Кобэ хотод газар хөдөлсөн гамш­гийг төр засгаас хэрхэн бараг­дуулсан бэ гэхэд

-Энд төр засгийн ямар ч буруу байхгүй шүү дээ. Ард түмэн ба Япон орон хамтдаа л хохироод үлдэж байгаа юм. Гадаад орон тэрэн дотор танай Монголоос хүртэл сайн санааны тусламж ирсэн. Орох оронгүй болсон хүмүүс нэг хэсэг майханд амьдарсан. Тэгээд дараа нь хүйтрэхээс өмнө аяа олцгоосон байх. Зээлээр орон сууц авсан хүмүүс нэлээд хүнд байна гэж сонсогдож байсан санаг­дана гэв. Бидний саяхнаас сонгоод магтаад байгаа капиталист нийг­мийн нэг эвгүй тал нь энд яг хараг­даж байгаа юм л даа. Амьхандаа юу сонсохыг хүсч байсан гэхээр манай зуданд хамаг малаа алдсан малчдыг төрөөс хэрхэн тусалсан шиг бяртай япончууд сохорсон биш завшив гэгчээр бөмбийтөл харж үзээ вий гэж бодсон. Үгүй юм байна.

Одоогийн энэ нийгмийн жиш­гээр бол манай Засгийн газар зуд боллоо гэхэд "Бид цас оруулаад байгаа биш, манайд ямар хамаа­тай" гээд хаях юм байна л даа. Аа харин иргэдийнхээ амь насыг аврах тал дээр бол өөр юм билээ. Тухайлбал газар хөдлөөд орон гэртээ дарагдлаа гэхэд гурав хоно­гийн дотор амьд үхсэн ч бай амжиж ухаж гаргаж ирнэ. Тэр болтол хэрэглэх ойр зуурын хүнс ус бүхий аранзыг хүн бүр бэлдэх үүрэгтэй. Ер нь боломж байвал айл болгон гэртээ хөрөө, сүх, алх, бахь, олс, лоом, зээтүү аваад тавьчихад хоол нэхэхгүй шүү дээ гэж байна. Энэ нь орон сууцанд амьдардаг айлуудад санаа авууштай л юм билээ. Юмыг яаж мэдэхэв.

Токио хотын арай захдуухан хэсэгт буй  оны танил брэнд "Пана­соник"-ийн төв очих төлөвлөгөө гаргажээ. Тэнд ойр зуур юм сонир­хоод өнөөдөртөө амаръя гэсэн тул бэлтгэлийн хувцас өмсөөд гарч таксидав.

Панасоникийн төв оффис дээр хүрээд очсон чинь гадаа талбай дээр Монгол Японы төрийн далбааг хослуулан намируулж, хүн амьтан шавчихсан сүртэй юм болж байна. Ашгүй манайхаас нэг том тө­лөө­лөгч ирж дээ. Хэн ирээ бол. Д.Ган­хуяг гишүүнээс доошгүй эрхэм дарга айлчилж яваа юм байна хэмээн Норика бид хоёр ярилцан зогсож байлаа. Тэгтэл оффисийн нэг хана тэр чигээрээ телевизийн дэлгэц болж дотор нь "Монголоос эрхэм нөхөр Жамбал манайд айл­чилж байна. Та тавтай морилно уу" гэсэн томоос том бичиг гараад ирдэг байгаа. Санаандгүй байж байгаад шууд од болчихдог юм байна. Туг далбаагаа хараад арай ч дотор огшлоо гэх нь юу юм. Тэгэхдээ бас сайхан л санагдаж байна лээ. 

Ерөнхий менежер Т.Очима гэ­дэг хүн өөрөө хүлээн авч цайлж, бэлэг дурсгалын зүйл гардуулан хамтдаа зураг хөргөө татуулцгаав. Зураг гэхэд бараг дарж амжаагүй байхад зураг нь гарч ирээд л электрон барааны сүүлийн үеийн ололтуудыг ёстой нэг гайхуулах шиг болов.

Шинжлэх ухааны ололт ам­жилт, хөгжлийн туйл руу дөхөөд ирэхлээр үйлдвэрлэлийн зорилго ихээхэн өөрчлөгддөг бололтой. Улам их ашиг олж ханасан бол  хамгийн хэрэгтэйг хийх дараагийн зорилгоо хайдаг байна. "Пана­соник" бол тэр ангилалд багтах том пүүс юм. Удахгүй 100 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй энэ том газарт сүүлийн найман жилд 180 орны дөрвөн сая орчим зочин зөвхөн энэ байранд ирсэн хэмээн тоолж бай­на. Сүүлд хийсэн нэг бүтээл бол 3D-гээр үздэг гэрийн телевиз асаа­сан сууж байв. Зураг­таа асаагаад л өмнө нь байгаа хар нүдний шил зүүхэд ёстой муу зан сурмаар болчихож.

