Тунист хувьсгал гарлаа. Гудамжинд ганц бие эсэргүүцэгчийг зодчихож. Дороо хүмүүс цуглан нийтийн эсэргүүцэл үүсч улмаар дарангуйлагчийн дэглэмийг түлхэж унагав. Тэр дороо хувьсгалын синдром зэргэлдээх Египтэд халдварлалаа. Энэ орныг 30 жил завсарлагагүй эзэгнэсэн Мубаракийг унагахаар хэдэн сая хүн гудамжинд гарчээ. Хувьсгал цааш халдварлан Йемэнд орж ирлээ. Тэнд бас л хорин жил завсарлагагүй эзэгнэсэн нэг гайхал бий. Иордан, Алжир бас л хувьсгалын өвчинд халдварлагдан тууралт өгөөд эхэллээ. Лалын хувьсгал уу? Ардчилсан хувьсгал уу? Эсвэл өнгөт хувьсгал уу?

    Олон талаараа 1989-90 оны коммунист ертөнцийн хувьсгалыг санагдуулж байна. Арабын ертөнцийн эдгээр орнуудад гарч буй тэмцэл нь олон жил ноёрхсон дарангуйллын тогтолцооны эсрэг босч байгаагаараа тэртээ хорин жилийн өмнөх хувьсгалыг санагдуулна. Нэгнээс нөгөөд хурдан халдварлаж байгаа байдал нь ч төстэй. Дэлхийд өнөөдөр тогтоод байгаа тэнцвэрийн байдлыг эрс өөрчлөх магадлалтайгаараа ч адилхан байна. Хэрэв одоогийн тэнцвэрийн байдал алдагдвал дэлхий ертөнц ямар шинэ хуваагдалд орж, дараагийн ямар тэнцвэрийн тогтолцоо үүсэх вэ?

    1990 оны хувьсгалаар дэлхийд олон жил тогтсон хоёр туйлт тогтолцоо нуран унасан. ЗХУ задарч, Варшавын гэрээ тарснаар асуудал АНУ-д онц ашигтайгаар эргэн нэг хэсэгтээ “ганц туйлт ертөнцийн” тухай дэндүү гэмээр өөдрөг төсөөлөл ч буй болж байлаа. Хүн төрлөхтөн алтан зуундаа орлоо ч гэж байсан. Гегель маягийн сөргөлдөөнт диалектик хөгжлийн түүх ингээд дуусгавар боллоо гэсэн Фукуяамагийн өгүүлэл дэлхийг алмайруулж байсан. Гэвч асуудал шинэ зуун гардаг жилийн намар орвонгоороо эргэлээ. Нью-Йоркийн хоёр өндөр цамхаг руу лалын хэт даврагсад довтолсноор тэд хүн төрлөхтөнд дайн зараллаа. Хүйтэн дайн дууссанаас хойшхи энэ ертөнцөд анх удаа бодит шинэ хуваагдал үүсэв. Төр хүчирхэг байж юун түрүүн ард түмний аюулгүй байдлыг хангаж байх ёстой тухай мөнөөх Фукуяама дараагийн зохиолоо туурвилаа. Лалын халдлагад байнга өртөж байдаг АНУ, Европ, Хятад, Орос, Энэтхэг шинэ хуваагдлын нэг талд гарав.

