Монгол Улсад сууж байсан БНХАУ-ын Элчин сайд Гао Шүмао саяхан Хятадын huanqiu.com сайтад ярилцлага өгчээ. Үүнийг орчуулан уншигчдад хүргэж байна.

Монголын “Гурав дахь хөрш”-ийн бодлогын талаар:

Монгол улс Хятад, Оростой харилцаагаа чухалчилсаар буй


Хуань цю: Гао сайд аа сайн байна уу? Саяхан АНУ-ын дэд ерөнхийлөгч Байден Хятадад айлчилсаныхаа дараа 8 сарын 22-нд Монголд нэг өдрийн айлчлал хийсэн. Байден айлчлалаараа Монголд ардчиллыг бататгах, АНУ нь Монголыг дэмжсээр буйгаа илэрхийлсэн. 8 сарын 21-23-ны өдөр БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг мөн Монголд айлчилсан. Байден, Ли Мен Баг нарын айлчлалын зорилгыг та хэрхэн үзэж байна вэ?

Гао Шүмао:
АНУ гэх мэт барууны орнууд, азиас Өмнөд Солонгос, Япон зэрэг орнууд бүгд Монголтой харилцаагаа чухалчилж буй. Уг айлчлалын гол зорилго нь АНУ-ын уриалдаг уламжлалт үнэт зүйлийг дэмжих, тухайлбал АНУ-ын сурталчилдаг азийн шинэ ардчилсан орнуудын үлгэр жишээг цаашид хэрхэн бататгахад оршиж байсан. Байдены айлчлалын хугацаа давчуу, их л сайндаа албан харилцаа төдий байсан гэж болно, олон улсын болон хоёр талын харилцааны талаар билэгдлийн байдлаар санал солилцсон. Хоёр тал улс төрийн харилцаагаа цаашид хөгжүүлэхээ дахин нотолсон хэрэг.

Ли Мен Баг ерөнхийлөгч Монголд айлчилсан тухайд харин арай өргөн агуулгатай байж мэдэх юм. Өмнөд Солонгос Монголтой эдийн засгийн харилцаагаа нэн чухалчилж ирсэн, талууд хоёр талын харилцаа, бүс нутгийн байдлаас гадна эдийн засгийн хамтын ажиллагааны талаар түлхүү хэлэлцсэн байж магадгүй, ялангуяа Өмнөд Солонгосын аж ахуйн нэгжийг Монголтой хамтран ажиллахыг хөхүүлэн дэмжих зэрэг асуудлаар.

Нэгтгээд хэлбэл Байден, Ли Мен Баг нарын Монгол дахь айлчлалд онцын ялгаа байхгүй, хэрэв ялгаатай гэж үзвэл АНУ нь Монголын улс төрийн тогтолцооны хөгжлийг түлхүү анхаарсан бол Өмнөд Солонгос нь хоёр талын эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргахад анхаарсан болов уу.

Хуань цю: Монгол сүүлийн жилүүдэд “гурав дахь хөрш”-тэйгөө харилцаагаа идэвхтэй хөгжүүлж ирсэний нэг илрэл гэж судлаачид үзэж байна. Монгол улсын “гуравдахь хөрш” гэх энэ үзэгдлийг та хэрхэн үзэж байна вэ? “Гуравдахь хөрш” нь Монголын хэрэгжүүлж буй гадаад бодлогын цөм нь мөн үү? Уг ойлголтын талаар?

Гао Шүмао: Монгол улс 1990 оноос ардчилсан тогтолцоонд шилжин орсоны дараа “гурав дахь хөрш” хэмээх ойлголтыг гаргаж ирсэн. 2003 онд миний бие томилогдон очиход тухайн үеийн гадаад хэргийн сайд асан Эрдэнэчулуун надтай энэ талаар ярилцаж байсан. Тэрээр хэлэхдээ анхандаа “гурав дахь хөрш” гэдгийг шууд л АНУ юм гээд хялбархан тайлбарладаг байсан, гэхдээ тодорхой хугацааны дараа “гурав дахь хөрш” гэдэгт барууны орнуудыг хамруулах болсон, тухайлбал АНУ, ЕХ гэх мэт, ингэснээр “гурав дахь хөрш” нь илүү өргөн агуулгатай болсон. Улмаар энэ нь мөн л тийм оновчтой бус байсан тул “гурав дахь хөрш” гэдэгт Монголд тусладаг орнуудыг хамруулах болсон, ингээд Япон, Солонгос зэрэг азийн орнууд “гурав дахь хөрш”-д тооцогдох болжээ. Монголд хандивлагч орнууд жил бүр хуралдаж, Монголд тусламж үзүүлэх асуудлыг судалж хэлэлцдэг юм. Эрдэнэчулуун сайд Монголд тусладаг орнуудыг “гурав дахь хөрш” хэмээн үзэх нь илүү учир зүйтэй хэрэг гэсэн юм.

