-УИХ-ЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛИЙН ФРАНЦ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ТЭМДЭГЛЭЛ-

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн Францын Үндэсний ассамблейн дарга Бернар Аккуайетэй хийсэн уулзалт тун элэгсэг дотно болсон билээ. Манай спикер УИХ-д таван удаа сонгогдсон нэгэн бол ноён Бернар Аккуайе Үндэсний хурал­даа гурван удаа дараалан сонгогд­сон нэгэн аж. Тун чиг хөнгөн шингэн алхаатай франц спикер гадаа үүдэн дээрээ Д.Дэмбэрэл даргыг угтан авч, үдэхдээ бас машинд нь суулгаж өгсөн билээ. Зочломтгой монгол гэж өөрс­дийгөө тодотгодог манайхан сур­маар хүндэтгэл шиг санагдсан. Хоёр спикерийн хувьд найрсаг харилцаагаа улам бүр батжуулах тухай хэлэлцсэн нь яриангүй. Бер­нар Аккуайе монгол­чууд Франц улсыг гурав дахь хөр­шөө хэмээдэгт нь талархаж явдгаа илэрхийлж байсан. Хуучин цагт социалист ахан дүүсээс гадна барууны ер­төнцөд Франц хийгээд Англи манай гурав дахь хөрш  мөнийг судлаачид онцолдог. Мон­голчууд шинэ зам­налыг сонгосон 1991 онд Их до­лоогийн уулзалт дээр Франц л манайхыг дэмжих ёстой гэж ил цагаанаар ятгаж байсан гэдэг билээ. Сансар суд­лал, нисэх он­гоц­­ны үйлдвэрлэл, эрүүл мэндийн тогтолцоо, цөмийн эрчим хүчээр ертөнцөд толгой цохидог энэ улс хөгжлөөрөө дэл­хийд айргийн тавд л яригддаг. УИХ-ын даргын айлч­лалыг хоёр улсын харилцаанд томоохон үйл явдал хэмээн дүг­нэсэн Бернар Аккуайе­гаас гадна спикер Д.Дэмбэрэл Францын сена­тын гишүүн Робер Бадинтэртэй уулзсан юм. Тэрбээр цаазаар авах ялыг халуулах тухайд маш хүчтэй тэмцэж ажилладаг нэгэн. Францын Хууль Зүйн сай­даар ажиллаж байхдаа цаазаар авах ялыг улсдаа халуулж дөнгө­сөн Бадинтэр гуай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ санаачилгыг гар­гасанд талар­халтай байгаагаа илэрхийлж байв. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл "Уг асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа, харин нөх­цөл байдал цаг хугацааны хувьд хэрхэж таарах нь уу" гэхэд 82 настай сенатын ги­шүүн "Цаазаар авах ялыг халахад цаг хугацааны хувьд тааламжтай үе гэж хэзээ ч байдаггүй. Үүнд зөвхөн улс төрийн зориг л гаргах асуудал байдаг юм" хэмээн турш­лагаасаа хуваалцаж байлаа. Хүн ямар ч бузар булай гэмт хэрэг хийсэн байлаа гээд хүний амьд явах эрхийг тунхаглаж байгаа энэ цаг дор улс орон, төр засаг нь хүнийхээ амийг авах утгагүй гэж онцолж байсан юм. Франц улс цаазаар авах ялаас татгалзсан 1981 онд хүн амын гуравны хоёр нь үүний эсрэг байсан аж. Гэхдээ одоо эсрэг байсан хүмүүс тухайн үед зөв шийдвэр гаргажээ, хүний амьд явах эрхийг тунхаглах гэмт хэрэгтнийг шийтгэх зорилгоо­соо илүү томыг харсан хэрэг байж гэцгээж байгаа юм байна. Насаа­раа энэ чиглэлээр ажиллаж ирсэн өвгөн ярианы сэдвийг болж л өгвөл цаазаар авах ялыг халах тухай руу оруулчихаад байсан. УИХ-ын дар­га сүүлийн үед яригдаад байх болсон парламентын их, бага танхимтай байх тухайд өвгөн се­натчтай санал солилцоод авсан. Робер Бадинтэр "Англи, Франц улс эртнээс төлөө­лөгчийн болон лор­дын гээд хоёр танхимтай явж ирсэн уламжлалаа­раа яваад байгаа юм. Түүнээс ач холбогдлын хувьд чухал биш" хэмээгээд манай хүн амыг яг хэд билээ хэмээн лавлаж байсан. Түү­ний үзэж байгаагаар гурав хүрэх­гүй сая хүн амтай Монголд хоёр танхимтай байх ямар ч шаардлага­гүй аж. Энэ уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн С.Оюун "Аливаа зүйлийг ярьж эхлэхэд л хүмүүс бодож эхэлдэг юм байна л даа. Одоогоос жилийн өмнө Ерөнхий­лөгч цаазаар авах ялыг үгүй болгох талаар хэлэхэд хүмүүс их цочир хүлээж авсан. Гэхдээ тэр цагаас хойш хүмүүс аль нь зөв бэ гэж бодож эхэлсэн. "Алдсан хүмүүс арван тамтай" гэгчээр ахаа, дүүгээ алдсан Даш.Зоригт ги­шүүн бид хоёр үүнийг нэлээд эмзэгээр хү­лээж авч, олон асуулга тавьж байсныг сэтгүүлч та нар санаж байгаа байх. Гэхдээ энэ тухай яригдаж эхэлснээс хойш бодож тунгаагаад байхад, сая бас энэ хүнтэй уулзсаны дараа ч гэсэн эргэцүүлэхэд хүний амьд явах эрхийн талаархи язгуур эрх ашгийг гэмт хэрэгтнүүд ойлгохгүй байлаа гэхэд төр нь ойлгох хэрэгтэй юм байна гэж бодогдож байна" хэмээж байсан.

