Зүрх рүү түг хийлгэсэн нэг зүйл саяхан надад тохиолдов. Буян хийх зорилготой гудамжинд хэдэн нохой хооллоод зогсож байлаа. Золбин нохой хотод маань элбэгийг хэлэх үү хэд гурваараа хүрээд ирэх аж. Барьж яваа савнаасаа хоолоо газарт нохойд тавьж өгөв. Хог түүдэг бололтой шуудай үүрсэн хоёр хүн нүдний буланд харагдана. Гэтэл нөгөө хоёрын нэг нь наашаа чиглээд айсуй!

    Дэргэд ирээд намайг харсан ч үгүй, дуугарсан ч үгүй шууд нохойнууд руу гараа явуулж байна. “Та яах гэж байна?” хэмээн асуутал тэрээр ердөө л “Би иднэ” хэмээн товчхон хариулав. Өөр элдэв долоон юм ярьсангүй. Магадгүй өлсгөлөн түүнд надтай илүү дутуу юм ярих, асуух, зөвшөөрөл авах тэнхээ ч үнэндээ байгаагүй байх. Хичнээн ядуу ч гэсэн тэр бол хүн, газарт байгаа нохойн хоолноос өгч сэтгэл төвдсөнгүй, гартаа байгаа савтай хоолоо өгөөд явуулсан.

Нохойнууд ч хоолоо нэг их тоож идсэнгүй цатгалан байдаг бололтой яваад өгөв. Харин Монгол хэмээх их гэр бүлийн маань нэгэн гишүүн хотын золбин нохойноос өлсгөлөн амьдарч яваа нь ямар их харуусмаар зүйл вэ. Тэр хичнээн арчаагүй амьтан мөн байлаа гээд үүнд түүнээс өөр хэн нэгэн буруугүй гэж үү? Бидний нэг хэсгийн маань амьдрал ямар айхтар хүнд байна вэ? Гэвч энэ зовлонт амьдралыг эрх баригчид байтугай тэднийг шүүмжлэгчид, эднээр далимдуулан ядуусыг өмөөрч улс төр хийгчид, за бүүр хувьсгал хийхийг уриалагчид ч өөрсдөө төсөөлөхгүй, үнэн зүрхнээсээ ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй нь харин үнэн дээ.
Өнгөрсөн жил эртний түүхт Киргизэд хувьсгал гарсан билээ. Хэдэн зуун хүн шархдаж, олон арван хүн амь насаа алдаж, ерөнхийлөгч нь нуугдаж, сөрөг хүчин нь засгийн эрхийг булаан авсан. Мэдээж ард түмэн нь тэсэхээ байгаад л ийм байдалд хүрсэн боловч хүсэхээр зүйл үнэндээ биш. Сонин нь хувьсгалыг хийсэн сөрөг хүчний удирдагчдын нэг нь Роза Отунбаева хэмээх нэгэн эмэгтэй байв.

Манайд ч өнгөрсөн жил мөн хувьсгал хийхийг хүссэн хэсэг хүмүүс жагсаал цуглаан, суулт хийн өлсгөлөндөө тулсан билээ. Удирдагчдынх нь нэг нь Г.Уянга хэмээх бас нэгэн эмэгтэй. Тэрээр “Хариулахгүй ч байсан болно” нэвтрүүлгээр орохдоо хувьсгал хийхэд хууль байхгүй хэмээн хэлж байсан нь тийм ч таатай сонсогдоогүй. Тэмцэгчдийн зарим нь нийгэмд аль хэдийн “сонин санагддаг” болчихсон хүмүүс ч байсан, “зөв хүмүүс” ч байсан. Харин ард нь...