Уг ойлголтыг хэрхэн үнэлж байгаа тухайд, Монгол судлаач АНУ-ын нэг эрдэмтэн энэ асуултыг над тавьж байсан санагдана. Би түүнд “хэрэв чи Монгол хүн байсан бол энэ ойлголтыг маш амархан тодорхойлох болно” гэсэн юм. БНХАУ байгуулагдсаны дараахан манай хоёр улс адилхан социалист лагерьт хамрагдаж байлаа. Тухайн үед Хятад Монголын улс төрийн харилцаа хамгийн халуун дулаан үедээ байсан, гэхдээ эдийн засгийн харилцаа оргил үедээ байгаагүй. Тэр үед Хятад улс хүч чадал хязгаарлагдмал, Монголд ихээр туслаад байж чадахааргүй байсан болохоор хэдхэн эмнэлэг, дэлгүүр, сургууль мэтийг тусламжаар барьж өгсөн. Гэтэл ЗХУ тэр үед Монголд асар их тусалж байсан учраас Хятад ЗХУ хоёр зөрчилдөхөд Монгол улс ЗХУ-ыг түшиглэсэн бөгөөд хүйтэн дайны туршид Монголын гадаад харилцаа ЗХУ-д түшиглэж байсан юм. Монгол ардчилсан тогтолцоонд шилжсэний дараа улсынхаа эрх ашгийг хамгаалсан сонголтыг хийсэн. Хятадын Засгийн газар Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн, Монголын өөрийн орны онцлогт тохируулан хийсэн улстөрийн сонголтыг хүндэтгэн үзэхээ олон дахин илэрхийлсэн. Энэ үндсэн дээр ч хятад дипломатчийн хувиар хэлэхэд бид Монгол улсын энэ сонголтыг хүндэтгэх ёстой.

Нэмж хэлэхэд, Монгол улсын Засгийн газар гадаад харилцаандаа “ОХУ, Хятад хоёр хөрштэй харилцаагаа хөгжүүлж, “гурав дахь хөрш”-тэйгээ харилцаагаа чухалчилна” хэмээн байнга илэрхийлдэг. Миний бодлоор энэ дараалал нь Монгол тунгаан эргэцүүлсэний үндсэн дээр бодлогоо гаргасныг илтгэж байгаа юм. Өмнөөс нь бодоод үзэхэд нэг жижиг улс урд хойноо хоёр том хөрштэй, түүхэндээ элдэв нугачаа, даваа гүвээтэй байсан, тэхээр аюулгүй байдлаа олон талаар эргэцүүлэх нь ойлгомжтой хэрэг. Тэгвэл Монгол ганцхан “гурав дахь хөрш”-тэйгээ л харилцаагаа хөгжүүлээд байгаа юу. Үнэндээ Хятад Оростой маш их харилцаатай. Хятад Монголын харилцаагаар жишээ авъя, сүүлийн арав гаруй жил Хятад Монголын удирдагчид идэвхтэй харилцаж жил бүр олонтаа уулзалдаж байна. Үүнтэй адил Монгол Оросын харилцаа ч нэн идэвхтэй, сүүлийн үес улам зузаарах хандлагатай байгаа. Миний бодлоор Монголын “гурав дахь хөрш”-ийн харилцаанд тайвнаар хандах нь зүйтэй.

Хуан цю: Тэгвэл үүнийг хоёр том гүрний дунд орших жижиг орны тэнцвэртэй стратегийн илрэл гэж үзэж болох уу?

Гао Шүмао:
Хүмүүс гадаад харилцааг нэг төрлийн тулаан, тэнцвэр, эсвэл сонголт гэдэг. Бодит байдал дээр аливаа улс, хөгжиж буй гүрэн Хятад ч ялгаагүй гадаад харилцаандаа бодит эрх ашгаа л бодож сонголт хийдэг. Жижиг орон ч адилхан, гагцхүү илүү хүчтэй илэрхийлдэг л болохоос.

