Монгол Улс олон намын тогтолцоо бүхий парламентын засаглалыг хуульчилсан орон боловч парламентын засаглал үүсч хөгжсөнөөс хойших 20 хүрэхгүй жилд ердөө л хоёр намын ээлжит тоглолтоор төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж ирэв. Тэр тусмаа сонгуулийн тогтолцооноосоо улбаалаад нэгэнт хэлбэржин тогтохдоо хүрсэн хоёр намын тогтолцоо нь олонх, цөөнх гэсэн туйлшрал дээр оршиж ирсэн юм. Парламентад олонх болсон намын үнэмлэхүй эрх мэдлийг Н.Энхбаярын засаглалын үед Үндсэн хуульд  онцгойлон тогтоосноор сөрөг хүчин, тэр дундаа хүчтэй сөрөг хүчин нийгмийн захиалга болсон. Гэвч олонх, цөөнхийн энэ ойлголтыг эвдэж, өнгөрсөн сонгуулийн дараагаар хамтарсан Засгийн газрыг байгуулсан МАН болон АН-ын дотнослыг стандарт бус гэж тодорхойлсон нь хэр оновчтой вэ?

Учир нь, дэлхий дээрх ардчилсан олон улс оронд сонгуулиар олонх суудал авсан нам нь парламент дахь бусад намтайгаа зөвшилцөж Засгийн газраа байгуулдаг стандарт байдаг. Энэ нь парламентад олон нам байх ёстой, олонх байх албагүй гэсэн стандарт юм. Хоёр намын тогтолцооны хамгийн тод жишээ бүхий АНУ, Их Британи гэсэн хоёр орны нэг нь буюу Их Британи дээрх стандарт руу явж буй. Их Британид эрх баригч Хөдөлмөрийн нам сүүлийн сонгуулиар ялагдал хүлээж, Консерватив нам ялалт байгуулсан ч Либерал Демократ намтай хамтран Эвслийн Засгийн газар байгуулан ажиллаж байна. Шинээр засгийн эрхэнд гарсан намууд 1930 оноос хойш эвслийн Засгийн газар байгуулаагvй Их Британид томоохон өөрчлөлт шинэчлэлтийг амласан юм.

Олонх, цөөнх болж хангалттай үзэлцсэн МАН, АН энэ удаад монгол стандартаа эвдэн хамтарч Засгийн газар байгуулахдаа монголчуудад мөн л томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг амласан юм. Түүний нэг хэсэг болох газрын хэвлийн баялгийг иргэдэд эзэмшүүлэх амлалтаа биелүүлж, Тавантолгойн ордын хувьцааг иргэдэд эн тэнцүү хэмжээгээр олгох улс төрийн шийдлээ өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдааны шийдвэрээр баталгаажууллаа. Хамтарч Засгийн эрх барьж буй хоёр намын сэтгэл ханамжийн баталгаа үүний дараа 100 хувьд дөхөв. Учир нь, аливаа нам төрийн эрх мэдлийг атгах, улс орны хэмжээний шийдвэр гаргахад оролцохын төлөө оршдог тул энэхүү зорилгоо гүйцэлдүүлж чадаж буй эсэхээр сэтгэл ханамжийг нь тодорхойлох ёстой. Эцсийн дүндээ улс төрийн намуудын тэрхүү сэтгэл ханамжийн баталгаа нь төр тогтвортой байх баталгаа болдог аж.

Улс төрийн намуудын төрийн эрх барих, бодлого тодорхойлох үйл явцад оролцох боломжийг боомилж, сэтгэл ханамжийн баталгаа өгөхгүй байгаа хүчин зүйл бол өнөөгийн сонгуулийн тогтолцоо. Улс төрийн намуудаар дамжиж илэрхийлэгдэж байгаа иргэдийн санаа бодол, төлөөллийг парламентын гадна гээж үлдээдэг мажоритар тогтолцоог өөрчлөн пропорциональ, ядахад холимог болгох эр зоригийг маргааш эхлэх хаврын чуулганаас иргэд хүлээж байна. Энэ хүлээлтийг эрх баригч МАН-ын дарга С.Батболдын “хоёр танхимтай парламенттай больё” гэдэг гэнэтийн цочир санаачилга бүүр ч бүдгэрүүлж орхилоо.

Хэрэв энэ санаачилга хэрэгжвэл Монгол Улсыг одоогийн 76-гаас ч илүү олон, жижиг тойргуудад хувааж, сонгогчдыг худалдан авахад бүр ч хялбар болно гэсэн үг. Өнөөдөр хөдөөгийн нэг сум дунджаар 2000 орчим хүн амтай, түүний 50 хувь нь санал өгөх эрхтэй сонгуулийн насныхан. Гэхдээ тэдний 70 орчим хувь нь л сонгуульд оролцдог. Өөрөөр хэлбэл, 700 орчим хүний саналаар хууль тогтоох засаглалд хүрч байгаа судалгааны дүн байдаг. Эдийн засаг эрчимтэй тэлж, компаниуд улам бүр хүчирхэгжиж байгаа нөхцөлд тойрог жижигсч, сонгогчдыг худалдан авах улам бүр хялбар болно гэдэг нь хөрөнгөлөг хэсгийн болоод бусад явцуу эрх ашигт парламент шууд худалдагдахад бэлэн гэсэн үг. Гэтэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын баталгаа нь ардчилал, ардчиллын баталгаа нь олон намын тогтолцоот парламент шүү дээ.

