Дипломат албаны 100 жилийн ойд зориулсан дурсамж

1982 оны зун Дорноговь, Сүхбаатар аймгийн хилийн участкаар аялаж, Монгол-Хятадын хил хамтран шалгах их ажлыг нугалалцсан гавьяатай хүний нэг нь би. Өнөөгийн өндөрлөгөөс гавьяатай л гэхээс аргагүй, хийсэн амжуулснаа эргээд нэг харахад.

1982 оны 6 дугаар сарын сүүлчээр бид хятадуудыг хариу урив. Хил дээр хээр майхнаа шаачихаад хивс дэвсээд газар суулгачихъя. Харин хонины хорхогоо застав дээр хийгээд машиндаа ачаад очъё, тэр болтол зууш, архиараа дайлъя гэж би сценар зохиов. Хонины хорхогоор очкоов авах санаатай. Замдаа сэгсчүүлээд очсон хорхого янзтай болжээ. Говийн тарган ирэг байсныг хэлэх үү. Ингэж анхны даваагаа давлаа.           
 
Гурав дахь уулзалт, хүлээн авалтыг хятадууд мөн л хил дээр хоёр гэр бариад лут хийж байна. Нэг гэрт нь найрлаад нөгөө гэрт нь кино тавьчихаж. Японтой дайтдаг эх оронч хүүхний тухай өвөр монгол кино байнаа. Өдрийн турш найрлалаа.

Бид үнэхээр гар нийлж ажиллаж байлаа. Монгол, хятадгүй эвсэг найрсаг. Дайсагнасан хоёр  хөршийн дайсагнал ер ажиглагдсангүй. Хятад руу сэлэм далайж буу онилон, дайтаж ялна гэх сэтгэхүй надад хэзээ ч төрж байгаагүй, тэр үед тархинд бүр ч гүн суулаа. Гэхдээ харилцан бие биенээ турших, тандах, мэдээлэл цуглуулах юм байж л таарна.

Газар нутаг дээр зөрөлдөөн гарч байлаа. Замын-Үүдийн зүүгээр улсын хил гэнэт баруун хойшоо эргэсэн зурвас бий. Хилийн 363-370 дугаар тэмдэгтийн хооронд Их замын зүүн захаар Шар хадны булаг гэж үзэсгэлэнт баянбүрд тэнд байдаг юм. Тэр хэсгийг 1960-аад онд шалгаж тогтоогоогүй орхисноос үүдэн тэнд маргаан гарлаа. Зам нь тодорхойгүй болж, зарим хэсгээрээ балартаж, хилийн шугам хаана яваа нь ч  мэдэгдэхээ больжээ. Бүтэн сар ажил гацаасан маргаан л даа. Манайхан хятадын нутаг гээд ойртдоггүй, хятадууд болохоор монголын нутаг гээд ойртдоггүй, онгон зэрлэг болсон газар бид 1982 оны 7 дугаар сард явж очиж байгаа юм. Хоёр гурван түүхэн овоо байна. Жинчид түүгээр явж Бээжин Да хүрээний хооронд жин тээдэг байснаас "Их зам" гэж нэрийджээ. Ер нь "Их зам" гэж нэрийдсэн газар 379-383 дугаар тэмдэгт дээр тааралдаж, мөн л туслах чанарын багана босгож байв. Маргаж маргаж ажил зогслоо. Бид ч төвдөө уламжиллаа. Би өөртөө томилолт гаргуулаад Улаанбаатар руу явлаа. Бараг гурван сар хотдоо очоогүй, гадаадаас ирж байгаа аятай, их өндөр сэтгэгдэлтэй галт тэрэгнээс буулаа. Бас гэрийнхэндээ бяцхан бэлэгтэй.

