Энэ удаа Монголын эрүүгийн эрх зүйд нэгэн томоохон шинэтгэл хийх гэж байгаа энэ үед яг практик дээр нь ажиллаж буй эрхмүүдтэй нээлттэй ярилцлаа. УИХ-ын гишүүд Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хавраас эхлээд лавлаж буйгаас гадна ажлын хэсэг хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж төсөлдөө санал авчээ. Дээрх хоёр хуулийг өөрчлөх ямар шалтгаан нөхцөл үүсэв, гүтгэхийг Эрүүгийн хууль руу оруулж буй нь зөв үү, хэзээ авлига устаж Монголд шударга ёс тогтох бол, Монгол Улсад шударга бусын хонгил үнэхээр байдаг эсэхийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд (саявтар Ц.Нямдорж сайдын саналаар ажлаа өгсөн) Б.Энхбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Л.Данзанноров нараас тодруулав.

видеог нь https://www.youtube.com/watch?time_continue=2&v=wEV6JzUt4Us энэ линкээс үзнэ үү.

В.Ганзориг: Монголын эрүүгийн эрх зүйд нэгэн томоохон шинэтгэл хийх гэж байгаа энэ үед яг практик дээр нь ажиллаж буй та бүхэнтэй ярилцах гэж байна. Эхний асуултыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярт тавья. УИХ-ын гишүүд Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хавраас эхлээд лавлаад байгаа. Бидэнд байгаа мэдээллээр Хууль сахиулах их сургууль дээр хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг болж, төсөлдөө санал авчээ. Яагаад энэ хоёр хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа юм. Хуулиар ойр ойрхон оролдох зөв үү?

Б.Энхбаяр: Эрүүгийн эрх зүйн хууль тогтоомж багцаараа 2015 онд өмнөх парламентын үед шинэчлэгдсэн. 2016 онд шинэ парламент бүрдээд хамгийн түрүүнд барьж авсан хуулиудын нэг бол энэ багц хууль. Эрүүгийн хуулийн 49 хувьд нь нэмэлт өөрчлөлт оруулсан. Зөрчлийн хуульд мөн өөрчлөлт оруулсан. Ингээд өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс мөрдөөд нэг жил 4 сарын хугацаа болж байна. Эрүүгийн болон Зөрчлийн хууль багцаараа нийгмийн дэг журмыг сахиулах, хамгаалах, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс сэргийлэх, гэмт хэрэг, зөрчилд ял цээрлэл үзүүлэх үндсэн агуулгатай. Эдгээр хуулийн үйлчлэл, хүрээ хязгаараас ангид нэг ч хүн, байгууллага байхгүй. Тэр утгаараа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, хуулийн хэрэгжилтийн үр дүнд байнгын мониторинг үнэлгээ хийж байгаа. Ажлын хэсэг бол хуулийг улам сайжруулах, санал дүгнэлт гаргах зорилготой. Үүнд прокурор, шүүх, цагдаа, өмгөөлөл, эрдэмтэн судлаачид гээд бүх талын оролцоог хангаж байгаа. 

Өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд хэрэгжилтэд ямар асуудал үүсч байна, гажиг согог гарч байна уу, үйлчлэл дутаж байгаа асуудал байна уу, зөрчилдөөн хийдэл байна уу гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгөөд гарцаагүй хийдэл, зөрчил үүсч байгаа асуудлуудыг боловсронгуй болгох чиглэлээр нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулсан. Ингээд холбогдож байгууллагаас санал авч нэгтгээд Засгийн газарт өргөн барихад бэлдэж байна. Хууль зүй, дотоод хэргийн яам өөрийн сайт дээрээ дээрх нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг байршуулаад хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ бол олон нийтээс санал авах ажиллагаа явж байна гэсэн үг. Нэмэлт өөрчлөлтийн төсөл бол одоогийн хуулийнхаа суурь үзэл баримтлалаас өөрчлөгдөөгүй, гол нь хийдэл зөрчлийг хөндсөн агуулгатай.

В.Ганзориг: Шинэ Эрүүгийн хуулиар ялын санкцыг сонголттой, ял хоорондын зайг тэлж өгсөн. Энэ нь шүүгчдэд ихээхэн итгэл үзүүлж, эрх мэдэл, хариуцлага үүрүүлсэн явдал. Адилхан хэрэг дээр заримд нь 2 жил, заримд нь 8 жилийн хорих ял оноох сонголт байна. Ялтай холбоотой энэ зохицуулалтыг шүүх институц хэрэглэж болж байна уу. Хэрэглээ талаас нь тайлбарлаж өгөөч.

Б.Батцэрэн: Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг батлах нэг үндэслэл нь төр ял шийтгэлийн бодлогоо эргэн харах асуудал байсан. Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд Үндсэн хуулийн тулгуур хуулиудын нэг болсон Эрүүгийн хуулийг 2002 онд шинэчлэн батлаад 15 жил хэрэгжих хугацаанд судалгааны дүнгээс харахад зайлшгүй ял шийтгэлийн бодлогыг эргэж харах шаардлага үүссэн байсан. Өөрөөр хэлбэл, нийт ял шийтгэлийн 75 хувийг хорих, 15 хувийг баривчлах ял эзэлж байсан. Шоронд ял 10 жилийн интервалийг судалж үзэхэд жилд 7000 хүнийг шоронд хорьдог, үе үе өршөөлөөр сулладаг байсан ч ял эдлээд гарсан иргэдийн 40 гаруй хувь нь давтан гэмт хэрэгт үйлдэж байсан. Гэмт хэргийн өсөлт, шоронд ял эдлэгдсдийн тоог харьцуулж үзэхэд шоронд ял эдлэгсдийн тоо илүү өсөлттэй харагдаж байсан. 

