Таван жилийн төлөвлөгөө гэж ... дээр үед манай Монголд дандаа давуулан биелдэг айхтар төлөвлөгөө байсан байх даа, бүтээн байгуулалт хаа сайгүй өрнөөд л, мал хуйгаа үржүүлээд л зүтгээд байна, гэхдээ тийм байдлаар төлөвлөхөө больчихсон чинь малын бүүм болоод 40 сая хүрцэн гэжугаа, за тэр ч яахав, золоор нэгэнт түүх болжээ.

***
Манай урд хөрш 2011-2015 оны хооронд хэрэгжүүлэх XII таван жилийн төлөвлөгөөгөө баталж гаргаад удаагүй байна. Нийт 16 хэсэг, 60 бүлэгтэй энэ төлөвлөгөө энэ оны сүүлийн хагасаас албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Хятадууд өмнөх таван жилийн төлөвлөгөөгөө хуучны манайх шиг ихэнхийг нь давуулан биелүүлсэн бол, бас биелээгүй үзүүлэлт байна аа байна.

Харин ирэх таван жилд хятадууд олон том зүйл төлөвлөсний нэг нь эдийн засагтаа бүтцийн зохицуулалт хийх аж. Ингэснээр эцэс төгсгөлгүй үйлдвэрлээд л, экспортлоод л байдаг байсан тэд хааяа бас өөрсдөө хэрэглэдэг болох нь. Дэлхийн санхүүгийн хямралаар Хятад дотоодын хэрэглээг дэмжих замаар эдийн засгаа тэтгэсэн нь амжилттай болсон нь ч үүнд нөлөөлж. Товчхондоо Хятадууд мөнгөө вааранд хийж газар булах юмуу дэрэн дотроо хадгалаад байх биш үйлдвэрлэсэн зүйлсээ хэрэглэдэг болсоноор экспорт буурвал цохилтод орчих гээд байдаг хараат байдлаасаа ангижирч өөрөө өөрийгөө тэтгэхүйц, эдийн засгийн дотоод зохист бүтэцтэй болохыг зорьж байгаа хэрэг.

Түүнээс гадна тэрбум хүн хооллож, дэлхийг хувцаслаж байгаа Хятад улс мэдээж түүхий эд, эрчим хүчийг сорно гэж үзүүлж байгаа болохоор энэ чигээрээ яваад байвал хязгаартай баялагт хавчигдана, үүнээс сэргийлэхийн тулд өнгөрсөн онд сэргээгдэх гэх мэт шинэ төрлийн эрчим хүч, биотехнологи тэргүүтэй 7 салбарыг стратегийн ач холбогдолтой гэж зарласан бөгөөд ирэх таван жилд ногоон хөгжлийн том зорилттой байгаа. Энэ дагуу ирэх жилүүдэд эрчим хүчний нэлээд өөрчлөлт хийх төлөвтэй байна. Урд хөрш хэрхэн ногоорох тухай Т.Фрийдманы “Халуун хавтгай хавчигдмал дэлхий” дээр тодорхой хэлсэн байналэй.

Ноднин жилээс Японыг гүйцэж дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсоны хэрэг юу билээ хятадууд G2-оо байг гэхэд, G20-д бол ажиллана шүү гээд XII таван жилийн төлөвлөгөөнд ч энэ тухайгаа дурдаж, дэлхийн эдийн засгийг тохинуулан, G20 бүлэглэлд санаачлагатай оролцоно гэж тусгажээ. Энэ бол Хятадын багагүй амбиц.

Товчхондоо XII таван жилийн төлөвлөгөөг Хятадын дунд ба урт хугацааны стратегийн нэгээхэн хэсэг гэдгээр нь нэгтгээд харвал:

Хятад улс тогтвортой оршин тогтнохын тулд эдийн засгийн хөгжлөө алдахгүй барьж байх хэрэгтэй, үүний тулд өөрөө өөрийгөө тэтгэсэн эдийн засгийн дотоод эргэлт бүхий зохист бүтэцтэй байх хэрэгтэй, энэ бүтэц нь тогтвортой оршихын тулд уламжлалт барилаараа замнах биш ногоон өсөлтөд тулгуурлах шаардлагатай, ногоон өсөлт гаргахын тулд технологийн дэвшил, ололтыг нэвтрүүлэх хэрэгтэй. XII таван жилийн төлөвлөгөөний гол зорилго бол ерөөсөө л эдгээр ажлыг амьдралд буулгахад оршиж байна. Товчхон хэлбэл шинэ технологид суурилан ногоон хөгжлөөр замнасан, тэнцвэртэй эдийн засгийн бүтэц бүхий Хятад улс сая тогтвортой хөгжлөө хангаж, дотооддоо бат бөх оршин тогтносноор, гадагшаа олон улсад өрсөлдөх чадвараа нэмэн, дэлхийн тавцанд хариуцлагатай гүрний үүрэг гүйцэтгэж чадах юм.

Мэдээж XII таван жилийн төлөвлөгөөнд дээр дурдсан зүйлсээс гадна нийгмийн халамжийн, соёлын, батлан хамгаалахын, улс төрийн гээд бусад салбарын зорилтууд байгаа л даа.

