Франц амт-Франц гайхамшиг
Өнгөрсөн 3 дугаар сарын 19-нд Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны ивээл дор зохион байгуулсан франц хоолыг сурталчлах “Франц хоол-франц гайхамшиг” оройн зоогт уригдан оролцов.
Хоолны ертөнцөөр аялахуй
Ингээд дэлхийн улс үндэстний хоол, гал тогоо, хооллох соёлын талаар судалж мэдсэн зүйлээсээ эрхэм уншигчиддаа хүргэх санаа төрж, энэхүү цуврал нийтлэлээ энэ жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйг бэлгэдэн Франц улсаас эхэлж байна.
Францчууд хоол бэлтгэх урлагийг эртнээс хүндэлж ирсэн ард түмэн юм. Франц үндэстний хоол, гал тогоо нь Европтоо төдийгүй дэлхийд алдартай билээ. Тэд ур чадвартай, авъяаслаг тогоочийг шүлэгч, яруу найрагчтай адил зиндаанд тавьж хүндэлдэг аж. Үүний нотолгоо нь францчууд "Хоолны жор бол уран бүтээлийн суурь, харин жинхэнэ тогооч л түүнийг амьдруулж чаддаг" хэмээн үздэг явдал юм. Тиймээс ч 2010 онд Францын хоол хийх урлагийг ЮНЕСКО соёлын биет бус өв хэмээн бүртгэж авчээ.
XIY, XY Людвик хааны үед францчуудын хоол хийх урлагт асар их дэвшил гарсан бөгөөд зоогийн газрын үйлчилгээ, тогоочийн мэргэжлийн нэр хүнд их өсчээ. Хоол хийх урлагийг хөгжүүлэхэд засгийн зүгээс ч зориуд анхаарал тавьж байсны жишээ нь нэгэн герцогийн тогооч сүмс бэлтгэхэд шаардагдах 50 гахайн гуя өгөхийг хүсэхэд түүний хүсэлтийг тэр даруйд нь биелүүлж байсан баримт юм. Хүнсний зүйлийг нөөшлөх ( консервлох) аргыг XYIII зуунд анхлан нээсэн Ампер гэдэг тогоочийг Францын засгийн газраас 12000 франкаар шагнаж урамшуулж байжээ. Эдүгээ дэлхийн олон орон, түүний дотор монголчуудын танил болсон олон хоолны нэр, тухайлбал, ороомог (рулет), шабмаг (котлет), сүмс ( соус ), тосон сүмс (майонез), шарсан мах (антрекот), жаврай (омлет) зэрэг нь францаас гаралтай бөгөөд франц нэрээрээ дэлхийд түгжээ.
Францчууд хоолондоо малын мах, шувуу, загас, тэнгисийн бусад амьтан, ургамал, төрөл бүрийн ногоо, жимсний зүйл, халуун ногоо, ааг амттан, сүү, сүүн бүтээгдэхүүн, дарс зэргийг өргөн хэрэглэнэ. Шанцайн амт оруулагчаар найруулсан ногооны шанцай, шинэ болон нөөшилсөн ногоо, жимсний зууш, шанцай, тэдгээрийг мах, шувуу, загас, наймаалж, лангуст, хавч, өндөг зэрэг бусад зүйлтэй хольж бэлтгэсэн хоол, зуушны нэр төрөл маш олон байдаг. Хоол, зууш бэлтгэхдээ усанд болон ууранд чанах, хайрах, шарах, жигнэх, битүү хайрч жигнэх зэрэг халуун ажиллагааны аргуудыг хэрэглэнэ.
Францчууд хийсэн хоолондоо "Анда", "Кармен", "Миньон" гэх мэт сайхан нэр оноож өгөхөөс гадна аливаа хоолыг давтагдашгүй сайхан амт, үнэр, өнгө үзэмжтэй бэлтгэх, таваглах, хачирлах, чимэглэхэд гойд анхаардаг байна.
Зуушны төрлөөс лангуст, хар түрс, омар, хэндэл, согог загас (лосось), шараад хөргөөсөн гахайн мах, салями маягийн утмал хиам, хав загас (устрица) зэргээр бэлтгэсэн зуушны зүйл нэлээд түгээмэл юм.
Франц үндэстний хоолыг төрөл бүрийн сүмсгүйгээр төсөөлөх аргагүй юм. Тэд 3000 гаруй нэр төрлийн сүмс, бусад амт оруулагч бэлтгэдэг. Франц үндэстний хоол, гал тогооны өөр нэг онцлог нь тэд хоол бэлтгэх, нөөш хийхэд усан үзмийн хуурай, хагас хуурай дарс, конъяк, ликер зэргийг өргөн хэрэглэдэг явдал юм.