Хоёрдугаарт шоронд дүүргэлтийг багасгах зорилгоор Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2000, 2006, 2009 онд баталсан. Мөн Татварын өршөөлийн хууль болон 2008 онд Эрүүгийн хуульд томоохон өөрчлөлт оруулснаар хуулийн тэгшитгэл хийгдэж 2000-3000 ялтныг сулалж байсан ч шорон дүүргэлт багасахгүй байсан. Ял шийтгэл гэдэг бол хүнийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангадаг байх ёстой. Иймээс Монголын төр ял шийтгэлийн бодлогоо эргэн харж, Эрүүгийн хуулийг 2015 онд шинэчлэн найруулахдаа торгох, зорчих эрх хязгаарлах, хорих, нийтэд тустай ажил хийлгэх, эрх хязгаарлах ялын төрлүүдийг хуульчилсан. Өмнөх 2002 оны Эрүүгийн хуульд нийт гэмт хэргийг дөрөв ангилаад, ангиллаас нь хамаараад оногдуулах ялыг нэлээд хайрцаглаж, хэмжээ хязгаарыг нь хатуу тогтоосон байсан. Энэ нь түрүүн ярьдаг ял шийтгүүлэгсдийн тоо өсөхөд нөлөөлсөн байх. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялын 12 интерваль байгаа. Хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдэгдсэн гэмт хэргийн ялын интерваль, энгийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт оногдуулах ялын интерваль давхцаж байгаа онцлог юм бий. Энэ нь бол шүүгч гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруу, хувийн байдалд нь тохирсон ял оногдуулах боломжийг нээж өгч байгаа. Мөн шүүгч нарт илүү итгэл хүлээлгэж байгаа хууль гэж харж байгаа. Тэгэхээр энэ хууль үйлчилж эхэлснээс хойш хорих ял биечлэн эдлэгсдийн тоо буурсан.

Б.Энхбаяр: Хорих ялыг тэнсэх асуудал шинэ хуульд орж ирээд, шинэ болон хуучин хуулийн үр нөлөөгөөр нэлээд олон хүн тэнсэгдсэн. Шинэ Эрүүгийн хуулийг мөрдөж эхлээд 7 сар өнгөрөхөд үр дүнгийн судалгаа хийсэн. Тэнсэн харгалзах ял авсан 1000 хүнээс дахин гэмт хэрэг үйлдсэн нэг ч хүн гараагүй. Өөрөөр хэлбэл, энэ нь үр дүнгээ өгч байгаагийн илрэл. Хүнийг хорихын оронд гэм хор, хохирлыг нь арилгуулж, иргэндээ зөв амьдрах боломж олгох нь зүйтэй гэж үзсэн Монгол төрийн ял шийтгэлийн бодлого алдаагүй.

В.Ганзориг: Г.Эрдэнэбат прокурор хэвлэн нийтлэх эрх чөлөөг хүндэтгэдэг хуульчдын нэг гэж хэвлэлийнхэн ярьдаг юм байна. Баярлалаа. Зөрчлийн хуульд одоо байгаа гүтгэх үйлдлийн торгуулийг багасгаад Эрүүгийн хуульд оруулахаар төсөлд заасан байна. Бас сэтгүүлчдээс улстөрчдийг хардах, төрийн байгууллагыг шүүмжлэх эрхийг баталгаажуулжээ. Гүтгэх үйлдлийг зөрчлөөс эрүү рүү татаж байгаа нь процедурын хувьд сэтгүүлчдэд одоогийнхоос давуу чанар үүсэх үү. Гүтгэгдсэн этгээдтэй холбоотойг нь би Данзанноров өмгөөлөгчөөс асуух учраас та сэтгүүлчтэй холбоотойг нь л хэлж өгөөч?

Г.Эрдэнэбат: Ер нь бол гүтгэх гэдэг гэмт хэргийн агуулга нь сэтгүүлчидтэй холбоогүй байгаа юм. Хүн гүтгэх үйлдэлд ямар нэг хуулийн зүйн хариуцлага байх ёстой. Сэтгүүлч хардах, олон нийтийн мэдэх эрхийг хангахын тулд мэдээлэл гаргахаар үүнийг гүтгэсэн явдал гэж хууль зүйн талаас нь хариуцлага хүлээлгээд эхлэхээр төрийн нээлттэй, ил тод байдал, олон нийтийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрхэд саад учруулаад байдаг. Зөрчлийн хуульд гүтгэх заалт байх аль ч талаасаа ашиггүй. Яагаад гэхээр Зөрчлийн процессын хуулийн мөн чанар нь жижиг асуудлыг хурдан шуурхай шийдэх, ямар нэгэн эрх бүхий албан тушаалтан гэж нэрлэгдэж байгаа байцаагч, хэв журам, нийтийн эрх ашгийг хамгаалж байгаа албан тушаалтан шууд шалгаж шийдвэрлэдэг процесс. “Энэ хүн намайг гүтгэлээ” гэхэд өнөөдөр манай цагдаагийн хэв журмын байцаагч шалгаад “Энэ хүнийг гүтгэсэн байна” гээд шийдвэрлэдэг болчихож байгаа юм. Процедурын хувьд нэлээд шуурхай, хязгаарлагдмал хүрээнд асуудлыг шийдвэрлэчихэж байгаа. Энэ нь өөрөө хэвлэлийн эрх чөлөөнд халдсан явдал болоод байна. 

Миний хуульчийн өөрийн байр суурь бол гүтгэх асуудалд сэтгүүлч хамрагдах ёсгүй. Их ноцтой үр дагавар үүсгэлээ гэхэд нэр төр, алдар хүнд, ажлын хэргийн нэр хүнд гутаасан гээд иргэний шүүхээр явах ёстой асуудлыг л Эрүүгийн болон Зөрчлийн хууль руу авчраад байгаа юм. Ний нуугүй хэлэхэд, манай сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд “Бид мэдээллийн эх сурвалжаа нууцалж байна. Тийм учраас хаанаас олж аваад тавьсанаа ерөөсөө ярихгүй” гэдэг. Уул нь тэр асуудлыг шалгаж байгаа мөрдөгч, прокурор нь мэдээллийн эх сурвалжийг задруулахгүй байх үүргийг төрийн нууц хамгаалдагтай адилхан хүлээх хэрэгтэй. Тэгээд эх сурвалжаа хэлсэн сэтгүүлчийг чөлөөлөөд, эх сурвалжийг нь нууцлаад, хууль зүйн хариуцлагыг хэнтэй ярих тухайгаа ярих асуудал л даа. Ийм учраас гүтгэх үйлдэл Зөрчлийн хууль дээр огт байж болохгүй асуудал. 