Хил шалгах төв комиссын зөвлөх Б.Цэдэн-Иш (НАХЯ-ны орлогч сайд, дэслэгч генерал, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин) Замын-Үүдэд очиж бидний зөвлөхөөр ажиллах болжээ. Төв комиссынхон ч Эрээнд уулзалт хийхээр Замын-Үүд рүү гарлаа. Би тэдэнтэй нэг цуваанд БХЯ-ны Л.Лувсан даргын УАЗ 469-д орчуулагч дипломатч Ө.Гүрсэд гуайтай хамтдаа явлаа. Хил шалгах төв комиссын дарга нь ГХЯ-ны хэлтсийн дарга Г.Нямдоо гуай, би тэгэхэд сайн танилцлаа. Хилийн ба дотоодын цэргийн штабын дарга хурандаа Ж.Дашдаваа, хурандаа Санжаа, дэд хурандаа Дамчаабадгар, Ламжав,  газар зүйн эрдэмтэн Ц.Бадамжав, Геодези зураг зүйн газрын дарга Рагчаа, бичээч Саранчимэг гэх мэт нэлээд олуулаа явсан юм. Хилийн ба дотоодын цэргийн штабын дарга явж байгаа юм чинь харьяа ангиуд нь хөл алдаад жигтэйхэн. Бид замдаа Мааньтын хорихоос мал хуй гаргуулаад хээр очиж найрлалаа. Морьтын хишиг явганд гэгчээр мань мэт л жаргаж явлаа. Орой нь Сайншанд орж буудалд хоноод өглөө эрт Улаан-Уул руу гарч өглөө. Замдаа манайхан тарвага агнаад Улаан-Уулын отряд орж боодог хийлгэв. Тусгай гэр бариулчихсан лут найрлаж байнаа. Отрядын дарга нь Доржсүрэн гэж хошууч, Улс төрийн хэлстийн дарга нь ахмад Бүлтэн, штабын дарга нь ахмад Дүүмаам бил үү, Хүүхэндүү бил үү нэг гялалзсан залуу байсансан. Найрлаж найрлаж орой нар жаргах үед Замын-Үүддээ ирлээ. Б.Цэдэн-Иш генерал өндөр настай хүн тул бидний аяыг даахгүй гээд вагоноор иржээ. Тэр үед Бээжинд атташе байсан Х.Аюурзана мөн Хятадаас галт тэргээр ирсэн байв. Орчуулгад нэмэр болгох зорилгоор Ө.Гүрсэд гуайн төрсөн дүү Ө.Дашдорж гуай (надтай хамт радиод ажиллаж байсан) салбар комиссоос дуудагдан орон нутгаас бас иржээ. Тэр үед чинь Замын-Үүдийн ганц люкс буудал нь одоогийн өртөөний төв байрны арын ганц хоёр өрөөнүүд байсан юм. Тэр хэд өртөөн дээрээ байрлаад, хуралдаад, хүлээн авалтаа хийгээд, өртөөнөөсөө гарах шаардлагагүй. Бид Замын-Үүдийн шалганы өвлийн байранд байрлаж байв.     

Комиссынхон Эрээн орж хуралдаад Шар хадны булгийн газар нутгийн маргааныг ингэж шийджээ. Тэр хэдэн түүхэн овоо бүхий газрыг бид өгнө. Харин Ховдын баруун хилээр өгсөн шигээ газар авна гэж. Чингэхдээ голын усны дундуур зааглана гээд заачихсан. Гэм нь говьд тэр гол нь ширгээд алга болчихсон. Гэхдээ гол байсан сайран дээгүүр бид хилийн шугамаа тогтоож, хилийн 363-370 дугаар тэмдэгтийн хооронд 20 туслах чанарын тэмдэг босголоо. Ингэхдээ 45 гаруй км урт хилийн шугамыг шулуун шугам болгож өөрчиллөө. Эртний жинчид хойноосоо ирээд гол гатлаад амрахдаа овоон дээр чулуу овоолсоор байгаад босгочихсон байж. Ингээд түүхэн овоонууд Хятадын газрын зурагт орлоо. Бүтэн сар ажил зогсоосон Шар хадны булгийн маргааныг дуусгасан тул бид хятадуудтайгаа хээр найрлалаа.