Эдний уриа нь "Хүний нийгэмд хувь нэмэр оруулж, сайхан амьд­руулна" гэсэн зорилгын дор ажил­лацгаадаг аж. Одоо тэр дагуу юу хийж байгаа гэхээр байгаль орчинд хал балгүй амьдрах технологи бүтээх тухай юм. Шинжлэх ухааны дээд хөгжил бол байгалийг ялан дийлэх бус харин ч түүнийг хамгаа­лахад зориулагдсан байх ёстой гэсэн шинэ хандлага бий болжээ.

"Панасоник" дээр нэгэн үлгэр жишээ айл тохижуулжээ. Энэ нь шинэ зууны загвар юм. Байшингийн хана нь нэлдээ цонхноос бүтсэн. Цонхоор гаднаас дулаан гэрлээ авч энэ чигийн зардал хэмнэхээс гадна гоо зүйн талдаа тун аятайхан шийдэлтэй. Гурван ч давхар хөшиг­тэй бөгөөд хүсвэл таг харанхуй болгож болно. Өрөөнүүдийн чий­дэн жижигхэн бөгөөд маш олон. Цахилгаанд хэмнэлттэй зөвхөн хэрэгтэй гэсэн газраа асаагуур оновчтой тусна. Айлд олон жижиг гэрэл байх нээрэн их гоё харагдах юм. Бай­шин­гийн дээвэр тэр аяараа нарны зай хураагуураар хучаас­тай агаад  дунд зэргийн хаусд 24 ширхэг нарны зай ордог юм байна. Энэ тог гаргагч хорин жилийн ба­тал­гаа­тай бөгөөд гэр доторх бүх цахилгааны асуудлыг элбэг даа­жээ. Бас хажууд нь устөрөгчөөр ажилладаг цахилгаан үүсгүүрийг нөөцөнд тавьсан. Дээ­вэр дээр буусан хурын ус тусгай саванд орон цэвэршин жорлон, унданд, шүршүүрт тус тус автоматаар ху­ваа­ри­лагдана. Жор­лонгийн ус татахад нэг удаа 13 литр ус ордог гэнэ. Эдний хийсэн жор­лон боло­хоор хэмнэлт гаргаж та­ван литрээр бохирыг түлхээд явуул­чихдаг. Шал­наас, хананаас янз бүрээр халдаг халаалтанд өөрийн цахилгаан гаргагч хангалттай энерги гаргаж чадахаас гадна бас гараашдаа разетка тавьсан байх юм. Тэнд байгаа машинаа тогонд уяж бас цэнэглэнэ. Бензин цахил­гаан хоё­роор хосолж явдаг энэ унаа хотын түгжрэлд ороод асааж унтраах үед тогоороо явчихаад шулуун зам дээр хурдлах боло­хоороо бензи­нээрээ чавхадчихдаг универсал эд юм гээч. Бас нэг унадаг дугуй тавьчихжээ. Мөн тогонд залгана. Тэр дугуйгаар уруу явахад хөлөө­рөө жийх ба өөдөө өгсөхөд тэгш газар жийх хэмжээнд ачааллыг хөнгөлөн дэмнэж өгдөг мотортой. Нэг сайн цэнэглэсэн байхад 100 км-т зогсоно гэж айхгүй. Ёстой сайхан унаа чинь тэр л байна.

Эцэст хэлэхэд энэ айл хэнээс ч хараат биш учир эднийд татвар хураахаар хэн ч очихгүй нь тодор­хой. Хамгийн гол нь байгаль ор­чинд ээлтэйгээр барах уу ший­дэл гэнэ.    

Японы нэртэй газрын нэг бол яах аргагүй "Тоёото" машины үйлд­вэр билээ. Хуучин Крон гэдэг хотод 1927 оноос нэгэн элдэвтэй нөхөр унадаг дугуй оёдлын машин зэрэг хийж гараагаа эхэлсэн энэ үйлдвэр одоо энэ хэмжээнд явна. Энэ хэм­жээ гэдэг нь ойлгомжтой биз ээ. Нутгийн иргэд өөрсдөө санал гар­гаж хотоо Тоёото гэж албан ёсоор нэрлэдэг болсон гэнэ. "Тоёото Кроун" гэдэг билүү сүүлийн үед гараад байгаа суудлын машиныг үйлдвэрлэж байхыг нь харлаа. Үйлдвэр нь нэг давхар бөгөөд хэмжээгээрээ манай "Мишээл экс­по" төв шиг юм. Эхлээд гаднаас бэлэн "хорооп" мотор хоёр тус тусдаа боодолтой оруулж ирж байна. Яг энэ үйлдвэр дээрээ бол шинээр хийж байгаа деталь гэж байдаггүй. Машины бүх л юманд ордог 30000 эд эсийг гадны 110 компаниас нийлүүлж өгдөг. Компью­­терийг нь угсрахад нэлээд цаг авдаг ба нэг машиныг ойрол­цоогоор бүтэн өдөржин шөнөжин ноцолдож байж гараас гаргадаг юм байна. Эндхийн 2000 шахам ажил­чин ихэнх нь гартаа цахилгаан отверк барьчихсан шурд хийн эрэг боолт чангална. Нэг хүн дээр гэхэд л урд хоёр гэрлийг түлхэж оруулаад утаснуудыг нь залгаад, дараа нь нүүрний хаалтыг нь тавьж боох зэрэг хоёр гуравхан үйлдэл дээр дагнана. Буруу хийчихвэл хажуу­даа байгаа хэцээ татахаар ээл­жийн мастерийн дэргэдэх хонх хангинаж гүйгээд ирнэ. Машины рам хэсгийг гагнах дамжлага нь робот гагнуурчинтай. Аккумля­торын суурь тавихаас өг­сүү­лээд маш олон төмөр бэхэлгээ байх. Тэрнийг нь өнгөцхөн нааж торгоож өгөөд хүргээд өгөхөөр долоон ширхэг робот тогоруу шоволзон гарч ирээд тас няс хий­тэл оч үсэргэн маналзуулж өгөх юм. Төд удалгүй өөр нэг робот гаг­нуурын хаягдал зоргодосыг ховх соронгуут уур савссан машины рам дараагийн дамжлага руу авто­матаар явна. Эдгээр робот бас чамгүй ухаалаг бөгөөд бага зэрэг хазгай тавиад өгсөн байхад зөв уншаад засаад гагначихдаг гэнэ шүү.