Хоёрдугаарт, тодорхой хүнд халдсан тохиолдолд халдсан хүнд нь хариуцлага хүлээлгэхийн тулд гүтгэх гэмт хэрэг байх ёстой асуудал. Сэтгүүлчийн хувьд ерөөсөө гүтгэх гэмт хэрэгт хамаарахгүйгээр мэдээлэл нь эх сурвалжтай гэдгээ нотлоод л иргэний шүүхээр асуудлаа шийдүүлэх хэрэгтэй. Сэтгүүлчийг хамгаалах гол зэвсэг нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль. Энэ хуульд “Сэтгүүлч, хэвлэн нийтлэгч ямар нэг мэдээлэл олж авсан бол эх сурвалжаа нууцална. Шүүхийн маргаан үүсч, эх сурвалжаа шүүхэд мэдээлсэн тохиолдолд түүнийг нь шүүх, хуулийн байгууллага чандлан нууцалж, хамгаална. Эх сурвалжийн мэдээллийг хүргэсэн сэтгүүлчийг хуулийн хариуцлагаас чөлөөлөх ёстой” гэдэг заалт орох хэрэгтэй.

 

В.Ганзориг: Тэгвэл гүтгэх үйлдлийг зөрчлөөс гаргаж гэмт хэрэгт тооцож буй нь ямар давуу байдал үүсгэх бол?

Г.Эрдэнэбат: Эрүүгийн процесс руу орохоор зөрчил шалгадаг байцаагч шалгаж байгаад шууд торгочих биш мэдээллийн эх сурвалжийг шалгаж, тогтоох боломжтой шүүхийн өмнө аваачна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар бүх ажиллагаа зөвшөөрөлтэй явагдаж, тэрийг нь прокурор орж нотлогдож байгаа эсэхийг нь ярина, дүгнэлт өгнө. Тэгээд гурван шатны шүүхээр явна гэдэг бол хүний эрх талаасаа баталгаатай систем рүү орж байгаа юм. 

Би сэтгүүлчийн эх сурвалжийг нууцлах гадаад улсын хуулиудыг сонирхож үзлээ. Манайх шиг сэтгүүлч нь мэдээлэгчээ цээжээрээ хамгаалаад өөрөө хохирдоггүй. Эх сурвалжаас авсан мэдээллээ өөрөө зохиогоогүй гэдгээ нотолвол сэтгүүлчийг хариуцлагаас чөлөөлдөг. Ингээд мөрдөгч, прокурор, шүүгч нь эх сурвалжийг шалгадаг. Гэхдээ төрийн нууц хадгалдаг шиг нийтэд болон хохирогчид эх сурвалжийг нь илчилдэггүй.

В.Ганзориг: Хүний нэр төр, алдар хүндийг эрүүгийн хуулиар хамгаалах нь зөв байх. Нэр төрөө сэргээлгэхэд гүтгэх үйлдэл нь Эрүүгийн хуульд байснаараа ямар давуу талтай вэ. Та мэргэжлийн хүний хувьд энэ талаар байр сууриа хуваалцана уу?

Л.Данзанноров: Шинэ Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гүтгэхийг гэмт хэрэгт тооцох өөрчлөлт оруулах гэж байгаа. Хүний нэр төр, алдар хүнд үнэтэй зүйл. Үндсэн хуулиар хамгаалагдсан үнэт зүйлийг Эрүүгийн хуулиар хамгаалах нь үр дүнтэй. Зөрчлийн хуульд одоогоор бусдыг гүтгэсэн хүнийг хоёр сая, байгууллагыг 20 сая төгрөгөөр торгох заалттай. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шинэ төсөлд сошиалаар гүтгэвэл 450 мянгаас 1 сая 350 мянган төгрөгөөр, хэвлэлээр гүтгэвэл 450 мянгаас 2 сая 700 мянган төгрөгөөр торгох ялтай. Эсвэл хорихгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлана гэсэн байгаа. Гүтгэсэн, гүтгүүлсэн эсэхийг тогтоох процесс аль хуулиар явах вэ гэдэг илүү чухал. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар явахад хэсгийн байцаагчийн төвшинд тухайн асуудлыг шалгахдаа мэдээлэл гарсан эсэхийг нь шалгаад л торгуулийн хуудас бичээд шийдэгдчихэж байна. 

Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар явбал өмгөөлөгчийн оролцоо тодорхой гарч ирнэ, мэдээллийг нягтлах цаг хугацааны болоод үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Мөрдөгч шалгахаас гадна прокурор хянаж, шүүх шийдвэрлэнэ. Энэ үүднээсээ Эрүүгийн хуульд гүтгэх заалтыг оруулах нь иргэн талаасаа ч, хэвлэн нийтлэгч талаасаа ч нарийн шүүлтүүрээр эрхээ хамгаалуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Зөрчлийн хуулиар байгууллагыг нь 20 сая төгрөгөөр торгох гэхээр байгууллага өөрийгөө хуяглачихаад сэтгүүлчдээ буруугаа чихэж 2 сая төгрөгөөр торгуулах хандлага байхыг үгүйсгэхгүй. Сүүлийн 10 жилийн дунджаар жилд 4-5 гүтгэх гэмт хэрэг шийтгэгдэж байсан. Зөрчлийн хуульд оруулснаар энэ тоо хэд дахин өсч жилд 20 орчим болсон. 

Б.Батцэрэн: Иргэдийнхээ нэр төр, алдар хүндийг хамгаалъя. Төрийн байгууллага, албан тушаалтны гүтгэсэн асуудлыг гэмт хэрэгт тооцохгүй. Ялангуяа улс төрд нөлөө бүхий этгээдийг шүүмжилсэн, хардсаны төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн тайлбартайгаар төсөлд тусгасан байгаа. Энэ бол эргээд Монгол Улсад хариуцлагатай, шударга төрийг бэхжүүлэхэд чухал. Үүнд сэтгүүлчдийнхээ үүргийг үгүйсгэж огт болохгүй. 

Гүтгэх асуудлаас болж хохирсон, сэтгэл санаагаар хохирсон иргэний эрхийг яаж сэргээх вэ гэдэг бас чухал. Иргэний хуульд сэтгэл санаанд учирсан хохирлыг нөхөн төлөх асуудлыг хуульчлаагүй байгаа. Үүнийг маш олон хуульч, судлаачид дэвшүүлж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яам энэ асуудлыг анхаарч ажиллаж байгаа гэж бодож байна.