Ингээд хээрийн ажил цаашаа жигдэрлээ. Ноцтой маргаан гарсангүй. Гар нийлнэ гэж жигтэйхэн. Малын дайсан хоёр чоно баахан зээр хөөж явахтай бид гэнэт таарлаа. Ажлаа зогсооцгоогоод нэг чоныг нь бид хил рүүгээ оруулаад ГАЗ 66-гаараа элдлээ. Нөгөөхийг нь хятадууд хил рүүгээ оруулаад элдээд алга боллоо. Бид буутай яваагаа тас нуучихдаг байсан юм. Хээр, хил дээр ямар ч солиотой амьтан, хулгайч явах юм билээ. Халдлагад өртвөл яахав. Тэд ч том алчуураар боочихсон АК хэдтэй, бид бас 2-3 АК-тай. Ингээд чоно хөөгөөд хил рүүгээ орсон биш, бид АК-гаараа галлаад л, нөгөөдүүл хилийн цаана автоматын галаар пажигнуулж өгч байна. Тэд ч бид ч чононуудаа алсан даа. Бид ээлжилж буудаад, над дээр ээлж ирэхэд нь би хөлийг нь тас буудчихав. Ачааны машины явдал дунд мэргэн буудсан байгаа биз. Нөгөөх чоно чинь өрөөсөн хөлгүй ойчоод өгөв. Тоормосоо гишгээд гишгээд жолооч маань зогсоож чадсангүй, нөгөө чоноо дайраад гарав аа. Эргээд иртэл нөгөөх чинь өндийгөөд ирж байна. Ёстой хоншоортой амьтан юм аа. Манай тогооч цэрэг бууж очоод хулхин дундуур нь АК-дав. Орой нь чоноо өвчих юм болж өмхийгөөс нь айгаад цэргүүдээр жалганд аваачиж янзлуулав. Чоно алсан хийморьтой явдлаа тэмдэглээд хятадуудын өгсөн бэлгийн архи хувааж уув. Тэр чонын арьс, шагайг манайхан надад бэлгэлэсэнийг би Замын-Үүдэд очоод Шалган нэвтрүүлэхийн даргад бил үү, нэгэнд нь бэлгэлчихсэн юм.      

Бид 9 дүгээр сард Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт ажиллав. Зээр агнаж идээд л, хонь ямаагаа нөөцлөөд л, таргалуулаад л. Онгон суманд хилийн отрядын дарга нь Шинэжил гэж хошууч, манай хэсгийн дарга дэслэгч Нарангэрэл бол тэр отрядын офицер, нөгөө гар буу өгч Эрээнд томилдог Гантөмөр гуай ч мөн эндхийн ахмад хилчин. Онгон суманд хэл үггүй, маргаангүй сайхан ажиллаа. Шилийн богдыг ч очиж үзлээ. Эх орныхоо хилээр бүтэн 5 сар аялжээ. Надад бол үнэхээр дурсгалтай үйл явдал болжээ. Хилийн цэрэг, хил хамгаалахын талаар анхны "А"-тай болжээ.

Бид 9 дүгээр сарын 12 гэхэд хамтран шалгах хээрийн ажлаа дуусгаад Замын-Үүддээ ирлээ. Бид хамтран шалгах ажилдаа нийт 99 өдрийг зарцуулж, элдэв зүйлийн шалтгаанаар 46 өдөр саатаж, хил дээр нийт 53 өдөр ажиллаж, хуучин байсан хилийн 60 үндсэн тэмдэгтэд (багана) нэг бүрчлэн шалгалт хийж, сэлбэн засварлаж, 60 үндсэн тэмдэгтийн хооронд нийт 67 туслах чанарын багана хамтран босгожээ.

Бид хээр хийснээ, тухайлбал хилийн шугамыг шалган тогтоож, шинээр нэмэлт багана тэмдэгтүүд босгосноо цаасан дээр буулгаж, эрх зүйн үүднээс баталгаажуулах ажлаа дуусгахаар сууж ажиллах л үлдлээ. Замын-Үүдэд  хилийн том хаалга бий, түүний хажууханд ижил дугаартай хосоор босгосон төрийн сүлдтэй хилийн 357 дугаар багана байгаа. Тэр баганын хажууд хээрийн палаатак барьж аваад конторлов. Хилийн протоколыг монгол, хятадаар бичнэ гэсэн үг. Намрын сэрүү орчихсон, бид бээвийтэл сууж байгаад дуусгасан даа. Энэ ажлыг гардан хийх үүрэг над дээр буулаа. Хятадын талын Раашдаваа гуайтай хамтран хийсэн гол ажил маань энэ байлаа.

Ажлаа дүгнээд Замын-Үүд, Эрээнд харилцан хурал зохион байгуулах ёстой. Анх Эрээнд эхэлсэн бол Эрээнд (Нийт 5 удаа хуралджээ. Хятадын талд 3 удаа, Монголын талд 2 удаа) төгсгөж салсан юм. Түүний өмнөхийг бид урьж хийх учиртай. Үүн дээр нөгөөх ёслолын ажлынхаа хур туршлагыг би гаргалаа даа. Миний зохиомжоор болсон юм. Эхлээд хонь ямаануудаа зарж дуусгалаа. Манай мал тэмдэгтэй, хаана ч танигдахаар. Учир нь ачааны машины тэвшинд улаан тосон будаг (сүлд, дугаарын тоо буддаг) асгарчихсан тул бүгд улаан эрээн толботой. Тэр намар улаан тосон будаг түрхчихсэн баахан хонь ямаа Замын-Үүдэд зарсан юм. Хэрэв авч идсэнээ санаж байгаа хүн байдаг бол, тэгээд миний энэ дурсамжийг уншиж байгаа бол зарсан эзэн нь би байна л даа.