Монголын шилжилт шинэчлэлтийн 20 жил:

Монгол яг одоо хөгжлийн шинэ замыг эрэлхийлж байна

Хуан цю: ЗХУ задарсаны дараа Монгол ардчилсан тогтолцоонд амжилттай шилжсэн. Та Монголд амьдарч ажиллаж байсан хүн, шилжилт шинэчлэлтийн 20 жилийн талаар ярихгүй юу, энэ улс, ард түмэн ямар өөрчлөлтийг туулсан, одоогийн нөхцөл ямар байгаа бол?

Гао Шүмао: Энэ 20 жилд Монгол тун ээдрээтэй замыг туулсан гэж боддог. Ерөнхийд нь гурван үе шатанд хувааж болох юм. Нэгд, ороо бусгаа үе, 6, 7 жил магадгүй илүү удаан үргэлжилсэн. Энэ үед гадаад харилцаа нь хувирамтгай, дотоодын үйлдвэрлэл хэлбэрээ олоогүй, үйлдвэрлэлийн бүтэц боловроогүй, бүрэн бус байсан учир жаахан доголдоход л их донсолгоо үүсдэг, эргээд иргэдийн амьжиргаанд шууд тусдаг, амьдралд нь ихээхэн нөлөөлдөг байсан. Хүнс гэх мэт зайлшгүй хэрэглээний бүтээгдэхүүн дутагдаж, жирийн иргэдийн амьдрал маш хүнд байдалд хүрч байв. Тэр үед Монголд очиж байсан хүн дэлгүүр нь тун ч ядмаг гэж ярьдаг байсан.

Хоёр дахь нь сэргэсэн үе. Хятад Монголын харилцаа хэвийн болсоны дараа хятадын бараа Монгол руу аажмаар орж, монголын зах зээлийг дүүргэж, иргэдийн ахуй амьдрал ч нааштай эргэсэн: 2003 оны сүүлээр намайг Монголд очиход Монголын зах зээл олон бараа бүтээгэдхүүнтэй болсон санагдаж байсан. Сэргэлтийн үеэс эхлэн Монголд улс төрийн тогтолцооны шилжилтээс үүдсэн хүндрэл аажмаар арилж, төлөвлөгөөтэй хөгжих шинэ үе шатанд орж эхэлсэн.

Гуравдах үеийг хөгжилөө төлөвлөсөн үе гэж хэлж болно. 2006 он бол Монголд хур буулгасан жил байсан, ДНБ хурдтай өсөж, хүмүүсийн амьжиргааны төвшин илт сайжран, Монголын Засгийн газар эх орныхоо баялагийг хэрхэн ашиглаж эдийн засгаа хөгжүүлэх тухай эргэцүүлдэг болсон. “Үндэсний хөгжлийн цогц бодлого 2006-2015”-доо уул уурхай тэргүүлсэн эдийн засгийн хөгжлийг эрэлхийлнэ, уул уурхайн баялагаас олсон мөнгөө хуримтлуулж, өндөр технологи, аялал жуулчлал зэрэг бусад салбараа аажим хөгжүүлнэ гэх мэт олон шинэ ойлголтыг дэвшүүлж гаргасан. Үүний зэрэгцээ уул уурхайн салбарт “стратегийн орд” хэмээх шинэ агуулгыг гаргаж ирэв. Чухамдаа Монгол хөгжлийн шинэ замаа тунгаан эргэцүүлэх болсон ба тэр нь ч эдийн засгийн хөгжлийг өөрчилж чадахуйц шинэ бодлого юм байна гэж харагдаж байгаа. Энд би энэ үе шатыг хөгжлөө төлөвлөх хэмээснээс бус хөгжлийн шинэ шатандаа орсон гэж хэлээгүй шүү. Учир нь сүүлийн 5, 6 жилд Монголд засаг төр байнга солигдож, томоохон бодлогууд цөөнгүй хэлэлцсэн ч тодорхой хэрэгжилт нь хүчгүйдэж, улс орноо хөгжүүлэх шинэ боломжуудыг алдахад хүргэсэн байж магадгүй юм.