Дэлхийн 198 орны 135 нь цаа­заар авах ялыг халсан бө­гөөд үүнийг үгүй болгосноор гэмт хэрэг өсдөг бас буурдаг гэсэн ямар нэгэн үзүүлэлт байдаггүй гэх юм билээ. Ямартаа ч Ерөнхийлөгч Ц.Эл­бэг- доржийн гаргасан энэ санаа­чилгыг бүгдийг хүлээн зөв­шөөрс­ний да­раа бус ердөө улс төрийн зоригоор л хийдэг гэдгийг хашир улстөрч байн байн сануулж байв.

Мөн спикерийн уулзсан нэгэн эрхэм бол Францын Ерөнхийлөгч Н.Саркозийн гадаад бодлогын зөвлөх, Элчин сайд Жан-Давид Левитт байлаа. Францын Ерөнхий­лөгч хамгаас нөлөөтэй байдаг учраас зөвлөхүүд нь ч улсдаа нэр нөлөө ихтэй, зөвлөхүүдийн каби­нет нь манай Засгийн газрынх шиг буцалж байдаг юм даг уу даа. Францын хувьсгалаар анхны бүгд найрамдах улсыг байгуулсан энэ үндэстэн өөрсдийгөө тав дахь бүгд найрамдах улс дээрээ явж байна хэмээн тодотгодог нь ч учиртай. Тэд дэлхий дахинд бид л анхны бүгд найрамдах улсыг байгуулсан шүү дээ гээд сануулаад байгаа нь тэр л дээ. Напалеон ирсэн буцсан үед дараа нь Шарль де Гөль дөрөв дэхийг зарласан энэ тэр гэсээр Жак Ширак тав дахь бүгд найрамдах улсыг зарласан. Хүссэн үедээ парламентаа тараачих эрхтэйгээс эхлээд энэ улсын Ерөнхийлөгчид эрх мэдэл ихээр төвлөрсөн гэгддэг. Зөвлөх Жан-Давид Левитт бол дорно дахинаар мэргэшсэн, Мон­голын тухай асар их мэдлэгтэй нэгэн байлаа. Бас  манай түүхийг сонирхон судалдаг Ерөнхийлөгч асан Жак Ширакийн зөвлөх байсан учраас манай талаар мэдээлэл ихтэй. УИХ-ын дарга болон түүнийг дагалдан яваа багийнхан ноён зөвлөхтэй ид яриад сууж байх үед Ерөнхийлөгч Николя Саркози утас­даж таарсан юм. Тэрбээр Мон­голын спикертэй ярилцаад сууж байгаагаа хэлж, нөгөөх нь ч бүгдэд нь хүндэтгэл илэрхийлээрэй гэс­нийг тэр дамжуулсан билээ.

Ер нь энэ айлчлал олон жилийн уламжлалтай харилцаагаа улам бүр лавшруулан зузаатгах цаг ирснийг, үүний тулд аль аль талаа­саа анхааран ажиллах болсныг хэн хүнгүй сануулсан явдал болсон билээ. Ер нь хоёр орны харилцаа багахан зүйлээс л эхлэлээ авч байдаг аж. Тухайлбал францчууд Монголын ШУТИС-д франц хэл­нээс бусдаар нь мэргэжилтэн бэлт­гэдэг гэнэ лээ хэмээн гоморхонгуй ярьцгаадаг аж. Учир нь тэд техник технологийн ажилтан бэлтгэж, мэргэшүүлээд өгье гэхэд франц хэлтэй хүн олдоггүй гэж байгаа юм. Жижиг зүйл ч жижигдэхгүй их харилцааны үүд болдог ажээ.

