Чиний мөн чанар төрөх, үхэхээс ангид мөнхийн ахуй. Давалгаа үүсч, замхарна. Гэвч далай далайгаараа үлдэнэ. Хэрэв бид дотоод гүн рүүгээ өнгийх юм бол зуурдын давалгаа биш, үүрдийн далай гэдгээ ойлгоно.

Ошо

Тоо томшгүй бурхад залравч үл сэхээрэх догшин балмад, харанхуй бүдүүлэг цөвүүн цагийн хүмүүст гэгээрлийн ариун замыг нээгч богд багшдаа залбиръя.

Бурхан багшийн наран гиймэл дүр цагийн эрхээр бүдгэрэхэд итгэл найдвараа алдсан хөөрхийст Ялж төгс нөгчсөнийг орлон үйлсийг нь бадраагч авралт багшдаа залбиръя.

Амгалан ажрагчийн гурван биеийн чимэгт хүрд уран аргын хувилгаан шидээр орчин цэнгэхдээ эгэл жирийн дүрээр зон олонд туслагч нигүүлсэнгүй багшдаа залбиръя.

Хир буртаг үл халдах төрөлх жаргалант оршихуй, сав шим ертөнц бүхний түгээмэл мөн чанар, үүсгэл төгсгөл үгүй үнэмлэхүй бодь сэтгэл тандаа залбиръя.
Та бол богд багш минь. Та бол ядам бурхан минь. Та бол дагина, сахиус минь. Хэзээ гэгээрэх хүртлээ би танаас өөр авралыг эрэхгүй. Энэ яваа нас, зуурдын сансар, хойтын төрөлд ч энэрэл хайрын гохоороо гохдож, сансар нирвааны хоёр туйлаас гэтэлгэж, ид чадал бүхнийг соёрхон, ашдын өмөг болж, аюул бүхнээс хамгаалж хайрла.

Богд багш тандаа тахил өргөж, залбирч биширсний хүчээр өлзий бүхнийг соёрхогч та минь өчүүхэн шавь намайгаа урам баярын цогоор дагуулах болтугай. Адислаж хайрла.
Нэгээхэн удаа олдсон чөлөө учралт хүмүүн заяа эргэж олдошгүй, нисэн одох тохиол учир ашиггүй амьдралын аар саарханд тушигдалгүй амин шимийг нь хүртье. Адислаж хайрла.

Хойшид тохиож болох муу заяаны өрвөлзсөн түймрээс сэргийлж, чин зүрхнээсээ гурван эрдэнэд итгэн, нүглийг цээрлэж, буяныг хөгжөөе. Адислаж хайрла.

Харанхуй мунхаг, хүслийн шоронд буй амьдралаа эрх чөлөө гэж эндүүрэлгүй, ариун ном, хутагтын баялгийг эзэмшье. Адислаж хайрла.

Үйлийн эрхээр төөрч яваа амьтан бүхэн миний ижий. Өнө эртнээс ахин дахин ачлан тэтгэснийг нь санаж, өвдсөн үрээ энэрэх эхийн сэтгэлээр уучлан хайрлая. Адислаж хайрла.

Зовлонг хэзээд үл хүсэх, жаргалд хэзээд үл ханахын хувьд бусад амьтан надтай адилхан гэдгийг ухаарч, бусдад баяр жаргал хайрлаж явъя. Адислаж хайрла.

Аминч бэртэгчин сэтгэл өөрөө зовлон бүхнийг үндэс тул аливаа бурууг өөрөөсөө эрж, ад чөтгөр болсон би-гийн үзлийг даръя. Адислаж хайрла.

Эх болсон хамаг амьтныг хайрлах сэтгэл нь энгүй баян гэгээрлийн үүд учир өөрт минь дайсагнавч өр зүрхний хайраа тэдэнд зориулъя. Адислаж хайрла.

Сав, шим ертөнц бузар буртгаар дүүрч, зовлон зүдгүүр хур мэт асгаравч хилэнцэт үйлийн үр барагдаж, ариусан цэлмэхийн дохио хэмээн ухаарч саар бүхнийг сайн сайханд хувиргая. Адислаж хайрла.

Мөн чанарыг таних ухааны үр, үнэмлэхүй гэгээн амгаланд ууссан огторгуй мэт бясалгалаар билгийн чанадад хүрье. Адислаж хайрла.

Юмс үзэгдэл бүхэн зүүдний үзэгдэл, усны саран мэт хоосон. Гэвч шалтгаан, үрийн шүтэн барилдлага хуурмаггүй. Энэ хоёр ухаарлыг оюун санааны агаарт харшилдуулж биш, эвцэлдүүлж оносноор төв үзлийн мөрийг олъё. Адислаж хайрла.

Төрөх, үхэх, зуурдын гурван орчлыг бурхны гурван биед хувиргах бясалгалаар эгэл үзэгдэл хийгээд шуналын хирийг угааж, аливаа тусгал бүрийг арилсан гэгээн орноо ургуулъя. Адислаж хайрла.

Зүрхний найман дэлбээт төв судсын ордонд богд багш таныгаа залсны үрээр гэгээн гэрэл, илбийн бие хослон хурах бодь хутгийг энэ төрөлдөө нээе. Адислаж хайрла.
Бодь мөрийн сэжүүрээс барьж амжилгүй нөгчих цаг тулгарвал богд багшийн шууд гэтэлгэх гүн увдисаар ариун дагшин ертөнцөд одъё. Адислаж хайрла.

Хаа ч төрсөн таныхаа лагшин, зарлиг, тааллын нууц санг барих ууган шавь тань болъё. Адислаж хайрла.

Чин зүрхний залбирлыг минь сонсоод богд багш бээр адислахын тулд баясан мөшөөх дүрээр оройд минь заларч ирээд, зүрхний лянхуа цэцгийн хүйсэнд өлмийн гэгээгээ бат оршуулмуй.

(Богд багшийн тахилга гүрү ёогийн судраас)