Хуань цю: Хятадтай хэдэн арван жил тусгаарлагдмал байсны дараа Хятадын өсөлтийг дагаад Монгол Хятадын эдийн засаг соёлын харилцаа эрчимтэй хөгжин гүнзгийрч байна. Үүнийг сайхан боломж аяархан ирж байна гэж үзэж болох уу?

Гао Шүмао:
Өөрөө “аяархан ирэх” гэдэг үгээр илэрхийллээ, би хувьдаа үүнийг зайлшгүй хөгжил гэж үзэх байна. Монгол улс улс төрийн тогтолцоогоо өөрчилсөний дараа эдийн засгаа хөгжүүлэх нь гарцаагүй. Энэ явцад улс орных нь эдийн засгийг хөгжүүлэх гадаад хөдөлгүүрийг хайж олох шаардлагатай, харин хурдтай хөгжиж буй Хятад улс энэ хөдөлгүүр болох нь лавтай агаад энэ нь мөн хоёр орны харилцааны хөгжлийн шинэ боломж билээ. Хятад өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлэн үнэхээрийн их ахиж, том өөрчлөлт гарсан. Хөрш зэргэлдээ орнууд хятадын хөгжлөөс боломж олж авсан ба Монгол улс ч мөн адил энэ боломжийг чухалчилж буй. 2005 онд Монгол улсын Ерөнхийлөгч Энхбаяр Хятадад айлчлах үеэрээ Хятадын хөгжлийн хурдны галт тэргэнд хэрхэн суух талаар надтай ярилцаж байсан. Монгол улс Хятадтай харилцаагаа хөгжүүлэхэд ихэд анхаарч Хятадын хөгжлийн туршлагаас суралцах нь тухайн үеийн Монголын улс төрийнхний нийтлэг ойлголт болсон байсан. Энэ боломж Монголд ашиг тустай, Хятадад ч бас. Хятад Монголтой хийх эдийн засгийн хамтын ажиллагаандаа харилцан ашигтай байх боломжийг эрэлхийлдэг.

Хятад сайн хөршийн гадаад бодлогоор зэргэлдээ орнууддаа найрсаг ханддаг. Хятад нь гадаад бодлогодоо Монголын бодит эрх ашгийг бүрэн дүүрэн бодолцдог. Ялангуяа Вэнь Зябао ерөнхий сайд Монголд айлчилсны дарааХятад Монголын “сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцаа” шат ахиж “стратегийн түншлэлийн харилцаа” болсон. Харилцаа шат ахих нь зүгээр нэг үгийн гоёо биш, дотроо чанарын өөрчлөлтийг агуулж буй. Тэгэхээр үүнээс үзэхэд боломж “аяархан ирж” байгаа нь хоёр орны хөгжилд зайлшгүй зүйл юм.

Монгол дахь “Хятадын эсрэг” найрсаг бус уур амьсгал:

Хятад Монголын ард иргэд ойлголцол итгэлцлээ нэмэгдүүлэх шаардлагатай

Хуань цю:
Гэхдээ Монголын нийгэмд хятадын эсрэг найрсаг бус хандлага байдаг. Анхаарууштай нь сүүлийн жилүүдэд шинэ нацист байгууллагууд гарч, Гитлерийг шүтэж, гадныханд өширхөн, улмаар хятад эртэй дотно харилцаатай болсон монгол эмэгтэйн үсийг хусжээ. Өнгөрсөн жил 8 сарын сүүлээр хятад ажилчид хэт үзэлтэй байгууллагынхан болон цагдаа нартай мөргөлдөж монголд ихээхэн шуугиан дэгдээсэн хэрэг гарсан. Та үүнийг хэрхэн үзэж байна? Найрсаг бус хандагын шалтгаан нь юу юм бол? Хятад Монголын харилцаанд ямар нөлөө үзүүлэх бол?