Нар ээхүйд нүд гялбам цагаарч харагддаг Парис хот спикерийн айлчлалын эхний өдрүүдэд манан будан дунд л байсан. Цэлмэг өдөр Эйфелийн цамхаг дээрээс цасан талд байгаа мэт сэтгэгдлийг төрүүл­дэг Парис нүүрээ дутуу угаасан жаал шиг бишүүрхэнгүй. Баригдаж байх үедээ хамгийн их шүүмжлэлд өртөж, төмрийн хог гэж хэлэгдэж байсан энэ цамхаг өдгөө Францын төдийгүй дэлхийн нүүр царай болж, өдөрт сая сая хүн ирж үздэг газар болоод байгаа билээ. Төмөр хатагтай гэсэн хочтой Эйфелийн цамхгийг 1887-1889 оны хооронд гурван зуун ажилчин 18038 ширхэг төмөр хэсгийг зөөвөрлөн босгосон гэдэг. Тэр үед өдөр тутмын сонинуу­дад төмрөөр босгож буй эл цамх­гийг байнга муулж бичдэг байсан гэх бөгөөд хүчтэй эсэргүүцэгчдийн нэг нь нэрт зохиолч Ги Де Мопас­сан байжээ. Харин цамхаг ашиг­лалтад орсны дараа өдөр бүр тэнд байх ресторанд цайлж суудаг болсон аж. Түүнээс "Та Эйфелийн цамхгийг үзэн яддаг байж яагаад энд байнга ордог юм бэ" гэхэд мань зохиолч "Парист энэ цамхгийг харахгүйгээр суучих газар үүнээс өөр байна уу" хэмээн ам таглаж байжээ. Үнэхээр ч Парисын хам­гийн өндөр энэ байгууламжийг үзэн ядах хүмүүс их байсан ч эдүгээ хамгийн их жуулчин ирж, мөнгө саадаг газар болсон. Шамп де Марсын чөлөөнд "зогсох" 20 жи­лийн зөвшөөрөлтэй Эйфелийн цамхаггүйгээр Парисыг,  Францыг төсөөлөхөд бэрх учраас одоо тэрхүү зөвшөөрлийн бичиг хэрэггүй болжээ. БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтан­гэрэлийг Эйфелийн цамхаг өөд бараг л наснаасаа олон гарсан байх гэж бодмоор. Гэтэл тэр хүн УИХ-ын даргыг дагалдан энэ удаад анхлан гарах гэж байгаа гэнэ. Гэхдээ Ш.Алтангэрэл сайд Парист 1964 онд 14 настайдаа анх ирж байжээ. Эцэг нь Африкийн Гвинейд Элчин сайдаар ажиллаж байгаад гэр бүлээрээ буцаж явахдаа ийн Парист саатаж. Аавынх нь бие чилээрхүү байсан тул эжий нь дүүгээ дагуулаад Эйфелийн цамх­гийг үзүүлээд ир гээд явуулсан байна. Жаал хүү цамхагт ирээд өөд гарах тасалбарын үнийг хар­тал үрэхэд дэндүү харам санагд­жээ. Дүүдээ цамхгийг үзүүлчихлээ гээд аргалах гэтэл "Дээшээ га­раагүй гэж ээжид хэлнэ дээ" гээд сүрдүүлээдэхсэн аж. Ах юм хойно аргыг нь олж, Эйфелийн дэргэдэх тоглоомын тойруулга дээр суул­гаад, зайдас авч өгөөд хуурчихжээ. "Өнгөрсөн тавь шахам жилийн хугацаанд багадаа гарч амжаагүй Эйфел дээр гаръя гэсэн хүсэл төрөөгүй гэж үү" гэж асуухад Ш.Ал­тангэрэл сайд "Тэр үед нэгэнт гараагүй хойно гараад яахав гэж бодогддог байлаа. Харин түүн дээр л суух юмсан гэж боддог" гээд хүүхдийн тоглоомын тойруулга руу эрүүгээрээ дохисон. Дүүгээ суул­гаад өөрөө ахын шийр зааж үлдсэн хүүхэд цагийнх нь хүсэл одоо ч байдаг биз ээ. Араас нь залгуулж элчин сайд "Одоо цамхгийн орой дээр өргүүрээр гарч өнгөрсөн он жилүүдэд юуг алдаж явж вэ түү­нийгээ харъя" гээд хошигнож бай­сан. Ямартай ч тэртээ 47 жилийн өмнө Эйфелийн цамхаг дээрээс Парисыг тольдож чадаагүйгээ Эл­чин сайд энэ удаа амжуулсан юм даг. Тэртээ арвангуравдугаар зуунд эхлэлээ тавьсан манай хоёр улсын харилцаа өргүүрт сууж, дээш гарч амжихгүй айвуу тайвуу явсаар өнөөг хүрчээ.

Дэлхийн тэргүүлэх энэ гүрэнтэй, эртний сайхан ха­рилцаатай энэ үндэстэнтэй хамт­ран шинэ шатаар өгсөх их ажлын эхлэл энэ айлчлал болох биз ээ. Элчин сайд Эйфе­лийн орой руу гарч түвдэхгүй явсаар сая нэг амжуулсан шиг Монгол Улс гурав дахь хөршөө хэмээсэн Франц улс­тай харил­цаагаа жинхэнэ утгаар нь өр­гөжүүлэх өргүүр өнөөдрөөс, спи­керийн айлчлалын аясаас хө­дөлж эхлэх буй.