    Мянган жилийн өмнө тэлэлтийнхээ гялалзсан амжилтад хүрч, таван зууны тэртээгээс гурван тивийг дамнан тогтсон лалын их иргэншил Үйлдвэржилтийн хувьсгалаас хойш доройтсоор Осман Түрэгийн эзэнт улс унаснаар бараг л нөлөөгүй шахам болж ирсэн билээ. Харин дэлхийн II дайнаас хойш орчин үеийн хөгжил дэвшлийн үндсэн түлхүүр болсон эрчим хүчний эх үүсвэр бараг тэр чигээрээ лалынхны гарт оржээ. Аллах тэдэнд л газрын тос хэмээх энэ баялагийг өгчээ. Яагаад Кавказын орой дээр байдаг христ шүтлэгтэй армян, гүрж нарт байхгүй тос лал шүтлэгт азербаджанд байдаг байна? Дорнод Азийн хамгийн их нөөц дэлхийн хамгийн том лалын орон Индонезид төвлөрсөн байдаг нь сонин. Хар Африкийн хамаг нөөцийг өөртөө хураасан Нигери нь лалын ертөнцөд хамаарна. Орос их нефтьтэй, гэхдээ тэр нь лал уламжлалт Татарстан, Башкирт л бий. 

    Мэдээжийн хэрэг өнөөгийн дэлхийд амьдарч буй нэг турбум лал шашинтны тун бага хэсэг нь тулгар үзэлтнүүд, дээр нь алан хядагчид. Гэвч цөөн тэр хэдийн балгаас болж үлдсэн зургаан тэрбум хүмүүс лал мөргөлтнүүдийг хялайн харах боллоо. Гээд эрчим хүчний бүрэн хараат болохоор арга үйлээ барж байгаа юм.

    Кэмп Дэвидийн гэрээ бол Өрнийн том ялалт байсан юм. Ойрхи Дорнодын хямралаас лалын хамгийн том төвийн нэг Египтийг салгаж төвийг сахиулсан ба шанд нь АНУ Египтэд жил болгон гурван тэрбум доллар төлдөг. Гэвч америкчууд энэ ялалтынхаа маргааш л Ираныг алдсан. Домбон дотроос аварга бирд гараад ирэх нь тэр. Хямралын уурхай болсон Палестиний чөлөөлөх байгууллагыг хэлэлцээнд татан оруулж зартай террорист Арафатад Нобелийн энх тайвны шагнал хүртэл өгч үзлээ. Хувь заяаны шоглоом л юм даа. Гэвч араас нь Хэсбулат хэмээх бүр ч аймшигтай бирд домбоноос гарч ирэв. Кувэйтийг чөлөөлсөөн. Хариуд нь Саддамын дэглэмийг шийтгэн түлхэн унагаасан чинь лалын хамгийн тулгар хэсэг болох шийтийн бирдийг домбоноос сулаллаа. Каддафиг номхруулж бурууг нь хүлээлгэлээ, гэвч Шотландад онгоц дэлбэлсэн алан хядагчийг үндэсний баатраар тодруулж буй тэр хүмүүжсэн гэж үү? Афганистаныг талибуудаас чөлөөлсөөн, харин тэд Америкийн үнэнч холбоотон Пакистаны өмнөд хэсэгт алан хядах ажиллагаагаа тайван үргэлжлүүлсээр арван жил боллоо. Хагас христийн ертөнц Ливанаас Сирийн цэргийг хөөн гаргасаан, харин хэсбулатынхан чөлөөт сонгуулиар эргээд л гараад ирж байгаа биз дээ. Суданы арабуудаас өмнөдийн нубичүүдийг тусгаарлаж болох л байх, харин олон улсын шүүхэд дуудагдсан гэх Башир улам л аймаар мангас болон хөгжинө.

