2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж “Эрдэнийн хувь” нэртэй нийтлэл бичиж монголын ард түмэн байгалийн баялгийнхаа үр шимийг хэрхэн зөв оновчтойгоор хүртэж болох талаар саналаа хэлж байсан билээ. Тэр санал нь одоогийнх шиг ард түмэндээ бэлэн мөнгө учир замбараагүй тараах тухай биш монгол улсын иргэн бүр насан туршдаа тасралтгүй буюу хувьцаа хэлбэрээр эзэмшиж ноогдол ашиг хүртэж байх тухай байсан шиг санагдаж байна. Тэр зөв санал дэвшүүлсэн. Тэрийг нь хоёр нам гуйвуулж, давуулж амласаар одоо өөрсдөө тэр амандаа “ойчиж” магадгүй болчихоод сууж байна.

Ер нь дээр байгаа манай улс төрчдөд ч тэр, доор байгаа ард түмэн бидэнд ч тэр гоё гоё бөөн “хүсэл” л байна даа. Монгол улсыг байгалийн асар их баялагтай гэнэ. Гэтэл яг үнэндээ тэр “эрдэнэс” нь одоохондоо газар доор хэвтэх шороо болохоос бодит “баялаг” болж эргэлтэд бүрэн ороогүй байна. Монголчуудын амьдралд олон олон дэвшил гарсаар байгаа нь үнэн боловч улс маань ядуу хэвээрээ байсаар байна. Дээдэх нь учраа мэдэж амлацгааж, доодох нь хэрээ мэдэж мөрөөдөцгөөе!

2010 оны нэгдүгээр сард Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы хүндэт индэр дээрээс цаазаар авах ялыг хориглох тухай мэдэгдэл хийсэн нь нийгэмд бөөн шуугиан дэгдээсэн билээ. Элбэгээ ингээд байдаг юм, ингээд зөв санал гаргаад байдаг юм, дэмжүүштэй л санал. Гэхдээ аливаа асуудлыг хаанаас харж байгаагаас шалтгаалж маш олон талтай байдаг. Түүний хувьцаа эзэмшүүлэх саналыг бэлэн мөнгө тараах болгон гуйвуулсан шиг алуурчдын амийг өршөөж байна хэмээн хэт гуйвуулж сурталчлаад байгаа болохоос тэрээр алуурчдыг өршөөх, энэрэх, хайрлах, толгойг нь илэх тухай ердөө ч яриагүй билээ. Тэр үед “Зууны мэдээ”, “ТВ-9” телевизийн энэ талаарх байр суурь нь зүгээр л Элбэгдорж гэдэг утгаар нь юу ч ярьсан, хийсэн харлуулах, буруугаар ойлгуулах хандлагатай нь илт мэдэгдэж байсан. Асуудал нь Элбэгдорж гэдэг хүн хэлсэндээ ч биш, хэлсэн зүйлийн агуулга нь зөвдөө байсан гэж ойлгож байна.

“Монгол улсын үндсэн хууль”-д “Хүн амьд явах эрхтэй” хэмээх заалт бий. Энэ бол тун учиртай үг, маш энгийнээр алив хүнийг алж болохгүй л гэсэн санаа. Ц.Элбэгдоржийн хэлснээр хэн хүнийг төрийн нэрийн өмнөөс хороохгүй гэсэн найман үндэслэлийг давтан тоочиж нуршмааргүй байна. Харин яагаад түүний энэ санал зөв байж болох талаар өөрийн саналаа нэмэрлэе. “Хүний амийг хөнөөхөд хүндтэй шалтгаан хэрэгтэй” хэмээх үг та бидний өвөг дээдсийн судар номд тэмдэглэгдэн үлдсэн үг. Аливаа хүний амийг цаг бусаар бусниулна гэдэг үнэхээр аймшигтай гэмт хэрэг. Санаатай хүн алсан хүн цээрлэлээ хүртэх ёстой. Манайд энэ цээрлэлийг цаазаар авах ялаар үзүүлдэг. Манайхан “Амийг амиар” ч гэдэг. Бүхэл бүтэн гэр бүлээ хүйс тэмтрүүлсэн, жаахан охиноо хүчиндүүлж заазуурдуулж хоцорсон эцэг эх, элгэн саданд нь ямар аймаар хүнд зовлонтой байгааг энэ гачланг амсаагүй бид төсөөлж ч чадахгүй байх. Төр иргэнээ цаазаар авахгүй гэсэн саналыг дэмжиж үүнийг бичиж байгаадаа хайрт хүнээ алдахын хүнд зовлонг амссан бүх хүмүүсээс уучлал гуйя. Амийг амиар солиод ямар нэмэр байх бол гэж бодох. Яахав цусан өшөө авч нэг талаар арай дээр санагдах байх тэдэнд. Эсрэгээр цаазлагдсан хүн бүүр гэм нүгэлээ ухаарахгүй, ойлгохгүй, шаналахгүй, зовохгүй харин ч “амар амгалан”-д морилох бус уу? Үгүй ээ, алуурчин насаараа зовж шаналж, өөртөө гэмшиж, зовж тарчилж шорондоо “хатах” ёстой.