Гао Шүмао:
Аливаа улс бүхэн хөгжлийнхөө явцад элдэв асуудалтай тулгардаг. Нийгмийн давхаргууд, ашгийн бүлэглэлүүд хоорондоо элдэв зөрчилдөөн үүсэх нь бий. Олон улсын харилцааны хувьд ярьвал нэг улс нөгөө улстай харилцаагаа хөгжүүлэх явцад ч мөн янз бүрийн асуудлаар мөргөлдөнө. Миний бодлоор Монголын дотоодод туйлширсан үзэлтэй хэт үндэсэрхэг байгууллага үнэхээр бий. Тэр байгууллагууд “эх оронч” далбаа мандуулах боловч үнэн хэрэгтээ улс орныхоо эрх ашгийг хорлодог, тэд хоёр орны иргэд хоорондын сэтгэлийг хорлодог. Би Монголоос буцсаныхаа дараа Монголд хятад хүнтэй, хятадын компанитай мөргөлдөөн үүсгэсэн хэргийн талаар олонтаа унших болсон. Намайг сууж байх хугацаанд бараг жил бүр иймэрхүү хэрэг гардаг байсан. Анхаарууштай нь эдгээр хэт үзэлтнүүдийн өдөөж буй хэрэг улам л ширүүн хандлагатай болж байгаа ба тэдний уриа, үйлдэлийн хэт туйлширсан байдал анхаарал татаж байгаа нь хоёр орны харилцаанд муугаар нөлөөлөх нь гарцаагүй. Мэдээж энэ бол цөөн хэдэн хүний л үйл ажиллагаа, тэдний үйлдэл нь цөөхөн хүний эрх ашгийг төлөөлж байгаа, үүнийг бид бас тодорхой ойлгож байх хэрэгтэй юм. Энэ үзэгдэл тусдаа зүйл, Монгол улсын үндсэн бодлогыг төлөөлөхгүй, иймэрхүү хэт туйлширсан зүйлс хятад монголын харилцааны ерөнхий хандлагад хор учруулна гэж бодохгүй байна.

Хуань цю: Гао сайд аа, иймэрхүү үзэгдэл бий болсоны шалтгаан нь нэг талаар таны хэлсэнчлэн хоёр улсын соёлын харилцааны мөргөлдөөнд бий байх. Гэхдээ хятадын хууль бус наймаачид монголчуудад хуурамч бараа зардаг гэдэг юм билээ?

Гао Шүмао: Энэ үнэхээр бидний бас нухацтай эргэцүүлүүштэй асуудал. Монголд солонгос, герман бараа их талархал хүлээдэг, итгэлтэй байж болдог, хятад бараа бол чанаргүй гэгддэг. Миний санаж буйгаар Хятад Оросын хилийн худалдаанд мөн ийм зүйл гардаг. Хятад Монголын худалдаа түүхээсээ сургамж авах ёстой, алдаагаа давтаад байх ёсгүй. Үүнээс гадна зарим хятад хүн Монголд байхдаа усыг нь ууж, ёсыг нь дагадаггүй, олон нийтийн газарт бусдыг үл ойшоож, тэр бүү хэл уурхай ажиллуулахдаа байгаль орчныг нь сүйтгэдэг. Бид өөрсдийн үйлдэлд бас дүгнэлт хийх ёстой, улсад нь, иргэнд нь хохиролтой зүйл хийж болохгүй шүү дээ. Хэрэв манай иргэд монголд очвол явдал суудлаа хичээж, будад хүндлэлтэй хандаж, хятад үндэстний сайхан уламжлалыг гаргах хэрэгтэй. Хятад Монгол хоёр орны иргэд харилцан ойлгож, улмаар ташаа ойлголт аажим арилна гэж би итгэдэг.

Хуань цю: Нөгөө талаар Монгол эдийн засгаа өөд нь татах явцад иргэд нь хятадын чанартай барааг авч хүчрэхгүй байгаагаас болж Хятадууд чанаргүй бараагаа монголчуудад зардаг байж болох юм?

Гао Шүмао: Монгол улсын шилжилтийн эхэн үед иргэдийн орлого асар доогуур, үнэхээр л манай хямдхан барааг авдаг байсан, тэр хямд бараа мэдээж чанарын баталгаа нь хэцүү шүү дээ. Тэглээ гээд бид өөрсдийгөө цайруулж болохгүй, хямд чанаргүй бараагаар хүнийг хуурсан сэтгэгдэл төрүүлж болохгүй. Намайг элчингээр сууж байхад Хятадын Өвөр Монголын Худалдаа дэмжих хорооноос монголд хятадын брэнд бүтээгдэхүүний яармаг зохион байгуулсан нь их ач тустай зүйл болж монголчуудад хятад гэдэг хуурамч барааны шошго биш, олон брэнд бараатай юм гэдгийг ойлгуулсан.

