УЛААНБААТАР: ХXI зууны өргөн айлсалт
Нийслэл хотод үер болж байна. Дэлхий даяараа л үер болж байгаа л даа ер нь.
Нийслэл хотод үер болж байна. Дэлхий даяараа л үер болж байгаа л даа ер нь. Гэхдээ л гадаадынхаас ялгаатай монгол үер болж байна. Дашрамд дурьдахад бид өөрсдийгээ бусад үндэстэнтэй харьцуулахад хамаагүй элит шинжтэй гэдэгт үнэмшдэг. Элит ч мэлит нь бүү мэд, гэхдээ л ондоо гэдэг нь илэрхий байна.
Саяхан нэг хүн “Монголчууд дэлхийг эзэлж явсан гэдгийг гадаадын хөрөнгө оруулагчдад сануулах хэрэгтэй” гэсэн ярилцлага өгчээ. Гадаадынхан тэрнийг нь сонсоод яах ёстой юм бол? Аятайхан байхгүй бол манай улсыг очоод эзлэх вий гэж айх учиртай юм болов уу? Үүх түүхээрээ бахархалгүй л яахав, гэхдээ настай хүн залуучуудын дунд орчихоод “Бага залуудаа ийм ч бяртай, тийм ч чанга гар явлаа” гэхэд “хөөрхий дээ зайлуул, хэн гуайн нас ч дээр гарч дээ” гэсэн шүү л юм бодогддог доо. Ухаандаа Францын ерөнхийлөгч гадны хүнтэй яриа хэлцээ хийхийн өмнө “...Наполеон франц хүн байсан, Москваг хүртэл галдан шатааж чадсан зэргийг юуны өмнө танд сануулчихъя” гэх юм бол юу гээч болохыг төсөөл дөө. Ганцхан яриа хэлцээ, үер ус ч биш, дэлхий даяараа тодорхой байдаг ойлголт хэллэг хүртэл монгол дээр ирэхээр л өөр болоод байх юм. Захын жишээ. Лидер гэдэг үг цаанаа оройлогч, манлайлагч гэсэн утгатай. Монголд ороод ирэхээрээ ямар ч лидер хаанаас нь ч харсан “толгойлогч” л болчоод байх жишээтэй.
Байгалийн гэнэтийн жолоодлогогүй их ус, түүнээс үүдсэн гай гамшгийг заадаг үер усны аюул их сонин монголжиж байна. Монгол биш газруудад үер усыг урьчилан таамагласан бол хүн амьтнаа нүүлгэн шилжүүлнэ. Ингэж чадаагүй автсан бол сэргээн босгоно, хаалт хамгаалалт хийнэ. Хамгаалах боломжгүй гэж үзвэл нүүнэ. Ямарч байсан өмнө тохиолдсон аюул яг тэр далайцаараа дахиад дайрахад хохирохооргүй болгохоор зүтгэнэ.
Манайд арай өөр зохиомжоор үйл явдал өрнөнө. Эхлээд дөрвөн цагийн эргэлтэд дураараа нүүж явсан хөдөөгийн айлууд хотшихоор шийдэн нүүж ирнэ. Тэдний ихэнх нь хаанаасаа ч харсан үер уруйн зам дээр бууж, хашаа байшингаа хатгана. Хотын захиргааны зүгээс тэднийг хөөж тууж, үер усны аюулд өртөж болзошгүйг сануулна. Тэд урдаас нь хүний эрх, эрх чөлөө ярин ажил хайж байсан элдэв тэмцэгчдэд хандана. Ялангуяа сонгуулийн үеэр энэ үзэгдэл ихэснэ. Учир нь тэд саналаараа барьцаалан сонгуульд нэр дэвшигчдээрээ зөвшөөрөл авахуулах, авахуулахгүй юм аа гэхэд өгнө гэж амлуулаад авна. Удалгүй үнэхээр ч үер болно. Айлууд өртөж гэр орноо усанд авахуулна. Хотын зүгээс тэднийг албадан нүүлгэнэ. Тэд шөнөөр буцан ирж хуучин буурин дээрээ оронгоо шовойлгоод дараагийн үерийг хүлээнэ... Өнөө үзэсгэлэн гоо царайг чинь дахин дахин харахыг хүснэм гэдэг яруу найргийн мөр шиг...
