1.Улирч баларсан нэгэн түүх сөхөхдөө, монгол уншигчидаа (ялангуяа сэтгүүлчдэд) хандаж нэгэн тайлбарыг хийе. Коммунист нийгмийн тухай сайн сайхан дурсамжтай яваа бол тэр чинь иймэрхүү л марзан юмны холион бантан байжээ гэдэгт итгэгтүн!
2.Ардчиллын буянаар хил алхаж гадагш явж буй албаны бүх хүнд энд бисэн сургамжтай. Хрущевын маягаар магтуулах дон манайханд амь бөхтэй үлдсэн шүү!
3. Манай Монголд ч 1990 он хүртэл иймэрхүү өнгө аясаар, агуулга нь бараг адил шахуу нам-засгийн удирдагчдаа магтан мандуулж байсан. Одоо цагт иймэрхүү сурвалжлага бүү хийгээсэй, уянгын их мансуурлаасаа салаасай гэж сэрэмжүүлж буй хэрэг.

Оршил түүх: 

 “Коммунизм байгуулагчдын их хурал” гэж түүхнээ мөнхөрсөн ЗХУКН-ын XXII (1961) их хурлыг манай хүмүүс сайн санаж байгаа. Тэр их хурлаас ЗХУКН-ын Программ баталсан  бөгөөд тэр нь СССР-т коммунизм байгуулах их стратеги байв. ЗХУКН-ын ХХ их хурлын дараахнаас коммунизм байгуулах их бэлтгэлийн үе эхэлж, капиталист ертөнцийг тэр чигт нь бүтээн байгуулалтын уралдаанд уриалан дуудав.

1959 онд СССР-т 264 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн нь Британи, Франц, Германы үйлдвэрлэлийг нийлүүлсэнтэй тэнцэж байна гэхчлэн харьцуулсан статистик тэр үеэс хөврөх болжээ. Хөгжлийн үзүүлэлт, хурдаар АНУ-ыг гүйцчихвэл тэр нь коммунизм байх болно гэсэн итгэл үнэмшлээр бүх статистикаа зохиож, 1980-аад он гэхэд тэр хүсэлдээ хүрсэн байхаар шавдуулж байв.

Коммунизмын хий үсрэлтийн тухай энд бүгдийг нь сөхөж барахгүй тул Н.С.Хрущевын нэгэн хөгтэй айлчлалаас жишээлье. Тэрээр 1960 оны зун Австрид айлчилжээ. Айлчлал бүхэлдээ Зөвлөлт-Австрийн харилцааны төлөө гэхээсээ коммунист адгуу төлөвлөгөөгөө сурталчилж, энхийн халз уралдаанд уриалан дуудахад чиглэсэн байв.  Айлчлалын тухай ТАСС-ын нэгэн мэдээнд:

“Хөгжүүн сайхан ярианы үед нэг сэтгүүлч Н.С.Хрущевт хандаж, Та эцэж цуцахаа мэддэггүй хүн юм. Таныг бид бүхэн бахархаж байна гэж хэлэхэд Н.С.Хрущев сэтгэл санаанд захирагдах биш харин амьдралд итгэх хэрэгтэй. Коммунизмын үйлс ялна гэж би итгэж байна. Би улаан туг дэлхий дахинд намирах цаг болтол амьдарна гэж итгэж байна гэж хариу хэлэв” гэсэн үгс байна. 

Айлчлах явцдаа сав л хийвэл “хүний амьдрал хөгжилд хэрэгтэй үнэт эд агуурс, соёлын зүйлийг хуримтлуулах талаар уралдацгаая” хэмээн зочилж буй Австри орноо уриалан дуудсан байна.