Юуны учир эдгээр хүмүүс энэ байдалд хүртлээ тэмцсэн юм бол? Тэдний шаардлага нь УИХ-ыг тараах байсан, түүнийг нь хүлээж аваагүй, УИХ-д итгэл үзүүлэх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахыг шаардсан, мөн хүлээж аваагүй. Уг нь энэ УИХ-ыг тараачихаж болдог бол үнэхээр сайхан санаа л даа, эднийг солихоос өөр сайхан юм гэж юу байхав. Хөөрхий ядарсан ард түмэндээ сар болгон “Богдын боорцог” шиг 21 000 төгрөг тараан зодолдуулж, лав л ойрын хэдэн жилдээ яасан ч өгч чадахгүй 1 500 000 төгрөгийг “өгнөө” хэмээн хуурсаар байгаагийнх нь төлөө, том том төслүүдийг яаран яаран эрх барьж байгаа дээрээ батлуулах гээд улайраад байгаагийнх нь төлөө, ардчиллын зарим нэг зарчмаас ухарч ард түмнээрээ тохуурхсаар байгаагийнх нь төлөө тараахад буруудахгүй биз.

Та бид мэднэ, ерээд оны монголын парламент гэж нэг сайхан юм байв даа. Гишүүдэд зориулсан автобусандаа бөөнөөрөө суугаад гэртээ харьцгаачихдаг, албан тушаалын хаялга нь хөөрхий үсрээд л хүүхдээ төрийн мөнгөөр Америкт сургуульд явуулдаг байсан биз, үзэл бодлоор өрсөлддөг, сонгогдохдоо ч тэр, буухдаа ч тэр гуяа ганзгалаад яваад өгдөг цэвэр ариун ёс суртахуунтай үе байв шүү. Одоо ердөө гишүүн нэр зүүхийн төлөөнөө хэдэн зуун саяар нь мөнгийг цацдаг, сонгуулийг зохион байгуулдаг, худалдаж авдаг энэ цаг үед тийм амар тарахгүй. Үнэгүй юм гэж байдаггүй шиг ийм өндөр төлбөр төлсөн тэд хэзээ ч энэ ширээнээсээ салж чадахгүй. Тэгэхээр УИХ-ыг тараах нь өөрөө үл гүйцэлдэх санаа байжээ.

Харин ойрын үед зарим нэг хүмүүс Монголд хувьсгал хийнэ гэсэн санаа цухалзуулж, ил тод ярьж эхэлжээ. Хэдэн жилийн өмнөх өнгөт хувьсгалуудыг жишээлж байсан бол одоо Арабын ертөнцөд өрнөж буй цэцгийн гэгдээд байгаа хувьсгалуудыг ярих болов. Эдгээрийг Монголтой адилтган жишиж ярих юм. Уг нь тэнд насаараа эзэн суучихсан дарангуйлагчдаасаа салж байх шиг харагдах юм, гэтэл манайд олигарх, хулгайч, хүний эрхийг хөсөрдүүлэгч, архины мөнгө тараадаг дарга нар л байхаас олон жил эзэгнэчихсэн дарангуйлагч алга. Бид хүсвэл дургүй хүргээд байгаа улс төрчөө суудлаас нь салгаж хаяад хариугаа авчих аргатай шүү дээ. Энэ бол сонгууль. Ээлжилж солигдсоор л өнөөдрийг хүрсэн. Энэ чинь тайван замаар хийчих хамгийн үр дүнтэй хувьсгал биш гэж үү. Даан ч бид өөрсдөө болохгүй бүтэхгүй хүмүүсээсээ салчиж чадах тэр сонгуульдаа дэндүү хариуцлагагүй ханддаг шүү дээ.

Хувьсгал хийдэг юм аа гэхэд оронд нь суух гээд байгаа хүмүүс нь одоо байгаагаасаа ч дээрдмээргүй нэг л их гомдогсод, өс хонзон өвөрлөгсөд л харагдах юм. Нэг л их ядуусаар түрий барьсан хүмүүс. Ард түмний амьдрал үнэхээр хүнд байнаа, үнэн. Улс төрчдөөс ч зарим нэг зүйл нь шалтгаалж ядуу байгаад байгаа нь бас үнэн. Ерөнхий бидний амьдрал үргэлж дээшилсээр ирснийг хэт үгүйсгэж зарим нэг ядуу байгаа хэсгийн амьдралаар гул барьж улс төр хийдгээ одоо болимоор байна.