Хуань цю:
Хятадын компаниуд Монгол руу олноор орох тусам хятад монголчуудын зодолдох нь ихсэж байгаа энэ найрсаг бус үзэгдлийг анхаарч үзүүштэй. Таны бодлоор хятадын аж ахуйн нэгжүүдийн зүгээс харахад юуг хийж яавал энэ таагүй явдлуудаас сэргийлж болох бол?

Гао Шүмао:
Онцлох ёстой нэг зүйл бол миний ярьсан дээрх асуудлууд нь хятадын том компаниудыг хэлээгүй юм шүү. Жинхэнэдээ бол хятадын том компани Монголд орж ирээгүй байгаа. Одоо хэдхэн том аж ахуйн нэгж Монголтой төсөл дээр хамтран ажилладагаас хамгийн том нь Хятадын Өнгөт металлургийн группын охин компаний Монголтой хамтрсан Төмөртэйн Овооны цайрын орд юм. Энэ бол Хятад Монгол хоёр улсын тэргүүн нарын хэлэлцэн тохирсон хамтын ажиллагааны амжилттай байгаа төсөл. Удаахид нь хятадын Дацин компани монголд бий. Бусдаар хятадын том компаниуд жинхэнэ утгаараа монголд орж ирээгүй.

Монголд орж ирсэн хятадын компаниуд гурван зүйлийг биелүүлэх шаардлагатай: нэгд, тухайн газрын хуулийг чанд сахих. Монголын хууль тогтоомж бол хятадын компаниудын анхаарах ёстой тэргүүн үүрэг, хэрэв биелүүлэхгүй бол удаан тогтвортой хөгжиж чадахгүй. Хоёрт, тухайн газрын байгаль орчныг хүндлэх хэрэгтэй, ялангуяа уул уурхайн салбарт хамтарч буй компаниуд. Монголчууд нүүдэлчин үндэстний хувиар байгаль орчин нь оршин амьдрах амин судас нь байдаг, тал нутгийг хамгаалах нь монгол үндэстний төрөлх зөн, тал нутгийг сүйтгэх нь тэдний гэр орныг түйвээсэнтэй адил хэрэг. Нүүдэллэн амьдардаг үндэстэн байгальд онцгой анхаардаг юм. Гуравт, нийгмэд нь хариу тус хүргэх, янз бүрээр байж болно л доо. Төмөртэйн цайрын ордын уурхайн бүсэд тээврийн зам барих, мөн орон нутагт олон сайн зүйл хийх зэргээр талархал хүлээсэн. Орон нутгийн иргэд уурхайн хөгжилд бас хувь нэмрээ оруулсан болохоор хятад компани ч цаг тухайд нь хариу тусаа үзүүлж, нутгийн иргэдийн ахуй амьжиргааг анхааран, ажлын байр нэмэгдүүлэх ёстой.

Энд би хоёр жишээ дурдая. Нэг нь АНУ-ын “Энх тайвны корпус” төлөвлөгөө. АНУ жил бүр Монгол руу “энх тайвны корпус”-ыг илгээж, тэдгээр сайн дурынхан монголын хөдөө нутгаар явж малчдад эрүүл мэндийн мэдлэг олгон, эмнэлэгийн суурь үйлчилгээ үзүүлж, үсэг заан бүр англи хэл ч зааж сургадаг. Япон бас дийлэнх тусламжаа “өвсний үндэс” хөтөлбөрөөр хэрэгжүүлж, монголын хамгийн доод давхаргын иргэдийн амьжиргаанд анхаардаг. Энх тайвны корпус, өвсний үндэс хөтөлбөрийн агуулга нь юу вэ гэхээр тэд хөдөө орон нутагт очиж монголын ард түмний талархалыг хүлээх явдал юм. Үүнээс жишээ аван, бусад орнуудын монголд тусалж буй туршлагыг харж, бид монгол дахь тусламжаа дахин зохицуулах хэрэгтэй байна. Ялангуяа хятадын компаниуд жирийн монгол иргэдэд яаж хүлээн зөвшөөрөгдөх вэ гэдэг тун чухал.