В.Ганзориг: Б.Энхбаяр дэд сайдаас асууя. Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн төсөл дээр зөрчлөөс эрүү рүү, эрүүгээс зөрчил рүү шилжүүлж байгаа ямар үйлдлүүд байна вэ. Шалтгаантай нь хамт дурдвал зүгээр байна. Мөн шинээр томъёолон дээрх төслүүдэд оруулж ирж байгаа ямар зохицуулалт байна. Энэ талаар үзэгч, уншигчдад мэдээлэл өгнө үү?

Б.Энхбаяр: Зөрчил дээр цоо шинээр бичигдэж байгаа үйлдэл бол бэлгийн дарамт. Өөрөөр хэлбэл, ажлын байран дээр бэлгийн дарамт үзүүлсэн үйлдэлд хариуцлага байхгүй байсныг хариуцлагажуулах гэж байна. Мөн мөрийтэй тоглож байгаа үйлдлийг зөрчилд тооцох гэж байна. Харин орон байр бэлдэж, тохижуулж, өөрөө ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа үйлдлийг Эрүүгийн хуульд бичиж байгаа. Мөн биеэ үнэлэх явдлыг зохион байгуулж байгаа, хүн худалдаалах ажлыг зохион байгуулж байгаа үйлдлүүдийг бичиж байна. Уг нь бэлгийн мөлжлөг гэдэг гэмт хэрэг Эрүүгийн хуульд байгаа. Хууль хэрэглээтэй холбоотой асуудал гарч байгаа учраас ингэж өөрчилж байна. 

Гүтгэхийг сая хэллээ, зөрчлөөс гаргаж Эрүүгийн гэмт хэрэгт тооцох гэж байна. Уг нь албан тушаалтнууд өөрийг нь шүүмжилсэн сэтгүүлчийг Эрүүгийн хуулиар дарамталж амыг нь үдэх оролдлого хийж байна гээд гүтгэх үйлдлийг зөрчилд тооцсон. Гэтэл үр дүн нь эсрэгээрээ гарч, шийтгүүлж байгаа тохиолдол 4-5 дахин өсөөд байна. Тийм учраас Эрүүгийн хуульд оруулахдаа “Улс төрд нөлөө бүхий этгээдүүд шүүмжлэлд нялцганаад байх хэрэггүй. Гомдох эрхгүй. Хардуулах гэж, сэрдүүлэх гэж албан тушаал хашиж байгаа. Өндөр албан тушаалд очиж, эрх мэдэл хэрэгжүүлж байгаа бол хардуулах ёстой. Эргээд нээлттэй байх ёстой шүү” гэдэг үндэслэлээр тайлбартай бичиж байгаа. Харин жирийн иргэд нэгнээ гүтгэдэг явдал хариуцлагагүй байж болохгүй. Нэг компанийн нэр төрийг гутаах зорилгоор өрсөлдөгч нь “Хоолноос нь жоом гарлаа” гээд хүнээр бичүүлсэн. Ингэж хэдэн зуун сая төгрөгийн хөрөнгө оруулсан бизнесийг нь нурааж байгаа юм. Ийм учраас аж ахуйн нэгжүүд, жирийн иргэдийн нэр хүнд хуулиар хамгаалагдах ёстой. Нэр, брэнд гэдэг зүйл үнэтэй. Apple, Coca cola-гийн нэр хэдэн тэрбум ам.доллараар үнэлэгддэг шиг Монголын компаниудын нэр, хөрөнгө зарсан бизнес үнэлэгдэх ёстой.

В.Ганзориг: Монгол Улсад гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн хүчирхийллийн гэмт хэрэг маш их байна. Шинэ Эрүүгийн хуулийг мөрдөж эхэлснээс хойш гэмт хэргийн гаралт нэмэгдлээ гэж нэр хүндтэй хуульчдаас эхлээд, Ерөнхийлөгч хүртэл ярилаа. Яг ямар гэмт хэрэг нэмэгдээд байна. Буурч байгаа хэрэг гэж байхгүй юу. Танд байгаа тоон мэдээллээр энэ маргаанд цэг тавьж, улсаараа нэг тоотой, нэг ойлголттой болох хэрэгтэй байх?

Г.Эрдэнэбат: Цагдаа, тагнуул, АТГ зэрэг хэрэг шалгадаг байгууллагуудын шалгаж байгаа хэргийн тоо мундаг өссөн. 2018 оныг 2017 онтой харьцуулахад 56 хувиар өссөн. Гэхдээ сүүлийн 5 жилд гэмт хэргийн талаар гаргаж байгаа гомдол мэдээллийн тоо ерөөсөө өсөөгүй. Өөрөөр хэлбэл, хулгайд юмаа алдчихлаа гээд очиход нь “Гэмт хэрэг болгож шалгах хохирлын хэмжээнлд хүрэхгүй байна” гээд бүртгэхгүй, шалгахгүй буцаадаг байснаа больсон. Нөхөртөө зодуулчихлаа гээд цагдаад очиход “Наадах чинь гэр бүлийн маргаан байна” гээд буцаахаа больсон. Авлигын тухай мэдээлэл өгөхөөр “Хуульд заасан хэмжээнд хүрэхгүй байна” гээд шалгадаггүй байсан. Сүүлийн 5 жилийн дунджаар цагдаад хамгийн их ирдэг гомдол хулгай ба гэр бүлийн хүчирхийлэл байж. Гэр бүлийн хүчирхийллийн гомдлын дөнгөж 25% дээр л хэрэг үүсгэн шалгадаг байсан. Харин 2017 оноос хойш 75%-ийг нь шалгаж байгаа. Хуучин шалгадаггүй байсан хэргүүд шалгагддаг болж эхэлсэн учраас Монгол Улсын хэмжээнд хулгай, залилан, дээрэм, хүчин, гэр бүлийн хүчирхийлэл, хөнгөн гэмтэл учруулах хэргүүд цаасан дээр зогсолтгүй өсч байна. 