Эндээс хоёр янзын гайхшрал гарч байна. Нэг бол монгол хүн үер усанд дуртай, өнөө экстрим спортын хорхойтнууд гэлээ гэдэг шиг үерлэн хөлбөрөх усан дундаас эд хөрөнгө гэр бүлээ амь тэмцэн байж аврах нь бөөн кайф байдаг ч юм уу гэмээр. Эсбөгөөс дарга нарын заасан газарт буухгүй, тэднээс тэс зөрж байхыг л эрх чөлөө гэж үзэн эрхэмлэдэг ч юмуу гэмээр.
Хоёр. “Нутгаа мэдэх”-ийн бахархал ба хясал
Ийм нэг заншил байдаг. Эр хүн хосны түрүү идвэл нутгаа мэдэхээ больдог гэж. Нутгаа мэднэ гэдэг нь хаашаа нүүж хаана нутаглахаа мэднэ гэсэн үг биш. Мань хүний хүсэл зориг эрх мэдлээс үл хамаараад хүйтрэхээр өвөлжөөндөө, урин дулаанд зусландаа буух нь тодорхой. Ингээд ирэхээр өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангаа дамжин эргэлдэхдээ яг хаана буухаа л өөрийн хүсэл зоригоор шийдэж болно. Голын баруун эрэгт ханаа шийрлэх үү, зүүн дэнжид буух уу, эсвэл уулынхаа баруун хормойд зусах уу гэдэг дээр нүүдэлчин хүн өөрийн үзэмжээр сонголт хийх боломжтой. Тэр сонголтыг монголчууд “нутгаа мэдэх” гэж нэрлэн дээдэлдэг. Монгол эр хүн дуртай дуртай дэнж дээрээ гэрээ бариад, хань ижил нь өрхнийхээ оосрыг татаж байхыг хараад эрх чөлөө аз жаргалыг мэдэрдэг. Монгол эр хүн өөрийнх нь гэр барьсан газар бусдынхаас төдийгүй, өмнөх бууриудаасаа ондоо байхыг хараад өөрийгээ эрх чөлөөт бодгаль хэмээн мэдэрдэг. Иргэншсэн ертөнцийн хувь хүний бүх эрх, эрх чөлөөг энэ жаахан боломж л бүрэн нөхнө. Нүүдэлчин хүн дуртай жалгандаа гараа барих эрхтэй байх юм сонгох сонгогдох эрхтэй байгаа нь тэр, үзэл бодлоо илэрхийлж болж байгаа нь тэр.
Чухам энэ эрх чөлөөг нь хөндөөгүй учраас 1930-аад оны харгислал, шашин шүтлэгийн доромжлолыг давж чадсан юм. Чухам энэ эрх чөлөөнд нь гар хүрээгүй учраас мал хөрөнгийг нь булаан нийгэмчлэхийг, улс төрийн хувьд дарангуйлан захирсан дэглэмийг нүүдэлчин ардууд тоолгүй тэсэн гарсан юм. Хотон дахь мал нь улсын өмч болсон ч, шүтэх бишрэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй байлаа ч гэсэн дуртай жалгандаа оронгоо шовойлгох эрх нь үлдсэн юм чинь болоод л байжээ. Дуртай жалгандаа буух эрх байж л байвал улс орныг нь Энхамгалан хаан зална уу, Сталин жолоодно уу, нэг их сонин биш.