***
Бидэнд хамаатай байж болох гэдгээр нь урд хилийн дагууд харвал Хятадын бүсчилсэн хөгжлийн таван бүсээс баруун ба зүүн хойд бүс нь Монголтой хил залган оршиж байгаа агаад энд Шинжаан Уйгарын ӨЗО, Өвөр Монголын ӨЗО багтдаг юм.

Ирэх таван жилд Хятад улс бүсчилсэн хөгжлийн стратеги дотроос баруун бүсийн хөгжлийг тэргүүн эгнээнд тавьж, тусгай бодлогоор дэмжих болно гэсэн байх юм. Шинжаанд 2 их наяд гаруй юанийн хөрөнгө оруулах гэж байгаа нь өнгөрсөн таван жилд оруулсанаас даруй 2 дахин их тоо аж.

Хятад улс баруун бүсийнхээ хөгжлийг онцгойлон авч үзэх болсоны нэг шалтгаан нь энэ бүсэд Хятадын хамгийн олон үндэстэн нэг дор амьдардаг, салан тусгаарлах үзэл тээсэн, үе үе террорист халдага гардаг, нэг үгээр хятадуудын нэрлэдэгчлэн “муу ёрын гурван хүч”-ний үүр болсон газар учир үүнийг саармагжуулах зорилготой, нөгөө талаар энэ бүс байгалийн арвин баялагтай учир авч ашиглах шаардлага бас бий, энэ хоёр учир шалтгаан давхцсан нь баруун бүсийг ийн онцлоход хүргэсэн гэж үзэж болох юм.

Харин Өвөр Монголын XII таван жилийн төлөвлөгөөнд олон зорилт байгаагаас бидний сонирхолыг татахаар нь дэд бүтцийн төлөвлөгөөг нь харлаа.
 
Энд Өвөр Монголын төмөр зам нь нүүрс тээвэрлэлтийн хувьд:

§    Ордосоос – Хөбэй мужийн Таншань хотын Цаофэйдень район буюу далайн эрэг хүртэл
§    Ордосоос – Хубэй муж буюу төв хэсэг рүү хүртэл
§    Шилийн голоос – Ляонин мужийн Суйжун боомт хүртэл төмөр зам тавих юм байна.
Хилийн боомтын хувьд:
§    Ганцмод хүртэл (Монгол талаас Гашуун сухайтын боомт залгана)
§    Мандал хүртэл (Монгол талаас Ханги боомт залгана)
§    Зүүн Хатавч хүртэл (Монгол талаас Бичигт боомт залгана)
§    Аршаант хүртэл (Монгол талаас Нөмрөг боомт залгана)
§    Ар хашаат хүртэл (Монгол талаас Хавирга боомт залгана) тус тус хилийн боомт хүрсэн төмөр зам байгуулна.

Авто замын хувьд хилийн боомт хүртэл дараах маршрут байна:
·    Цэкэ боомт хүртэл: Далайн хөвөө буюу Өжина хошуунаас
·    Зүүн Хатавч боомт хүртэл: Улиастай буюу Зүүн Үзэмчин хошуунаас
·    Ганцмод боомт хүртэл: Лин Хөгөөс
·    Эрээн хот хүртэл: Мандалтаас авто зам тавих ажээ.

Хятад улсын дотоодын тээвэр сүлжээнээс харахад 2015 он гэхэд Монгол Улстай хиллэдэг бүх боомт руу дэд бүтцийг байгуулахаар төлөвлөсөн байна. За инкээд л манайхыг юу юугүй эзлэх гэж байгаам шдээ цаад хятадууд чинь гээд халуураад унах гарууд Монголоор дүүрэн бий дээ харин ч нэг.

Өвөр Монголын нутгаар дамжин цааш нэвтрэх Монгол улсын хувьд энэ дэд бүтэц ашигтай тусах нь дамжиггүй. Тэртэй тэргүй Замын Үүд дээр бөглөрдөг юм чинь, илүү олон боомтоор дамждаг болбол бидэнд л хурдан шуурхай амар болохоос биш хятадууд болилоо гэхэд тэдэнд унаад байх юм ер байхгүй, эдгээр замыг болиод биднийг тойроод өнгөрчихсөн байхад бид л ваакуумжина. Монголоос түүхий эд оруулж ирэх хэрэгцээ Хятадуудад гарсан тулдаа хил хүртэл дэд бүтцээ аваад ирэх хөшүүрэг болжээ.

Мэдээж үүнийг даган Монгол руу орж ирэх Хятадууд нэмэгдэхээс авахуулаад Оросын алс дорнодод гарч байгаа шиг сөрөг үзэгдэл зөндөө гарна, гэвч энэ бол Хятадын асуудал биш, Монгол-Хятадын харилцааны асуудал ч биш, Монголын өөрийнх нь асуудал. Хилийн хяналт шалгалт өндөр байхад хил зөрчөөд дайраад орж ирээд байна уу, үнэндээ бид л зөвшөөрөөд оруулж байгаа нь тэр шүү дээ.  Монголчууд бид хардаж сэрдэх зангаа түр орхиод, өөрсдөөс шалтгаалах зүйлээ хийж, дэлхийн жишгээр харилцан ашигтай хамтарч ажиллах, эдийн засгийн утгаар нь харж, прагматик харилцаж сурах цаг нэгэнт болжээ. Чи төлөвлөхгүй бол бусдын төлөвлөгөөнд орно гэдэг шүү дээ.