Товчоор хэлэхэд, хууль сахиулах байгууллагууд хүний гаргасан гомдол мэдээлэл болгоныг бүртгэж, шалгаж эхлэхээр гэмт хэрэг өссөн юм шиг харагдаж байна. Үнэндээ хуулийн байгууллагын ажил хийдэг тоо нь өссөн юм. АТГ жилд дунджаар 34-40 хэрэг шалгадаг байсан бол одоо 200 гараад байна. Авлигын хэрэг дээр хохирлын дүн шаардахаа больсон учраас авлига өгсөн, авсан болгоныг шалгаж байгаа. Монголоор дүүрэн авлига байна гэж яриад л байдаг. АТГ нь хуульд заасан үлэмж хэмжээнээс дээш гарахгүй байсан учраас шалгадаггүй байсан. Өнөөдөр харин үйлдэл болгоныг шалгаад эхэлсэн.

В.Ганзориг: Буурч байгаа хэрэг байна уу?

Г.Эрдэнэбат: Эсрэгээрээ хүн амины хэрэг жилд 280 гардаг байсан бол 2017 онд 186 болж буурсан. Хүчирхийллийг замд нь зогсоохоор хүний амь аврагдаж байна гэсэн үг. 2010-2016 он хүртэл 5 жилийн дунджаар Монгол Улсад хүн амины хэрэг жилд 260-300 бүртгэгддэг байсан. Харин 2017 оны статистикаар 186 хэрэг бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл хүнд гэмтэл учруулах, онц ноцтой, хүн амины хэрэг буурч байгаа. Гол дүгнэлт бол гэр бүлийн хүчирхийлэл явсаар байгаад хүн амины хэрэг болдог. Гэр бүлийн хүчирхийлэл дээр цагдаагийн байгууллага ажлаа эрчимжүүлээд ирэхээр онц ноцтой хэргүүдийн тоо буурч байгаа юм.

В.Ганзориг: Албан тушаалын хэргүүд дээр ямар үр дүн гарч байна?

Г.Эрдэнэбат: Албан тушаалын хэргүүд өссөн. Гэр бүлийн хүчирхийллийг ярихаар зарим хүн “Энэ бол монгол уламжлал. Хүүхэддээ таван салаа боов үмхүүлэхээр шоронд хийх гэж байна” гэх юм. Уг нь гэр бүлд байдаг жижиг сажиг зөрчлийн тухай энэ хуульд огт яриагүй юм. Ганц удаа гар хүрэхийн тухай хуульд ерөөсөө байхгүй. Монголын нийгэмд өөр амьдрал бий шүү дээ. Нөхөртөө байнга зодуулж дарамтлуулсаар байгаад чанга дуугарах тоолонд нь өмдөндөө дусаадаг эмэгтэйчүүд байдаг. Архичин ааваасаа айгаад гэрээсээ зугтдаг хүүхдүүд бий. Тийм зэвүүн орчин, өөр амьдрал Монголд байдаг. Ийм амьдралыг бид болиулах ёстой.

В.Ганзориг: 14 настай хүүхдүүдийг бэлгийн харилцаанд оролцохыг УИХ-ыг зөвшөөрсөн гэж яриад байх юм. 16 нас хүрээгүй хүнтэй харилцаанд орох гэж өмнө нь байсан. Энэ зохицуулалтыг та нэг мөр тайлбарлаж өгнө үү?

Б.Батцэрэн: Хүчиндэх гэмт хэргийн тухай та асууж байна. Бага насны хүүхэд гэдэг бол хуулиараа 14 нас хүрээгүй хүүхэд. Өсвөр насных гэвэл 16-18. Хүчиндэх гэмт хэрэг нь хүсэл зорилгынх нь эсрэг хүч хэрэглэх, эсвэл хүч хэрэглэхээр заналхийлж, эсвэл биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулж хурьцал үйлдэх тухай ойлголт. Бага насны хүүхэд оюун санаа, биеэ эрхтэний хувьд бүрэн гүйцэт хөгжөөгүй, бэлгийн харилцааны учир холбогдлыг гүйцэт ухаараагүй байдаг. Харилцан тохиролцож бага насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон байсан ч хүчиндэх гэмт хэрэг.

В.Ганзориг: Дахиад асуулт байгаа. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах заалтыг Эрүүгийн хуульд дахин өөрчилж оруулах гэж байгаа юм байна. Юуг нь өөрчлөх гэж байгаа юм. Ямар шалтгаан байгаа юм?

Б.Батцэрэн: 2002 оны Эрүүгийн хуульд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэдэг Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйл байсан. Энэ зүйлийн нэр нь хэвээр боловч доторх гэмт хэргийн шинжийг өөрөөр томъёолсон байсан. Өөрөөр хэлбэл харилцан тохиролцож, эсвэл зөвшөөрснийх нь үндсэн дээр бэлгийн харилцаанд орохдоо ёс бус байдлаар харилцаанд орохыг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байдаг. Бодит амьдрал дээр зөвшөөрөлгүйгээр, харилцан тохиролцохгүйгээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах үйлдэл гардаг. Үүнийг зайлшгүй гэмт хэрэгт тооцож хуульчлах шаардлага байгаа юм. Тийм учраас амьдралаас урган гарч буй шарадлага, байгууллагын саналыг үндэслэж хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа. 

Түрүүн хэлдэгчлэн бага насны хүүхдийг хүчирхийлсэн хүмүүст цаазын ял оноодог байх санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэвшүүлсэн. Бид бүгдээрээ хүүхэдтэй хүмүүс энд цугларч. Та эцэг хүний хувьд хүчирхийллийн хэрэг дээр цаазын ял байлгахыг зөвшөөрөх үү. Цаазын ялыг нэг сэргээвэл бусад хэрэг дээр ч оруулаад ирэх боломжтой, ингээд хэлмэгдүүлэлт эхэлнэ гэдэг ч юм уу яриа хуульчдаас гардаг. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

Л.Данзанноров: Бага насны хүүхдийг хүчирхийлэх нь хамгийн үзэшгүй муухай бөгөөд ял шийтгэл нь чанга байх ёстой хэрэг мөн. Монгол Улсын нэгдэж орсон Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд цаазын ял байхгүй, Иргэний улс төрийн эрхийн парктын II нэмэлт протоколд зааснаар цаазын ялыг Эрүүгийн хуульд сэргээн оруулах боломж хомс. Ерөнхийлөгчийн санаачилга хэрхэн шийдвэрлэгдэхийг мэдэхгүй ч одоогийн хуульд бүх насаар нь хорих ял бий.

