Өөрсдөө чоно алж хядаж ханасан уу, хараал нь туссан уу яасан боохойг гэнэт хайр­лахаар болчихлоо. Эсвэл чоно махнаас гарсан юм болов уу?

Хээр талын хөх чононд бүх л үеийн дарга нар дайн зар­лаж бүгдийг нь устгаж хаячи­хаад өнгөрсөн хойно нь одоо юу яриад байгаа юм бол.

Хэрэв амьтан хамгаалах тухай хууль гаргасан бол тэр нь эрх баригчдад л хамаатай. Тэднийг хөдөө салхинд гара­хад нь захын цагдаа нэгжиж буу шийдмийг нь булааж, унаа машиныг нь журмална гэж хэзээ ч бүтэшгүй. Хурдан буу, хурдан унаатай. Одоо "шинэ Монголчууд" зөвхөн чоно алахын тулд Европоос 800 мянган еврогийн үнэтэй "Бенз" захиалж хийлгэн авчир­лаа. Алах анчин нь олшроод иртэл алуулах нохой нь хядуулаад дуусчих­санд бухимдац­гааж байна. Тэгээд чоно алахыг нийтэд хориглов. Тэрнээс энэ амь­танд гэгээн хайртай явсны илрэл огт биш.

Чонын тухай "Илүү тэнгэр­тэйд нь алагддаг" гэсэн үг байдаг. Энэ үг нь ан хийх далим юм уу эсвэл монгол баячууд, эрх баригчид чоно алж тэнгэрээ нэмэх тийм их чин хүсэлтэй явдаг юм уу. Ямар ч байсан энэ хэлц үг боохойн тоо цөөрөхөд бага­гүй нөлөөлсөндөг. Гадаад дотоодын хамаг олигтой сургууль дүүргэж, шинжлэх ухаанд толгой нь "эстүүжин" болтлоо чанагдсан баймаар нөхдүүд л  илүү тэнгэрийн тухай мухар сүсгийг илүүтэй ярьдаг нь хачин.

Амьдралдаа ан хийж үзээ­гүй болохоор энэ өрөвдмөөр амьтны үхэж байгааг харахад чухам ямар таашаал төрд­гийг үнэндээ ойлгодоггүй. Бид ном зохиол хууч ярианаас чонын тухай зөндөө л сонс­дог. Чоныг холоос харахад дунд зэргийн биетэй гэрийн  нохой гүйж яваа юм шиг харагддаг. Гэхдээ энэ саарал амьтан энэ ертөнц дээр оршин тогтнохын тулд өөрөө­сөө хэтийдсэн их тэсвэр хатуужлыг даван туул­даг. Хамгийн эхний зорилго бол хүнд алуулахгүйгээр амиа авч гарах ухаанд сурал­цана. Дараа нь хоолоо олж иднэ. Хоолыг бол хаанаас ч хамаа­гүй хооллодог юм билээ. Өвс иднэ. Яваан дун­даа царцаа түүгээд гүйж явахыг нь харсан. Түвэг чирэгдэл ихтэй ангийн араас сүүлийн үед бараг явахаа больчихсон юм шиг. Тэгж яваад анчинтай таарчих гээд их болгоом­жилдог байх. Ялангуяа нүцгэн талд гарч зээр хөөхөө бүр больсон. Талд өөрөөс нь хэд дахин хурдан сум, машин хоёр тааралдвал амьд гарч байсан тохиолдол байхгүй учраас тийшээ явахаа бол­ьсон. Талын хөх чоно  талаа эзэнгүй орхисноос хойш тэнд­хийн зээр гөрөөс, үхэр мал үхээд эхэлсэн. Чонын хоол болох ёстой өвчтэй юмнууд үхэж далд орохгүй нэгэндээ шүлхий халдаагаад  хээр тал тэр аяараа ёолж байна. Чоно хайж хөдөө ирсэн жийптэн­гүүд амьтны эрүүлийг нь хөнөөж өвчтэйг нь амьд үлдээх гаж тогтолцоог бий болгосон. Уг нь ухаант хүмүүс боловч байгаль орчинд ухаалаг хандах ухамсаргүй.

Чононд явсан хүмүүс чоныг бахархан  ухаан залийг нь биширцгээдэг. Зарим ман­гар нөхдүүд саарлаас үлгэр авч амьдардаг, бараг чоно шиг санаа муутай болоод байгаа гэж ирээд ярьдаг. Машинаар араас нь хөөсөн чинь шонгийн модны ард нуугдсан л гэнэ. Эрээд олдохгүй байсан чинь машин доогуур ороод раманд нь зүүгдчихсэн байв ч гэх шиг. Хавхтай хөлөө тас хазаад зугтаж байгаа юм даа. Үнэн хоншоортой.  Иймэрхүү үйлд­лийг хараад бахархдаг боловч эр зоригийн урамшуу­лал болгож хэзээ ч амийг нь уучилдаггүй нь дэндүү гуниг­тай. Чоно ч өөрөө бас хувиа тавихгүй зэвүүн амьтан л даа. Тээр жил хөдөө  байхад манай нэг нэртэй бизнес­мэнийг дутуу үхсэн чоно босч ирээд гэдсийг нь хүү татчихаж билээ. Түүнийг сумын эмнэ­лэгт аваачаад нисдэг тэрэг дуудаж хот руу аваачсан боловч шархаа даалгүй нас барсан. Талийгаачийг эмнэ­лэгт орж ирэхэд  шархыг нь харсан. Сэлэмдчихсэн юм шиг аймаар хүүлсэн байдаг. Гэхдээ чоно хүн барьсан тохиол­дол их ховор дуулд­даг. Голдуу л өөрсдөөсөө шалтгаалж гайтсаны бурууг энэ амьтанд тохдог.  Уг нь чоно бол хүн төрөлхтөн рүү шумуулнаас бага довтолдог амьтан. Малчин нь малаа хариулалгүй хаявал дөрвөн хөлт байтугай хоёр хөлт хулгайч ч "олсон"-д тооцдог.

Одоо тэгээд хууль нь гарч байгаа юм бол бүх тохиолд­лын ан хийх явдал бүрмөсөн зогссон гэж ойлгож байна. Бүх л анг агнахыг хориод ганцхан чоно л үлдээд бай­сан. Төв аймгийн татварын байцаагч нөхөр илүү тэнгэр­тэй болох гэж Жаргалант ороод чоно биш хүн амины хэрэгт ороолцолдлоо.  Гадаа­дын зочныг Монголд чоно алуулж зугааг нь гаргадаг. Сайд, саятнуудыг аймгийн­хан, аймгийн татварын даргыг сумынхан, сумын даргаа суурийн малчин нь дагуулж давхин нэг чонын араас  олон хүн буу агсан, машин хөлөглөн наадам шиг юм болдог. Бүгд л дор бүрнээ өөрийн тэнгэртээ ханахгүй өрөөлийн тэнгэр булаачих санаатай. Харамсалтай нь энэ тэнгэрлэг амьтан өршөөл ирэхийг хүлээлгүй дуусчих­жээ. Чоногүй болох ч яахав. Томцуулын байнга тордохгүй бол цөмөрчих гээд байдаг биднээс илүү тэнгэр нь хаяж балрах вий дээ. Араатан алах донтой хүмүүсээр энэ гудам­жинд хүн барьчих гээд байгаа золбин нохдыг буудуулах юмсан.