Гайгүй мөнгө хуримтлагдлаа. Тэр үед Замын-Үүд чинь хилийн тусгай бүс гээд хангалт сайтай, нийслэлд ховор бараа нэлээд байх. Ялангуяа архи умдааны төрлийнх. Шампанск, коньяк, төрөл бүрийн пиво. Бүгдээс нь авлаа. Ширээгээ дүүргэх, сонирхуулах зорилгоор. Хэд хэдэн төрлийн хоол хийхээр меньюг би зохиов. Бас л ширээ дүүргэхээр янз бүрийн зууш зохиомжлов. Замын-Үүдийн өртөөний байрыг эзэгнэлээ. Дарга нь юм шиг л би тэнд командлаад л, рестораныг нь ч би мэдэж хаалгаж нээлгэдэг боллоо. Цэрэг авчруулж гадуур нь харуул гаргаад, согтуучууд золбин иргэдийг хөөж явууллаа. Замын-Үүдийн ганц клубыг хаалгаж тусгай үзвэр бид зохион байгуулах юм болов. Бас л миний зохиомж. Сайншандаас кино авчруулсан чинь уран сайхны ганц ч монгол кино алга, тэр нь Улаанбаатараас ирдэг юм гэнэ. Дан баримтат кино, бас тэгээд Монгол-Зөвлөлтийн найрамдлыг баахан харуулжээ. Тэр нэг тиймхэн боллоо. Зөвлөлт, Хятад хоёр ид дайсагнаж байх үед. Гэхдээ үзүүлсэн болохоос аргагүй. Учир нь тэнд тэгж цаг нөгцөөхгүй бол ресторан дараагийнхаа хоолыг хийх цаггүй болчихно. Үдийн хоол идүүлж дараа нь кино үзвэр, дэлгүүр энэ тэр гэж зугаацуулаад оройн хоолонд аваад ирье гэсэн хөтөлбөртэй.

Ингээд болзсон өдрөө хил дээр бид тосч авав. Нөгөөдүүл чинь хоёр ногоон жипээр дүүрэн, 10-уулаа чихчихэж. Монголын хил даваад монгол хотод анх удаагаа ирж байгаа. Бараг бүгдээрээ. Намрын сэрүүн орсон, салхитай, хуйсгануур, бүрхэг өдөр байлаа. Замын-Үүдийн өртөөний 1-р давхрын том зааланд хэлэлцээгээ эхлэв. Хээрийн ажил амжилттай явагдсаныг тэмдэглээд, түүнээ эрх зүйн үүднээс баталгаажуулах ажил, хилийн протокол бичилтийн явцыг харилцан ярилцав. Орчуулгын голыг Ли Фэнхуа нугалж, би оролцож, би бас тэмдэглэл хөтлөв. Үдийн өмнөх хуралдаан амжилттай явагдаж байтал өртөөний рестораны дарга намайг дуудуулж байнаа. Гараад очтол тог тасархчихсан, хоол түүхийрэх нь гэж байна. Тэр үед тог нь тасрахаар ус нь бас тасарчихдаг тул бүр хэцүүджээ. Жорлон, угаагуураас аваад монголын нэр төрийг хөөдөх юм мундахгүй. Тог яадаг юм гэсэн чинь Сайншандаас тог өгдөг, тэр нь алга гэж байна. Би ч яахав Сайншанд руу утас цохилоо. Эрчим хүчнийх нь албаны хүмүүстэй ярьтал төвийн эрчим хүчний системтэй ярь гэж байна.

-    Үгүй ээ, энд ийм чухал уулзалт болж байна. Залгаад хүлээн авалт хийнэ, хамаг хоол түүхийрлээ гэсэн чинь
-    Муусайн хятадууд яадаг юм гэсэн хариу хэлээд бараг намайг тавлаж байна.
-    Биш ээ, муусайн байх тусмаа бид эх орныхоо нэр хүндийг авч гарах хэрэгтэй! гэж би байдгаараа хэлээд нэмэр алга. Тэгж тэгж
-    Тог өгнөө, хүлээж л байхгүй юу гээд л утсаа тасалчихав.