Шэньхуа групп Монголын хамгийн том нүүрсний уурхайн тендэрт өрсөлдсөн талаар:

Хятадын оролцоогүйгээр Монголын уул уурхайн олборлолт эрүүл бус


Хуань цю: Хятадын Шэньхуа групп Монголын Тавантолгойн нүүрсний уурхайн тендэрт өрсөлдсөн үйл явдал олны анхааралд байна. 7 сард хятадын Шэньхуа групп, японы Мицуй групптэй хамтарсан нэгтгэл 40%-ийн эрх авсаныг Монголын Засгийн газар зарласан, гэхдээ 8 сарын 20-нд Ерөнхийлөгч Элбэгдорж “ард түмэн дэмжихгүй байгаа учраас Ерөнхийлөгч бас дэмжих арга алга” гэж мэдэгдсэн тухай мэдээ байсан, тэхээр эцсийн хугацаа нэлээд хойшлох болж байна. Та энэ хувирамтгай нөхцөл байдлыг хэрхэн үзэж байна вэ?

Гао Шүмао:
Шулуухан хэлэхэд Монголын уул уурхайн бодлого асар хувирамтгай байгаа нь олон улсад тээнэгэлзэл төрүүлж байна. Монгол улс дэлхийд төлөвшсөн орны үйлдэл харуулах учиртай, хэлэлцээр нэгэнт байгуулсан л бол ягштал мөрддөг, чанд биелүүлдэг байх ёстой, өөрөөр хэлбэл хичнээн хүндрэл байлаа ч нөхцөл байдалд зохицох арга эрэлхийлэх учиртай. Энэ бол олон улсын хамтын ажиллагаан дахь суурь хэм хэмжээ. Иймээс бодлого тогтвортой байна гэдэг улсын хөгжлийн үндэс юм.

Шэньхуа групп Тавантолгойн нүүрсний уурхай дээр хамтран ажиллахаар арав гаруй жил зүтгэж хичээж ирлээ. Миний бодлоор Шэньхуа групп бол монголын сонгох учиртай тэргүүний хамтрагч мөн. Шэньхуа группын эдийн засгийн салбар дахь байр суурийг бүгд мэдэж байгаа, ялангуяа нүүрсний олборлолт, тээвэрлэлтийн тал дээр хятаддаа хамгийн хүчирхэг аж ахуйн нэгж. Шэньхуа групп Монголтой хэлэлцээ хийж өнөөг хүрэхдээ амаргүй байсан. Миний бодлоор Хятадын оролцоогүйгээр Монголын уул уурхайн олборлолт явагдвал эрүүл бус юм. Гагцхүү хятад оролцож байж тэнцвэртэй, шударга, тогтвортой хөгжинө. Яагаад ингэж хэлж байна гэхээр бусад улс орнууд Монголд ирж олборлолт явуулж байгаа нь ялангуяа нүүрсний олборлолт дээр гагцхүү хувиа л бодож байгаа. Гадны компани Монголоос нүүрс ухсанаа АНУ руу тээвэрлээд, эсвэл хэдэн арван мянган бээрийн газарт тээвэрлээд явна гэж төсөөлөхөд бэрх. Тэд ердөө Хятад болоод Монголын мөнгийг л авах гэж байгаа хэрэг.

Би Монголын албаны хүмүүст хэлж байсан, Эрдэнэтийн зэсийн дийлэнх нь Хятад руу ачигддаг, гэтэл Хятадууд шууд Монгол компаниас авах боломжгүй, заавал гурав дөрөвдэгч орны зуучлагч компаний гараас бараагаа авдаг. Тэр гадны компаниуд дундаас нь өндөр ашиг унагаадаг. Эндээс Хятад хохироод зогсохгүй Монгол ч хохирч буй. Ийм олон орон ашиг унагаасан хамтын ажиллагаа бол эрүүл бус. Монгол уул уурхайгаа үнэхээр хөгжүүлье гэж байгаа бол Хятадад эргэлздэгээ орхих хэрэгтэй, Хятадтай ярилцах учиртай. Хятад бол хариуцлагатай улс, бас Монголын уул уурхайн баялагийг импортлох сонирхолтой байгаа улс, Хятадын компани олборлолтод оролцох нь Монголд жинхэнэ ашиг авчирна, Хятадын оролцоогүй бол хоёр улсын олох ашиг хязгаарлагдах төдийгүй алдагдалтай наймаа хийж ч мэдэх юм.