Ингээд харахад “Тал нутгийн баатар”-ууд хэмээх нүүдэлч монголчууд эрх чөлөөнд биш, эрх мэдэлд биш, чөлөөт байдалд үнэн голоосоо дуртай ажгуу. Тийм ч учраас л 10.000 төгрөг өгсөн нэр дэвшигчид бодох санах юмгүйгээр саналаа өгч орхидог хүн бишгүй таардаг. Харин “чамд 10.000 төгрөг өгье, чи миний заасан газарт гэрээ барь” гэвэл үг сүггүй заамдаад авна. Дураараа нүүж чадахгүй ч гэсэн дуртай газраа ханаа дугуйлах эрх мэдэлтэй байхад л нүүдэлчин хүн жаргалтай амьдардаг юм байна. Талын нүүдэлчдээс энэ “эрх чөлөө”-г нь манжийн эрхшээл, социалист дэглэм, ямар ч харгислал дарангуйлал булаан авч чадсангүй. Учир нь нүүж л байвал байж л байх “эрх чөлөө” ажээ.
Улаанбаатар хотод нүүгээд ирж байгаа айл хэдийгээр малаа зараад машин тэрэг авчихсан байлаа ч гэсэн нүүдэлч сэтгэхүйтэйгээ ирнэ. Гэтэл хотшил иргэншил гээч зүйл л манжийн хаанаас эхлээд мангаа Сталин хүртэл нүүдэлч ардаас булааж чадаагүй нандин “эрх чөлөө” буюу хүссэн газраа гэрээ барих эрхийг нь хөнджээ. Хөндөхөөр барахгүй шууд эсэргүүцэн өөрийн дүрэм журмаа тулгадаг. Хотын удирдлага нүүдэлчин ардад гэрээ барих газрыг нь нарийвчлан заах гэж оролдож байгаа нь тэдний хувьд хамгийн нандин, үеэс үед дамжсан эрх чөлөөг нь үгүйсгэсэн хэрэг явдал болж байгаа юм. Ийм учраас л шилжин ирэгдсэд их төлөв зөвшөөрөөгүй газар бууж, зөвшөөрөхгүй байх тусам нь тэндээ сууж байгаа юм. Тэдний сонгох сонгогдох эрхийг нь 10 жил эдлүүлэхгүй байхад хааяа нэг ажлаа олж ядсан сурвалжлагч тааралдвал гомдол гаргачихаад тэсээд л байна. Сонгосон буурин дээрээс нь хүчээр нүүлгээд өөр газар буулгахыг ганц хоног ч тэсэхэд бэрх. Тийм учраас л үерийн дараа нүүлгэдэг, маргааш нь буцаад тэндээ буудаг сценари үргэлжлээд байдаг юм аа. Дээр нь иймэрхүү дэл сул газар хаана байна вэ гэхээр зөвхөн үер усны зам учраас айл буугаагүй хэсэгт үлдсэн нь илүү их аюул дагуулах болсон хэрэг.