Ардчилсан парламентыг бэхжүүлэх, төгөлдөржүүлэхийн тулд УИХ дахь төлөөллийн тоог нэмснээр иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэг өрөөсгөл. Харин иргэдийн санал бодитой тусдаггүй УИХ-ын Сонгуулийн тухай хуулиа боловсронгуй болгож, санал гээдэггүй тогтолцоог хуульчлах л амин чухал асуудал. Гэвч үүнийг анхаарлаас холдуулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг төөрөгдүүлэх зорилгоор гаргаж ирсэн санаа гэдэг шүүмжлэлийг С.Батболдын “хоёр танхимтай парламент”-ын санаачилга араасаа дагуулсан нь сүүлийн долоо хоногийн улс төрийн амьдралыг тодорхойлов.   

Өнөөдөр мөрдөж байгаа мажоритар тогтолцоогоор бол тухайн тойрогт хамгийн олон санал авсан нь парламентад суух эрх авдаг. Тухайлбал, дөрвөн нэр дэвшигч байлаа гэхэд тэдгээрийн хэн нэг нь сонгогчдын 25-аас илүүгийнх нь саналыг авсан тохиолдолд гишүүн болно. Хэн нэг нэр дэвшигч хамгийн багаар бодоход тойргийн сонгогчдын 30 хувийн саналыг авч, УИХ-ын гишүүн боллоо гэж бодоход үлдэх 70 хувийнх нь санал парламентад тусгалаа олохгүй хаягдаж байна гэсэн үг. Энэ тохиолдолд сонгогчдын олонх хэсгийнх нь санаа бодол парламентын гадна үлдэж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, иргэдийн төлөөллийн зарчим алдагдаж байгаа хэрэг. Ийм сул тал бүхий мажоритар тогтолцоог пропорциональ болон холимог системээр солих нь сонгогч хүнийг биш намыг сонгоход хүрч, Үндсэн хуулийн заалт зөрчигдөнө гэсэн шүүмжлэл байдаг. Төрийн эрх мэдэл, бодлогыг улс төрийн намуудаар дамжуулан хэрэгжүүлэхээс илүү дээр арга замыг өнөөхөндөө олоогүй байна. Ийм нөхцөлд харин ч хэн нэг алдартай дуучин, жүжигчин, сумочийг биш намыг сонгох нь хамгийн ойлгомжтой логик биш гэж үү? Сонгогч намыг дугуйлах нь буруу, зөвийг ярихдаа хүрвэл харин улс төрийн намуудын хариуцлагын тухай ярих ёстой болох байх.

ХБНГУ-ын Улс төрийн намуудын тухай хуульд тухайн намын мөрийн хөтөлбөр төрийн үйл ажиллагааны суурь мөн гэж заасан байдаг аж. Бусад ардчилсан улс оронд ч парламентад олонх суудал авсан нам өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх л давуу эрхтэй болохоос бус Засгийн газраа бусад намтай зөвшилцөж байгуулдаг жишиг бий. Сонгуулийн тогтолцоо нь парламентад олон нам орж ирэх нөхцөлийг бүрдүүлдэг, нэгэнт парламентад суудал авсан бол Засгийн газрын үйл ажиллагаанд оролцох боломжийг нь эрх зүйн үүднээс зөвшөөрдөг стандарт руу бид шилжих ёстой. Тэгэхгүй бол олонх болсон нь увайгүй дарангуйллын улс төр хийдэг, цөөнх болсон нь уйгагүй шантаажны улс төр хийдэг өнөөгийн нөхцөл үргэлжилсээр байх болно. Түүнээс биш сум, баг, хороо бүрийн төлөөллийг парламентад оруулж ирэхийн төлөө явах нь цаг үеийн захиалга биш. Харин сонгогчдын санал гээгддэггүй сонгуулийн тогтолцоо, парламентад суудал бүхий олон нам, намуудын зөвшилцөл дээр байгуулдаг Засгийн газрын механизмыг хуульчлах нь нийгмийн захиалга гэдгийг өрнөсөөр ирсэн, өрнөсөөр байгаа улс төр харуулж буй. Нийгмийн захиалга төдийгүй улс орны ирээдүйн хөгжилд шууд нөлөөлөх хүчин зүйл юм.

Тийм учраас сонгуулийн үр дүнд санал нь бодитой тусаагүйгээс сэтгэл ханамжгүй хоцорсон сонгогчид, улс төрд нөлөөлөлгүйгээс сэтгэл ханамжгүй байгаа нам, хүчнүүд хувьсгалын тухай ярьж байна. Парламентад хийх ёстой шинэчлэлийг түүний гадна хийхээр, хуулийн дагуу олж авах эрхээ хууль бусаар буюу хувьсгалын замаар олж авахаар санаархаж байгаа хэрэг.