Франц үндэстний хоолны нэгэн чухал хольц нь төрөл бүрийн бяслаг байдаг. Энд 300 гаруй нэр төрлийн бяслаг хийдэг бөгөөд тансаг хоол, идээ, амтлаг хоол, зуушинд бяслаг заавал оруулдаг. Бяслагийг шарж төрөл бүрийн хоол бэлтгэдэг.
Дан өндгөөр болон өндөг оролцуулан олон нэр төрлийн хоол, зууш бэлтгэнэ. Өндгөн жаврай (омлет) нь францчуудын өдөр тутмын хоолны нэг төрөл байдаг бөгөөд мах, ногоо, бяслаг, талхыг өндөгний зуурмаг (льезон)-т дүрж төрөр бүрийн бүрмэл хоол бэлтгэнэ. Яншуй, ишгэн шарилж (чабер), лаврын навч зэргийг хольж бэлтгэсэн ааг амттаныг түгээмэл хэрэглэнэ. Хоёрдугаар хоолны хачир, бусад хоолонд артишок, хэрээн нүд, зираа (латук) зэрэг ногоог түгээмэл хэрэглэнэ. Эдгээр ногоог гол төлөв чанаж болгодог.
Францад ногоо чанах нарийн технологи баримталдаг. Тухайлбал, шинэ ногоог давстай буцламгай усанд, хатаасан ногоог хүйтэн усанд хийж таглаагүй саванд чанаж болгодог.
Францчууд хоолны материалыг ариг гамтай зарцуулдаг, бас ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг эрхэмлэдгээрээ онцлог юм. Франц айл хүнс хоолоо ихэвчлэн 10-30 хоногоор базааж нөөцлөнө. Айл бүрт хэд хэдэн хөлдөөгч, дарсны агуулах их бага хэмжээгээр байна. Харин өглөө бүр шинэ талх, боовыг цайндаа хэрэглэхийг эрхэмлэнэ. Ташрамд тэмдэглэхэд францчууд ийнхүү зөв хооллож хоол хийхдээ ач холбогдол өгдөг болохоор тэнд илүүдэл жинтэй хүн ховорхон.
Францчууд шөл, түүнчлэн махыг харьцангуй бага хэрэглэх ба долоо хоногт 2 удаа махны шөл хэрэглэж бусад өдрүүдэд сонгино, өндөг, тосоор найруулсан ногооны шөл хэрэглэж заншжээ. Шөлтэй хоолноос хачиртай дан шөл, зутан шөл зэргийг хэрэглэнэ. Дан шөлний хачирт хайрсан талх, жижиг пирожки, төрөл бүрийн мах, ногоо, гурил, будаа, өндгөөр хийсэн бүтээгдэхүүн өгнө. Зутан шөлийг махан бүтээгдэхүүн, гэрийн тэжээмэл болон агнуурын шувууны мах, хавч, наймаалж, ногоон вандуй, өнгөт байцаа, улаан лооль, хэрээн нүд ( спаржа) зэргээр бэлтгэдэг. Тараг, зөөхий, аарц, цөцгий зэрэг сүүн бүтээгдэхүүн тэдний өдөр тутмын хоолны цэсэнд тогтмол ордог.
Францчуудын хооллолтын дэглэм ч өвөрмөц онцлогтой. Тэдний хувьд хоолны тухай ойлголт хамгийн энгийн зүйлээс эхлэх ба хоолны хэрэгсэл, ширээний бүтээлэг, ам арчих алчуур, цаас, гал тогоо, хоол идэх өрөө, хоолонд тохирсон дарс, амттан зэргийг иж бүрдэлээр нь хамруулан ойлгоно Тэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо цуглан сууцгааж халуун дотно яриа өрнүүлэн тааваараа хооллодог заншилтай бөгөөд хооллох өндөр соёлтой ард түмэн юм. Ирсэн зочиндоо өөрсдийн хийсэн хоолныхоо жор, бэлтгэх аргыг хэлж өгч, сонссон нэг нь туршиж үзэж, ямар санагдсан тухайгаа илэн далангүй ярьдаг нь жирийн үзэгдэл.