Нөгөө талаас нүүдэлчин хүмүүс аливаа бэрхшээлийг нүүх, зугтан зайлах аргаар шийддэг уламжлалтай. 1932 онд хувьсгалт хүчирхийллийг эсэргүүцсэн бослого гарахаас өмнө ардууд хил даван дүрвэж эхэлсэн байдаг. Хил хаасны хойно сая бослого дэгджээ. Ийм учраас ардчилал, хүний эрх чөлөө энэ тэрийг нэг их үгүйлдэггүй явсан хэрэг. Ноёнтойгоо муудвал заргалдах, солихын оронд зугтаж нүүгээд л өөр “сайн” ноёны албат болчихно. “Тунгалаг тамир” романы Эрдэнэ үүний сонгодог жишээ. Тэр Засагт ханы “муу ноён”-тойгоо муудалцаад “сайн баян” Итгэлийнд зарагдана. Гэтэл Итгэлт итгэл алдаж авгайг нь оролдсон тул муудалцаад түүнийг цагаантнаар солих боловч цагаантан нь таалагдахаа больмогч улаантантай нийлнэ. Улаантнуудтайгаа муудалцдаг. Гэхдээ тэр үеийн дэглэмийн утга зохиолын хяналтаас болоод Эрдэнээг шарын талд оруулан бичих боломжгүй байжээ. Энэ нь урвалт шарвалт биш нэгэн сайхан монгол эр хүн нөхөрлөлийн ертөнцөд дуртай газраа бууж гэрээ бариад л эрх дураараа нүүгээд яваа хэрэг. Халх-Ойрадын их чуулган болоход үндэстнээ нэгтгэж, их гүрнээ сэргээхээс илүүтэйгээр оргодол албатуудаа хэрхэн солилцож, зохицуулахыг ярьсан байдаг юм. Ийм болохоор шинэхэн хотшиж буй нүүдэлчин ард үер болох шинжтэй бол гэрээ тэрүүхэндээ зөөгөөд буучих юм шиг санаад байгаа юм. Буусан газраа насан туршдаа суурьшаад, магадгүй үр ач нь ч төвхнөн сууна гэж санахгүй, ердөө л цаг агаарын байдлаас хамаараад удаж төдөлгүй орхиод нүүх хаваржаа, намаржааны дайтай л санаж байгаа.
Гурав. Шинэ цагийн өргөн айлсалт.
Хот айл, хот хоёр өөрийн гэсэн дүрэмтэй, дүрэм нь зөрөөтэй. Тийм учраас хот гэдэг тодорхойлолт их ээдрээтэй. ХХ зууны дунд үеэс сая суурьшин хотшиж ирсэн Улаанбаатарчууд 1966 онд анхны томоохон сорилттой учирчээ. 1959 онд ардуудын малыг нийгэмчлэн хураасны дараа тэд хот руу нүүж нийслэлийн хүн ам бараг хоёр зуу хүртэл хувиар өсч байсан гэдэг.
Чухам энэ үед “1966 оны үер” гэгдэх гамшиг тохиолдсон байна. Тухайн үеийн засаг захиргаа хот гэхээсээ илүү, зүгээр л “нүүдэлчдийн хүрээ” цугларалт болсон Улаанбаатарыг хотшуулах нөр ажил эхлүүлжээ. Ингэхдээ нэгэнт нүүгээд ирчихсэн хэсгийг нь орон даяар өрнүүлсэн “Соёлын довтолгоо” хэмээх операцийн хүрээнд хотшуулах, нөгөө талаас хөдөөнөөс нэмж ирэн хотыг хөдөөшүүлэх замыг боломжоороо хаах арга хэмжээг авчээ. Их үерийн дараагаар Туул голын дагуу барьсан далан бол монголчууд иргэншлийн үрээр бий болсон хамтын эрх ашгийн төлөө хамтдаа хийсэн анхны томоохон бүтээн байгуулалт байв.
Ийнхүү хөдөөгөөс ирэх шилжилт хөдөлгөөнийг хааж, нэгэнт цугларсан хүмүүсээ хотшуулах арга хэмжээ авсны үр дүнд чамгүй ололтод хүрсэн юм. Тэр үед хөдөөнөөс хотод шилжин ирэх нь одоогийн америкийн виз авахаас хамаагүй хэцүү байсан. Хулгайгаар сэм хотод шингэх гэсэн айлуудыг гэнэтийн шалгалтаар илрүүлээд нутаг руу нь яг л одоо Солонгост харлаж байгаад баригдаад ачигдан ирдэг шиг буцааж аваачдаг байсан. Өнөөгийн Солонгос, АНУ-д мянга мянган монгол хүн харлан амьдраад болж байсан бол тэр үеийн Улаанбаатарт харлах боломж үндсэндээ “0”-тэй тэнцүү байсан. Цагдаа, ба төрийн захиргааны ил хяналтаас гадна таван хүн тутмын нэг нь хамрагдсан дотоод яамны мэдээлэгчид матдаг байсан цаг. Айлуудыг дүн шөнөөр шалган гадны хүн хонуулж байгаа эсэхийг шалгах нь ердийн үзэгдэл. Хүчлэх, гэгээрүүлэх хосолсон иймэрхүү арга хэмжээний үр дүнд Улаанбаатар хэр хэмжээндээ сүрхий хотшин, иргэн нь ч, хот нь ч өөрийн өнгө төрхөө олон алдаж байлаа.