Би ч дор нь шийдвэр гаргалаа даа. Замын-Үүдийн өртөөний гадаа гурван том чулуу олж тавиад ил гал өрдөөд хоолнуудаа том тогоонд хийж авчраад буцалга, болго, харин хятадуудад харагдуулж болохгүй. Мэргэн шийдвэр байгаа биз, өөр яах юм бэ, ямар тог тасарсан уучлаарай гээд тэднийг өлөн буцаалтай биш. Чулуу хайж жаал давхилдсан байх. Мод чулуу, гал хош гээд бөөн л юм болж таар аа. Намрын зэврүүн өдөр гадаа утаа май тавиад л,  тогооч нар гүйлдээд байдаг.

Тэгж тэгж хоол боллоо шүү. Би ч хэдэн удаа гарч гүйв, бүү мэд. Өртөөний рестораныг цэвэрлээд бэлтгэчихсэн, тэндээ гал дээр болсон хоолоор дайллага хийв. Архи дарсыг чамгүй гаргалаа. Сонголт ихтэй. Хятадууд маань жорлон ордог, усгүй, тэр нэг тиймхэн. Замын-Үүдийн барааны ганц дэлгүүрийг бэлтгүүлчихсэн байгаа. Хүний 20 төгрөг дугтуйлаад өгчихсөн. Бид цуваагаар дэлгүүр рүү хөдөллөө. Тэд манай дэлгүүрийг  сонирхож байна, үзэж байна. Харин 20 төгрөгөөр юу ч авах билээ дээ.

Тэд гараад л ийш тийшээ хараад сонжоод байна. Нэг нь "Танай оросууд чинь хаана байна?" гэж асуудаг юм байна. - Замын-Үүдэд ганц ч орос байхгүй ээ гэлээ. Гайхаж байгаа гэж жигтэйхэн. Бодвол тэднийг баахан орос цэргийн дунд яваад орчихно, Монгол улс тэр чигээрээ оросжсон гэж Бээжингийн суртал нэвтрүүлэг цэнэглэсэн бололтой, ажаад байхад. Нөгөө надад цэнэгтэй гар буу өгч Эрээн рүү явуулсан, эдний байж байгааг, яг адилхан. Эд ч бас цэнэгтэй гар буу хаа нэг газраа нууж авч орж ирснээс зайлахгүй боллоо. Дайсагнал гэж нэг иймэрхүү л юманд хүргэнэ дээ хэмээн бодож, инээд хүрч суув. Хий дайсагналаас болж би дурсгалын ганц ч гэрэл зураггүй үлдсэн юм. Одоо их харамсдаг.

Хүсэн хүлээсэн тог маань Сайншандаас ирсэн мэдээ надад өглөө. Тэндээсээ клуб руу аваад явлаа. Тог ирээд удаагүй байгаа бололтой. Зэвхий харанхуй том танхимд бид хэдүүлхнээ баримтат кино үзэв. Монголын урлаг, байгалийн тухай киног гайгүй сонирхож байна. Гурав дахь нь Эрдэнэтийн тухай, Монгол-Зөвлөлтийн найрамдлын тухай кино байна. Тэд ёстой нэг уйтгартай үзлээ. Эвшээлгээд л, хоорондоо ярилцаад л. Оросуудыг харах тусам зэвүү нь хүрч байгаа бололтой. Кино дууслаа. Оройн зоогондоо урилаа. Тог ирчихсэн, манай тогооч нар маадгар байна. Бүх юм жин тан. Оройн зоогийн үед шампанск буудуулж үзүүллээ. Хятадууд маань давхийтэл цочоод, хөөсөрсөн архи анх удаа ууж үзэж байгаа гэнэ. Хоёр дахиа задлах гэтэл нөгөөдүүл маань  нүдээ тас аниад чихээ бөглөөд ширээний цаагуур нуугдаад, мөн инээдэмтэй явдал болж байнаа. Орос архи ууж үзлээ гээд л олзуурхаад ярилцаад байна. Орой бүрэнхий болсон хойно тэднийг сүлдтэй багана хүртэл гаргаж өгөв. Баганы дэргэд дахин архи задлав. Бүгдэд нь бэлэг өглөө. Савхин бээлий, түрийвч, өөр юу ч байлаа даа. Энэ бүхэн бүгд миний менежмент, миний дипломат ажлын дадлага байлаа. Хэрэв Сангийн яамны 300 төгрөгөөр аргал гэсэн бол яаж үхэх байсан бол оо?