В.Ганзориг: УИХ-ын гишүүд Зөрчлийн хуулиар төсвийн цоорхойг нөхөхийн тулд торгуулийг өндөр тавьж, иргэд, аж ахуйн нэгжүүдийг дарамталж байна гэсэн шүүмжлэл хэлсэн. Үүнтэй салбарын яам санал нийлж байгаа юу. Одоо хийх өөрчлөлтөөр зөрчлийн торгууль, шийтгэлийн хэмжээг багасгах уу. Нэмж асуухад гэмт үйлдлийн торгуулийг өндөр тавьчихаад, “Хууль зөрчихөө л больчих л доо” гэж ам асуух хэр зүйтэй вэ?

Б.Энхбаяр: Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй нийт хууль тогтоомжийн бараг 40%-ийг хамарч үйлчилж байсан 200 гаруй хуулийн бүх хариуцлагыг нэгтгэсэн хууль бол Зөрчлийн хууль. Хариуцлагатай хэлье, 1992-2015 онд бичигдсэн хууль болгоны ард байсан торгуулиудыг Зөрчлийн хуульд нэгтгэхдээ нэг ч зөрчил дээр торгуулийн хэмжээг нэмээгүй. Харин ч 2016 онд шинэ Засгийн газар, УИХ өмнөх парламентын үед ёсчлогдоогүй байсан Зөрчлийн хуулийн торгуулийн хэмжээг хоёр дахин буулгаж, 2000 байсан нэгжийг 1000 төгрөг болгосон. Зөрчлийн хууль хэрэгжиж эхлэснээр өмнө мэддэггүй, хэрэгждэггүй, хэрэглэдэггүй байсан маш олон хуулиуд амилаад эхлэсэн. Энэ нь олон хүнийг шоконд оруулсан. Би байнгын ажлын хэсгийн ахлагчийн хувьд хуулийн үр дүнд үнэлгээ, мониторинг хийж байгаа. Зөрчлийн шинэ хуулийг мөрдөж эхэлснээс хойшхи нэг жилд татвартай холбоотой 13-14 хэрэг л шийдэж. Үүнээс тал орчим хувьд нь прокурорын байгууллага бизнес эрхлэгчийн талд зогсч, татварын зөрчлийг хүчингүй болгосон. 

Зөрчлийн хэрэг дээр прокурорын хяналт бий болсноор дур зоргоор авирлах байдал багассан. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн хуулиар баялаг бүтээгчдийг торгож, төсвийн цоорхойг бөглөж байна гэдэг үзүүлэлт гараагүй. Нөгөө талаар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд бизнес эрхлэгчид гааль, мэргэжлийн хяналт, татварын байцаагчидтай шууд тохирдог дадал суужээ. Хэрэг байсныг хэрэг биш болгон авилгаддаг, хэрэг бишийг нь байцаагчид хэрэг болгон дарамталдаг. Ханцуйндаа тохирдог дадлыг аль аль нь сурчээ. Шинэ Зөрчлийн хуулиар прокурорын хяналтад ороод эхлэхээр бизнес эрхлэгчид бараг хуучин орчноо үгүйлж эхлэсэн. Хууль хяналтын байгууллагатай холбоотой авлига, хээл хахууль, албан тушаалтай холбоотой дадсан буруу дадалд хариуцлага тооцдог хуулийн цээрлэлийн механизм ажиллах ёстой гэж би боддог. 

Хууль зүй, дотоод хэргийн яам Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гээд байгууллагуудаас санал авахад янз бүрийн л санал ирж байна. Арай ч дээ, гэмээр санал ч ирнэ. ХХААХҮЯ-наас “Насанд хүрээгүй мал хоорондоо хурьцал үйлдвэл малчныг нь торгоё”. “Эрүүл ахуйн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр малаа тээвэрлэвэл малчныг нь торгоё” гэдэг санал ирсэн. Ийм янз бүрийн буруу, зөв санал төрийн байгууллагуудаас ирдэг. Хуулийг шүүмжилж байвал сайн, гэхдээ зөв шүүмжлэх л ёстой. Энэ бүгдийг ХЗДХЯ шүүн тунгааж байж Засгийн газар, УИХ руу төслөө оруулдаг юм аа. Зөрчлийн хуульд нэмэлт оруулах төсөл дээр Санхүүгийн зохицуулах хорооны харьяаны шийтгэлийн торгуулийн хэмжээг 4-5 дахин багасгах өөрчлөлт орж байгаа. Парламентаар хэлэлцүүлэх үед нэг хүн “Энэ өндөр байх ёстой” гээд л засаад тавьчихсан.

Г.Эрдэнэбат: Үнэн л дээ, 226 хуулийн хариуцлагыг нийлүүлж багцлаад Зөрчлийн хууль бичигдсэн. 2015-2016 онд нийт 500 мянган зөрчил бүртгэгдсэн. Энэ бол өмнөх оноосоо 10 дахин өссөн үзүүлэлт. Энэ нь бүртгэгддэггүй байсан зөрчлүүд бүртгэгдэж, хариуцлага тооцогдож эхлэсэн гэсэн үг. Ёстой манай замын цагдаагийнхан л торгуулиа оногдуулаад, бүртгэлээ сайн хийж байсан байх. Бусад байгууллагууд бүртгэл муутай байсан. Зөрчил бол гэмт хэргээс өмнөх хууль бус үйлдэл. Зөрчлийг зогсооно гэдэг бол гэмт хэрэг болохоос сэргийлж байна гэж ойлгох хэрэгтэй. Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч гэдэг. Замын цагдаагийнхан яагаад л хурд хэтрүүллээ, гэрэл дохио зөрчлөө, бүс зүүсэнгүй гээд торгоод байдаг гээч. Зөрчлийг бага түвшинд нь бариад байхаар давхиж байгаад үхдэг, согтуугаар хүн дайрдаг нь багасдаг байхгүй юу. Замын цагдаагийнхны хийдэг ажил тэр ноцтой гэмт хэргүүдээс сэргийлдэг. Барилгын стандарт мөрдсөнгүй, эрүүл ахуй сахьсангүй гэж торгох нь олон хүнийг хохирохоос сэргийлсэн арга хэмжээ. 