Гэтэл 1990-ээд оны ардчилсан хувьсгалаар монголын иргэд оршин суух газраа сонгох эрхтэй болголоо. Мянга мянган айл хот руу нүүлээ. Ингээд арай ядан хотшиж байсан Улаанбаатарын ерөнхий шинж 1960-аад оны төрхөндөө эргээд ойртов. Гурван зуу илүү жил нүүсэн түүхтэй гэгддэг энэ хот ХIX зууны босгон дээр айлсан буусан нүүдэлчдийн шинжээ санагалзах болов. Энэ жил чухал ойгоо тэмдэглэж буй манай хотыг ямархан ирээдүй тосно вэ? 1960 –аад оных шиг захиргааны арга хэмжээгээр цэгцлэхэд амаргүй. Оршин суух газраа сонгох ба дуртай газраа хашаа хатган суухын хооронд жаахан ялгаа бий л дээ. Гэвч энэ жаахан ялгааны цаана нүүдэлчид ба иргэншил гэдэг хоёр өөр амьдралын хэвшил байдаг билээ.
Дөрөв. Хотын нүүдэлчид
Ахуй амьдрал, ажил төрлөөрөө бүрэн хотжисон боловч бидний сэтгэл зүрх минь нүүдэлчин төрхөөрөө... Дуртай газраа гэрээ барих хүсэл мөрөөдөл минь зүс байдлаа хувирган сэтгэл зүрхийг эзэмдсээр. Гэрээ дуртай газраа барих эрмэлзэл маань өөрийн гэсэн саналтай байх эрмэлзлээр солигдлоо. Ийнхүү бид улс үндэстнийхээ санал бодлын ертөнцөд зөвхөн өөрийн гэсэн санаа бодлын гэр юугаа, бусдаас ондоо буурин дээрээ барихаар тэмцдэг болов. Иргэншсэн ертөнцөд байдаг хамтын, нийтлэг эрх ашгийн төлөө гэдэг ойлголтыг энэ эрмэлзэл илэрхий дарангуйлж байна.
Бид госчоомтой нүүдэлчид хэвээрээ байгаа гэсэн үг. Оюутолгойгоос эхлээд, Тавантолгойг хүртэл олон асуудлууд гарч, байнгын санал зөрөлдөөний цаад учир энд л байгаа. Оюу толгойдоо ч, 34 хувьдаа ч, 68 хувийн татвартаа ч байгаа юм биш. Улс орноо суга хөгжүүлэх, эсвэл хорлож хаях, бүр цаашлаад Хятадын гарт өгөх гээд ч байгаа юм биш. Санал бодлын ертөнцөд өөрийн гэрээ, өөрийн хүссэн жалгандаа шовойлгоод, түүнийгээ харж цээж тэнүүн амьсгалах гэсэн нүүдэлчин эрийн хязгааргүй амбиц л байгаа юм. Ингээд бодохоор заримдаа “Даваан цаана байгаа” гэж далан жил ярьсан боловч бараа нь харагдахгүй байсаар унтарсан коммунизм санаанд орох бөлгөө.
Гэхдээ аз дайрахыг хэн байг гэхэв дээ. Зуун зууны турш алга болсонд тооцогдож байсан тусгаар тогтнолын маань голомт нэг өглөө унгасаад дүрэлзэж л байсан юм чинь. Дараа дараачийн ойнуудынхаа аль нэгэнд иргэншсэн иргэнтэй Улаанбаатар цогцолчихсон ч байх юм бил үү?
Иргэн
Swiss