Өглөөний цай нь хөнгөн, энгийн төсөр байх ба сүүтэй кофе, талх, цөцгийн тос төдийхнөөс бүрдэнэ. Энэ нь францчууд ажилдаа очихдоо ходоод дундуур, ухаан сэргэг байх ёстой гэсэн амьдралын зарчим баримталдагтай холбоотой гэж үздэг аж. Өглөөний хоёрдох хоолоо үд орчимд идэх ба энэ нь англичуудын ленч гэж нэрлэдэг бага үдийн хоолыг бодвол хэмжээгээр арай арвин байдаг. Бага үдийн хоол нь загас, ногооны зууш, шанцай, эсвэл хэрчим хиам, цөцгийн тос, сүмстэй талх, дараа нь шарсан мах буюу загас, эсвэл жигнэсэн ногоо, бяслаг, жимсний зүйлээс бүрдэнэ. Хоолны дараа аяга кофе, хундага хатуу дарс, эсвэл цагаан архи уудаг. Зарим хүмүүс хоолныхоо дараа кофены оронд цай, какао уух тохиолдол бий. 17 цагийн орчимд хүүхдүүддээ цөцгийтэй жигнэмэг, эсвэл шоколад өгдөг. Оройн хоолоо гэр бүлээрээ хамт иддэг заншилтай бөгөөд энэ нь хоёр төрлийн зууш, шөл, шарсан буюу жигнэсэн мах, ногоон хоол, амтлаг хоолноос бүрдэнэ. Франц эзэгтэй нарийн боовны зүйлийг өөрсдөө бэлтгэхээсээ дэлгүүрээс авч хэрэглэхийг голчилдог байна.
Баярын ширээнд хоол тус бүрийн онцлогт тохирсон дарс заавал тавина. Түүнчлэн анхилуун кофе ууж түүнийгээ конъяк, ликер, эсвэл хандалсан жимсээр даруулдаг заншилтай. Франц улс нь төрөл бүрийн жимсний болон оргилуун дарс үйлдвэрлэх талаар дэлхийд алдартай билээ.1680 онд Францын Шампань мужид Доминикан гаралтай Периньон анхны оргилуун дарс үйлдвэрлэсэн бөгөөд энэ үеэс шампанское (champagne) гэдэг нэр үүссэн гэдэг. Хоолны газрын, юуны өмнө зоогийн газрын үйлчилгээнд хоолыг гар дээрээс таваглан олгодог арга францаас гаралтай бөгөөд эдүгээ дэлхийн бусад улс, орнуудад орнуудад энэ аргыг түгээмэл хэрэглэж байна. Түүнчлэн зоогийн газарт хоолыг захиалгын дагуу бэлтгэдэг арга ч францаас гаралтай гэж үздэг.
Францаас ирсэн зочин, жуулчдын хоолны цэс зохиохдоо тэд хоолыг нэг удаад харьцангуй бага хэмжээтэй хэрэглэдэг, хурц ааг амттанаар амт тохируулсан зууш, маслин, каперс, шинэ улаан лооль, өргөст хэмх, загасан хоол, жаврай, будааны хачир, зөөхийтэй аарц, зөөхий, цөцгийнд илүү дуртай зэргийг зориуд бодолцох хэрэгтэй. Францчууд махыг шарж болгохдоо дотроо шүүрхийдүү бэлтгэдгийг бас анхаарах нь зүйтэй.
Ингээд дэлхийн улс үндэстнүүдийн хоол, гал тогоо, хооллох соёлын талаар уншигч олондоо толилуулах цуврал нийтлэлийн эхнийхийг Францын алдарт тогооч Алайн Докассын “Франц хоол бол юуны түрүүн бүтээгдэхүүн, цаг улирлын аясыг дагах урлаг юм. Түүхий эдийн боломжоосоо шалтгаалан өөрчлөгдөх хэдий ч хоол хийх үндсэн арга барил, бүтээгдэхүүнд тавих анхаарал нь нэг л байдагт франц хоолны ид шид, зохицох чадварын нууц оршино. Франц хоол бол соёлын олон төрөл зүйл болон ертөнцөд хандах хүндэтгэл билээ.Өгөөмөр зан, сайн, сайхан болгоны хайрыг бидэнтэй хуваалцахыг урьж байна” гэсэн сэтгэлийн сайхан үгээр төгсгөе.
Франц бифштекс
Жор: үхрийн мах 600, мөөг 250, хоёр ширхэг өндөг, гурил 20, гахайн тос 60, давс, повоор
- Энэ бифштексийг залуу малын махаар бэлтгэх нь тохиромжтой. Үхэр, тугал, хонь, гахайн махны алинаар нь ч бэлтгэж болно.
- Шинэхэн мөөгийг цэвэрлэж угаагаад жижиглэж татна.
- Махаа машиндаж үүндээ мөөгөө хольж, өндөг, давс, повоороор амт тохируулан шанз бэлтгэнэ.
- Шанзнаас таслан авч урт зууван хэлбэр дүрстэй бифштекс хэвлэнэ.
- Бифштексээ хуурай гурилд хөрвүүлж сайтар халаасан тосонд хоёр талаас нь шарж болгоно.
- Бифштексийг чанаж болгоод дараа нь тосонд хуурсан болон шинэ ногоогоор хачирлана.
ТАНЫ ГЭРИЙН НОМЫН САНД
Dr urologist
ZOCHIN
Монгол