Зөрчлийн хуулийг нэгтгэж байхад түвэгтэй заалтуудтай нэлээд таарсан. Бэлчээр хамгаалах тухай хуульд, хөдөө орон нутагт замгүй газраар зам гаргаж явбал торгох, Эх хэлний тухай хуульд, хүүхэддээ орой үдэш ардын уран зохиол, үлгэр, туульс уншиж өгөөгүй иргэнийг торгох заалттай байв. Хөдөө явж байхад хэнийг олон салаа замын яг голынхоор нь явсангүй гээд торгож байсан юм. Хэн араас нь хөөцөлдөж гүйгээд тогтоож торгох гээд байгаа юм, бүү мэд. Хэн, хэзээ, яаж хяналт тавих нь тодорхойгүй, хэрэгжих боломжгүй энэ олон заалтыг хэрэндээ л хасч Зөрчлийн хууль бичигдсэн. Одоо дахиад энэ хуулийг шүүж, шүүмжилж, амьдралд наах гэж оролдож байгаа нь сайн.

В.Ганзориг: Авлига өгснөө илчилсэн иргэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, бас хуулийн байгууллагатай хамтарч нууц далд аргаар үйлдэгддэг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой мэдээллийг илчилсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь гэмт хэргийн илрүүлэлтэд хэр тустай вэ. Хэрэгт шалгагдаж байгаа хүний ял хөнгөрөх, эсвэл ялаас чөлөөлөгдөх нөхцөл байдал үүсвэл тэд хэргийг илрүүлэхэд хуулийн байгууллагатай хамтарч ажиллах дуртай байх уу?

Г.Эрдэнэбат: Шинэ хуулийн онцлог, 2002 оны хуулиас ялгагдах тал нь ял хөнгөлөх, ялаас чөлөөлөх асуудлыг шинээр авч үзсэнд байгаа. Хөнгөн хэргүүдийн хувьд шинэ хуулиар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн барагдуулсан бол хуулийнх хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөх хүртэл интервал орж ирж байгаа. Хүнд хэргүүд дээр хэргээ хүлээн зөвшөөрч, процесс хөнгөвчилсөн тохиолдолд ялын ¾-р хөнгөлөх боломж үүсч байгаа. Өөрөө авлигатай холбоотой асуудлыг тухайлж асуулаа. Хүнийг авлига өгөхөөс аргагүйгээр хясан боогдуулах явдал гардаг. Үнэхээр ийм аргагүй нөхцөлд авлига өгснөө нотолж чадвал тухайн иргэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт оруулсан нь дэвшил. Аргагүй байдалд орж авлига өгсөн хүний авсан үйлчилгээг нь хэвээр үлдээх зохицуулалт орж байгаа.

В.Ганзориг: Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх явдалтай тэмцэх эрх зүйн орчноо сайжруул гэж FATF, ОЕСD зэрэг байгууллага Монголд зөвлөмж өгдөг. Саарал жагсаалтдаа бид байж байгаа. Яг энэ чиглэлээр эрх зүйн ямар зохицуулалт үгүйлэгддэг вэ. Мөн оффшор бүсэд хадгалагдаж байгаа мөнгөн хөрөнгийг оруулж ирэх талаар тал талд яриад байгаа. Мэдээлэл нь ил байгаа, хүн нь тодорхой байгаа асуудал дээр шууд оруулаад ирж болдоггүй юу?

Б.Батцэрэн: Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүргийг Эрүүгийн хуульд тусгасан. Авлигын эсрэг конвенц, Терроризмтой тэмцэх, түүнийг санхүүжүүлэхийн эсрэг, Мөнгө угаахын эсрэг гээд олон конвенц гээд дурдаж болно. Үндэстэн дамнасан гэмт хэргүүдийн хувьд Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ, нэгдэн орсон конвенцийн хүрээнд энэ хэргийг мөрдөн шалгах, хууль бус хөрөнгийг хураах боломж байгаа л гэж харж байгаа. Энэ дотор авлигын гэмт хэргийг онцолмоор байна. Шинэ хуульд 2005 онд Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг конвенциор хүлээсэн үүргийг хуульчилснаараа манай улсад төрийн албанд хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхэд чухал алхам болсон гэж үзэж байгаа. Түрүүн Г.Эрдэнэбат прокурорын ярианд гарсанчлан, үлэмж хэмжээ биш гээд 9,6 сая төгрөгөөс доош хохиролтой эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийг саяхныг хүртэл гэмт хэрэгт тооцож чаддаггүй байлаа. Иймээс авлигын гэмт хэрэг материаллагаас гадна хэлбэрийн шинжтэй болгосон. Өөрөөр хэлбэл бусдад давуу байдал олгосон үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан. Нэмэлт өөрчлөлтөөр тусгай субъектуудын үйлдсэн албан тушаалаа урвуулсан ашигласан хэргүүд дээр ялын хэмжээг нэмэгдүүлэхээр байгаа.

В.Ганзориг: Сүүлийн асуулт. Та бүхэн Монгол Улсад шударга ёсыг тогтоох чиглэлээр ажиллаж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд. Олон нийт “Шударга бусын хонгил” байдаг гэж яриад байна. Байдаг уу?

