өчигтэй ч үнэн худал нь бүрхэг. Орос монгол хамтрагч төслөөс ахиухан мөнгө хувьдаа унагах шуналдаа хэт хөтлөгдөн хямд хулхи болгоныг сонгосоор эцэстээ үйлдвэр бүтсэнгүй.
Олон өвөл нийслэл хот маань түүхий нүүрс шатааж өвөлжив. Хайран 20 тэрбум минь. Дээр нь хэдэн өвөл хортой утаа залгилснаа санахад цээж гашуун оргино. Үрэгдсэн мөнгөө ярьдаг атлаа энэ 20 тэрбумыг дурсдаггүй нь хачин шүү. Увсынханд хууль үйлчилдэггүй гэдэг дэл сул яриа үүнээс харахад ортой ч юм шиг. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын нутгархах балгаас үүдэж 20 тэрбумаар хохирч, хотын сая гаруй иргэн түүхий нүүрсний хорт утаанд хэдэн өвөл нэрвэгдлээ. Сүрьеэ, хавдар, ургийн гажгийн гамшигт хариуцлага тооцвол ямар ял таарах бол? Шорон гяндан гэж худал сүржигнэж, хэдэн сар жилээр сунжралгүй юуны өмнө 20 тэрбум төгрөгөө л шууд төлүүлж хохиролгүй бол. 20 тэрбумаар хүүхдийн цэцэрлэг хэдийг барих вэ. Хог боловсруулах үйлдвэр барьсан ч болоосой.
Утаат өвөл айсуй. Түүхий нүүрсний дутуу шатсан өтгөн хар утаа дөрвөн уулаар хүрээлэгдсэн Туулын хонхорт хашигдаад, хотынхны уушгийг хордуулж, элэгний хавдарт нэрвэж, урагт гэм суулган урьд хожид үзэгдэж сонсогдоогүй сэтэрхий уруултай, цоорхой зүрхтэй хүүхэд төрнө. Амь нас нь ийм аюулд өртсөн монголчууд ёстой юу чаддагаа шавхмаар сан.
Гэтэл хорин жилийн турш хотын утааг сул мөнгө олох бохир бизнес болгов. Утаа багасна уу, ихэснэ үү падлийгүй. Үхрийн баас нүүрсний хогтой хольж зуураад утаагүй түлш гэж рекламдаад хэсэг бүлэг хүн эхний үед баяжсан. Дараа нь тодорсон утаагүй зуух гэгч утааг багасгаагүй, харин дэлбэрч орон гэрээр нь хөнөөж байв. Хотын утаанд хичнээн жил хичнээн тэрбум төгрөг төсвөөс үрснээ ил зарлахгүй нууна. Утаанд зарсан мөнгө нэмэгдэх тусам утаагаар бизнес хийгчдийн хэтэвч зузаарч, иргэдийн эрүүл мэнд хохирно. Хотын утаа нийслэлд нүүж ирэгч айлуудын яндангийн тоогоор жилээс жилд нэмэгддэг. Утаа нэмэгдэж буйг мэдэхийн цаагуур мэдэж, утааг багасгах нэрээр өчнөөн тэрбумаар мөнгө зарж, тэр мөнгийг завших луйвраа олсон хэсэг бүлэг этгээд хагартлаа баяжив. Энэ луйврыг мэдэхгүй хүн Монголд нэг ч байхгүй. Ашиггүй учраас борлодоггүй зуухны үнийн 66 хувийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх гэнэ. Шийдвэр гаргагчид, зуух үйлдвэрлэгчид хэтэвч нэгтэй гэх яриа бий. “Цэвэр агаар” сангийнхан хамраараа шиншилж үнэрлээд хотын утаа төчнөөн хувь буурчээ гэж илтгэнэ. Дугаар хорооны өндөр настан ноднингийн утаанд бүрэлзэж байсан хөршийн хашаа өнөө жилийн утаанд бүрэлзэхээ больжээ гэнэ. Утаагүй зуух, шахмал түлш гэгчид нэг ч төгрөг үрэлгүй өдий хүрсэн бол утаа өнөөдрийн хэмжээндээ л байх байж. Утаанд зарсан мөнгөө бүгдийг хураасан аваас хэдий анзааны дулааны шугам тавих байсан бол?
2014-10-02
Зочин
сүхээд
сүхээ
Зочин
Сүрьеэ хавдар урагийн гажиг-утааны балаг
Утаан дундаас гарах гарцаа олох
Зочин
Зочин
fg
Догсом
ариука
Зочин
Зочин
ЭНД ЕР НЬ ЧИНГИС, ХӨХ ТОЛБО ЯМАР ХАМАА БАЙНА АА?!
gt
нш
Ах
utaan dund udaah baih muu
khuyag
khuyag
Зочин
High technology
Рийчэр
Dorjgotov guai gaihamshigtai sain bichjee
Зочин
Зочин
Ха ха ха
Зочин
догсом
utaand bugdeeree adilhan ugaartna daa
Зочин
mongol
Зочин
Мөнгөний өвөө
Зочин
Нянгар
Зочин
Zochin
Аморе
Зочин
Зочин
Zochin
Bi
Bi
Bi
боги
Зочин
Зочин
Зочин
MGl
Зочин