    Египт бол арабчуудын оюуны төв. Саудын Араб бол лал мөргөлтнүүдийн шашины төв. Энэ хоёр чухал цэгийг өдий хүртэл тогтоон барьж байсан нь тэнцвэрийн гол утга учир байлаа. Египтэд Мубарак л цэргийн хүчээр атгаад байсан болохоос Лалын ах дүү нар гэсэн бүлэглэл үнэндээ хамгийн хүчтэй. Өөр төрлийн тулгар үзэлт бүлэг намууд ч зарим нь ил, зарим нь нууцаар ажилладаг. Нөлөө маш ихтэй. Мубарак унахад тэд л засаг авах илүү бололцоотой. Булаагаад ч, ардчилсан сонгууль явуулаад ч Египт тэднийх. Египтийн өдөөлтөд хамгийн түрүүн сэрэх хүн бол Каддафи. Дөч гаруй жилийн өмнө залуу хурандаа Каддафи нэгдсэн Араб улс байгуулна хэмээн Египт рүү явган түрэлт хийж байсан. Нас өндөрт гарсөн өвгөн дарангуйлагчид насны мөрөөдлөө биелүүлэх бололцоо гарлаа. Тэр Аллахын өмнө өртэй. Завсар нь байгаа Алжир бас өртөнө л дөө. Тунисын “Аяатолла Хомэйни” олон жилийн цөллөгөөс буцаад ирж. Буй болоод тун удалгүй задарсан Арабын бүгд найрамдах улсыг байгуулах нь шүүхэд дуудагдаад буй Баширт нэг том гарц байж болох юм. Ингээд Хойд Африк тэр чигээрээ будаа. 

    Ойрхи Дорнодод хамгийн түрүүн Ливан, Палестин, Сири гурав өндийгөөд сууж таарна. Хамтарсан хүчээр Кувэйт, Саудын Арабт шахалт үзүүлж эхлэнэ дээ. Нөгөө талаас нь лохноосоо гараад атомын бөмбөг хэмээх шидэт дэнлүүтэй болсон Иран Израилыг газрын хөрснөөс арчих Аллахын өмнө амалсан тангаргаа хэрэгжүүлэхээр ухасхийхэд олон улсын хориг шууд л нулимагдана. Египт, Саудын Араб талд нь зогсвол Иран хадандаа гарч тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. Иранаас олон шийтүүдтэй Ирак олон жил байлдсан иранчуудыг үзэн ядахаа болиод Аллахын нэрийн өмнөөс ахан дүүс болцгооно. Америк цэргүүд гараад явчихсан шүү дээ. Хаант төрийг татан буулгах ардчилалын ариун процесс Иорданд хэрэгжинэ. Ингээд асуудал Булангийн баян орнууд руу чиглэнэ дээ. Ийм аюул болбол дэлхий эрчим хүчний хямралд орж нефть мянган доллар ч хүрэх юм билүү! Энэ бол дэлхийн эдийн засгийг тэр чигээр нь хөмрүүлнэ гэсэн үг. Хямрал даамжирхаараа бүхнийг хамарсан дайнд хөтлөн оруулдагийг хүний олон жилийн түүх нотлосон.

    Зөвлөлтийн эзэнт гүрний задралаар буй болсон дунд Азийн олон дарангуйлагч орнууд Мубаракийн хувь заяаг хуваалцахгүйн тулд сандралдаж эхэллээ. 23 жил завсарлагагүй ноёрхсон Каримов Узбекийг ардчиллах тухай үлгэр яриад эхэллээ. Түркмэн, Казахстан, Тажикстан, Азейрбаджаны дарангуйлагчид мэдээж түгшээд эхэлчихсэн. Гэвч оройтсон л болов уу даа. Тайвань, Өмнөд Солонгосын замаар дарангуйлж байгаад эдийн засгаа сэргээнэ гэсэн тэдний хий мөрөөдөл улс орныг нь их бодож л Ливаны зам руу түлхэнэ. Бэрхшээлтэй боловч удаан үргэлжилдэг, үе солигдож, магадгүй хэдэн үе солигдож байж хэвшиж хэлбэрждэг ардчиллын процессийг тэд хэтэрхий хялбар ойлгосон. Хайран хорин жилээ баллаад дууссан. Ардчилсан нийгэмд амьдрах соёл эдгээр орнуудад огт нэвтрээгүй. Хамаг юмаа цэгцэлж аваад нэг сайхан өдөр сонгууль явуулаад л ардчилсан болно гэж тэд бодож байсан. Гэтэл ардчилал бол сонгууль төдий зүйл биш. Энэ бол ердөө л гадна талд нь харагдах өнгөн зүйл. Гэнэтийн ардчилал, гэнэтийн сонгууль Узбекстанд эртний дайнч маварнахууд, хорезмчуудыг гаргаж ирнэ. Шоронд буй түмэн улс төрийн хоригдлууд үүнд баттай бэлтгэгдсэн.