“Н.С.Хрущев бараа бологчдынхоо хамт Линц хотын гудамжаар зугаалга хийв” гэсэн мэдээнд: Н.С.Хрущев хотын иргэдтэй ярилцаж, ажилчдын амьдрал цалин хөлсний байдлыг сонирхон асууж, дэлгүүрийн худалдагч нартай наргиантай ярилцав. Буурал суусан үстэй нэг эмэгтэй Хрущев, түүний гэргий нарт ойртон ирж 1930-аад онд СССР-т очихдоо тэдний гэр бүлийнхэнтэй уулзсанаа хэлж, Хрущевын гэргий охин Радатайгаа авахуулсан хуучивтар зургийг үзүүлэв. Хуучин танил тэр эмэгтэй баярын нулимсаа арчиж байв гэжээ. Дараагийн мэдээнд “Фест” хэмээх төмөрлөгийн комбинатад зочилж байх юм. Тэндхийн ажилчид Н.С.Хрущевыг алга ташин уриа хашгиран угтав. Н.С.Хрущев цувих машины ажиллагааг анхааралтай харж хэдэн минут гөлрөн зогсож гөлмөн төмөр гаргаж буй байдлыг ажиглав. Дараа нь заводын гуанзанд оров. Тэнд олон арван ширээ зассан байв. Дэд канцлер Б.Питтерман заводын гуанзанд Н.С.Хрущевыг хүндэтгэн зоог барив. Цайллагын үед эхлээд дэд канцлер үг хэлж, дараа нь Н.С.Хрущев хариу үг хэлэхэд цугларагсад алга ташин угтав.

Нэг талаас нь өөлбөл марзан ч юм шиг, дипломатын этик талаасаа хэт задгайрсан явдлыг нэгд нэгэнгүй гаргасан ч гэмээр, лавшруулж сайн уншвал улс төрийн онигоо ч юм шиг. Коммунист үзэл суртлын өнгө будгаар будсан эдгээр мэдээг үзвэл үнэхээр элгэн садан дотроо яваа мэт.  Хил залгаа Унгарын ард түмний бослогыг 1956 онд цус урсган дарж, Австрийн хил дээр олон мянган танк татаж авчирчихсан тэр том гүрний удирдагч жижиг Австрийг айлгаж мэгдүүлж байсан уу л гэхээс, ингэж элгэсэг дотно тэврэлдээд явсан гэхэд одоо цагт үнэмшмээргүй мөрүүд энд дурайж байна.

Н.С.Хрущев бараа бологчдынхоо хамт Зальцбург хотод хүрэлцэн ирэв гэсэн мэдээнд, Зөвлөлтийн зочдын явсан гудамжинд хотын иргэд гарч баяр хүргэж байна. Вольфганг Моцартын ордон музейн үзмэртэй Н.С.Хрущев тодорхой танилцаж, ялангуяа Тбилис хотын уран дархны 11-р сургуулийн сурагчдын сийлсэн хөгжмийн их зохиолчийн сийлбэр дүрийг ихэд сонирхов. Музей үзэж байх үед талбайд цугларсан хүмүүс Хрущевт баяр хүргэж уриа лозун хашгирч байв.

Зальцбург мужийн даргын хүлээн авалт дээр Н.С.Хрущевын хэлсэн үг байна. Зальцбургийг их гоё хот гэж би А.И.Микоянаас сонссон бөгөөд өөрөө үзээд үнэхээр түүний үгэнд итгэлээ. Манай СССР-т жуулчдын сэтгэл санааг татдаг байгалийн гоёмсог бөгөөд сайхан агаар улиралтай нутаг бас цөөнгүй байдаг гэж хэлбэл Зальцбургийн эх орончид гомдохгүй байх. Та бүхнийг манай оронд зочлон очихыг урья. Тэгвэл манайд ямаршуу сайхан нутаг байдгийг өөрсдөө үзэх болно гээд ярих сэдвээсээ хальж эх орноо баахан магтжээ.

Дараагийн мэдээнд, машины цуваа Альпийн уулсын хоорондуур зурайсан засмал замаар хөдлөв. Хот тосгон, замын дагуу хүмүүс Н.С.Хрущевт элэгсгээр баяр хүргэж байв. Энэ бол хүнд хүчир ажлаас ангижирсан тариачин, орон нутгийн заводын ажилчид, гадаадын жуулчид байв. Хүмүүс гартаа цэцэг барьж хот тосгодын гудамжийг үндэсний туг далбаагаар чимэглэсэн байв. Зарим тосгонд “Хрущевт баяр хүргэж байна!”, “Энх тайван, найрамдал!”, “Зэвсэг хураая!”, “Зөвлөлтийн ард түмэнд баяр хүргэе!“, “Тавтай морилогтун!” гэсэн бичигтэй час улаан даавууг гудамж хөндлөн татсан байв.