Ер нь япончууд хүүхэд байхын удамтай гэгчээр төрөлхийн му­жаан, оньсон тоглоом хийдэг хү­мүүс байжээ. Тийм болохоор орчин үеийн компьютер электроны сал­бар ойрхон сэдэв нь, бас сонир­холтой ажил байсан болохоор маш хурдан хөгжсөний нэг нууц энэ юм. Авто машины үйлдвэрт ажил­лагс­дын дунд мундаг мундаг токарь­чингуудыг шалгаруулдаг уламж­лалтай. Тэр чиглэлийн олон тог­лоом ур дүй сорих хэрэгслүүд өрөө болгонд бий. Тухайлбал боолт­нуудыг хурдан ялгаж тавих, рези­нийг зөв дарааллаар нь ороох зэрэг дасгалууд тусгай норма­тивтай. Тэр нормативуудыг сайн хийж байгаа нөхөр байвал авьяас­тай гэж үзээд үйлдвэрт ажилчнаар авах ч тохиолдол бий гэнэ.

Тоёотогийнхон бүх л сэлбэгээ мөчиг тачигхан тааруулж зөөж авчрах юм. За яахав ахиухан авчих, дутсанаас дээр гэдэг манай ойл­голтыг үзэн яддаг. Бүх юм хэм­жээндээ байж байж сая зах зээлд өрсөлдөнө, ашигтай ажил­лана гэсэн логикийг нь бусад үйлдвэрүүд туршлага болгон дэлгэ­рүүлээд байгаа аж. Машины за­хиал­гыг ч гэсэн яг хэдэн машин аль талдаа рультэй, ямар өнгийн, өөр нэмэлт үзүүлэлт зэргийг нь бичиж аваад үйлдвэрт өгдөг. Түүнээс илүү үйлд­вэрлэдэггүй. Өчнөөнөөр нь га­даадад гаргаж байгаа мөртлөө тийм татганасан шийдвэр гаргадаг нь сонин. Үйлдвэрийн цаад мухарт хэдэн лаг толгой бий гэлцэх юм. Зөвхөн шинэ санаа хайгчид. Нэг шинэ үйлдлийг нээлээ гэхэд дор хаяхад гурван жилийн өмнө бо­ловс­руулсан бүтээл байх жишээ­тэй. Тийм цөөн хүмүүс өнөөгийн Япон орны бүх алдагдлыг аварч байдаг бөгөөд бусад ихэнх нь манайхаас ч долоон дор ажлын малнууд юм билээ.

Машин газар дээрээ ямар үнэ­тэй гэх асуултыг яаж ч хэлээд ойлгуулж чадсангүй. Эндээс үйлд­вэрийн ерөнхий инженерийг нь найрч байгаад  бөөндчихвөл дун­даас нь хэдийг унагах бол гэхэд гайхаад л хараад байсан.

Харин уг үйлдвэрийн аль нэг деталийг тухайлбал жолооны бү­рээ­сийг цэвэр үхрийн ширээр Мон­голоос нийлүүлээд байя гэх юм уу эсвэл манайд салбараа нээж Орос Хятадын том зах зээлд гарцгаая гэж яривал арай өөр бололтой.  

Тоёото нь атомын бөмбөг дэл­бэрсэн Хирошимагаас нэг их хол­гүй оршдог 400 мянган хүн амтай  хот. Хотын онцлог гэвэл автобус, такси бараг байхгүй. Түүнд суудаг хэн ч байх билээ дээ. Бүгдээрээ "Туяатай" унаад давхиж яваа юм чинь.
Үргэлжлэл бий.