    Америк бол ардчилалын эцэг. АНУ нь дэлхийн хамгийн ууган ардчилсан орон. Ардчилал мэдээж төгс төгөлдөр нийгмийн байгууламж биш, гэхдээ Чөрчиллийн хэлснээр үүнээс дээрийг хүн төрлөхтөн одоохондоо бодож олж амжаагүй явна. Гэхдээ америкчуудын хувиа бодсон бодлого, тэс өөр соёл, тас өмнөө иргэшлийг ойлгодоггүй гэсэн хоёр шалтгаан явж явж энэ хямралын цаадын цаад шалтгаан юм. Унасан тэмээнээсээ өөр хөрөнгөгүй, бүдүүлэг элсний нүүдэлчин саудчуудыг Америкийн эрх ашиг гэгч прагматик худалдаа л цагаар ажилладаг тэсрэх бөмбөг болгон хувиргасан. Мянга нэгэн шөнийн үлгэрийн эмир султанууд атаархам лус мэт энэ баян оронд өнөөдөр дундад зууны бүдүүлэг харгис дэглэм чухам америкчуудын дэмжлэгээр тогтсоор байна. Америкийн үнэнч холбоотон гэх Саудын хааны гэр бүлийнхэн ямар элэнцгийн чинь ардчилал, эмэгтэйчүүдийг чулуугаар шидэн алж, хамар чихийг нь хутгаар огтолж байхад хүний эрх ярих дуртай америкчууд нүд анин өнгөрөөнө. Хамгийн орчин үеийн техник технологиор зэвсэглэсэн энэ баян орон Ираны жишээгээр нэг л өдөр холбоотноос өстөн болж хувирахад амархан. Бэн Ладэн өөрөө Саудын хааны гэр бүлээс гаралтай бус уу? 9/11-д халдлага үйлдэгчид бараг бүгдээрээ саудчууд байгаагүй бил үү? 1980 онд хөгжлийн төвшингөөрөө Английг гүйцэнэ гэж сайрхаж байсан Шагийн шаг Пахлави чухамдаа америкчуудын бүтээл байлаа. Харин амлалт биелэхийн урд жил Европоос Хомэйни ирж энэ орныг хүн төрлөхтний соёл иргэншлийн хамгийн том дайсны нэг болгон хувиргасан. Тэгэхээр нь Ойрхи Дорнодын бас нэг том мангас Саддам Хусэйнийг америкчууд л Ираны эсрэг зэвсэглэж гарсан даа.

Лалын бөмбөг гэгдэх Пакистаны цөмийн зэвсгийн эсрэг америкчууд хориг тавиагүй. Учир нь Афганистан дахь оросуудын эсрэг тэмцэх нь энэхүү бирдийн гарт орох “шидэт дэнлүүнээс чухал байжээ. Америкийн прагматизм, арилжааны ашигийн (Үүнийгээ тэд Америкийн үндэсний эрх ашиг гэдэг) тулд тэд олон дарангуйлагчийг дэмжсэн, дэмжсээр ч байна. Ардчилал, хүний эрх ярьдаг америкчууд. Коммунизмд татагдсан Сухартог дарсан учраас л Сукарног дөчин жил өөгшүүлсэн. Цэргийн эргэлтээр гарч ирсэн Мушараф үнэнч холбоотон гэгдэн дэмжигдэж байв. Мубарак яг л ийм жишээ. Ийм дарангуйлагчид түр зууртаа хүчний тэнцвэр хадгалахад хэрэгтэй нь үнэн боловч тэдний дарангуйлал ард түмний жигшил зэвүүцлийг төрүүлж, эцэст нь хувьсгалаар унахдаа араасаа аймшигт махчин, бирд, алмас шулмасыг гаргаж ирдэг. Хамаг зовлон энд л байна.   