Хуань цю: Таны хэлсэнчлэн Монгол улсын баялаг нөөц нь олон орны сонирхолыг татаж байгаа. Судлаачдын үзэж буйгаар гадны хөрөнгө оруулагдын олборлолт нь ирэх 10 жилд Монголын эдийн засгийг өөрчилнө, магадгүй дэлхийн хамгийн хурдан өсөлттэй улсын нэг болно гэсэн байсан. Монголын уул уурхайн баялагийг тойрон олон орон, Хятад, ОХУ, АНУ, Япон, Өмнөд Солонгосийн компаниуд боломжийг атгахаар өрсөлдөж байгаа. Таны бодлоор Хятадын Засгийн газар бодлогоор дэмжиж байгаа юу? Хятадын компани Монголд амжилттай ажиллахыг хэрхэн баталгаажуулах вэ?

Гао Шүмао:
2006 онд Монгол улс хөгжлийн стратегиа гаргасан. Хэрэв энэ стратеги хэрэгжвэл 2,5 сая хүнтэй улсад уул уурхайн орлого нь амьжиргааг дээшлүүлэхэд ирхээхэн тустай байх юм. Үүний зэрэгцээ Монгол улсын үндсэн нүүр царай, тухайлбал дэд бүтэц, хотжилт, барилгажилт зэргийг өөрчилнө, улмаар тус улсын аялал жуулчлалын нөөцийг ашиглах боломжтой болгох юм. Сайтар авч үзвэл Монголын ирээдүй асар гэгээтэй байгаа.

Олон улс Монголд өрсөлдөж байгаа гэдэг нь үнэн. Аль улс нь хамаагүй бүгд капитал оруулж байгаа. Капиталын үндсэн чанар нь ашиг бүрдүүлдэг, улс орнууд Монголын уул уурхай руу хошуурч байгааг ойлгож болно. Хятад улс Монголын зах зээлийг дангаараа эзэгнэх бодолгүй, тийм хүч ч байхгүй. Хятадын компани олон улсын хамтын ажиллагааг үгүйсгээгүй, Шэньхуа групп Японы Мицуйтай хамтран Тавантолгойн нүүрсний уурхайд олборлолт хийх нь үүний нэг тод баталгаа болно.

Хятадын компани Монгол руу ороход Хятадын Засгийн газар ихээхэн анхаарах ёстой. Эн тэргүүнд Монголын бодлого, улс орных нь онцлогт үндэслэн Монголтой хамтран ажиллах төрийн стратегийн дэс дарааг тогтоох хэрэгтэй. Стратегийн дэс дараалал нь тодорхойгүй, өнгөц байж болохгүй, харин тодорхой чиглэсэн дараалал байх учиртай.

Удаахид нь бид баг байгуулах хэрэгтэй. Энэ баг монопол биш, гадаадын эдийн засгийг мөлжигч биш, харин хамтран ажилладаг баг, бүлэг байх болно. Энэ баг Монголд журам жишгийг сайтар мөрдөн хүндэтгэж, Монголд очоод олон орны багтай хамтрах юм.

Гуравт нь, бид Хятадын компанийг хамгаалах бодлого бэлдэх шаардлагатай. Монгол өөрийн онцлогтой, Хятад энэ онцлогт тохируулан үндсэн арга хэмжээ, зарчимаа тодорхойлж, макро зохицуулалт хийх ёстой, ялангуяа Хятадын элчин сайдын яам шаардлагатай бодлогоор дэмжиж, хамгаалж байх хэрэгтэй.

Хуань цю:
Хятадын хувьд Монгол чухам юугаараа чухал вэ?

Гао Шүмао: Хятад Монгол хөрш орон, 4710 км газраар хиллэдэг, Хятадын хөрш орнуудаас хамгийн урт хилийн шугамтай нь агаад энэ хил амгалан тайван байх нь Хятадын гадаад бодлогын нэг чухал хэсэг.

Монгол улс байгалийн асар их нөөцтэй, Хятад бол хөгжиж буй том гүрэн, эрчим хүчний нөөц их хэмжээгээр шаардагдана. Хятад Монголын хамтын ажиллагаа нь харилцан ашигтай байх ёстой, Хятад Монгол хоёр угаасаа л хамтран ажиллахуйц түншүүд.

Хятад Монгол хоёр олон талаар төсөөтэй. Хоёр орны удирдагчид хоёр талын хооронд зөрчилтэй зүйл байхгүй, шийдэгдээгүй томоохон асуудал байхгүй гэдгийг дахин дахин онцолдог. Хоёр орны харилцааг хөгжүүлэх нь аль алинд нь стратегийн ач холбогдолтой юм.

Уг ярилцлагын эх: http://world.huanqiu.com/roll/2011-09/1988820.html