Г.Эрдэнэбат: Хүмүүсийн харах өнцгөөс хамаарах байх. Монголд шударга бусын хонгил байхыг үгүйсгэхгүй. Учир нь, нотлоогүй учраас байхгүй гэж би хэлэхээс илүүтэйгээр ингэж хардах үндэслэл байгаа бол ингэж дүгнэж болно. Хэдэн хүн нэрлээд тэднийгээ “Шударга бусын хонгил” гэж ярих шиг абсурд юм байхгүй. Тодорхой тохиолдолд хэн нэгний захиалгаар үйлдэл, эс үйлдэл хийгдэх боломжтой. Яагаад гэхээр, манай хуулийн систем тийм сайн төгөлдөржиж чадахгүй байна. Энэ нөхцөлд ингэж хардах нь зүй ёсны асуудал. Орчин үеийн гэмт хэрэг улам бүр төвөгтэй болж байна. Гэмт хэрэг сүлжээний шинжтэй болчихлоо. 20 дугаар зуунд мафи гэж байлаа. Хар хүрэмтэй, шивээстэй залуучууд хүн зодоод л, дээрэмдэээд л, хар тамхи, хүн худалдаад л. Орчин үед хар тамхины бүлэглэлүүд гишүүдээрээ хар тамхи заруулахаа больсон. Сүлжээ үүсгээд, нэг хэсэг нь хар тамхиа үйлдвэрлэж байхад нөгөө хэсэг нь Монгол руу оруулах хүмүүсээ элсүүлж байдаг. Тэр элссэн хүн нь байдаг л нэг наймаачин. Чамд мөнгө өгье, энийг оруулаад өгчих гээд л боллоо. Гэмт хэрэг нэг талаас хууль бус мэт, нөгөө талаас хууль ёсны юм шиг эрлийз болсон. Хууль ёсны мэт харагдах халхавч дор бүхий л хууль бус үйлдлүүд хийгддэг. Мөнгө угаах хэргийг дурдаж болно. Яагаад бид энэ хэргийг сүүлийн жилүүдэд онцолж, тэмцээд байна. Маш олон процесс дамжиж үйлдэгдээд том зургаараа гэмт хэрэг болдог. Хүний наймааг жижгээр харвал хууль бусаар хил зөрчсөн мэт боловч бүх процессийг нь нийлүүлэхээр зохион байгуулалттай том гэмт хэрэг болдог. 

Гэмт хэрэг үйлдэхийн тулд заавал холимог сүлжээний баг үүсгэдэг. Төрийн төлөөллийг заавал багтаа оролцуулдаг болсон. Энд хууль бус үйлдэл хийхийн тулд тэнд зөвшөөрөл өгч буй хүнтэй заавал холбогддог. Хууль бус үйлдлийг нь хязгаарлаж буй төрийн оролцоог саармагжуулахын тулд албан тушаалтнуудыг худалдан авч системдээ оруулдаг. Энэ дунд хамгийн түрүүнд худалдан авах ёстой хүмүүс нь хууль тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллагынхан байдаг. Орчин үеийн гэмт хэрэг авлигыг асар ихээр өөхшүүлдэг болсон. Авилгын гэмт хэрэг үйлдэхийн тулд авилгын хэргийг нь шийдэх хүнтэйгээ заавал урьдчилж учраа олдог шинжүүд орчин үед түгээмэл болсон. Процессын хуулийг оновчтой, харилцан хяналттай, чамбай болгож байж “Шударга бусын хонгил байхгүй” гэж хэлж болно. Хяналт, тэнцвэр гэдэг зарчим төрийн үйл ажиллагаанд чухал байдаг. Хэн нэг нь юм хийхэд нөгөө нэг нь буруу байсныг нь зогсоох, нэг нэгээсээ хамааралтай систем зурдаг. Ингэж чадаагүйгээс болоод шударга бусын хонгилынхон нийлж байгаад хэргийг хэрэгсэхгүй болголоо, яллаа гэж хардах үндэслэл гарч байдаг. Монголын хуулийн систем буюу өмгөөлөгч, шүүгч, прокурор нэгнийгээ хааш нь ч хөдөлгөхгүйгээр хянадаг, хэрэгт оролцож байгаа хүмүүс, хэвлэлийнхэн хянадаг болох учиртай. Тэгээгүй нөхцөлд хардах нь зүй ёсных гэж хэлнэ.

Л.Данзанноров: Шударга бусын хонгил гэдэг нэр томъёоны тухай сүүлийн үед их ярьж байна. Ялангуяа улс төрийн хүрээнийхэн голцуу ярьдаг. Энэ нь аливаа том албан тушаалтны нөлөөн дор хууль хяналтын байгууллагынхан үйл ажиллагаа явуулж байна гэдэг хардалтаас үүдэлтэй. Шударга бусын хонгил байх боломжтой. Байдаг ч байж болзошгүй. Яагаад гэвэл процесс ажиллагаа төгс төгөлдөр хэмжээнд очоогүй учраас хардах үндэслэл байна. Ижил хэрэг, ижил үйлдэлд өөр хариуцлага хүлээлгэж байна гэж иргэд шүүмжилдэг. Аливаа хүний гэм зэмийг тэнцүүлэх нь шүүх эрх мэдлийн байгууллагын хийх ёстой ажил шүү дээ.

Б.Энхбаяр: Сүүлийн үед сайхан амьдрахад Эрүүгийн хууль саад болоод байгаа мэтээр зарим улстөрч ярьдаг боллоо. Зээл аваад сайхан амьдрах гэж байтал хууль саад болоод байгаа гэх юм. Өөрсдөө шалгагдахаараа “хонгил байна” гэдэг. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ. Ер нь, хэн тэднийг хуулийн хонгил руу толгойгоо дүр гэсэн юм. Яриад байгаа шударга бусын хонгил нь байхгүй байх боломжтой. Яриад байгаа хүмүүс нь өөрсдөө хэрэг хийхгүй яв л даа. Битгий хууль зөрч л дөө. Жирийн иргэд хулгай, танхайн хэргээр ял шийтгүүлэхээр хонгилын тухай ярьдаг билүү. Яг өөрсдөө шалгагдаад ирэхээрээ л “Намайг хэлмэгдүүлэх гэлээ. Хонгил яг байна. Миний амь насанд халдах гэлээ” гэх юм. Энэ байдлаа өөрсдөө л болих ёстой.

Б.Батцэрэн: Энэ талаар сонссон. Монгол Улсын ардчиллыг бэхжүүлж, хүний эрхийг бодитой хамгаалах гол баталгаа бол хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаа. “Шударга бусын хонгил байна” гэдэг хардлага сэрдлэг байлгахгүйн тулд хууль шүүхийн байгууллагын ажиллах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хууль тогтоогчид бүрдүүлэх шаардлагатай.

В.Ганзориг: Хуулийг сайжруулахын тулд байнга засч, өөрчилж, нэмж байх ёстой юм байна. Иргэн бүрийн мэдэх ёстой Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн талаар маш чухал, хэрэгтэй мэдээлэл өглөө. Баярлалаа.