Пак Жон Хи, Чан Кайши нар олон жил дарангуйлсан боловч эцэст нь улс орноо тайван замаар ардчилал руу оруулж чадсан. Энэ бол америкчуудын алсын хараа гэхээсээ цаад ард түмнийх нь олон мянган жил үргэлжилсэн соёл иргэншлийн мөн чанартай холбоотой хэрэг байх. Хятад, Вьетнам ч ингэж чадна. Үүнийг лал шашинтнууд, тэр дундаа араб үндэстний цаад мөн чанар, соёл араншинтай адилтгаж үзэх нь дэндүү гэнэн хэрэг юм.

Ардчилал бол ихэнх тохиолдолд “ардчилсан хувьсгалын” шууд үр дүн биш. Үүний том жишээ бол Францын хувьсгал. Тэд бүхэл бүтэн зуун жил эргэж буцсан шүү дээ. Христийн шашинт европын тэргүүлэх ард түмэн тэгэж байхад бусдад нь энэ процесс урт удаан хугацаа шаардах түүхэн явц юм. Беларусст хүн амын бараг 80 хувь нь Лукашенкогийн төлөө саналаа өглөө. Хичнээн булхай орлоо гээд лавтай хагасаас илүү нь тэр сонин хүнийг дэмжсэн байх. Орост өнөөдөртөө европ маягийн ардчилалыг хэрэгжүүлэх бололцоо бий гэж үү? Түрүүлээд эх газрын хятадууд ардчилсан нийгэмд шилжих байх. Бирмчүүд ч удалгүй үлгэр жишээ ардчилсан орон болж магадгүй. Булангийн орнууд, ялангуяа Арабын Эмирит, Кувэйт алхам алхамаар нээлттэй чөлөөт ардчилсан нийгэмд шилжиж байна. Энэ бол сайхан жишээ. Гээд...

Хэрэв дайнаас хойш Саудыг шахаж ардчилсан төлөв байдал руу дагуулсан бол хавьгүй бат бөх, алив өдөөн хатгалгад автахгүй зузаан суурьтай чөлөөт нийгэм соёолох байлаа. Өөр иргэншлийг үл ойлгох, ардчилалыг ганц сайхан сонгуулиар даллаж болох мэтээр сэтгэх, өнөө маргаашийн тэнцвэрийг барьж байхын тулд хэтэрхий прагматик хандаж үндсэн зарчмаа огоорох зэрэг өрнөдийнхний харалган амиа бодсон бодлого энэхүү аварга том эрчим хүчний уурхайг өнөө маргаашгүй тэсрэх аюулт дэлбэрэх бодис болгожээ. Хэрэв тэнд бирд домбоноос гарч ирвэл үлгэр жишээ Эмирит, Кувэйт агшин зуур будаа болно. Энэ ертөнцөд Фантом ч бий, Авак ч бий, шидэт дэнлүү атомын бөмбөг ч бий. Сая хүрэхгүй хүнтэй өчүүхэн жижиг Чеченийг дэлхийн хамгийн аугаа зэвсэглэсэн Орос хорин жил ухнадаад дийлж чадахгүй байна. Фронтын байлдаан Солонгосын дайнаар төгсгөл болсон. Одоо манай дэлхий партизаны дайнд шилжсэн. Шоргоолж нь арслангаа барьж идэж чаддаг болсон үе. Эрүүл ухаанаас АК-47 хүчтэй болсон цаг даа. Калашниковоор зэвсэглэсэн Сомалийн далайн дээрэмчид дэлхийг чичрүүлж байна шүү дээ.
2011.02.6.