Дундад зууны үед Орост дуэль гэж сонин заншил байлаа, алдарт Пушкин хүртэл дуэль хийж байгаад буудуулж үхсэн түүхтэй. Муудалцсан хүмүүс эвлэрэх аргагүй бол нэр төрөө хамгаалах үүднээс нэгэндээ дуэль зарлан буудалцаад нэг нь үхдэг. Одоо энэ заншлыг сэргээн хэрэглэнэ гэвэл юу болох бол, байж болшгүй зүйл биз дээ. Энэ заншил одоо ном сударт л байхаас халагдаж хоцрогдсон балар цагийн зан суртахуун. Мөн үүнтэй адил дэлхий ертөнц тэр чигээрээ л улам энэрэнгүй, эв найрамдалтай, дайн дажингүй болохыг тэмүүлцгээж, цаазаар авах ялыг хүртэл үгүй хийж зарим оронд тэр ял нь эрт балар цагийн юм мэт санагдах болжээ. Монголчууд бид ч тэр сайхан үнэт зүйлтэй нийгэм рүү тэмүүлж байгаа учраас тэдэнтэй хөл нийлүүлэн алхах ёстой.
Цаазаар авах ялыг хамгийн их хэрэглэж байгаа улсын тоонд манай урд хөрш Хятад, Америк гэх мэт улсууд ордог. Цаазаар авна шүү гээд айлгаад байхад л Америкт энгийн хүүхдүүдийг бөөн бөөнөөр нь сургууль дээр нь буудаад л, Хятадад хар тамхины наймаа цэцэглээд л, албан тушаалтнууд нь авилгыг хэдэн саяар нь авч цаазлуулж байгаа дуулддаг. Манайхны зарим нь цаазаар авах ялаас айж гэмт хэрэг багасна гэдэг. Гэтэл үнэндээ тийм биш, аймшигт гэмт хэрэг гэдэг угаасаа зарим үед яагаад ч юм гараад байдаг зарим нэг нийгмийн гишүүдийн сэтгэцийн өвчин бололтой юм. Гэхдээ яагаад ч нэмэргүй гээд хаяж болохгүй, нийгмээ нийтээр нь баян чинээлэг амьдруулж, ёс суртахууныг нь өргөж, нийгмийг стрессгүй байлгаж л гэмт хэрэгтэй тэмцэх хэрэгтэй болов уу.

Нийгмийн нэг хэсэг нь алуурчин, нөгөө хэсэг нь гэмгүй хүмүүс шиг тусдаа төрдөггүй. Асуудалд олон тал байдгийн нэг нь хэн нэгний гэр бүлийн нэг нь хүн алчихад тэр гэр бүлийнхэн “Энэ алуурчныг алаад өг, үзэн ядаж байна” гэхгүй л байх. Бас л хөөрхийс гэмт хэрэгтний ар гэр, хамаатнууд нь давхар хэлмэгдээд л явдаг. Ялангуяа ядуурал их байгаа ийм ороо бусгаа цаг үед хэн маань ч нэг өдөр халтираад гэмт хэрэгт орооцолдчихож магадгүй, эсвэл зүгээр л хэлмэгдэж болох. Насан турш хоригдох ялтай ч шоронд амьд хоригдож байгаа хүн хэлмэгдсэн бол учраа олоод, ял нь хүндэдсэн бол үнэнээ бусдад ойлгуулах боломж хадгалагдаж л байх ёстой.

Эцсийн эцэст аливаа хэрэг явдлын жин банг нь тааруулсан шударга хууль, шүүхтэй байх хамгийн чухал юм шиг байна даа. Манай хуулийг хуульч хүний нүдээр бус хөндлөнгөөс харахад нэг бол алчих гээд л, эсвэл бүүр сул тавьчих гээд л, арван мянган төгрөг хулгайлаад л арван жил шоронд суучих гээд л, тэрбум төгрөг хулгайлвал таван жил авах гээд л, хэдий муухай хэрэг боловч хүн зодсон хүн уртаар хоригдчих гээд л, эсвэл бүүр зүгээр ч гарчих гээд нэг тиймэрхүү л шийтгэх гээд байна. Зүй нь гэмгүй хүнийг зодож танхайрсан хүн тэрэндээ яг таарсан нэг сар ч юм уу хоригдоод ухаарчих л ёстой байх. Согтуу жолоо барьсан хүн гурав хоног ч атугай хоригдчиход тов хийсэн л шийтгэл болох байх.

Үүнийг бичиж буй би ч нэг л иргэн, төгс хүн биш. Буруу зүйл хийвэл ормооргүй ч байсан намайг хорьчихдог, буруугүй бол бас намайг хэлмэгдүүлдэггүй, хэдий жигшмээр боловч хүнээ хороодоггүй энэрэнгүй төр засагтай байхыг л хүснэ. Хэн ч байлаа хийсэн хэргийнхээ хэмжээндээ, хулгайлсан мөнгөндөө таарсан шийтгэл авах хэрэгтэй биз ээ. Богино мэт боловч гучин жил гэдэг алуурчдад зуун жил шиг санагдах хүнд цээрлэл болох болтугай!

Д.Боролзой