Тосгоны иргэд удаан хүлээсэн зочиддоо элэгсгээр баяр хүргэв. Багачууд Никита Сергеевич, Нина Петровна нарт  цэцгийн баглаа барив. Зөвлөлтийн зочид Капрун гэдэг өндөр уулын усан цахилгаан станц руу очив. Энэ цахилгаан станцын барилга 1939-1956 он хүртэл хугацаанд баригдсан бөгөөд үүнд асар их хөрөнгө шаардагдсан төдийгүй бас олон хүний амь нас үрэгдсэн юм. Дайны үед энэ станцын барилга дээр эх орноосоо Германы фашистуудад хүчээр хөөгдөн ирсэн олон орны иргэд ажиллаж байсан юм. Капруны захад Зөвлөлтийн 86 иргэнийг оршуулсан булш байна гэж явснаа нөгөө усан цахилгаан станцаа Хрущев учир зүггүй магтаад гарчээ. “Капрун нь Австрийн инженер-техникийн ухааны том ололт, уран барилгын өндөр түвшинг харуулжээ. Би Австрийн инженер, техникч, ажилчдын энэ лут бүтээлийг өндрөөр үнэлж байна. Энэ станц бол Европын усан цахилгаан станцуудын нэг хамгийн боловсон станц мөн” гээд, Н.С.Хрущев үгийнхээ төгсгөлд Австрийн ажилчин, инженер техникийн хүмүүст хөдөлмөрийн өндөр амжилт ерөөв гэжээ. Нөгөө олон хүний амь нас үрэгдсэн, фашистуудад хүчээр хөөгдөн ирсэн зөвлөлтийн 86 иргэнийг оршуулсан булш, усан цахилгаан станц барих үед амь үрэгдсэн зөвлөлтийн олзлогдсон цэргүүдийн булшинд цэцэг өргөв  гэж эмгэнэж байснаа таг мартаад сэтгэлийн хөөрлөөр баахан чалчсан бололтой юм.

Н.С.Хрущевыг автобусанд сууж байхад нь австрийн нэг инженер ирж В.И.Лениний жижигхэн баримал дурсгав. Н.С.Хрущев тэр эрхэм бэлгийг хүлээн аваад Ленин, түүний үзэл санаа мөнх юм гэв. Мэдээний төгсгөлд, Н.С.Хурщев галт тэргээр Филлах хотод ирэв. Уурхайчид Хрущевт элэгсгээр баяр хүргэв.  Нутгийн төмөр замчид  Н.С.Хрущевт энх тайвны төлөө цуцалтгүй тэмцдэгт нь баяр хүргэж талархал илэрхийлэв. Н.С.Хрущев төмөр замчдад Зөвлөлтийн хиймэл дагуулын загвар бэлэглэв гэжээ.

Тайлал түүх:

Дээрхи мэдээнээс ямар дүгнэлт хийж болох вэ? Социалист реализмын бичлэгийн аргаар бичигдэж, маш олон давхар цензураар оруулж байж иймэрхүү мэдээг хүн ардынхаа толгойд чихэж, тархинд суулгадаг байж. Утга уянга-үзэл суртлын фантаз нь хэтрээд бүр шал авцалдаагүй юм ч болдог. Жишээ нь зөвлөлтийн хүмүүсийн цусаар боссон байгууламжийг хэт магтаж “тэнэг Иван” гэдгээ цаадуулдаа нотолсон байх юм. “Урт хэл хүзүү ороодог” үлгэрээр Хрущев ердөө 4-хөн жилийн дараа доодуулдаа сэгсрүүлэхдээ, “дэмий олон үгтэй, чалчаа” гэсэн нэг оноштой салж одсон нь яг оносон зэмлэл байв шүү. Монгол Улс: Коммунизмаас капитализм руу (улс төрийн нийтлэл, э/ш-ний өгүүллүүдийн эмхэтгэл),  Монсудар, 2004 номоос нь эшлэв