Хэдэн өдрийн дараа 10 дугаар сарын 8-нд сүүлчийн уулзалтаа Эрээнд хийлээ. Тэр үеийн Эрээн бол одоо төсөөлөгдөхгүй л дээ. Уртаашаа ганцхан зочид буудалтай, тэр нь 3 давхар, хамгийн өндөр барилга нь тэр, нэг өндөр хоршоотой, км хүрэхгүй нэг өргөн чөлөөтэй, хүмүүс нь биднийг бүчиж аваад л, дагааж хуйлраад л, манай УАЗ-ыг тойрч шаваад л хачин угтлаа. Дандаа ижил хувцастай, дарга цэрэг нь ялгагдахгүй.

Биднийг нөгөө ганц лут зочид буудалдаа хүлээн авлаа. Дугтуйнд 5 юань хийгээд хүн бүрийн өмнө тавьчихаж. Хил шалгах ажлаа харилцан дүгнэлээ. Ёслолын чанартай уулзалт, гарын үсэг зурах ёслол болов. Кино үзүүлээд яахав, харин Эрээн хотоор зугаалуулъя гэж байна. Бид ч нөгөө мөнгийг нь халааслаад дагаад гарлаа. Эрээний дэргэд манай Замын-Үүд хамаагүй гэгээлэг харагдаж байв. Манай Замын-Үүд чинь дэргэд нь ёстой диваажин байсан байжээ. Үүнд үнэмших хүн одоо байдаг болов уу?

Бид хотоор аажуухан алхсаар нөгөө өндөр хоршоонд нь очлоо. Өндөр гэдэг нь хоёр давхар, дээрээ айл суудаг аятай. Харин бараа нь нүд унагахаар. Тэр үед монголчуудын үхэлддэг бүх юм байнаа. Тэр үед чинь монголчууд хятад халуун сав, будаатай шаазан, сумтай үзэг, торго, хилэн шаахай, нусны алчуур гэсгээд цаашаа юу ч сонирхдоггүй байсан юм шүү дээ. Бид дор бүрнээ л наймаа хийлээ. Би өөртөө ба аавдаа тус бүр нижгээд үзэг, нүдний шилний гэр, нусны алчуур авсан санагдана. Шаазанг болохоор бэлэглэнэ бүү ав гэж хятадууд хэлж байна. Эргэж ирээд үдийн зоогондоо уригдав. Тэр маань үргэлжилсээр бараг орой болгосон байх. Дайлуулж  дайлуулж орой хирд хилийн багана руугаа хүрсэн байх. Тэнд мөн манайхны жишгээр архи задалж, бэлгээ өгөөд биднийг баяртай гэх нь тэр.  
     
Тэр үед хил дээр хамт ажиллаж явсан хятадын төлөөлөгчдөөс эдүгээ Ли Фэнхуа л надтай гэмгүй хэвээрээ. Тэр зун бид хоёр өөрийнхнөөсөө нуугдаж байгаад нөхөрлөлөө  дурсаж байя хэмээн бугуйн цагаа солилцож билээ. Надад "Дорнын салхи" маркийн лут цаг өгсөн. Харин би гайгүй сайн орос цаг өгсөн юм. Тэрээр Эрээний хилийн цэргийн ангид улс төрийн орлогчоор  ахлах хурандаа цолтой (4 том таван хошуутай) ажиллаж байгаад чөлөөндөө гарсан. Намайг Эрээнээр явах тоолонд уулзаж дайлж зочилж байдаг дотно нөхөр минь юм. Бусад нь бүгд тэтгэвэртээ гарсан гэсэн байх.

Бид хилийн ажлаа бүрэн дуусгаад ажлаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан дахь хилийн отряд дээр салбар комисстоо хүлээлгэж өгөөд 1982 оны 10 дугаар сарын сүүлээр төрөлх хотдоо эргэн ирж билээ. Хил шалгах ажилд сайн зүтгэлээ гэж намайг НАХЯ-ны Сайдын сайшаалын үнэмлэхээр шагнасан юм даа. Түүн дээр хурандаа генерал С.Лувсангомбо гэсэн гарын үсэг бий.