Ер нь бид нэг юмыг маш сайн ойлгомоор байгаа юм. Бидний амьдарч байгаа энэ нийгэм бүхнийг тэгшитгэдэг коммунист нийгэм биш. Зарим нэг хэсэгт маань ядуу амьдрах тавилан угаасаа байна, энэ нь харин өөрөөс нь шалтгаалсан ядуурал байх ёстой. Зарим нь дэлхий даахгүй баян болно, энэ нь харин улс төрөөс шалтгаалсан байх ёсгүй. Ихэнх хэсэг нь өдөр тутмаа л болгоод явдаг бидэн шиг нь байна. Харин аль болох баян, ядаж дундаж хүмүүсээ олон болгохын төлөө ард түмэндээ тэгш бололцоог олгох нь төрийн үүрэг байх. Нөгөө талаар улс маань бидний мөрөөдөж байгаачлан баяжих хаа байсан юм бэ, бүх юм дөнгөж л эхэлж байна, нэг хүнд оногдох ДНБ ядаж 5000 доллар болтол хэдэн жилийн зай бий байх шүү.

За яахав, тайван замаар хувьсгал өрнөөд их хурлаа тараагаад засгийн газраа огцруулчихлаа гэж бодъё. Их хурал тарвал үндсэн хуулиндаа гар хүрэх болно, шинээр их хурал, засгийн газрыг бүрдүүлэх ажил ундарна, бүүр хамгийн аюултай нь засаглалын хэлбэр ямар байх эцэс төгсгөлгүй маргаан эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хөндлөнгийн хүмүүс буруугаар ашиглах хий, зай гарч ирнэ. Ерөнхийлөгчийн засаглалыг илт дэмждэг намууд ч байна. “Дулмаа минь байхдаа намайг загнаад хичнээн сайхан байлаа” гэдэг шиг хоорондоо хэрэлдсэн ч, хуйвалдсан ч олон хүн хэлэлцээд, хэрэлдээд хуулиа баталдаг парламентын засаглал Монголд тун зохисон тогтолцоо билээ. Ерөнхийлөгчийн засаглалтай болоод ухралт гарах нэгэн аюул энэ байж болно.

Мөн экс ерөнхийлөгч маань сүүлийн үед албан тушаалд ердөө “цадаагүй” байгаагаа ил тод илэрхийлж байна, тэр “өлссөөр” л байгаа бололтой. Ийм “муухай” улс төрийн ажлыг дахин хийх гэж юунд дурлана вэ? Мэдлэг боловсрол өндөр, гадаад хэлний гаргуун мэдлэгтэй хүн улс төрөөс өөр аятайхан, хүнд хэрэгтэй оюунлаг үйл эрхэлвэл илүү олон хүнд тус болж чадах мэт санагдах, бүү мэд дээ. Үнэхээр л том улс төрч бол нэг удаа өндөрлөгт гарлаа, тэр үедээ нэгэн сайн үйлээ бүтээлээ, тэгээд л улс төрөөс яваад өгдөг жишиг тогтмоор байгаа юм. Гол нь түүнийг дагаад байгаа хүмүүс нь их л эргэлзээтэй нөхдүүд харагдана.

Улс төрийн эрхийг нэг л удаа хүчээр, хууль бусаар авчихвал хамаг хагарлын үүд нээгдэнэ, одоогийн олж авсан олон ололтоосоо бид ухрах болно. Эрх зүйт улсад үндсэн хуулийн бус арга замаар төрийн эрхийг авах угаасаа гэмт хэрэг. Бүгдээрээ 2012 оныг хүлээцгээе. Тайван замаар хувьсал өөрчлөлтийг хийцгээе. Муу хүмүүстэйгээ сонгуулиар л тооцоо бодоцгооё. Болохгүй бүтэхгүй зүйл их байна, тэсээд 2012 онтой золгоё. Ер нь бид сонгохгүй л бол хичнээн луйвардаад ч муу хүмүүс яагаад ч гарч ирж чадахгүй. Төрийн олигархи, төсвийн хулгайчдаасаа тайван замаар салцгаая. Өөрсдийгөө нийгэмд зөвөөр л ойлгуулж чадвал зөв бодолтой залуус шоволзоод л гараад ирнэ. Хувьсгал хийх гэж нэг алхаад, буцаад хоёр, бүүр олон алхмааргүй байна. Сайхан цаг ирнээ!